Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Бид засгийн газрыг шүүмжлэхээсээ илүү алдааг нь засаж ажиллана

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй уулзахаар туслахынх нь өрөөнд хүлээх зуур ширээн дээрх "Мотоспорт", "Роlo guide" сэтгүүлийн дугааруудыг гүйлгэж амжлаа. Тэрээр орж ирүүт "Улс төржихгүй гээ биз дээ" хэмээн хошигнож байна. Хариуд нь тал засахгүйгээ анхааруулж, асуултаас бултахгүй, таслахгүй байхыг сануулснаар ярилцлагаа эхлэв.

-Хоёр нам хамтран Засгийн газар байгуулсан үед УИХ-ын дэд даргын албыг хашихад таны эрх мэдэлд ямар нэгэн өөрчлөлт, хязгаар мэдрэгдэж байна уу. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэд дарга болсноор сонгогчдын төлөөлөл болсон таны гар чөдөртэй, ам үдээтэй байх шаардлага хэр гарах юм. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр та УИХ-ын дэд дарга болоод хэсэг хугацаанд чимээгүй байлаа?

-УИХ-ын дэд дарга хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Үндсэн хуулийн агуулгаар парламентад суудалтай, бүлэгтэй АН-аас сонгогдон ажилладаг. Парламентад гурван бүлэг байсан бол гурван дэд дарга ажиллах ёстой байсан шүү дээ. Өмнөх УИХ-д МАХН бүлэгтэй, манай нам зөвлөлтэй байсан учраас бүлгийг төлөөлж, МАХН-аас нэг дэд дарга томилогдон ажиллаж байсан. Өнөөдөр Үндсэн хуульд заасны дагуу хоёр бүлэг байгуулагдсанаар АН-ыг төлөөлж УИХ-ын дэд дарга ажиллах болсон.

Шууд утгаар хамтарсан Засгийн газартай холбоогүй. Гэхдээ Засгийн газар хамтарч үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд парламент дахь цөөнхийг төлөөлж, УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаагийн хувьд онцлог бий. Хоёр намыг төлөөлж байгаа дэд дарга нар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих, ажлыг нь үр дүнтэй байлгах талаас, мөн Засгийн газарт АН-ын бодлого орж хэрэгжих талаас анхаарч ажиллах үүрэгтэй. Энэ нь хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар УИХ-ын дэд даргын хэлэх үг багасах юм уу шүүмжлэл богиносох тухай асуудал биш юм.

Хамтарсан Засгийн газар байгуулсных шүүмжлэллийг нь ч, алдаа, дутагдлыг нь ч хамт хүлээх учиртай. Энэ утгаар шүүмжлэхээсээ илүү алдааг нь засаж ажиллах нь бидний гол ажил. Засгийн газраас үр дүн хүлээж байна. Өргөс авчихсантай адил, хэдхэн сарын дараа үр дүн шууд гарна гэж хаа байхав. Бодлого болгонд хэрэгжих, үр дүнгээ өгөх хугацаа бий. Ийм бодлоор дэм-жиж, бас найдаж байна

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлачихлаа. Ийм үед УИХ-ын дэд дарга ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Бусад гишүүдийн адил тойрогтоо ажиллах уу, эсвэл өөр ажилтай юу?

-УИХ-ын чуулган завсарлачихсан гэхээр зарим хүн амарчихлаа гэж боддог юм шиг байна лээ. Амарч байгаа юм биш, бид цалингаа аваад ажлаа хийж л байгаа. Мэдээж чуулган хуралдахгүй, дараагийн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр ажилладаг. УИХ-ын байнгын хороод байнга хуралдаж, УИХ-аас томилогдсон ажлын хэсгүүдийн ажил тасралтгүй үргэлжилдэг. Чуулган хуралдахгүй учраас гишүүд хэсэг хугацаанд тойрогтоо ажиллаад ирдэг. Зарим нь гадаадад томилолтоор, зарим нь тойрогтоо ажиллаж, байнгын хорооны хуралдаанд оролцож, ажлын хэсэгт орж, хуулийн төсөл боловсруулалцаж байна.

