Thursday 19 April 2012

Ардчилсан хувьсгал 20 настай золголоо

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд УИХ-ын дэд дарга Б.Батхүүтэй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.

-Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн босгон дээр ардчиллынхан алдаа оноогоо дэнсэлж байгаа байх?

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийгмийн амьдрал, хувь хүний амьдрал хэрхэн өөрчлөгдснийг хүн бүхэн мэдэж байгаа. Харин 20 жилийн өмнө байдал ямар байсныг мэдэхгүй шинэ үеийнхэн өсч өндийж байгаа болохоор хэдэн зүйлийг хэлмээр байна. 20 жилийн өмнө хүний эрх, эрх чөлөө ямар байлаа даа. Хүн болгон гадаад паспорттой болж, дуртай газар руугаа явах нь битгий хэл, аймаг хооронд болон Улаанбаатар хот орохын тулд хяналтын бичиг авдаг байлаа. Хувь хүн хувийн аж ахуй, өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй байж болдоггүй байсан. Төлөвлөгөөт эдийн засгийн тооцоогоор нэг хүний жилд идэх талх, өмсөх гуталны тоо тодорхой байдаг байв. Энэ цаг үеийг 1990 оны хувьсгал өөрчилж дэлхийн түүхэнд анх удаа ганц ч хүний хамраас цус гаргалгүйгээр тайван замаар ардчилсан хувьсгалыг хийж чадсан. Тэр үед Монгол орныг зах зээлийн нийгэм рүү эргэлт буцалтгүй оруулах алхмыг хийсэн нь зөв байжээ гэдгийг өнөөдөр бид харж байна. Ардчилсан гэдэг үгийг янз бүрийн үзэл баримтлалтай улстөрийн намууд хүртэл хүлээн зөвшөөрч байна. Ардчилсан гэдэг үгийг хэрэглэдэг, ардчилал гэдгээр бахархдаг, энэ үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрдөг болсонд хувь хүний хувьд баярлаж байна. Энэ хугацаанд хийсэн бүхнийг дурдана гэвэл цаг хүрэлцэхгүй.

-Алдаатай зүйл мэдээж байсан байж таараа. Та энэ цаг мөчид ардчиллын чухам юугаар нь бахархаж байна вэ?

-Алдаа мэдээж байсан. Алдаа оноо их байсан уу, бага байсан уу гэдгээр асуудлыг дүгнэхгүй. Аливаа зүйлд эерэг, сөрөг хоёр тал байдаг. Алдаа болгоныг засч залруулахын төлөө явж байна. Миний хэлэх дуртай үг бол ардчилал бол анархизм биш. Ардчилал бол эрх мэдэлтэй, дэг журамтай, зах зээлийн цэвэр өрсөлдөөнт нийгэм. Өнгөрсөн 20 жилийн түүхийг 40-50 насныхан бүтээлцлээ. Бид хүнд хэцүү үеүдийг даван туулсан. Заримдаа шантармаар, эргэж буцмаар цаг үе ч байсан. Баярлаж бахархах цаг үе ч байлаа. Ард түмэн маань ардчилсан Ерөнхийлөгчийг сонгож, ардчиллыг дэмжиж байна. Зөвхөн Монголд ч биш дэлхийн олон нийт ардчиллыг хүлээн зөвшөөрч байна. Улстөрийн намуудын зорилго бол улс орноо хөгжүүлж, ард түмнээ сайн сайхан амьдралд хүргэх юм. Хүрэх арга зам нь л өөр өөр байсан болохоос өнөөдөр улстөрийн намуудын хөгжил рүү явах зам нь хоорондоо ойртож байх шиг байна. Хоорондоо ойртож байна гээд үзэл баримтлалгүй болоод нэг нам болчихно гэсэн үг биш л дээ. Гэхдээ олон асуудал дээр нэг цэг дээр огтлолцон, ойлголцдог боллоо. Нэг нь нөгөөдөө хориг саад тавих нь багассан учраас улс орон түргэн хурдацтай хөгжих бололцоо нээгдэж байна. МАН ч гэсэн ардчиллын талаар их ярьдаг, ардчиллыг дэмждэг, ардчиллыг хүлээн зөвшөөрдөг үзэл баримтлалтай болж эхэлж байгаад баярлаж байна.

