Monday 30 April 2012

Э.Мөнх-Очир:Намуудад бугшсан “Идээ бээр” хагарч байна


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг "Ярилцах танхим "-даа урьж ярилцлаа.

-Та ирэх жилийн сонгуулиар Булган аймагт дахин ялалт байгуулна гэдэгтээ бат итгэлтэй байгаа юм шиг санагдсан. Яагаад тэр вэ?
-Яагаад тэгж бодож байгаа юм бэ.
-Таны ярилцлагыг уншихад тэгж санагдсан?
-Тэгж ойлгогдож байна уу. Уг нь би сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна гэж яриагүй. Харин хүмүүст тэгж ойлгогдсон юм байж л дээ. Чуулганы завсарлагаанаар аймагтаа очиж Э.Мөнх-Очир үнэхээр юм хийсэн үү, үгүй юү гэдгийг тайлагнах төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол сурталчилгаа биш. Надад өнөөдөр сурталчилгаа хийх шаардлага байхгүй. Сонгогчид маань намайг өөрсдийг нь төлөөлөн ажиллана гэж итгэл хүлээлгэн наашаа илгээсэн. Би энд сонгогчдоо төлөөлж ажиллах үүргээ биелүүлж байна. Хажуугаар нь нутагтаа хийх ёстой зүйлээ давхар хийж  байгаа гэж боддог.
-УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхэд салбар хариуцсан сайд нь байгаагүй. Ийм байдлаар асуудал хэлэлцээд үр дүнд хүрэх болов уу. Та энэ талаар ямар байр суурьтай байна?
-Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. "Тавантолгойн тодорхой хэсгийг ард түмэнд өгчихье" гэхээр компаниуд нь дургүйцдэг. "Компаниудад өгье" гэхээр ард түмэн дургүйцэх нь мэдээж.Тиймээс эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд Засгийн газраас Тавантолгойн асуудлыг оруулж ирсэн болов уу. Энэ нь ч сайшаалтай хэрэг. Харин энэ асуудлыг хэлэлцэж байхад салбарынх нь сайд байхгүй байсан нь харамсалтай. Хэлэлцүүлгийн үед гишүүдэд таалагдах ч зүйл гарна. Таалагдахгүй ч зүйл гарна шүү дээ. Энэ бүхнийг тайлбарлах ёстой байсан юм.
-Үүнээс үүдэн асуухад Засгийн газрын гишүүд рүү онилсон "сум" сүүлдээ Ерөнхий сайдыг чиглээд байгаа мэт харагдах болсон. Гэхдээ Ерөнхий сайд шүүмжлүүлсэн сайд нараа хамгаалж байгаа нь түүний буруу ч байж мэдэх юм?
-Зарим сайдын хийж буй ажил, үйлдэл нь хангалтгүй байна гэж үзсэн гишүүд тухайн сайдад хандаад болохгүй болохоор нь Ерөнхий сайд руу хандаж байгаа нь үнэн. Гэхдээ Ерөнхий сайд сайд нараа өмөөрч байгааг буруу гэж ярьж болохгүй шүү дээ. Тухайлбал, би өнөөдөр Ерөнхий сайд байвал багаа өмөөрөх нь гарцаагүй. Хэн ч гэсэн ялгаагүй өөрийнхөө багийг өмөөрч байж л ажлаа явуулна. Өнөөдөр би багаа өмөөрч чадахгүй бол яаж багаараа дэмжүүлж, нэг баг болж ажил хамтарч гүйцэтгэж чадах юм бэ. Тухайн хүн нь ч гэсэн намайг дэмжихгүй юм чинь ажил хийж яах юм бэ гэдэг ойлголт бий болно биз дээ. Нөгөөтэйгүүр өмөөрүүлж байгаа сайд нар нь даварч болохгүй. Үүнийг ухамсарлах ёстой л доо.
-Хэрэв Ерөнхий сайд буруу зүйл дээр толгойг нь илж, өөгшүүлээд байвал яах юм бэ?
-Мэдээж, ямар байдлаар өмөөрч байна юм. Ажлыг нь сайжруулж байна уу, эцэслэн шийдэж чадаж байна уу гэдэг асуудлууд дээр шүүмжлэх асуудал гарч болно.
-Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн бари оролцсон хэд хэдэн танай намд гишүүн бий. Тэдний ард хэн нэгэн бий гэх хардлага ч газар аваад байгаа. Үүнээс болоод удахгүй болох гэж байгаа Бага хурлаараа ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай яриа гарсан. Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Хүн нэг юм хэллээ гээд түүний ард хэн нэгэн бий гэж хардах нь инээдтэй хэрэг. Үүнээс болж намын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулна гэдэг бол утгагүй зүйл. Харин намын сахилга батыг хангуулах нь намын үйл ажиллагаатай холбоотой асуудал гэж боддог. Гаргасан дүрэм, журмыг нь мөрдөхгүй байгаа хүнийг "цаазаар авах" гээд байдаг нь харанхуй, бүдүүлэг, өрөөсгөл, бүр цаашилбал бүдүүлэг арга л даа.