Миний хувьд саяхан тойрог руугаа явж, Өвөрхангай аймгийн төвд 1800 хүүхдийн сургуулийн нээлтэд оролцоод, орон нутгийн шинээр томилогдсон удирдлагуудтай уулзаад ирсэн. Хийх ажил их учир цагаан сарын өмнө дахиад явна. Тойрог томсоод 19 сумтай болсон учир бүгдэд нь очих сэтгэл байдаг ч амждаггүй юм. Малчид оторт байгаа, хавар төл хүлээж авна, хүн болгон ирж уулзаж чадахгүй, айл бүрээр орох боломжгүй. Гэхдээ малчдад хэрэгтэй ЖДҮ-ийг дэмжихэд чиглэсэн төсөл боловсруулах, зээл авах, түүнийгээ ашиглах боломжийг судлах талаар мэргэжлийн хүнтэй хамтарсан сургалтыг сум бүрээс төлөөлөлтэйгөөр зохион байгуулах, отрын нутагт байгаа малчидтай уулзах бодолтой байна.

-Танай тойрогт иргэдийн амьдрал ахуй ямар байна?

-Эдийн засгийн хямрал нөлөөлж, иргэдийн амьдрал төдий л сайн биш, зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байна. Хүмүүсийн орлого буурсан, ямаанд мөнгө өгсөн. Буруу гэдгийг би эхнээс нь хэлсэн. Одоо ч тийм бодолтой. Юунд мөнгө өгөх ёстой байв, ямаанд уу, эсвэл ноолуурыг үнэд хүргэдэг үйлдвэрт өгөх нь зүйтэй байсан уу гээд олон зүйлээс шалтгаалж, хүмүүсийн амьдрал тааруу байна.

-Хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх бодитой арга замыг та хэрхэн харж байна?

-"Загас барьж өгснөөс барих аргыг нь зааж өг" гэдэгчлэн хүн болгоныг ажлын байртай, тэндээс олсон нэмүү өртгөөр амьдралаа авч явдаг болгомоор байна. Малчид ЖДҮ хөгжүүлэх гэж зээл аваад хугацаанд нь төлж чадахгүй, барьцаа хөрөнгө, малаа хураалгаж байна. Зээлийнх нь хугацааг сунгах, хүүг хөнгөлөхөд төрөөс анхаарах хэрэгтэй. Малчид малаа барчихвал, өрхийн тоогоор хэдэн мянган хүн ажлын байргүй болно. Тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, ажлын байртай болгохын тулд улсын төсвөөс одоо өгөх гэж байгаагаасаа илүү зардал гаргахад хүрнэ. Тиймээс өнөөдөр ажлын байртай байгаа дээр нь өөрөө нэмүү өртөг бий болгоход дэмжих нь чухал.

-Та тойрог руугаа ямар унаагаар явдаг вэ?

-Хүмүүсийн нийтлэг унадаг япон тэргээр явдаг.

-Хотын төвд өөр машин унадаг уу?

-Тэрэг бий л дээ, тэр бүр унаад байдаггүй. Тийм боломж, шаардлага гарахгүй юм. Би авто тээврийн инженер, эдийн засагч мэргэжилтэй болохоор техник нэлээд сонирхдог. Машин техникийн үзүүлэлтүүдийг өөрчилж, хурд, хүч сайтай эд ангиудыг сольж турших дуртай.

-Таныг "байлдаанд" бэлтгэж, хуягт тэрэг худалдаж авсан гэж дуулсан. Унах шаардлага хэр гарах юм?

-Сонгуулиар хэрэглэсэн. Байлдааны зориулалттай БТР Монголд олон байсан нь хуучирч, элэгдсэн. Цаашид байлдааны зэвсэглэлээс хасахгүй бол маш өндөр зардалтай эд. Хэдэн жилийн өмнө БХЯ гурван БТР зарахад нэгийг нь авч, хэдэн найзын хамт дээд хэсгийн 2.8 тонн төмрийг авч хаяад, микро автобус маягийн 13 хүний суудалтай болгон өөрчилж, хоёр хөдөлгүүрийнх нь оронд японы дизель хөдөлгүүр тавьж 100 км-т 35 литр орчим түлш иддэг машин болгосон. Хөдөө, анд явахад аюулгүй байдал талаасаа найдвартай унаа болсон.

