Friday 4 February 2011

ХАКҮХО: “ХҮҮ МААНЬ ЁКОЗҮНА БОЛЧИХВОЛ ГУРВАН ҮЕИЙН АВАРГА ГЭР БҮЛ БОЛНО”

2010-11-11 14:00

Энэ сарын 14-нд эхлэх мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёгийн гол сэдэв ёкозүна Хакүхо домогт аварга Фүтабаямагийн 69
дараалан ялсан амжилтыг эвдэж
чадах уу гэдэг асуудал болоод байна.
2010 оны нэгдүгээр сарын тэмцээний
14 дэх өдрөөс эхлэн тэрбээр өвдөг
шороодолгүй, 62 дараалан ялаад
байгаа. 10 жилийн өмнө Монголоос далай гатлан одсон бяцхан хөвгүүн одоо 70 жил эвдэгдээгүй
байгаа их амжилтыг тогтоохоор айсуй. Түүнтэй энэ талаар “Санкей спорт” сонины
сэтгүүлч Тамада уулзан ярилцсан байна.
-Бейсболын бооцооны шуугианд дарагдсан Нагоя башё, намрын тэмцээнд
та ганц ч өвдөг шороодсонгүй.
-Сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор тэмцээнд оролцохоо больдог юм бил үү гэж бодож байлаа.
Гэвч жилд ганц болдог Нагоя тэмцээнд гарахгүй бол болохгүй, хэрүүл шуугиантай ийм үед түрүүлж
байж л жинхэнэ аварга гэдгээ харуулна гэж олон хүн хэлсэн. Ингээд л сэтгэл санаагаа
төвлөрүүлэн тэмцээнд бэлтгэж эхэлсэн. Янз бүрийн асуудал гарсан энэ үед ёкозүна л сүмогийн
ертөнцийг хамгаалж, авч явах ёстой гээд л бүгд ярьж байсан болохоор уначихвал яана гэсэн
айдас төрж байсныг үгүйсгэхгүй.
-Сэтгэл санаагаа төвлөрүүлж чадсан шалтгаан юунд байна вэ?
-Өнгөрсөн долдугаар сарын тэмцээнд үзэгчид “Хакүхо баярлалаа” гэж хашгираад л бусад
башёгоос нэг л өөр уур амьсгалтай байлаа. Тэдэнд баярласныг хэлэх үү, фэнүүдийнхээ
төлөө барилдана хэмээн шийдсэн. Дараалан ялах, рекорд эвдэх энэ тэр гэж бодолгүй
ямар ч гэсэн 15 хоног барилдаж, үүргээ биелүүлэх хэрэгтэй гэ сэн бодол л толгойд байлаа.
-Тэгвэл намрын тэм цээнд?
-Намрын тэмцээнийг NHK телевиз дамжуулан үзүүлж, түрүү бөхийн Эзэн хааны цом ч
эргэн ирсэн. Цомгүй башёд түрүүлчихээд цомтой болохоороо ялагдана гэдэг миний хувьд
байж болохгүй зүйл. Нагояд түрүүлээд эзэн хааны цом авалгүй сэтгэл гонсгор байсан
болохоор энэ удаад заавал түрүүлнэ гэсэн зорилго тавьсан учир сайн барилдаж чадсан
гэж боддог. Одоо арваннэгдүгээр сарын тэмцээн их чухал тэмцээн болно.
-Өвдөг шороодолгүй 62 дараалан ялаад байгаа талаараа юу гэж бодож байна вэ?
-Урьд өмнөх тэмцээнүүдэд олсон туршлагын ач тус гэж бодож явдаг. Асашёорюү аварга
ч зодог тайлж, ганцаараа үлдсэн. Тийм болохоор аварга хүний үүрэг, хариуцлагыг урьд
өмнөхөөс илүү ухамсарласан маань хэрэг болсон. Намрын тэмцээнд түрүүлээд ярилцлага
өгөхдөө хэлж байсанчлан би гоц гойд хүчтэн биш. Азтай л хүн. Ёкозүна цолтой ганцаараа
үлдсэн үеэс байн байн би азтай хүн гэж боддог болоод байгаа. Намайг дэмжиж, хайрлаж
байгаа хүмүүсийн сэтгэл санаа надад тэр их аз завшааныг олж өгдөг. Мэдээж хэрэг
ирсэн аз хийморийг “чулуу” болгохын тулд өөрөө хөдөлмөрлөхгүй бол болохгүй.
-Одоо таны хувьд сүмо барилдахад сонирхолтой байна уу, эсвэл хүнд хэцүү байна уу?
-Аль аль нь л байна. Ирэх тэмцээн харин ямар байхыг хэлж мэдэхгүй юм.
-Таныг Фүтабаямагийн рекорд амжилтыг эвдэнэ гээд л бүгд хүлээж байгаа.
-Фүтабаяма аваргыг би шүтэн биширч, хүндэлж явдаг. Тэр үед жилд хоёрхон тэмцээн
болдог байсан гэхээр 69 дараалан ялна гэдэг их хэцүү байсан нь тодорхой.
Мэдээж энэ амжилтыг эвдэхийн төлөө зодоглоно. Гэхдээ энэ их аваргын амжилтыг би
эвдэж болох гэж үү гэсэн бодол хааяа төрдөг. Надад сүмод ойлгохгүй, мэдэхгүй зүйл
их байна.
Тэгвэл Фүтабаяма аварга сүмог 100 хувь эзэмшин мэддэг байсан. Тэр хэнээр ч сүмо
гэж ийм юм байдаг гэж заалгаагүй, өөрөө сүмо ийм байх ёстой гэж боловсруулсан хүн.
Ийм аваргыг би дараалсан ялалтын тоогоороо давлаа ч дотроо бол дийлсэн гэж хэзээ ч
бодож чадахгүй.
-Та саяхан “Сүмо” гэдэг ном гаргасан. Элдэв шуугиантай энэ үед яагаад гаргая
гэж бодсон юм бэ?
-Бодож санасан юм байхгүй. Би жижиг зүйлийг бодож санаж явахгүйг хичээдэг явдаг.
Угаасаа сүмо барилдаад стресс хуримтлагдаж байхад элдэв зүйлээр нэмж өөрийгөө
зовоогоод яах вэ дээ.
-Ямар зорилгоор ном бичих болсон юм бэ?
-Хүмүүс сүмог улам сайн ойлгож мэдэрдэг болоосой гэсэн хүсэл маань ном
бич гэж шаардсан. Асашёорюү аварга сайн муу аль аль утгаар нь сүмогийн ертөнцийг
өөрчилсөн хүн. Үзэгчид сүмог спорт гэдэг талаас нь үзэж сонирхдог болчихсон тул
үнэндээ энэ чинь зүгээр нэг спорт биш юмаа гэдгийг хүмүүст ойлгуулах гэсэн юм.
-Таны номоос 15 настайдаа Японд ирээд, Осака хотын Тээврийн компанийн
сүмогийн секцэд бэлтгэл хийн, ямар нэг ояката ирж авахыг хүлээж байсан гэдэг
яриа сонирхол их татсан.
-Тэр секц миний сүмогийн амьдралын эх юм. Жилдээ ямар ч байсан хэдэн удаа очиж,
хуучнаа дурсан санахад сүмо барилдахаар ирж байсан бяцхан хөвгүүний сэтгэлд буцан
орж, зүрх сэтгэл маань хөдөлдөг. Сүмогийн бэлтгэлийн хүнд хэцүүг тэнд анх амсаж байлаа.
Өглөө гурван цагт босож гүйгээд, маваши бүслээд барилдана. Гэвч ояката нарт тоогдолгүй
Монгол болоод аав руугаа утасдан “Олимпийн тамирчин болно” гэж хэлж байлаа.
-Чөлөөт бөхийн төрлөөр үү?
-Чөлөөт бөх, жүдо аль нь ч байсан хамаагүй байлаа. Хэрэв тэр үед нутаг буцсан бол өдийд
Монголын шигшээ багт ороод Японы багтай өрсөлдөж байж ч магадгүй юм. Харин Кёкүшюүзан
ах Оошима багшаар дамжуулан Миягино оякататай холбоо тогтоосноор сүмо болох хүсэл маань
биелсэн.
-Мэргэжлийн сүмогийн бэлтгэл улам хэцүү байгаа биз дээ.
-Ояката зөөлхөн байсан ч ах бөхчүүд хатуу гэж жигтэйхэн. Одоо бодоход хатуу ширүүн
ах нар байсан болохоор л аварга болж чадсан санагддаг.
-Сүмогийн дэвжээнд саваа модоор зодуулж байв уу?
-Үргэлж ороолгуулдаг байлаа. Өдөрт гурван удаа уйлна. Бэлтгэл дээр хоёр, унтахынхаа
өмнө нэг удаа уйлах бараг хуваарь гарчихсан байсан гэхэд болно. Эхлээд мөргөлддөг
бэлтгэл дээр уйлна. Их хэцүү шүү, нүднээс оч бадраад л. Бэлтгэл дуусаад “халууд”
“Чиний төлөө л ингэж байгаа юм” гээд л хэлэхээр сэтгэл хөдлөөд дахиад уйлна.
Орой нь унтах гээд хэвтэхдээ маргааш ахиад бэлтгэлтэй гэж бодохоор нулимс аяндаа гараад ирнэ.
-Ингэж зовохоор болиод гэртээ харья гэж бодож байсан уу?
-Зугтъя гэж боддог байлаа. Гэвч хэт алдартай аавтай болохоор яаж ч чадалгүй тэсэж байсан.
-Аав тань монгол үндэсний бөхийн их аварга, олимпийн медальтан гэж дуулсан.
-Монголоос анх сүмод ирсэн хүүхдүүд зугтаад, Элчин сайдын яаманд очиж байсан.
Тэднийг Монголд очиход нь хүмүүс янз бүрээр муулж байлаа. Би ч гэсэн ингээд зугтаад
очвол аавынхаа нэр нүүрийг гутаана шүү дээ гэж бодоод гүрийж, тэвчсээр байсан.
Тэр үед Харүмафүжи нар ч сүмод ороод байсан үе. Дэвжээ нь ойрхон болохоор хааяа
уулзаж ярилцахаар бүгд л хэцүү байна гэдэг байлаа. Адилхан цөмөөрөө зовж байгаа
болохоор, уйлж унжилгүй, урагшаа тэмүүлье гэсэн бодолтой болсон.
-Хамгийн анхны башёдоо 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй.
-Тиймээ, сүмогийн түүхэн дэх 69 ёкозүна дотор тийм явдал байгаагүй юм гэнэ лээ.
Бэлтгэлээ сайн хийж, биеэ хөгжүүлж байж хүчтэй болсон гэсэн хэрэг л дээ.
-Үзэж хараагүй улс оронд ирээд гайхаж цочирдсон зүйл олон биз дээ?
-Түүхий загас идэж чадахгүй их зовсон. Одоо бол их дуртай, ёстой залгиж өгнө шүү дээ.
-Одоогийн залуус дотор аварга арслан болчихоор ирээд үйтэй бөх хэн байна?
-Хүмүүс гадаад бөх дэмий энэ тэр гэж ярьдаг ч бөхчүүд нэгнийгээ гадаад дотоод
гэж ялгадаггүй гэж боддог. Бүгд л адилхан дэвжээнд амьдран, ижил зорилготой
хичээж зүтгэж байгаа. Заримдаа өрсөлдөгч, заримдаа ах дүү гээд л нэг гэр бүлийн
гишүүд мэт л байдаг. Миний бодлоор Кисэносато, Точиоозан, Котошёогики нар цол
нэмээд гараад ирвэл сонирхолтой болно. Гэхдээ тэдний сүмод хандах хандлага нэг л
биш байгаа юм. Тийм болохоор би тэдэнд үлгэр жишээ болж, дагуулах ёстой гэж боддог.
-Таны рекорд амжилтаас гадна, NHK телевиз сүмодоо буцан ирсэн ч сүүлийн
үед үзэгчид ихэд цөөрөөд байгаа нь ажиглагддаг. Цаашдаа яах бол гэж айдаг уу?
-Үзэгчид буурч байгаа нь тохиолдлын хэрэг гэж боддог. Сүмо гэдэг Японы үндэсний спорт,
соёл, уламжлал гэдэг утгаараа ч хүмүүс үргэлж үзсээр байх болно. Айж сандрах юм байхгүй.
130 сая хүн амтай улс шүү дээ. Өдий хүртэл өчнөөн олон янзын бэрхшээл туулж ирсэн
спорт болохоор цаашдаа ч улам хөгжин дэлгэрэх болно. Энэ орны цорын ганц уламжлалт
соёл болсон мэргэжлийн спорт бол сүмо. Сүмо дуусвал Япон орон мөхнө гэж бодож явдаг.
Миний амьдралын зам ч гэсэн дуусна гэсэн үг.
-Хүүгээ сүмо бөх болгохсон гэж боддог уу?
-Монгол бөхөд ч, япон сүмод ч аав хүү аварга гэж байдаггүй. Хэрэв хүү маань сүмо барилдах
дуртай байгаад, ёкозүна болж чадах юм бол монгол бөхийн аварга өвөөтэй, гурван үеийн
аваргууд төрөн гарна. Тэгвэл ёстой хэн ч эвдэж чадахгүй амжилт болно доо гэсэн мөрөөдөл бол бий.
-Та өөрөө зааж өгч сургах уу?
-Мэдээж хэрэг өөрөө бэлтгэлг үй яахав. Одоохондоо мө- рөө дөхөөс хэтрэхгүй байгаа ч нас
ахиад ирэхээр хүүгээ бөх болгохсон гэдэг бодол хүчтэй болж ирэх нь гарцаагүй. Гэхдээ хаа ч
байсан юм.
М.Сугараа