Намын дүрэм, журмаа сахиулахын тулд дүрэм, журам нь сайн, энэрэнгүй байх ёстой.
Тухайлбал, гишүүддээ буруу зүйл хийж болохгүй гэдгийг нь ёс зүйн хувьд ойлгуулсан хаалт болж байх ёстой дүрэм, журам гэх үү дээ. Түүнээс биш байнга цавчихад бэлэн зэвсэг мэт хандаж болохгүй. Ер нь бол намаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, бүлэг дээр танилцуулж байгаа, УИХ руу оруулж байгаа шийдвэрийн талаар нам дотроо эрүүл саруул хэлэлцүүлэг өрнүүлдэг, УИХ-д байгаа гишүүддээ зөв үүрэг даалгавар өгдөг л байх ёстой.
-Зөв үүрэг даалгавар гэдэг нь юу гэсэн үг юм бол?
-Бид хамтарсан Засгийн газарт орсон гэдэг бухимдлаараа үйл ажиллагаа явуулах ёсгүй. Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газраа өмөөрөөд байнга муйхарлан дайраад байхын оронд ийм ажлыг хийх ёстой гэдэг үүрэг даалгавраа гишүүддээ зөв өгч, үр дүнг нь хэлэлцэх уулзалтыг хийх ёстой. Бүр цаашилбал, манай зарим гишүүнд зориулж танин мэдүүлэх чиглэлийн сургалтыг зохион байгуулсан ч болно шүү дээ. Би ч гэсэн мэдэхгүй асуудалтай тулгардаг.
Гэхдээ харьцангуй олон сайн дарга нарын гар дамжаад нухуулчихсан хүмүүс бүх л салбарын асуудлыг гадарлаад зөв, бурууг нь дэнслээд байдаг юм.
Өөрийнхөө мэргэжлээс өөр салбарыг мэдэхгүй гишүүн олон бий. Энэ тухай би Д. Лүндээжанцан гишүүнийг бүлгийн дарга болох үеэс нь л хэлж байсан. Хандлага нь ийм байдаг юм байна гээд харьцуулах мэдээлэлтэй болчихсон гишүүний ярих юм нь ч өөр болно, ярих нь ч багасах байх гэж боддог.Тиймгүйгээс л өнөөдөр хувийн асуудлаа ярьж байснаа бүлгийн асуудлыг яриад л хэсэг бүлэг болоод үзэлцээд байдаг юм болов уу гэж боддог. Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын парламентын гишүүн болгон хэлэлцэх гэж байгаа асуудлынхаа материалтай танилцчихдаг юм билээ. Тухайн материалыг уншсан бол тухайн гишүүн энэ материалд хандалт хийсэн байна гэсэн мэдээлэл гардаг байх жишээтэй. Хурлын үеэр юу ярьж байгаагаас нь хамаараад материалаа судалсан уу, үгүй юү гэдгийг мэдчих жишээтэй. Тиймээс энэ системийг нэвтрүүлэх саналыг гаргах санаатай байна.
-"Улс төрийн нам гэдэг улс төрийн байгууллага байх ёстой. Гэтэл Монголын төрийн эрхийг барьж байгаа намууд мафийн бүлэглэлүүд болчихсон байна. Бүлгийнх нь нэг гишүүн унах гэхээр бүгдээрээ хамт унахаа мэдээд нөгөөхөө авардаг" гэх яриа газар аваад байгаа. Та үүнтэй санал нэг байна уу?
-Харин ч тэр жишиг нь задарчихсан юм биш үү.
-Задарсан гэдгийг нь тодруулбал?
-Өмнө нь тийм жишиг байсан бололтой. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн дунд нэг нэгнийгээ хамгаална, нөгөөгийнхөө тухай мэдээлэл өгөхгүй гэдэг асуудал байдаг л даа. Үүн шиг улс төрийн намууд ажиллаж байсан үе байсан юм шиг байгаа юм. Би одоо тэгж хардаад байгаа. Яагаад тэгж байна вэ гэхээр зарим хүний албан тушаал солигдоод намдаа эзлэх байр суурь нь өөрчлөгдөөд ирэхээр энэ асуудал нь задраад байна уу гэж харж байгаа шүү. Мэдээж тогтсон байсан тогтолцоо задрахаар урьд нь байсан тогтолцоогоо өвлөж авах эсвэл шинээр бий болгох гэсэн оролдлого гарна. Одоогийн байдлаар яг л ийм байдалтай байх шиг байна.
-Завсрын үедээ байна гэж хэлж болох нь ээ?
-Тийм учраас л ийм зүйл байсан гэдэг нь илэрчхээд байгаа байхгүй юу. Хэрэв нууц хэвээрээ байсан бол хэн ч олж харж, ийм яриа гаргахгүй шүү дээ. Энэ нь байхгүй болоод хэсэг хугацаанд задрал гараад дотоод хуульдаа захирагдахаа болиод ирэхээр л ил гарчхав уу гэж бодож байгаа.
-Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбож тайлбарлаж болох уу?
