Tuesday 28 December 2010

М.ЭНХБОЛД: "2010 ОН ТҮҮХЭН ЖИЛ БОЛЖ БАЙНА"


Монгол Улсын Шадар Сайд М.Энхболдтой ярилцлаа.

- Он дуусаж байна. Та Шадар сайдын хувиар хамтарсан Засгийн газрын 2010 оны хамтын ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?
- Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ хэлэлцээр хийх үед МАХН-ын талын ажлын хэсгийн дарга нь би байсан. Ардчилсан намын ажлын хэсгийн дарга С.Баярцогт сайд байсан. Бид эхлээд маш олон зүйлийг хийх, хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийн тухай ярьж байсан. Сүүлдээ маш тодорхой цөөхөн хэдэн зорилт тавьж, бодитой зүйл хийхийн төлөө засаг төрөө хамтарч байгуулъя гэж шийдсэн. Засгийн газар нэгдүгээрт, уул уурхайн салбарын асуудлыг тавьсан. Хоёрдугаарт, 1.5 сая төгрөгийг иргэддээ олгох асуудлыг тавьж байсан. Харин 2010 онд хамгийн гол асуудлууд түрүүчээсээ шийдэгдэж байна.

Иргэдэд олгох 1.5 сая төгрөгийн түрүүч 120 мянган төгрөгийг 2010 онд олгочихлоо. 2011 оноос эхлээд сар тутам Хүний хөгжил сангаас 21 мянган төгрөгийг иргэн бүртээ олгох гэж байна. Мөн сургалтын төлбөр, Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг олгох гэж байна. Тэгэхээр бид энэ жил сонгуулийн амлалтаа биелүүлэх эхлэлээ тавьж чадсан. Тиймээс 2010 он бол түүхэн жил болж байна.

Хамтарсан Засгийн газар ажилласны үр дүнд олон жил яригдаж байсан ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах тал дээр бодитой ахиц гарч, гэрээ хэлцэл байгуулаад явж байна шүү дээ.
- Та Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой, Тавантолгой гэх стратегийн ордуудыг ашиглах тухай гэрээний төслийг өргөн барьж байсан. Тэр үед бас л хамтарсан Засгийн газар байсан шүү дээ.
- Тийм. Би Оюутолгой, Тавантолгой ордуудыг ашиглах тухай гэрээний төслийг аль алийг нь боловсруулаад 2007 оны дөрөвдүгээр сард өргөн барьж байсан хүн л дээ. Тэр үед хамтарсан Засгийн газар байсан. Гэхдээ Ардчилсан намтай хамтраагүй. Дөрвөн жижиг намтай, нийтдээ таван намын хамтарсан Засгийн газар байсан. Тухайн үед Ардчилсан нам УИХ-д 23 суудалтай, сөрөг хүчин байсан.

Харин миний өргөн барьсан хоёр асуудал УИХ-аар шийдвэрлэгдэж чадаагүй. Тэгэхээр өнөөдөр улс орныхоо төлөө гэсэн үндсэн зорилгын дор хамтарсны үр дүнд асуудал шийдэгдэж байна. Төлөвлөсөн асуудал шийдэгдэж байна гэдэг нь цаашдаа улс орны хөгжилд ахиц өөрчлөлт гарах зам засагдаж байна гэсэн үг. Ерөнхийдөө ард түмний амьдралд өөрчлөлт гарах нь ээ гэсэн дохио гэж ойлгох ёстой. Асуудлаа шийдэхгүй, ажлаа эхлэхгүй байж амьдрал сайхан болно гэж хий дэмий яриад суух нь үл бүтэх асуудал шүү дээ.

- Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэл” –ийн жил болгон зарлаад жилийн нүүрийг үзэх гэж байна. Та Шадар сайдын хувьд шинэтгэлийн жилийг ямар үр дүнтэй үдэж байна вэ?
- Би хувь хүний хувьд ч, ажил хариуцаж байгаа хүний хувьд ч аливаа ажлын эцсийн үр дүн тодорхой, бодитой, мэдэгдэхүйц үр дүнтэй байх ёстой гэсэн зарчим баримталж ажилладаг. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Засгийн газар 131 ажлыг хийж хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө гаргаж, сайд тус бүрт тодорхой ажлуудыг хариуцуулж өгсөн. Миний хувьд Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарим зөвшөөрлийг журамлах, цэгцлэх ажил. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн хоёр ажлыг хариуцаж ажиллаад, дуусаж байна.

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гарган Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох, лиценз, зөвшөөрөл олгож буй өнөөгийн нөхцөл байдлыг судлан үзэж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хөнгөвчлөх, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг би ахлан ажилласан.

Сангийн яам, ХЗДХЯ, БОАЖЯ, ЗТБХБЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, Монголын ажил олгогч эздийн холбооны албаны дарга, Барилгачдын холбооны Ерөнхийлөгч, Хүнсчидийн холбооны гүйцэтгэх захирал, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч болон "Петровис", "Нью Жуулчин турс" компанийн захирал гэсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажилласан. Ерөнхийдөө төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд хамтран ажилласан юм. Энэ дашрамд хэлэхэд, Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цэгцлэх ажил нь цаг хугацаа, хүн хүч шаардсан, нарийн ажил байсан.

Тодорхой хэлбэл, төрийн захиргааны болон бүх шатны байгууллага, бизнесийн салбар, мэргэжлийн төрийн бус байгууллагуудын идэвхтэй оролцооны үр дүнд амжилттай хэрэгжих ажил гэдгийг хэлмээр байна. Тиймээс юуны түрүүнд хүмүүсээ сургах ажлыг зохион байгуулсан. Төрийн албан хаагчид, яам агентлагийнхан энэ ажилд оролцоход бэлэн бус байсан. Тиймээс энэ ажлыг хэрхэн зохион байгуулах, баталсан аргачлал, маягтуудыг хэрхэн бөглөх талаар Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран хоёр удаагийн сургалт зохион байгуулсан. Сургалтад яам, агентлагууд болон нийслэлийн захиргааны байгууллагууд, түүнчлэн зөвшөөрөл олгодог эрх бүхий бусад байгууллагуудын холбогдох албан хаагчдыг бүрэн хамруулсан. Ерөнхийдөө төрийн албан хаагчдыг зөвшөөрөл цэгцлэх арга ажиллагаанд сургах ажил амжилттай зохион байгуулагдсан.

Сургалт явуулсны дараа яам, агентлаг, холбогдох байгууллагуудаас өөрсдийн салбарын хүрээнд олгож байгаа зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актын жагсаалтыг гаргуулан авсан.
Улмаар нийт 11 яам, 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлийн жагсаалтыг хянан үзэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хуульд заасан зөвшөөрөл, хуулиас бусад эрх зүйн актаар зохицуулсан нийт 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар санал боловсруулсан.

- Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой 337 зөвшөөрөл гэхээр их тоо байна шүү.
- Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэдэгт тусгай зөвшөөрөл, зөвшөөрлөөс гадна дүгнэлт, шийдвэр, гэрчилгээ, сертификат, батламж, виз олгох, патент, үйлчилгээний тохирлын гэрчилгээ, мэргэжлийн аттестатчилал, зөвшөөрлийн цохолт, баталгаа, шинжилгээний акт, үнэлгээний акт, аккредитаци зэргийн хамааруулж авч үзсэн учраас 337 гэсэн их тоо гарч байгаа юм.

Тэгэхээр 101 зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбогдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэхчлэн 21 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа. Тэдгээр 21 хуульд өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газар зөвшөөрлийг дангаар цуцлах боломжгүй юм. Тиймээс хуульд тусгагдсан тэдгээр зөвшөөрлүүдийг цуцлах тухай Засгийн газрын саналыг УИХ-аас дэмжин, хуулийн төслийг батална гэдэгт итгэж байна. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй асуудлуудыг шийдэж байгаа учраас, тодорхой бодитой үр дүнгүүд гарна.

Тухайлбал нэг барилга барьж ашиглалтад оруулахын тулд 118 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсныг 56 болгож цөөлсөн. Энэ бол тухайн салбарын хүмүүст шууд мэдэгдэх үр дүн мөн шүү дээ. Тухайн аж ахуйн нэгж гарын үсэг зуруулахад зарцуулж байсан 480 гаруй хоногоо 180 болгож буй хэрэг юм.

- Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан ажлаа Та хэрхэн дүгнэх вэ?
- Төрийн хяналт шалгалтын тухай хуульд оруулах өөрчлөлтийг зургаадугаар сард УИХ-аар оруулаад батлуулсан. Улмаар хяналт шалгалтын үйл ажиллагааг ил тод болгох, хяналт шалгалтын давхардлыг арилгах, шалгаж байгаа байгууллага шалгуулж буй байгууллагатай адил тэгш хэмжээнд харьцдаг болгох. Хяналт шалгалтын ажлыг цаг хугацаатай, тодорхой удирдамжийн хүрээнд хийдэг болгох асуудлууд хуульчлагдан шийдэгдсэн.

Тухайлбал, тус хуульд орсон нэг нэмэлт өөрчлөлтөөр “лабораторид шинжилж байгаа бүтээгдэхүүний дээжийг тухайн мэргэжлийн хяналтын байгууллага худалдаж авна” гэсэн заалт орсон. Өмнө нь Мэргэжлийн хяналтын байгууллага дээж авч байна гэдэг нэрийдлээр бүтээгдэхүүн импортлогч буюу үйлдвэрлэгч байгууллагуудад дарамт үзүүлдэг. Ний нуугүй хэлэхэд бүтээгдэхүүний тоо хэмжээг хязгааргүй авдаг байдал байсан. Харин тус хуульд өөрчлөлт оруулснаар Мэргэжлийн хяналтын байгууллага мөнгөө өгч авна.

Жишээ нь, таван төрлийн чихэр байлаа гэхэд тус бүрээс нь 200, 200 граммыг, нийтдээ нэг кг чихрийг шинжилгээний дээж болгон авах бол тухайн бизнес эрхлэгчид чихрийн үнийг төлөх ёстой болсон. Энэ нь тус хуульд оруулсан өөрчлөлтийн гол үр дүн гэж үзэж байгаа. Мөн шууд байгууллагын үүд хаалгыг очиж цохиод л гэнэтийн шалгалт хийдэг байсан. Харин шинэ хуулиар ийм зүйл байхгүй болсон.

Тодорхой төлөвлөгөөт шалгалтыг хийхдээ 5 хоногийн өмнө тухайн байгууллагын удирдлагуудтай уулзаж шалгана шүү гэдгээ хэлэх ёстой. Ямар нэгэн гомдол санал ирээд, тэрийг үндэслэлтэй гэж үзээд гэнэтийн шалгалт хийх болвол тухайн байгууллагад хоёр хоногийн өмнө мэдэгдэнэ. Түүнчлэн, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгах гэж буй бол мөн л хоёр хоногийн өмнө “танайд очиж шалгана шүү” гэдгээ мэдэгдэх ёстой. Үүнийг хуульчлаад өгсөн. Тиймээс улсын байцаагч нар дуртай үедээ дуртай байгууллага дээрээ очиж дур зоргоороо шалгадаг байдал хязгаарлагдана.

Мөн улсын байцаагч тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох акт гаргалаа гэхэд тодорхой хугацааны дотор дээд шатныхаа албан тушаалтанд мэдээлэх, хэлэх хууль эрх зүйн шинэ орчин бий болсон.

Жишээ нь, хэн нэгэн улсын байцаагч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг акт бичиж зогсоогоод яваад өгдөг. Тэгвэл одоо тийм биш. Хэрвээ аливаа нэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хаасан, зогсоосон арга хэмжээ авсан бол 5 өдрийн дотор өөрийн дээд талын ахлах байцаагч юм уу, даргадаа мэдэгдэнэ. Улмаар дээд шатны хүн нь тухайн шалгуулсан байгууллага дээр очиж улсын байцаагч нь шалгаад хаасан нь зөв үү, буруу юу гэдгийг нягтлан тогтоох юм.

Хэрэв буруу байна гэж үзвэл 5 өдрийн дараа үйл ажиллагааг нь нээх ч юм уу. Ийм уян хатан байдлаар ажиллахаар хуульчилж өгсөн. Хэн нэгэн байцаагч дур зоргоороо аливаа бизнесийн үйл ажиллагааг таслан зогсоох эрх нь хязгаарлагдмал болж байгаа. Мөн шалгуулагч нөхдүүд өөрийнхөө бурууг ойлгоод “алдаагаа засна, дахиж ийм алдаа гаргахгүй” гэдэг зүйл ярих юм бол хариуцлага тооцох арга хэмжээг шалгалтын явц дунд нь цуцлаад өгчих эрх зүйн боломжийг байцаагч нарын талд олгож өгсөн. Мөн төлөвлөгөөт ч бай, төлөвлөгөөт бус ч бай бүх шалгалтыг хугацаатай болгосон. Хугацаагаар хязгаарлаж өгсөн. Нэг байгууллагыг шалгаж байгаа нэрийдлээр нэг сар болдог байдлыг байхгүй болгосон.

Шалгалтын хугацаа дээд тал нь 15 хоног. Тэгээд л 10 хоног, 5 хоногийн дотор шалгалтуудыг хийж дуусах ёстой. Улсын байцаагч шалгалтаа хийж дуусаад, цэгцлээд дарга нартаа танилцуулна. Улмаар тухайн байгууллагыг шалгасан мэдээллээ 10 хоногийн дараа МХЕГ-ын веб сайтад тавина. Бас улсын байцаагч хийсэн шалгалтынхаа тайлан, акт бүх баримтыг хоёр хувь үйлдэнэ. Шалгасан байгууллагадаа нэгийг үлдээх ёстой. Хожимын нэг өдөр тэр шалгалт худлаа үнэн болсон гэсэн асуудал гарахад, байцаагчид байгаа хувьд итгэх итгэхгүй гэдэг асуудал үүсэж болох юм. Тэгвэл шалгуулсан байгууллагад үлдсэн хувь бодитой баталгаа болж үлдэнэ гэсэн үг. Төрийн хяналт шалгалтын хуулинд энэ мэтчилэн өөрчлөлтүүдийг оруулсан. Ер нь бол хянаж, шалгаж хатуу арга хэмжээ авахаасаа илүүтэй зөвлөдөг, хэлж өгдөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэл технологийн хувьд зааварчилгаа өгдөг хэлбэр лүү орох зорилготойгоор тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

- Тэгвэл Засгийн газрын нийт бүрэлдэхүүний хийсэн ажлуудыг нэгтгэвэл гарах үр дүн ямар байх бол?
- “Бизнесийн орчны шинэтгэл”-ийн жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бүхий л ажлыг бүтэн жилийн туршид зохион байгуулах Ерөнхий сайдын ахалсан ажлын хэсэг дүгнэж цэгнэж үр дүнг нь тодорхойлох байхаа. Өнгөрсөн хугацаанд тодорхой ажлууд хийгдсэн. ҮХШХ-н дээр гол асуудлыг зангидаж ажиллаж байгаа. Ер нь сайд болгоноос асуухад “Бизнесийн орчны шинэтгэл”-ийн жилийн хүрээнд хийсэн ажил маань гээд хэлэх зүйлтэй л байгаа байх. Энэ бүгдийн ард үр дүн байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ер нь үр дүн тухайн бизнес эрхлэгчдэд маш тодорхой мэдэгддэг, мэдрэгддэг байх нь хамгийн чухал. Би ганцхан жишээ хэлье.

2006 онд Аж ахуй нэгж байгууллагуудын татварын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг УИХ, Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж, шийдэж чадахгүй маш хүнд байдалд орсон байсан. Тухайн үед би Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тиймээс би тухайн үеийн УИХ-д байсан бүх улстөрийн намуудын төлөөллийг байлгаж байгаад маш тодорхой санал хэлсэн. 30 хувийг 25 хувь, 15 хувийг 10 хувь болгоё. Босгын 100 саяыг 3 тэрбум төгрөг болгоё. Тэгээд хоёр шатлалтай татварынхаа тогтолцоог барьснаараа байя гэдэг тодорхой саналыг хэлсэн. Тэнд байсан УИХ-ын гишүүд миний саналыг дэмжээд, тэгж энэ хууль батлагдаж байсан.

