Monday, 23 April 2012

З.Энхболд: Л.Амарсанаа ажлаа өгөх хэрэгтэй





УИХ-ын сонгуулийг будилаангүй зохион байгуулахын тулд сонгогчдын үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлэхээр болж тодорхой шийдвэрүүдийг гаргасан билээ. Гэвч эл ажлыг хариуцаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс сонгуулиас урьтаж цахим үнэмлэх хэвлэгдэх боломжгүй болж сонгогчид хуучин үнэмлэхээрээ саналаа өгөхөөс аргагүй боллоо гэж мэдэгдсэн юм. Иймд бид УИХ-ын гишүүн З.Энхболдоос эл асуудлын хүрээнд дараах хариултыг авлаа.

-Хоёр долоо хоногийн өмнө Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийх үеэр та “Сонгууль болох цаг хугацаа богинохон үлдсэн ч иргэний цахим үнэмлэх хэвлээд тараачих бололцоо байна” гэж мэдэгдсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа “Бэлдэц цаг хугацаандаа нийлүүлэгдэхгүйгээс цахим үнэмлэх хэвлэл ажилд бэрхшээл учирлаа. Тавдугаар сарын 10-наас эхэлж цахим үнэмлэх хэвлэхээр сонгуулиас урьтаад тараах боломжгүй бол­лоо” гээд тэс өөр мэдэгдэл хийчих­лээ. Олон нийт ч эргэлзээнд орж эхлэв?

-Ухаалаг үнэмлэх ашиглаж сонгуу­лиа явуулна, өгсөн саналыг хүн биш машин тоолно гээд дөрвөн жил ярьж байна шүү дээ. Цахим үнэмлэхийн мэдээлэлд багтах иргэний овог, нэр, хурууны хээ гээд бүхий л зүйл нь бэлэн болчихсон. Одоо тэрхүү мэдээллээ цахим үнэмлэх бүрт суулгаад тарааж өгөх л асуудал. Боломж бүрэн байгаа. Хэрвээ энэ хүн ажлаа хийж чадахгүй гэж байгаа бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй.

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг ажлаа өгөх ёстой гэж та хэлээд байна уу?


-Тийм. УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлдэг болохоос “Би энэ ажлыг хийж чадахгүй” гэхээр нөгөөдүүл нь “Өө тийм үү, наад ажлаа боль боль. Сонгуулиа хуучин шигээ луйвраар явуулъя” гэж хэлж болохгүй ш дээ. Чадахгүй байгаа бол “Би чадахгүй юм байна аа” гээд ажлаа өгдөг байх ёстой. Тэгэхээр Л.Амарсанаа цахим үнэмлэхийг тарааж чадахгүй гэж хэлчихээд араас нь юу гэж хэлэх байсан бэ гэхээр “Одоо энэ ажлаа ав, би чадахгүй юм байна аа л” гэж хэлэх ёстой байсан байхгүй юу. Одоо бол энэ хүнээс чадах уу, үгүй юу гэж асуугаад хугацаа алдаад байх юм байхгүй. Маргаашнаас өөр хүн томилоод ажлыг нь хийлгээд явах ёстой. Хэрвээ Ардын намд энэ сонгуулийг хуулийн дагуу шударга явуулах хүсэл байгаа бол...

Байхгүй бол Ц.Нямдорж, Л.Амарсанаа хоёртойгоо заваарсаар байгаад сонгууль руу ёстой жинхэнээрээ цахим үнэмлэхгүй орно ш дээ.

-Л.Амарсанаа даргын бол хэлснээр бол цахим үнэм­лэ­хийн бэлдэц цаг хугацаа нийлүү­лэгдэхгүй байгаагаас гадна програм нь ухаалаг үнэмлэх унших төхөөрөмжид таарах уу үгүй юу гэдгийг турших гээд ажил нэлээд байгаагаас гадна цаг их алдахаар харагдсан?


-Л.Амарсанаагийн юу гэж ярихыг би мэдэж байгаа. Наад хүн чинь ажлаа авахдаа сонгуулийг будилтаантуулна, энэ сонгуулиар цахим үнэмлэх тараалгахгүй гэж авсан. Зорилго нь тийм байхгүй юу. Ардын намын нарийн бичгийн даргыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилох болоход бид “Наад хүнийг чинь зөвшөөрөхгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд Ардын намынхан “Болно. Энэ хүн цагт нь үнэмлэх тарааж чадна” гэж хэлээд Л.Амарсанаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болсон хүн шүү дээ. Хууль зөрчин зөрчин байж. Нэг намын нарийн бичгийн дарга байж байгаад гэнэт төрийн албан хаагч болдог хууль байхгүй.

-Одоо яах вэ, УИХ-ын Сон­гог­чийн нэрсийн жагсаалт, бүрт­­г­эл хяналтын дэд хороог та хариуцдаг. Тэгэхээр дэд хорооны зүгээс Л.Амарсанаа даргыг огц­руу­лах асуудлыг тавина гэсэн үг үү?

-Яг одоо Л.Амарсанаа ажлаа өгөх хэрэгтэй. Тэгээд энэ ажлыг хариуцаж байсан хуучин хүмүүсээр нь ажлыг хийлгүүлэх хэрэгтэй.

-Гэхдээ Л.Амарсанаа дарга тушаал гаргаж тэр хүмүүсийг аж­лаас нь чөлөөлөөгүй юм биш үү?