Thursday 3 February 2011

Н.Энхбаяр: Би МАХН-д үлдэнэ гэдгээ хэлж байсан


2011 оны 1 сарын 27

МАХН-ын Онц их хуралд
оролцож байгаа Монгол Улсын
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та албан ёсоор бол МАН-ын
Бага хурлын гишүүн. Гэтэл яагаад
МАХН-ын Онц их хуралд оролцох
болов?

-Нийгэмд шударга бус явдал газар
авсан байна. Энэ нь ард түмэнд ч
хортой гэж үзсэн учраас “Онц их хурлыг яаралтай хийж асуудлыг ний нуугүй ярья.
Нэг, хоёр хүнийг доромжлох биш, нийт үзэгдлийг ярьж, болохгүй зүйлийг илрүүлж гаргая”
гэсэн хурал болж байна. Намайг урьсан учраас энэ их хуралд оролцож, тодорхой сэдвээр
үг хэллээ. Иргэд гэртээ хий бухимдах биш, үгээ хэлэх хэрэгтэй гэж үзсэн учраас дэмжиж,
энэ хуралд оролцож байна.

-Таныг Онц их хурлаас МАХН-ын даргаар сонгоно гэсэн яриа гараад байгаа.
Хэрэв сонгоно гэвэл та хүлээж авах уу?