Миний хэлсэн саналын дагуу хууль батлагдаж, 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд бизнесийн орчин маш таатай нөхцөл байдал руу орсон. Монгол орон энэ бүс нутагтаа хамгийн бага татвартай орон болсон. Татварын хоёр шатлалын босго өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 180 орчим аж ахуй нэгж байгууллага 30 хувийн татвар төлж байснаа шууд 10 хувийн, 20 хувийн татварын хөнгөлөлтийг эдлэх боломж бололцоо бүрдсэн. Энэ нь бизнес эрхлэгчдэд маш тодорхой хөнгөлөлт болсон. Харамсалтай нь, ямар хүнд, хэцүү нөхцөлтэй байж байгаад татварын хувь хэмжээ тогтоогдсон бэ. Энэ хэний саналаар шийдэгдсэн бэ гэдгийг өнөөдөр хэн ч ярьдаггүй. Татвар өшөө л бага байх ёстой гэдэг талаас нь хандаад байдаг.

Тэгэхээр үүний нэгэн адил “Бизнесийн орчны шинэтгэл”-ийн жилийн хүрээнд миний хариуцаж хийж байгаа хоёр ажил тодорхой үр дүн өгч чадна гэдэгт би эргэлзэхгүй байгаа.

Лиценз зөвшөөрлийн асуудал ч, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдолтой асуудал ч аль аль нь бизнес эрхлэгчдэд аятай таатай нөхцөл бүрдүүлж өгч чаднаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд л үйлдвэрлэгчээс, импортлогчоос лабораторийн шинжилгээний бүтээгдэхүүн авахдаа л мөнгийг нь төлөөд авна шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар бодитой үр дүн харагдана.
- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
Э.Болороо

О.ЭРДЭНЭЧИМЭГ: "Намаасаа татгалзсан ч итгэл үнэмшил өөрчлөгдөхгүй"


“Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн
зочныг хилийн чинадаас урилаа.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар
Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн
Эрхт Элчин сайд О.Эрдэнэчимэгтэй
ярилцсанаа та бүхэнд хүргэе.

-“Улс төрийн тойм” сонины “Ярилцах танхим”-д
таныг урьж ярилцаж байгаадаа баяртай байна.
Холын хүнээс үг сонс гэдэг. Юуны өмнө Унгарт
байгаа монголчууд маань хэрхэн амьдарч байна,
манай хэчнээн монголчууд, хэдэн гэр бүл аж төрж
байна, амьжиргааны гол арга, цалин хөлс ямар
байдаг вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Баярлалаа. Унгарт байгаа монголчуудын талаар яриагаа
эхэлж байгаадаа баяртай байна. Бидний ажлын нэг чухал
хэсэг бол иргэдийн тухай асуудал байдаг. БНУУ-д
өнөөдөр ойролцоогоор 1500-2000 орчим монгол хүн
ажиллаж, амьдарч байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн
гэрээгээр ажилладаг.Өнгөрсөн
оны эцсийн байдлаар 1400 гаруй монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөрийн
байгууллагад бүртгэлтэй ажиллаж амьдарч байна гэсэн тоо бий. Үүний хажуугаар харласан
иргэд бас цөөнгүй байна. Нэг онцлог зүйл гэвэл унгар монгол холимог гэр бүл 300 гаруй байна.
Наяад оны сүүлээр манай оёдлын үйлдвэрүүдээс гэрээгээр олон хүн энд ирж ажиллаж байсан.
Дараа нь 1990 оны өөрчлөлтийн үед тэр том үйлдвэрүүд хувьчлагдан, зарим нь дампуурч
манай ажилчдын зарим нь өөрсдөө жижиг цех, үйлдвэр байгуулан тусгаарлаж, зарим
нь хувийн үйлдвэрүүдэд ажилласаар өнөөг хүрч байна. Унгарт оёдлын жижиг үйлдвэр ажиллуулж
байгаа 20 орчим монгол компани байдаг бөгөөд тэнд цөөнгүй тооны монгол иргэд ажилладаг.
2008 оны сүүлээс эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал Унгарын эдийн засагт хүчтэй
нөлөөлсөн нь манай ажилчдад ч тодорхой хэмжээгээр халгаатай байсан. Жишээ нь, томоохон
үйлдвэр, аж ахуйн газрууд орон тоогоо цомхотгож, зарим нь сул зогсож цалин мөнгөө хагас
олгож байсан ба манай оёдлын компаниудын захиалга эрс буурч ажилгүй болох зэрэг олон
сөрөг зүйл ажиглагдаж байсан боловч 2010 оны хоёрдугаар улирлаас зарим нааштай зүйл
ажиглагдаж эхэллээ. Энэ хавар, зун ажилчид овоо ажилтай өнгөрөх шиг болсон. Мөн
манай цөөнгүй иргэд хар зах дээр ажиллаж амьжиргаагаа залгуулж байдаг. Ер нь
энд ажиллаж буй монгол иргэдийн цалин тийм их өндөр биш шүү, ойролцоогоор 400-500 доллар л
байдаг.

-Унгарт очоод таван жил болж байгаа таны хувьд анх хөл тавьсан үеийн сэтгэгдэл тань
өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ. Юу нь хамгийн сонирхолтой санагдаж байв?

-Унгарт анх миний ирсэн үеийн сэтгэгдэл одоо нэг их өөрчлөгдсөн зүйл алга даа. Унгар улс
сайхан улс, ард түмэн нь зочломтгой, монголчуудад элгэмсүү. Аливаа ажил алба асуудал нь
системтэй, их зохион байгуулалттай, сахилга дэг журамтай, боловсон хүчний бэлтгэл сургалт,
сонголт гайгүй улс юм байна гэсэн үнэлгээтэй байдаг. Хаа газрын хөдөөгийн ард түмэн энгийн,
даруухан, байгаагаараа байдаг. Унгарчууд ч ялгаагүй, зарим нэгэн хэв маяг нь манай
хөдөөнийхөнтэй адилхан ч юм шиг. Сайхан дурсамж гэвэл анх 2006 оны намар аравдугаар
сарын 8-нд Унгарт ирээд 13-нд жуухаа бариад 14-нд жилд нэг удаа болдог Дипломат
төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдийн дунд зохион байгуулдаг усан үзэм хураах баярт
оролцсон маань надад дурсамжтай сайхан баяр болж үлдсэн. Бид чинь усан үзэмнээс
хол байдаг ард түмэн шүү дээ.

-Унгарчууд хөх толботой гэдгээрээ өөрсдийгөө монголчуудтай адилтгах дуртай байдаг.
Тиймээс элгэмсэг байдал гаргахыг хичээдэг, гэвч тив, бүс нутгийн онцлогийг яах ч аргагүй.
Тэд монголчуудад хэрхэн ханддаг, ямар чанарыг нь үнэлдэг, бас жигшдэг вэ?

-Ер нь унгар хүмүүс түүх сайн мэддэг. Хөдөөгийн тариачин нь хүртэл надад Монголын нууц
товчоог нэгд нэггүй ярьж өгч байсан нь гайхалтай. Манайд бол улс төр ярьдаггүй, улстөрждөггүй
хүн ховор шүү дээ. Тэд өөрсдийгөө Азиас гаралтай, нүүдэлчин гэж ярих дуртай. Энэ гарал
үүслээрээ нэг гэдэг утгаараа ер нь л дотносоно шүү. Манайхантай ойр ажиллаж, харилцаж
таньсан хүмүүс бол манайхны дасан зохицох, хөрвөх чадварыг онцгойлон магтдаг. Харин
хувийн зохион байгуулалт, сахилга батын тал дээр жаахан сэтгэл дундуур байдаг нь ажиглагддаг.
Ажлын цагаас хоцроод , заримдаа жаахан “юм” балгачихаад хоорондоо гар зөрүүлээд байх
нь хэнд ч таалагдахгүй шүү дээ. Энэ л бидний сул тал юм даа.

-Уучлаарай, таныг улс төрийн томилгоогоор Элчин сайдаар томилсон гэдэгтэй та санал
нийлэх үү. Учир нь та үүнээс өмнө МАХН-ын эмэгтэй улстөрчдийн тэргүүн эгнээнд явж,
намын төв дэргэдэх “Прогноз” судалгааны төвд ажиллаж байсан?

-Тиймээ, улс төрийн томилгоогоор томилсон гэдэгтэй санал нийлнэ. Аль ч оронд ийм томилгоо
байдаг.

-Уг судалгааны төв одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг уу.
Яагаад идэвхгүй болчихов.
Та гадаадад байгаа болохоор тэр үү?

-“Прогноз” төв одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэж бодож байна.

-Тухайн үед судалгааны төв ховор байсан учраас итгэл үнэмшил төрүүлэхэд амархан
байсан болов уу гэж боддог. Одоо бол ёстой л борооны дараах мөөг шиг олшроод, хэн
дуртай нь судалгаа хийж сурталчилгаанд ашигладаг болсон байна?

-“Прогноз” бол мэргэжлийн судалгааны төв. МАХН-ын дэргэдэх Намын түүхийн институтыг
орлон уламжлан ажиллаж буй байгууллага. Дотроо хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.
Юуны өмнө намын түүхийн судалгаа, намын гишүүд, дэмжигчдэд бүх төрлийн сургалт явуулдаг,
мөн социологийн судалгаа явуулж нийгмийн сэтгэл зүйг тандан судалдаг байгууллага.
Бид хийх шаардлагатай ажлаа л хийж байсан.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ. Яагаад улс төрийн хүрээнд орсон тухайгаа ярьж
болох уу?

-Би инженер, социологич мэргэжилтэй. Дээд сургууль төгсөж ирээд Багануурын уурхайд
хуваарилагдаж тэндээ хоёр сар шахам ажиллаад 1986 оны арваннэгдүгээр сард
дүүргийн намын байгууллагын үзэл суртлын хэлтэст лектороор очиж байсан. Багануурын
уурхайд томилогдоод ажиллаж байхад дүүргийн намын хороон дээр хэдэн удаа дуудаж уулзаад
байсан. Учир нь оюутан байхдаа МАХН-д гишүүнээр элссэн болохоор гишүүний бүртгэлээр
мэдэж шалгалт аваад байсан байх гэж боддог. Дараа нь 1987 оны долдугаар сард Районы
эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилсон. 1990 оны зургадугаар сард
МХЗЭ-ийн Төв хороонд зохион байгуулагчаар, 1991 онд Монголын Залуучуудын Холбоонд
улс төрийн ажилтнаар ажиллаж байгаад 1994 онд Москвад аспирантурт суралцаж, 1998 онд
социологийн ухааны докторын (PhD) зэрэг хамгаалсан. 2000 оноос МАХН-ын дэргэдэх
“Прогноз” төвийн захирлаар, 2004 оноос намын улс төрийн хэлтсийн даргын албыг давхар хашсан.
Миний улс төрийн хүрээнд орж ажиллах болсон түүх энэ дээ. Энэ бүгдээс харж дүгнэхэд
тухайн үед залуучуудыг ажил хэргийн ба онолын талаар шат дараалан системтэй сургаж
бэлтгэдэг байсан нь харагддаг.

-Таны томилгооны хугацаа хэзээ дуусах вэ. Монголдоо ирээд ямар ажил хийхээ
төлөвлөсөн үү?

-Миний хугацаа үндсэндээ дуусч байгаа. Одоохондоо ийм, тийм ажил хийнэ гэж төлөвлөсөн
зүйл алга.

-МАХН-ын талаар таны итгэл үнэмшил хэвээрээ юу.
Шүүмжлэлтэй ямар тал харагддаг вэ?

-Би одоо аливаа улс төрийн намаас татгалзсан төрийн албан хаагч гэдгийг хэлэх ёстой.
Цаад угшлаараа гэх юмуу даа, сэтгэхүйн хувьд МАХН-ын талаарх миний итгэл үнэмшил
өөрчлөгдөхгүй байх аа. 1985 онд оюутан байхдаа Эрхүүгийн консулын дэргэдэх намын хорооны
товчооны хурлаар орж тэр үеийн өндөр шалгуураар намд элсч байсан. Одоо 25 жил өнгөрчээ.
Энэ бол миний хувьд сайхан дурсамж, бас бахархал юмуу даа. МАХН-ын тухайд одоо бол
холоос харж ажиглаж байна. Юу юугүй учир зүггүй шүүмжлээд байх юу байх вэ. Аливаа
юмыг гаднаас нь шүүмжлэх шиг амархан зүйлгүй. Аливаа улс төрийн намын оршин тогтнодог
тулгын гурван чулуу байдаг. Энэ нь бодлогоо зөв тодорхойлж түүнийгээ хэрэгжүүлэх, боловсон
хүчнээ сонгон бэлтгэх, зөв байршуулах болон дэмжигчдээ өөртөө ямагт татаж байх зэрэг
асуудал юм. Эдгээр асуудалд алсын хараатай, мэдрэмжтэй хандан ажиллаж байвал
аливаа нам амжилттай зорилгоо хэрэгжүүлээд явдаг түүх дэлхийн улс төрийн намуудад байдаг.
Өмнөө тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа гэж ойлгож байгаа.

-Монголын улс төр, эхорон маань хэрхэн өөрчлөгдсөнөөр төсөөлөгддөг вэ.
Тэнд байгаа монголчууд энэ талаар, бас буцаж эх орондоо ирж ажиллах
талаар ямар хандлагатай байдаг бол?

-Монголын нийгэмд өөдрөг хөгжил рүү тэмүүлж байгаа олон салбар байна. Үүгээр бид
бахархах хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэхийн тулд иргэн бүр чадлынхаа хэрээр хичээх
хэрэгтэй гэдгийг иргэдэд ойлгуулах явдал нэн чухал санагдаж байна. Өөрөөр хэлбэл,
эх оронч үзлийг төлөвшүүлэх, зөв хүн болгон хүмүүжүүлэхэд төр засаг анхаарч ажиллах,
анхаарлаа төвлөрүүлэх явдал нэн чухал юм. 1990 онд өөрчлөлт болсноос хойш энэ асуудал
үндсэндээ хаягдсан. Тиймээс хүүхэд, залуучуудын төлөвшил, боловсролд системтэй алсын
хараатай бодлого төрөөс зайлшгүй баримтлах шаардлагатай байна. Сүүлийн үед манайханд
гадагшаа л гарвал диваажинд очих юм шиг ойлголт давамгайлаад байна. Миний ойлголтоор
хэн ажил хөдөлмөр эрхэлж санаачлагатай ажиллаж амьдарч байна тэр хүнд хаана ч амьдрал
байна гэж ойлгодог. Энд байгаа монголчуудтайгаа уулзаж учрахдаа тэр тухайгаа ойлгуулахыг
хичээдэг. Манай Засгийн газраас “Зөгийн үүр” гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Түүнийг
хэрэгжүүлэхийн төлөө манай ЭСЯ онцгой анхаарч ажиллана.

-Энэ хугацаанд өндөр дээд хэмжээний хичнээн айлчлалыг зохион байгуулсан бол.
Хамгийн сүүлд лав Ерөнхий сайд С.Батболд очсон санагдана?

-2006 онд ирж ажилласнаас хойш 2010 оны гуравдугаар сард Ерөнхий сайдын, 2007 онд
УИХ-ын даргын албан ёсны айлчлалыг БНУУ-д хийлгэлээ. Мөн хэд хэдэн сайдын
айлчлал зохион байгуулсан. Энэ 2010 он бол түүхэн тэмдэглэлт үйл явдал тохиож байгаа он.
Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн
өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлал болсон.
Айлчлалын үеэр хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтой асуудлуудыг ярилцаж
шийдвэрлэсэн. Энэ түүхэн ойг тэмдэглэх завшаан намайг Элчин сайдаар ажиллах
үед тохиосонд баяртай байна.