-Заавал хувь хүнтэй холбож тайлбарлах нь зөв биш л дээ. Цаг хугацаа, тодорхой үетэй нь л холбосон нь дээр байх. Өмнөх үеийнхээ үйл ажиллагааг 37-40 насандаа өвлөж аваад гүнзгийрүүлж зохион байгуулалтад оруулчихсан байсан хүмүүсийн үе шахагдаад ирэхээрээ задарчхаж байгаа байхгүй юу. Тиймээс ганц хүнийг ярих бус нийтээр нь ярих ёстой. Харин тэд дотроо байсан зүйлийг нийгэм рүү халдварлуулчихсан байгаа юм. Нийгэмд өнөөдөр авилга гэж яригдаад байгаа зүйл нь бүлэглэлүүдийн өөрсдийгөө хамгаалсан тогтолцоо. Тухайлбал, "Чи ингэхгүй бол болохгүй шүү. Бүгд л холбоотой" гэдэг л тогтолцоо байхгүй юу. Харин өнөөдөр энэ тогтолцоо өөрчлөгдөх гээд л дуншаад байх шиг байна. Тэр бүгд нь цагдаа, шүүх, прокурорт нөлөөлөх гээд л байна. Миний бодлоор эрүүл, байх ёстой задрал явагдаж байна л гэж харж байгаа. Аав маань УИХ-ын 2001 оны намрын чуулганы нээлт дээр үүнтэй холбоотой л үг хэлэх  гэж байсан юм. "Эрүүл санхүүгийн бүлэглэлүүд төрийн  эрхийг  барих  гэж оролдлого явуулж байгаа" гэдэг өгүүлбэр байсан чуулганы нээлтийн үг нь надад бий.
Харин тухайн үед  тэр өгүүлбэрийг хэлэх гэж байгаад больсон гэдгийг нь   үгүйсгэхийнтулд тэр үеийн удирдлагууд хэсэг сенсаацалсан.
Тухайн үед Өвгөнхүү  гуай "Би зөвлөх нь байсан. Хэлэх гэж байсан үгэнд нь тийм өгүүлбэр байгаагүй" гээд л цаас үзүүлээд яриад байсан шүү дээ. Гэтэл надад хамгийн сүүлчийн хувь гэж бичсэн хувийнх нь дараагийн хувь нь байгаа юм. Нэг ёсондоо өөрчилсөн үг нь гэсэн үг. Тухайн үед байнгын хороодын дарга нараар ажиллаж байсан хүмүүст ч тэр хувь нь очсон байх ёстой. Аав маань яг нас барахаасаа өмнөх өдөр тэр хувиудыг тараалгасан байдаг юм.
-Тэгэхээр бугшсан асуудлыг аль эрт олоод харчихсан байсан байх нь ээ?
-Аль эрт эрүүл зам руу гарах гэж байсан асуудал тухайн үед хэдэн хүний дуугүй болсноос болоод засраагүй. Харин одоо дотроосоо задарч эхэлж байна. Тиймээс энэ задрал бол эрүүл үзэгдэл. Үүнтэй холбоотой Булган аймагт намайг нэр дэвшүүлэхгүй гэж бодож явдаг хүмүүс одоо ч гэсэн тэр хэвээрээ л байж л байна. Гэхдээ манай нутгийнхан бүгдийг мэдэж байгаа байх аа.
-Тэгвэл өнөөдөр энэ задралын үр дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайд    Ц.Нямдорж урьдчилан тооцоолчхоод хаашаа чиглүүлэх . вэ гэдгийг шийдээд байгаа дүр зураг ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ чинь жинхэнэ утгаараа задрал биш юм биш үү?
-Хэрэв тийм зүйл ажиглагдаад байгаа бол Ц.Нямдорж сайд чинь их хүчтэй хүн юм биш үү. Тэгвэл сайн л байна шүү дээ. Нэг нь энэ задралыг нь эрчимжүүлж өгөөд зөв тийш нь залаад шударга ёсыг тогтооё гэж байгаа бол үүнийг дэмжинэ. Яагаад болохгүй гэж. Өнөөдөр идээ, бээр шиг бугшсан зүйлийг гаргаж хагалаад эрүүлжүүлье гэж байгаа бол сайн л байна шүү дээ. Аливаа нийгэмд эрчтэй зүйл хэлээд аддаа мадгийг нь залруулаад явдаг хүн нэг байтугай нэлээн хэд байх ёстой болов уу.
-Ардын намынхан ирэгний хөдөлгөөнийхний элсүүлж эхэл сэн. Б.Лхагважав элссэн. Одоо С.Ганбаатар элсэх сураг гараад байгаа. Энэ үйл явцыг юу гэж харж байгаа вэ?
-Нийгэмд танигдсан хүмүүсийг намдаа элсүүлэх нь улс төрийн намуудын үйл ажиллагааны нэг хэлбэр. Үүнийг хийж чадаагүй намуудын хохь л болж байгаа юм. Энэ хүмүүс гадаа яриад нам дотор байгаа хүмүүсээс илүү ард түмэнд таалагдаад байгаа зүйл байхгүй. Гадаа хөмсөг зангидаад ярьж байсны оронд миний хажууд суучхаад ханцуйгаа шамлаад, хөлсөө гоожуулаад ажлаа хий л дээ гэж хэлье. С.Ганбаатар оройтож байна. Хурдхан шийдээ гаргаад манай намд элс л гэмээр байна. Намд элсээд Үйлдвэрчний эвлэлийн холбоогоо- удирдаад явж яагаад болохгүй гэж. Харин ч тухайн байгууллагынхаа бодлогыг намын бодлогод оруулж ирээд явбал ажлаа жинхэнэ утгаар нь хийнэ гэсэн үг.
-Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс алдагдсан судалгаанд Ардын намын рейтинг буурсан тухай дурьдсан байсан. Үүнийг юутай холбоотой гэж бодож байна?
-Ийм судалгаа хийсэн гэдгийг хэн ч хараагүй шүү дээ. Гэхдээ тийм яриа гарсан байсан. Тэгж ярьж байгаа хүмүүс нь зорилготой л байх. Намаас судалгаа алдсан уу гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ Б.Одхүү даргыг сольсныг бодоход дотор нь ямар нэгэн зүйл болсон болов уу гэж хардаад байгаа. Бага хурлаар бүх зүйл тодорхой болох байх. Гэхдээ рейтинг унасан байлаа ч яагаад унаад байна гэдгийг ярих ёстой юм. Намын нэр сольсон, намд байсан зарим хүн Ардын намыг янз бүрээр хэлж байна, дээрээс нь намын гишүүд ч элдвийн асуудалд орооцолдож байгаатай бүх зүйл холбогдоно. Гэхдээ сонгууль болоход бид юу хийсэн байх вэ, мөрийн хөтөлбөрөө яаж гаргах юм, сайн хүн гэдгээ яаж батлах вэ гэдэг л чухал. Үүнийгээ хийчхээд сонгогчдодоо таниулчихсан байхад тэр судалгаа үнэн байсан ч асуудал биш гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Нийтлэлч
Р.Сарангоо
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин

Э.Мөнх-Очир: Н.Энхбаярыг МАН-ын Бага хурлын гишүүнээс сая л хаслаа шүү дээ


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Та өчигдөр байнгын хороон дээр сэтгүүлчдийн эсрэг нэлээд дайраад авав даа?
-Үгүй ээ. Харин ч сэтгүүлчдийн талд байсан шүү дээ. Мэдээллийн хэрэгслийг хаах хэрэгтэй, эрүү үүсгэх ёстой гэж ярьсан хүмүүс байсан. Тэр нь би биш. Хүнийг нотолгоогүйгээр гүтгэж гүжирдчихээд “Энэ бол улстөрчдийн буруу” гээд сууж таарахгүй. Хэрэв тэгвэл тухайн байгууллагыг хаах хэмжээнд хүрэхүйц торгох ёстой. Хамгийн гол нь хэвлэлийн байгууллага хэн нэгний хуудуутай асуудлыг бичих гэж байгаа бол баримт нотолгоотой байх хэрэгтэй.
Нэр дэвшигч гурил айлд гурил өглөө гэж бодъё.
Түүнийг нь хэвлэлийнхэн бичлээ. Тэгвэл яаж нотолгоожуулах юм. Гурил өгч байгааг нь дүрс бичлэгт буулгачихдаг. Тэр нь шүүх дээр очоод нотолгоо болж, тухайн мэдээллийн хэрэгсэл үнэн бодитой бичсэн нь тогтоогддог байх асуудлыг хуулиараа бид зохицуулаад өгчих хэрэгтэй. Хэн нэг нөхрийн өгч байгаа мэдээллийн үнэн худлыг нягталж, баталгаатай нотолгоогүй байвал хэвлэхээсээ татгалздаг байх ёстой. Үүнийг харгалзахгүй нийтэлбэл хуулийн дагуу хариуцлага хүлээх учиртай. Би үүнийг л ярьсан. Үүнээс болоод З.Алтай гишүүн бид хоёр маргасан. Гэхдээ энэ бол ажлын явцад гардаг л маргаан.
-Улстөрчид л бузар булайг хийдэг гэдэг нь үнэн байх шүү?
-Энэ талаас нь харж болохгүй шүү дээ. Улстөрчид захиалга өгсөн учраас гээд бичээд байвал хэвлэл мэдээллийн хэрэгсэл юу болж хувирах юм бэ.
-Гэхдээ сонин хэвлэл шударга шүүмжлэл бичихэд гүжирдлээ гээд торгох юм биш биз дээ?
-Тийм зүйл биш л дээ.
-Хэвлэлийн байгууллага яагаад луйвар хийсэн нэр дэвшигчээс илүү торгуулах ёстой гэж?
-Долоон сая төгрөг л биз дээ. Харин луйвар хийсэн нэр дэвшигч торгуулна дээрээс нь сонгуулиас хасагдана шүү дээ. Тэгэхээр хэн нь илүү хохирч байна.
-Төсөв баталчихлаа. Та энэ удаагийн төсвийг юу гэж дүгнэж байна. Нэлээд танах шиг боллоо?
-Төсвийн зардлыг багасгахад буруу зүйл байхгүй.
-Танах нь ч яахав. Тэр мөнгөө гишүүд тойрог руугаа хуваарилаад авчихаж байгаа юм биш үү. Үндсэндээ гишүүдийн гэж яригддаг мөнгө гурван тэрбум болсон юм уу?
