Saturday 21 April 2012

Д.Очирбат: Хоёр сая гаруй хүнийхээ бүртгэл, мэдээллийг төгөлдөржүүлэх биш, 40 сая малыг онлайн сүлжээнд “холбох” тухай яриад эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Очирбаттай сүүлийн үед болж буй зарим үйл явдлын талаар ярилцлаа. 

-“Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой үймээний талаар хүмүүс өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Зарим нэг нь “CD аваад гарч явсан хүүхдийг баривчилсан хэрнээ хүний амь хөнөөсөн этгээдүүдийг олж тогтоохгүй байгаа нь хачирхалтай” хэмээн хууль хяналтынхныг буруутгах боллоо. Таны хувьд эл үйл явпалд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Монголчуудын маань зүрх сэтгэлийг сэртхийлгэсэн тэр үйл явдлыг дэлхий нийт ч цочирдон хүлээж авсан шүү дээ. Олон улсын мэдээллийн томоохон агентлагууд долдугаар сарын 1-нд өрнөсөн үйл явдлын талаар газар дээрээс нь мэдээлж байсан. Нэг тийм улангассан, яахаас ч буцахгүй байдалд хүмүүсийг чухам юу хөтөлчихөв, хэн зохион байгуулав гээд л энэ тухай өнөөдөр хүн бүр л дор бүртээ дүгнэлт хийж буй биз ээ. Зарим нэг нь бүр гайхаж цочирдоод “Үнэхээр л нөгөө өнгөт хувьсгал гээч нь ийм “юм” байдаг юм уу” гэх нь ч байсан. Одоо ч иймэрхүү байр суурьтай хүмүүс байж л байгаа. Ер нь долдугаар сарын 1-ний үймээний талаарх дүгнэлтийг одоогоор хэн ч гаргаж чадаагүй янз бүрээр ярьсаар байна шүү дээ. Гэхдээ уг үймээн нийгмийг бүхэлд нь айдас хүйдэст автуулсан нь хамгаас тодорхой. Тухайн үед чухам хэн гээч хүмүүс радио, телевизээр бусдыг өдөөн хөөргөж, жагсаал, цуглаанд оролцохыг уриалж байсныг бүгд чихээрээ сонсч, нүдээр харсан. Иргэн хүнийхээ хувьд би тэр үйл явдлыг хараад сэтгэл шимширсэн. Ямартай ч хэрэг явдалд буруутай хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтооно биз ээ. Төр үүргээ хэрхэн биелүүлэхийг иргэд маань харж байна. Хэн нэгэн эрх мэдэлтэн, хаа хөндлөнгийн хүмүүс хууль, шүүхийнхний үйл ажиллагаанд элдэв дарамт учруулах учиргүй. Тэр өдөр бусдын өмчид зүй бусаар халдаж, эд зүйлийг эвдэж бусниулан дээрэм тонуул хийж, галдан шатаасан, түүнийг өдөөн турхирсан хүмүүсийг, ер нь тэр хэрэг явдлыг хаацайлж хамгаалах зорилго бүхий хуулийн төслийг зарим улстөрч санаачлаад байна. Үүн дээр би зарчмын хувьд арай өөр байр суурьтай байгаа.
-Ямар байр суурьтай байгаа гэж?
