Thursday 19 April 2012

Г.Батхүү: Малчид банкны мал хариулж байна

Иргэдээ зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх гарц бий-

“Малчид банкны мал хариулж байна” хэмээх шүүмжлэл бий. Үнэхээр ч малаа барьцаалж банкнаас зээл авсан малчид зээлийн өрийн дарамтад орсон тохиолдол сүүлийн жилүүдэд бишгүй. Харин малчдын зээл, хүүгийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх асуудлыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэргүүтэй гишүүд 2009 оноос хойш хөндөж буй. Тэдний санаачилсан “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдын арилжааны банкинд төлөх зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх талаар авах арга хэмжээний тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч даваа гаригт АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй энэ талаар ярилцлаа.

-Хавтгайрсан халамжийг цэгцэлж, улс орныхоо хөгжилд хөрөнгө оруулалт хийе гэж ярьдаг цөөн гишүүний нэг нь Та. Харин таны оруулж ирсэн эдгээр тогтоолын төслийн үзэл баримтлал халамж дэмжлэг рүү чиглэсэн юм шиг санагдлаа?

-Өнөөдрийн байдлаар 170 гаруй мянган малчин өрхөд 700 мянга орчим хүн амьдарч байна. Энэ бол малын ашиг шимээр аж амьдралаа залгуулдаг нийгмийн нэг хэсэг. 2009-2010 оны өвлийн их зуд малчдад асар их хохирол учруулсан. Улсын хэмжээнд 6.2 сая мал хорогдож, малчид 360 гаруй тэрбум төгрөгийн шууд хохирол амссан тоо баримт бий. Гэтэл зуд турхан болохын өмнөх жил малчид арилжааны банкуудаас их хэмжээний зээл авсан байсан. Ер нь бараг айл бүхэн банкны зээлтэй байсан гэж хэлж болно. Малчид хүүхдээ сургуульд сургахын тулд, орон гэр, унаа машин авахын тулд, өдөр тутмын амьжиргааны хэрэгцээгээ хангахын тулд банкнаас зээл авдаг. Барьцаа нь мал. Харамсалтай нь байгалийн гамшиг нүүрлэж, мал нь хорогдоод зээлээ төлөх боломжгүй болсон. Байгаа жаахан хөрөнгө, гэр орон, үлдсэн цөөн малаа банкны барьцаанд өгөөд ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн.

Малчид бол Монголын түүх соёл, үнэт зүйл, монгол уламжлалыг хадгалж яваа хүмүүс. Тэдэнд бэрхшээл учирсан үед нь төр дэмжлэг үзүүлэх ёстой. 700-гаад мянган хүнийг ажилтай, амьдралтай байлгахын төлөө төр дэмжихээс өөр гарц байхгүй. Иймээс юун түрүүнд малчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай гэж үзсэн. Учир нь зээлийн хүү хоногоор бодогддог. Хүүг нь боломжоороо төллөө ч үндсэн зээлийн хэмжээ буураагүй учир өрөө бүрэн барагдуулахад хэцүү. Энэ асуудал нөгөө талдаа банкны салбарт хүндрэлтэй. Арилжааны банкны үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй. Дээрх бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2009 онд тогтоолын төслөө санаачилж өргөн барьсан. Мэдээж аль ч нийгэм, засаг төрийн үед халамжийн асуудал байлгүй яахав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэд рүү чиглэсэн арга хэмжээ авах нь төрийн үүрэг. Гэхдээ энэ тогтоолын төслөөр халамжийн асуудлыг хөндөөгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой цаг үе, нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн хэсэг бүлэг рүү чиглэсэн бодлогыг төр гаргах ёстой. Зудад малаа алдаж, их хэмжээний хохирол амссан малчдынхаа амьжиргааг дэмжих, цаашлаад өрх бүр өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй болох арга замыг нээж өгөх үүднээс энэ тогтоолын төслийг санаачилсан. Дахин хэлэхэд энэ бол халамж биш. Татвар төлөгчдийн мөнгөөр банкны үйл ажиллагааг дэмжээгүй. Харин иргэд байгалийн баялгаасаа хүртэж байгаа хувь хишгийн мөнгөө урьдчилаад бөөнөөр нь авч, зээлийн хүүгээ, үндсэн зээлээ төлөх боломжийг бүрдүүлж буй арга хэмжээ юм.

-Анх 2009 онд тогтоолын төслөө санаачилж өргөн барьсан гэлээ. Дэмжээгүй өдий хүрсэн нь ямар шалтгаантай юм бол?

-Тогтоолын төслийг 2009 онд өргөн барьсан ч харамсалтай нь энэ асуудал шийдэгдээгүй. Засгийн газар дэмжээгүй. Түүний дараа УИХ дээр хэлэлцэж, олон талаас нь ярьсан. Бонд гаргаж малчдын зээлийн хүүг төлөх хувилбар яригдсан. Хүүг нь царцаасан зээлийг төлөх боломжтой шүү дээ. Харин энэ удаа ярьж байгаад хамгийн сайн хувилбар бол Хүний хөгжил сангаас сар бүр өгч байгаа 21 мянган төгрөгийг урьдчилж аваад зээл, хүүгийн төлбөрөө төлөх боломжийг нээж өгье гэсэн шийдэлд хүрсэн юм. Ингэснээр банкуудын эрсдэл ч багасна. Ийм санаагаар тогтоолын төслүүдээ нэгтгэж байна. Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг хувь хүртээхдээ малчдын зээлийн өрийг төлөх нь мөнгөний ханшид сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн мал аж ахуйд учирсан хохирлыг богино хугацаанд арилгана. Малчид малгүй болсноос үүдэн нийгэмд бий болох сөрөг нөлөөллөөс сэргийлнэ.