-Саяхан Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгоход манай эмэгтэй улстөрчид нэлээд
“уралдах” шиг болсон. Та улстөрч эмэгтэйчүүдтэйгээ, намынхантайгаа одоо ямар
холбоотой байна?

-Би тэр сонгуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй. Зөвхөн интернетээр товч мэдээ
уншсан.
Ажил төрлийн шаардлага гарсан үед хэнтэй ч холбогдоод асуудлаа шийдвэрлээд явдаг.
Түүнээс биш онцгойлон тэрэнтэй энэнтэй гээд байдаггүй.

-Шинээр гарч ирж байгаа улстөрд хүчээ сорьж буй эмэгтэйчүүд танд таалагддаг уу?

- Улс төрд шинээр орж ирж буй эмэгтэйчүүдийн талаар илүү дутуу зүйл ярих нь илүүц байх.
Харин тэдэндээ амжилт хүсмээр байна. Мөн нэг цаг үед хүүхэд, залуучуудын байгууллагад
хамт зүтгэн ажиллаж байсан Д.Арвин, Т.Ганди, Д.Оюунхорол, Н.Болормаа нараараа
бахархаж байдгаа энд хэлэх нь зүйтэй байх.

-Одоогоос таван жилийн өмнө Унгарт очиход Европын холбоонд ороод удаагүй,
хөл нийлэх гэж зовж байсан санагдана. Эдүгээ эдийн засгийн ахиц дэвшил
хэр гарав, амьжиргааны нөхцөл байдал, амьдрах нөхцөл байдал, ардчилал,
эрх чөлөө ямар түвшинд байна?

-БНУУ Европын Холбооны гишүүн улс болоод зургаан жил болж байна. Харин Европын
Холбоонд элсэх бэлтгэлийг 30 жил хийсэн гэж албаны хүмүүс ярьдаг. Европын Холбоонд
элсэн орсноор тухайн улс оронд эерэг, сөрөг асуудал аль аль нь байдаг тухай ярьдаг.
2008 оны сүүлээс эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал Унгарын эдийн засагт хүчтэй
нөлөөлсөн гэж би дээр дурьдсан. Одооноос л хүнд байдлаас гарч байна. Хямралыг
саармагжуулах асуудал дээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хүч нэмж
ажилласнаар үр дүнд хүрсэн. Улс орны эдийн засгийн хувьд нийгмийн халамжийн бодлогыг
улсынхаа эдийн засгийн даацад захирагдалгүйгээр нэмэгдүүлсээр байгаад хямруулсан
юм уу гэж боддог. Иргэдийн амьдрах нөхцөл байдлын тухайд бааз суурь сайтай, тогтсон хэв
маягтай улс. Улс төрийн тухайд олон намын тогтолцоотой парламентын засаглалтай улс.
2010 оны дөрөвдүгээр сард парламентын сонгууль болж сөрөг хүчин байсан
ФИДЭС /залуу ардчилагчдын холбоо/ нам ялж парламентад дийлэнх суудал авч дангаараа
Засгийн газраа байгуулсан. Энэ оны зургадугаар сарын 29-нд Ерөнхийлөгчийн сонгууль
болж ФИДЭС намаас нэр дэвшигч ялж БНУУ-ын Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгчийг
парламентаас сонгодог тогтолцоотой.

-Унгарт очиход манай элчингийнхэн бууз хийж дайлсан нь сайхан санагдсан.
Аргагүй л эмэгтэй элчинтэй нутагт очиход өөр юм билээ. Ер нь монгол хоолоо
байнга хийж идэж амждаг уу?

-Та нөхдийгөө зорьж ирдэгт бид бас баярладаг. Монгол хоолоо хийхийг хичээлгүй яахав.
Долоо хоногт нэг удаа мах чанаж, гурилтай хоолоо хийхийг л боддог.

- Ар гэрийнхэнтэйгээ хэр холбоотой байна, нутгаасаа юуг хамгийн их санаж
байна вэ?

- Ямар ч ажлыг хариуцсан л бол сайныг нь ч саарыг нь ч хариуцлагыг адилхан
хэмжээгээр үүрэх хэрэгтэй гэж өөртөө өндөр шаардлага тавьж ажилладаг. ЭСЯ хүн
цөөтэй учир том айлчлал бусад томоохон арга хэмжээний үед хэн ч юуг ч хийнэ шүү дээ.
Нутагтаа байгаа аав, ээжтэйгээ байнгын харилцаа холбоотой байдаг. Хамар цоргисон
ногооны үнэр, мал бэлчсэн сайхан хөдөө талаа зуны улиралд бүр ч их санадаг.

У.Оргилмаа.

Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин.
2010 оны 8 сарын 16

Н.ЭНХБАЯР: "МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН МОНОПОЛЬ ҮҮСЧЭЭ"


Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Таны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөснөөс хойш тааралдсангүй. Өнгөрсөн жил илүү хугацаанд та юу хийв. Таны их улс төрөөс завсарласнаас хойших намтраас товчхон сонирхоё?

-Ерөнхийдөө дөрвөн чиглэлээр ажиллаж байна гэх юм уу, ажиллахыг хичээж ирлээ. Нэгдүгээрт, хэдийгээр улс төрийн албан тушаал одоо байхгүй ч гэсэн над шиг тэгж гүнд нь байсан хүн улс төрөөс хөндийрөх бололцоогүй юм байна. Миний хэлж байгаа үг улс төрийн дуулиан шуугиан үүсгэж байгаагаас авахуулаад сонин, телевизийн сэтгүүлч та бүхэн бас намайг зүгээр байлгахгүй юм асууж сонирхож ирдгээс энэ харагдаж байна. Дээр нь Монгол Улсад өрнөж байгаа улс төр, эдийн засгийн үйл явдалд байр сууриа илэрхийлэх шаардлага зайлшгүй гардаг. Хэдийгээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлдэг ч Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүний үг илүү их сонирхол татаж, заримдаа эсэргүүцэл дагуулдаг юм шиг байна. Тэгэхээр улс төрөөс гарах маань нэгэнт өнгөрчээ. Заавал албан тушаалаар биш, үйл ажиллагаа, аливааг үнэлж, дүгнэж хэлж байгаа үг зэргээрээ энэ чиглэлийн ажлыг нэлээд идэвхтэй явуулж байна. Хоёр дахь чиглэл гэвэл бизнесийн томоохон төслүүдийг дэмжих, олох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ажиллахыг хичээж байна. Гуравдугаарт, төрийн бус байгууллагуудын шугамаар тухайн орон нутаг, салбарт ахуй амьдрал нь хүнд хэцүү байгаа хүмүүст туслах ажлыг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Улаанбаатарт “Шинэ гудамж” гэсэн нэртэй төрийн бус байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулж байна. Гол зорилго нь гэр хороололд амьдарч байгаа хүмүүст туслах, ажлын байртай болгох, мэргэжлийн чиг баримжаа олгох, гудамжийг нь шинэчилж янзлах, бага оврын, тэгэхдээ харьцангуй хямд байшинтай болгож амьдрах орчныг нь сайжруулах зэрэг ажил хийх бодолтой байгаа. Дөрөв дэх нь гадаад харилцаа. Их улс төрд байхдаа холбоотой байсан гадаадын хүмүүстэй хамтарч, тэднийг урьж, бас тэдний урилгаар гадаад улс орнуудад айлчилж үйл ажиллагаа явуулж ирлээ.

-Өнгөрсөн өвлийн зуднаар хөдөө орон нутагт нэлээд ажиллах шиг болсон?

-Тийм, тэрийг хэлэхээ мартсан байна. “Хөдөөгийн хөгжлийн төв” гэсэн төрийн бус байгууллага ажиллуулж байна. Зуд турхны үеэр тэр байгууллагынхаа шугамаар малчдад тодорхой тусламж үзүүлсэн. Зудад хамгийн хүнд нэрвэгдсэн аймаг, сумдыг сонгосон. Зудыг аль болох бага хор хохиролтой давахад нь өчүүхэн ч болов хувь нэмэр болсон бол би баярлах байна.

-Хэдий улс төрөөс хөндийрөөгүй ч нэг жил илүү хугацаанд юм болгон хувирсан байж таарна. Жирийн иргэн болсон өнгөрсөн жил гаруйн хугацаанд хүмүүсийн танд хандах хандлага өөрчлөгдөв үү?

-Янз янз л юм. Тухайн хүний мөн чанар, ухамсар, мэдлэгээс шалтгаалаад янз янз байдаг юм байна. Албан тушаалаа өгнө гэдэг бусад хүнийг танихад хэрэгтэй юм байна. Жирийн иргэд бол харин ч намайг илүү ойлгоод, гудамжинд явахад мэндэлж, гараараа даллаж, толгой дохиод халуун дотно инээмсэглээр угтаж, талархалтай хандаж байгаа байдал ажиглагддаг. Ер нь би хэлдэг байсан, албан тушаалтнуудын харилцаа холбоо бол түр зуурын, илүү хэврэг байдаг юм. Тэрэнд гомдоод, дөвийлгөөд, байн байн яриад байх ч хэрэггүй. Угаасаа л мөн чанар нь тийм юм чинь. Харин тухайн улстөрч, жирийн ард түмний харилцаа бол илүү урт удаан, халуун дотно байх ёстой. Тэр утгаараа ард түмэнтэйгээ улам халуун дотно харилцаж байгаадаа баяртай байна.

-Та олон жил албан тушаалын хүлээсэнд байсан хүн. Одоо эрх чөлөөг ямар нэг байдлаар мэдэрч байна уу?

-Одоо надад ямар нэг албан тушаал, нам,тухайн нөхцөлд баригдаж зарим үгээ хэлэхгүй залгих, эсвэл дуугүй өнгөрөөх зэрэг албан тушаалтай улстөрчид тохиолддог “зовлон” байхгүй гэдгээрээ эрх чөлөөг илүү мэдэрч байна гэж хэлж болох юм. Урьд өмнөхөөсөө илүүтэйгээр алдаа дутагдлыг олж харж, хэлэхийг хичээж байна. Тэгэхээр зарим нэг нь түүнд эмзэглэж янз янзаар ярьдаг шиг байгаа юм. Миний хувьд байгаа үнэнийг байгаагаар нь хэлэх илүү сайхан бололцоотой болсон. Үүндээ харин ч их сэтгэл хангалуун, зорилготой болсноо мэдэрч байна.

-Таныг их улс төрийн оосроос тавих дургүй байгаа гэлцдэг. МАХН тунхаг гаргахад сөргүүлээд мэдэгдэл гаргасан гэдэг ч юм уу. Үүнд улстөрчдийн зүгээс ямар хариу үзүүлдэг вэ?

-Би ажлаа өгөөд 15 орчим сар боллоо. Энэ хугацаанд телевиз, сонинд дөрөв юм уу, тав дахь том ярилцлагаа л өгч байна. Гурван сард л нэг удаа ярьж байгаа юм байна л даа. Гэтэл нөгөө талаас “Дуугүй байгаач, болоо ш дээ” гэх юм. Их цочиж, реакц үзүүлэх юм. Ер нь хоёр янзын хүлээн авалт харагддаг. Нэг талаас олонх нь зөв зүйтэй юм ярьж байна гэж дэмждэг. Цөөн албан тушаалтан “болиоч ээ” гэдэг. Тэгэхээр нь яагаад ингэж хүчтэй, сүртэй сандралдаад байгаа юм бол доо гэж боддог л юм. Миний хэлсэн үг харин ч байгаа оноод байгаа юм болов уу даа. Дарга нарын дургүйг хүргэнэ гэдэг чинь оноод байна гэсэн үг мөн биз дээ. Харин дарга нарт үг таалагдаад байх юм бол онохгүй байгаагийн тэмдэг. Харьцангуй олон жил би дарга нарыг дэмжиж, сэтгэлийн урам дэм өгөх гэж их олон сайхан үг хэлж байсан. Тэдэнд энэ насанд нь бүү хэл олон насанд нь хангалттай хүрэхээр тийм сайхан үг хэлсэн. Одоо харин энэ хүмүүст үнэн үг хэлж тусалж байя гэж бодож байгаа. Угаасаа албан тушаал, нөхцөл байдал удирдах хүмүүсийг үнэнээс хөндийрүүлдэг. Тийм болохоор үнэн үг хэлж байгаа хүмүүсийг сонсдог, хардаг, ойлгодог тийм чадвар, чанарыг өөртөө хадгалж үлдээх хэрэгтэй байдаг. Цаашдаа дарга нар буруу юм хийгээд байвал би гурван сар бүү хэл сар болгон, арав хоногт, өдөр бүр ч үнэн үг хэлж магадгүй.

-Саяхан МАХН-ын бага хурал боллоо. “Н.Энхбаяргүй, С.Баяргүй хурал боллоо” гэсэн сайшаасан, чамласан алин болохыг мэдэхгүй үг дуулдаж байна. Бага хурлын үр дүн таныхаар ямар болов. Та хуралд оролцоогүй ч намын үзэл баримтлалын тал дээр байр сууриа илэрхийлж байсан. Зүүний үзлээ хамгаалж үлдэхийн утга учир ер нь юу вэ?

-Аль ч нам бол амьд организм. Өөрийн түүхтэй, өөрийн орон зайтай. Ирээдүйд гарах гарцаа зөв олдог, хардаг ийм амьд организм байдаг. Түүний амь үзэл баримтлал дээрээ тогтдог. Үзэл баримтлал нь солигдоод байхгүй болчих л юм бол тэр организм амьд биш, зүгээр организм болно. Амьд биш зүгээр организм юун дээр тогтдог вэ гэхээр албан тушаал, ашиг хонжоон дээр тогтдог. Би МАХН-ыг амьд организм байгаасай гэж бодож байгаа учраас үзэл баримтлалдаа анхааралтай хандаарай,уламжлал гэж бий шүү гэж хэлээд байгаа хэрэг. МАХН өөрийн ухамсарт түүхийн он жилүүддээ зүүн туйлширсан үзэл баримтлалтай байсан. Түүгээрээ бид зарим талдаа их алдаа гаргасан. Хэлмэгдүүлэлт гэх зэргээр өөрсдөөс болоод өрөөл бусдаас шалтгаалсан олон хүчин зүйлээс алдаж байсан. Нөгөө талаар ард түмнээ бичиг үсэгтэй болгосон, эрүүл энх болгосон. Тусгаар тогтносон улс болгосон гээд сайн тал бий.
Хоёр талаас нь дэнслээд үзэхэд улс орны тусгаар тогтнол гэдэг хамгийн том зүйл байдаг. Түүнийг олж авахын төлөө зүтгэсэн, олж авсан учраас эерэг тал нь давуу байх аа гэж боддог. Тэгэхээр зүүн үзэл баримтлалаасаа салах биш, харин зүүн туйлширсан үзэл баримтлалаасаа салж, зүүн төвийн үзэл баримтлалтай болох нь зөв байсан. Одоо бол зүүн чиглэлийн орон зай дахь байр сууриа хадгалах, үүх түүхээ мартахгүй байх, ирээдүйн гарцаа зөв олох нь чухал юм.

