Saturday 30 July 2011

Б.Уянга: "Сексийн амьдрал минь гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг"


Сайт маань урлаг соёлын одод, олны танил хүмүүсийн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэсээр байгаа билээ. Дөнгөж нэрд гарч, олонд танигдаж эхлэх үедээ тэд хэрхэн ярьж, өөрсдийнхөө талаар тодорхойлж байсныг эдгээр ярилцлага таны өмнө дэлгэх болно. Энэ удаа бид “Aqua fitness” төвийн захирал Б.Уянгатай хийсэн ярилцлагыг хүргэе. Царайлаг, шавилхан бүсгүй анх “Хар ирвэс” клубын фитнессийн багшаар ажиллаж байсан бөгөөд “С1” телевизийн “Өдөн дэр” үдшийн хөтөлбөрийг ч хөтөлж явсан билээ.
-Өөрийг чинь “Aqua fitness”-ийн багш, “С1” телевизийн “Өдөн дэр” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг болов уу. Хэдийнээс эхэлж фитнесстэй амьдралаа холбосон бэ?
-Би бүр таван настайдаа спортын гимнастикаар хичээллэдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа ч гимнастик, бүжиг, усан спортоо орхиогүй. 2000 оноос хойш фитнессийн багшаар ажиллаж, монголд анх удаа акуа фитнессийн хичээлийг эхлүүллээ.  
-Фитнессийн багш маань “Өдөн дэр”-ийн хөтлөгч болсон нь сонирхолтой л юм?
-“С1” телевизийн “Эмэгтэйчүүдийн цаг” нэвтрүүлэгтэй хамтарч ажиллан, акуа фитнессийн хичээлээ цувралаар гаргадаг. Тиймээс тус телевизийн зүгээс нэвтрүүлэг хөтлөх санал тавьсан тул “Өдөн дэр”-ээр овоглож эхэлсэн.
-“Өдөн дэр”-ийн шинэ өнгө төрхийг харуулсан сурталчилгаа хэтэрхий эротик ч гэмээр шинжтэй болсон байна лээ. Яагаад тэр вэ?
-“Өдөн дэр” нэвтрүүлэг хайр дурлал, хосуудын нандин харилцаа болсон сексийн тухай, охид залууст энэ талын зөвлөгөө өгөх зорилготой. Амралтын үдэш насанд хүрэгчдэд зориулсан болохоор бусад телевизийн нэвтрүүлгээс илүү нээлттэй байж чаддаг болов уу. Миний хувьд хөтлөгчөөр ажиллаж, редакторын бэлтгэж өгсөн мэдээллийг сонирхуулдаг юм.
-Мэдээж хэрэг, сексийн тухай мэдээлэл хүргэдэг нэвтрүүлэгтээ тохируулж стиль имиж дээрээ анхаарал тавьдаг байх?
-Үгүй ээ, нэвтрүүлгийнхээ өнгө аяст тохируулах гэж хичээдэггүй. Байгаа байдал минь л энэ. Магадгүй гадаад үзэмж минь таалагдсан учраас хөтлөгчөөр сонгосон биз. Түүнээс биш, надад өөрийгөө нэг их айхтар өөрчлөөд байх шаардлага гардаггүй.
-Фитнесс болон нэвтрүүлгээрээ дамжуулаад тодорхой хэмжээнд олны танил болсон байх. Эрчүүдийн зүгээс ойртож дотносох ч гэдэг юм уу ямар нэгэн санал ирдэг үү?
-Янз бүрийн мессеж ирдэг л дээ. “Нэвтрүүлэг чинь таалагдаж байна” гэх мэт. Гэхдээ тэр бүрт ямар нэгэн хариу бичиж, харилцаад байдаггүй. Юу ч гэмээр юм бэ дээ.(инээв)
-Сайхан бүсгүйчүүдийг мөнгөтэй эрчүүдтэй нэр холбох нь их. Үнэхээр иймэрхүү санал ирдэг учраас тэгж ярьдаг юм болов уу, аль эсвэл..?
-Надад лав ирж байгаагүй юм байна. Тэгээд ч би нөхөртэй шүү дээ, удахгүй хуримаа хийх гэж байгаа. Тийм болохоор энэ тал дээр нэг их анхаарал хандуулж, ач холбогдол өгөх дургүй.
-Үдшийн хөтөлбөрийн хөтлөгч, хувь хүнийхээ үүднээс хайр сэтгэл, сексийн талаар ямархуу бодолтой байдаг вэ?
-Нөхөр маань миний анхны хайр. 15 настай байхаасаа үерхэж, багагүй хугацааг хамтдаа үдлээ. Энэ ч утгаараа, анхны хайрыг “Жинхэнэ хайр мөн болов уу” гэж боддог юм. Хайрлаж, дурласан анхны маань хүн миний нөхөр учраас тэр. Сексийн тал дээр ч  нандигнаж явах дуртай. Нөхөртэйгээ жинхэнэ хайр сэтгэлээр холбогдсон болохоор сексийн харилцаа минь хамгийн нандин зүйл. Энэ нандин харилцаагаа үргэлж шинэлэг, хэн хэнийхээ сэтгэлийг татсан сонирхолтой байлгах хэрэгтэй гэж үздэг.
-Шинэлэг, сонирхолтой байлгахын тулд яах ёстой гэж?
-Ямар ч байж болно л доо. Нэг хэвийн биш үргэлж өөр, өөр байлгах. Заримдаа хайртай хүндээ зориулж үдшийг маш таатай өнгөрүүлэх романтик орчныг бүрдүүлэх юм уу гэнэтийн бэлэг барьж болно шүү дээ.
-Тэгвэл та хоёр бие биедээ хэр зэрэг сюрприз барьдаг вэ?
-Нөхөр маань удаан хугацаанд гадаадад амьдарч байгаад ирсэн болохоор амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байгаа шүү. Нэгэнт ийм дотно харилцаанд орсон хүмүүс сексийг маш сонирхолтой байлгаж чадна.
-“Хайртай бол хартай” гэх зүйр маягийн үг залуусын дунд их дэлгэрч, Энэ тал дээр асуудал үүсдэг үү?
-Урлагийн хүн болоод ч тэр үү, нөхөр маань намайг илүү их ойлгодог. Найз нөхөд, ажил төрөл минь ч гэсэн ойролцоо учраас бие биеэ ойлгож, харилцан итгэж амьдардаг юм.
-Чөлөөт цагаа хаана, яаж өнгөрүүлдэг бол..?
-Найз нөхдийн маань ихэнх нь урлагийн хүмүүс байдаг учраас диско клубт ордог. Бөөнөөрөө цуглаад зусланд гарахад нөхөр маань шорлог хийж өгөх дуртай. Бас бассейнд ихэвчлэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Урлагийнхантай хамт байхад илүү хөгжилтэй санагддаг учраас дискодох үе бишгүй гарна аа.
-Ажил, амьдрал чинь одоо бүр устай холбоотой болж дээ?
-Тийм шүү.(инээв)Найзууд маань ч гэсэн бассейн, саунд орж амрах дуртай.
-Гэрийн эзэгтэйн хувьд, өөрийгөө хэр үнэлдэг бол?
-Гайгүй ээ. Хурим найр хийж, албан ёсоор гэр бүл болоогүй ч бид хоёр олон жил хамт амьдарсан. Тэгэхээр энэ тал дээр санаа зовох зүйл гардаггүй. Олон төрлийн ногоо холиод шинэ хоолны жор зохиох дуртай. Нөхөр маань ч амттай хоол хийж чадна. Өглөөний хоолыг ихэвчлэн нөхөр маань л бэлтгэдэг шүү. Харин хувцас угаах дуртай хэрнээ индүүднэ гэхээр л миний гар хөдөлдөггүй юм. Түүнээс биш, гэр орноо цэвэр цэгцтэй байлгахад анхаарал хандуулна аа. Эр нөхрийнх нь амжилт эмэгтэй хүнээс шалтгаалдаг гэдэг шүү дээ. Гэр орон, үр хүүхэд, хань нөхөртөө тавих анхаарал халамжаа аль болох зохицуулж, ажил төрлөө амжуулахыг хичээдэг.
-Хуримын тухайд, нууцхан бодол тээж явдаг байх. Энэ бүхнээсээ сонирхуулаач?
-Сонгодог маягаар хийвэл надад илүү ойр байх. Гэхдээ одоохондоо яаж хийхээ төлөвлөөгүй л дээ.  
-Нууц амраг гээд л их ярьдаг. Таны хувьд?
-Дутагдаад байгаа зүйлээ өөр хүнээс хайснаас болж үүсэх асуудал. Бие биеэ хайрлаж чадахгүй бол өөр хэн нэгний хайранд татагдах, эсвэл бусад хэрэгцээтэй зүйлээс болж нууц амрагтай болдог байх. Тэгэхээр хайртай хүнээ нууц амрагтай болгохгүйн тулд бүхнээ зориулж чаддаг байвал зүгээр юм болов уу. Харин өнгө, мөнгөнд татагдан нууц амрагийн асуудалд орооцолдож байгаа хүмүүсийг ер ойлгохгүй юм. Хайрттайгаа учраагүй, жинхэнэ амтыг нь мэдрээгүй болохоор л ийм хөнгөн ханддаг байх. Хайр дурлал ямар ч хүнийг өөрчилдөг шүү дээ. Аймаар шоучин, хүүхэмсэг залуу байлаа ч хайр сэтгэлээ олчихоод зөвхөн түүнийхээ төлөө амьдарсан жишээ олон бий. Амьдралын утга учир нь хайр гэдгийг мэдрээгүй хүмүүс л аливаад замбараагүй, хөнгөмсөг байдлаар хандаж яваа байх. Хайраа хайрлаж, үргэлж арчилж тордож явахгүй бол амархан унтарна. Нэгэнт унтарсан хайрыг  дахиж сэргээх хэцүү шүү дээ. Үүнээс болж өөр хайр үүсэх ч тохиолдол байдаг биз. Анхны хайраа удаан хугацаанд үнэн цэнэтэй байлгаж чадвал жинхэнэ утга учраа олно. Тиймээс охид залуус маань анхны хайраа хадгалж, амьдраасай гэж хүсдэг юм. Амьдралд бага зэрэг үл ойлголцол, маргаан гарах нь мэдээж. Хүнийг хайрлаж байж л өөрөө хайрлуулах учраас энэ мэт зөрчлийг эмэгтэй хүн уучилж, хүлээцтэй хандаж байх хэрэгтэй. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, хайрлахгүй орхиод байвал салахад хүрч мэднэ.
-Тэгвэл чи хэр хүлээцтэй ханддаг вэ?
-Юу ч мэдэхгүй, жаахан охин байсан болоод ч тэр үү. Анхандаа бага зэрэг ойлголцохгүй, өөрийнхөөрөө зөрүүдлэх үе байсан. Харин одоо аливаад хүлээцтэй хандаж ойлгохыг хичээдэг, уучилж чаддаг болсон.
-Таныг урьд нь гадаадад загвар өмсч байсан гэлцдэг. Үнэн үү?
-Загвар өмсч байгаагүй л дээ. Яахав, фото маягийн сурталчилгаанд тоглож байсан нь үнэн. Би спорт загварын хувцас өмсөх дуртай. Гэхдээ гоё даашинз өмсвөл илүү эмэгтэйлиг, дур булаам харагддаг. Эмэгтэй хүний хувьд, бие галбираараа бахархах хэрэгтэй. Ялангуяа залуу насандаа өөрийгөө төгс сайхан авч явахгүй бол бахархах зүйл үлдэнэ гэж үү.
-Гоо сайхныг хэн дуртай нь авч чадахгүй гэдэг. Гэхдээ сүүлийн үед мэс ажилбарын ачаар энэ асуудлыг хялбархан шийдэх болж?
-Бүсгүй хүн гоо сайхныхаа төлөө хэрэгтэй гэсэн бүхнээ хийх ёстой. Бие галбирийн зохицол, эрүүл мэнддээ сайтар анхаарч чадвал болохгүй гэх газаргүй.
-Харин таныг хөхөндөөсиликон шахуулсан гэлцэх юм билээ?
-Багаасаа спортоор хичээллэж ирсэн болохоор бие галбираа зөв хөгжүүлэх тал дээр илүү ажилласан. Бие галбир минь булчинлаг талаасаа илүү их хөгжсөн. Тэгэхээр аль нэг хэсэгт нь засвар хийлгээд байх шаардлага гараагүй. Энэ бүхэн маань төрөлхийн гоо сайхан.
-Хүүхэд төрүүлсний дараа бие галбираа хадгалж үлдэнэ гэдэг ихэнх хүүхнүүдийн хувьд, хүндрэлтэй асуудлын нэг. Охин тань одоо хэдэн настай вэ?
-Одоо есөн настай. Аавыгаа дуурайсан урлагийн мэдрэмжтэй, усан спортод сонирхолтой хүүхэд бий. Би төрөөд найман сарын дараа фитнессээр хичээллэсэн. Зөв дасгал хийвэл хөх, бэлхүүс сайхан хэлбэртэй болдог юм. Охиноо дүүтэй болгох талаар бодсон зүйл байгаа. Ойрын хугацаанд дахин хүүхэдтэй болохыг хүсч сууна.
-Хоолойны тань өнгө их намуухан болохоор зарим хүн “Ялдам, янаг хоолойтой” гэлцэх нь ч бий?
-Ээж аавдаа хамгийн их эрхэлдэг охин байсан болохоор тэр биз. Би тэгж албаар хичээж ярьдаггүй. Үнэхээр хичээж ярьдаг байсан бол, үргэлж намуухан дуугарч чадахгүй шүү дээ. Төрөлхийн л ийм хоолойтой. Тэгээд ч би огцом уурлаж, орилж чарлах нь битгий хэл чанга дуугарч чаддаггүй. “Өдөн дэр”-ийг хөтлөгч болоход хоолойны минь өнгө илүү түлхэц болсон байх гэж боддог. Хүмүүс их хэлдэг л дээ. “Гоё хоолойтой, намуухан дуутай” гэж. Найзуудын маань дунд чанга дуутай хүн цөөнгүй бий. Зарим үед гэнэт аймаар чанга ярихаар нь их цочно оо. Ер нь эмэгтэй хүн зөөлөн, намуухан дуу хоолойтой байсан нь дээр.
-Бухимдахаараа яадаг вэ?
-Найзууддаа ярьж, стрессээ тайлдаг. Заримдаа бүр уйлна гээч. Хүнтэй зоригтойхон шиг  хэрэлдэж чаддаггүй л дээ, дандаа ялагдана. Сэтгэл дотроо хэрэлдээд байна уу гэхээс биш, ил гаргаад хэлчихэж чадахгүй. Нүүрэн дээр нь шууд хэлчихдэг хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйл хэрэг болбол нүүрэмгий найзуудаа урдаа барьчихна. “Ингэсэн, тэгсэн” гэж гомдоллож байгаад л явуулчихна даа.
-Бодсон, санасанаа ил гаргаад хэлчихэж чадахгүй гэхээд бухимдлаа дотроо хадгалдаг байх нь. Гомдомхой хүний зан даа?
-Өө, аймаар гомдомхой. Гэхдээ гомдлоо гээд сүйд болдоггүй юм аа. Хайрын сэдэвтэй кино үзэх юм уу, дуу сонсохоороо уйлчихдаг. Их өрөвч хүн.
-Фитнесс, нэвтрүүлэг, сурталчилгаа гээд санхүүгийн тал дээр бүрэн биеэ дааж чадсан уу?
-Чадсан шүү. Санхүүгийн тал дээр нөхрийнхөө гарыг хардаггүй. Өөрийнхөө ажлаар маш их бахархдаг. Хүмүүс ажлаа тараад фитнессээр хичээллэдэг бол, би ажлаа хийнгээ эрүүл мэнддээ анхаарч байна. Харин багадаа нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан ч хоолой минь тохироогүй. Гэхдээ нэвтрүүлэг хөтлөх болсондоо сэтгэл хангалуун байгаа.
-Фитнессийн зэрэгцээ ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-СУИС-ийн урлагийн менежмент, Удирдлагын академийн бизнесийн менежмент чиглэлээр суралцаж төгссөн. “Angels” нэртэй охидын бүжгийн хамтлагтай болсон. Чөлөөт цаг, гоо сайхандаа анхаарах боломж бүрдүүлэхийн тулд бүжгийн клуб нээх бодолтой байгаа. Заавал мэргэжлийн бүжигчин байх албагүй шүү дээ, бид.
Эх сурвалж: Р.МӨНГӨН   www.secret.mn