-Одоогоос арван жилийн өмнө ардчиллын төлөөх намууд нэгдэж АН-ыг байгуулж байсан. Нэгдэж нийлсэн зорилгоо биелүүлж чадсан уу?

-2000 онд ардчиллын төлөөх намууд нэгдэж нэг үзэл бодол, нэг зорилготой нэг цул нам болсон. Нэгдэх тийм амар байгаагүй. Тавын таван нам хоорондоо асуудлаа яриад зорилгоо нэг болгоод намынхаа удирдах бүрэлдэхүүнийг сонгоно гэдэг амархан байгаагүй. Гэхдээ бид хийж чадсан учраас ардчилал Монгол оронд тууштай хөгжих замыг нээж өгсөн. Сөрөг тал байсан ч гэлээ бидний хийсэн бүтээсэн нь илүү жин дарна. Ардчиллын төлөөх намууд нэгдсэн нь зөв үйл явц болсон.

-Гэхдээ АН-д анх нийлсэн намууд одоо ч гэсэн фракц байдлаар оршин тогтнодог. Фракц байх ёстой юу?

-Фракц бол байх л зүйл шүү дээ. Нам том, хүчирхэг болох тусам фракцууд бий болдог. Жижиг намуудад фракцын орон зай байдаггүй. Фракцууд намын үзэл баримтлалд зангидагддаг ч асуудлыг шийдэх гарц дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлдэг. Энэ бол ардчилалтай байна гэсэн үг. Ардчилсан нам хэзээ ч фракцыг үгүйсгэхгүй. Манай намынхан аливаа асуудлыг шийдэхдээ олон талаас нь хэлэлцэж марган зөрчилддөг. Нийгэм болохоор АН-ынхан хоорондоо зөрчилтэй байна, хоорондоо тохирохгүй байна, хэрүүл маргаантай байна гэдэг. Гэтэл АН энэ маргаан зөрчил дундаасаа эцсийн шийдвэрийг хамгийн зөв гаргаж чаддаг. Би хэдийгээр эсрэг байсан ч гэсэн өөрийнхөө хүслийг дарж олонхоороо гаргасан шийдвэрийг дагадаг. Зарим намуудыг харахад ямар ч асуудалгүй мэт гараа зэрэг өргөж, асуудлыг шийддэг. Гэтэл дотоод дахь зөрчил нь туйлдаа хүрчихсэн байдаг. Буцалж байгаа цайны тагийг авч уурыг нь гаргахгүй бол дэвэрдэг биз дээ. Энэ мэт байдлаас болоод зарим нам салах дээрээ тулж байна. Тэгэхээр бол фракц байх ёстой.

-Та МАН-ыг ардчиллыг хүлээн зөвшөөрч байгаад талархаж байна гэлээ. Гэхдээ МАН харагдах байдлаараа АН-тай адилхан боллоо гэх шүүмжлэл байна?

-МАН-ынхан АН-ыг хэлбэрийн хувьд дуурайж байна уу, агуулгын хувьд адилхан болж байна уу гэдгийг амьдрал, цаг хугацаа харуулна биз ээ. Нэг удаагийн хурал дээр хэлсэн үг, хурлын дараах нэг сарын хугацаанд болж байгаа үйл явдлаар нь дүгнэж болохгүй. Гэхдээ хэлбэрийн хувьд дуурайсан биш байгаасай гэж хүсч байна. Ардчиллын замаар явах нь зөв юм байна гэдгийг чин сэтгэлээсээ мэдрээд ардчиллыг сонгосон байгаасай. Ардчиллын замаар 20 жил явж ирсэн АН-аас МАН туршлага судлаасай. Юун дээр алдсан, юун дээр оносон бэ гэдэг бэлэн туршлага АН-д байна. Бидний туршлагаас болохгүй, бүтэхгүйг нь гээгээд болж бүтэж байгааг нь аваад яваасай. Бид ололтоо өмчлөхгүй ээ. АН нэгдүгээрт, МАН сүүлд байгаасай гэдэг бидний зорилго биш. Нам, улстөр гэдэг хийсвэр бодит бус зүйл. Ер нь дэлхийн олон оронд намууд гишүүнчлэлгүй болж байна. Би энэ намыг дэмжиж байна гэдгээ сонгуулийн өмнө л илэрхийлдэг. Гэтэл манайхан эргэх дөрвөн цагт улстөржиж, хүн болгоныхоо духан дээр чи тэр намынх гээд тамга дарчихдаг. Намынх нь үзэл баримтлал зарим үед таалагдахгүй байсан ч хүссэн хүсээгүй ч дуугүй л дагадаг. Тэгээд ч ийм цөөхүүлээ байж намаар талцаад яах ч юм билээ.