-Би МАХН-ын ХХYI их хурлын өмнө ч МАХН-д үлдэнэ гэдгээ хэлж байсан.
Тэр хэлсэн үгэндээ л байгаа. Миний нэрийг надаас асуулгүйгээр МАН-ын Бага хуралд
оруулсан байна лээ. Нэг ёсондоо урхидаж авч байгаа ч юм уу, эсвэл айлгаж, эсвэл аргалж
тогтоох гээд ч байгаа юм уу. Уг нь Бага хуралд оруулна гэсэн бол хүлээж авч
уулздаг ч юм уу, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байсан. МАН-ынханд “Хамтран ажиллая,
хажуунаас нь зөвлөе. Албан тушаал надад хэрэггүй. Наанаа ардчилсан нэртэй, цаанаа
дарангуйллын тогтолцоог халъя. Хээл хахуулийг арилгая. Оюутолгойн гэрээг засъя.
Сонгуулийг шударга явуулъя. Энэ талаар та бүхэнд зөвлөж, ярьж хэлэх зүйл их байна“
гэсэн саналыг удаа дараа тавиад байгаа. Гэтэл өмнөөс МАН-ынхан “Та дуугүй бол.
Олонхиор асуудлыг шийдсэн. МАН гэдэг бүтэц бий болсон. Хээл хахууль, хүнд хэцүү
амьдрал бараг байхгүй. Эдийн засаг өсөх гээд байгаа“ гэсэн тайлбар тавиад
нийгэмд тулгамдсан асуудлыг ужигруулаад байгааг би хүлээж авч чадахгүй.

Гэхдээ МАХН-ын дарга болох тухайд надад санаж бодсон зүйл алга. ”Үнэхээр та хэрэгтэй.
Таныг урдаа барьж, энэ муухай хана хэрмийг цөмлөе” гэвэл би биеэ отож суугаад
хэрэггүй байх. Өөр сайхан хүмүүс байна гэвэл өөрсдийнхөөрөө л шийдэг. Шударга зүйл
МАН-д байсан ч би дэмжинэ. МАХН-д байсан ч дэмжинэ.

-Таныг МАН-ын удирдлагатай уулзаад Бага хурлын гишүүн мөн гээд хэлэлцээр
хийгээд явж байгаа тухай яриа гарч байсан?

-Аль нэг нам надад хэрэггүй. Зөв байр суурь л хэрэгтэй. Гэтэл МАН-ынхан зөв юм ярих
биш айлган сүрдүүлэх, мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулах, хүнийг дайрч доромжлох
бүдүүлэг алхам хийж байгаатай би санал нэгдэхгүй байгаа. Надад МАН-тай тохирсон зүйл
байхгүй. Би шударга юмны төлөө тохирч болно. Шударга бус юмны төлөө тохирсон зүйлгүй.
Албан тушаал надад өнөөдөр сонин биш. Зөв байр суурь, зөв үйл ажиллагаа л чухал.

-Таныг МАН-аас хөөнө гэж жагсаал цуглаан болсон. Үүнийг яаж хүлээж авав?

-Тэнэг залуучууд мөнгөөр жагсаал хийгээд, худлаа жүжиг тоглоод байгааг бүгдээрээ ойлгож
байгаа шүү дээ. Тийм марзан үйлдлийг бүгдээрээ инээж угтая л даа. Ийм маягаар залуучууд
минь битгий хүний бууны нохой болооч. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө харин цөмөөрөө
нийлж зүтгэе. Хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Энэ саналыг хүлээж авсан хүмүүстэй нь
хамтарч ажиллая гэж байгаа.

-Таныг МАХН-ын түр штабыг санхүүжүүлдэг. Өнөөдрийн ирсэн хүмүүсийг ч мөнгөөр
авчирсан гэсэн яриа гараад байгааг юу гэж үзэж байгаа вэ?

-Монголд Н.Энхбаяр ард нь байдаггүй ажил гэж байдаг юм уу. Юу ч байсан ард нь Н.Энхбаяр
байдаг гэж ярьдаг шүү дээ. Онц их хурлын ард, МАХН-ын ард, Ардчилсан намын ард,
М.Энхсайханы ард Н.Энхбаяр байгаа юм шиг байна. Тэгвэл тэр санхүүжүүлсэн баримтыг
гаргаад ир л дээ. Ийм элий балай зүйлд хариулахгүй байх эрх надад бий. Над руу тэсэх
аргагүй муу үг хэлж байгаа хүмүүс ч бий. Би тэднийг бүгдийг нь мэднэ. “Бөгс долоох,
долигонох” гэсэн муухай үг байдаг даа. Хатуухан хэлэхэд тухайн үед хамгийн их бөгс долоож
байсан хүн хамгийн муухай үгээр сүүлд дайрдаг юм билээ шүү. Түүнийг л ард түмэнд
ойлгуулаарай. Мөрөөрөө хариуцсан ажлаа хийгээд явж байсан хүмүүс одоо ч хариуцсан
ажлаа хийгээд, мэндийн зөрүүтэй, харилцан хүндэтгэлтэй явдаг юм шүү. Ийм ялгааг ойлгоорой.

-Та өөрөө эрх мэдэлтэй байхдаа шүүмжлээд байгаа энэ ажлуудаа хийхэд яасан юм бэ?

-Хийж байсан. Ганц жишээ дурдъя. Тавантолгойг хэн шаардлага тавьж байж ард түмэнд
буцааж өгөх ажлыг хийсэн юм бэ. Н.Энхбаяр байхгүй юү. Монгол Улсын Ерөнхийлөгч
байхдаа Н.Энхбаяр Тавантолгойг ганц нэг хүний баяжих хэрэгсэл болголгүй 100 хувь
нийт ард түмэнд буцааж өг гэсэн үүргийг Засгийн газарт өгч байж лиценз эзэмшигчдийг
ятгаж, шахаж шаардаж байж шийдүүлсэн. Харамсалтай нь 100 хувь буцааж өг гэсэн
Ерөнхийлөгчийн шаардлагыг тухайн үеийн Засгийн газар дутуу биелүүлж, тодорхой хэсгийг
хувь хүмүүст үлдээсэн. АТГ-ыг байгуулах ажлыг дэмжиж байгуулсан. Төрийн албан
хаагчдыг намын харьяаллаас гаргасан. Тэнд намаар дамжиж төрийн албыг чанаргүйжүүлэх,
худалдах ажил яваад байсан. Би зүгээр хөшөө байгаагүй. Н.Багабанди гэдэг хүн
бас найман жил Ерөнхийлөгч хийсэн. Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Батболд гээд Ерөнхий
сайд нар байна. Олон хүн ажиллаж байсан. Тэр дотор Н.Энхбаяр гэдэг нь нэг л хүн.
Бүгдээрээ хийх гэж оролдоод зарим нь бүтсэн, зарим нь бүтээгүй байна. Харамсалтай нь
өнөөдөр ихэнх нь дуугүй болчихож. Эвлэрсэн үү, өөр ямар нэг харилцаанд орсон уу.
Би бол өнөөдөр ч болоогүйг нь засах ёстой гээд дуугараад байна. Харин миний
дуугарсныг битгий яллаач. Миний хийх гэж байгааг хэн нэг хүний явуулгаар битгий мухарлаач.

-“Ийст” худалдааны төв өчигдөр шатсан. Танай намынхан үүнийг бас таны эзэмшил
байсан гэж яриад байгаа?

-Бас тэгж байгаа юм уу. За бүр баларлаа л даа. Тэнд миний өмч гэж ширхэг ч хадаас байхгүй.
Ер нь энд тэндээс юмаа цуглуулж авбал яасан юм бэ. Орой “Ийст” төв шатсан гэдэг
мэдээг хамгаалагчаасаа авсан. Хүмүүс өмч хөрөнгөө шатаалгасан нь харамсалтай байна.
Шалтгааныг хууль, хяналтын байгууллагууд тогтоох байх.