Г.Уранцэцэг: "Далайн эрэг дээр нар жаргахыг харах хамгийн романтик"

- Жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу вэ?
- Гоо үзэсгэлэнг үнэлэх хүн төрөлхтний үнэлмж зуун зуунаар хувьсан өөрчлөгдөж байсан. Улс,орон,үндэстэн бүр харилцан адилгүй байдлаар гоо үзэсгэлэнг үнэлдэг. Үүнээс гадна хүн болгон бас өөр өөрийнхөөрөө ойлгоно шүү дээ. Миний бодлоор эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гурвыг цогцлоож чадвал жинхэнэ гоо үзэсгэлэн бүрдэх болов уу.
- Сайхан харагдах нь эмэгтэй хүний үүрэг үү? Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн бүр мэдээж эрчүүдэд биш,харин өөртөө таалагдахын тулд сайхан байх хэрэгтэй юу?
- Эмэгтэй хүнд их олон үүрэг оногддог боловч эр хүнд хэзээ ч заяагаагүй олон сайхан эрх бас бий. Өөрийн мэдрээгүй сайхныг бусдад харуулна гэдэг утгагүй зүйл шүү дээ.
- Донжтой хувцасласан охид бүсгүйчүүд зуны өдрүүдийг чимдэг. Урнаа энэ зун юугаар гоёх гэж байна даа?
- Мэргэжлийн чадварлаг дизайнеруудын ачаар бүсгүйчүүд зуны цагт илүү өнгөлөг болдог гэж би боддог. Шинэ улирлын эхэнд хэв маягтаа update хийж,цоо шинэ эрч хүчээр цэнэглэгдэх үнэхээр сайхан байдаг шүү дээ. Миний энэ зуны сонголт бол урт даашинз, олон судалтай тод өнгөтэй хувцаснууд, энгийн хэрнээ сэтгэл татам цагаан ,эсвэл биений өнгөтэй,даавуун голдуу,трапец маягийн сул өмднүүд байх юм.
- Зуны улиралд арьсаа хэрхэн арчлах ёстой вэ? Хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн...?
- Монголд зун бүгчим халуун байдаг учраас арьсыг нарны шууд тусгал болон хэт ягаан туяанаас хамгаалах SPF.Sunblock.After Sun Lation зэргийг хэрэглэх шаардлагатай. Арьсыг өдөр тутам энгийн нөхцөлд цэвэрлэж,чийгшүүлэх тэжээлийн тос түрхэж, хамгаалж, чангаруулж байвал насан туршдаа эрүүл, залуу, сайхан арьстай байх боломжтой. Би залуу арьсанд зориулсан чийгшүүлж,тэжээл өгөх,цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг онцгойлон сонгон хэрэглэдэг.
- Зун үс хуурайшиж салаалах гээд байдаг. Урнаагийн намирсан зөөлөн,эрүүл үсний нууц юу бол?
- Мэргэжлийн сайн үсчнээс зөвхөн өөрийнхөө үсэнд тохирох шампунь,ангижруулагч,тэжээлийн тос,маскны талар тогтомол зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хэрэв үс өнгөө алдаж гундсан бол шинээр будуулах,урт ургаж салаалсан бол үзүүрээс нь тайруулж ,сэргээх шаардлагатай. Би үсэндээ ингэж л анхаардаг.
- Зуны амралтаара хэрхэн алжаалаа тайлдаг вэ?
- Хүн амьдралынхаа тулгуур болсон гурван зүйлийг зөв зохицуулж сурах хэрэгтэй байдаг гэнэ. Үүнд ажил,амралт,хооллолт ордог юм байна. Ачаалал ихтэй ажлын дараа гэртээ ирээд тав тухтай чимээгүй,халуун ванн,хүйтэн шүршүүрт орсны дараа үнэхээр сайхан амардаг юм. Эмчилгэээний амраах зориулттай массажыг хийлгэх дуртай. Мэдээж спортын ямар нэгэн төрлөөр хичээллэх нь алжаал ядаргаа тайлах гайхалтай энгийн мөртлөө үр дүнтэй арга. Найзуудтайгаа агаарт гарч нар,ус,байгалиас эрч хүч авч өөрийгөө цэнэглэх сайхан байдаг. Жаргаж буй нарны улаан шаргал туяа далайн мандал дээр хөвөхийг ажих, хүйтэн шампанск шимэн суух үнэхээр романтик,бас тааламжтай байсан шүү.
- Хамгийн чухал гоо сайхны гурван бүтээгдэхүүнийг нэрлээч гэвэл? Яарсан үедээ марталгүй цүнхэндээ авч явдаг зүйлс...?
- Эмэгтэй хүний эрх мэдэл ,гоо сайхан цүнхэн тодорх зүйлсээс нь маш их хамааралтай. Үнэхээр завгүй ,яаралтай үед дараах гоо сайхны бүтээгдэхүүнүүд заавал байх хэрэгтэй гэж бодож байна. Үс хэвэнд оруулагч вакс, Үс ямагт загварлаг байх хэрэгтэй гэж би боддог. Мөн уруул чийгшүүлэгч, хамгаалагч бальзам, өнгөлөгч. Уруул үргэлж дур булаам, өнгөлөг, секси харагдах ёстой. Уртасгагч, өтгөрүүлэгчтэй сормуусны будаг. Үзэсгэлэнтэй гэрэл гийсэн нүд ямар ч эмэгтэйг сэтгэл татам харагдуулдаг.
- Урнаа аксессуарт хэр зэрэг нүд унагадаг вэ? Цуглуулгынхаа хамгийн үнэтэй,хамгийн дуртай гоёл чимэглэлээс танилцуулна уу?
- Хувцаслахдаа минималист сэтгэлгээг чухалчилдаг учраас аксессуарт нэг их дурлаад байдаггүй юм аа. Тэр тусмаа гоёл чимэглэл бага байх тусмаа дээр гэж үздэг.
- Ямар сүрчиг хэрэглэдэг вэ?Энэ зун өөртөө зориулж сонгосон үнэртэй?
- Үнэртэй усыг дангаар нь биш,хольж хэрэглэх дуртай.Олон үнэртэнг таашаан хэрэглэдэг. Шинээр сонгох сүрчгийнхээ жагсаалтыг гаргаж байгаад худалдаж авдаг юм. Сүүлийн үед Chanel-ын “Allure” их таалагдаж байгаа.
- Энэ зургадугаар сараас яг юуг хүсэн хүлээж байна вэ?
- Энэ зургадуур сард миний ажил,амьдрал төлөвлөгөөний дагуу ачаалалтай байх нь ээ. Зуны амралт эхэлсэн болохоор U Models болон “Торго”салоны модель бэлтгэх сургалтууд эхэлнэ. Мөн TV9 телевизийн бүх насны эмэгтэйчүүдэд зориулсан “Бүсгүйчүүд” нэвтрүүлэг үргэлжилнэ. Мөн сэтгүүлийн зураг авалтууд гээд завгүй л байх нь дээ.
Г.Маралгуа

Эх сурвалж: Нийслэл Guide

Ж.Золбаяр: "Монгол нутаг дээр амьдарч байж үндэсний гэх зүйлгүй байгаа нь л ичгэвтэр"