-Улсын төсөв хөрөнгө оруулалтад зарцуулагдах ёстой. Энэ хөрөнгө оруулалтыг улсдаа тэгш хуваарилахын тулд аймгуудад мөнгө өгөх хэрэгтэй биз дээ. Үүний буруу юу байгаа юм, ойлгохгүй байна. Гишүүд төсөв баталж байгаа юм чинь хаашаа мөнгө хуваарилах вэ гэдгээ ярихгүй өөр яах юм. Түүнийг нь тойрогтоо мөнгө авах гэлээ гээд бөөн хэл ам болцгооно, ингэж болохгүй шүү дээ. Асуудлыг эрүүлээр хармаар байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч байна. Гишүүдийн амласан зүйл ч бий. Яагаад үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж болохгүй гэж.
-Таван толгойн хувьцааг худалдах нь буруу гэж та үзээд байгаа юм уу?
-Таван толгойн хувьцааг худалдвал Монголд мөнгөтэй хүн хичнээн байгаа билээ. Таван толгойн хувьцааны ихэнхийг гадагшаа алдчих болов уу гэж бодоод байна.
-Дотоодын компаниуд авч болно биз дээ?
-Болно. Гэхдээ тэдний ард гадныхан байгаа гэдгийг санах хэрэгтэй. Том хөрөнгө оруулалт яриад байгаа боловч бүгд гадны зээлтэй яваа шүү дээ.
-Таван толгойн хувьцааг худалдаж бэлэн мөнгө болгох хүсэлтэй иргэд олон байгаа. Энэ цаг хэзээ ирэх бол гэж хүлээж байсан нь нууцгүй. Ийм үе одоо ирж байгаа юм биш үү?
-Уг нь бол иргэд хувьцаагаа борлуулахгүй байвал насан туршдаа амьдралынхаа баталгааг бүрдүүлнэ. Өнөө маргаашаа хараад хувьцаагаа худалдчихвал хэдхэн хоног идээд дуусна биз дээ.
-”Орхон-говь” төслөөс болж Л.Гансүх сайдтай үзэлцээд байсан. Юу болсон бэ?
-Ингэж зууралдсаны эцэст Дэлхийн банкнаас туслаад энэ төслийг явуулахаар болсон.
-Засгийн газрын ажлыг дүгнэхэд жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Хангалттай ажиллаж чадаж байгаа болов уу. Та юу гэж бодож байна вэ?
-Засгийн газрын ажил удаан байна. Таван толгойн асуудал дэндүү орой орж ирлээ. Гэхдээ хийсэн ажлыг дүгнэхэд зургаан сар дутуу байна. Төсвийг нь батлаад өгчихлөө. Тэгэхээр үлдсэн хугацаанд эрчтэй ажиллах биз.
-Сая танай нам Бага хурлаа хийлээ. Нэлээд аядуу өнгө аястай болсон юм биш үү?
-Аядуу гэдэг нь сайн уу, муу юу.
-Үзэл бодол, үйл ажиллагааны хувьд нэг л хайрцаглагдчихсан…
-Нам бол хайрцаглаж байх ёстой юм шүү дээ. Ямар ч асуудалд тодорхой шийд гарах хүртэл бид ярилцдаг. Миний хувьд нам дотроо нэлээд болохгүй зүйл ярьдаг хүн. Гэхдээ энэ бүхнийг нэгтгээд намын дарга багцалсан бол түүнээс илүү юм яриад явах ямар шаардлага байх вэ.
-Ирэх сонгуульд МАН-д хүчтэй өрсөлдөгч гараад ирчихсэн нь асуудал болоод байгаа юм биш үү?
-Ямар өрсөлдөгч.
-Яагаав МАХН?
-Ээ элээ минь. Үгүй байлгүй дээ. МАХН-ынхан хөдөө орон нутгаар яваад уулзалт хийж байгаа. Гэвч уулзалтын танхимдаа 20 хүн цуглуулж чадахгүй байгаа намыг ямар хүчтэй өрсөлдөгч гэх вэ дээ. Тийм болохоор сонгуульд тэднээс айгаад байх юм алга. Асуудлыг үнэнээр нь тайлбарлахаар төөрөлдөөд байгаа ахмадууд ойлгосон. Яагаад гэвэл манайхан ухаантай.
-Гэхдээ МАХН-аас айсандаа Н.Энхбаяр даргыг нь дарж авах гээд байгаа юм биш үү?
-Н.Энхбаяр дарга бол хүчтэй улстөрч мөн. Гэхдээ хийж байгаа зүйл нь буруу. Үнэхээр тийм сайн байх гэсэн юм бол МАН-даа үлдэх ёстой байсан юм.
-Танайхан гадуурхсаар байгаад хөөгөөд явуулчихаагүй гэж үү?
-Яаж гадуурхсан юм. Н.Энхбаярыг МАН-ын Бага хурлын гишүүнээс нь сая хаслаа шүү дээ. Өнгөрсөн даваа гаригт л тэр МАН-ын Бага хурлын гишүүн байхаа болилоо. Энэ хүртэл түүнд гарц байсан шүү, МАН-даа эргээд ирэх. Гэвч өөр нам байгуулаад МАН-ыг уландаа гишгэн, муулаад яваа хүнийг яалтай билээ.
