Thursday 19 April 2012

Г.Батхүү: Хууль бүхэн амьдралын шаардлагаас урган гардаг

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.

-Өвөрхангайчууд Танд хоёронтоо итгэл хүлээлгэж, төрд өөрсдийг нь төлөөлөх түшээгээр илгээсэн. Сонгогчдынхоо дуу хоолойг төрд хүргэж, бодлого шийдвэрт нь тусгах үүрэг гишүүдэд ногддог. Энэ үүргээ хэр биелүүлсэн гэж өөртөө ямар дүн тавих вэ?

-Би өөрөө өөртөө биш сонгогчид дүн тавих ёстой. Ер нь бол аливаа үйл ажиллагаа төдийгүй хүмүүс хоорондын харилцаа ч итгэл дээр тогтдог. Итгэл даана гэдэг асар том хариуцлага. Өвөрхангай нутгийнхаа зон олны итгэлийг хүлээж төр түшилцэх хариуцлагатай үүрэг надад ногдсон. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга гэдэг утгаар Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулахад оролцож, нийгэмд хүлээгдсэн олон асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Таны санаачилж өргөн барьсан, ажлын хэсэгт нь багтсан томоохон хуулийн төслүүдээс улс орон, ард олны амьдрал ахуйд үр өгөөжтэй, ач тустай ямар хууль байна вэ?

-УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүд амьдралаас урган гарсан, цаг үеийн шаардлагад нийцсэн байдаг. Миний хувьд санаачилсан, ажлын хэсэгт багтсан олон хуулийн төсөл бий. Тухайлбал, Хүний хөгжил сангийн тухай, Авто тээврийн тухай, Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Бэлчээрийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүдийг дурдаж болно. Мөн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний зарим асуудлын тухай, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай, “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол, хөтөлбөрийг боловсруулж батлууллаа.

Нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох хуулийн тухайд иргэдийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилготой. Манай улсад хэрэглэж байгаа нийлэг хальсан уутны 90 гаруй хувийг Хятадаас импортолдог бөгөөд зөвхөн нийслэлд ашиглаж буй 10 гаруй төрлийн нийлэг уутнаас дээж авахад 30.5 хувь нь шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан байдаг. Иймээс дээрх хуулийг санаачлан өргөн барьж УИХ-аар батлуулсан. Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль байгаль орчныг хамгаалах зорилготой. Өөрөөр хэлбэл, барилгын хэв хашмал тулаасанд мод ашиглахыг хуулиар хориглож, орлуулах материалыг гаалийн татвараас чөлөөлсөн. Зөвхөн 2008 онд 336960 ширхэг буюу 7413.2 шоо метр залуу модыг барилгын тулаасанд ашигласан тоо бий. Тэгэхээр хуулиар энэ асуудлыг зохицуулах нь ойн нөөцийг хамгаалахад тустай юм.

“Монгол мал” үндэсний хөтөлбөр хөдөөгийн малчдын хүсэн хүлээсэн хөтөлбөр байсан.

Малын гаралтай түүхий эдийг зах зээлийн эргэлтэд оруулах, эрүүлжүүлэх, мал эмнэлэг, үржлийн ажлыг шинэчлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг зохицуулах шаардлагаар “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг 2010-2021 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний үе шат 2015 он хүртэл хэрэгжих бөгөөд малчдын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, эрсдэл даах чадавхитай мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн зорилтод зах зээлийг хөгжүүлэх, бэлтгэл борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох зорилготой. Хөтөлбөрийн дараагийн үе шат 2015 оноос 2021 он хүртэл үргэлжилнэ. 2011 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 14 тэрбум 800 сая төгрөг төсөвлөн санхүүжүүллээ.

-Малчдын хувьд бэлчээрээ ашиглах, эзэмших асуудалд нухацтай ханддаг. Хөдөөд бэлчээрээс үүдсэн маргаан ч их. Ийм нөхцөлд Бэлчээрийн тухай хууль батлах нь цаг үеийн шаардлага хэдий ч асуудлыг хэр оновчтой тусгаж зохицуулсан бол?

-Үнэхээр малчдад бэлчээрийн ашиглалт тулгамдсан асуудал. Энэ хуульд бэлчээрийг ашиглалтын зориулалтаар нь нийтээр ашиглах, эзэмшлийн гэж хоёр хувааж, эзэмшил, хамгаалалтыг уламжлалд үндэслэн зохицуулахаар тусгасан. Эзэмшлийн бэлчээрийг 15 жилийн хугацаатайгаар “Малчдын бүлэг”, “Монгол Улсын хуулийн этгээд” гэсэн хоёр төрлийн субъектэд эзэмшүүлэх юм. Иймээс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг хүн бүр малчдын бүлэгт элсэн орох шаардлагатай. Хуулиар зуслан, намаржаа, отрын болон дамжин өнгөрөх бэлчээрийг нийтээр ашиглах бол өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малчдын бүлэг, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд улирал харгалзахгүй эзэмшүүлнэ.

Бэлчээрийн тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр бэлчээрийг даац хэтрүүлэхгүй, цөлжилтөөс хамгаалах, зохистой ашиглах зэрэг олон ач холбогдолтой.

-Төвлөрлийг сааруулах тухай хүн бүр ярьдаг ч даацтай арга хэмжээ авсан нь үгүй. Таны санаачилж өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төвлөрлийг сааруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх заалттай. Энэ талаар тодруулна уу?