-Та “Шинэ нам” гэсэн илтгэл тавьлаа. МАХН-ыг цоо шинээр болгоно гэсэн үг үү?

-Чи, би гэлгүй бүгдээрээ шинэ хүн болъё л гэсэн үг. Шинэ монгол хүн гэдэг бол ажилтай,
боловсролтой, эх орондоо эзэн болсон, амьдралынхаа төлөө зүтгэх бололцоотой тийм хүн.
Архинд орсон, хар тамхинд донтсон залууг шинэ хүн гэж хэлэхгүй. Хээл хахуульд автсан
төрийн албан хаагч залуу ч байсан шинэ хүн биш. Тэднийг засч шинэ хүн болгоё.
Монголд шинэ хүн хэрэгтэй.

-Та МАН-аас гарах уу?

-Намд орж гарах бол том асуудал биш. Ошо гэж ухаантай философичиос “Би нас бараад
хаана очих бол” гэж хүн асуусан байдаг. Тэр ухаантай хүн дуугүй л байж. Дахиад хүн
асуухад Ошо бодож байгаад “Та нар нас барсныхаа дараахад яасан их санаа зовдог
юм бэ. Нас барахынхаа өмнөхөд санаа зовооч дээ. Яаж боловсролтой болох, яаж
амьдрахад санаа зовохгүй байж нас бараад яах вэ гээд байх юм” гэжээ. Түүн шиг
МАН-д байх, байхгүй асуудал бол ерөөсөө асуудал биш. Аль нэг намд баригдалгүй зөв байр
суурьтай л байх ёстой. Буруу зүйлээсээ л татгалзъя. МАН-д байлаа гээд худлаа ярьдаг
хэвээрээ байвал хэнд хэрэгтэй юм бэ. Шударга ёсны хувьсгал хийе.

-МАХН-ын дарга байсан хүмүүс танд ил захидал илгээсэн. Тэр талаар ямар байр
суурьтай байгаа вэ?

-Би хариу ил захидалдаа хэлсэн. Зүгээр байхад зүгээр байлгахгүй есөн хүний гарын
үсэгтэй захидал ирсэн. Хамтран ажиллах санал тавьсан юм болов уу гэтэл үг дуугүй
олонхио дага гэсэн байсан. Ажил хэрэгч биш, маш бүдүүлэг захидал гэж бодсон.
Олонхи дандаа зөв байна гэж байхгүй. Тухайн үед олонхи байсан байж болно.
Түүгээрээ далимдуулж олуулаа байсан ч хүний ам боох ёсгүй. Би Н.Багабандийн,
С.Баярын амыг боохгүй. Ганц хүн ядуурал байна гэж хэлэх нь есүүлээ ядуурал байхгүй
гэж хэлснээс зөв шүү дээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Н.Энхбаяр: Шударга ёсыг олонх болгохын төлөө явна


2011 оны 1 сарын 31

Саяхан Онц их хурлаа хийсэн
МАХН-ын удирдах бүрэлдэхүүн
хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр,
дэд дарга Ц.Шинэбаяр, ерөнхий
нарийн бичгийн дарга Н.Удвал,
Иргэний хөдөлгөөн хариуцсан
нарийн бичгийн дарга Л.Цог,
Төрийн бус байгууллага хариуцсан
нарийн бичгийн дарга Ю.Атар,
Гадаад харилцаа, сургалт, судалгаа
хариуцсан нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэ, Хэвлэл, мэдээллийн байгуулагатай
харилцах, олон нийтийн санаа бодлыг судлах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга
Д.Өрнөхбаяр нар түүнд оролцсон юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хурлын эхэнд товч мэдээлэл хийв. Тэрбээр “Онц их хурал нь
ард түмний хүсэн хүлээсэн, тэдний шаардлагаар хуралдсан, ард түмний индэр болсон
хурал боллоо. Үүнийг хийлгэхгүй гэж МАН-аас идэвхтэй үйл ажиллагаа явуулсан.
Ард түмэн хүлээсэн, шаардсан учраас, тэдний даалгавраар хурал их амжилттай боллоо.
Цаашдаа ард түмнийхээ талд байнга байж, хүсэн хүлээсэн идэвхтэй үйл ажиллагаа
явуулах үүрэг хүлээж удирдах албан тушаалд сонгогдлоо” гээд удирдах бүрэлдэхүүнээ
танилцуулав. Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын мэдээлснээр МАХН нь
дотоод ардчилалтай, гишүүд нь эрх мэдэлтэй, тэдэнд боломж олгодог байдлаар дүрмээ
боловсруулжээ. Намыг Чингис хааны аравтын системээр зохион байгуулахаар болсноо
хэллээ. Бага чуулган зэрэгт хоёр жил, хагас жилээр ротацийн сонгууль явуулах бөгөөд
мөнгөний төрийг өөрчлөх, монголчуудын оюун санааг өөрсдийгөө үнэлж чаддаг болгон
өөрчлөх, авлига, ажилгүйдэл, ядуурал, байгалийн доройтол, архидалттай тэмцэх, төр,
үндэсний аюулгүй байдал, монгол хүний амьдрал, залуучуудын хөгжилд чанарын өөрчлөлт
гаргах зэргийг тусгасан мөрийн хөтөлбөртэй нам болохоо мөн танилцуулав. Үүний дараа тэд
сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр УИХ-ын гишүүн. Тэгэхээр танай намыг парламентад
суудалтай нам гэж үзэж болох уу. Улсын дээд шүүхэд МАХН гэдэг нэрээр бүртгүүлэхэд
учрах саад байна уу. Эсвэл бүртгүүлэхдээ өөр нэрийн хувилбартай очих уу?
Ц.Шинэбаяр: -МАН 2008 оны сонгуульд МАХН нэрээр орсон. Нэрээ сольсон тул МАН
гэдэг нам сонгуульд ороогүй. Хоёр зуу орчим мянган хүн МАХН гэдэг нэр дээрээ үзэл
бодлоороо нэгдээд байна. Тэгэхээр бидэнд МАХН гэдэг нэрээ сэргээж авах бололцоо байна.
МАХН гэдэг нэрээ эргүүлж авахаар Улсын дээд шүүхэд хандахад МАН нэрээ өөрчилснөө
бүртгүүлсэн тул МАХН нэрийг авах бололцоотой гэсэн хариу өгсөн. МАН гэдэг нэрийг л
өөр хуулийн этгээд хэрэглэхгүй байх хуулийн заалттай. УИХ-д одоо МАН 45, Ардчилсан нам 27,
ИЗН нэг, Ногоон нам нэг суудалтай, бие даагч нэг байна. Одоогоор би бол сул гишүүн.
Харин намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа МАХН парламентад суудалтай нам болно.

