Thursday 19 April 2012

Г.Батхүү: 50:26 гэсэн хувилбар дээр хатуу байр суурьтай байгаа

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Аль тогтолцоо нь манай улсад тохиромжтой вэ?

-УИХ дээр ажлын хэсэг гарч Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлыг хоёр жил гаруй хэлэлцэж байна. Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоог өөрчлөх шийдлийг богино хугацаанд гаргах боломжгүй учраас УИХ-ын зүгээс ч шахамдуулахгүй байгаа. Яагаад гэвэл Сонгуулийн хууль чамбай, сонгууль зөв тогтолцоогоор явж чадвал улс орон хөгжих, ард иргэд сайхан амьдрах олон чухал асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бидэнд том сургамж бий, 2008 оны сонгуулийн дараа гарсан үймээн хуулиа, тогтолцоогоо өөрчлөх шаардлагатайг сануулсан. Хийсэн сонголт нь сонгуулийн үр дүнд жинхэнэ утгаараа нөлөөлж чадахгүй байна гэсэн ард түмний бухимдал ийм байдалд хүргэсэн. Үүний зэрэгцээ хоёр нам хамтарсан засаг байгуулж, хөгжлийн асуудлуудаа хамтарч шийдвэрлэх хувилбарыг сонгосон зэргээс харахад сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зайлшгүй байсан. Ямар ч атугай өнөөдөр УИХ-ын гишүүд аль нэг намд, хэн нэг хүнд ашигтай гэдгийг харахаасаа илүү улс орны хөгжил, ард түмний амьдралд хэрэгтэй, үр өгөөжтэй сонгуулийн тогтолцоог сонгохоор санал нэгдэж чадлаа.

Манай улс мажоритар тогтолцоогоор таван удаа сонгууль явуулсан. Энэ тогтолцооны давуу тал нь аль нэг нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тохиолдолд хүчтэй сөрөг хүчин бий болдог. Улс төрийн нам, нэр дэвшигчидтэй хариуцлага тооцох боломжтой, тухайн тойргийн сонгогчдын төлөөлөл тодорхой байдаг. Харин сул тал нь парламентад жижиг намууд суудал авах бололцоо хаагдмал, сонгогчдын саналын багагүй хувь нь гээгддэг, олонхын дэмжлэгийг авахын тулд нэр дэвшигчид популист амлалт өгдөг. Сонгогчдын санал маш их гээгддэг тул 50 орчим хувийн санал авсан улс төрийн нам УИХ~ын суудлын 90 хувийг авах магадлал өндөр. Ийм жишээ ч бий. Мөн УИХ-д сонгогдсон гишүүн улс орны хөгжлийн том бодлогыг харах биш тойргийнхоо хөрөнгө оруулалт, тойргийнхоо асуудалтай зууралдсаар байгаад дөрвөн жил өнгөрдөг.Тэгвэл пропорциональ буюу хувь нийлүүлсэн тогтолцоо олон давуу талтай. Юуны түрүүнд сонгогчдын санал гээгдэхгүй. Парламентад олон нам суудал авах боломж нээлттэй, нэр дэвшигч нэг тойрогт хандсан биш улс орны хэмжээнд нийтийн эрх ашгийг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүл-дэг. Ардчиллын гол шинж чанар, улс төрийн намын хөгжлийн шалгуур болсон зөвшилцлийг бий болгож, сөргөлдөөнөөс зайлсхийх, парламентын засаглалыг төлөвшүүлэх сайн талтай. Улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлнэ. Сул тал нь ард түмний төлөөлөл УИХ-д байхгүй болж, сонгогч, сонгогдсон түшээ хоёрын харилцаа холддог. Түүнчлэн бие даан нэр дэвшигчид халгаатай, улс төрийн намууд, сонгогдсон гишүүдэд хариуцлага тооцох боломж хомс гэх мэтчилэн мажоритар, пропорциональ тогтолцооны сайн, муу тал олон бий.