-Улсын бүртгэлд оруулсан уу?

-Бүртгэлтэй. Хөдөлгөөнд оролцож болно, техникийн хувьд ашиглаж болохыг баталгаажуулсан тодорхойлолттой.

-Зам тээврийн сайд томилох тухай яриа гарахаар л таны нэр эхэнд нь дуулддаг. Та өөрөө зүтгээд байдаг юм уу, эсвэл тэр салбарт "Тээврийн Батхүү" гэж дуудуулах, овоглох хүртлээ олон жил ажилласан болохоор чинь хүмүүс таныг тэнд байх ёстой хэмээн үзэж, яриа хөөрөө гаргадаг юм болов уу?

-Би гурван Засгийн газарт энэ салбарт ажилласан. Энэ салбараас ажилчны гараагаа эхэлсэн болохоор ажлаа мэддэг. Сүүлийн үед техник технологи талаасаа шинэчлэгдэж байгаа юм их бий. Мэргэжлийн хүн түүнээс хоцрохгүй байх ёстой гэж боддог. Намайг өсгөсөн миний өвөг эцэг Монголын анхны тээвэрчин, "Монголтранс"-ын жолооч байлаа. Би кабинд нь өссөн юм. Тийм ч утгаараа зам тээвэр, дэд бүтцийн салбар маань сэтгэлд ойрхон байдаг юм. Салбарын сайд нь биш ч гэлээ бодож явдаг, сэтгэл зовнидог. Ямар нэгэн амбиц, албан тушаалд очих тухай бодохоосоо илүү салбарын маань ажил сайн байгаасай, олигтой хөгжөөсэй л гэж боддог.

-Сая та болзсон цагаасаа нэлээд хоцорч ирлээ. Бодвол зам түгжирсэн байх. Нийслэлийн замыг хэрхэн сайжруулах вэ?

-Зам их түгжирч байгаа нь эдийн засгийн хямралтай холбоотой. Сүүлийн үед эдийн засгийн хямралтай холбоотойгоор хөдөлгөөн багассан. Айл өрх болгонд хямрал нүүрлэлээ. Зам, дэд бүтцийг сайжруулах төрийн том бодлого байх ёстой. Дэд бүтцийн сайд байхдаа Японы "Жайка" төсөлтэй хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө хийж байсан. Түүнээс одоо хийгдэж байгаа зүйл бий.

Зарим нь янз бүрийн шалтгаанаар өөрчлөгдсөн. Өнөөдөр Улаанбаатар хотод шинэ техник технологи нэвтрүүлэхэд хүндрэлтэй болсон. Замын хөдөлгөөнийг сайжруулах, замын өргөтгөл хийх гэхээр газар байхгүй. Явган хүний замгүй болчихсон. Хот төлөвлөлтийн асуудлыг иж бүрнээр шийдүүлж, шинэ хот байгуулах зайлшгүй шаардлага байгаа. Алма-Ата нүүж, Астанад, АНУ-ын нийслэл Нью-Йоркоос нүүж Вашингтонд очсоны утга учир юу вэ. Тэгэхээр шинэ хот төлөвлөлтөөр Монгол Улсын ирээдүйг харах хэрэгтэй.

-Нийслэлийг хааш нь нүүлгэвэл зохилтой вэ. Хархорин руу, тухайлбал таны тойрог руу нүүлгэх сэдэв нэлээд эртнээс яригдсан байх?

-Хот төлөвлөлтийн тухай ярихаар зарим хүн намайг тойргийнхоо Хархорины асуудлыг ярилаа гэлцдэг. Би Хархориноос сонгогдсон нь, тэнд төрж өссөн нь буруу биш биз дээ. Заавал Хархорин гэлтгүй Монгол Улс шинэ нийслэлийн тухай, магадгүй шууд шинэ нийслэл гэж зарлахгүй ч хоёр дахь хотын асуудлыг шийдэх ёстой. Тиймээс Үндсэн хуультай холбоотой, хот тосгоны тухай хуулийг ярилцах хэрэгтэй байна. Ер нь Үндсэн хуульд хоёр гурван асуудлаар өөрчлөлт оруулах шаардлага бий. Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг зөв харах ёстой.