Энэ удаад Ж.Золбаяр буюу монгол бадарчин Амайтай ярилцлаа.
-Та дэлхийн олон орноор аялсан. Тэгэхээр тухайн орнуудын хөгжил цэцэглэлтийг үзэж, судалсан л байж таараа. Ер нь улс орны хөгжлийн талаар юу гэж бодож явдаг вэ?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжиж байгаагийн гол түлхүүр нь юундаа байна вэ гэдгийг маш их судалсан. Судалгааны дүнд нийгэм нь ангилагдсан, өөр өөрийн бүлгүүдтэй, тэр бүлгүүд өөрсдийн ажлаа маш сайн хийдэг систем бүрдсэн тохиолдолд улс хөгждөг юм байна гэдгийг ойлгосон. Манайд холион бантан болчихсон болохоор хөгжихгүй байна. Гэтэл Америкт шинжлэх ухааны ажилтан нь л өөрсдийн чиглэлийн судалгаа, ажлаа хийдэг. Тариачин нь тариагаа тарьж, малчин нь малаа маллаад, бизнесмен нь бизнесээ хийх жишээтэй. Тухайн мэргэжлээр сурсан, мэргэшсэн хүмүүс байдаг болохоор ажлаа маш сайн хийдэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Бизнесмен нь УИХ-д орох гээд зүтгэдэг. Тэр битгий хэл, малчид хүртэл тийшээ зүтгэж байна. Тэд нэг зүйлийг ойлгохгүй байна. УИХ-ын гишүүнийг сэхээтэн, ном уншдаг, боловсролтой, бодлого боловсруулах чадвартай хүмүүс хийх ёстой байхгүй юу. Тэд бидний өмнөөс хууль боловсруулж, нийгмийг зохицуулж байх ёстой. Тийм болохоос биш, хэн нэгэн алдартай хүн суудаг шоуны газар биш юм. Үүнийг л монголчууд анзаарч, төрийн ажил гэдгийг хэн хийх ёстойг ухаармаар байна. Нэг үгээр хэлбэл, би эмч болно гээд л болчихдоггүйтэй адил. Заавал сургуулийг нь төгсч, тодорхой хэмжээнд дадлага хийж, ажиллаж байж эмч болдог биз дээ. Гэтэл төрийн тэр том ажилд дэс дараалал гэж байхгүй, дуртай
нэг нь гарч болоод байгааг юу гэж ойлгох вэ. Үндсэндээ өнөөдөр бизнесийн бүлэг л тийшээ зүтгэж байна. Энэ буруу. Одоо сэхээтний бүлгийг тийш нь буцааж оруулах хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг бол сэхээтний бүлгийн хийх ёстой л ажил. Тэгж байж улс орон зөв хөгжинө.
-Улс орныг хөгжүүлнэ гэхээр энд тэнд байшин барихыг хэлэхгүй байх. Магадгүй таны аяллын зорилго үүнийг ойлгуулахад оршдог байх, тийм үү?
-Орчуулгын маш олон алдаа Монголд байна. Жишээ нь, "development” гэдэг үг байна. Уг нь дэвшил гэсэн үг. Гэтэл манайхан хөгжил гээд л буруу орчуулчихсан байдаг. Яг үнэндээ хөгжилтэй улс гэдгийг ард түмэн нь баяр баясгалантай орныг л хэлдэг юм билээ. Харин манайхан барилга байшинтай холбож тайлбарлах гээд байдаг. Уг нь ямар өндөр байшин барих вэ гэдэгтээ биш. Ард иргэд нь яавал амар тайван, сайхан амьдрах вэ гэдэг дээр л хөгжлийн бодлого байх ёстой. Түүн дээрээ чиглэсэн бусад асуудлуудаа шийдэхгүй зөвхөн барилга байшин, техник дээр суурилсан хөгжил өөрөө нийгмийг шуналд хүргэдэг. Шунал нь өөрөө бухимдлыг бий болгодог. Түүнээс гадна хүн энгийн зүйлээс таашаал авч чадахаа болиод байнга нэг тэмүүлэлтэй болдог. Үүнийг л иргэдэд онолын хувьд зөв тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байна. Миний аялал, ном бичиж байгаагийн зорилго энэ чиг рүү л явж байгаа. Анхны “Гайхамшигт дэлхий", удахгүй гарах гэж байгаа "Амьдрал сайхан шүү" зэрэг номдоо энэ талаар нэлээд өгүүлсэн.
-Та номоороо энгийн амьдрал гэдэг нь нэг талаараа хөгжил юм шүү гэдгийг тайлбарлаж өгч байгаа хэрэг үү?
-Номуудаараа дэлхийн улс орны хүмүүсийн амьдралыг л үзүүлж байгаа юм. Энэ улсын хүмүүс ингэж амьдарч байна. Ингэж алдаж байгаа гэнэ. Бид үүн дээр нь анхаарах хэрэгтэй юм байна шүү гэдгийг бичиж, анхааруулах зүйлийг багагүй оруулж байгаа. Жишээ нь, Испанид болсон оюутны жагсаал байна. Манай долдугаар сарын 1-ний жагсаалтай төстэй. Гэхдээ манайхаас ялгаатай нь Цагдаагийн газар нь төрийн нударгыг үзүүлдэг биш, иргэдийн аюулгүй байдлыг хангадаг байх жишээтэй. Тэнд жагсч байгаа иргэд осолдох вий, гэмтэх нь үү гэж байнга анхаардаг. Тийм болохоор жагсагчид нь хүртэл цагдаагаа ирэхээр тайвширдаг юм билээ. Гэтэл манайд бол цагдаа нь эрх мэдэлтнийг л хамгаалж байгаа шүү дээ. Энэ мэтийн зүйлийг манайхан дагаасай гэсэндээ номондоо оруулж байгаа. Энэ чинь тухайн хөгжилтэй орноос авах л чанар. Зүгээр л энгийн зүйл байгаа биз дээ.
-Аяллын чиглэлийн ном гаргаад байх шиг байгаа юм. Тэр дотроо улс орныг жолоодож байгаа, хөгжүүлэх бодлого барьж байгаа хүмүүст зориулсан зүйлийг багтааж чадаж байна уу?
-Би номоо УИХ-ын гишүүдэд явуулсан. “Гайхамшигт амьдрал" ном маань бүх гишүүдэд очсон байх. Мөн бүх сайд нарт ч очсон. Тэндээ би "Манайд ийм алдаа байна шүү. Та нар ийм зүйлд анхаармаар байна. Тэр улсад тэгж шийдэж байгаа" гэдэг санаагаа хамт дайсан. Гэхдээ зааж байгаа юм биш. Би өөрөө судлаач учраас үгээ хэлэх эрхтэй гэж бодож хүргүүлсэн юм. Нэг талаараа нийгэмд хандаж байгаа миний хандлага энэ.
-Улс орны хамгийн чухал салбарын нэг нь хил гааль байдаг. Бусад орнуудаар явж байхад хил гааль нь ямар байх юм. Эх орныхтойгоо харьцуулбал шүү дээ. Нэг талаараа хил гэдэг тухайн улсын үүд. Тэндээс л хөгжил нь ямар байгааг мэдэж болдог ч юм билүү?
-Дэлхийн улс орнуудаар явж байхад манай хил, гаалийн шалгалт хатуудаа ордог юм билээ. Яагаад гэхээр манай хилийн шалгалт чинь хүйтэн дайны уед бий болсон процедур болохоор тэр. Монгол Улс, Дундад улсын хилийн зааг маш том хэмжээтэй. Орос, Монголын хил ч ялгаагүй. Гэтэл барууны ихэнх улсуудын хилийн зааг нь арилчихсан байх жишээтэй. Зарим улсууд нь зүгээр нэг амбаар тавьчихсан. Түүнийг нь даваад л нөгөө улсын нутагт нэвтрэх жишээтэй. Гэтэл манайх бол өөр шүү дээ. Яах вэ, нөхцөл байдал нь тийм байхаас өөр аргагүйд хүргэдэг учраас хатуу байх нь зөв гэж боддог.
-Та санааг боломжийнхоо хэрээр өгч чадаж байна. Гэхдээ залуу хүн гэдэг утгаараа улс орны хөгжил, цэцэглэлтэд бодит хувь нэмрээ яаж оруулах вэ?
-Би өөрөө нийгмийн ажилтан хүн учраас нийгмийг яаж өөрчлөх вэ, хаана ямар байна гэдэг мэдээлэл, арга зүйг л хүргэж чадна. Намайг бадарчилж яваад ирсний дараа олон залуус цахим захидал илгээж байгаа. Гадагшаа явахад яах ёстой юм гэдгийг асуудаг. Мөн миний аяллаас үүдээд олон залуус гадагшаа явах сонирхолтой болж. Би тэр замыг нь нээж өгч чадсан байна гэсэн үг. Энэ зам яваандаа тэлээд, нэгэн цагт залуус Африк руучөлөөтэй явдаг болно. Тэр замыг л нээж байгаа юм.Тэгэхээр нийгмийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх биш, өөрийнхөө үзсэнийг үнэн мөнөөр нь харуулбал сонирхолтой биз дээ. Хүн өөрийнхөөрөө ертөнцийг үздэг байлаа гэхэд бас минийхээр ертөнцийг үзэж болно. Бас нэг өөр цонх нээж өгч байна л гэсэн үг. Энэ чинь л миний улс орны, залуусын хөгжил цэцэглэлтэд оруулж байгаа хувь нэмэр.