Н.Энхбаяр: -МАН-ын удирдлага 2008 онд Үндсэн хууль зөрчиж Ардчилсан намтай хамтарсан
Засгийн газар байгуулсан. Сая МАХН-ыг алга болгож МАН гэдэг нам байгуулсан. Ингэснээр
2008 онд УИХ-д энэ намаас сонгогдон гарч ирсэн гишүүдийн нэр, хаяг будилсан.
Сонгуульд МАН ороогүй, 45 гишүүнд УИХ-д суудал байхгүй. Бүлэг байгуулах боломжгүй.
Эсвэл 45 хүн МАХН-ын бүлэг байх ёстой, эсвэл бие даагч гишүүд л болох байх. МАХН
Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ нэрээ сэргээн авч хэнтэй ч хамтарч ажиллах боломж байгаа.
Шударга шүүх байгаа бол Улсын дээд шүүх бүртгэнэ. Намын дарга нар асуудлыг дураараа
шийддэг байдлыг таслан зогсооно. Сонгуульд нэг нэрээр ороод дараа нь сольдгийг
зогсооно. Ардчилангуйлал /ардчилал, дарангуйлал гэсэн хоёр үгийн нийлбэр гэнэ/
бий болсон. Сонгуулийн амлалт, ажилгүйдэл, ядуурлаас бултаж байна. МАН-ын
батлах солих ажил ихээхэн сүржин болж байна. Батлах бол хөнжил, боов, бэлэг дагуулж өгдөг
зүйл биш. Хүн бол мал биш. Малд л асуулгүйгээр тэмдэг тавьж болно. Хүнийг тэгж болохгүй.
Энэ бол гишүүдтэйгээ яаж харилцаж ирсний илрэл. Надаас асуулгүйгээр Бага хурлын гишүүн
болгосон. Тэгэхээр энгийн гишүүддээ яаж хандах нь ойлгомжтой. МАХН бол зоригтой,
зарчимтай, ухамсартай хүмүүсийн байгууллага. МАХН-ын онц их хуралд хүмүүсийг явуулахгүй
гэсэндээ зарим аймгийн онгоцны нислэгийг бүтэн нэг өдрөөр хойшлуулсан. Үүний цаана
хэчнээн хүний ажил, амьдрал хохирохыг тооцоолж үзээгүй. Ийм зүйлийг сөрч МАХН-ын
гишүүд онц их хуралдаа ирсэн.

-Гуравдугаар сарын 1-нд намын 90 жилийн ой болно. Аль намын баяр болох вэ.
Мөн МАХН гэдэг нэрээр бариулсан, бариулж байгаа байрны асуудал байна?
Н.Энхбаяр: -Нэг түүхтэй хэд хэдэн нам байж болно. Харин аль нэг нь түүхийг өмчилж
болохгүй. Ойг ч өмчлөхгүй. Гэхдээ бид гуравдугаар сарын 1-нд сайн бэлдэнэ. МАН
Монголын ХХ зууны түүхийг өмчилж болохгүй л дээ. Энэ нам 86-87 жил МАХН гэдэг
нэртэй явж ирсэн. МАН гэдэг нэрийн утгыг сонирхвол янз янзын юм гарч ирдэг.
МАХН-ын шатсан байр бол ЗХУ-ын зээлийн хөрөнгө дотор ордог. Энэ бол Монголын
ард түмний зээл болохоос нэг намын зээл биш. Яагаад шатсан, яагаад шатаасан
гэдэг жич асуудал. Одоо нэг байрыг хандиваар босгож байна. Үүний цаана ямар авлига,
ямар сэжигтэй мөнгө явж байгааг мэдэхгүй.

-МАХН хуучин биш шинэ нам гэж байна. Та өөрөө шинэ хүн болж чадах уу?
Н.Энхбаяр: -Хүн өөрөө өөрийгөө байнга шинэчлэх хэрэгтэй. Тэнгэрээс бууж ирсэн нэг ч
хүн байхгүй. Шинэ төр, шинэ нам, шинэ хүнийг бий болгохын төлөө би намын
гишүүдийнхээ итгэл, даалгаврыг дааж ажиллана. Би 1996 онд МАХН-ыг сонгуульд унаад
байхад ерөнхий нарийн бичгийн дарга, дараа нь МАХН-ын дарга болсон. Хүнд хэцүү
үед ачаа үүрэх тавилантай хүн юм байлгүй. Ээдрээтэй, хүнд байдалд нам орсон үед
гишүүдийнхээ итгэлийг авч явах хувь тавилан байна. Одоо шударга ёс цөөнх болжээ.
Шударга ёсыг олонх болгохын төлөө явна. Хэтэрхий намчирхдаг алдаа манай дарга нарт байдаг.
Үүнээсээ алддаг. Би ч тэгж байсан байх.

Намуудын санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Хандивт барьцаалагдаж
20 жил боллоо. Мөнгөний худлаа хоосон амлалттай сонгуулийн тогтолцоо үеэ өнгөрөөлөө.
Хорин жил ардчилал гэж ард түмнээ молигодлоо. Хорин жилийн дараа ардчилангуйллыг
тогтоолоо. Хорин жил ардчилал ярьсан зарим хүн одоо төр, засгийн алдааг хэлж жагсч цуглавал
эрүүгийн ял онооно гээд хууль гаргаад сууж байна. Хүн хувирч байна. Бид шударга ёсны
төлөө хувирах ёстой. Харин битгий муу тал руу хувираасай.

-МАХН-д ирэх жил сонгуульд орох боломж бий юү. Улс төрийн намуудын тухай хуулиар
сонгууль болохоос 18 сараас дотогш хугацаанд байгуулагдсан нам сонгуульд орох
эрхгүй гэсэн заалт бий?
Ю.Атар: -Энэ заалт хүчингүй болсон. Хугацаа заахаа больсон. Тэгэхээр МАХН
сонгуульд орох бололцоотой.

-С.Молор-Эрдэнэ докторт намын дарга болно гэж итгэж байсан залууст ямар итгэл
найдвар өгөх вэ?
С.Молор-Эрдэнэ: -Би нэрээ дэвшүүлнэ гэж хэлээгүй. Монголд улс төр үнэн дүр төрхөөрөө
эргэж ирнэ гэж итгэдэг. Миний өөрчлөлт хийх цаг ирнэ. Удахгүй шүү гэж хэлье.

-Танд дарамт ирж байна уу?
Н.Энхбаяр: -Дарамт ирж байна. Цаашдаа ч байх юм шиг байна.

-МАХН-ын ХХYI их хурлаар МАН гэдэг шинэ нам байгуулсан. Гэнэтхэн туг,
бэлгэдлээ солиод гараад ирсэн. Л.Цог та хуульч хүн. Үүнийг анзаарсан уу?
Л.Цог: Тэр их хурал дээр МАН гэдэг зохиомол зүйл гарч ирсэн. Сонгуульд орсон намд нэр,
мөрийн хөтөлбөрөө өөрчлөх нь хориотой байдаг. Үнэхээр шинэ нам бий болсон.

-МАХН бүртгүүлсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг, хамтарсан Засгийн газар байгуулсан
алдааг засахын төлөө ажиллах уу?
Н.Энхбаяр: -МАН-ын 45 гишүүн бол одоо бие даагчид. МАХН-ыг Улсын дээд шүүхэд
бүртгүүлсний дараа шударга ёсны төлөө үйл ажиллагаа өрнөнө. Үүний төлөө тэмцэх
эрэмгий гишүүд аль ч намд бий. Хамтарсан Засгийн газар бол хууль зөрчиж байгуулагдсан.
Дөч гаруй суудал авсан нам хорь гаруй суудалтай намтай хамтарч Засгийн газар
байгуулсан нь хариуцлагаас мултрах, авлига, хээл хахуулиа нуух гэсэн хэрэг.
Олонх болсон нам дангаараа засгаа бүрдпүүлэх хэрэгтэй. Долдугаар сарын 1-ний үйл
явдлыг судалж таван хүний амь насыг бүрэлгэхэд хэн буруутай вэ гэдгийг бодох ёстой.
Монголын ядуурал 40 хувьд хүрч байна. Хэвлэл, мэдээллийн хяналт илүү хэрэгтэй
болж байна.