Одоо байгаа замын суурийг сайжруулж, хөрөнгө оруулалт хийхгүй, хятадуудын хэлдгээр "Энэ жил сайн засчихвал дараа жил бид яаж амьдрах билээ, ажилгүй болчихно шүү дээ" гэх маягаар ажиллаж болохгүй ээ. Улаан-баатар хотод маш олон мэргэжлийн бус замын компани бий болсон. Монголын компани л бол эрх олгоод, тодорхой шалгуур тавиагүй нь буруу. Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахад давхар зам тавих, шинэ техник төхнологийн тээвэрлэлт явуулах эсвэл метро барих гээд олон хувилбар бий.

Машин техник оруулж ирэхэд ч шалгуур тавих ёстой. Гадаадынхны төмрийн хог дээр хаясан, ашиглах боломжгүй машиныг их хэмжээгээр оруулж ирдэг. Яахаараа япон хүн унаж болдоггүй, монгол хүн унаж болдог юм бэ. Японы Токио хотод утаа гаргаад ашиглалтад тэнцэхгүй байгаа машин яагаад Улаанбаатарт ирж тэнцэх ёстой юм бэ. Ядуу сэтгэж, тэр хэрэглээндээ тохируулж, эрүүл мэнд, байгаль орчноо хохироож болохгүй. Өнөөдөр хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон байгаль, экологид нөлөөлж байгаад хяналт тавих ёстой.

-Нууц биш бол чуулганы завсарлагаар та ямар хуулийн төслүүдэд ажиллаж байна?

-Бусад гишүүний нэгэн адил хуулийн төсөл, ажлын хэсэгт ажилладаг. Яг одоо ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд хорооны ажлын хэсэгт ажиллаж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр 2007 онд төсөвлөсөн мөнгө, Японы тусламжаар орж ирдэг мөнгийг хэрхэн зөв зарцуулж хөрөнгө оруулалт болгох, ажлын байр нэмэгдүүлж, олон хүнд хүртээхийг судалж байгаа.

Нийтийн тээврийн бүх хэрэгслийг байгаль орчинд хоргүй технологиор ажиллах боломж бүрдүүлэх хуулийн төсөл дээр ажиллаж байна. Хийгээр ажилладаг авто машинуудын татвар бага, бензин, дизель түлшээр ажиллаж байгаагийнх нь ахиу байна. Зөвхөн зам ашигласнаас гадна байгаль орчинд хохирол учруулсны төлбөр төлдөг тогтолцоонд шилжүүлэх зорилготой. 4-5 хуулийн төсөл дээр ажиллаж байна. Түүнийгээ хуулийн хүрээнд өргөн барих, Засгийн газраас санал авах ёстой. Хаврын чуулганаар олон хууль хэлэлцэгдэх байх.

-Өнгөрсөн намрын чуулган хэр ажил хэрэгч болов?

-Хийх ёстой бүх ажлаа хугацаанд нь амжуулсан. Хуулиудаа баталж, хэлэлцэх асуудлуудынхаа ард гарсан.

-Түрүүн таны төмөр хөлгүүдийн талаар ярилцсан. Аймаг, улсын наадамд түрүүлдэг ажнай хүлгүүдийн чинь тоо хэд хүрэв?

-200-гаад адуу бий. Дүү нарынх нийлбэл, нэлээд хэд болчихно. Хурдалдаггүй адуу цөөхөн. Хурдтай, угшилтайг нь шилж авдаг. Морьдоо үнэлэх юм бол хүмүүсийн нэг удаа тоглоод алдчихдаг мөнгөнд хүрэх ч үгүй. Адууг нэг их хөрөнгө биш гэж боддог. Үхэр, хонь бол өөр юм.

-Мөрийтэй тоглодог байсан бол ямархуу тоглоомчин байх бол?

-Мөрийтэй тоглодог байсан бол нэг орой л хэдэн адуугаа тавиад туух байсан биз. Энэ талаас нь биш цэвэр хоббидоо хөтлөгдөж би хэдэн адуугаа арчилж, тордож явдаг. Адуу миний хувьд ариун нандин зүйл.