-Хамрах хүрээний хувьд ямар байх бол?

-Зөвхөн малчдаар хязгаарлахгүй. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тэтгэврийн ахмадуудыг хамруулж, зээлээ төлөх боломж бүрдүүлэхээр ярьж байгаа. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид санхүүгийн эх үүсвэрээ арилжааны банкны зээлээс бүрдүүлж байгаа. Банкны зээлийн хүү өндөр, хугацаа богино. Үүнтэй холбоотойгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж хомс, хөрөнгийн дутагдалд байнга ордог. Малчдын хувьд банкны зээлийн өрөнд хэдэн малаа хураалгаад амьжиргааны эх үүсвэргүй болсон тохиолдол олон. Ахмадуудын тухайд тэтгэврээ хэдэн сараар нь зээлж авчихаад бэлэн мөнгөний хомсдолд ордог. Иймээс тогтоолын төсөлд тусгаснаар тэтгэврийн насныхан болон малчид, жижиг бизнес эрхлэгчид сар бүр Хүний хөгжил сангаас авах 21 мянган төгрөгөө гэр бүлээрээ нийлүүлэн авч банкны зээлээ төлөх, хүсэлт гаргасан үеэс нь зээлийн хүү тооцохыг зогсоож болохоор тусгаж байгаа. Энэ нь иргэдээ зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх гарц юм. Нэгэнт эрсдэлтэй, чанаргүй зээлийн тоонд ороод байсан зээлийн эргэн төлөлт дээр төр тодорхой дэмжлэг үзүүллээ. Банкны эрсдэлтэй зээлийг худалдан авч байна гэсэн үг. Тэгэхээр тухайн арилжааны банк зээлийн хүүгийн 50 хүртэл хувийг чөлөөлөх байдлаар зохицуулах ёстой.

-Малчид арилжааны банкуудад ямар хэмжээний өртэйг тооцсон судалгаа байгаа юу. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, малчдын хувьд зээлийн өрөө дараад, шинэ гараанаас бүхнийг эхлэх боломжийг бүрдүүлж чадах уу?

-Банкуудын зээл олголтын дүнг аймгуудаар гаргаж үзэхэд зээл, хүүгийн өрийн үлдэгдэл их байгаа. Хаан банк 58.3, Хас банк 0.4, Монгол шуудан банк 4.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй. Тиймээс төр малчдын зээлийн асуудлыг нэг удаа шийдвэрлэх ёстой. Малчдаас өөрсдөөс нь хамаарахгүй байгаль цаг уурын гэнэтийн хүндрэлээс үүдэж бий болсон асуудал учраас төрөөс дэмжлэг үзүүлэх нь зүй ёсных. Татвар төлөгчдийн мөнгөөр банкны хадгаламжийг баталгаажуулж байгаа биш. Хүний хөгжил сангийн мөнгөний хэлбэрийг бага зэрэг өөрчлөөд, тухайн хүн авах ёстой мөнгөө урьдчилж аваад зээлээ төлөх боломж бүрдүүлье гэж байгаа. Ингэж байж цаашид эрчимжсэн мал аж ахауй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй бол өнөөдөр УИХ тогтоол нь гаргаж, улсын төсөвт баталж байгаа мөнгө жинхэнэ эзэндээ хүрэхгүй байна. Өвөрхангай аймагт гэхэд л өнгөрсөн онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгох ёстой байсан 1.2 тэрбум төгрөг сандаа үлдсэн. Энэ зээлийг авах ёстой хүмүүс нь банкны зээлтэй учраас авч чадаагүй гэсэн үг. Ер нь ажилгүй, орлогогүй, жижиг үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүмүүсийн нь олонхи нь байгаа хөрөнгөө барьцаалаад зээл авчихсан. Банкинд зээлтэй гэдэг утгаар дахиад өөр газраас зээл авах боломжгүй учраас амьдрал нь өдөр хоногоор улам хүндэрч байна. Тэгэхээр нэг удаа зээлийн хүүг нь чөлөөлөөд, гарааг нь эхлүүлээд өгөхөөр тэр хүмүүсийн амьдрал сайжирч, эргэлтийн хөрөнгөтэй болно, бизнесээ өргөжүүлэх боломж бүрдэнэ.

-Тэтгэврийн ахмадуудыг хамруулах тухайд...?

-Хүний хөгжил сангийн тухай хуульд хүний хөгжлийн мөнгийг эрүүл мэндийн даатгал, орон байр, сургалтын төлбөрт зориулан олгож болохоор заасан. Гэтэл орон байр худалдан авах, эрүүл мэндийн даатгал төлөх, сургалтын төлбөрт зарцуулах шаардлагагүй хүн бас байна. Иймээс хуульд өөрчлөлт оруулж Хүний хөгжлийн сангийн мөнгөөрөө зээл төлдөг, бэлнээр бөөнөөр нь авах боломжийг тодорхой хязгаарын хүрээнд бий болгоё гэж байгаа. Ахмад хүн бүрт биш. Тодорхой нөхцөл, шалгуурын дагуу хамруулна гэсэн үг.

2011 оны 5-р сарын 11, Лхагва гариг, Vip76

No comments:

Post a Comment