-Манай улсыг хөгжиж байгаа л гэдэг. Гэтэл Улаанбаатарт л хөгжил байна. Аймаг, сумын төвд хөгжил гэж алга. Бусад орнуудын тосгон нь хүртэл хөгжсөн байдаг гэсэн. Тэр тал дээр таны бодлыг сонсмоор байна. Улс нийтээрээ хөгжиж байж л хөгжлийн талаар ярина биз дээ?
-Энэ бол эдийн засагтай л холбоотой. Эдийн засгийн боломж гайгүй бол ямар ч улс жижиг суурингаа ч гэсэн хөгжүүлж чадна. Харин эдийн засгийн боломж, нэгдсэн төрийн бодлого байхгүй цагт бүтэхгүй. Жишээ нь, Улаанбаатар хотын зам нь муу байгаа хэрнээ өдөрт хоёр гуравхан машин явдаг хөдөөний зам нь сайн байна шүү дээ. Өдөрт хэдэн мянган машин явдаг зам нь эвдрэлтэй байхад хөдөө хээр зам засаад байгаа нь өөрөө буруу л бодлого. Харин сүүлийн үед хотынхоо замыг эрчимтэй засч байна. Үүнд би олзуурхаад байгаа юм.
-Таны бодлоор манай улс хөгжиж байна уу?
-Хөгжиж байгаа сайн талууд байгаа. Техник технологийн тал дээр хурдацтай хөгжиж байна. Мөн ардчилал сайн хөгжиж байгаа. Гэхдээ нийгмийн боловсрол, хариуцлага, ухамсар тал дээр жил болгон доошоо бууж байгаа. Зүгээр л сонин хараад сууж байхад урд нь гарч байгаагүй гэмт хэргүүд гарсныг мэдээлж байна. Жолооч нарын зан харилцаа, гэр бүлийн харилцаанаас харахад нийгмийн ухамсар дэндүү дордсон нь анзаарагддаг. Энэ нь яваандаа сөрөг үр дагавар гаргана. Тийм болохоор хөгжлийн ойлголт дээр бүхий л зүйл тэгш байх ёстой. Тэгэхгүй эдийн засаг нь хөгжөөд нийгэм нь орхигдвол сөрөг зүйл их гарна шүү дээ. Тэгэхээр нийгмийн бодлогыг эргүүлэн сэргээж, нийгэмд зөв мэдээлэл өгдөг системийг эргэж гаргах хэрэгтэй л байна.
-Улс орны хөгжлөөс гадна хувь хүний хөгжлийг ярих хэрэгтэй байх. Таны бодлоор залуучуудын хөгжил ямар байна вэ?
-Ерөнхийдөө өндөр хөгжилтэй орны залуустай харьцуулахад манай залуусынх тааруухан шүү дээ. Монголын залуусын ихэнх нь интертайнмент буюу зугаа цэнгэлийн зүйлээс мэдээллээ олж авдаг. Ихэнх нь ийм байгаа. Зурагт төдийхөн л зүйлээс амьдралынхаа ухааныг олж аваад байна. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын залуусын боловсролын байдал маш өндөр. Чанартай боловсрол олж авдаг. Мэдээллийн бааз өндөртэй. Түүнээс гадна өөрсдийгөө таньж мэдэх тал дээр маш их анхаардаг. Өөрийгөө танихын тулд ном уншина, спортоор хичээллэнэ. Хамгийн сайн хийж чадах, мэдэх зүйлээс нээтлээ оролддог, хайдаг. Гэтэл манай залуус болохоор орчиндоо дасан зохицоод л байж байдаг. Өөрийгөө дайчлахаа мартчихсан. Эсвэл тэгэх дургүй. Тэр тал дээрээ л анхаармаар санагддаг юм.
-Залуусын хөгжилтэй холбоод асуухад тамирчдыг эс тооцвол дэлхий дахинд танигдсан хүн алга. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд төрийн боддогоор дэмжиж хүнээ дэлхий нийтэд таниулж байна шүү дээ?
-Энэ чинь нөгөө л төрийн алдаатай бодлоготой л холбоотой. Бодлогын талаас нь ярих юм бол олон асуудал байгаа. Тэр нь манай төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Дөрвөн жилээр сонгууль болж байгаа болохоор урт хугацааны төлөвлөгөө ч гаргаж чадахгүй байна шүү дээ. Яагаад гэвэл таван жилийн дараа өнөөх гишүүн, сайд нь байхгүй байх юм чинь.
-Та бас үндэсний үзэлтэй, хэв маягтай байя гэсэн санаа гаргаж байгаа. Гадаад хүн Монголд ирээд бидний соёлд тааруулдаг байх талаар. Энэ их сайхан санаа шиг санагдсан?
-Энэ бас л бодлогын төвшинд явуулах ажил. Би Улаанбаатарт ирээд жил болсон байна. Энэ хугацаанд гадаад Монгол гэж дуудаж байгаа. Тэмдэглэл дээрээ ч гэсэн тэгж бичсэн. Яагаад гэвэл, цагдаа гэдэг монгол үг байсаар байтал машин дээрээ "police" гээд л биччихсэн байгаа юм. Тэрийг нь ойлгодог хүн ховор байдаг. Би олон хүнээс "Энэ машин дээр байгаа бичиг нь юу гэсэн үг юм бол" гэж асууж байсан. Ихэнх нь "Мэдэхгүй, гэхдээ л цагдаа байх" гэж хариулж байгаа юм чинь. Иймэрхүү жишээ зөндөө байгаа. Төрийн албан газрууд, телевизээр гарч байгаа зар хүртэл дээрх жишгээр гадаадаар бичсэн байдаг. Бүр шугаманд явж байгаа автобус дээр "bus" гээд л биччихсэн байдаг. Бид эх орондоо таамаглаж, харийн үг уншиж амьдрах ёстой юмуу. Энэ тэмдэг, тэмдэглэгээг чинь бидэнд зориулж байгаа юмуу, үгүй юмуу. Ямар ч гадаадын жуулчин манай улсад ирээд биднийг хэнийг дууриасан сармагчин бэ гэдгийг төвөггүй ойлгож байгаа. Хуучин Оросыг дууриадаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л байгаа. Гэхдээ дийлэнх нь Англи соёлын нөлөөнд автаж байна. Энэ төөрөгдлөө болиод монгол бичгээрээ бичиж эхэлбэл зүгээр юм болов уу гэж боддог. Монгол нутаг дээр амьдарч байж үндэсний гэх зүйлгүй байгаа нь л ичгэвтэр байгаа юм. Хэт үндсэрхэг үзэлтэй бай гэсэн үг биш. Бид гадны улсуудын соёлыг хүндэтгэх ёстой. Давуу талыг нь авах хэрэгтэй. Гэхдээ эх орондоо үндэснийхээ хууль тогтоомж, ёс жаягаар амьдрах нөхцөл байдлыг нь бүрдүүлэх ёстой юм. Тэгээд гадныхан ч гэсэн манай ёс жаягт нийцүүлнэ биз дээ.
-Гэнэт л дээл өмсч ажилдаа яваад, монгол бичгээр бичнэ гэхээр хэцүү биш үү?
-Бид угаасаа ийм байгаагүй биз дээ. Төрөөс л бичиг үсгээ латин, кирилл болгосон. Түүнээс биш дээлээ өмсдөг, монгол бичгээрээ бичдэг л байсан. Бичиг үсэг кирилл болсноор сөрөг тал их гарч байгаа. Жишээлбэл, зөв бичих тал дээр их алдаа гардаг. Бүр яаж бичих вэ гэдэг дээр хүртэл маргалдаж байна. Энэ чинь бид бие биетэйгээ энгийн харилцаж, санал бодлоо илэрхийлж чадахаа байж байна л гэсэн үг. Олон шинэ үг монгол хэлэнд орж ирсэн. Түүнийг яаж бичихийг одоо болтол шийдээгүй, тогтоол шийдвэр гараагүй л байна. Наад зах нь жийп машиныг жип, жийп гээд л олон янзаар бичиж байна. Уг нь нэгдсэн бодлогоор ингэж бичнэ гээд тогтоогоод өгчих ёстой юм. Үүнээс харсан ч кирилл бичиг биднийг багагүй төөрөгдүүлж байгаа. Тийм болохоор бага багаар монгол бичиг рүүгээ орох нь зүгээр санагдаад байгаа юм.
-Гадны олон орноор аялсан. Тэр хугацаанд улс орноо хэрхэн сурталчилж байв?
-Сургуулиуд дээр очиж лекц унших, ярилцлагад орох ажлыг байнга зохион байгуулж, хийж байсан. Ихэнх оронд Монголоос ирсэн гэхээр гайхдаг. Тэдний хувьд Монгол гэдэг ертөнцийн хязгаарт байдаг мэтээр ойлгодог. Мөн үлгэр домогт гардаг улсын хүн ирчихлээ гэж гайхдаг. Тухайн улсуудад Монголыг домогт гардаг эртний улс, мөхсөн мэтээр ойлгодог юм билээ. Тэр бүгдэд Монгол гэж байдаг юм шүү гэж хэлэхэд сайхан байсан. Хүмүүс тэгж ойлгож байна гэдэг нь өөрөө гоё шүү.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин Н.Пунцагболд