-Парламентад суудалтай намуудын хувьд холимог тогтолцоон дээр санал нэгдсэн ч мажоритар, пропорционалийн харьцаа ямар байх талаар зөрүүтэй байр суурь илэрхийлж буй. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүдийн байр суурь янз бүр байгаа. Зарим нь 50:26 гэсэн хувилбар зөв гэж байхад 38.38, бүр 24:52 гэсэн харьцааг сонгох ёстой гэсэн гишүүд бий. Миний хувьд 50:26 буюу 50 нь пропорциональ,-26 нь мажоритар байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Энэ нь намын нэрээр санал авах. 50, одоо байгаа 26 тойрогт нэр дэвшигчдийг сонгох хувилбар. Давуу тал нь жендерийн асуудлыг шийдвэрлэх бололцоотой. Улс төрийн намууд26 тойрогт нэр дэвшүүлэхдээ, мон намын нэрээр санал авах жагсаалтад эмэгтэйчүүдийн нэрийг оруулах боломж илүү бүрдэнэ. 50:26 гэсэн харьцааг сонгосноор мажоритар буюу олонхын, пропорциональ буюу хувь нийлүүлсэн тогтолцооны аль алиных нь давуу талыг авиа гэсэн үг. Ер нь хувь нийлүүлсэн тогтолцоо'' илүү давамгайлах ёстой. Бид нэгэнт мажоритар тогтолцооны сул тал, үүнээс үүдсэн сөрөг үр дагаврыг хангалттай мэддэг болсон. Энэ байдлыг өөрчлөх гэж байгаа л бол пропорциональ тогтолцоо илүү жин дарах шаардлагатай.

-50:26 гэсэн хувилбарыг авбал пропорциональ тогтолцоогоор сонгох сонголт 70 хувийг нь эзэлнэ гэсэн үг. Хорин жил мажоритар тогтолцоогоор явсны дараа гэнэт ийм огцом шилжилт хийхэд эрсдэл учрах болов уу?

-50:26 нь пропорциональ руу хэт хэлбийсэн, нэг туйлаас нөгөө туйл руу шилжих гэж байгаа юм шиг ярьдаг. Тийм биш. Тухайн улс төрийн нам 50 нэр дэвшигч хэн байх вэ гэдэг жагсаалтаа гаргана. Иргэд тэр жагсаалтыг харж байж сонголтоо хийнэ. Хүнд нь саналаа өгч байгаатай ялгаагүй. Ер нь мажоритар, пропорционалийн харьцаа ямар байх тухай асуудал нь сонгуулийн тойргийн хуваарилалттай холбоотой. Хэрэв тойргийн тоо өөрчилбөл хүн амын тоонд харьцуулж шилжүүлэх ёотой. Ингэснээр зарим аймаг мэг тойрог ч болж магад. Цаана нь Улаанбаатарт тойргийн тоо эрс нэмэгдэх хандлага байгаа. Тойргийн тоог ингэж өөрчилснөөр хөдөөгийн төлөөлөл багасаж, Улаанбаатарын төлөөлөл нэмэгдэнэ. Тэгэхээр энэ нь хэр оновчтойг бодох ёстой. Ер нь сонгуулийн тогтолцооны харьцааны талаар ярихдаа хоёр хүн зах дээр сууж байгаад үнэ хаялцаж, дундуур нь хийе гэдэг шиг хандаж болохгүй. Үнэхээр шинэчилж, сайжруулж,"өөрчлөлт хийе гэж ,байгаа бол дорвитой арга хэмжээ авах ёстой. Тэгэхээр мажоритар тогтолцоог хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сольж чадвал улстөрийн ардчилалд үсрэлт болно. Цаашлаад холимог тогтолцоон дотроо пропорционалийг түлхүү оруулбал том ололт, шинэчлэл юм.