-Та нээрээ уудаггүй гэж үү?

-Үгүй. Надад хүнтэй нийлдэг юм бий. Мориороо, мотоциклоороо, машинаараа нийлнэ шүү дээ. За тэгээд ангийн, улс төрийн гээд найз нөхөд олон. Заавал, архи тамхиар хүнтэй ойртож, нөхөрлөх шаардлага байхгүй.

-Нээрээ та чинь Монголын машин мотоциклын спртын холбоо бооны ерөнхийлөгч бил үү?

-Энэ жил тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Өмнө нь арваад жил энэ албыг хашиж ирсэн.

-"АПУ" компанийн захирал байх үеэс таныг чамгүй хөрөнгөтэйд тооцогддог юм билээ. Ер нь баян хүмүүс их төлөв улсын мөнгө идчихсэн гэж яригдаж, бичигддэг. Яаж хөрөнгө мөнгөтэй болсон бэ?

-1990 оноос хоёр дүүгээ дагуулан Орос, Хятадын хооронд ганзагын наймаанд явсан. Орчин үеийн зодоон цохионтой кинонд гардаг шиг эрсдэлтэй замыг туулсан даа. Ингэж хэдэн төгрөгтэй болсон. Дараа нь үйлдвэртэй болсон хүн олон. Зарим хүн таны асуусан шиг тийм замаар л мөнгө олдог шиг байгаа юм. Энэ хооронд их ялгаа бий.

-Бизнесийнхэн орж ирснээр наймаачин парламент болчихсон юм биш үү?

-Бизнесийнхэн гээд УИХ-д орж ирсэн хүмүүст олон нийтийн зүгээс дургүй байдаг. Бизнесээ хийгээд явж байхдаа илүү эрх чөлөөтэй, амьдралдаа үр ашигтай шүү дээ. УИХ-д орж ирсэн гишүүдийн дийлэнх нь бизнесийнхэн. Өнөөдөр улс орны хөгжил гэдэг зах зээлийн эдийн засагт тулгуурласан ДНБ-ий 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэдэг улс орны хувьд зовлонг нь мэддэг, ямар хууль эрх зүй дутагдалтайг мэдэрсэн хүн УИХ-д орж ирж байгааг би буруу гэхгүй. Ард түмэн тэдэнд итгэл хүлээлгэж сонгосон шүү дээ.

-Олон адуутайгаас гадна таныг олон хүүхэдтэй, заримыг нь үрчилж авсан гэж сонссон.Одоо ам бүл хэдүүл байна?

-Гурван хүүхэдтэй. Амьдрал нь хүнд байгаа зарим хүүхдийг үрчилж, амьдралыг нь авч явдаг. Ер нь олон хүүхэдтэй ажилладаг. Хүүхдүүд надад морь унаж өгч, тусалж дэмждэг. Хүний амьдралын идэвхтэй хугацаа 50 жил гэж би боддог. Хүн урт удаан амьдрах юм шиг боддог. Ойрхон харж, ойрхон сэтгэж явах хэрэгтэй. Би бурхан шүтээд байдаггүй ч бурхантай, багштай. Хүн зөв юм хийж, бүтээхийн төлөө, хүнд тус болохын төлөө амьдарч явбал сайн сайхан хэзээ нэгэн цагт ирдэг.

-УИХ-ын дэд даргатай ярилцаж байгаагийнх парламент хэзээ элэг бүтэн болохыг асууя?

-Монголд хууль хэрэгжихгүй байгаагийн нэг илрэл энэ. Хуулиараа бол парламент 14 хоногийн дотор бүрдэх ёстой. Сонгуулиас хойш зургаан сар өнгөрчхөөд байхад сонгогчоо төлөөлж орж ирээгүй суудал нь онгорхой хэвээрээ л байгаа. Муу хууль гарч байна гэж зарим хүн хэлдэг. Тийм байж болох ч цагаан дээр хараар бичсэн хуулиа хэрэгжүүлэхгүй хүн байна. Бүхэл бүтэн нэг дүүрэг төлөөлөлгүй зургаан сар болж байгаа нь харамсалтай. Энд та яагаад дараагийн хүн орж ирэхгүй байна гэж магадгүй С.Эрдэнийн тухай асуух гэж байгаа байх?

