Friday 20 April 2012

"Монгол Ардын нам залуучууд, гэр бүлийн талаарх төрийн бодлогод дорвитой шинэчлэл хийнэ"


    МАН-ын Удирдах Зөвлөлийн дэргэд таван Байнгын хороо байгуулагдан үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд байна. Түүний нэг залуучууд-гэр бүлийн бодлогын  байнгын хорооны дэд даргаар  Хүний эрхийн хуульч М.Ичинноров томилогджээ. Түүнтэй ярилцав.
-Танай байнгын хороо ямар бүтэцтэй, хэрхэн ажиллах вэ?
-МАН-н Удирдах зөвлөлийн дэргэд Нийгэм, Эдийн засаг, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн, Улс төр, Залуучууд -гэр бүлийн бодлогын байнгын хороо  байгуулагдаад удаагүй байна. Байнгын хороодын бүтэц, ажиллах журмыг Удирдах зөвлөлөөс баталсан. Байнгын хорооны дарга нараар  туршлагатай парламентч, улс төрч, эрдэмтэн хүмүүс ажиллана. Харин дэд дарга нар нь намын бүтцэд орж ажиллах орон тооны албан тушаалтан байна. Эдгээр байнгын хорооны гол зорилго нь төрийн бодлого шийдвэрт иргэдийн үзэл бодол, мэргэн санааг тусгах юм. Мөн амьдралд ойр, нийгэм, цаг үеийн шаардлагад нийцсэн төрийн бодлого хэрэгжихэд иргэдийн хувьд гүүр нь болох байгууллага гэж үзэж болно. Манай байнгын хороонд УИХ болон намын Бага хурлын гишүүд, төр засгийн өндөр албан тушаалын хүмүүс орохоос гадна эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөллүүд орж ажиллах юм.

-Байнгын хороо иргэдийн оролцоог хэрхэн бодитойгоор хангаж, тэдний үзэл бодлыг төрийн бодлогод ямар арга замаар тусгуулах юм бэ?
-Иргэдийн оролцоотой төрийн бодлого хэрэгжинэ гэдэг  ардчиллын амин чухал асуудал. Тийм учраас ямар ч хэлбэрийг сонгож болно. Хамгийн чухал нь тэдний дуу хоолой сонсогдож, түүнийг бодитойгоор үнэлж, тусгах л чухал. Жишээлбэл, манай байнгын хорооноос энэ баасан гаригт  "Гэр бүл ба эрх зүйн орчин"  сэдвээр иргэний нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан зохион байгуулах юм.  Хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцох байх. Хэлэлцүүлгийн гол сэдэв нь Монгол улсад гэр бүлийн хөгжил, хамгааллын төрийн тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчны талаар ярилцахаар төлөвлөж байна.
-"Гэр бүл ба эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлгээр ямар асуудал хэлэлцэх вэ, ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
-Ер нь Монгол Улсад гэр бүлийн бодлогын үндэсний тогтолцоог тодотгох, магадгүй гэр бүлийн яамтай байх ач холбогдол, хэрэгцээ шаардлага, боломжийн  талаар  ярилцана. Бидний хэлэлцэх бас нэг асуудал бол Гэр бүлийн тухай хуульд ямар бодитой өөрчлөлтүүдийг хийх ёстой вэ ? гэдэг тухай. Улмаар Гэр бүлийн шүүх байгуулах хэрэгцээ шаардлагыг хөндөнө. Хэлэлцүүлгээс гарсан  зөвлөмжийг байнгын хороогоороо хэлэлцүүлээд  Удирдах зөвлөлдөө оруулах юм. Бидний хүлээж буй үр дүн бол эдгээр зөвлөмж нь төрийн бодлого болж хэрэгжих явдал.
-Та дээр иргэний нээлттэй хэлэлцүүлэг гэж хэллээ. Хэр нээлттэй байж чадах вэ?
-Албан тушаалтнууд, дарга нар гэхээсээ илүүтэй жирийн иргэд, эрдэмтэн  судлаачид, өмгөөлөгчид, шүүхийн гэх мэт мэргэжлийнхэн үзэл бодлоо илэрхийлнэ. Тэр утгаараа "амьд" хэлэлцүүлэг болно.
-МАН Залуучууд, гэр бүлийн бодлогын байнгын хороотой боллоо. Тэгэхээр залуучууд, гэр бүлийн асуудалд хэр шинэчлэл хийнэ гэж бодож байна вэ?
-МАН залуучууд, гэр бүлийн бодлогын талаарх төрийн бодлогод дорвитой шинэчлэл хийж, энэ асуудалд манлайлна гэж найдаж байна. Үүний тулд нам, төрийн бодлогод жирийн иргэдийн  дуу хоолой, иргэний нийгэм болон мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын  байр суурийг бодитой тусгах механизм болж бид ажиллана.
  "Өдрийн шуудан"
 2011 оны 5-р сарын 11

No comments:

Post a Comment