Ардчилсан нам уг нь барууны үзэл баримтлалтай нам гэж анхнаасаа тунхаглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Харамсалтай нь сүүлийн үед зөвхөн МАХН, Ардчилсан нам ч биш, бусад намуудын үзэл баримтлал бүдгэрсэн, орхигдсон, холилдсон байдалтай боллоо. Амьд организм биш, амьгүй организм болцгоосон. Тэднийг хамтад нь болон тус тусад нь юу авч явдаг болсон бэ гээд харъя л даа. Харамсалтай нь бодит байдал дээр албан тушаалын наймаалцал, ашиг хонжооны тохиролцол л авч явдаг болсон байна. Эцэстээ сонгуулийн дүн ч хамаагүй болоод хамтарсан Засгийн газар гэдэг хэлбэр рүү гулсч орсон. Яагаад гэвэл МАХН ч үнэт зүйлээ эрхэмлэхээ больчихож. Ардчилсан нам ч үнэт эрхэм зүйлээ тоож мэдэхээ больчихсон юм байна. Тэгээд хоёр нам хоёулаа амьд бус организм болж хамтарсан Засгийн газар нэртэйгээр албан тушаал, ашиг хонжоо наймаалцаж, тохиролцох бүтцийг бий болгожээ. Анх хамтарсан Засгийн газрыг байгуулж байхад “үүнийг наймаа болгож болохгүй, үнэхээр дан дангаараа шийдэж чадахгүй байсан тулгамдсан асуудлуудаа хамтарч шийдэхийн төлөө, хамгийн эхлээд амлалтаа биелүүлэхийн төлөө бий болж байгаа бүтэц юм бол би дэмжинэ” гэж хэлж байсан. Тэгэхэд би Ерөнхийлөгч байсан. Гэтэл хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд амлалт байхгүй, харин наймаа л сайн хийж байна.

-Жишээ нь, ямар наймааг сайн хийсэн гэж?


-Оюутолгой, Тавантолгойн гэрээг харахад үнэхээр наймаалцсан, амьд биш организмууд хоорондоо нийлсэн нь харагддаг. Тэднийг хооронд нь холбож байгаа зүйл нь их сонин. Хүний харилцаа энд байхгүй. Цэвэр ашиг хонжоо, албан тушаалын харилцаа л бий. Энд хамтарч ажиллаж байгаа хүмүүс маргааш хоорондоо мэндлэхгүй ч зөрж магадгүй. Ийм эмгэнэлтэй байдалд орсон нөхцөлд зүүн нь зүүнээрээ, баруун нь баруунаараа байх хэрэгтэй. Үнэт зүйлсээ эрхэмлэж, түүнийхээ үндсэн дээр ард түмнийхээ өмнө өрсөлдөж, аль нь сайн бэ гэдгээ ард түмнээрээ сонгуулж байх ёстой. Хэрэв үнэхээр сайн л юм бол, аймхай хулчгар биш л юм бол, хариуцлага хүлээхээс айхгүй байгаа л юм бол, үнэт зүйлтэй амьд организм л юм бол ялсан нам нь засгийн эрхээ дангаараа барина биз. Ялагдсан нь нөгөө талаас нь хянаад, алдааг нь шүүмжлээд, засуулаад явах ийм л амьд харилцаа хэрэгтэй. Зах зээлийн харилцаанд хамгийн их хориглодог, цээрлэдэг зүйл бол монополь. Монополь үүсэх л юм бол зах зээлийн эдийн засаг мөн чанараа алддаг.Аль нэг компани, групп, хувь бизнесмэн монополь үүсгэх л юм бол зах зээлийн эдийн засагт үнийн бодлого алдагддаг. Цөөн хэсэг хэт баяжина. Хөгжил алга болно. Шинэчлэл, технологийн хөгжил байхгүй болно. Бид эдийн засагт монополийн эсрэг байх ёстой гэдгийг сайн ойлгодог мөртлөө улс төрийн монополь үүснэ гэдгийг сайн ойлгодоггүй.

-Улс төрийн монополь манайд бий болжээ гэж үү?

-Энэ хамтарсан Засгийн газар гэдэг чинь улс төрийн монополь шүү дээ. Хоёр нам нийлээд монополь үүсгэчихсэн. Албан тушаалыг энэ хоёр л мэдэж хуваарилж байна. Асуудлыг энэ хоёр л мэдэж шийдэж байна. Уг нь ард түмнээ сонсч шийдэх ёстой байхгүй юү. Хамтарч өрсөлдөөн, шүүмжлэлийг хаагаад, зөв зүйтэй саналуудыг боогоод, чих дүлий, нүд харалган, ухаан балай болчихлоор нийт Монголын улс төрд их муухай хохиролтой тусч байна.

- Үүнээс гарах арга зам юу вэ?

-Ерөөсөө нам болгон өөр өөрийн үүргийг гүйцэтгэх ёстой. Амлалтаа биелүүлэх ёстой. Ийм л зарчмыг би ярьж байгаа.

-Хоёр нам холилдсон нь нэлээд эртнээс, таныг МАХН-ын дарга, УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга байсан 1997 оны үеэс улбаатай санагддаг. Тэр үед МАХН УИХ-д цөөнх байсан ч эрх мэдлийг атгачихдаг байсан. Ардчилсан хүчний олон Засгийн газар унасан. Дараа нь 2004 онд Засгийн газарт эвссэн. Таныг УИХ-ын дарга байх үед МАХН, Ардчилсан нам хоёр “бүдүүн бүлэг”-т нэгдсэн. Хожим нь хамтарсан Засгийн газар. Тэгэхээр энэ монополь саяхных биш байх гэж бодож байна?

-Өөрөө сайн сэтгүүлч болохоор энэ бүхнийг санаж байна. Юу болж байсныг хамтдаа эргэж саная л даа. МАХН, Н.Энхбаяр хоёр л Засгийн газруудыг унагаагаад байсан, МАХН олонхийг атгадаг байсан гэх яриа яагаад гарах болсон бэ. Үнэн хэрэгтээ 1996-2000 онд УИХ-д МАХН 25 суудалтай байсан. Тэдний саналаар Засгийн газар унана гэж хэзээ ч байхгүй. Ардчилсан намаас дор хаяж 13-15 хүн, бүр цаашлаад хорь гаруй гишүүн наашаа орж байж сая Засгийн газар огцрох юм уу өөр бусад асуудлыг шийднэ биз дээ. Тэгэхээр МАХН, Н.Энхбаяр хоёр тэр асуудлыг шийдэж байсан биш, Ардчилсан нам хамтарч шийдээд байсан хэрэг. Миний бодлоор манай ардчиллын хамгийн хүнд хэцүү үе 1996-2000 он байсан. Өнөөдөр ч үр дагавар нь явсаар байна. Ардчилсан хүчин засгийн эрх барьж байхад юу нь хэцүү байсан юм бэ. Харин 2000-2004 онд ардчилсан гэсэн нэртэй гурав, бие даагч ганц гишүүнтэй байсан үеийг л хүнд хэцүү гэх юм биш үү гэж маргаж магадгүй. Тэгвэл тооны олон цөөн чухал биш юм билээ. Тоо хувирч болно. Олон, цөөн болж, бүр тэнцэж ч мэднэ. Ардчиллын мөн чанараас ухрах нь л хамгийн их аюул дагуулдаг. Ардчилагчид харамсалтай нь засгийн эрх барьж байхдаа ардчиллын мөн чанараас ухарч, албан тушаалыг наймаа, ашиг хонжооны хэрэгсэл болгосон. Фракцууд хоорондоо албан тушаал наймаалцаж, бие биеэ дэгээдэж унагаадаг зүйл тэр цагаас эхэлсэн. Албан тушаалын үнэлгээ ч эхэлсэн. С.Зориг амь насаа алдаж, хээл хахуулийн том асуудал яригдсан тэр он жилүүд манай ардчиллын хамгийн эмгэнэлтэй, хамгийн хүнд он жилүүд байсан болов уу гэж би боддог.

МАХН бол анхнаасаа ардчилал гэж яриагүй, түүхийн шахаанд орж, түүнийг хүлээн зөвшөөрсөн нам. МАХН-ыг шүүмжилж, ардчилсан шинэ цаг ирлээ гэж анхлан хэлж байсан хүмүүс түүнээсээ ухарсан нь хамгийн хариуцлагагүй явдал болсон. Тэр байдал өнөөг хүртэл үргэлжилж байна. Тэр халдвар бусад нам руу, МАХН руу ч шингэсэн. Харин 2004 онд хүч тэнцсэндээ МАХН, Ардчилсан нам Их эвслийн Засгийн газар байгуулсан. Нэг хэсэг Ардчилсан намтай, нэг хэсэг өөр намуудтай МАХН хамтарч Засгийн газар байгуулсан. Яахав, ард түмэн МАХН, Н.Энхбаяр хоёр хүүхдийн мөнгө өгөхгүй гэж байна гээд арай жаахан бага саналыг 2004 онд МАХН-д өгсөн байх. Үнэхээр тооцоод үзэхээр санхүүгийн хүчин чадал бололцоогүй байсан. Аз болж явцын дунд зэс, алтны үнэ өсч хүүхдийн мөнгө, залуу гэр бүл, шинэ төрсөн хүүхдийн мөнгөө олгосон. 2008 он бол огт өөр. Олонх, цөөнхтэй парламент бүрдээд байхад хамтарсан нь ёстой нөгөө монополь тогтоосон хэрэг.

-МАХН барууны үзэл авах талаар өмнө нь ярьж байсан бил үү?

-Яахав, тухайн үед бодож үзэж байсан. Барууны үзэл авбал яах вэ гэхээр намд тарах л зам үлдэхээр байсан. Зүүний үзэл нь мухардсан, бүр шавхагдсан, дууссан, ямар ч орон зай, ирээдүйгүй болсон ийм нөхцөлд ухамсартайгаар хурлаа хийгээд, тараад, барууны үзэл баримтлалд итгэж байгаа хүмүүс шинэ нам байгуулж үйл ажиллагаа явуулъя гэж болно шүү дээ. Одооны манай нөхдийн хэлээд байгаа шиг барууны үзэл баримтлал руу шилжих л юм бол нам тараахаас өөр аргагүй байдал үүсэхээр байсан. Зүүний нам шууд л барууных болно гэж юу байхав дээ. Итгэл үнэмшил гэж хүнд байх ёстой шүү дээ.

Намаа авч үлдэх мөртлөө яаж шинэчлэх вэ гэсэн асуулт тухайн үед гарч байсан л даа. Намаа тараачихаарай гэж гишүүд бидэнд даалгаагүй шүү дээ. Зүүн туйлширсан үзлээсээ салаад зүүн төвийн үзэл рүү очих ёстой гэсэн логик дүгнэлт хийж тухайн үед социал демократ, ардчилсан социалист үзлийг авсан юм. Энэ зарчмаараа одоо ч явж байгаа. Гэхдээ энэ хооронд зарим нөхөд маань толгой дохиж, намын удирдлагаа хуурч явсан байна. Зарим нь үнэхээр итгэл үнэмшилтэй явж иржээ.

-Улс төрийн амлалтаа биелүүлж чадахгүй намууд жаахан тиймхэн байх шиг байна. Ингэж их мөнгө амлах хэрэг байсан уу?

-Ардчилсан нам өмнөх сонгуулиар хүүхдийн мөнгө амлаж байсан бол 2008 онд хүн болгонд нэг сая төгрөг өгнө гээд дуугарчихсан. МАХН дахиад шийгуаны хальсан дээр халтирахыг хүсэхгүй биз дээ. Тэгээд дагуулаад 1,5 сая төгрөг амлачихсан. Өмнө нь хүүхдийн мөнгө гэдэг шийгуаны хальсан дээр МАХН халтирч унаж хаширсан. Гэхдээ танагтай унасан. Тэгээд 2008 онд 1,5 сая төгрөг амласан. 2004 онд ч, 2008 онд ч хариуцлагатай улс төрийн хүчнүүдийн сонголт болоогүй. Амлалтын сонголт болсон. Нэг их мундаг дарга удирдаад 2008 онд МАХН-ыг ялуулчихсан юм биш. Хүссэн хүсээгүй 1,5 сая төгрөг гэдэг амлалт ард түмний сонирхлыг татаад л саналаа өгсөн. Одоо энэ мөнгөө өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хариуцлагагүй улс төрийн хүчин болно шүү.

-Улсын сан хөмрөг дийлэх үү?


-Нэгэнт амласан л бол дийлсэн дийлээгүй өгөх л ёстой. Яагаад тэрийг мэдсээр байж амласан юм. Өгөхгүй гэвэл асар хариуцлагагүй, худалч улс төрийн хүчин гэнэ биз дээ.

-Тэр сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үймээн болсон. Таван хүний амь үрэгдсэн. Түүнд С.Баяр даргыг буруутгах уу, таныг буруутгах уу, хэнийг буруутгах вэ гэсэн маргаан тасраагүй байна. Энэ талаар та юу боддог вэ?

-Үүнийг маш нухацтай шийдэж буруутантай хариуцлага тооцох ёстой. Тэр үед Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж хэвлэлийн бага хурал хийж, “сонгууль будилаантай боллоо, жагсаал цуглаан хийе” гэж мэдэгдсэн. МАХН-ын дарга С.Баяр болохоор жагсаал цуглаан хэрэггүй, ялдгаа ялчихлаа гэсэн. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд тэр хоёрыг дуудаж уриад “Энэ жагсаал цуглаанаа тараа. Болохгүй ээ. Элдэв маргаантай асуудал байвал ярилцаж шийдье” гэсэн санал тавьсан. Тэд өөр өөрийн шугамаар жагсаал цуглаан хийж байгаа хүмүүст хандаж зогсоох арга хэмжээ авъя гэсэн. Хэр зэрэг арга хэмжээ авсныг бүү мэд. Ямар ч гэсэн жагсаал цуглаан намжаагүй. Тэгээд энэ хоёр намд жагсаал цуглааныг намжаа гэж хэлээд нэмэргүй юм байна, аль аль нь үүнийг хийхгүй юм байна гэдгийг ойлгосон. Хийх хүсэлгүйдээ тэр үү, чадалгүйдээ тэр үү, эсвэл аль аль шалтгаан хамтдаа байсан уу. Эсвэл жагсаал цуглаан бүр даамжирчихсан байсан уу, мэдэхгүй.

Эцэст нь хоёр намд найдахаа болиод Төрийн тэргүүний хувьд ард иргэддээ хандаж телевизээр үг хэлсэн. “Жагсал цуглаанаа зогсоож, бий болсон нөхцөл байдлыг яриа хэлэлцээний замаар шийдье” гэсэн санал хэлсэн. Жагсаал бас л зогсоогүй. Ерөнхий сайд С.Баяр “Онц байдал зарлаач” гэж удаа дараа надаас хүссэн, шаардсан. Эхлээд ЦЕГ-ын дарга “Жагсаал цуглааныг аятайхан тарааж болно. Заавал онц байдал зарлах шаардлагагүй” гэсэн учраас байдлыг судлая. Аль болох онц байдал зарлалгүйгээр шийдье гэсэн саналыг Засгийн газарт ч, Ерөнхий сайдад ч, ЦЕГ-ын даргад ч хэлсэн. Орой 22.00 цагийн үед хүчний байгууллагын дарга нар “жагсаал цуглааныг өөрсдийн хүчээр зогсоож дийлэхээ болилоо” гэж илтгэсэн. Тэгэхээр Төрийн тэргүүн яах үүрэгтэй вэ. Онц байдал зарлахаас өөр аргагүй. Тэгээд зарласан. Жагсаал цуглааныг зогсоосон. Харамсалтай нь таван хүний амь алдагдсан. Хэн буруутай вэ гэдгийг одоо хүртэл тогтоохгүй байгаа. Түүний дараа хамтарсан Засгийн газар байгуулсан нь одоо ямар сэжиг төрүүлж байна гэхээр энэ үйл явдлыг зориуд замхруулж, 2008 оны сонгуулийн будилааныг хаах гэсэн арга байжээ гэж бодож байгаа. Ингэж хэлэхээр үүнд шууд болоод шууд бусаар оролцсон дарга нар их уурладаг. Буруутныг заавал олох ёстой. Олохгүй байх нь Монголын ард түмэнд муу, улс төрийн намуудад муу. Сонгогчдын санал хамаагүй, хүний амь үрэгдсэн байсан ч хамаагүй юм байна. Олонх цөөнх суудал авснаасаа үл хамаараад намууд хуйвалдаад, нийлээд засгийн эрх барьчихдаг юм байна гэсэн ойлголтыг төрүүлчихлээ шүү дээ.

-Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуульд та нэрээ дэвшүүлсэн, дараа нь болсон УИХ-ын Чингэлтэй дүүргийн тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхийг хүссэн ч МАХН-ын бага хурал, удирдах зөвлөл өөр хүний нэр гаргаж ялуулсан. Энэ бүхнийг та луйвар гэж үздэгээ илэрхийлж байсан. Яагаад тэгж хэлэх болсон юм бэ?


-Би үүнд Ардчилсан нам, Ц.Элбэгдоржийг шүүмжилдэггүй. МАХН сонгуулийн кампанийг зохион байгуулахдаа хэрэв Н.Энхбаяр гэдэг хүний нэрийг дэвшүүлсэн л юм бол ялуулахын төлөө явах байсан. Гэтэл яагаад Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нийт орон даяар ялаад Улаанбаатарын зургаахан дүүрэг дээр ялагддаг юм бэ. Жаахан юм боддог хүн харахад но байгаа биз дээ. Цааш нь судлах ёстой. Энэ дан ганц миний ч хэрэг биш. Будилаантай сонгуулиудын үнэн мөнийг тогтоочихвол цаашдаа сонгуульд ийм луйвар будилаан гарах боломжгүй болно. Үүнийг л би хүсч байгаа юм. Тэрнээс миний албан тушаал авах, өгөх нь ерөөсөө маш жижигхэн асуудал.

Дараагийн Чингэлтэй дүүргийн сонгуульд намайг оролцуулаагүй нь ч сонгуулиудын будилааныг шалгуулах бололцоог Н.Энхбаярт олгохгүйн тулд албан тушаалаас аль болох хол хөндий байлгах гэж л хийсэн ажил. Тэр нөхөн сонгууль бас л 2008, 2009 оны сонгуулийн будилааныг хамтарсан Засгийн газрын далбаан дор нийлж далдлах гэсэн оролдлого болсон. Заримдаа би намаа танихаа болиод байгаа. Хүмүүс маань ч миний мэддэг хүмүүс биш болсон. Албан тушаалаасаа салахгүйн төлөө үхэн хатан тэмцсэн тийм л хүмүүс болчихож. Энэ нь тэдний буруу бас биш юм. Удирдлага нь намаа амьд биш болгоод, үзэл баримтлалаа орхигдуулснаас болж байгаа юм.

-МАХН одоо нэр, бэлгэдлээ солино гэж байна. Таныхаар ямар хувилбар байвал оновчтой вэ?


-Нэрийн хувьд ямар нэг маргаан байхгүй. МАН гэдэг уугуул нэр байна. Эсвэл өөр нэр авах уу. Үүнийг намын гишүүн бүр бүтээлчээр ярьж, судалж шийднэ биз. Гишүүнээс гадна дэмжигч бүрийн саналыг авах ёстой. Хэдэн даргын тулгаж хийдэг ажил биш шүү. Хувьсгалт гэдэг үгнээс заримдаа болгоомжлох, эмзэглэх хандлага байдаг. Намайг МАХН-ын дарга байхад нэр солих бололцоо байсан ч хэдэн цөөн даргын хийх ажил биш юм байна гэсээр өнөөг хүрсэн. Өнөөдөр үүнийг хийж болно. Харин үзэл баримтлалаар оролдож болохгүй. Зүүн жигүүрээ хэрхэвч хаяж болохгүй. Монголын ард түмний амьдрал үүн дээр тогтож ирсэн, одоо ч зүүн жигүүрт асар их орон зай байна. Ирээдүйд ч бололцоо их бий.

-Зүүний гэх өөр нам ч Монголд алга?

-Байхгүй шүү дээ. Социал демократ нам байж байгаад Ардчилсан нам руу орсон. МАХН 1996 онд уг нь үндэсний ардчилсан, барууны үзэл авсан юм. Түүнийг хэрэгжүүлэх арга зүй нь төв үзэл гэж зарласан. МАХН тэгээд тэр үндэсний ардчилсан үзэлтэйгээ 1996 онд сонгуульд орж ялагдсан шүү. Одоо гэтэл дахиад ялагдсан үзэл баримтлалаа сэргээх гээд ярьж сууна. Угаасаа зүүний намд барууны үзэл тулгах нь зохиогүй учраас 1996 онд МАХН ялагдсан. Тэр үед үндэсний ардчилсан үзлээ ч олигтой хэлж чадаагүй. Төв үзэл гэдгээ ч тайлбарлаж чадаагүй.

МАХН ардчилсан социалист үзэл санааг авснаасаа хойш харин нэг ч ялагдаагүй. 2009 оны Ерөнхийлөгчийн луйврын сонгуулийг оролцуулалгүйгээр шүү дээ. Босоо үзэл байхгүй юү энэ чинь. Хэдийдээ МАХН-ын нөхөд баян болчихоод харьцангуй баян хүмүүсийн илэрхийлдэг барууны үзэл баримтлал руу шуураад байгаа юм бэ. Удирдлагад байгаа хэдэн хүн баяжсан байж магадгүй. Тэр нь Монгол Улс баяжсан гэсэн үг биш. Монголын ард түмэн баяжаагүй. Нийт ард түмний үзэл баримтлал, тав арван төгрөгтэй цөөн хүний үзэл баримтлал гэж өөр өөр юм байж таарахгүй. Ард түмэндээ таарсан үзэл баримтлалтай байж л нам тэдэндээ хэрэг болно биз дээ.

-Таны энэ үгийг У.Хүрэлсүх дарга намын жирийн гишүүний л үг байна лээ гээд тийм ч ач холбогдол өгсөн шинжгүй хэлж байсан. Тэгэхээр үйл ажиллагаандаа тусгана гэж үү?


-Ийм үед жирийн гишүүн, жирийн бус гишүүн гэж хувааж болохгүй л дээ. Гишүүн бол гишүүн. Албан тушаалтны үг арван саналтай, жирийн гишүүний үг нэг саналтай тэнцэж байж таарахгүй. Олон талаас нь бодсон жирийн гишүүн Н.Энхбаярын саналыг харин хэдэн гишүүн дэмжиж байгаа бол гэдгээр л асуудлаа шийдье.

-С.Баяр гишүүн та хоёрын харилцаа ямар байдаг вэ. Та хоёр хоёулаа МАХН-ын Хяналтын хороонд өргөдөл өгсөн. Түүнийг ямар учраас шийдэж чадахгүй удаад байгаа вэ?


-Хувь хүнийхээ хувьд би хүнд сайн муу юм санаж бодоод явдаггүй. Улс төрийн хувьд бол бусад намынхантай маргалдах, нам дотроо ч санал зөрөлдөх асуудал гаралгүй яахав. Тэрийг би хувь хүний харилцаанаас хол байлгахыг боддог. Тэгж ч ирсэн. Харамсалтай нь улс төрд байгаа, албан тушаал эзэлсэн, эзлээгүй харьцангуй олон хүн улс төрийн харилцааг хувийн харилцаатайгаа хольдог юм билээ. Миний хувьд С.Баяр ч байна уу, хэн нэгэнтэй хувь хүний хувьд сайдах муудах шаардлага байхгүй. Тухайн үед намын даргын хувьд сонгуулийн кампанит ажлыг аятайхан авч яваад хариуцлагатай хийх байсан хүнийх нь хувьд С.Баярыг хариуцлага алдсан гэж үздэг. Хариуцлага алдах алдахдаа бүр мэдсээр байж алдсан гэж боддог. Мэдэхгүй алдах, мэдэж алдах хоёрын хооронд тэнгэр газар, тэмээ ямаа шиг зай бий. Мэдэхгүй алдсан хүнд намын дүрэм журам талаасаа хариуцлага тооцох ёстой байх. Санаатайгаар будилж алдсан байвал хариуцлага тооцох битгий хэл, намын эрч хүчийг бууруулсан, асар их хор хохиролтойгоор цааш цаашдаа алдаа гарах нөхцөл боломж нээсэн гэж зориуд анхааруулж хэлэх ёстой гэж бодсон юм.

Тэгээд л би хэлсэн. Түүнд С.Баяр маш их эгдүүцсэн. С.Баяр хувь хүнийх нь хувьд над руу дайрч, үгээр тоглож, битүү хатуугаар хатгасан, чичилсэн. Би тэгж доошоо орж маргалдахгүй. Тийм соёл, тийм ухамсар, хүмүүжил надад байхгүй. Би сонгуулийн дүн ингэж гарах ёсгүй байтал гарсан байна гэсэн зарчим л яриад байгаа юм. Санаатай юу, санаандгүй юү, хэн алдав. Н.Энхбаяр алдсан бол тогтоогоод өгчих л гэсэн. Намын дарга бас үүнд хариуцлага хүлээх ёстой. Намын гишүүд бол хөөрхий, сонгуулийн ажилд нойроо хасаад л явцгаасан байгаа шүү дээ. Тийм болохоор асуудлыг тэр үеийн намын даргатай хариуцлага тооцох маягаар шийдэх ёстой гэж үзсэн юм. Үүнийг МАХН-ын Хянан шалгах хороо, Удирдах зөвлөл нухацтай авч үзээд, ажлын хэсэг байгуулаад, асуудал бүр дээр нь хөөцөлдөөд, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулаад , УИХ-аар оруулаад, Засгийн газар, СЕХ, шүүх, бусад байгууллагаар шалгуулаад, дүгнэлт гаргуулж өгөх ёстой байхгүй юү, уг нь. Ийм нэрсийн жагсаалт, ийм саналын хуудас байжээ. Сурталчилгааг ингэж явуулжээ. Энд ийм алдаа гарчээ гээд. Тэгэхгүй надаас нэг тайлбар нэхээд, би тайлбар өгчихвөл буруу зөвийг нь тогтоох юм шиг МАХН-ын Хянан шалгах хорооны хэдэн хүн дахин дахин тайлбар нэхээд байх юм. С.Баяр, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний хувийн маргаан байгаа юм шиг олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байна гэдэг буруу. Түүнд С.Баяр даргын миний талаар, хувь хүнийх нь хувьд туйлын бүдүүлэг өгсөн ярилцлагууд нөлөөлсөн байж магадгүй. Хоёулаа гар бариад болчихооч ч гэх шиг. Асуудлын мөн чанарыг ойлгохгүйгээр ингэж хандаж болохгүй. Миний тайлбараар энэ асуудал дуусахгүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүмүүс бүрэн эрхийн хугацаа өндөрлөмөгц нийгмийн амьдрал, улс төрөөс ид насандаа хөндийрөх юм. Нам нь боловсон хүчнээр тийм их ханасан уу. Яагаад тэдний хүч, нөөцийг ашигладаггүй юм бол. Нөгөө талаас Н.Энхбаяр гэдэг хүн одоо их улс төрд байсан бол юу бүтээх байв. Байхгүйгээс болж эзгүйрсэн орон зай гэж байна уу?

-Өмнөх хүмүүсийг хэлж мэдэхгүй. Хэрэв би одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Оюутолгойн гэрээг ийм замбараагүй, Монголд ашиггүй байдлаар хийхгүй байсан гэдгийг баттай хэлнэ. Тэр талаар миний хийж байсан, гаднынхантай тохиролцож байсан зүйлүүд бий. Тавантолгойн гэрээг бас ийм замбараагүйгээр батлуулахгүй байсан. Ард түмний компани байгуулахын төлөө ажиллах байсан. Оросын их өрийг төлөгдөж дуусаагүй мэтээр хүлээн зөвшөөрүүлэхгүй байх байсан.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Медведевийн жилийн өмнө Монголд айлчлахдаа хэлсэн их өрийн үлдэгдэл гэдэг хаанаас гарч ирсэн юм бэ?


-Дуусчихсан өрийг Монросцветметийн бүртгэлийн алдаанаас болоод дуусаагүй мэтээр яриа гаргасан. Эрдэнэт, Монросцветмет хоёрыг их өр дуусаны дараа дахин бүртгэх ёстой байсан. Их өрийг 2003 онд тэглэсний дараа Эрдэнэтийг дахин бүртгэж Монголын хууль тогтоомжид нийцүүлье. Монросцветметийг мөн адилхан тэгж бүртгүүлье гэж тохироод байсан. Эрдэнэт тэр ажлаа хийсэн. Монросцветмет хийгээгүй.

-Монросцветметийн бүртгэлээ шинэчлэлгүй үлдээсэн шалтгаан юу вэ?


-Харамсалтай нь тухайн үед жоншны үнэ хямд байсан. Зах зээл дээр хүнд хэцүү байсан учраас тухайн үеийн Монросцветметийн дарга нар гаалийн татвараас чөлөөлөх, тээврийн хөнгөлөлт эдлэх зэрэг өмнөх хөнгөлөлтөө эдэлж компаниа авч гарахын тулд компанийн бүртгэлийн ажлыг хоцроочихсон. Дээр нь Орос, Монголын их өрийн асуудал будилаантай гэж баахан шуугисаар байгаад УИХ-ын гишүүд түүнийг шалгах гэж цаг алдсан. Тэр бүхнийг нөгөө тал маань овжин ашигласан хэрэг. Процедураараа явсан Эрдэнэтийн араас юу ч хэлэхгүй байгаа биз дээ. Би хэрэв Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол энэ түүхийг сайн мэдэхийн хувьд Оросын нөхдөд хэлэх байсан. ОХУ-ын ГосДум Орос-Монголын хамтарсан үйлдвэрүүдийн бүртгэлийг өөрийнхөө процедураар явуулж бүртгэх ажлыг бас цаг алдаж хийсэн. Орост ч, Монголд ч адилхан алдсан юм бий. Бүртгэлийн алдаанаас болж өр үүсч болохгүй. Хамтарсан компани учраас ганцхан Монгол алдсан байж таарахгүй. Оросууд ч алдсан. Хамтарсан компанийн алдааг нэг улсад дангаар нь тохож болохгүй гэж хэлээд тайлбарлавал оросууд ойлгоно. Тэрийг мэдэхгүй, эсвэл өөр ямар нэг шалтгаанаар хүлээн зөвшөөрснөөс Монголд өрийн дарамт үүсч байна.

Яахав их өр шиг 11,7 тэрбум шилжих рублийн дарамт биш л дээ. 180 сая ч бил үү, тийм шилжих рублийн өр гарч ирсэн. Их өртэй харьцуулахад маш бага ч Монгол Улсад ашиггүй хүлээн зөвшөөрөлт болсон. Би хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бол лав л ийм гурван асуудал дээр өөр байр суурьтай байх байсан. Бусдыг нь хэлж чадахгүй ээ. Улс орны хувь заяанд нэг хүний үүрэг роль нөлөөлөхгүй ч мэдэж байгаа асуудлаараа зөв шийдвэр гаргаж нөлөөлж бас болдог.

-Удахгүй УИХ-ын 2012 оны, Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль болно. Тэр сонгуулиудад өрсөлдөх хүсэл танд байдаг уу?

-Ний нуугүй хэлэхэд албан тушаал надад хангалттай байсан. Дахиж албан тушаал хүсэх сонирхол алга. Түрүүн асууж байсан шүү дээ. Ерөнхийлөгч байсан хүмүүс яагаад намаасаа хөндийрдөг юм бэ гэж. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгч болсны дараа аль нэг нам хамаагүй болдог юм билээ. Асуудал нь зөв тийшээ байгаасай гэж өөрийн эрхгүй боддог. Улс төрийн нэг намд баригдахаараа бид чинь өөр өөрийн “нүдний шил”-тэй болчихдог юм байна. МАХН-ын дарга гэхэд МАХН-ын алдааг олж харахаа больчихдог.

-Нөгөө талынхыг бол харна биз?