-Тийм ээ?

-С.Эрдэнэ бол УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүнийг сонгодог болохоос томилдоггүй. С.Эрдэнийг ард түмэн сонгосон, харин хууль батлах эрх нь нээгдээгүй.

-Тэгвэл яагаад тэр хүнийг эрүүгийн хуулиар яллав?

-Магадгүй өмнө нь буруутай үйл ажиллагаа хийсэн байж болзошгүй. Тэгэхдээ УИХ-ын гишүүнийг хэрхэн эргүүлэн татдаг тэр журмаар нь л явах ёстой. Би мөрдөн байцаагч, шүүгч биш 100 хувь түүний буруу, зөв гэж яримааргүй байна.

-АН дотооддоо зөрчилтэй байх шиг. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын нэр сунгаанд ид явж байхад ийм байсан. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг нэр дэвшихэд бас л зөрчил тэмцэл дээд цэгтээ хүрч, бусад нь дэмжээгүй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчхээд байхад "Эрдэнийн хувь" өгөх тухайгаа ярихын оронд өөрийн гишүүн С.Эрдэнэд ял төлөвлөхөд журмын нөхөр Д.Нямхүү нь байтугай намынх нь дарга Н.Алтанхуяг гар бие оролцсон гэх мэдээлэл гарч байна. Арай ч дээ гэж бодогдохгүй байна уу?

-Ер нь АН дотроо хагаралдаж байна гэж хүмүүс ярих юм. АН бол ардчилсан нам л байхгүй юү.

-Уучлаарай, би энэ үгийг олон хүнээс сонссон. Наад хариулт чинь танай намынхны аман дээр бэлэн байдаг жижүүрийн үг шүү дээ. Арай өөр хариулт сонсмоор байна?

-Манай гишүүд чөлөөтэй үгээ хэлдэг, хүссэн хүн болгон өөрийнхөө бодол саналыг илэрхийлж чаддаг нээлттэй нам учраас хэдэн мянган гишүүд дотроо хэн ч юу ч ярьж болно шүү дээ. Энэ удаа С.Эрдэнийн асуудлаар Баянгол дүүргийн зарим гишүүн буруутгасан үг хэлсэн юм байна лээ. Намын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь бүлэг хамтарч энэ асуудлаар хуралдсан. Н.Алтанхуяг дарга ямар нэгэн бичиг үсэг хийгээгүй гэдгээ ойлголцсон. Д.Нямхүү өмнө нь бичиж өгснийхөө агуулгыг өөрчлөөгүй, яамны байр суурь хэвээрээ байгаа шүү гэсэн утгаар бичиг хийж өгсөн. Энд бид монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэсэн нэг л зүйлийг ярьсан.

-Танай намыг зөрчилдөж байна гэдэг ойлголт хаанаас, яагаад гарав гэхээр нийслэлийн АН мэдэгдэл гаргаж байхад төв нам нь дуугараагүй. Энэ талаар шүүмжилсэн сэтгүүлчдийн шахалт шаардлагаар л нэлээд хожуу мэдэгдэл гаргасан нь С.Эрдэнийгээ аврах бус албан тушаал, арьсаа хамгаалж, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж хадуурсан утгатай байсан шүү дээ?

-С.Эрдэнийн асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа шүү дээ. Тиймээс АН шүүхийн анхаарлыг татаж, гаргаж байгаа алдаа дутагдлуудыг нь хэлж өгсөн. Тэгэхээр магадгүй дайрсан ч юм шиг байр суурь харагдаж байгаа байх. Энэ бол зөвхөн С.Эрдэнэд зориулан хэлж, ярьж байгаа юм биш, долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой асуудлыг ч бас хөндсөн. Дэлгүүрийн цонх хагалсан, намын байр руу чулуу шид-сэн хүүхэд хоёрын авсан ял хоорондоо их зөрүүтэй. Гар утас хулгайлсан, улсын өчнөөн тэрбум төгрөг идчихсэн хүний авсан ял ялгаатай байна.