-Таныг МАХН руу явж мэдэх нөхдүүдийн нэг гэж хардаг л даа?
-Намайг сайн мэдэхгүй байна. Н.Энхбаяр даргыг сонгуульд ялагдахад нь уулзсан болохоор хардаад байж магадгүй. Тэр чинь бас сайн улстөрч хүн. Зүгээр нэг луйварчин гэдэг утгаар нь харж болохгүй.
-Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлыг өгөхгүй бол МАХН-д орно гэж таныг яриад яваа гэх юм билээ…
-Надад тийм лай үүрэх сонирхол байхгүй. Бодоод үз л дээ.

Нийтлэлч
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин

Э.Мөнх-Очир:Хувь хүмүүс нь өөрсдөө уучлалтаа гуйцгаа


 УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-УИХ ард түмнээсээ уучлал гуйх ёстой юм биш үү, та яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-Юуны түрүүнд буруутныг нь тогтоох ёстой шүү дээ. Өнөөдөр шүүх, мөрдөн байцаалтын асуудал ил гарсны дараа буруутан нь өөрөө уучлалаа гуйх ёстой.
-Гэхдээ таван хүний амь эрсэдсэн шүү дээ?
-Тавын таван хүнийг тэр гэдэг хүн алсан гэдгийг би сонсоогүй. Тийм шийдвэр гарсан уу. Хэн нэгэн түүнийг уншсан уу.
-Хүний эрхийн комиссын дүгнэлт баталгаа биш гэж үү?
-Хүний эрхийн комисс бол шүүх биш. Хүнийг буруутгадаг ганц байгууллага байдаг нь шүүх. Түүнээс бус Хүний эрхийн комиссын шийдвэр эцсийнх биш. Монгол Улсын төрийг буруутгая гэж байгаа бол алдана.
-Яагаад?
-Монгол Улсын төр энд хамаагүй. Харин төрд орж ирэхээсээ өмнө ийм зүйл хийгээд, гүйцэтгээд,турхираад, бий болохыг хийж явсан хүмүүс нь уучлалт гуйх гээд байгаа бол хувь хүмүүс нь өөрсдөө уучлалтаа гуйцгаа.
-Х.Тэмүүжин гишүүнийг хэлээд байна уу?
-Мэдэхгүй. Хэн нь гуйх гээд байгаа юм.
-Тухайн үед тушаал өгч иргэдээ буудуулсан хүнийг иргэд мэдэж байгаа байлгүй дээ?
-Хаана байна. Тийм тушаал гарсан гэдэг нь аль байна. Чиний хажууд С.Баяр юм уу, Ц.Мөнх-Оргил юм уу хэн нэг нь бууд гэж хэлэхийг сонссон, харсан юм уу. Хэн ч мэдэхгүй ш дээ. Гэтэл өнөөдөр түүнээс болж төрөөр уучлалт гуйлгах гэж байдаг болохгүй асуудал.
Нийтлэлч
Т.Гэрэл
Эх сурвалж
Өдрийн сонин

Э.Мөнх-Очир:Улс төр ингэхлээрээ гоё ш дээ


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Сүүлийн үед улс төр нэлээд өрнөлөө. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнөөдөр улс орны эдийн засгаа дагаад улс төр өөрчлөгдөж байна. Эдийн засгийн хувьд нэлээд үсрэнгүй хөгжиж байгаа шүү дээ, манай улс. Цаашид ч 2013-2014 он гэхэд манайд эдийн засгийн бодит хөгжил ирнэ.
Тэгэхээр энэ их хөрөнгийг хэн нь хуваарилах вэ гэдэг дээр бүлэглэлүүд алалцаж таарна.
Тэгэхээр ирэх сонгуулийн өнгө нам гэхээсээ илүү бүлэглэлүүдийн хуйвалдаанаар өрнөх байх. Засгийн эрхэнд гарч энэ их мөнгийг хуваарилах сонирхолтой хүмүүс хоорондоо үгсэх байх. Бүр нам алгассан группууд ч гарах магадлалтай. Тийм болохоор хэн нь шударгаар төрийн ажлыг манах вэ. Улс орныхоо хөгжлийг зөв гольдролоор нь авч явах нь вэ гэдгийг сонгогчид харах хэрэгтэй. Тэгээд ч Сонгуулийн хуулийн заалтыг хатууруулж өгсөн. Ирэх сонгуулиар нэр дэвшигчид бараа тараахаасаа илүү их зүйл ярих ёстой. Тиймээс ярьж байгаа зүйлийг нь л сайн сонсож нэр дэвшигчдийн хэн бэ гэдгийг нь таних хэрэгтэй дээ.
-Яг өнөөдрийн үйл явцын хувьд?