-Таныг “авлигын загалмайлсан эцэг” гэдэг, яагаад?
-“Дээдсийн хүрээлэн” гэдэг сонин байсан. Тэдний ажилтнууд, тэдний танил талын дунд
нэг судалгаа явуулаад хэдэн хүний зохиомол нэр гаргасны нэг би юм гэнэ лээ. Би албан
тушаалаа өгөөд хоёр жил болж байхад Монголд авлига улам цэцэглээд байна шүү дээ.
Сая тэр жагсаал цуглааныг хэн зохион байгуулав. МАК-ийн Нямтайширын хүү Н.Номтойбаяр
гэдэг залуу гол ачааг зохион байгуулсан. Нямтайшир МАХН-ын шинэ байранд нэг
тэрбум төгрөг хандивласан Тэгэхээр цаана нь түүнээс давсан орлого байж таарна.
Монголын нүүрсийг хэтэрхий хямд өгч байгааг би тухайн үед шүүмжилж байсан.

Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөлөө. МАХН-ын дарга нар хэвлэл, мэдээллийн
байгууллагын хяналтын үүрэг урьд урьдаас илүү болж байгааг сануулсаар байв.

Д.ОЮУНЦЭЦЭГ

С.Оюун: Бид ногоон үзлийг нэгдүгээрт тавина


2011 оны 2 сарын 1

Парламентад суудалтай сөрөг хүчин болох
ИЗН, МНН хоёр нэгдэж, Иргэний зориг-Ногоон
нам байгуулах гэрээг өчигдөр үзэглэлээ.
Энэ үеэр МНН-ын зарим гишүүн уг үйл
явцыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа
илэрхийлж байв. Хоёр нам нэгдэж байгаа
талаар УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга
С.Оюунаас тодруулсан юм.



-Хоёр нам ямар үзэл баримтлалын дор нэгдэж байна вэ?

-Бид байгаль орчин, экологио хамгаалах ногоон үзлийг нэгдүгээрт тавьж байгаа.
Үүнийг зөвхөн ИЗН, МНН гэлтгүй ямар ч улс төрийн хүчин гол болгох ёстой.
Үүний дараа ИЗН-ын либераль үзэл, төвийг сахисан байр суурийг хэвээр
хадгалж үлдэх юм. Хувийн хэвшил давамгайлсан нийгмийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал.
Бид үүнийг ч бас гол болгож байгаа.

-Иргэний зориг-Ногоон намд эрх баригч хоёр намын эсрэг гол сөрөг хүчин болж
ажиллах нөхцөл боломж, бааз суурь байгаа юу?

-Байгаа. Бид парламентад хоёр суудалтай. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар ИЗН нийт
сонгогчдын 12 хувь, МНН-Иргэний эвсэл 14 хувийн санал авсан. Үүнийг тоогоор
илэрхийлбэл 200 мянга гаруй сонгогч, дэмжигчидтэй гэсэн үг. Тийм учраас суурь
байгаа гэж хэлж болно. Манай сонгуулийн тогтолцоо төдийлөн оновчтой биш байгаа
учраас бид сууриа бүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс сонгуулийн хуулийг
өөрчлөхийн төлөө ажиллах болно.

-Танай намд шинэ лидер гарч ирэх үү. Тухайлбал намын дэд даргын асуудал
яригдаж байгаа?

-Намд шинэ лидер гарч ирнэ. Шинэ нам бий болж, үйл ажиллагаа эрчимжиж байгаа
энэ үед шинэ хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ заавал олны танил хүн байх
албагүй. Намын их хурлаа энэ уриралд багтааж зохион байгуулна. Тэр үеэр дэд
даргын асуудал, бүр тодорхой болох байх. Харин намын даргын тухайд гэвэл
МНН-аас нэр дэвшүүлэх эрхтэй

-Танай хоёр нам нэгдэж байгааг МНН-ын зарим гишүүн хүчтэй эсэргүүцэж байна.
Тэр талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол ардчилсан нийгэмд байдаг л зүйл. Гэхдээ олонхийн саналаа цөөнх нь
дэмжиж байж ажил урагшилна.

-Иргэний зориг-Ногоон намтай өөр намууд нэгдэх үү?

-Энэ талаар одоо хэлэхэд эрт байна. Эхний ээлжинд их хурлаа зохион байгуулна.
Түүний дараа дээд шүүхэд бүртгүүлнэ. Тэр хүртэл өөр намтай нэгдэх талаар ямар
нэг яриа гаргахгүй. Харин түүний дараа энэ тухай ярьж болох юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

До.Цэнджав: Манай уран зохиол дэлхийтэй өрсөлдөх цаг болсон

МЗЭ-ийн уран бүтээлийн дээд шагнал олгох наадмаас МУИС-ийн МХСС-ийн утга зохиолын тэнхимийн багш, хэлбичгийн ухааны доктор, дэд профессор Долгорын Цэнджав “Алтан өд-2010” шагнал хүртжээ. Д.Нацагдорж болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч, “Өнөөдөр”, “Засгийн газрын мэдээ” “Монголын мэдээ” зэрэг өдөр тутмын томоохон сонинуудын шанг таталцаж, бодлогыг барилцаж явсан түүнийг сэтгүүл зүй, утга зохиолын салбарынхан бол андахгүй. Харин МУИС-ийн багш гэдгээр нь төдий л олон хүн мэдэхгүй болов уу. Бидний яриа До.Цэнджав багшийн тухай өгүүлнэ.

- Манай сургуулийн багш монголын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал авсандбахархаж байна. Энэ таны анхны “Алтан өд” үү?

- Тийм ээ. Энэ миний хоёр дахь Алтан өд. 2008 онд “Хөх жавар” өгүүллэг туужийн номоороо би томоохон хэмжээний бүтээлийн төрөлд энэ шагналыг авч байлаа. Харин энэ жил богино хэмжээний хүүрнэлт зохиолын төрөлд “Буурал ээжийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ” уран сайхны эссэ бүтээл минь шалгарлаа. Уран зохиолын бичлэгийн өнгө аясыг өөрчилсөн, баримтыг шинэчилсэн гэдэг утгаар олголоо доо.


МХСС-ийн Утга зохиолын тэнхим буюу ажлын өрөөндөө

- Энэ бүтээлээ хэдэн онд туурвисан бэ?

- Ном болон хэвлүүлж гаргасан нь 2010 ондоо. Доторх бүтээлүүд нь янз бүрийн цаг хугацааных. Миний эссэний гол онцлогийг нь амьдралын үнэн баримтыг уран сайхнаар боловсруулж, мөн монгол хэлний илэрхийлэл, яруу төгс найруулгыг хэрэглэсэнд оршдог гэж судлаачид дүгнэдэг.

"Алтан-Өд-2010" наадмын үеэр

- Таныг МУИС-ийн багш гэдгээр тэр бүр хүмүүс мэддэггүй. Их сургуулийн гишүүн болоод удаж байна уу?

- 2007 оноос. Би ер нь багш мэргэжилтэй хүн л дээ. Хорин гуравтайдаа л хөдөөгийн дунд сургуулийн захирлаас ажлаа гараагаа эхэлж байлаа.

- Шууд л захирлаар очсон хэрэг үү?

- Тэгсэн. 70-аад он. Тэр үед чинь сургууль төгссөн залуус шууд л хөдөө цөлөгддөг байлаа. Би 1978 онд Дундговь аймгийн Өндөршил сумын дунд сургуульд анх очиж ажилласан.

- Их залуу захирал байж дээ, тэгвэл?