-Улаанбаатарт 500 мянган хүн амьдрах даацтай. Хотыг байгуулахдаа ийм тооны хүн оршин суухаар тооцож төлөвлөсөн гэсэн үг. Харин өнөөдөр нийслэлд 1.2 сая хүн амьдарч байна. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн хаана амьдрах эрх нь нээлттэй. Гэхдээ нийслэлдээ сая давсан хүн багтаж ядан амьдарч байгаа нь хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас үүдэлтэй. Хэрэв хөдөөгийн иргэд хотын оршин суугчтай адилхан нөхцөлд ажиллаж амьдарч, бизнес эрхлэх боломжтой, ижил хэмжээний цалин орлоготой бол нийслэлд шилжиж ирэхгүй. Иймээс төвлөрлийг сааруулах зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан. Энэ хуулиар орон нутагт байнга оршин суудаг иргэдийг хувь хүний орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөх замаар орлогыг нь нэмэгдүүлж, амьжиргааны өртгийг бууруулахаар зааж өгсөн юм.

-Саяхан Өвөрхангай аймагт очсон, нэлээн их бүтээн байгуулалт өрнүүлсэн байна лээ. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаад ямар бүтээн байгуулалтын ажлууд хийсэн бэ?

-Зөвхөн 2011 онд улсын төсвийн 26 тэрбум 280.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймагт 43 төсөл санхүүжүүлж, бүтээн байгуулалтын ажил хийсэн тоо баримт бий. Орон нутагт ажиллах явцад нутгийн удирдлагууд, иргэдийн зүгээс олон хүсэлт ирдэг. Эдгээрийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд тавьж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлж байна. Арвайхээр суманд л гэхэд 2008 оноос хойш 42 асуудлыг УИХ, Засгийн газар, бусад байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Өнгөрсөн онд улсын төсөвт 187.8 сая, усалгаатай газар тариалан хөгжүүлэх төслийн хүрээнд 190 сая төгрөг тусгасан байна. Арвайхээр суманд Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг бүтээж, Сайн ноён хан Намнансүрэн, Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөг босгож, Хүүхэд залуучуудын парк байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлсэн. Бат-Өлзий суманд 75 ортой цэцэрлэг, Тарагт суманд эмнэлгийн барилга, багийн төв шинээр барих хөрөнгө оруулалтыг мөн улсын төсвөөс санхүүжүүлсэн. Хархорин-Хужиртын чиглэлийн 16.4 км хатуу хучилттай авто замыг барихад зориулж 2010 оны улсын төсөвт 802 сая 900 мянга, 2011 оны улсын төсөвт гурван тэрбум 492.2 сая төгрөг тусгуулсан. Бусад сумдад ч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын ажил олон байгаа.

-Төсвийн хөрөнгө оруулалтад бүхнийг даатгах биш орон нутагтаа үйлдвэрлэл хөгжүүлэх нь чухал. Өвөрхангай аймагт үйлдвэржилт ямар төвшинд байна вэ?

-Хүн ажилтай, орлоготой байвал амьдрал дээшилнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зайлшгүй чухал. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Өвөрхангай аймагт 2009 онд 1.2, 2010 онд 1.6, энэ онд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Бидний дэвшүүлсэн “Өвөрхангайг үйлдвэржүүлэх” зорилт амжилттай хэрэгжиж байна. Зөвхөн 2009-2010 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 627.6 сая төгрөгийн зээл авсан 43 үйлдвэр шинээр байгуулагдаж, 852.9 сая төгрөгийн санхүүжилтээр 103 үйлдвэр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн үзүүлэлт байгаа. Үр дүнд нь хоёр мянга гаруй ажлын байр шинээр бий болжээ.

Үүний зэрэгцээ Өвөрхангай аймагт “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл” хэрэгжүүлж, сум бүрт газар тариалан, хадлангийн иж бүрэн тоног төхөөрөмж, трактор олгосноор хоршоололд нэгдсэн 2000 орчим хүн ажилтай болж, орлогоо нэмэгдүүлж байна. АН-ын гурван гишүүний санаачлагаар 384 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Гэр” хөтөлбөр ч гэсэн нэг талаас орон гэргүй нэн ядуу өрхийг дэмжиж, нөгөө талаас үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж олгож түр ажлын байр бий болгосон. Нэг үгээр, гэрийн мод, эсгий, бүрээс, оосор хошлонг орон нутагтаа хийж нийлүүлснээр түр ч гэсэн ажлын байртай болж, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд орлогоо нэмэгдүүлж чадлаа.

-“Багийн хөгжил” хөтөлбөрийн тухайд...?

-Монгол Улсын хөгжил баг, сумаас эхэлнэ. Багийн асуудлыг шийдэхгүйгээр улс орны асуудлыг шийдэх боломжгүй. Багийн төв бол Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж, иргэдэд хамгийн ойр байдаг. Иймээс төрийн түшээгийнхээ хувьд ч, Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгчийн хувьд ч багийн хөгжлийн төлөө ажиллаж байна. “Багийн хөгжил” хөтөлбөрийн бас нэг ололттой тал нь цаашид орон нутгийн иргэд орон сууцны асуудлаа шийдвэрлэх технологийг туршиж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, багийн төвүүдийг барьж байгаа канад технологиор иргэд орон байрны асуудлаа шийдэх бололцоотой.

Эх сурвалж
Өнөөдөр сонин

2012 оны 1-р сарын 06, Баасан гариг

No comments:

Post a Comment