-Харин тийм. Та энэ УИХ-д суух хугацаандаа улстөрийн намыг гишүүнчлэлгүй болгох хуулийн төсөл оруулж чадах болов уу?

-Улстөрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ зарчим руу явах ёстой. Хэн юм хийж чадаж байна, аль нам улс орноо хөгжүүлэх зөв хөтөлбөр боловсруулж байна, түүнд нь саналаа өгдөг эрх, эрх чөлөөг чөлөөтэй болго л доо. Гэтэл хүссэн ч хүсээгүй ч нэг намын батлах өвөртөлчихөөд тэр намынхаа бодлогыг зөв ч байсан, буруу ч байсан дэмжээд, унавал хамт унаад ажилгүй болдог тогтолцоог халмаар байна шүү дээ. Төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон нь нэг алхам. Үүнтэй адил улстөрийн намуудыг гишүүнчлэлгүй болговол жинхэнэ юм хийж чадах нам нь гарч ирнэ. Сонгууль ч илүү бодитой, шударга болно. Ямар ч байсан сонгуулийн тухай хууль хэрхэн батлагдахыг хүлээж байна. Энэ хуулийн дараа улстөрийн намуудын тухай хуулийг ямар байдлаар өөрчлөх тухай асуудал яригдана.

-Сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар шийдсэн нь зүгээр вэ, таны хувьд?

-Ер нь пропорциональ системийн уур амьсгал орох ёстой. Аймгийн депутат шиг жижиг тойрог буюу хэдхэн сум, эсвэл ганц аймгаас сонгогдох нь зохимжгүй юм. Энэ байдлыг халахын төлөө явах ёстой. Гэхдээ бид бүрэн пропорциональ руу орох гэхээр сэтгэл зүйн болон нийгмийн тогтолцоо одоогоор бүрэн бүрдээгүй байна. Холимог систем рүү эхэлж ороод, пропорциональ руу бага багаар дөхөх ёстой. УИХ дээр асуудлыг мэдээж олонхоороо шийднэ. Харин гишүүд маань нийгмээ эрүүлжүүлэх чиг хандлага руу явах болов уу. Хөрөнгө оруулалт бодлогын асуудал дээр гишүүд суманд худаг бариулах гэж зүтгэх биш улс орны чанартай асуудал ярьж шийддэг болмоор байна. Тийм нөхцөл бололцоог сонгуулийн хуулиар гишүүдэд тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол гишүүд юм хийхгүй байна, асуудлыг томоор харахгүй байна гэж шүүмжилдэг. Сонгогчид “Хүү минь чи яагаад хүмүүст мөнгө зүгээр хувааж өгье гэхээр зөвшөөрсөнгүй вэ, надад мөнгө хэрэгтэй байна” гэх жишээтэй. Гэтэл тэр мөнгийг нийгэмд зүв зүгээр тараахын оронд ажлын байр бий болгох үйлдвэрлэлд зориулмаар байдаг. Хүн болгонд мөнгө тарааснаар асуудал шийдэгдэхгүй. УИХ, Засгийн газар асар их юм хийгээд байгаа мэт харагдаж болно. Гэтэл ажилгүйдэл, инфляцийг ирээдүйд бий болгож байна. Уул уурхай хөгжөөд их мөнгө орж ирнэ гэж байгаа. Тэр мөнгийг бид байхгүй юм шиг нүдээ аниад, бүсээ чангалан амьдарч Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох салбаруудад зарцуулах ёстой. Газар тариалан, мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийнхээ амьдралыг баталгаатай болгож, шинэ техник технологи оруулж ирэх хэрэгтэй. Уул уурхайн орлого зогсоход бусад салбараас орж ирж байгаа ашгаараа Монгол Улс өлсөхгүй, цангахгүй сайн сайхан амьдрах ёстой. Манайхан нэг хэсэг банкнаас зээл аваад алтан бөгж зүүн, жийп машин аваад уначихдаг байсан. Гэтэл бид уул уурхайгаас орж ирэх орлогыг яг үүн шиг үрэх гээд байх юм. Бүх хүнд зүгээр тарааж тансаглаж болохгүй ээ.

