Sunday 22 April 2012

Д.Очирбат: Аавтайгаа хамт 200 гаруй мэс заслын хагалгаанд орсон


УИХ-ын гишүүн Дагвадоржийн Очирбатыг Чингэлтэй дүүргийнхэн нь Оочко дарга гэж дуудах дуртай. Учир нь тэрбээр тус дүүрэгт арав гаруй жил төрийн захиргааны алба хашиж, Засаг даргаар дөрвөн жилийн хугацаанд ажиллахдаа Чингэлтэй дүүргийн төдийгүй, хотын хөгжлийн талаар нэлээд зүйл хийсэн билээ. Түүнийг АУДС-ийг мэс засалч мэргэжлээр төгсөж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энхийн фронтод цагаан нөмрөг дэрвүүлж явсан нэгэн гэдгийг харин тэр болгон хүмүүс мэддэггүй. Түүнтэй уулзаж,  ярилцлаа.
-Эмч хэмээх сайхан мэргэжлийг эзэмших болсон талаар яриагаа эхлэх үү?
-Би багаасаа л эмч болох сэтгэл зүйн бэлтгэлтэй өссөн. Энэ нь аавын минь ач юм даа. Миний аав Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч, сүрьеэ диспансерийн эрхлэгч, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгчийн ажлыг шат дараалан хийж байгаад нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байлаа. Сэхээн амьдруулах тасгийг анх удаа аймагтаа байгуулсан юм шүү дээ. Ер нь эмчийн мэргэжил бол эхийн ачлалын үргэжлэл гэж би боддог. Амийг нь аварч дахин амьдруулна гэдэг төрүүлснээс ялгаагүй ачлал юм даа. Тийм болохоор эмчийн мэргэжилдээ дуртай. Эмчлүүлсэн хүнээ эрүүл саруул алхаж явахыг харах сайхан байдаг. Аав мэс заслын эмчээр ажиллаж байхдаа намайг маш их дагуулж явдаг байсан. Одоо бодоход намайг эмчийн ёс суртахуунд бэлтгэж, өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх санаагаа  л хэрэгжүүлж явсан юм билээ. Би айлын дөрвөн хүүхдийн ууган нь болохоор дүү нараа асарна, гэр орны ажилд тусална, аавыгаа дагаж хөдөө явах зэрэг ажил мундахгүй. Миний хүүхэд нас ерөнхийдөө их ажил хэрэгч өнгөрсөн дөө. Манай ээж хими, биологийн багш байсан болохоор би энэ төрлийн хичээлдээ ч гайгүй байлаа. Ахлах ангийн ах, эгч нарын химийн бодлогыг бодож өгдөг хүүхэд байлаа.
-Анагаах ухааны дээд Сургуульд төвөггүй орсон уу?
-Конкурсээ амжилттай өгсөөн. Ленинградын Анагаах Ухааны Дээд Сургуулийн хүүхдийн эмчийн анги, Монголдоо Анагаах Ухааны Дээд Сургуулийн эмчилгээний ангийн хоёр хуваарийн аль дуртайг нь авах эрх олгосон боловч би Монголдоо суралцсан. Биднийг сурч байх үед үндсэндээ долоон жил суралцдаг байлаа. Эхний нэг жилд нь эмнэлгүүдэд асрагч хийдэг байлаа. Эмч, сувилагч нарыг юу л гэж хэлнэ бүгдийг хийнэ шүү дээ. Шал угаана, өвчтөнийг асарна, нас барсан хүнийг хүртэл морг руу зөөх зэрэг ажил болгонд л оролцдог сон. Шөнөжин нойргүй жижүүртэй хоноод л өглөө нь хичээлдээ сууна. Тэр үед одоотой адилгүй бүх хичээл орос хэл дээр заагдана, унших номоо ч орос хэл дээр судална даа. Бид ийм хатуужлын дунд эмч болсон. Би нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүрх судасны тасагт нэг жилийн дадлага Бундан докторын удирдлаган доор хийсэн. Баасанжав докторыг мэс заслын хагалгаанд ороход нь олон удаа орсон доо. Алган дээрээ хүний зүрхийг тавьчихаад амьдрал бэлэглэх гээд хөлсөө дуслуулж зогсоо эмч хүнийг харахад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм.
-Оюутан насанд хөгжилтэй явдал зөндөө л тохиолдож байсан байх. Та мартагдашгүй нэгэн дурсамжаа хуваалцаач?
