Thursday 19 April 2012

Г.Батхүү: Долоодугаар сарын 1-ний хэргийг улс төрийн хонжоо олохын тулд дэвэргэж болохгүй


УИХ-ын гишүүн Г.Батхүү

УИХ-ын дэд дарга Г.Батхүүг "Ярилцах танхим "-даа урилаа. УИХ-ын хаврын чуулган тун удахгүй хуралдаж эхэлнэ. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгах эсэх дээр ямар байр суурь баримтлах талаар ярилцлаа. Мөн тэрбээр долоодугаар сарын 1-ний хэргийн талаарх бодлоо хуваалцсан юм.

-Сүүлийн үед долоодугаар сарын 1-ний хэрэг анхаарлын төвд байна. Таны хувьд энэ хэргийн буруутныг хаанаас хайсан нь дээр гэж боддог вэ?

-Энэ бол цагдаагийн байгууллага, бие бүрэлдэхүүнтэй холбоотой хэрэг биш гэж ойлгож байгаа. Харин энэ үйл ажиллагааг удирдаж байсан, биечлэн оролцсон хүмүүсийн тухай асуудал юм. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж зөв бурууг тогтоох ёстой. Тэр үед хариуцлагагүй үйл явдал болсон нь үнэн. Юунаас болсон нь ч тодорхой. Үүнийг хэн нэг хүн, аль нэг нам улс төрийн ашиг хонжоо олохын тулд дэвэргэж, мушгиж болохгүй. Хууль хяналтын байгууллага хэн нэгэн хүний нөлөө, оролцоогүйгээр зөв шийдвэр гаргаж, дараагийн сонгуулиас өмнө эцэслэн шийдээсэй гэж хүсэж байна. УИХ-ын 2012 оны сонгууль болох хугацаа ойртож байгаа энэ үед өмнөх сонгуулийн үеэр гарсан хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ нь ирэх сонгуулиар үймээн болох, хэн нэгэн хүн улс төрийн өдөөн хатгалга явуулах боломжийг бүрдүүлж магадгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагыг бүхлээр нь буруутгах нь буруу.

-Яг хэн гарч ирвэл хэргийн буруутан олдох бол?

-Долоодугаар сарын 1-ний хэрэгт гэм буруутай байж магадгүй гэж сэжиглэгдэж байгаа, хэрэг нь мөрдөгдөж байгаа, шүүхэд шилжсэн хэдэн хүнтэй л холбоотой асуудал. Тэд буруутай бол хариуцлагаа хүлээх ёстой. Харин буруугүй бол буруутай хүнийг олж тогтоох ёстой. Онц байдал зарласан, тэр ажлыг хариуцаж, удирдаж байсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн хэдхэн хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүс л үнэнээ хэлэх ёстой. Ингэхийн оронд хөшигний ард суучихаад, хэвлэлээр үг хаялцаад байна шүү дээ.

-УИХ-ын хаврын чуулган хуралдах хугацаа ойртож байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг "УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатгах эсэх асуудлыг хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадсангүй. УИХ-ын бүхий л боломж шавхагдсан" гэсэн. Тэгэхээр танай намын бүлэг энэ асуудлаар завсарлага авна гэсэн үг үү?

-Сонгууль дөхсөн үед Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх тохиолдолд аль нэг нам нь өөрсдийн эрх ашигт нийцсэн хувилбарыг сонгох гэдэг. Тиймээс л хоёр сонгуулийг нэг өдөр явуулъя гэдгийг таван жилийн өмнө хуульчилсан юм. УИХ бүрэн эрхийн хугацаанд, гурван жилийн турш ярилцаж байж УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулах хуулиа шинэчлэн баталсан шүү дээ. Хуульд УИХ, орон Нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр явуулах тухай заалт бий. Бас сонгуулийг будилаангүй явуулахад ч анхаарсан. Дараа нь орон нутгийн сонгуулийг ч гэсэн будилаангүй явуулах үүднээс Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг З.Энхболд гишүүн бид хоёр өргөн барьсан. Харин Ардын намаас Д.Лүндээжанцан нарын гишүүн орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуулиас тусад нь явуулъя гэсэн хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ. Хаврын чуулганаар энэ хоёр хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэх шаардлагатай болно. Түүнээс өмнө "Завсарлага авна, авахгүй" гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх ёстой болно. Нэгтгэхдээ ямар хэлбэрээр нэгтгэх вэ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, таван жилийн өмнө алсыг харж баталсан хуулиа барих уу. Хэрвээ ингэнэ гэвэл Ардчилсан намын бүлгийн гишүүд хэлэлцэхэд бэлэн. Харин УИХ, орон нутгийн сонгуулийг салгаж явуулна гэвэл "Одоо парламентад байгаа намууд өөрсдийнхөө эрх ашигт тохируулж хуулийг өөрчлөх нь буруу" гэдэг байр сууриа илэрхийлээд явна.