Wednesday 20 July 2011

С.МӨНХБАТ: "УУЛЫН ОРОЙД ГАРЪЯ ГЭСЭН БОДОЛТОЛГОЙД МИНЬ БАТ СУУЧИХСАН БАЙСАН"


“Ярилцъя” булангийн өнөөдрийн зочин тэгш дөрвөн ой тохиосон түүхт их баяр наадмын үндэсний бөхийн түрүү магнай, отгон аварга Сүхбаатарын МӨНХБАТ. Түүнтэй уулзахыг уншигчид маань тэсэн ядан хүлээж байсан биз ээ. Ингээд аваргатай хөөрөлдсөнөө толилуулъя.

-Юуны өмнө Монгол түмнийг бахдалтай сайхан наа­дуулж, аварга цол хүртсэн тантай уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлмээр байна. Манай сонины урил­гыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Түүхт их ойн баяраа тэмдэглэж байгаа Монголынхоо нийт ард түмэнд танай сониноор дамжуулж баяр хүргэе.

-Миний хөтөлдөг “Ярилцъя” буланд ихэвчлэн улс тө­рийн­хөн зочилдог. Гэхдээ эргэн санахад зочдын маань дотор дархан аварга Д.Дам­дин, дар­хан аварга, зууны манлай бөх Х.Баянмөнх, дархан аварга Ж.Мөнх­бат, даян аварга А.Сүх­бат, авар­га О.Балжинням гээд олон сайхан аваргууд уригдаж, санаа сэтгэлээ уудалж яв­сан байна. Та тэдний маань тоог нэгээр нэмлээ?

-Аварга гэдэг хүндтэй сайхан цолыг хүртсэндээ их л баяртай байна даа. Би бас сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Ярианы тал дээр жаахан тиймхэн хүн. Та тэрийг маань бас бодол­цоно биз дээ.

-Саяхан би улсын арслан Д.Ганхуягтай ярилцсан. Нэг сонин юм хэлсэн нь “Наад­мын өглөө яагаад ч юм нэг л тийм дарамттай өглөө бай­даг юм даа” гэсэн үг унагаж байсан. Таны хувьд ямар байдаг вэ. Ялангуяа энэ наадмын өглөө ямархуу босч ирснээ сонирхуулж болох уу?

-Бөх хүн болгоны ард дэмжиж явдаг, сэтгэл зүрхээ шингээн амжилт хүсч, залбирч суудаг ар гэр, анд нөхөд, пүүс компа­нийнх­наас өгсүүлээд нутаг усныхан, ард түмэн нь байдаг. Тэр дундаа монгол наадам жилд ганцхан удаа тохиодог. Нэг алдаа гаргаад л унахад тэр жилийнх нь бүх хөдөлмөр, бүх хөлс хүч, бодсон төлөвлөсөн бүхэн үгүй болох учраас цэнгэлдэх рүү очиж яваа бөх хүнд ямар нэгэн байдлаар дарамт мэдрэгддэг л дээ. Гэхдээ тэр дарамтыг аль болох өөр дээрээ гүн биш үүрч, ухаан бод­лоосоо үргээхийг хүсдэг. Тийм бо­лохоор би бол яг наадмын өглөө өөртөө төрөөд байгаа тэр дарам­таа аль болох хөнгөн авахыг хичээдэг. Хэтэрхий их хүнд бод­лоор өөрийгөө дарахгүй чөлөө­лөхийг хичээдэг. Тэгэхгүй бол барилдаж болохгүй шүү дээ.

-Мэдээж тэгэлгүй яахав. Яг энэ жилийн өглөө таны сэт­гэл санаа ямархуу байсан бэ?

-Энэ жилийн хувьд миний сэт­гэл санаа тайван байсан. Уржнан жилийн наадмын өглөөг бодоход би харьцангуй тайван байсан. За, нэг начин болчих юмсан. Начин начиндаа муу начин биш, начин шиг начин болчих юмсан, сайн барилдаан үзүүлчих юмсан гэж бодож явлаа. Тэрэндээ ч хүрсэн. Энэ жилийн хувьд бол хоёр жил дараалан улсын цол хүртлээ, гурав дахь жилдээ сайн ба­рил­дана шүү гэж л бодож байсан. Дээрээс нь манай нутгийн ах дүү нар маш өндөр ач холбогдол өгч, манай Увсын бөхчүүдийг бэлтгэлд хамруулж, энэ өвлийн турш бэлт­гэл сургуулилт хийлгүүлсэн. Тийм болохоор урьд жилүүдийнхээс нэлээн илүү бэлтгэл сургуулилт хийчихсэн, бэлтгэлийн ир нэлээн сайн таарчихсан учраас сандрах, олон юм бодож хүндрэх, айх бэргэх юм ер нь байгаагүй.

-Ямар нэгэн айдас байгаагүй юу?

-Айдас бол байгаагүй.

-Ер нь бол заан цол санаанд багтаад л?

-Багтах гэж хэлэх нь хаашаа юм. Би яг үнэнээ хэлэхэд зөвхөн урд урд талынхаа давааг л бодож барилдсан. Гэхдээ цаанаа бол цолоо баталчих юмсан. Цолоо ахиулчих юмсан гэсэн хүсэл бол байлгүй яахав. Гэвч хүн болгон хатуу чанд бэлтэл сургуулилт хийдэг, хүн болгон зорилго тэмүүллээ бодож нягт ханддаг болтол хөгжчихсөн, хүн болгон өдий төдий барилдаан хийж нэг нэгийн­хээ барилдааныг мэддэг болчихсон ийм үед бол бүх юм тийм амар биш шүү дээ. Ёстой нөгөө наадмын тэнгэр нь мэддэг ч юм уу. Одоо тэгээд аварга гэсэн хүндтэй цолонд хүрлээ. Дараа дараагийн наадам бүр л их дарамттай болж эхлэх байх даа. Аварга хүн яаж барилдах ёстой юм. Түрүү түрүүний наадмуудад бол начин хүн яаж барилдах ёстой юм, харцага хүн ямар төвшинд барилдах ёстой юм тэр хэм хэмжээгээ үзүүлээд л сайхан барилд­даг байсан бол аварга хүний хувьд бол өөр шүү дээ. Улсын харцагынхаа хэм­жээнд барилдаад унах нэг өөр. Аварга хүн тэр дор унаад байх ямар байх уу. Энэ бүхнээс үүдээд энэ нэр хүндийг авч явах өндөр хариуцлага л нуруун дээр маань ирлээ гэж ойлгож байна. Дараа жилийн наадмын өглөөний дарамт миний хувьд өөр л байх болов уу. Гэхдээ сэтгэл санаагаа төвлөрүүлж, бэлтгэл сургуулилтаа базааж, аварга хүн шиг л сайхан барилдана гэж бодож байна даа.