-Би ангидаа хамгийн том биетэй нь байсан юм. Бид хаана, ямар эмнэлэг дээр мэс заслын хагалгаа хийнэ тэнд очих дуртай. Энэ бол сайн эмч болохын тулд л дадлагажиж яваа хэрэг шүү дээ. Оюутнуудыг багшгүй явахаар тоодог эмч ховор. Тийм болохоор том биетэйгээрээ би багш нь болоод л явна даа. Нэг өдөр абортонд орж байсан үе таараад Жав багшид, багшаа манай оюутнуудад хэлж ярьж өгөөч гээд л би гуйдаг юм байна. Тэгтэл юун дадлага байхав оюутан гэдгээ таниулаад бүгдээрээ хөөгдөөд гарч билээ.
-Аавтайгаа хамт мэс заслын хагалгаанд орж байв уу?
-Мэдэхгүй бүхний минь багш аав минь юм шүү дээ. Аавтайгаа 200 гаруй мэс заслын хагалгаанд орж байсан. Анх хагалгаанд орж байхад нэг л айдастай санагддаг сан. Бид чинь хүний арьс зүсэх нь битгий хэл хөл гараа зүсэхэд яадаг билээ дээ. Эмч хүн зоригтой, чадвартай, мэдлэгтэй байх ёстой л доо. Эцсийн эцэст тэр хүний амь насыг аврахын төлөөх энэрэнгүйн тулалдаан юм даа. Эмч хүний нэгэн бахархал бол эдгэрч байгаа өвчтөнөө харах агшин байдаг.
-Таныг төвд ном сайн мэддэг гэж ярьцгаадаг юм билээ?
-Намайг оюутан байх үед Уламжлалт Анагаах Ухааны танхим анх удаа байгуулагдсан юм. Сурлагаараа 85 хувийн дүнтэй оюутнуудыг сонгож авахад би оролцож байсан. Түүнээс өмнө уламжлалт анагаах ухааны эмчилгээ маш хаалттай байсан шүү дээ. Төвд болон уламжлалт анагаахын ном ховор байсан үе л дээ. Уламжлалт анагаах ухааны бүх жор төвд хэлээр бичигдсэн байсан болохоор төвд үсгийг маш богино хугацаанд сурсан. Төвд үсэг нийт 120 үсгээс бүрддэг толгой, зүүлт үсэг гээд задраад явдаг сурахад хүнд л дээ. Үсгээ хурдан сурахгүй бол жороо мэдэхгүй шүү дээ. Жороо мэдэхгүй хүн яаж хүн эмчлэх билээ. Анагаах ухааны дөрвөн үндэс, 400 гаруй бүлэгтэй номыг уншиж байлаа. Дээр үеийн маарамбуудыг бэлтгэх зиндаанд л суралцсан. 360 гаруй судрын хуудсыг ацаг алдахгүйгээр цээжилсэн. Энэ анагаах ухааныг хойч үедээ үлдээн хөгжүүлэн дэлгэрүүлэгч, анхдагч нь болсон шинжлэх ухааны академич Хайдав, Төмөрбаатар багш нартаа маш их баярлаж  явдаг юм.
-Та эмчийн мэргэжилтэй байж яаж яваад төрийн захиргааны ажилтан болчих воо?
-Сургуулиа төгсөөд магистр багшаар сургуульдаа үлдсэн юм. Дараа нь Баянхонгор аймагт очиж аавтайгаа хэсэг ажиллаж байгаад нийслэлдээ ирсэн. Эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулагчийн ажилд орсноор төрийн захиргааны ажилтан болсон түүхтэй. Намайг энэ ажлыг авч байх үед хувийн эмийн сан дөнгөж л байгуулагдаж хөл дээрээ тэнцэж байлаа.  Хувийн хэвшлийг үүсгэн байгуулагдахад нь дэмжлэг үзүүлснээр өнөөгийн нөхцөлд авчиралцсан. Чингэлтэй дүүргийн орлогч даргаар дөрвөн жил, Засаг даргаар нь ажиллахдаа гурван жил нийслэлийн шилдэг дүүргээр шалгаруулсан явдал бол хамт олны минь хүч юм шүү гэж хэлмээр байна. Мөн төрийн захиргааны ажилд арав гаруй жилийг үдэж, хотын хөгжлийн талаар багагүй ажил хийснийг минь үнэлж  УИХ-д гишүүнээр сонгосонд Чингэлтэйчүүддээ баярлалаа. Цаашид ч их зүйлийг хийх болно.
-Та ер нь чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Байгалийн сайханд л явах дуртай даа. Оюутан байхдаа сургуулийнхаа волейболын шигшээ багт тоглодог байсан. Улсын шигшээ багт тоглохыг санал болгосон боловч хичээл, сурлагадаа анхаарлаа хандуулах нь зүйтэй санагдаад очиж амжаагүй.
-Моринд хэр хорхойтой вэ? Морь уядаг уу?
-Моринд хайргүй монгол хүн ховор шүү дээ. Хурдан морь дагаж харах дуртай, түүнээс уядаггүй. Найз нөхдийн бэлэглэсэн хэд гурван морь бий. Харин морьдын тухай дуу дуулж, шүлэг унших дуртай. Морь уяна гэхээсээ өөрийнхөө мэдлэг оюунаа сойж, нийгмийн хөгжилд хувь нэмэр болохыг илүүд үзэж явна даа.
2009 оны 9-р сарын 29, Мягмар гариг, Улаанбаатар таймс

No comments:

Post a Comment