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцдаг болонгуутаа энэ ажлыг хийж байсан хүмүүсийг халсан. Үлдсэн хүмүүсийг нь Л.Амарсанаа ажлаас нь халсан. Хэвийн графикийнхаа дагуу явж байсан ажлыг бүтцийн өөрчлөлт хийж бужигнуулаад, зарим ажлыг дүүрэг рүү шилжүүлж нэр бүхий ажилтнуудыг ажлаас нь халсан. Уг нь энэ мэт ажилтай зууралдаж хугацаа алдсаныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой улсууд байхгүй юу тэд. Зүв зүгээр явж байсан ажлыг будилаантуулсан. Зорилго нь сонгуулийг будилаантуулах. Одоо бараг чадна, чадахгүй гэсээр суутал хоёр сарын хугацаа алдаж байна шүү дээ. Нэгдүгээр сарын сүүлээр томилогдсон байх аа тэр Л.Амарсанаа.

-Гэхдээ сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх үү?

-Өгөхгүй бол албадаж авна шүү дээ, ажлаа хийхгүй гэж байгаа хүнийг.  Өөр агентлагаар жишээ авъя л даа. Хил хамгаалах ерөнхий газрын дарга нь “Би ажлаа хийхгүй, хилээр замбараагүй олон хүн орж ирээд байна” гэх юм бол “Чи байж бай” гэж хэлэхгүй биз дээ. Орных нь хүнийг томилоод ажлаа хийнэ.

-Танай намын бүлгээс Л.Амарсанаа даргыг огцруулах асуудлыг тавина гэсэн үг үү?


-Хуулиа биелүүл гэж шаардана. Бид бол Л.Амарсанаа мэтийн жижиг хүмүүстэй ярихгүй. Ардын намын Засгийн газарт сонгуулийг хуу­лийн дагуу шударга явуулах хүсэл байна уу, зорилго байна уу. Эсвэл будилаантуулахаар шийдсэн юм уу үүнийгээ л чин үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Чадахгүй бол Засгийн газар огцорно шүү дээ.

-Засгийн газар бүрэлдэ­хүү­нээрээ сайн дураараа огцрох уу. Зөвхөн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах асууд­лыг хоёр дахь удаагаа тавьж байна. Одоо хэр нь огцруулж чадаагүй л байна шүү дээ. Байнгын хорооны хуралдаан зарлаад, сайд Ц.Нямдоржийг огц­руулах асуудлыг ярилцая гэхээр гишүүд цуглахгүй байна?


-Хэн байнгын хорооны хуралдаанд ирээгүйг та бүхэн хараа биз дээ. Ардын намын гишүүд л хуралдаа ирэхгүй байгаа биз дээ.

-Гэхдээ аль ч бүлгээс гишүүн байгаагүй шүү дээ, сая байнгын хорооны хуралдаан зарлахад?

-Д.Одбаяр гишүүн, бид хоёр байсан шүү дээ. УИХ дахь МАН-ын бүлэг хурлаа хийнэ гээд л завсарлага аваад яваад байна.

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс тавьсан Ц.Нямдорж сайдыг огцруулах тухай асуудлыг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа юу?

-Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулахыг манай бүлэг 100 хувь шийдсэн. Огцруулах асуудлыг өргөн барьсан өдөр нь л шийдсэн. Одоо ч байр суурь хэвээрээ байгаа. Манай бүлгийн хувьд асуудал байхгүй. Харин МАН-ын бүлэг тэр асуудлыг шийдэх гэж гурван удаа хуралдаж байна шүү дээ.

-Цахим үнэмлэхийн асууд­лаа дахиад л хөндөхөөс аргагүй нь. Одоо энэ асуудалтай холбоо­тойгоор хаа, хаанаа зовлон тоочсоор суутал сонгууль тулах нь яах вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлаад төрийн албан хаагчдаар сонгууль зохион байгуулуулна гээд заачихсан. Тэгэхээр энэ бүх бэлтгэл ажилд Засгийн газар хүссэн хүсээгүй оролцож байгаа. Засгийн газар энэ ажлаа хийхгүй бол сонгуулийг санаатайгаар будилаан­туулах гэдэг зүйл рүү л явах гээд байна шүү дээ. Тийм учраас ажил хийж чадах хүнээ Ардын намынхан томилох ёстой.

-Ардчилсан намын бүлэг хариуцлага хүлээдэггүй юм уу. Тодорхой хугацаагаар хамт Засгийн газарт байсан шүү дээ?

-Манай бүлэг бол сонгуулийн ажлын зохион байгуулалтын талаар ямар ч хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл бид цөөнх. Олонх нь ажлаа хийдэг. Олонх “Чадахгүй ээ та нар хий” гэвэл бид хийж чадна. Тэгэхдээ Засгийнхаа ажлыг бүгдийг өгөх хэрэгтэй шүү дээ.

-Тэгэхдээ ийм ахархан хуга­цаанд та нар амжих уу?

-Удах тусмаа амжихгүй байх магадлал өсч байгаа. Яг өнөөдөр бол амжина. Маргааш нөгөөдөр, дараагийн долоо хоног гээд хоног алдаад байвал амжихгүй байх магадлал улам өснө.

-Өмнө тавьсан асуултаа дахиж лавшруулах гээд байна. МАН-ын зүгээс “Бидэнд Ардчил­сан намынхан цахим үнэмлэхтэй холбоотойгоор ямар ч боломжгүй шаардлага тавьсан” гэвэл яах вэ?

-Эцсийн хариуцлагыг МАН хүлээ­нэ. Сонгуулийг цагт нь явуулахгүй бол, сонгуулийг хууль зөрчиж явуулах юм бол,  сонгуулийг луйвардах юм бол МАН хариуцлага хүлээнэ, өөр хэн ч хүлээхгүй.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах хүрээнд Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэр зүйл заалтаар МАН хариуцлагад татагдах нь гэж ойлгож болох уу?

-Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар тэгэхдээ сонгуулийг санаа­тайгаар будилаантуулсан гэдэг зүйл анги руугаа л явна гэсэн үг л дээ.
Г.ДАРЬ

No comments:

Post a Comment