-Та ер нь анхны цолоо аваад ну­лимс унагаж байсан уу. Д.Бумбаярын заан болоод асгартал уйлж байсан нь дурсагдаж байна. Тэр бол мөрөөдөл биелэх агшин биз дээ?

-Би анх Сүхбаатар аймгийн наадамд очиж барилдаад аймгийн заан цол авч байсан. Үзүүр түрүүнд П.Ганхуяг гэж залуутай үлдсэн. Би өөрөө түрүүлнэ гэж их бодож байсан л даа. Гарахдаа л би түрүүлнэ, энэ бөхийг би хаяна гэсэн бодолтой л гарсан. Анх Сүхбаатар аймаг руу явж байхдаа бол түрүүлэх барих тухай огт бодоогүй. Аймгийн наадамд барилдаж үзье, ямар байдгийг нь үзье л гэж явсан. Тэр үед чинь аймгийн цолтой залуу бөхчүүдийг хараад ямар сайхан юм бэ гэж боддог байлаа. Яг сайн барилдаад үзүүр түрүүнд үлдэхдээ бол түрүүлнэ л гэж бодсон. Тэгээд үзүүрлэ­чихээд уйлж байсан.

-Түрүүгээ алдчихлаа гээд үү?

-Мэдэхгүй байна. (инээв) Түрүүгээ алдчихлаа гээд уйлж байсан юм уу. Айм­гийн заан болчихлоо гээд уйлж байсан юм уу бүү мэд. Тэр нэг тийм баяр гуниг хосолсон л юм болсон. Ингэж хамгийн эхнийхээ цолыг Сүхбаатар аймгаас, наран ургах зүгээс аваад ирж байсан.

-Бэлгэшээлтэй юм болж байж?

-Бэлгэшээлгүй яахав. Аавын маань нэр Сүхбаатар. Анхны цол авсан газар маань Сүхбаатар. Дараа нь цэргийн арс­лан цол аваад их баярлаж байсан даа. Аймгийн наадмаас том чансаатай том ч барилдаан болдог. Тэр барил­даанд тү­рүүлж цэргийн арслан болоод л их баяр­лаж байсан даа. Ёстой бүх юм л санас­наар болчихсон юм шиг баярлаж байсан.

-Аймгийн заан цолыг 2005 онд авсан бил үү?

-Тийм.

-Улсын харцага гэдэг бол бас гоё цол биз дээ. Та бүтэн жил зүүж явлаа?


-Гоё цол байлгүй яахав. Энэ олон сайхан хүчтэй начингуудын дээд талд зогсоно. Харцага цол бол агуу сайхан цол. Том ч цол.

-Тэгвэл одоо аварга болчихлоо. Аварга цолтны мэдрэмж яг ямар байх юм бэ?


-Ёстой хэлж мэдэхгүй байна. (инээв) Ногоон дэвжээн дээр төрчихсөн тэр сайхан аваргуудыг хараад аварга гэж ямар агуу сүрлэг улсууд байдаг юм бэ гэж айж, сүр бараанд нь сүрдэж л явсан болохоос өнөөдөр өөрийн биеэр авчи­хаад сууж байна гэж бодсон биш. Үнэн­дээ мэдрээгүй л явна даа. Юу хэлэхээ сайн мэдэхгүй байна.

-Таны ээжийн хэвлэлд өгсөн яриаг уншсан. Долоон бурхандаа дээжээ өргөөд залбирч байтал таныг миний ээж юуны төлөө залбирч байна вэ гэж асуусан тухай. Тэгээд “Ээж нь хүүгээ заан болоосой гэж залбирч байнаа гэхэд нь нэг мөсөн аварга болгоод өгөөч гээд залбирчих” гээд та инээж байсан гэсэн?

-Аан, тэр үү. (инээв)

-Бас Ч.Санжаадамбатай барилда­хаар гарахдаа цаадахь чинь бяртай байна шүү гэсэн үгийн хариуд “Одоо­хон гараад хуничихаад ирнэ ээ” гээд гарсан гэсэн. Бөх хүнд өөрийгөө хурцалдаг олон арга байдаг. Бөхчүүд аа гэж ярьдаг даа. Бөх хүний өөрийгөө хөглөдөг хөг, түлхүүр ч гэж хэлж болох юм. Танд тийм аа бас байх шиг ээ?


-Аатай араншин мэдээж бөх хүнд байлгүй яахав. Чадахгүй ч гэсэн би чадна л гэдэг байх ёстой. Эхлээд сумын заан болох юмсан. Сумын заан яасан гоё цол вэ гэж боддог байсан. Дараа нь аймгийн заан цол авчихаад улсын цол авах юмсан. Улсын цолтой бөхчүүд ямар гоё юм бэ гээд л боддог байсан. Тэгээд улсын начин боллоо. Улсын харцага гэдэг сайхан цолонд хүрлээ. Манай багш нар хэлдэг байсан л даа. Бөхчүүд бүгдээрээ нэг том аварга уулын орой руу өгсч яваа хүмүүс. Чи яагаад тэр оройг харж болохгүй гэж. Чи бэлд зогсох ёстой гэж үү. Чи яагаад аварга болж болохгүй гэж гээд. Ингэж надад хэлж сургаж байсан. Чи уулын орой руугаа харж явна шүү. Уулын дундаас буугаад ирэх юм уу, оройд гарчихаад буух юм уу гэсэн тэр үг миний толгойд гүн шингэсэн. Тэгээд л би зориг орсон. Би яагаад тэр орой руу зүтгэж болохгүй гэж гэсэн тэр хүсэл эрмэлзэл дээр өөрийгөө хурцалсан. Би ингэж бодохгүй юм байна. Би дээшээ өгсч бодох ёстой юм байна гэдэг зүйлийг толгойдоо хийсэн.

-Үүн дээр суурилсан аа байсан гэж үү?

-Тийм. Өөр юун дээр ч биш. Зорилго тэмүүлэл дээр суурилж өөрийгөө хурцлах нэг хэлбэр юм уу даа.

-Өөрийнхөө хэмжээг юу юугүй хааж, тогтоож, барьж болдоггүй юм байна. Ерөөсөө мөрөөдөл гэдэг чинь өөрөө резин шиг л сунаж байдаг зүйл. Тэрийг сайн ажиглаж байх ёстой бололтой?

-Тийм гэж бодож байна.

-Нэгэнт сэтгэл зүйн ийм хэмжээний бэлтгэлтэй барилдсан хүнд сая бол наймын даваанаас л аварга цол харагдсан юм байна, тийм үү?

-Энэ жилийн хувьд бол би заан болчихоод бас л баярлаж л байсан. За, чадлаа шүү гэж. Гэхдээ л за би болоогүй шүү гэж өөртөө хэлж байсан. Урьд нь за би боллоо гэж бодоод алдаж л байсан. Яагаад гэвэл толгойд “Би яагаад уулын оройд гарч болохгүй гэж” гэсэн тэр бодол хатуу суучихсан байсан болохоор өөрий­гөө тайвшруулж, бодлоо цэгцрүүлж байсан. Дараагийн даваанд унасан ч гэсэн өөрийнхөө бодсон юмыг хангалт­тай хийж, дуустал нь л үзнэ гэсэн бодол­той барилдсан.

-Таны даваа болгоны барилдаан их нягт явсан. Тэнд л жаахан луу-тай ба­рилдаан болчихлоо доо гэх нэг ч барил­даан байхгүй. Энэ хийгүй, одтой, дайчин барилдаанууд тань өнөөдөр таныг улам хайрлуулахад хүргэж байна. Хүчний бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэлийг тань хийдэг багш хэн бэ?

-Онолын тийм багш гэж алга даа. Би ламын нэг хоёр багштай. Тэд маань л хэлж сургаж байдаг. Би уул усаа л шүтэж барилддаг.

-Та бол өнөөдрийн “од”. Палхийтэл олон түмний анхаарал руу ороод ирсэн. “Од”-ыг төрөнгүүт өдий төдий судалгаа зэрэг хийгдээд явчихдаг. Удам судраас тань эхлээд л тэр судалгаа хөвөрөнө. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлээд та бол домог бүтээж амьдарна. Тэр домгийн эхний хуудсууд эргэж байна. Би таны яс үндсийн талаар асуумаар байна. Та Увсад цөөхөн гэгддэг тэр элжгэн халх ястнуудын нэг мөн үү. Баяд, дөрвөд, урайнхай ястнуудын аль нь вэ. Таны иргэний үнэмлэх дээр яг юу гэж бичсэн байна?

-Миний паспорт дээр яг халх үндэстэн гэж бичээстэй байдаг.

-Элжгэн гэж ямар нэг үг байхгүй юу?

-Элжгэн гэж байхгүй. Манайхан чинь зүгээр халх гэж явдаг юм ш дээ. Элжгэнүүд гэж Увс дотроо л нэрлэдэг болохоос гадагшаа бол халх гэж нэрлэгддэг.

-Ер нь бол элжгэн халх хүн, тийм үү?

-Тийм.

-Таны ээж аав хоёр тань яг аль сумынх нь улс болж таараад байна вэ?


-Манайхан бүгд Баруунтуруунынхан шүү дээ. Манай аав бол яг Баруунту­руунд төрсөн хүн. Ээж Цагаанхайрханд төрсөн.

-Одоо нэгдээд л Баруунтуруун?

-Тийм.

-Та өөрөө бас тэнд төрсөн үү?

-Яг тэнд.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Тавуулаа. Би айлын хоёр дахь хүүхэд.

-1984 он гэдэг чинь эмнэлэгт төрсөн биз дээ?

-Эмнэлэгт төрөөгүй. Би гэртээ төрсөн.

-Өө, тийм үү. Сонин баримт байна?

-Би ганцаараа л гэртээ төрсөн. Бусад нь эмнэлэгт.

-Яагаад тэгсэн юм бол?