-Нөгөө талын алдааг маш соргог харна. Бүр байхгүй юмыг нь хүртэл олж харна гээч. Ардчилсан намын дарга бол өөрийнхөө намын алдааг харахгүй. Н.Алтанхуяг одоо харахгүй л байгаа. МАХН-ын алдааг бол маш сайн харна. Байхгүй байсан ч гаргаж ирнэ. Аль алийнх нь дарга биш Төрийн тэргүүн болчихоор МАХН-ын ч, Ардчилсан намын ч алдаа алган дээр тавьсан юм шиг ил болдог. Тэгэхээр өөрийн нам ч хөндийрнө. Нөгөө нам бүр цаашаа болно. Харин Төрийн тэргүүн ард түмнийхээ талд ордог . Ард түмний талд байна гэдэг их эр зориг шаарддаг ажил. Тэгээд ирэхээр улс төрийн хувьд харьцангуй ганцаардах нөхцөл байдал үүсдэг юм байна лээ. Ерөнхийлөгчийн албан тушаал өөрөө тийм мөн чанартай юм. Албан тушаалаасаа буусны дараа ч тэр чанар гээгддэггүй юм байна.

-Ерөнхийлөгч гэдэг албан тушаал цор ганц болохоор Төрийн тэргүүн хүнд ганцаардах үе олон тохиолддог байх?

-Тийм юм билээ. Ерөнхий сайд хүн буруу юм хийлээ гэхэд Засгийн газар засна. Танхим нь байна. Бүр болохгүй гэхэд Ерөнхийлөгч засчихна. УИХ алдлаа гэхэд Үндсэн хуулийн Цэц засчихна. Ерөнхийлөгчийн зарлиг буруу гарлаа гэхэд яахав Цэц засна биз. Гэхдээ зарим шийдвэр дээр өөрөө л эцсийн шат болж дуусна. Тийм болохоор илүү хариуцлагатай, илүү болгоомжтой, ноён нуруутай байх ёстой ажил юм билээ.

-Таны нэртэй холбоотой тооны нэрүүд байх юм аа. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, намбар one гэх ч юм уу. Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан гэдэггүй юм бэ?


-АНУ-ын хэд дэх Ерөнхийлөгч вэ гэдгээрээ 45 дахь, 46 дахь Ерөнхийлөгч гэж хэлдэг шиг юм. П.Очирбат гуай анхны Ерөнхийлөгч гэдэг. Н.Багабанди гуай нэрийн хуудсан дээрээ хоёр дахь Ерөнхийлөгч гэж бичсэн байдаг юм байна лээ. Би Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд байсан. Би тэр жишгээр л гурав дахь Ерөнхийлөгч гэж явдаг. Ц.Элбэгдорж сүүлд ажлаа өгөхөөрөө дөрөв дэх Ерөнхийлөгч болох байх. Намбар one гэдгийг сонгуулийн үеэр манай намын PR-чид гаргаж ирсэн үг. Төрийн тэргүүн гэдэг бол нэгдүгээр албан тушаал. Тэр албан тушаалд тохирно гэж дэмжиж, нэр дэвшүүлсэн. Тэр итгэлийг ард иргэд, ялангуяа залуучуудад хүргэхдээ тийм өвөрмөц хэллэг гаргаж сурталчилгаандаа оруулсан юм байна лээ.

-Таныг намынхан тань янз бүрийн арга хэмжээндээ урьдаг уу. Ер нь МАХН цаашдаа яаж хөгжих ёстой вэ?


-Урина л даа. Заримд нь очдог, заримд нь амжихгүй юм. Хамгийн сүүлд МАХН-ын дарга Сү.Батболд намынхаа үе үеийн удирдлагыг үдийн зоогт урьсан. Өнгөрсөн даваа гаригт юм байна. Тэр үед МАХН-ын Тунхаг бичиг гарсан байсан. Би тунхаглалтай холбогдуулж мэдэгдлээ гаргачихсан байсан. Тэр тухай ярих бололцоо олдох байх гэж, санаа бодлоо товчхон хэлье гэж очсон. Харамсалтай нь арга хэмжээ миний бодсоноор болоогүй. Сү.Батболд дарга өөрийнхөө санаа бодлыг нэлээд удаан танилцуулж ярьсан. Миний дараагийн төлөвлөсөн ажил болсон учраас дутуу сонсоод гараад явсан. Гарч явахаасаа өмнө Ерөнхий сайд байсан Ш.Гунгаадорж гуайд “Та үг хэлбэл МАХН-ын даргаар ажилаж байсан Н.Энхбаяр намын шинэчлэлт, үйл ажиллагаа, сонгуулийн амлалттай холбогдуулж санаа бодлоо хэлье гэж бодсон ч цаг нь амжсангүй. Хоол ундтайгаар хариуцлагатай яриаг хийж болохгүй байх аа. Хамгийн гол нь ажил хэрэгч яриа өрнүүлээч ээ. МАХН-ын дарга нар огт танихгүй улс биш. Ихэнх нь миний гараар орж гарсан хүмүүс. Маш ажил хэрэгч маягаар тус тусад нь болон бөөнд нь уулзаач гэсэн саналтай байна шүү” гэж хэлж үлдээсэн. Дараа нь У.Хүрэлсүх даргад энэ саналаа хэлсэн. “Өө тэгэлгүй яах вэ” гэж байсан. Түүнээс хойш хэд хонолоо. Одоо болтол тэр ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулаагүй байна. Би харж л байгаа. Гэхдээ тэрийг би хүлээгээд сууж болохгүй юм байна. МАХН-ын үзэл баримтлал зүгээр нэг намын үзэл баримтлал төдий асуудал биш. Нийгмээ ёс суртахуунтай, чиг баримжаатай, зарчимтай болгоё гэдгийн төлөө юм байна. Үүнд зөвхөн МАХН, Ардчилсан намынхан биш, иргэний нийгэм, ард иргэд идэвхтэй оролцож үнэхээр үзэл баримтлалаараа, итгэл үнэмшлээрээ нэгддэг, түүнийхээ төлөө шударгаар ажиллаж чаддаг шинэ улс төрийг Монголд бий болгоё. Албан тушаал, ашиг хонжоогоороо нийлдэг, түүгээрээ хамтарсан Засгийн газар байгуулж, асуудлыг ард түмнээсээ нуудаг хуучин улс төр халагдах цаг болжээ. Өнөөдөр МАХН нэр, үзэл баримтлал гэхээсээ илүү амласнаа биелүүлж, авлига, хээл хахуулиас салчихвал, ашиг хонжоо, албан тушаалаар намаа авч явдаг байдлаасаа больчихвол дэмжих масс хангалттай байгаа.

Түүнтэй адил Ардчилсан нам ч амлалтаа биелүүлж, ашиг хонжоо, албан тушаалаар ажилладаг нам биш гэдгээ харуулж чадвал, барууны үзэл баримтлалдаа үнэнч байж чадвал хангалттай дэмжих дэмжлэг нийгэмд бий. Харамсалтай нь тэгж чадахгүй учраас, энэ хоёр хоёулаа нийлээд буруу юм хийгээд байгаа учраас нийлсэн дэмжлэг нь хүртэл урьд нь нэг намын дангаараа авч байсан дэмжлэгээс дор орж байна шүү дээ. Намайг МАХН-ын дарга байхад социологийн судалгаа байнга явуулж, 43-48 хувийн хооронд намын рейтинг явдаг байсан. Түүнээс дор оруулахгүйн төлөө намаа ард түмэнд ойлгуулж ажилладаг байсан. Ерөөсөө унаж байгаагүй. Нэг л удаа, маш богино хугацаанд 35 хувь хүртэл айхтар унасан. Одоо харамсалтай нь МАХН-ын рейтинг 20 хэдэн хувьтай, хоёр нам нийлээд 40 хэдэн хувьтай л явж байна. Тэгэхээр нэг л биш байгаа биз дээ.

-Үүний шалтгаан юу вэ?

-Юу нь биш байна вэ гэвэл амлалтаа биелүүлэхгүй байгаа учраас, албан тушаал, ашиг хонжоогоор намын ажлыг явуулаад байгаа учраас, ард түмнээсээ, гишүүд, дэмжигчдээсээ холдож хөндийрөөд байгаа учраас рейтинг унаад байна. Түүнийгээ ярихын оронд намын нэр, лого, үзэл баримтлалаа сольчих л юм бол болоод явчихна гэж боддог болж. Амлалтаа биелүүлэхгүй байж болно. Хэдэн дарга нар нь том машин унаад, гишүүдээ муухай хатуугаар бодлогын сахилга гэдгээр дарамталж болно. Ард түмнээ ахуй амьдралаа өөрсдөө болго гээд хаяж болно. Тэгвэл сайхан болчихно гэж бодоод байна. Энэ бол том эндүүрэл.

Д.ОЮУНЦЭЦЭГ

С.НАРАНГЭРЭЛ: "ХЭЛМЭГДСЭН ГЭЖ СҮРЖИГНЭЖ БОДДОГГҮЙ"

Хэлмэгдсэн гэж сүржигнэж боддоггүй

2010 оны 9 сарын 15

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, гавъяат хуульч С.Нарангэрэлийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаас гадна МАХН-ын бага хурлын гишүүн. МАХН бол зүүний үзэл баримтлалтай нам. Одоо барууны үзлээр явна гэж үзэл баримтлалаас өөрчлөх гэж байгаа. Үзэл баримтлалаа өөрчилж чадах болов уу. Энэ талаар таны үгийг сонсмоор байна?

-Үзэл баримтлалаа өөрчилнө гэдэгт би итгэлтэй байгаа. Яагаад гэвэл МАХН-ын одоогийн
үзэл баримтлал коммунист үзэл суртлаасаа татгалзсан, цөөнх болж байсан тийм нөхцөл
байдалд бий болсон юм. 1921 онд МАХН улс орноо тусгаар тогтносон улс болгохын төлөө
нийгмийн бүхий л хүчнүүдийг эгнээндээ нэгтгэж амжилт олж байсан. Харин 1924 онд
коммунист чиглэлийг баримталж намынхаа нэрэнд хувьсгалт гэдэг үгийг нэмсэн юм.

-Танай нам нэрээ өөрчилнө. Энэ нь ирэх сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлөх
биш үү. Нэрээ өөрчилснөөс үүсэх сөрөг үр дагаврын хариуцлагыг генсек нь үүрнэ
гэж мэдэгдсэн нь хангалттай юу?

-МАХН-ыг МАН гэж нэрлэх нь цоо шинэ нэр биш. Манай намын анхны уугуул нэр.
Тийм болохоор би нэг их гайхахгүй байгаа.

-Тэгвэл намын бага хурлын өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хийсэн
мэдэгдэл улс төр сонирхогчдын анхаарлын төвд байна. Та түүний мэдэгдлийг
яаж хүлээж авсан бэ?

-Нам доторх олон ургальч бодлын нэгэн илрэл гэж үзэж байгаа.

-МАН-ыг 1990-ээд оны дундуур Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр
танай нам нэрээ өөрчлөх юм бол нэр давхцаж, хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн
шүүмжлэл бас нийгэмд бий. Хуульч хүний хувьд үүнд хариулт өгөөч?

-Нэг талаар МАН гэсэн нэр бол МАХН-ын уугуул нэр. Нөгөө талаар улс төрийн намуудыг
Улсын Дээд шүүх бүртгэдэг. Энэ бүртгэлд МАН гэсэн нам албан ёсоор байхгүй юм билээ.
Тодруулж хэлбэл, 1990-ээд оны үеэр байгуулагдсан МАН гэсэн нэртэй тэр нам
албан ёсоор үйл ажиллагаа явуулахаа больж, МАХН-д ууссан гэсэн мэдээлэл надад байдаг.

-Та нэг үе намдаа шүүмжлэлтэй ханддаг байсан. Бүр “Улс төрийн шалгуур даадаггүй
этгээд” гэж зарим нэгд нь адлагдаж байсан санагдаж байна. Таныхаар МАХН ер
нь зөв явж байна уу?

-Тухайн цаг үеийнхээ тодорхой нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны
үүднээс прогноз хийсэн зарим нэг үйлдлийнхээ төлөө намаасаа чамгүй “банга”
хүртэж явснаа хэлмэгдсэн энэ тэр гэж сүржигнэж боддоггүй. Үндсэн хуулийн цэцийн
гишүүнд хоёр ч удаа нэр дэвшиж байлаа. Тухайн үед УИХ-ын чуулганаар намайг хэлэлцэх
үед манай намын бүлэг миний эсрэг 100 хувийн санал өгч байсан. Тэр санал хураалтын дүнг
хараад сууж байхдаа хэдэн жилийн дараа манай намын бүлэг дэх УИХ-ын энэ олон гишүүн
миний өөдөөс эгцэлж харах ёс суртахууны эрхгүй болно доо гэж бодож байсан. Гэхдээ
энэ алдаа яваандаа засагдана гэдэгт итгэж байсан. Одоогоос гурван жилийн өмнө гэв
гэнэтхэн нэг өдөр намайг МАХН-ын Бага хурлын гишүүнээр сонгоход нь миний бодол
зөв байж дээ гэж бодсон.

-Таныг Монголын шилдэг хуульчдийн эхэнд нэрлэдэг. Тийм ч учраас энэ цагт таныг
үгээ хэлээсэй гэж олон уншигч хүлээж байгаа. Сүүлийн үед шүүхийн шинэчлэл гэж
ярих боллоо. Үнэхээр хууль, шүүхийнхэн шинэчлэгдэж байна уу. Эсвэл шинэчлэгдэхийг
хүсэхгүй байна уу?

-Шүүхийн шинэчлэл гэж 20 жилийн турш улиг болтол ярилаа. Нааштай тал руугаа өөрчлөгдсөн
юм бараг алга. Ер нь шүүхийн шинэчлэл хүний толгой эргээд, урт удаан хугацаа шаардаад
байхаар тийм хүнд хэцүү асуудал биш. Хэрэв хэн нэгэн хүн хэрэг түвэг үйлдсэн бол түүнийг
тэр чигээр нь тогтоочих ёстой. Тэгээд бий болгосон хор уршигт нь тохирсон хариуцлага
шийтгэлийг хүлээлгэнэ. Ийм л болгочихвол хүн бүхэн ирээдүйдээ итгэл төгс, хууль сахиулах
байгууллага одоогийнх шиг муугаараа дуудуулаад байхгүй болчихно шүү дээ. Асуудалд бодитой
хандах, гол нь шударга байх, мэргэжилдээ үнэнч байх, өндөр ёс зүйтэй байх чанарууд
хуульчдад дутагдаад байгаа учраас л бид шүүмжлэлийн бай болоод байгаа юм.

-АТГ-ын удирдлагуудыг тойрсон хуулийнхны хоорондын тэмцэл, талцал эцэстээ
хүрлээ. Хөндлөнгийн ажиглагчийн үүднээс харахад АТГ-ын дарга албан тушаалаасаа
түдгэлзээд шалгуулах нь дээр юм шигээ. Энэ ер нь ингэж дуулиан тарих асуудал мөн үү?

-Гэмт хэрэг үйлдээгүй л юм бол өөрөө албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулчихгүй юу даа.
Энэ асуултыг сонсоод нэг жишээ санаанд орчихлоо.

-Ямар вэ?

-Намайг УИХ-ын гишүүн байхад 1993 онд “Жавхланбадруулагчийн олон зуун сая төгрөгийн
залилангийн хэргийг гардан зохион байгуулагч нь С.Нарангэрэл юм” гээд нэгэн сонинд биччихсэн
байсан. Худлаа юм болохоор нь би тоосонгүй. Гэтэл сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр энэ
асуудал бөөн яриа, дуулиан боллоо. Тэгэхээр нь би УМБГ-ын тэр үеийн дарга, хурандаа
Алтангэрэлд өргөдөл бичиж “Намайг энэ хэрэгт гэм буруутай эсэхийг шалгаж өгөөч. Хэрвээ
миний улс төрийн албан тушаал та бүхний зүгээс мөрдөн шалгалт хийхэд саад учруулахаар
байвал би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахад бэлэн байна” гэсэн.
Гэхдээ мөрдөн байцаах байгууллага миний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгаж
дууссаныхаа дараа “Энэ хэрэг явдалд та огт холбогдолгүй юм байна. Түүнийг бичсэн
сэтгүүлч таныг гүтгэсэн байна. Та шаардлагатай гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргаж,
нэр төрөө сэргээлгэ” гэсэн албан тоот ирүүлсэн. Тэр нийтлэлийг бичсэн сэтгүүлчийг би
сайн танидаг байсан. Нэрийг нь хэлээд яахав, одоо тэнгэрт хальчихсан. Би түүнтэй нэг
удаа таараад “Ингэж үлгэр зохиож хүний нэр төрийг сэвтүүлж хэдэн халтар төгрөг олохоо
боливол яасан юм бэ” гэж л хэлсэн.