-Хэрвээ ингэвэл Ерөнхий сайдад тавьсан "Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг ханга" гэсэн утгатай шаардлагынхаа хариуг нэхэх нь ээ?

-Хууль гарсан л бол хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх үндсэн субьект нь Засгийн газар, Засгийн газрын тэргүүн. Таван жилийн өмнө баталсан хуулийг өнөөдөр хэрэгжүүлж чадаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл "Хэрэгжүүлж чадахгүй байгаа бол энэ хуулийг чинь хүчингүй болгоё" гэдэг ёс зүй байж таарахгүй. Ийм жишгийг УИХ тогтоож болохгүй. Амжуулъя гээд хийвэл бололцоо бий. Үнэхээр хүсэхгүй бол хоёр жил, таван жил сунгаад ч энэ ажлыг хийхгүй. Сонгуулийг будилаан, хэл амгүй явуулах асуудлыг Ардын намынхан ч дэмжиж байгаа гэж бодож байна. Тэр арга нь парламентаар гурван жилийн турш хэлэлцэж байж шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хууль. Хоёр сонгууль нэг өдөр явах ёстой. Харин бэлтгэл ажлыг нь одоо хүртэл хангаагүй хүмүүстэй сонгууль болох хугацааг тулгаж бус одооноос хариуцлага ярьж эхлэх шаардлагатай.

-Нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд "Сонгуулийн тухай хуулийн 48-аас 28 руу гулсах тухай заалт хууль бус" гэж гомдол гаргасан. Үүнийг Цэц хүлээж авбал УИХ хэрхэх ёстой вэ?

-Хууль, эрхзүйн томоохон хүндрэл үүсэх нь тодорхой. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд "Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй" гээд заачихсан. Цэц зургаан сарын өмнө авсан өргөдлөөрөө хэрэг үүсгээгүй байж байгаад сонгууль болоход багахан хугацаа үлдсэн үед хэрэг үүсгээд ороод ирж байгаа юм. Магадгүй Цэц энэ асуудлыг УИХ-д тавина. УИХ түүнийг нь хүлээж авахгүй. Тэгээд Цэц дээд суудлаараа хэлэлцээд энэ заалтыг түдгэлзүүлсэн тохиолдолд УИХ Сонгуулийн тухай хуулийг дахиж хэлэлцэнэ гэсэн үг. Хассан заалттай уялдуулж хуулиа өөрчлөх хэрэгтэй болно. Нэг ёсондоо Сонгуулийн тухай хуулийг зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн хуулийн заалт УИХ дээр зөрчигдөнө. Үүний дараа юу болох вэ. Сонгууль болно. Нэг нам нь ялна. Харин ялагдсан хэсэг нь "Хууль зөрчиж баталсан хуулиар сонгууль явуулсан учраас энэ сонгуулийн үр дүн хүчин төгөлдөр биш" гэж хэлнэ. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгох вэ.

-Цэц "Сонгуулийн тухай хуулийн энэ заалт бусад хуультай зөрчилдөж байна" гэсэн ч хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэж ойлгож болох уу?

-Ямар ч байсан энэ бол буруу зүйл. Нөгөө талаас яагаад хуульд ийм өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол.

-Та юу гэж дүгнэж байгаа юм, бэ?

-Тухайн тойрогт хоёр хүн өрсөлдөөд нэг нь 51 хувийн саналаар ялж, нөгөөх нь 49 хувийн саналаар ялагдвал тэр ялагдсан хүнд өгсөн иргэдийн саналыг гээгдүүлэхгүй байх үүднээс "гулсана" гэж яриад байгаа заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсан.Хэн нэгэн хүн зүгээр сууж байгаа намынхаа жагсаалтаар УИХ-д орж ирдэг. Харин өөр нэгэн нь ард,.түмнээс санал авч ирдэг. Энэ тогтолцоог буруу гэж үзээд гулсуулах тухай заалтыг хуульд оруулсан. Цэц дээр маргаан үүсгээд байгаа хувилбар нь хэсэг бүлэг хүний лобби, явуулга гэдгийг би шууд хэлнэ.