-Эмнэлэг рүү явах гээд л юм хумаа базааж байсан юм билээ. Хонь гаргачих­сан. Ээж гэдэс асгах гэж явж байгаад нэг урт хайрхантай таарчихсан юм билээ.

-Тэгвэл цочилгүй яахав дээ?

-Тэгээд тэрнээсээ болоод гэнэт өвдөөд, шөнөжин өвдөөд өглөө нар мандаж байхад би төрсөн гэсэн. Тэгээд л аав маань бэлгэшээгээд нар мандаж байхад төрсөн юм чинь Нармандах гэж нэр өгнө гэсэн юм билээ. Тэгтэл намайг эх барьж авсан хүмүүс хүү төрсөн юм чиь бөх хүн ирж байгаа байх. Баянмөнх аваргын нэрийг өгнө, Мөнхбат аваргын нэрийг өгнө гэж маргалдаж байгаад Мөнхбат аваргын нэрийг өгсөн гэсэн.

-Монголын бас домогт аваргын нэрийг өгсөн юм байна. Ж.Мөнхбат аваргатай ямар харилцаатай байдаг вэ. Уулзаж үзсэн үү?

-Уулзаж учирч үзээгүй ээ. Ямар ч харилцаа байхгүй. Бага цолтой бөхийн хувьд би таарсан газраа очиж мэндэлдэг.

-Баруунтуруун бол бөглүү жижиг­хэн сумыг бодоход Сангийн аж ахуй байсан болохоор тухайн үедээ хөгж­сөн, хүн зон олонтой газар байсан юм билээ. Атрын анхны аянаар байгуу­лагдсан. Тэгэхээр тариа гэдэг ойл­голттой ойрхон өсчээ дээ?

-Тэр тэгэлгүй яахав. Манай аав угаасаа комбайнч хүн. Манайх эргэн тойрон тэр аяараа тариан талбай дунд амьдардаг айл байсан. Хаашаа л харна тариан талбай. Хаварт нь шороо бужигнасан, намарт нь тариа халиурсан. Машин техник сүлжилдсэн, шөнө нь та­риан талбайгаас комбайны гэрэл улалз­сан гоё нутаг шүү дээ. Баруунтуруун бол газар газраас ирсэн залуус байгуулсан Сангийн аж ахуй. Тийм болохоор хүмүүс нь бусад газраас арай илүү хөдөлмөрч. Хөдөлмөрч ард түмэн цуглаж тэр сумыг бүрдүүлсэн болохоор ажил хөдөлмөр л буцалж байдаг. Манай хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ нутгаас төр­сөн. Аав нь манай аавын найз. Ээж нь манай ээжтэй найз. Бид хоёр нэг уулын наана цаана төрсөн. Ийм их ой­рын ул­сууд байгаа юм. Алдартай өчнөөн олон улс энэ газраас төрсөн. Араас нь залгаж байгаадаа би баяртай байгаа. Бүгдээрээ л тэр хөдөлмөрчдийн хүүхдүүд.

-Та тариан дунд зогсох дуртай юу?


-Дуртай.

-Хавар уриншийн цаг илүү сэтгэгдэл төрүүлдэг юм уу, намар ургацын үе илүү мэдрэмж өгдөг юм уу?

-Хамгийн гоё нь тариагаа хурааж байх агшин шүү дээ. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Тариа ч халиураад л...Цаанаа л сайхан шүү дээ.

-Танайхан газар тариалангийн бизнес эрхэлцгээдэг байх?


-Тийм. Тариан талбайтай. Гурилын үйлдвэртэй. Тэгж л анх ажлаа эхэлж байсан. Түүгээрээ л амьдардаг.

-Юнрэн гэж аймгийн арслан өөрийг тань анх “Энэ алсдаа юм дуулгах хүүхэд” гэж хэлж байсан гэдэг. Энэ үнэн үү?


-Аав маань намайг бага байхад улсын ч бай, аймгийн ч бай цолтой бөх л хүн ирвэл миний хүү бөх болох уу, нэг шинжээдхээч гэж асуудаг байж билээ. Хүн болгон л янз янзаар хэлнэ. Зарим нь жижигхэн л биетэй юм даа гэнэ. Гэхдээ л хүний хүүг яаж эцэгт нь чиний хүү бөх болохгүй ээ гэж хэлэх вэ дээ, тээ. Манай нутгийн Юнрэн гэж сайхан хөгшин байсан л даа. Бумбаяр зааны авга ах. Тэр сайхан хөгшин хэлж байсан юм гэсэн.

-Та ер нь анх хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?

-Хөлд орсноосоо хойш л ноцолдож эхэлсэн болов уу гэж боддог ш дээ. Манай аав өөрөө сумын заан хүн. Жоохон байхад оройдоо л аавтайгаа нийлж аваад пижигнэчихдэг байсан. Би дээрээ нэг эгчтэй. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Тэгээд бүгдээрээ л хоёр талынхаа баганан дээрээс дэлээд л дэвээд л гардаг. Тэгээд л барилдчихдаг байсан. Оройжин тэгж гэрээ буулгаж, гэрийхээ хоймор ноцолддог байсан. Ухаан орохдоо л санаж байгаагаар би айлд ороод л дэвж үзүүлж байгаад чихэр авч иддэг хүүхэд байсан.

-Аравдугаар анги төгсөөд ШУТИС-ийн хуваарь авч байсан гэсэн үү. Сурлага гайгүй хүүхэд байжээ дээ?

-Би 10 төгсөөд Хилийн цэргийн дээд сургууль авч байсан. Цэргийн хүн болох их сонирхолтой байсан.

-Тэгээд яагаад шууд болиод “Шонхор” сургуульд орчихсон юм бэ?


-Яахав дээ, бөх болох дур нь хөтлөөд л.

-Тэр болтол Х.Баянмөнх аваргатай уулзаагүй байсан уу?


-Би Х.Баянмөнх аваргатай анх есдүгээр ангидаа хотод орж ирж уулзаж байсан. Эрдэнбилэг начинтай хамт “Шонхор” биеийн тамирын дээд сургууль дээр очиж уулзаж байлаа. Тэгж анх ХБаянмөнх аваргын гараас атгаж үзэж байлаа даа. Аймаар том биетэй, сүрлэг аварга. Гар нь ямар ч том юм. Миний гар тал дунд нь л нэг жаахан юм байгаа юм чинь. Аварга хүн гэж ийм байдаг юм байна. Ямар гоё юм бэ гээд л...

-Саяын наадмын өмнө аваргатай уулзав уу?


-Наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Д.Бумбаяр заантай хамт очсон. Наадамд барилдах гэж байна. Үг хэлийг нь сонсъё, бас бөх хүний хийморь лундаа гэж байдаг шүү дээ. Тэр сайхан цагийг эзэлсэн их аваргатай учирч хийморио сэргээе гэж бодож зорьж очсон.

-Манай аварга бол бас л цэцэн саруул хүн шүү дээ. Ойд шингэсэн үг хэлсэн л байх даа?


-За, юу байцгаана гэж мэнд мэдэхэд нь Д.Бумбаяр заан манай С.Мөнхбат барилдах гэж байгаа. Тэгээд танаас зааж зурах юм хэлүүлэх гэж л явна даа гэсэн. Аварга хариуд нь “Би одоо яг чамтай тулж дасгал сургуулилт хийлгэхгүй байгаа. Юу хэлэх билээ. Гэхдээ барилдаануудыг чинь харж байгаа. Чамаас илүү хүн гэж байхгүй. Хамгийн гол нь бодол санаагаа л нэгтгэ. Дараа дараагийн давааг харж болохгүй. Урдах даваагаа л харж барилд. Илүү юм хийж хүнд мэхээ ашиглуулж болохгүй. Чи өөрийнхөө хийх мэхийг дүүрэн барьцтай, дүүрэн итгэлтэй, бүх юм боллоо гэсэн цагтаа л хий” гэж хэлсэн. Би өмнө нь гараад л салхилж яваад л, янз янзын мэх хийж байгаад л уначихдаг байсан. Аваргынхаас гараад хэлсэн үгийг нь нэг бүрчлэн бодоод л явсан.

-Чамаас илүү хүн гэж байх­гүй...­ ингэж л бодох ёстой байх нь ээ дээ. Том үг хэлжээ?

-Аваргын маань л захиас.

-Сая танайхан Харзтайд бэлтгэлд гар­сан юм билээ. Та нэг удаа бэлт­гэ­­лээ хаяж иржээ дээ. Тэгээд О.Бал­­­­­жин­ням аваргад шийтгүүлж, 15 км гүйсэн гэж дуулсан?


-Тэр сонин ташаа ойлгосон байна лээ. Тийм юм болоогүй байх аа.

-Тийм үү. Бэлтгэлээ хаяж огт ирээгүй юм уу?

-Хоёр, нэг удаа ирсэн л дээ. Гэхдээ дор дор нь чөлөө аваад явж байсан. Юманд зорьж байгаа хүн юу гэж тэгээд л та­салж гүйгээд байх вэ дээ.

-Та дүү нараа барилдуулах дур­гүй гэсэн. Яагаад тэр вэ?


-Манай дүү нар барилдах сонир­холтой. Бас авъяастай л даа. Гэхдээ өөрөө өнөөдөр бөхөөр яваад л, англи хэл, юу юу байдаг юм бусад мэдлэ­гүү­дийг олж авахаас илүү энэ спортод бүх тархи толгойгоо зориулаад явж бай­гаа болохоор тодорхой хэмжээний зов­лон л тээж яваа шүү дээ. Тийм бо­лохоор дүү нараа өөр замаар яваг гэж боддог.

-Та бол Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй юү?

-Тийм.

-Ангийн багш тань хэн гэж хүн байв?


-Дамдин гэж Баянхонгорын аймгийн арслан хүн байсан.

-Ангийнхнаас тань улсын цол­той бөх бий юү?