-Гэхдээ намууд анхнаасаа бэлэн мөнгөний амлалтаар шоудсан шүү дээ?

-АН-ын хувьд Монголын баялгийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр тарааж эзэмшүүлнэ гэсэн. Энэ чинь бэлэн мөнгө тараахаас шал өөр шүү дээ. Хувьцаа хэлбэрээр тараах тухай асуудлыг сая хуульчиллаа. Тэр баялгийн мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авах, тэтгэврийн даатгалд зориулж болно. Нэг сая төгрөг шууд өгөх гэж байгаа юм биш, ийм хэмжээнээс доошгүй хувьцааг танд өгнө. Монгол Улсын иргэн болж төрснийхөө төлөө Үндсэн хуульд заагдсаны дагуу та эрхээ эдэлнэ. Миний хувьд хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа мөнгийг л дэмждэг. Яагаад гэвэл энэ хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжгүй нийгмийн цөөнх хэсэг. Гэтэл эрүүл залуу хүнд ажилгүй байгаагийнх нь төлөө мөнгө өгдөг нь хамгийн буруу зүйл.

-АН хамтарсан Засгийн газарт орсноор бүдгэрч байна гэх шүүмжлэл их гарах боллоо. Ялангуяа танай намд ийм шүүмжлэл их өрнөдөг?

-Хамтарсан Засгийн газар дотроос аль нэг намыг нь онцгойлж харахгүй байна. Харин хамтарсан Засгийн газар байгуулагдснаар ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг түрүүлж харах ёстой юм. Түүнээс ганц намын тухай яриад хэрэггүй. АН хамтарсан Засгийн газарт орсон нь нийгмийн шаардлага байсан. Нэг нам нь томорч, нөгөөх нь жижгэрч, хэдэн хүнийг сайд болгох гэж хамтарсан Засгийн газарт ороогүй. Ардчилсан хувьсгалын 20 жилийн түүхэнд, мөн түүнээс өмнөх 80 жилд шийдэж чадаагүй маш олон асуудал байсан. Газар доорх баялгийг эргэлтэд оруулж ашиглах асуудлыг аль нэг нам дангаараа шийдэж чадахгүй. Чадах ч үгүй. Хэн нэгэндээ тийм зүйл хийх эрхийг нь олгохгүй байсан. Парламентад цөөнх нь завсарлага авлаа гэхэд л гацаана шүү дээ. Би байхгүй бол чи дангаараа хийхгүй гэдэг зарчим улстөрд үйлчилдэг. Тийм учраас хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулах нь МАН болон АН-ын хувьд эрсдэлтэй алхам байсан. Гэхдээ бид нийгэмд бий болох сайн үр дагаврыг илүү бодолцсон. Зорилгоо биелүүлсэн гэж үзэж байна. Оюутолгой төслийг ямар ч гэсэн эхлүүллээ. Зуун хувь, сайн гэрээ гэж бодохгүй байна. Гэхдээ ямар ч байсан хөдөлгөсөн, энэ бол анхны алхам. Чи дээл оёж үзээгүй хэрнээ даавуу аваад шууд эсгээд оёвол алдаа гаргана биз дээ. Эцсийн дүндээ сайхан муухай ч хүйтэнд өмсөх дээлтэй болно гэдэг нэг дэвшил. Дахиад дээл оёхдоо илүү сайн оёно биз дээ.