-Чухам хэнийх вэ?

-Нэр бүхий гишүүд тэр дундаа Ардын намын гишүүд л үүний ард байгаа байх. Ялангуяа Ардын намын дарга байсан С.Баяр, Ц.Нямдорж гэх мэт олон удаа УИХ-д суусан, "Бид жагсаалтын дээгүүр орж чадна. Зүгээр байж байгаад сонгогдоно" гэж бодож байгаа хүмүүс, тойрог дээрээ багтахгүй болсон гишүүд л үүнийг хийж байгаа гэж ойлгож байгаа.

-Ардчилсан намын фракциуд тойрог хуваарилах тохиролцоогоо хэдийнэ хийсэн сураг байсан. Та оролцсон уу?

-Ардчилсан нам дээр "Чи энэ тойрогт, би тэр тойрогт нэр дэвшинэ"гээд тохиролцоод байгаа зүйл алга. Нэр дэвшүүлэх үйл явц хуулийн хүрээнд явагдана. Үүнээс өмнө нам дээр ярьж таарна. Парламентад 45
суудалтай Ардын намынханд тойргоо хуваарилах асуудал хүндрэлтэй байж мэднэ. Харин 28 суудалтай Ардчилсан намынханд тойрог хуваарилах тал дээр нэг их хүндрэл гарахгүй.

-Өвөрхангай аймгаас сонгогдсон Ардчилсан намын гишүүдийн хувьд ч гэсэн үү?

-Яах вэ. Мандатын тоо цөөрсөнтэй холбоотойгоор Архангай, Өвөрхангай аймгийн хувьд бага зэрэг хүндрэл бий. Гэхдээ үүнийг ямар ч маргаангүйгээр шийдэж болно. Нэр нөлөөтэй, намдаа санал
авах боломжтой хүмүүсээ 28-д, мажоритари 48-д нэр дэвшээд шууд гарч ирэх магадлалтай хүмүүсээ тойрогт нэр дэвшүүлэх гэсэн хоёрдмол сонголт бий.

-Таны хувьд Өвөрхангай аймгаас дахин нэр дэвших бодолтой байгаа юу?

-Одоогоор шийдсэн зүйл алга. Сонгогдсон тойрогтоо ажиллаж, хийсэн ажлаа тайлагнах үүрэгтэй. Түүний дагуу ажиллана. Нам хаанаас нэр дэвш гэнэ тэр шийдвэрийг хүндэтгэж хүлээж авна гэж бодож байгаа. Ер нь бол сонгогдсон тойргийнхоо ард түмэнтэй хамтарч ажиллах, хийж бүтээх зүйлээ бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ёстой гэсэн зарчмыг барьж байгаа, Би тойргийнхоо иргэдтэй олон удаа уулзсан. Энэ хавар уулзаж амжаагүй байгаа хөдөөгийн багуудад ажиллана. Дараа нь ирэх дөрвөн жилд юу хийх, ямар зорилго тавих, орон нутагт ямар бэрхшээл тулгарч байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Ямар аргаар шийдвэл хүртээмжтэй вэ гэдгээ ярилцаж байгаа.

-Ардын нам болон Ардчилсан намаас ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулсан. Таныхаар ирэх жилүүдэд юуг анхаарч ажиллах хэрэгтэй юм бол?

-Энэ удаагийн сонгууль хариуцлагатай цаг үед болж байгаа. Улс орон маань эдийн засгийн эрс өөрчлөлтийн үед ирсэн. Монгол төрийн гадаад бодлого хатуу байж, дотооддоо сайн бодлого явуулах ёстой. Хамгийн гол гаргаж байгаа хууль, тогтоол, үзүүлж байгаа зээл, тусламж бидний хүссэн хэмжээгээр үйлчилж чадаж байна уу. Баталсан хууль маань сумын төвийн айлын гэрт хэрэгжиж байна уу гэдгийг анхаарах ёстой. Ардчилсан намаас боловсруулсан "Монгол хүн 2020" намынх гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр. УИХ-ын 2012 оны сонгууль, орон нутгийн хурлын сонгуульд ялж энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зөвхөн Ардчилсан намын зорилт биш. Монголын ард түмний зорилго байх ёстой. Тиймээс ч манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол хэсэг нь уг хөтөлбөр байх юм.

-Ард түмэн ялангуяа орон нутгийн иргэд юу хүсэж байгаа бол?