-Хуулийн байгууллагын удирдлагын албан тушаал улс төрийн “наймаа”, улстөрчдийн
ашиг сонирхлын илэрхийлэл болчихож. Тэдний ард улс төрийн хамгаалалт байдаг
учраас хяналтгүй ажиллаж байгааг АТГ-ын даргын үйлдэл харууллаа гэх дүгнэлт
олноор гарч байна?

-Улсын Дээд шүүхийн дарга, Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга зэрэг хууль сахиулах
байгууллагын тэргүүний сэнтийд мэргэжлийн асар өндөр ур чадвартай, ажил амьдралын
баялаг туршлагатай, өндөр ёс суртахуунтай, иргэний эр зоригтой хүнийг томилох учиртай.
Одоогийнх шиг улс төрийн байр сууринаас томилгоо хийгээд байвал Монгол Улсад шударга
ёс тогтохгүй. Энэ нь эргээд улс орны улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд
сөрөг нөлөө үзүүлсээр байх болно.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн байгууллагад ажилладаг хуурамч
дипломтой 13 шүүгчийг илрүүлсэн. Боловсролын тухай хууль зөрчиж кредит цагаа
гүйцээлгүй 2.5 жил сураад хуульч болно гэж байх уу?

-Манай хууль сахиулах байгууллагуудад хуурамч дипломтой хүмүүс ажиллаж байгааг
би үгүйсгэхгүй. Яагаад гэвэл үүний цаана цаг ямагт хахууль байдаг. Харин 2.5 жилээр
хуульч болж байгаа асуудал яригдаж байна. Барууны нэлээд улсад өмнө нь баклаврын
түвшний боловсрол эзэмшсэн хүнд ерөнхий эрдмийн хичээлийг дахин давтан заахгүйгээр
зөвхөн эрх зүйч мэргэжлийн судлагдахууныг заах замаар бэлтгэдэг уламжлалт хэлбэр
бий. Манай сургуульд ч ийм анги хичээллэдэг.

-Хууль, шүүхийн байгууллагад мэдлэггүй хуульч олон байгааг хүний эрх зөрчигдөх
үндэс болдог гэсэн шүүмжлэл байдаг. Хуулийн сургуулийн захирлын хувьд танаас
асуухад ямар хүнийг хуульч гэж хүлээн зөвшөөрч, хүний хувь заяаг шийдэх эрх
олгох ёстой вэ?

-Хуульчийн мэргэжил бол хүн бүр болох гээд хөөцөлдөж тэмүүлээд байхаар амар хялбар
мэргэжил биш. Энэ мэргэжил нэр хүндтэй атлаа хамгийн хүнд хэцүү, сэтгэлийн асар
их дарамттай мэргэжил. Бүх насаараа шүүгч, прокурор, мөрдөн байцаагчаар ажилласан
хүмүүсийн олонхи нь тэтгэвэрт гарахаасаа өмнө бурхан болсон байдаг. Судалгааны
үр дүн ч үүнийг баталдаг. Хүний хамгийн маргаантай, тэмцэлтэй, зөрчилтэй хувь заяаны
асуудлыг төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу голч, шударгаар шийдвэрлэх бүрэн эрх
хуульч хүмүүст л олгогдсон байдаг. Хүний амьд явах эрхийг албан ёсоор хасах шийдлийг
гаргадаг өөр ямар нэгэн мэргэжил байна уу. Тийм учраас хуульч хүн цэвэр мэргэжлийн
төдийгүй, олон талын мэдлэгтэй, асар өндөр ёс суртахуунтай, бусдын гаж буруу нөлөөнд
автдаггүй хүн байх учиртай.

-Та нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч, Улсын ерөнхий прокурорын орлогчоор
ажиллаж байсан хүний хувьд одоогийн Улсын ерөнхий прокурорт ямар дүн тавих вэ?

-Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж байхдаа
надаар Эрүүгийн эрх зүй болон бусад хичээлийг заалгаж байсан шавь маань. Ажлаа
аваад нэг их удаагүй байгаа учраас одоохондоо дүн тавих цаг хугацаа арай л болоогүй байна.

-Академич Б.Чадраа гуай нэгэнтээ “Үе дамжсан эрдэмтэн Содовсүрэн гуайн олон бүтээл
дотроос хамгийн сайн бүтээл нь академич Нарангэрэлийг төрүүлж өдий зэрэгт хүргэсэн
явдал” гэж хэлж байсан. Үнэхээр та хуулийн байгууллагын анхан шатны нэгжээс эхлэн
хуульч бэлтгэх сургуулийг удирдаж, Шинжлэх ухааны академийн анхны хуульч гишүүн
болсон. Эргээд харахад эрдмийн мөр хөөлгүй улс төр дагадаг байж гэж бодогддог уу?

-Би 1996-онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буугаад, багшлах ажлаа нэн баяр хөөртэйгээр
үргэлжлүүлсэн шүү. УИХ-ын гишүүн байх дөрвөн жилийн хугацаанд манай гэр бүлийнхэн
тэр үеийн нэн ядуучуудын эгнээнд шилжицгээсэн. Улсын Бага хурлаас тогтоосон багахан
хэмжээний цалингаас өөр орлогогүй болсон. Ням гарагт эхнэр бид хоёр хэдэн боорцог
хайрахдаа “Энэ долоо хоногт хүүхдүүд маань ам хуурайлах юмтай байна” гээд сэтгэл
өөдрөг болдог байлаа. Тэр үеийн УИХ-ын гишүүдийн олонхи нь ийм л байдалтай амьдарцгааж
байсан юм.

-УИХ-ын Тамгын газрын зөвлөх Ц.Жаргалсайханд эх орноосоо урвасан 17 жилийн ял
оноолоо. Улсын нууц задруулсан гэдэг үндэслэлээр шалгаж байсан хүнийг эх орноосоо
урвасан гэж үзэх хуулийн акц байж болох уу?

-Би Эрүүгийн хуульд эх орноосоо урвах гэсэн ийм нэртэй онц аюултай гэмт хэрэг байх ёсгүй г
эж үздэг хүний нэг. Хэзээ ч, ямар ч хүн эх орноосоо урвадаггүй. Эх орон нь дандаа л сэтгэл
зүрхэнд нь уяатай байдаг. Харин төрд тэрслэх гэдэг гэмт хэрэг байж болно. Энэ нь Монгол
Улсын иргэн хүн гадаадын тагнуулын тусгай албанд элсэх, төрийн нууцыг гадаад улсад шилжүүлэн
өгөх зэрэг үйлдлээр илэрнэ. Ц.Жаргалсайханы хэргийн хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр
гарч байгаа хэмжээний мэдээлэл надад байгаа. Түүнд холбогдуулсан гэмт хэрэгт эрх зүйн
үнэлэлт өгөхдөө хоёр үндсэн зүйлийг заавал харгалзан үзэх ёстой. Нэгдүгээрт, дагаж мөрдөж
байгаа Эрүүгийн хуульд эх орноосоо урвах гэмт хэргийн бүрэлдэхүүнд Монгол Улсын тусгаар
тогтнол, батлан хамгаалах хүчин чадлыг сулруулан доройтуулах гэсэн зорилго заавал байх ёстой.
Тэгвэл Ц.Жаргалсайхан ийм зорилгоор үйл ажиллагаа явуулсан уу гэсэн асуултад заавал хариулт
өгөх шаардлагатай болно. Хоёрдугаарт, Ц.Жаргалсайханы бусдад өгсөн мэдээлэл төрийн
нууцад хамаарсан эсэхэд онцгой анхаарал тавих шаардлагатай. Төрийн нууц гэж юуг хэлэх
вэ гэвэл Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд заасан тэр мэдээллүүдийг хамааруулна.

-Өмгөөлөгчид үйлчлүү­лэгчийнхээ төлөө ажиллахаас илүү халаасан дахь мөнгийг нь
хардаг болсон гэх шүүмжлэл бий. Та Монголын урдаа барьдаг өмгөөлөгчийн хувьд
өмгөөлөгчдөд сэтгэл дундуур байх үе байдаг уу?

-Өмгөөлөгчийн мэргэжлийн тэргүүн зэргийн чиг үүрэг бол үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн
нарийн туслалцаа, зөвлөгөө өгөх явдал юм. Хэрэг асуудалд холбогдсон хүн сэтгэл зүйн
хувьд учраа олохгүй будилсан байдаг. Ийм нөхцөлд хууль зүйн хувьд чиг баримжаагаа
олоход нь өмгөөлөгчийн туслалцаа нэн хэрэгтэй болдог. Түүнээс гадна хүний муу муухай
үйлдлээс сайн зүйлийг нь хууль зүйн хувьд олж харна гэдэг их түвэгтэй асуудал. Энэ утгаараа
өмгөөлөгч нь нэлээд энэрэнгүй, хүмүүнлэг мэргэжил юм. Өмгөөлөгч нь өмгөөлөл хийх явцдаа
өөрийн мэдлэг чадвар зарцуулсан цаг хугацаа зэргээ үнэлүүлж амьдардаг мэргэжил. Тэгэхдээ
зөвхөн мөнгөний хойноос улайран хөөцөлдөх юм бол өмгөөлөгч нь хуульч биш болж юу ч
хийхээс буцахгүй хэдэн бор төгрөгийн төлөө улайрагч болж хувирна шүү дээ.
Тийм учраас өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйн асуудал тэргүүн зэрэгт тавигдах учиртай
байдаг юм.

-Таныг Чингис хааны алтан урагтай холбоотой хүн гэсэн мэдээлэл гарсан байсан.
Энэ үнэн үү?

-Нэлээд олон жилийн өмнө “Ноцтой мэдээ” сонинд “С.Нарангэрэл академичийн аав Содовсүрэн
гуай Чингис хааны алтан ургийн хүн. Тэднийхэн бүхэл үеэрээ цагаан ястан. Түшээт хан аймгийн
Дайчин бээсийн хошууны засаг ноён Мөнх-Очирын хамгийн ойрын хүн нь хуульч Содовсүрэн
мөн” гэсэн материал нийтлэгдсэн байсан. Тэр үед аав маань насан өөд болчихсон байлаа.
Амьд ахуйдаа надад энэ тухай ямар нэгэн зүйл огт ярьж байгаагүй. Тэгээд аавынхаа 1996
онд бичсэн дурсамжийн номыг маш анхааралтай нарийн уншиж судалсан чинь бараг таавар
мэтээр энэ тухай бичсэн нь миний сонирхлыг ихээхэн татсан. Яагаад гэвэл 1930- аад оны
улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Чингис хааны алтан ургийнхныг толгой дараалан хүйс тэмтэрсэн.
Ер нь нэг ч хүнийг үлдээгээгүй. Миний аав 18 насандаа Улаанбаатар хотын шүүхийн орлогч
даргаар томилогдон ажиллаж байсан мөртлөө өөрийнхөө гурван үеийн албан ёсны түүхийг
“Миний аав хоёр настай байхад минь нас барсан. Ядуу малчин ард байсан. Би өвөг эцэг,
эмэг эхийнхээ тухай огт мэдэхгүй” гэж бичсэн байдаг. Гэтэл дурсамжийн номонд бичсэнээр
бол ээж нь 1937 онд Улаанбаатар хотод хүргэгдэн байцаагдаж байсан зэрэг маш олон
сонирхол татсан мэдээлэл байсан. Ингээд би манж, худам бичиг сайтай, түүхийн архивт
сууж эрэл хайгуул хийх туршлагатай шавь нараа дайчлан аавынхаа таван настай байхаас
хойшхи түүхэн баримтууд болон засаг ноён Мөнх-Очирын тухай түүхэн баримтыг Үндэсний
архивын эх сурвалжуудаас судлуулсан. Үүний үр дүнд миний аавын төрсөн ээж нь Мөнх-Очир
хэмээх засаг ноёны дүү, өмнөх засаг ноён Батсуурь гүний төрсөн охин болохыг тогтоосон.
Эдгээр үе залгамжилсан засаг ноёд нь даян хаан Батмөнхийн арваннэгдүгээр отгон
хүү Жалайр Гэрсэнзийн үр сад юм билээ. Даян хаан Батмөнх явсаар их хаадуудаар
дамжин Мөнх, Хубилай хааныхан. Хубилай хаан Чингис хааны отгон хүү Тулуйн хүү.
Ийм байдлаар миний аавын удам угсаа байсныг түүхийн хөдөлшгүй баримтаар тогтоосон.

-Танай хүүхдүүдээс таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?

-Миний охин Н.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг баклавр, магистр зэрэгтэй төгссөн.
Одоо Оюуны өмчийн газарт зохиогчийн эрхийн улсын шинжээчээр ажиллаж байгаа. Аавтайгаа
хамтарч зохиогчийн эрхийн тухай нэлээд чамбай номыг хоёр жилийн өмнө нийтийн хүртээл
болгосон. Удаах охин Н.Минжин ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд
эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа. Зургадугаар ангид байхаас нь эхлээд би тэр охиндоо
“Ирээдүйд Монгол Улсаас олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийг төрүүлэх гэсэн бодлыг
аав чинь баримталж байгаа. Гэр бүлийнхээ хувьд чамайг бэлтгэж байгаа шүү” гэдгийг оюун
санамжид нь сайтар суулгасан. Охин маань орос, англи хэлтэй, одоо франц хэл
судалж байгаа. Магадгүй гучин жилийн дараа миний хүсэл мөрөөдөл биелж ч магадгүй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

С.МОЛОР-ЭРДЭНЭ: "УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө"


Улс төр судлаач С.Молор-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-МАХН-ын удирдлагууд намынхаа нэрийг сольсон ч үзэл баримтлалаа солихгүй тодотгоно гэж мэдэгдсэн. Гэтэл хэсэг нөхөд үүнийг нь үзэл баримтлалаа сольж, шинэ нам болох гэж байгаа мэтээр намын гишүүдэд нь ойлгуулж байна гэсэн. Тэр хэсэг нөхдийн нэг нь та. Ямар учраас ингэж байна вэ?

-Монголд улс төрийн боловсролтой хүн байхгүй гэдэг нь энэ үйл явцаас харагдаж байна. Ардчилсан намынхан барууны эсвэл зүүний үзэл баримталдаг уу гэдгээ мэддэггүй. Н.Алтанхуяг дарга нь баруун, зүүний үзэл гэдгийг ойлгодоггүй гэдгээ ил зарлаж байсан. Харин МАХН-ынхан нь намаа баруун зүүний аль үзлийг баримталдагаа мэдэхийн тулд маргалдаж эхэлсэн. Маргалдах ч гэж дээ. Маргалдаад байх олигтой боловсролтой хүн ч алга. Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон гэж нэг өвгөн юу нь ч мэдэгдэхгүй юм ярьдаг. Түүнийг тойрсон залуу сайдуудаас өөр юм алга. Тэгэхээр Монголд улс төр, улстөрч гэж алга. Хамгийн том аюул нь тэр л болчихоод байна. Боловсролгүй, мэдлэггүй нь л тэднийг алаад байгаа байхгүй юу. Үзэл баримтлалаа тодотгоогүй өөрчлөх гэж байгаа.

Үгүй юм бол яах гэж нийгмийн ардчилал гэж яриад байгаа юм бэ. Энэ чинь барууныхны үг биз дээ. Бүх юм эхлээгүй байхад л ингээд баруунжаад ирж байгааг харж байна уу.Уг нь МАХН Монгол Улсыг авч явсан хариуцлагатай, улс төрийн туршлагатай нам.