-Тэгэхээр дараагийн сонгуульд хэрхэн оролцох вэ гээд асуудал гарч ирнэ. Хамтралтай нь биш?

-Гол нь хамтарсан зорилгоо биелүүлж чадсан. Дараагийн сонгуульд аль нь ч гарч ирсэн хамтраад шийдсэн асуудлуудыг үргэлжлүүлээд аваад явна шүү дээ. Хамтарч шийдвэр гаргачихаад цөөнх болонгуутаа араас нь буруу байсан, Оюутолгойгоо зогсоо гэх эрх зүй, ёс зүй байхгүй. Гэхдээ юм болгон цаг хугацаатай байдаг. Хэзээ тэр цаг хугацаа нь ирж салах юм билээ. Сонгууль болдгоороо болж, ард түмэн сонголтоо хийнэ.

-Тэгвэл хамтарсан Засгийн газраас АН-ын гарах хугацаа нь хэзээ юм бол?

-Тэрийг хэн ч хэлж мэдэхгүй. Хэзээ гарах вэ, яах вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ бид бүрэн эрхийн хугацаанд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. МАН, одоо та нарын хэрэггүй боллоо, гар гээд хөөвөл тэдэнд муу л байх. Бид ч гэсэн одоо та нарын хэрэггүй боллоо, асуудлаа шийдүүлчихлээ, гаръя гэвэл өөрсдөд маань муу. Тийм болохоор бүрэн эрхийн хугацаанд хамтарч ажиллах байх гэж бодож байна. Бидний хувь заяа нэг, мөрийн хөтөлбөр адилхан. Гишүүдийн болон намуудын амлалтыг нийлүүлээд Засгийн газрын мөрийн хөтөлбөр гээд нэгтгэчихсэн. Одоо салчихвал нөгөөдхөө хувааж чадахгүй биз дээ. Хэн нь юугаа шийдсэн, шийдээгүйгээ яаж ялгаж салган 2012 онд ард түмэнд хэлэх юм бэ. АН, МАН хоёр нэг завин дээр байна, завь хөмөрвөл хоёулаа л унана. Тийм учраас энэ бүрэн эрхийн хугацаанд хамтдаа явах байх гэж бодож байна.

-АН-ын ҮЗХ дахин хуралдана. Таны хувьд танай нам юунаасаа эхлэн шинэчлэгдэх ёстой гэж үзэж байна вэ?

-Нөгөө нам маань хуралдаад бүтцээ өөрчлөөд байхад бид хуралдаж өөрчлөлтийг хийх ёстой. Манай намд өөрчилж сайжруулах олон зүйл бий. АН дарга, дэд дарга нартай болж бэхжих ёстой. Хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. Намын дарга сонгуульд ялагдсан бол ажлаа өгдөг. Гэтэл орон нутгийн намын дарга нар ялагдсан ч хэдэн жилээр байж л байдаг. Манай гишүүд АН-ыг хувийн компани шиг болоод байна гэж шүүмжилдэг. Энэ бүхнийг зогсоох хэрэгтэй. Олон танилтай нь намын дарга болдог, эсвэл гаднаас хэн нэгэн орж ирээд тэр намд мөнгө өгснөөрөө намыг эзэмшдэг, шийдвэрт нь нөлөөлдөг байж болохгүй.

-Намын дарга солих тухай асуудал ҮЗХ-ны хурлын өмнө нэлээн өрнөсөн. Н.Алтанхуяг даргыг их зөөлөн гэж шүүмжилцгээж байсан?

-Зөөлхөн гэдэг чинь харьцангуй ойлголт шүү дээ. АН-д загнадаг, зандардаг, тушаадаг дарга тогтдоггүй. Фракцуудыг болон маргаад байгаа хүмүүсийг хооронд ойлголцуулдаг, эвлэрүүлдэг, тэндээс нь зөв бодлогыг харж гаргаж ирдэг хүн л манай АН-ын дарга байна. Түүнээс командлаад бүгдийг нь гар өргүүлдэг дарга манай намын дарга хэзээ ч байж таарахгүй.

2010 оны 12-р сарын 14, Мягмар гариг, Өглөөний сонин

No comments:

Post a Comment