-Одоогоор надаас өөр хүн байхгүй бай­на. Гэхдээ сайн барилдаж байгаа залуу­чууд байгаа.

-Г.Эрхэмбаяр арслантай та ер нь хэр танил вэ. Өмнө нь улсын наа­дамд нэг барилдсан байх?

-Ноднин жилийн улсын баяр наад­маар л таарсан даа.

-Их хурдан барилдаан хийсэн. Бодож л гарсан байх даа?

-Ер нь миний өөрийн сурсан барил­даан маань хүнийг хүлээд удаан зогсч чад­даггүй. Гараад л өрөөд л явчихвал мэх хиймээр санагдаад л, унасан ч дав­сан ч хурдан барилдахыг боддог.

-Хоёулаа л аварга болохыг мө­рөө­дөж байсан. Хоорондоо бол юм ярих­гүй юу?


-Юугаа ярих вэ дээ.

-Г.Эрхэмбаяр арслан бол үнэ­хээр сайн ч, сайхан ч бөх байх тийм үү?


-Сай­хан бөх. Ноднин бид хоёр ба­рилд­­сан. Надаас өмнө том бөх бол­чих­сон байсан. Надаас өмнө амжил­туу­даа гар­гаад эхэлчихсэн байсан. Нод­нин на­майг тавын даваанд аваад уна­чихаад уй­лаад явж байсан. Энэ жил хоёулаа үзүүр түрүү булаалдлаа. Уна­чихаад инээж босч ирээд л “За бө­хийн маань но­­гоон дэвжээ миний хөдөл­­мөрийг үнэлж чадлаа” гээд л хэлж бай­хад нь би бас л мундаг хүн бай­на даа гэж бодож байсан.

-Наадмаас хойш уулзалдав уу?


-Таарч байгаа. Уяачдын наадам дээр таарсан. Сая Хууль зүй дотоод хэр­гийн сайд хүлээж авахад таарлаа.

-Та эхнэрээ танилцуулахгүй юу?


-Манай эхнэр манай Баруунтуруун су­мын хүн л дээ.

-Нэг ангийнх юм уу?

-Нэг үеийн, нэг ангийн хоёр.

-Сумын даргын охин гэсэн. 10 жилийн үерхэл юм уу?


-Тийм. Одоо Улсын прокурорын ерөн­хий газрын Хан-Уул, Сонгино­хайр­хан дүүрэг хариуцсан нягтлан хийдэг. Бид нэг охинтой. Энэрэлт гэдэг.

-Та зургадугаар сарын 7-ны өдөр хаа­на байсан бэ. Хамрын хийдийн ха­жууд байдаг Хүслийн уулан дээр бай­сан юм уу. Хар уул гэх тэр уулан дээр таныг гарахад бороо орсон гэж дуулсан?

-Та яаж мэдсэн юм бэ.

-Би их олон хүнтэй уулздаг. Мэдээлэл дунд байдаг хүн шүү дээ. Нэг хүн хэлсэн юм аа?

-Үнэн. Би Монгол эх орныхоо гайхамшигтай увидастай уул усыг их шүтэж явдаг. Монгол хүний хувьд. Тийм газруудаар очих дуртай.

-Бороо орсон нь үнэн юм уу?

-Бороо ороогүй удсан байсан л даа. Гэхдээ яг надад зориулж орно гэж юу байхав дээ.

-Гэхдээ тэгж бодох өөрөө гоё шүү дээ. Намайг яг орой дээр нь гарахад бороо орсон шүү гээд?


-Тэр бодол бол гоё. (инээв) Өөрий­гөө хурцлахад бол гоё л доо.

-Гурвын даваанд аймгийн заан Г.От­гонбаяр гэдэг залуутай ба­рилд­­сан. Хэр барилдаантай залуу бай­сан бэ ?

-Манай Увс аймгийн Зүүнговь су­мын залуу. Амлаж авч барилдсан.

-Улсын цол мөрөөдөөд л бас зодоглож байсан байх даа?

-Тэгээд дөрвийн даваанд С.Мөнх­сүх гэж Хөвсгөлийн аймгийн арслан за­луу­­тай таарч барилдсан. Бид нар бас нэг дор бэлтгэл сургуулилт хийж л бай­сан улсууд.

-Дараа нь А.Сүмбээтэй?


-Дараа нь аймгийн арслан А.Сүм­бээг авсан . Ёстой яах ч аргагүй авсан.

-Яах ч аргагүй гэсэн үгэнд тань жаахан харуусал нуугдаж байна. А.Сүмбээг улсын цол аваасай гэж яг над шиг хүсдэг юм уу?

-Би А.Сүмбээ ахыг ч, энэ үед барилдаж байгаа бусад сайхан залуу­чуудаа ч бүгдийг нь л зорьсондоо хүрээ­сэй гэж хүсдэг. Бас энэ бөхийн тө­лөө олон жил зүтгэж байгаа, хөлс хөдөл­мөрөө шингээж байгаа улсууд шүү дээ. Тэ­гээд барилдаан юм хойно нэг нь давж нө­гөө нь унадаг.

-Дараа нь Ч.Цогбаяртай ?

-Шинэ начин болсон Ч.Цогбаярыг ам­лаж барилдсан. Бас их бяртай, чац­тай, сайн бөх.

-Таны улсын заан Д.Рагчаатай хий­­сэн барилдааныг сонирхмоор бай­­на. Тэр бас дээшээ л харж байсан байх даа?

-Тэгсэн байх. Ноднин бид хоёр долоогийн даваанд тунаж барилдаад би хий хутгаж яваад унаж байсан. Тэгээд энэ жил тэр алдаагаа л давтахгүй юмсан гэж бодож байсан.

-Хамгийн сонирхолтой учраа Ч.Санжаадамба. Бага наадмын од­той. Бүх хүнд танигдчихсан. Хүчир­хэг, дуулиантай бөх дөө?

-Ч.Санжаадамба бол бидний энэ цаг үед бол бяртай, хүчтэй сайхан бөх. Гэх­дээ би энэ хүнийг ялна, дийлнэ, дий­лэх ёстой л гэсэн сэтгэл зүйтэй гарч барилдсан.

-Тэнгэр харуулаад өгнө өө гээд л гарсан уу?


-Тэр нь ч юу юм бэ. (инээв) Давна, ялна л гэж өөрийгөө хурцалсан.

-Ж.Бат-Эрдэнэ бол бас энэ наад­мын од байлаа. Г.Өсөхбаяр аваргыг хая­сан шүү дээ?

-Ж.Бат-Эрдэнэ бид хоёр бол багаа­саа л барилдаж байсан. Бие биеэ мэднэ. Хамгийн сүүлийн барилдаанд би хөлөө алдаад Ж.Бат-Эрдэнэд уначихсан байсан. Ер нь бол ийм барьцан дээрээс ингэж барилдана гэдгээ бол төлөвлөсөн байсан. Сайн өрсөлдөгч. Хурдтай.

-Таны хамгийн анх барилдаж үзсэн аварга хэн бэ. Аваргуудтай барил­даж үзсэн биз дээ?

-Би Д.Сумъяабазар аваргатай л анх барилдаж үзсэн. Г.Өсөхбаяр аваргатай тав барилдаж тав унасан.

-Барилдаан таардаггүй юм уу?

-Нэг тийм сонин маргаантай л хамт уна­даг. Би Б.Бат-Эрдэнэ аваргатай, А.Сүхбат аваргатай барилдаж үзэхийг мө­рөөд­дөг байсан. Таарсангүй.

-Аваргуудаас таны хамгийн шүтэж явдаг аварга хэн бэ?

-Х.Баянмөнх аваргыгаа шүтэлгүй яа­хав дээ. Шүтээн болсон агуу аварга шүү дээ. Тэгээд А.Сүхбат аваргыг шүт­дэг байсан. Миний хамгийн их ба­рил­даан, бичлэгүүдийг нь үздэг бай­сан бөх бол Ц.Цэрэнпунцаг гарьд. Энэ хүн үнэ­хээр сайхан бөх юм даа гэж хардаг бай­сан. Миний барил­даа­нуу­дыг бас хүмүүс гарьдынхтай төстэй гэж хэлдэг.

-Та “Монголросцветмет”-ээр овог­­лодог бил үү?

-Тийм. “Монголросцветмет” нэгдэл бол том айл. Энэ сайхан газраар овог­луулж, нэр дээр нь барилдсанаас хойш улсын энэ өндөр сайхан цол­нуу­дад хүр­лээ. Үнэхээр баярлаж, хүндэлж яв­даг. Ц.Бямбажав цэргийн арслан, би айм­гийн заан байхдаа анх эдний тамир­чин болж байсан. Бид хоёрыг анх Ц.Ням­­дорж сайд аваачиж өгч байсан. Тэр мөчөөс хойш сайхан амжилтууд гар­­га­­лаа. “Монросцветмет” нэдлийн бүх хамт олонд сайн сайхныг хүсч, баяр­лаж, хүндэтгэж байгаагаа илэрхий­лэхийг хүсч байна. Хилийн цэргийн нийт бие бү­­рэл­дэхүүнд, Монгол нутаг даяар ажил­лаж амьдарч байгаа бүх ногоон “мөр­­дэст”-нүүддээ баярлалаа гэж хэлье. Хууль зүйн яамны хамт олонд, нут­­­гийн зөвлөлдөө, Увс нуур бөхийн га­лын хамт олондоо, Монголынхоо бө­хөд хайр­тай зон олонд баярлалаа гэж та­­най сониноор дамжуулж дахин хэл­мээр бай­на. Аварга гэдэг энэ сайхан цол­ны нэр хүндийг дааж, тавиланг нь хүн­дэлж би­ширч, үзэгч олноо цэнгүүлж ява­хын төлөө зүтгэнэ ээ л гэж хэлье дээ.
Сэтгүүлч Б.Ганчимэг
Эх сурвалж: Баабар доот ээм ээн