-Тэгээд одоо яасан гэж?

-Монголын бүх л сэхээтнүүд энэ намаар хүмүүждэг байсан. Өнөөдөр ч гэсэн парламентэд олонхи, чадалтай нам хэвээрээ л байна. Сүүлийн хорин жилд хэт их олигархижих, хөрөнгө мөнгө, бизнес хөөх гэх мэт үйл явдлаар дүүрэн замбараагүй байсан нь үнэн. Монголчууд бүгд л хөрөнгөтний нийгэм рүү орох гэж хөл алдлаа. Үүнээс хожих нь хожиж, хохирох нь хохирсон. Үр дүнд нь жаргалтай ч болсонгүй, харанхуй амьдрал ч ирсэнгүй. Яг ийм үед МАХН-ын удирдлагууд нэрээ солих биш бүр хаяж, үзэл баримтлалаа тодотгох бус өөрчлөх гээд байгаа юм. Жижиг намууд байсан бол яах вэ. Гэтэл энэ чинь том нам шүү дээ. Ийм том намынхан насанд хүрээгүй хүүхэд шиг ийм жижигхэн зүйл ярьж болохгүй. Хоёрдугаарт, филисофич, улс төр судлаач хүний хувьд энэ намын удирдлагуудад ном унш, боловсор гэж хэлмээр санагддаг юм.

-Удирдлагууд гэдгээ тодорхой хэлэхгүй юу?

-Ялангуяа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сургуульд явж, улс төр сурах ёстой. Улстөрч гэдэг чинь мэргэжил. Өөрийгөө цэцэн цэлмэг үгтэй, давгүй маргачихдаг гэж бодсон болгон улстөрч болчихдоггүй юм. Улстөрч гэдэг их хүндтэй мэргэжил. Дэлхийн хөгжилтэй орнуудад улстөрчийг шүтэж байна. Харин манайд энэ бүхэн эсрэгээрээ. Улстөрч гэхээр бизнесийн, мөнгөний араас явдаг, арчаагүй, хор найруулсан гэдэг муухай имижтэй болчихсон. Хүмүүс ингэж бодох нь ч зөв. Монголд улс төр яг л ийм хэмжээнд хөгжиж байна. Манай улс төрд дандаа ийм хүмүүс байгаа нь үнэн юм чинь.

-Нийгмийн ардчилал гэдэг үг барууны талынх гэлээ. Энэ үгийг МАСЗХ-ны нэрэнд оруулсантай холбож байна уу?

-Нийгмийн ардчилал гэдэг үг угаасаа л барууны үзлийнх. Ардчиллыг ардчилсан намынхан л ярьдаг биз дээ. МАХН-ын залууст өөр ярих зүйл олон байна. Мэдлэг боловсрол, соён гэгээрэл, нийгмийн асуудал гээд зөндөө юм байхад л ардчилал ярих гээд зүтгээд байх юм. Арчиллыг ардчилсан нам л ярина биз. Би ер нь аль ч намд залуусын байгууллага байх хэрэггүй гэж боддог. Залуусыг ашиглахад их амархан байдаг юм. Энэ нь нэг талаараа залуусын тархийг угааж, ирээдүйг нь боомилж байгаа арга байхгүй юу. Уг нь залуус сурч боловсрох хэрэгтэй байгаа юм. Болж өгвөл гадаадад гарч, боловсорч, тогтвортой амьдралтай болсныхоо дараа сая нэг улс төрд орох хэрэгтэй. Сая нэрээ сольсон МАСЗХ-ны тэргүүнээр Х.Оюун-Эрдэнэ гэгч сонгогдсон. Энэ байдлаар явбал тэр хүн хэдхэн жилийн дараа ямарч мэдлэггүй У.Хүрэлсүх болох зам нь нээгдэж байна л гэсэн үг байхгүй юу. Сарын дараа хошин урлагийнхан тэднийг шоолсон тоглолт хийх байх гэдэгт итгэлтэй байгаа. Ер нь зүүний бодлого гэдэг чинь үргэлж шинэчлэл хийж байдаг, эрч хүчтэй учир өөрөө залуусын үзэл. Харин барууны гээд байгаа бодлого нь хөгшчүүдийн үзэл байхгүй юу. Мөнгө ханхалсан, хуйвалдаан зохиох нь ихсээд ирдэг хөгшин үзэл л дээ.

-Та германд боловсрол эзэмшсэн хүн. Тэгвэл улс төр хөгжсөн орон гэж ямар орныг хэлэх вэ?

-Тийм. Би хорь гаруй жил германд боловсорсон. Тухайлбал германыг хэлж болно. Германд бол баруун зүүний үзэлтнүүд нь яг л бодлогоо баримталдаг. Яах ёстойгоо ч мэддэг. Ийм бодлогоор улс орноо хөгжүүлмээр байна гээд л ил хэлчихнэ. Тухайлбал, мөнгөний бодлогыг илүү эрчимтэй явуулмаар байна гэх ч юм уу. Яагаад гэвэл эдийн засаг, улс төр нь хөгжчихсөн орон. Тиймээс өнөөдөр монголд болж байгаа шиг зүйл болж болох юм. Эдийн засаг нь хөгжлийнхөө дээд цэгт хүрчихсэн орон гэж дахин хэлье. Гэтэл манай орон дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа орон. Өөр асуудал олон бий.

-Тийм учраас л улс төрийн намууд үзэл баримтлалаа тодотгох шаардлагатай биш гэж үү?

-Ард түмнээ хүмүү­жүүлээд, халаасанд нь мөнгөтэй болгоод, хүүх­дүүдийг нь толгой өвтгөхгүй сургуульд явуулдаг болгох хэрэгтэй байна. Тийм байхын тулд зүүний үзлийнхээ дагуу эхлээд хүмүүсээ ажилтай, боловсрол, сургууль соёлтой болгох хэрэгтэй. Герман ч яг үүнийг дагаж ирсэн. Герман шиг шийдсэний дараа хүссэн хүсээгүй барууны үзлээр явна. Барууны үзэл буюу хөрөнгөтний үзэл чинь эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед эдийн засагтаа хамаг юмаа зарцуулъя гэсэн ойлголт байхгүй юу. Гэтэл бид нийгмийн асуудлаа ч шийдэж чадахгүй байгаа биз дээ. Эрхбиш үүнийг мэддэг баймаар юм. Эсвэл нөгөө талаар нь ойлгож болох юм. Юу гэсэн үг вэ гэвэл намын дарга нар нь л өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн бодлого руу зүтгээд байна гэж ойлгож болно. Учир нь намын удирлагууд нь хөрөнгөтөн. Гэтэл нам нь ард түмэнд үйлчлэх хэрэгтэй байдаг. Ингээд л эцэст нь өөрсдийнхөө эрх ашигт тааруулж үзэл бармтлал, нэр ээ солихоор зүтгээд байгаа байхгүй юу. Тухайлбал Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат олигархи болмоор байгаагаа шууд зарлаж байсан. МАХН урдах асуудлаа олж харахгүй байж тэдэн шиг шилжилтийн насныхны буюу олигархи болох сонирхолтой этгээдүүдийн эрх ашигт нийцсэн нам л болох гээд байна.

-Таны бодлоор Н.Энх­баяр улстөрч учир та түүнтэй хамтарч байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Н.Энхбаяр бол бус­дыгаа бодвол улстөрийн туршлагатай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн учир жирийн нэг хүн биш. Олон улсаар явж, юм үзэж нүд тайлж, олон улсын институциудтай харьцаж байсан. Гэхдээ мэдээж улс төрийн мэдлэг дутуу л даа. Харин МАХН-ын одоогийн удирдлагуудад улс төрийн туршлага, мэдлэг хоёулаа алга. Дандаа бизнесмэнүүд. Тиймээс тэд бизнесээ л хийгээд явах ёстой. Харж байхад намтайгаа яг л хувийн компани шигээ харьцаж байна. Бид нар л өөрчилнө, энэ намыг бид л авч явна гэж үзээд байгаа биз дээ. Гэтэл улс төрийн нам гэдэг чинь гишүүдийн хамтын өмч байх ёстой. Гишүүдийнх нь олонх намын нэр солихыг зөвшөөрөхгүй байхад үзэл баримтлалыг нь өөрчилнө, нэрийг нь хаяна гээд байгаа нь тэдний эрх ашгийг илтгэж байна.

-Н.Энхбаярыг улс төрийн туршлагатай гэлээ. Намынхан нь болохоор харьж яваа хүн гэдэг юм билээ. Таны хувьд өсч яваа залуу хүний хувьд энэ хүнийг дагах хэрэг байна уу?

-Энэ хүний туршлагыг авах хэрэгтэй. Мэдээж хүмүүс алддаг онодог. Мэдээж энэ хүнтэй ойрхон байгаагийн хувьд түүний талаарх үнэлгээ надад байна. Олон улсад нэр хүндтэй зэрэг олон талаас нь би харж байна шүү дээ. Чамд юу байна, надад юу байна гэдэг зарчим дээр л хамтарч байна. Надад байхгүй юм тэр хүнд, тэр хүнд байхгүй юм надад байгаа юм.

-Тэгэхээр та улс төрийн боловсролтой хүн байх нь ээ?

-Олон улсын улс төрийн номуудыг би уншиж судалсан. Улс төр гэдэг чинь таамгаараа хийчихдэг зүйл биш шүү дээ. Тухайлбал, зусланд хоёр давхар байшинг хэн ч гэсэн барьчих л байх. Гэтэл 20 давхар байшинг барихын тулд мэргэжлийн хүн хэрэг болно биз дээ. Улс төр яг үүнтэй ижилхэн нарийн мэргэжил. Монголд өнөөдрийн хэмжээнд ганц хоёр төрлийн татвар яриад, сонгуульд хэрэглэдэг үгнүүд хэрэглэхээр л улстөрч болчих юм шиг санаж байна. Харин зүүн баруун гэдгийн ялгааг мэддэг, тэр олон номыг уншсан, дэлхийн олон улсын хуралд оролцоод томчуудтай нь ном хаялцаад үзчихсэн хүн үнэхээр дутаж байна гэж боддог. Тиймээс надад улстөрч болохоос өөр арга алга. Нүдний маань өмнө ийм зүйл болоод байхад зүгээр сууж чадахгүй зантай хүн байгаа юм. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө.

-МАХН нэрээ өөрчлөөд Ардын нам болчихвол та бүхэн МАХН гэсэн нэрийн дор сонгуульд өрсөлдөх үү?

-Тийм юм болох нь бараг тодорхой болчихсон. Тиймээс МАХН гэсэн нэрийг ав гэж Н.Энхбаярт зөвлөсөн. Тэртээ тэргүй МАХН-ын нэрийг авч зүүний үзлээр явахад Монголын нийгэмд багтах орон зай байна. Энэ үзэл, энэ намыг дэмжих бэлэн итгэл үнэмшилтэй хүмүүс ч байгаа. Нэг хэсэг нь дургүйцэж магад. Гэхдээ цоо шинэ нам байгуулж байхаар энэ намаа түшсэн нь дээр. Тэгээд ч анхнаасаа тэр хүний гэр орон байсан шүү дээ.

-Одоогийн МАХН нэрээ сольж Ардын нам болсон хойно нэрийг нь ашиглахаар болсон юм байж. Гэтэл та бүнхий нэр, үзэл бармтлалаа бүү соль гээд байгаа нь нэг талаараа улс төрийн бодлого уу?

-Намынхаа нэрийг солих нь бидэнд ашигтай. Нэрийг нь аваад л шууд ашиглачихна. Тэд нар Монгол ардын нам болоод явна л биз. Нэг л их ардын, үндэсний гэдэг үгээр ялгарах гэсэн хүмүүс байх юм. Ардын гэдэг үг чинь улс төрийнхөө хувьд бас их аюултай. Нэрээр ялгарч ерөөсөө болохгүй. Нэг ёсондоо энэ нэр чинь тодорхой хүмүүсийг ялгаж үндэсэрхэг үзэл гаргаж байна гэсэн үг. Иймэрхүү асуудал улс төрд байж болохгүй. Энэ нь хүний сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглолт хийчихдэг байхгүй юу. Улс төр судлаач хүний хувьд хорон арга хэрэглэхгүй.Ямар ч байсан намын нэр, үзэл баримтлалаа солих нь буруу л гэж хэлье гэж бодсон юм. Нөгөө талаас МАХН-ын удирдлагуудыг хатгаж, тэд нарын психиологи дээр нь тоглох хэрэгтэй гэж үзсэн. Тэд бол жижигхэн сэтгэхүйтэй хүмүүс. Хэрэв мэдэхгүй байгаа бол түүнийгээ хүлээн зөвшөөрөөд л мэддэг хүнээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. У.Хүрэлсүх, Сү.Батболд нар над дээр ирээд уулзвал би хэлээд өгч болно шүү дээ.

-Хэрэв тэд танаас зөвлөгөө авъя гээд ирвэл хамтрах нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Шууд ажилдаа оръё л гэнэ.

-Та Н.Энхбаярыг дэмжээд байгаа биш бил үү?

-Би одоохондоо улс төр судлаач, багш хүн учир хэнтэй ч хамтарч ажиллаж болно. Монгол Улс л хөгжиж байвал миний хэнтэй хамтрах нь сонин биш.

-Удахгүй гээгдэх МАХН гэсэн нэрэнд итгэл үнэмш­лээ өгсөн хүмүүс байгаа учир хүлээж авах бэлэн орон зай байна гэсэн. Харин бодит байдал дээр хэдхэн хөгшин байгаа юм биш үү?

-Хөгшид ч гэсэн хүн шүү дээ. Хэдхэн өдөр ч хамаагүй нарны гэрэл харах Монгол хүнийг бид голж болохгүй. Эрүүл мэндийн салбарт ч гэсэн хөгшин хүнийг таныг эмчлэхгүй. Учир нь та тэртээ тэргүй үхэх юм чинь гэдэггүй байх аа. Улс төр ч гэсэн үүнтэй ижилхэн.

-Р.Гончигдорж таны яриад байгаа шиг зүүний үзлийн нам байгуулаад амжилтад хүрээгүй шүү дээ. Та нарын яриад байгаа зүйл түүний байгуулсан нам шиг болохгүй гэх баталгаа байгаа юм уу?

-Тухайн үеийн Социалдемократ нам эхний үедээ гадаадыг л дуурайж байснаас биш намынхаа үзэл баримтлалыг бүрэн мэдрээгүй байхгүй юу. Ардчилсан хувьсгалыг хийсэн хүмүүс ардчилал хийж байгаагаагаа ч мэдээгүй байдаг байх аа. Гэтэл ардчилал социализм хоёр чинь нэг юмны хоёр тал. Р.Гончигдорж, Баабар нарын үед МАХН-ыг эсэргүүцэхэд л тэдний зорилго нь биелж, дээшээ гарчихдаг байсан. Харин дараа нь яах вэ гэдэг зорилго байхгүй байсан учир унасан. Зорилго нь үнэхээр жижигхэн л байсан байна. Дээдийн зорилго нь хүнийг авч явдаг. Үүний жишгээр тухайн үеийн ардчиллын партизанууд зорилго нь биелэсэн болохоор мөрөө хөөгөөд л явсан байдаг. Тухайлбал, С.Зориг агсан парламентад орчихоод тэнд улс орны асуудал хэлэлцэж байхад чихэвч зүүгээд англи хэл сурч байсан гэдэг. Яагаад гэвэл тэр хүний эцсийн зорилго нь ардчилал байсан. Тэр зорилгодоо хүрсэн байсан.

-Тэгвэл таны дээд зорилго юу юм бэ?

-Миний дээд зорилго бол Үндсэн хууль. Монгол Улсын Үндсэн хууль эхлэхдээ Монгол хүний эрх ашгийг нэн түрүүнд хамгаалсан байх ёстой. Монгол хүн эх орондоо эзэн нь байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин