Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Монгол хүн байна, дээл өмсөхгүй яах вэ

Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ес хоногийн дараа хөх морин цагт тангарааа өргөнө. Гэвч түүнийг үндэсний хувцас “урт шар дээл”-нээс татгалзаж, УИХ-ын чуулганы танхимд биш Сүхбаатарын талбай дээр, Чингисийн хөшөөний өмнө тангаргаа өргөж, хамгийн анхны үгээ ард түмэндээ хандан хэлнэ гэдэг албан бус мэдээлэл цацагдсан Харин УИХ-ын дараа өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс зарим асуудлыг тодрууллаа.

-Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын төсөв батлагдсан уу. Хэдэн төгрөгт багтаан энэ арга хэмжээг тэмдэглэх вэ?

-Ажлын хэсгийн гишүүд хариуцаж авсан ажлаа хийж, төсвөө боловсруулж байгаа. Маргааш өглөө \өнөөдөр\ ажлын хэсэг дахин хуралдаж, төсвөө нэптэнэ. Ер нь ард түмний сонголтыг хүндэтгэж, Монгол төрийн ёслолын арга хэмжээг аль болох хууль, журмынх нь дагуу зохион байгуулна.

-Тангараг өргөх ёслол Чингисийн хөшөөний өмнө болно гэдэг үнэн үү?

-Үгүй ээ, тангараг өргөх ёслол уламжлал ёсоороо УИХ-ын чуулганы танхимд болно. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангаргаа өргөчихөөд гадаа гарч ард түмэндээ хандан үг хэлнэ. Дараа нь цэргийн парад жагсч, урлагийн тоглолттой. Харин маргааш нь үндэсний бөхийн барилдаан болно.

-Ёслолын арга хэмжээнд гадаадын зочид төлөөлөгчид оролцох уу?

-Оролцоно. Гадаад хэргийн яамны санал дээр үндэслэн зарим улсын төрийн тэргүүнд урилга илгээж байгаа. Одоогийн байдлаар гадаадын арав гаруй орны төрийн тэргүүнд урилга явуулсан. Тэгэхдээ урилга авсан төрийн тэргүүн бүгд ирэх нь юу л бол. Ямар ч байсан төлөөлөгч ирнэ гэж бодож байгаа.

-Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангаргаа өргөхдөө ямар хувцас өмсөх вэ. Дээл үү, эсвэл…?

-Монгол хүн байна, дээл өмсөхгүй яах вэ. Тэгээд ч УИХ-аас баталсан журманд үндэсний хувцас өмсөнө гэж заасан. Ямар нэгэн шинэ, содон зүйл байхгүй.

-Ямар өнгөтэй, загварын дээл өмсөх вэ. Захиалгаа өгсөн үү?

-Одоогоор тодорхойгүй байна. Захиалгаа өгөөгүй байгаа.

Ц.Хатнаа

2009 оны 6-р сарын 09, Мягмар гариг, Монголын мэдээ

No comments:

Post a Comment