- Ямар сайндаа л 1979 онд болсон ЕБС-ийн захирлуудын улсын зөвлөлгөөнийн үеэр тухайн үед боловсролын сайд байсан Санжаасүрэн гуай монгол улсын дунд сургуулиудын хамгийн залуу захирал Долгорын Цэнджав гэж намайг нэр дуудан босгож байхав дээ. Одоо би МУИС-ийн МХСС-ийн Утга зохиолын тэнхимд багшилж байна. Орчин үеийн уран зохиол, хэвлэл мэдээллийн хэрэгслийн менежмент, яруу найргийн туурвил зүй, нэн шинэ үеийн уран зохиол, утга зохиол судлалын түүх, уран сайхны шүүмжлэлийн онол дадлага зэрэг хичээлүүд заадаг.

- Орчин үеийн утга зохиолын чиг хандлага хаашаа явж байна вэ. Сүүлийн үед утга зохиолын олон иш урсгал бий болжээ?

- Хуучин бол социалист реализм гол арга байсан. Гэхдээ тэр үеийн зохиолчдын бичсэнийг нь социалист реализм гэсэн хайрцаганд оруулаад байсныг үгүйсгэж болохгүй. Тэр үеийн утга зохиолыг би хувьдаа их том утга зохиол байсан гэж боддог. Гэхдээ нэг зовлонтой нь үзэл сурталд их баригдсандаа байгаа юм. Ер нь реализм гэдэг мөнх ногоон орчин юм. Ерээд оноос хойш уран зохиолын олон эшт үзэл бий болсон нь ертөнц дахины голдрил руу урсан орох сайхан боломж өгсөн. Юмыг олон талаас нь харна гэдэг сайхан. Миний хувийн бодлоор эрх чөлөө нь зохиолчдын сэтгэлгээг өөрчилсөн ч ур чадварыг бүдгэрүүлсэн тал байна. Зарим залуу зохиолчид судалгаа шинжилгээ огт хийлгүйгээр маш хөнгөн, хуумгай бичдэг болж. Сэдэв нь дэндүү энгийн. Даацтай, глобаль асуудлыг тойроод байх шиг. Түүнээс биш өнөөгийн утга зохиолд агуу их эрх чөлөө байна. Энэ эрх чөлөөг бүрэн гүйцэд ашиглаж байна уу, үгүй юу гэдэгт хамаг учир байна.

- Яг яаж ашиглахыг хэлж байна вэ?

- Сүүлийн 20 жилд ядаж өөрийн орондоо шуугиулсан зохиол олон төрсөнгүй. Гэтэл хятадын ерийн нэг зохиолч өвөрмонголчуудын амьдралаар “Чонон сүлд” гэсэн ном бичсэн нь бараг дэлхийд уншигдаж байна. Гэтэл дэлхийн 30 оронд бүтээл нь орчуулагдсан Зян Руны хэмжээнд бичсэн зохиолч манайд яагаад гарахгүй байна. Монголын утга зохиолыг дэлхийд гаргаж ирэх цаг нь болсон. Би Нобелийн шагналт зохиолч монголд байгаа гэж өөдрөгөөр боддог. Тэр спорт, урлагийнханд мөнгө хаядаг шигээ их утга зохиолыг ч бас төр бодлогоор дэмжмээр байна.

- “Он цагийн шастир” сэтгүүл зүйн ном тань мэргэжлийн ангийнханд төдийгүй сэтгүүлч, судлаачдад их өгөөжтэй бүтээл болсон?

- Утга зохиолоос гадна сэтгүүл зүйн нэлээд бүтээл бичжээ би. Түүнээсээ шигшээд “Он цагийн шастир” гээд зузаан ном гаргасан. Энд хөрөг, эссэ, сурвалжлага, ярилцлага гээд сэтгүүл зүйн есөн төрлөөр бичсэн бүтээлүүд орсон. Би олон сонирхолтой хүмүүстэй ярилцлага хийж явахдаа гагцхүү үнэн түүх үлдээхийг хичээсэн. Өнөөдөр та бид хоёрын яриа сонирхолгүй байж болно. Гэвч маргааш үнэлж баршгүй түүх болдог. Сэтгүүл зүй утга зохиолоос илүү гайхамшигтай нь түүхийг үлдээж чаддагтаа байдаг. Би монголын түүхийн амьд гэрч, домог болсон гайхамшигтай хүмүүстэй ярилцлага хийсэн нь чухамдаа Чойбалсан гэж хэн байв, Цэдэнбал юу хийж бүтээсэн юм бэ, хэлмэгдүүлэлтийн үеэр юу болсон бэ гэдэгт хариулт авч чадсан юм. Үүгээрээ миний ном овоо урт настай болов уу. Бас үнэ цэнтэй. Энэ утгаараа сэтгүүл зүйн төдийгүй түүхийн салбарынханд ч чухал баримт, эх сурвалж болохыг үгүйсгэхгүй юм шүү. Ер нь бичмэл хэлбэрээс илүү ”Амьд түүх” гэдэг сонирхолтой зүйл америк, европт их хүчтэй гарч ирсэн.

- Танд утга зохиолын гэхээсээ сэтгүүлч олон шавь бий. Муу хэлэгдэх нь олонтаа чүзэгдэхгүй, харагдахгүй юм гэж үгүй сэтгүүлзүйн лабораториЯнз бүрийн хэл аманд өртөх нь олонтаа ч тэд нийгмийн өвчин эмгэгийг оношлохын төлөө өдөр шөнөгүй ажиллацгаадаг?

- Хүн амьдралдаа давын өмнө дөрвөн зүйлийг үлдээх ёстой юм уу даа. Эхнийх нь сайхан ном хийх, дараагийнх нь өөрийнхөө үргэлжлэл болсон үнэнч шавь нартай болох, удаах нь сайн үр хүүхэд, ач зээ өсгөн хүмүүжүүлэх, эцэст нь хэн ч гутааж дийлэхээргүй нэр төрөө дархлах, энэ дөрөв юм. Би самбар шохойтой бага залуугаасаа зууралдсан багш хүн. Дунд сургуульд нь ч багшилж явлаа. Боловсролын хэлтэст ч ажиллаж байлаа. Сургалт заах аргын кабинетын эрхлэгч ч байсан болохоор боловсролын асуудлыг мэднээ. Их дээд сургуулиудад хичээл зааж олон шавьтай болжээ. Хаа газар, ялангуяа сэтгүүл зүйн салбарт багшаа гээд уулздаг сайхан шавь нар олон бий. Ганц миний шавь гэж өмчлөх нь ч юу юм. Энэ олон эрдэмтэн багш нар дундаа дамжилж өдий зэрэгт хүргэсэн тэр л хүмүүс. Миний хичээл зааж байсан шавь нар монголын төв хөдөөд бараг бүх сонин, радио телевиз, FM-д байна. Тэд өнөөдөр монголын шинэ сэтгүүл зүйг нуруундаа үүрч яваа. Нэрлээд яахав дээ. Заримыг нь дутуу хэлээд гомдоож мэднэ. Тэд маань маш хурдан өсч байна. Ер нь өөрийн хийснээс дутахгүй шавь нарынхаа бүтээлд баярладаг болдог юм байна шүү.

- Бахархахгүй байхын аргагүй, бүр энэ чинь миний шавь шүү дээ гээд босоод ирмээр үе багш хүнд олон гарна биз?

- Гайгүй багш гэдэг бол шавь нь өөрөөс нь давахыг хэлнэ. Хэзээ нэгэн цагт “ВВС” ,“CCN”-ээс монгол сэтгүүлч ярьж байна гэхэд гайхах зүйл гарахгүй биз дээ. Ийм төрлийн агентлагууд секундээр өрсөлдөж, мэдээллээ дамжуулдаг гээд бод доо.

- Сайн сэтгүүлч болохын тухайд шавь нартаа захиж хэлдэг зүйл бишгүй л байдаг байх?