-Сонгуулийг будлиантуулдаг, санал луйварддаг, хууль зөрчдөг үзэгдлийг таслан зогсоож чадахгүй бол ямар ч сайн тогтолцоотой байгаад үр дүнгүй. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн дараа ёс юм шиг л хэл ам, гомдол гардаг ч буруутай нөхдүүд хариуцлага хүлээгээгүй. Энэ удаа зөвхөн тогтолцоог өөрчлөөд өнгөрөх тухай яриагүй байх. Шударга, ил тод, ардчилсан сонгууль явуулахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хаана байгаагаасаа үл хамааран сонгуульд санал өгөх боломжийг бүрдүүлэх учиртай. 50:26 гэсэн харьцааг сонгосноор энэ асуудлыг шийдвэрлэх давуу талтай. Гадаа-дад байгаа иргэд, урьдчилан хорих төвд хоригдож буй хүмүүс, хилийн боомт, уурхайн ажиллагсад, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд пропорциоль буюу намын нэрээр санал авах нэг мандаттай томсгосон тойрогт санал өгөх бололцоо нээгдэнэ.

Нөгөөтэйгүүр шударга сонгууль явуулахын тулд хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Сон-гуулийг будлиантуулдаг, саналын хайрцгийг авч зугтдаг, өөрөө очоод саналыг нь өөрчлөөд ирдэг, тэгсэн атлаа хариуцлага хүлээдэггүй байдал давтагдаж болохгүй. Сонгуулийн хуулийг зөрчсөн бол хариуцлага тооцох, санал өгөх, тоолох үйл явцыг автоматжуулах, цаасаар баталгаажуулах шаардлагатай. Хүндэтгэх шалтгаангүйгээр саналаа өгөөгүй, иргэний үүргээ биелүүлээгүй хүмүүст дараагийн сонгууль хүртэл хүний хөгжлийн мөнгийг нь олгохгүй байдаг ч юм уу ямар нэг байдлаар хариуцлага тооцдог болох нь чухал. Түүнчлэн сонгогчийн үнэмлэх гэж байдаггүй, зөвхөн иргэний үнэмлэх дээр тэмдэглэгээ хийдэг, дахин санал өгөх боломжгүй байхаар програмчлах ёстой. Энэ мэт олон арга хэмжээг авч, хариуцлагыг чангатгахгүй бол сонгуулийн ямар ч тогтолцоо байсан үр дүнгүй гэдэгтэй санал нийлж байна. АН-ын бүлгээс сая миний ярьсан үндэслэлүүдийн дагуу.тодорхой санал оруулж байгаа.

-Мажоритар тогтолцооны сул тал нь нэр дэвшигч популист амлалт өгдөг, мөнгөний сонгууль болдог гэдэг. Тэгвэл 50:26 ч юм уу эсвэл 38:38 ч бай аль нэг хувилбарыг сонголоо гэхэд мөнгөний амлалтыг хаах хязгаарлалтыг хуульдаа яаж тусгах нь зөв бэ?

-Нэр дэвшигч. улс төрийн нам бэлэн мөнгө амлах хориотой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх явцад гишүүд санал нэгдсэн олон заалтын нэг нь энэ. Тодруулбал, нам, эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мөнгөн дүнгээр илэрхийлсэн амлалт өгөхийг хориглоно. Эх үүсвэр, хэмжээ, зориулалт нь батлагдаагүй улс, орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд шууд тараах, зарцуулахтай холбоотой амлалтыг мөрийн хөтөлбөрт тусгах, өөр хэлбэрээр сонгогчдод дамжуулах хориотой. Гэхдээ "хориглоно" гэж заагаад л болох биш хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгөх нь чухал.

-Өнгөрөгч сонгуулиар намууд нэр дэвших хүндээ 20 сая төгрөгийн босго тогтоож байсан. Мөнгөний сонгуулиас татгалзана гэсэн хэрнээ нэр дэвшигчдэдээ мөнгөний босго, шалгуур тавих нь зохистой юу?

-Парламентад суудалтай намууд суудлынхаа тоогоор төрөөс санхүүжилт авч байгаа. Энэ дашрамд хэлэхэд АН сонгуульд нэр дэвшигчээс мөнгө авдаг босго гэдэг зүйлээс татгалзсан.

Д.Доржпагма

2011 оны 5-р сарын 31, Мягмар гариг, Өдрийн сонин

No comments:

Post a Comment