-Өнөөдрийн хувьд гэвэл, улс төр ингэхлээрээ гоё ш дээ гэдэг миний нэг үг байдаг даа. Тийм л байна. Гэхдээ гоёдоо бас биш юм. МАН өөрийн гэсэн бодлого, зорилттой. Олон жил болсон үзэл бодолтой нам юм. Улс орондоо бас зарим зүйлийг хийе гэсэн санаа бий. Түүнийгээ тэр бүр хэрэгжүүлж, ярьж болдоггүй. Хариуцлага тооцож ч чадахгүй, бусдыг дагаж явах нь их л сонин байлаа. Тиймээс АН-ынхандаа их баярлалаа. Өнгөрсөн жил ч гэсэн би хэлж байсан даа. АН-ынханд баярлалаа, баяртай гээд хэлчихье гэж. АН-ынхантай хамтарснаар том бүтээн байгуулалт хийх эхлэлийг тавьж чадсан. Түүнийг үргэлжлүүлэн хийхэд битгий саад болоосой.
-АН хамтарсан засгаас гарч МАН хийх ажил ихтэй болох шиг боллоо?
-Яалт ч үгүй ийм ажил хийгдэнэ. Засгийн газраас гарсан сайдуудын суудлыг нөхнө. Дээрээс .нь амласан амлалтаа мөрийн хөтөлбөрийн дагуу бүрэн хийнэ. Түүнээс биш хэвлэлүүдээр бичээд байгаа шиг манай намынхан бүгдээрээ сайд болох гэж зүтгээгүй. Харин одоо манай нам нэг л зарчим барих ёстой. Энэ нь Засгийн газрын гишүүн болоод сайн ажиллаж намынхаа нэр хүндийг өсгөх хүнээр л сайд тавь гэсэн зарчим. Үүнийг баримталж сайдуудаа сонгож байгаа байх. Тэгээд ч одоо шинэ сайдуудад дайралт их ирнэ. Ойлгомжтой ш дээ. Улс төр гэж ийм л байгаа юм чинь. Чоно борооноор гэгчээр саяын Б.Ариунсан сайдын хийсэн үйлдэл шиг муу ажил ч үүсэж магадгүй.
-Б.Ариунсан дэд сайд руу танай намынхан яагаад ингэж их дайраад байгаа юм бэ. Үнийг нэм гэдэг тушаалыг Д.Зоригт сайд гадаадаас утсаар өгсөн юм байна лээ шүү дээ?
-Ер нь утасдсан ч юм уу, үгүй ч юм уу. Түүнийг нь хэн мэдэх вэ. Нарийн дээрээ тэр хүн хурлыг удирдаад протокол дээр нь гарын үсэг зурчихсан байгаа шүү дээ. Тиймээс улс төрийн албан тушаалтай хүн хариуцлагаа хүлээх л хэрэгтэй. Харин Д.Зоригт тэгсэн юм гэж ярих гээд байгаа бол түүнийг тийм даалгавар өгсөн гэх баталгааг нь гаргах ёстой. Тэгээд ч нэг ийм асуудал байгаа юм. Ам.доллараас шалтгаалан шатахууны үнийн хэлбэлзэл бий болоод байна гэхэд Д.Зоригт шууд үнээ нэм гэж хэлэхгүй ш дээ. Тийм болохоор би Д.Зоригтод нэг их бурууг өгөхгүй байгаа.
-Танай намаас хэн хэн сайд болох вэ гэдэг асуудал сонин байна. Зарим нь ч эхнээсээ тодорч эхэллээ?
-Нэлээд хэдэн хүний нэр яригдаж байгаа. Зарим хүмүүсийн өөрсдийнх нь амнаас ч сонслоо. Сонин хэвлэлээр ч бичсэн байна. Гэхдээ хэн нь сайд болох вэ гэдэг чухал биш. Хамгийн гол нь сайд болоод сайн ажиллаж намынхаа нэр хүндийг сонгууль хүртэл өсгөж чадах хүнийг л сонгох хэрэгтэй. Түүнээс биш тэрний хүн, энэний хүн гэсэн шалгуураар сайд тавих бол өрөөсгөл. Тэгээд ч өнөөдөр АН Засгийн газраас гарснаараа нэр хүнд нь буурч байна. Тэгэхээр манайхан үүн дээр нь улс төрийн зөв шийдвэр гаргах хэрэгтэй.
-Нэр хүнд гэснээс танай намын рейтинг нэлээд унасан байсан?
-АН засгаас гарч, МАН-ын нэр хүнд өслөө гээд л бичээд байна. Гэхдээ ийм хөнгөхөн байж болохгүй. АН засгаас гарна гэдэг нэг асуудал. Ийм нөхцөл байдалд хүргэсэн ч байж болох шүү дээ. Дээр нь АН-ынхан үнэхээр өөрсдийнхөө байгаа байдал, төлөвшлөө сая харуулсан. Нам нь юу юм. Намынх нь дарга хэн юм гэдгийг. ҮЗХ-ныхоо хурлаар харуулсан ш дээ. МоАХ-ных нь гишүүд хэлсэн. "Н.Алтанхуягаа чи мөнгө аваад ажил хийдэг" гэж. Уг нь хүн, хүнээс сайныг нь сурвал зүгээр л байдаг. Манай хуучин Ху намын үе, үеийн хурлууд байсан даа. Үүний муу талыг их сайн сурсан байна, Н.Алтанхуяг. Хурлаа хайрцаглаж байгаа, удирдаж байгаа гэх мэт нь хуучин Ху намын муу зүйлийг сурснаас улбаатай. Энэ нь өөрсдөд нь л муугаар нөлөөлөх байх.