-Өршөөлийн тухай хуулийг яг ямар хүрээнд хамруулан гаргах гэж буй талаар надад одоохондоо тодорхой мэдээлэл алга. Сонин хэвлэлд бичээд байгаачлан үймээнийг зохион байгуулсан, түүнд оролцсон хүмүүсийг нийтэд нь өршөөх тухай асуудлыг нийгэм тийм ч сайнаар хүлээж авахгүй л болов уу. Дээр хэлснээс ангид буюу МАХН-ын байрны гадаа юу болоод байгааг сонирхох гэж очсон энгийн иргэд, эсвэл хажуугаар нь явж байсан гэм зэмгүй хүмүүст өршөөл үзүүлж болох юм. Гэхдээ ийм хүмүүс тийм олон байгаа ч юм уу даа. Харин үймээнийг удирдан зохион байгуулсан, өдөөн турхирсан хүмүүсийг өршөөнө гэдэг байж болшгүй зүйл. Тэр хүмүүс МАХН сонгуулийн үр дүнгээр олонх боллоо гэж эсэргүүцсэн үү, аль эсвэл нийгмийг эмх замбараагүй байдалтай болгоё гэж зориуд зохион байгуулсан уу гэдгийг хуулийн дагуу шударгаар тогтоох л хэрэгтэй. Бодит амьдралд тохиолддог энгийн нэг жишээг хэлэхэд, чулуугаар айлын цонх хагалахад ч гэсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг биз дээ. Гэтэл долдугаар сарын 1-нд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн биед гэмтэл учруулсан, машинаар чулуу зөөж авчран МАХН-ын байр руу шидсэн, бензинтэй лонх тараасан, түүхийн үнэт дурсгалуудыг хулгайлсан зэрэг үйлдлийг бүгдийг нь хамруулсан Өршөөлийн хууль гаргана гэхээр ой тойнд ер багтахгүй байна. Гэм зэмгүй явж байгаад үймээний хоморгод өртсөн хүмүүст өршөөл үзүүлэх үү, аль эсвэл “Нэг удаа шүү. Дахиад битгий ингээрэй” гээд үймээн дэгдээсэн хүмүүсийн толгойг илээд өнгөрөх үү гэдгийг шүүх, прокурор, цагдаагийн байгууллага ялгаж салгаж шийдвэрээ гаргах ёстой. “Долдугаар сарын 1-ний” гэх үймээнээс өмнө хэсэг бусаг хүн МАХН-ын байранд удаа дараа зүй бусаар дайрч орон хуралдааны танхимын сандал, ширээ, эд зүйлийг эвдэж хэмхчиж байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэгэхэд “Нэг удаа юм даа” гээд өршөөгөөд л өнгөрч байсан шүү дээ. Одоо бас өршөөгөөд өнгөрөх гэж үү?
-УИХ дахь МАХН-ын бүлгийнхэн үймээнд оролцсон иргэдэд өршөөл үзүүлэх тухайд ямар байр суурьтай байгаа бол?
-Би өмнө нь дурдсан. Өршөөлийн тухай хуулийн тухайд зарим асуудалтай огт санал нийлэхгүй байна гэж. Энэ бол Д.Очирбат гэдэг хувь хүний байр суурь юм. Одоохондоо хуулийн төсөл санаачлагчид төслөө УИХ-д оруулж ирээгүй байна. Төсөл өргөн барьсны дараа МАХН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцэх байх л даа.
-Танаас өөр нэг зүйлийн тухайд сонирхмоор байна. Парламентчид саяхан улсын төсвөөс ямаанд мөнгө “өгөх”-өөр шийдвэрлэсэн. Одоо малыг онлайн бүртгэлд хамруулах тухай ярьж байна?
-Энэ намаржингаа л УИХ-аар ямааны тухай ярилаа. Гэхдээ яг ямаандаа ч биш юм аа. Улсын төсвөөс 30,5 тэрбум төгрөгийг ямаа бүхий малчин иргэддээ олгох гэж буй юм. Энэ асуудал дээр би анхандаа зарчмын хувьд өөр байр суурьтай байсан. Гэвч намын бүлэг дээр олонхиороо дэмжиж, УИХ-ын чуулганаар эцэслэн баталсан учраас би олонхийн байр суурийг хүндэтгэж байгаа. Хөдөөд талх, тарианы үнэ өсч, ноолуурын үнэ ханш буурсан. Баян-Өлгий аймагт ажиллаад ирсэн УИХ-ын нэгэн гишүүн маань орон нутгийн зовлонг ярьж л байна. Бусад нөхөд маань ч мөн ялгаагүй. Хөдөөд эр хонь 20000, шүдлэн хонь 15000 төгрөгийн үнэтэй байгаа бол эсрэгээрээ нэг шуудай гурилын үнэ 40 мянган төгрөг байна. Ер нь хөдөөд амьдрал хэцүү л байна даа. Хүмүүсийн яриад байгаачлан ямаанд “өгөх” мөнгө маань малчдын амьжиргааг дэмжсэн л арга хэмжээ юм шүү дээ, уг нь. УИХ-аар Малын хулгайтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд бид нэг зүйлийг ойлгохгүй байна. Монголын хүн амын тоо хоёр сая гаруй, мал сүргийнх нь тоо толгой 40 сая. Гэтэл одоо хоёр сая гаруй хүн амынхаа бүртгэл, мэдээллийг төгөлдөржүүлэх биш, 40 сая малыг онлайн сүлжээнд “холбох” тухайд яриад эхэллээ. Тэр мал тийм эвэртэй, тийм зүстэй гээд, эсвэл чихэнд нь дохиолол суулгаж өгөх юм уу, хаашаа юм. Эсвэл мал болгоныг цахимжуулах юм уу. Эхлээд хүн амынхаа бүртгэл, мэдээллийг нэгдсэн тогтолцоонд оруулчихаад дараа нь малынхаа асуудлыг ярих нь зүйтэй. Дөчин сая малыг онлайнд “холбоно” гэхээр зураг хөрөгтэй нь интернэтэд байршуулах юм уу, яах гээд байгаа юм. Бас болоогүй ээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд дөчин сая малыг онлайнд холбох ажлыг хариуцаж зохион байгуулна гэж байгаа юм. Хотод бол сайд, харин хөдөөд хэсгийн төлөөлөгч тэр 40 сая толгой малыг онлайнд холбох гээд явж байх нь байна шүү дээ. Ингэж онлайн, цахим хэлбэр гэхээсээ илүү малын хулгайчийг шийтгэдэг оновчтой тогтолцоог ярих хэрэгтэй байна. Хуулийн дагуу дорвитой хариуцлага хүлээлгэж чаддаггүйгээс малын хулгайч нарыг өөгшүүлчихсэн байна. Үүнээс гадна төсвийн мөнгөөр мал сүргийг онлайнжуулахын оронд улс орны хөгжил, иргэдийн амьдралд тус нэмэртэй, нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна шүү дээ. Наад зах нь дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй.
-Нийслэлийн гурван дүүрэгт орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц хүрсэнгүй. Түүний нэг нь Чингэлтэй дүүрэг. Орон нутгийн сонгуулийг хэзээ дахин явуулах вэ. Таныг тус дүүргийн МАХН-ын хорооны дарга учраас асууж байна л даа?
-Чингэлтэй дүүргийн хэмжээнд сонгогчдын ирц бүрдсэн гэж би үзэж байгаа. Санал хураалтын дараа буюу аравдугаар сарын 12-ны шөнө Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны ажилтнууд хороодынхоо ирцийг бүрэн дүүрэн нягтлалгүйгээр, албан ёсны дүн мэдээг албан бичгээр авалгүйгээр “Сонгуулийн ирц хүрсэнгүй” гэж амаар зарласан нь туйлын хариуцлагагүй явдал. Тэднийг ингэж зарласны дараа сонгогчдын ирцийг дүүргийн хэсгийн хороодоос албан ёсоор авахад сонгогчдын ирц 50 хувь гарчихсан байсан. Иргэдийн сонголтод тийм хариуцлагагүй хандаж болохгүй биз дээ. Сонгогчдын саналын хуудас бүхий хайрцгуудыг лацдаж, ломбодоод цагдаагийн хяналтанд байлгаж байгаа гэсэн. Дахин сонгуулийн тухайд гэвэл, нийслэлд яг хэдийд явуулах нь тодорхойгүй, хүлээлтийн байдалтай байгаа. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, Орон нутгийн сонгуулийн тухай хууль энэ янзаараа бол “явахгүй” юм байна. Тиймээс 2012 оны сонгуулиас өмнө уг хуулинд зарим өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатай.
Д.Оюунцэцэг
2008 оны 10-р сарын 27, Даваа гариг
Ардын эрх

No comments:

Post a Comment