-С.Эрдэнийн ял эцэслэн шийдэгдээгүй гэж та хэллээ. Гэтэл Нийслэлийн АН-ын дараагийн даргын асуудал яригдаад эхэлчихсэн, хэн хэн магадлалтай нь сонин хэвлэлүүдээр зураг хөрөгтэйгөө гараад эхэлчихлээ. Энэ чинь бас л зөрчил гадагшилж байгаагийн нэг илрэл биш үү?

-Тэр яах вэ, янз бүрийн үзэл бодол, хүсэл сонирхолтой хүмүүсээс нийгэм бүрдэж байгаа шүү дээ. Тэр дотроос хэн нэгэн сонирхолтой байгаад ч юм уу, эсвэл асуудлыг өөр өнцгөөс харагдуулах сонирхолтой байгаа ч юм уу. Тэрийг би хэлж мэдэхгүй. Манай на-мын хүрээнд нийслэлийн АН-ын дарга бол АН-ын хоёр дахь хүн шүү дээ. Энэ асуу-дал одоохондоо яригдаагүй. Намын дарга болохсон гэж эсвэл, оронд нь хүн тавих байх гэж бодож байгаа хүмүүсийн хувьд арай эрт байна гэдгийг хэлье.

-Төрийн түшээ гээд морь малаас хөндийрөөд байдаггүй, монгол дээлээ өмсчхөөд морь унан давхиж явдаг таны имиж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь үү гэсэн бодол төрүүлдэг. АН-аас сунгаанд нэр дурдагдсан долоо, найман хүнийг сонжиход Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын дараа таны нэр бичигдсэн байна. Өөрөөс тань бодитой хариу сонсъё?

-Шийдвэрийг нам гаргана. Гэхдээ хувь хүн өөрөө ямар бодол санаатай байгаагаас шалтгаална. Хэдийгээр би дэвшье гэсэн бодолтой байлаа ч нам зөвшөөрөхгүй бол боломжгүй. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших насны хувьд бол болчихсон.

-Миний мэдэхээр бол таны нас зуугийн тал хүрсэн байх?

-Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн насанд хүрсэн.

-Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр хатуу шийдчихсэн үү, эсвэл?

-Одоохондоо хатуу шийдчихсэн юм алга. Намаас чи дэвших ёстой гэвэл "Би чадахгүй байх" гээд айгаад ухраад гүйгээд байхгүй. Журмын нөхөд хүнээ сонгох байх. Миний хувьд өөрийгөө нэгдүгээрт дэвших ёстой гэж хэлэхгүй. Гэхдээ болохгүй юм бас байхгүй.

-Зарим хүн Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүн, хэн дэвших нь хамаагүй гэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ямар шинж чанарыг өөртөө шингээсэн хүн байх ёстой вэ, таныхаар?

-Үндсэн хуульд хүнийг сонгоно гэж заасан байгаа. Намыг сонгохгүй шүү дээ. Тэгэхээр хэн нэгэн хүнийг л сонгож таарна. Тэр аль нэг намаас нэр дэвшсэн хүн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн болон улс төрийн хямралыг зохицуулж байх чадвартай. Тэрийг урьдчилан хардаг, улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж чаддаг хүн байх ёстой. Мэдээж олон зөв тал байх ёстой. Тэр дотроос би нэн тэргүүнд эдгээрийг байх ёстой гэж боддог. Дээр нь дотооддоо ямар нэгэн иргэний дайнгүй, зөрчил дутагдал багатай, улс төрийн намууд ойлголцоход дунд нь гүүр болж чаддаг байх ёстой. Түүнээс гадна туршлага, чадвар, мэдлэг гээд зөндөө юм бий, Хэчнээн ухаантай, мэдлэгтэй, боловсролтой байгаад тэр ажлыг хийж чадахгүй бол Ерөнхийлөгч байх утгагүй шүү дээ. Асуудлыг зохицуулдаг арга зальтай байгаад мэдлэг, чадвар нь дундуур бол бас л чадахгүй.

2009 оны 2-р сарын 02, Даваа гариг, Зууны мэдээ

No comments:

Post a Comment