-АН-ынхан даргаа солино гэж нэг хэсэг ярилаа. Ер нь намууд сонгуулийн өмнө удирдлагаа солих нь зөв үү?
-Энэ асуудлыг АН-ынхан л мэдэх байх. Гэхдээ Р.Амаржаргал гишүүн АН-ыг жинхэнэ нам шиг болгох хүн дээ.
-Таны хувьд сайдын суудал горилж байв уу?
-Хүсэл бол хүн бүхэнд байгаа. Гэхдээ энэ бол сайд болоод хэн байх вэ, юу хийх вэ гэх зэргийг бодож байж шийдэх эрүүл амбиц. Ийм амбицыг л гаргах хэрэгтэй. Тэгэхээр би өнөөдөр тэнд очвол тийм зүйл хийчихнэ дээ гэж бодсон зүйл байгаагүй учир сайд болъё гэсэн зүйл алга.
Харин санал болгосон сайдын суудал байгаа.
Манайхан "Чи Аялал жуулчлалын сайд болооч" гэж бай-сан. Учир нь манайд аялал жуулчлалын мэргэжилтэй хүн надаас өөр байхгүй. Гэхдээ надад тийм төлөвлөгөө алга. Миний санаачилсан хэд хэдэн хуулийн төсөл гацчихаад байна. Тэсэрч дэлбэрэх зэвсгийн тухай хууль гэх мэт. Үнэхээр зовлонтой юм. АН сөрөг хүчин болсон болохоор хуулийг маань унагачихвий гэдэг асуудал дээр илүү санаа зовж байна. Тиймээс хуулиудаа хэрхэн явуулах вэ гэдэг гарцыг л хайх байна.
-Мөнгөтэй хүмүүст дэд сайдуудын суудлыг амласан гэсэн яриа бий?
-Тэрэнд амласан. Энээ тэрээ гэж би сонсоогүй. Тийм юм байхгүй л болов уу. Мөнгөтэйд нь сайдын суудлыг амлаад ч байдаг юм биш. Харин ганц, хоёр юм хийе гээд яваад байгаа хүмүүсийг ажиллуулъя гэж байгаа байх. Гэхдээ дэд сайд бол биш.
-Хамтарсан Засгийн газрын хийсэн ажлуудыг хүн бур өөр өөрөөр дүгнэж байна. Таны хувьд ч гэсэн нэг дүн тавьчихсан л байгаа байх?
-Энэ асуудлыг ярихад эрт байна. Хүмүүс өнөөдөр сонирхлоороо л дүн тавина. Одоо юу гэдэг юм бэ дээ. АН-ынхныг Засгийн газраас гарч байгаад нь дургүйцсэн хүмүүс нэг өөр ярина. Дэмжиж байгаа хэсэг нь нэг хувилбар дэвшүүлнэ. Харин юу үнэн бэ гэхээр хийсэн зүйлийг нь тогтоогоод хувьд нь үржүүлээд л гаргаад ирнэ ш дээ. Миний хувьд Сангийн яамыг дайчин ажилласан гэж бодож байгаа. Мөн Батлан хамгаалах яам үлгэр жишээ ажилласан. Эрдэс баялаг, эрчим хүчний яам ч муугүй байлаа. Харин бусдынх нь ажлыг нэг их сайн мэдэхгүй байна.
-Хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан ажлуудаас нэлээд нь хийгдэлгүй үлдлээ. Энэ ажлуудыг одоо яах вэ?
-Ямартаа ч орхихгүй. Хамтарсан Засгийн газар амласан байна гэдэг Монголд хэрэгтэй, шаардлагатай зүйл байна гэсэн үг. Тэгэхээр энэ ажлуудыг цаашид хийгээд явна. Гэхдээ АН-ынхнаас хүсэхэд саад битгий болоорой гэх байна. Ажил хаяад явчихав аа. Улс төрийн зорилготой, өөрсдөө сайд болъё. Энэ засгийг солъё, бид нар кноп дардаг хүмүүс юм уу, гарын үсэг зурдаг болъё гээд байх юм бол би дэмжихгүй. Харин сөрөг хүчнийхээ байр суурийг хангаж хяналтаа сайн тавина биз. Гурван жил хамт ажиллачихаад нэгнийгээ муу хэлнэ гэдэг муухай ш дээ.
-Сонгуулийн дараа дахин хамтарсан Засгийн газар байгуулагдах магадлалтай гээд байгаа?
-Үүнийг би яаж мэдэх вэ. Миний нэр дэвших эсэх хүртэл тодорхойгүй байгаа шүү дээ. Булган аймагт л гэхэд нэг мандат байгаа. Тэнд манай намаас найман хүний нэр жагсчихсан байдаг.
Нийтлэлч
Л.Мөнхтөр
Эх сурвалж
Өдрийн сонин