-Хөдөөгийн ард түмэнтэй уулзахад нэг ижил зарчимтай саналуудыг хэлдэг юм. Тэд уул уурхайгаа зөв эргэлтэд оруулаач, ард түмэнд хишиг, хувьцаагаа хүртээж өгөөч гэдэг. Мөн улс оронд ирж байгаа эдийн засгийн боломжийг зөв зүйлд нь зарцуулаач гэдэг. "Байгалийн баялаг тодорхой хугацааны дараа шавхагдана. Тэр хэмжээгээр байгаль, экологид нөлөөлнө. Тиймээс байгаа баялгийг ашиглаж, эргэлтэд оруулах нь зөв. Түүнийг монголчууддаа ашигтайгаар эргэлтэд оруулаач. Уламжлал мал аж ахуй, газар тариалангийн салбарыг битгий орхигдуулаач" гэдэг. Мөн шинэ техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг нэлээд ярьдаг. "Малчин гэдэг ажлын байрыг нэмүү өртөг бий болгодог ажлын байр болгож өгөөч" гэдэг. Үүнийг УИХ сүүлийн жилүүдэд анхаарч ажиллаж байгаа. Малаас гарч байгаа түүхий эдийг аль болох үнэ хүргэж борлуулах бололцоогоор хангах, тэр нь эргээд орон нутагт ажлын байр нэмэгдүүлдэг байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Малаас гарч байгаа түүхий эдийг зах зээл дээр дуудлага худалдаагаар, дээд үнээр нь борлуулдаг биржийн системийг нэвтрүүлэхийг ч зорьж байна. Мөн АН-ын хувьд төрийн үйлчилгээ ард түмэнд хүрэхгүй байгааг ч анхаарч ажиллана. Хүн хаана амьдарч, ямар шашин шүтэж байгаагаасаа үл хамааран төрийн үйлчилгээнд хамрагдах ёстой шүү дээ. Одоо бол тийм боломж алга. Ядахдаа сум, багийн иргэд аймгийн төв дээрээ очоод Улаанбаатарт үзүүлдэг эмнэлгийн үйлчилгээг авдаг болох нь чухал. Дараа нь малчинд, хөдөө амьдарч байгаа иргэдэд хамгийн ойрхон байдаг багийн төвүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Ийм зүйлүүдийг бид зорилтоо болгож тавьж байгаа.

-Намууд "Төдөн жилийн дараа тийм болно. Бид ингэнэ. Тэгнэ" гэх боллоо. Энэ зорилт, хөтөлбөрүүд хэр бодитой вэ гэдэгт эргэлзэх хүн ч олон байна?

- Ардчилсан хувьсгалаас хойш манай намынханд хандан "Та нар 20 жил төр барьсан" гэдэг болсон. Гэтэл 20 жилээс 4-5 жилд нь л Ардчилсан нам төрийн эрх барьсан. Энэ хугацаанд Ардчилсан нам хангалттай туршлага хуримтлуулсан. Улс төрийн хат суусан. Улс орноо хөгжүүлэхийн тулд төрийн эрх барих, эрийн цээнд хүрч ажиллах, хийх цаг болсон. Тэгэхийн бид тулд бодитой ажил хийе гэж байгаа. Үүнийг хийж чадвал ард түмэн цаашид итгэл хүлээлгэх байх. Харин чадахгүй бол өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр гомдох зүйл байхгүй. Ийм л зам руу явах цаг болсон. Улс орныг хөгжүүлэх асуудал хөтөлбөрийн 2020, 2031 он гэдэг хугацаандаа гол биш. Харин яаж ажил болгох вэ, хэрэгжүүлж чадах уу гэдэгт асуудал байна. Бид 2020 гэдгийг бодитой юм ярьж болох хамгийн холын хугацаа гэж бодож байгаа. Харин үүн дээр 11 жил нэмээд, түүний цаадахыг харна гэхээр их л бүдэгхэн, тодорхойгүй санагдаад байгаа юм. Тэр үед өнөөдөр хөтөлбөр боловсруулаад сууж байгаа хүмүүс хэдэн настай байх билээ. Улс орон маань ямар түвшинд хүрсэн байх билээ гэдгийг бодоод тэр шүү дээ. Ямар ч байсан энэ парламентын хугацаанд хоёр нам хамтарч байж томоохон шийдвэрүүд гаргаж чадсан. Хамтарч байж гаргасан шийдвэрээ ямар ч тохиолдолд авч явах нь түүхэн үүрэг.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтлэлч
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин

2012 оны 3-р сарын 23, Баасан гариг

No comments:

Post a Comment