- BBC-гийн нэг хуурай хууль байдаг. Гал гарахаас 30 минутын өмнө сэтгүүлч хэргийн газарт очсон байх ёстой гэсэн. Амьдрал дээр ийм явдал тэр бүр таарахгүй ч гэсэн сэтгүүлч цагийг үнэлж чаддаг, мэдэрч чаддаг, зөнч мэргэн, шуурхай байхыг л хэлсэн хэрэг. Хүн хоёр нүдтэй боловч жаахан хэтрүүлж хэлбэл, сэтгүүлч хүн дөрвөн нүд, дөрвөн чих, дөрвөн хөлтэй байх ёстой. Мэдээг хөлөөрөө ч, гараараа ч, тархи мэдрэмжээрээ ч бичнэ. Мэдрэхүйн таван эрхтэн, магадгүй зургаа дахь нь орж байж жинхэнэ дайчин шуурхай, хариуцлагатай, чанартай сэтгүүл зүйг бий болгоно гэж боддог шүү. Эцсийн эцэст баримттай үнэн зүйл бол сэтгүүлзүйн амин сүнс. Мөн сэтгүүлчийн ёс зүйг чанад барих хэрэгтэй. Күнзийн “Ёс зүйгүй бол бүү ярь. Ёс зүйгүй бол бүү сонс. Ёс зүйгүй бол бүү үйлд” гэсэн үг байдаг. Үүнийг сэтгүүлч хүн хааяа ч гэсэн санаж байхад илүүдэхгүй.

- Таны энэ барьж байгаа ном их содон юм. Авсаархан атлаа хатуу хавтастай, өнгө зургийн зохицол нь нүдэнд тусч байна. Шинэ бүтээл үү?

- “Мянган цэн үг” хэмээх өөртөө бол их л үнэ цэнтэй ном гэж бодож байгаа шүү. Үүнийг мянган афоризм буюу онч мэргэн үг гэж болно оо.



- Өөрөө бүгдийг нь зохиосон гэж үү?

- Тийм ээ. Би ямар нэгэн цэцэн ухаантнаас асуугаагүй бас хуулбарлаагүй.Тэдний амнаас нэгийг ч тэмдэглэж аваагүй. Миний тархины гимнастикаар бүтсэн ном. Намайг тания гэвэл энэ номыг уншихад л хангалттай. Зөвхөн миний зохиосон үг энд бий. Жишээ нь “Буруу гэдэг зөвийн нөгөө тал”, “Хүнийг хүндэлвэл бүтээх хэргийнхээ талыг өвөртөлж яваа гэсэн үг”, “Ухаалаг даруу бүсгүйн ааш аяг алтан ээмэгнээс нь илүү гоёл болж харагддаг” гэх мэт. Яагаад монгол хүн үүнийг хийж болохгүй гэж. Заавал Сократ бичих ёсгүй биз дээ. Манайхны нэг дутагдал нь номонд гоо сайхан байх ёстойг тэр бүр мэддэггүй. Ном бүтээнэ гэдэг цаас сонгохоос эхлээд өнгө, дизайн, зураг чимэг, үсгийн сонголт гээд бүгдийг нарийн бодолцож, донж маягийг нь тааруулахыг хэлнэ.

- Хөдөөгийн багшаас “нийслэл хүү” болж ирсэн тань их сонин түүхтэй гэж сонссон?

- Би хөдөө багшилж байхдаа “Бүргэдийн жигүүр цуцахгүй” нэртэй найруулал бичсэн юм. Гол баатар нь 70 нас гараад улсын аварга малчин болсон Бандгай гэж хүн. Амьдрал нь их сонин. Эх орны дайны үед их бууны зэвсгийн албаны дарга явсан юм билээ. Тэр найруулал улсад байр эзлээд “Үнэн” сонины удирдлагын анхааралд өртөж л дээ. “Та нарын хийж чадахгүй байгааг хөдөөний жирийн нэг хүн бичжээ. Энэ хүнийг олж судал” гэж үүрэгдсэн гэдэг. Тэгээд “Хэрэв та хөгшин хүн бол их авъяастай юм. Цаашид манайд бичиж байгаарай. Харин залуу хүн бол бидэнтэй ирж уулзаач” гэсэн сониндоо урвуулах утгатай захиа надад ирүүлсэн. Би бас тухайн үедээ утга зохиолын хэд хэдэн шүүмж биччихсэн байсан. Ингэж л сэтгүүл зүй, утга зохиол хоёрынхоо хүчээр хөдөөнөөс хот газарт ховх татагдсан хүн.

- Тэр үеийн “Үнэн” сонины эрхлэгч нь их айхтар гярхай хүн байжээ дээ?

- Намайг Лодонгийн Түдэв гэдэг агуу хүн анх авсан. Энэ хүнийг би хайрлаж хүндэтгэж явдаг. Миний оюун ухааны болоод амьдралын багш юм даа. Их хатуу, гашуун үгтэй хэрнээ авъяас билэг нь цаглашгүй, дахиад 50 жилдээ төрөхөөргүй соён гэгээрүүлэгч хүн.

- Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

- Томоохон эрдэмтэд, шинжлэх ухааны хүрэлэнгүүд оролцсон “Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гээд том хэмжээний бүтээл гарах гэж байгаа. Үүний редактораар нь ажиллаж байна. Утга зохиолын шинэ судлалын “Утгын мэлмийг нээхүй” гэдэг номоо бас энэ ойрмогхон уншигчдадаа барина. Мөн манай утга зохиолын тэнхим Өвөрмонголын их сургуультай хамтран бүтээж буй “Монгол үндэстнүүдийн их утга зохиол” гэсэн номны “Монголын шүүмж судлалын түүх” гэдэг бүлгийг бас бичиж байна даа. “Цагаагчин гахай жил” романаа ч удахгүй дуусгана.

- Оюутнуудад хандаж хэлэх үг байна уу, ялангуяа номтой нөхөрлөхийн хувьд?

- Одооны оюутнууд мэдээллийг олж авахдаа үнэхээр овжин юм. Мэдээлэл гэдэг мэдлэг биш шүү дээ. Мэдээллийг л мэдлэг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдээлэл нь тархинд сууж өгөөд шинжлэх ухаанаар баяжихийг л мэдлэг гэж хэлж байна. Телевиз хүний тархин дахь мэдээлэл хүлээн авах, боловсруулах үй олон, хэдэн сая тэрбумаар тоологдох эсийг унтрааж байдаг бол харин номыг бариад тухлан суугаад уншихад нөгөө үхэжсэн эд эсийг эргээд сэргээдэг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байна. Тэгэхээр цэгцтэй, олон талын өргөн мэдээллийг өөрийн мэдлэг болгож авахыг хүсвэл номтой дотно нөхөрлө гэж хэлмээр байна даа. Бас оюун тархиа үргэлж нялх байлгахын тулд юм их унших хэрэгтэй. Зөнөсөн гавж гэж байдаггүй юм.


Өвөрмонголын Их Сургуулийн Монгол хэл соёлын салбарын тамгын
газрын дарга н.Уулын хамт


- Өнгөрсөн намар оюутнуудынхаа хамт Өвөрмонголын их сургуульд зочлоод ирсэн байх аа?

- Миний авч явсан оюутнууд утга зохиолын төгсөх ангийнхан. Хамтын ажиллагааны хүрээнд танилцах дадлагаар явсан. Энэ үеэр тэндхийн докторант магистрантуудад хичээл заалаа. Телевиз, радиогоор нь ярилцлага өглөө. Тэдний материаллаг бааз гэж үнэхээр атаархмаар юм билээ. Харин сэтгүүл зүй нь яг манай 20 жилийн өмнөх шиг л байна лээ.

- Танд баярлалаа.

The source: www.num.edu.mn

By Ariuntsetseg