Monday 23 April 2012

Д.Очирбат: Гишүүн болоод хувийн бизнестэй болох хэрэгтэйг ойлголоо


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-Парламентын гишүүд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Та ямар мэргэжилтэй вэ?
-Эмч хүн л дээ. tap дундаа уламжлалт анагаах ухааны мэргэжлээр 1993 онд АУИС-ийг анх төгсч хоёр жил сургуульдаа багшилсан. Энэ чиглэлээр сурч төгсөхөд крилл үсгээр нэг ширхэг ч ном байгаагүй нь жаахан хэцүү байсан. Уламжлалт анагаах ухааны талаар түвд уйгаржин монгол бичиг дээр бичсэн байдаг.Тиймээс түвд, уйгаржин монгол бичиг сурах шаардлага гарч орчуулга хийж, өөрийн болгон оюутнуудад лекц ордог байсан юм.
-Төрийн албанд хэдэн жил зүтгэж байна вэ?
-Эрүүл мэндийн байгууллага хувьд шилжих үеэс юм уу даа. 1996 онд анхны хувийн эмнэлэг, эмийн сан үүсч бий болох үед төр хувийн хэвшлийг холбох зорилготой зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн юм. Гэхдээ дан ганц эрүүл мэндийн асуудал биш боловсролын салбарыг ч давхар хариуцдаг байлаа. Ер нь, зохион байгуулагч гэдэг нь төрийн хамгийн доод шатны албан тушаал. Тиймээс төрийн ажлыг анхан шатнаас нь авахуулаад өнөө хүртэл л хийж байна. Сурч байсан хугацаагаа эс тооцвол арав гаруй жил төрд зүтгэж байна. Анхны ажлаа гурван жил хийж, өөр ажилд шилжин явсаар Засаг даргын орлогчоор томилогдон дөрвөн жил ажилласан. Үүний дараа 2004-2008 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллажээ. Эргээд бодоход ажил амьдралын гараагаа Чингэлтэй дүүргийн анхан шатнаас нь эхэлж Засаг дарга, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүртэл нь явсан байна даа.
-Хэн нэгэн хүн улс төрийн тавцанд хөл тавихын тулд нөлөө бүхий хүнийг дагдаг гэж ярьдаг. Нууц биш бол таныг улс төр рүү хөтөлж оруулсан хүн хэн бэ?
-Нууж хаагаад байх зүйл юу байх вэ. Улстөрч болгон л хэн нэгнийг даган, түүний арга барилыг эзэмшиж, эх орныхоо төлөө хэрхэн зүтгэж байгааг даган дуурайдаг хүнтэй. Улс төр, нам эвсэл гэдэг бол санаа бодол нэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол дээр тогтдог байгууллага. Яахав улс төрийн замд хөтлөн оруулсан чиглүүлж өгсөн багш гэж үзэх юм бол Шадар сайд М.Энхболдыг хэлж болно. Анх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа улс төрийн нам буюу МАХН-д гишүүнээр элсч байлаа. Ер нь, намын үйл хэрэгт зүтгэх, итгэл үнэмшил олгосон л хүн юм уу даа.
-Та дүүрэг толгойлж ажиллаж байсан хүн. Парламентын гишүүнээр ажиллах, дүүргийн ажил хийх хоёрын зааг ялгаа юу байна вэ?
-Мэдээж хэрэг их ялгаатай л даа. Дүүргийн Засаг дарга хүн зөвхөн тухайн газар нутгаа хэрхэн авч явах, сайхан тохижуулахыг зорьдог. Ерөнхийдөө аж ахуйн ажилтай зууралддаг. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн ганцхан тойргийн хэмжээнд бус улс орны, бүх иргэдийн хүсэл зоригийн төлөө ажиллах шаардлага гарч байна. Баталж байгаа бүх хуульд өөрийн хувь нэмрээ оруулж, болохгүйг нь хэлж, болохыг нь дэмжиж явах ёстой. Тэгэхээр дэмжсэн, дэмжээгүй ч бүх хуульд гишүүн болгоны хувь нэмэр орж байна гэсэн үг. Гэхдээ мэдээж хэрэг тойрогтоо хөрөнгө оруулахын төлөө ажиллах учиртай.
-Дүүргийн төсөв хөрөнгөний талаар?
-Засаг дарга нарт санхүүгийн эрх мэдэл байхгүй. Улсаас тодорхой хэмжээний мөнгө баталж өгдөг. Тухайн хөрөнгө мөнгөнд тохируулж ажил хийнэ. Хэмнэчихвэл аваад ир гээд буцаагаад авч, илүүдүүлбэл төсөв хэтрүүллээ гэсэн нэр зүүж хариуцлага тооцуулдаг. Хуульд дүүрэг нь сумаас бага нэгж гэж заачихсан. Гэтэл өнөөдөр нэг суманд дээд тал нь арав гаруй мянган хүн л байгаа. Харин дүүрэгт зуу гаруй мянган хүн амьдарч байна шүү дээ. Энэ бүхний ялгааг харж төсөв санхүүгээ тавьдаг байвал зохимжтой гэж боддог. Цаашид холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Ингэж өөрчлөлт оруулахгүйгээр аймаг, нийслэл, дүүрэг, сумаа мөн чанараар нь ялгаж харах, хөгжүүлэх боломж алга.
Надад хувийн бизнес байхгүй. Бий болгохыг хүсч явна
-УИХ-ын гишүүд луйвар булхай хийлээ гэж хэвлэл мэдээллийнхний бай болдог. Таны хувьд ийм зүйл хэр тохиолдов?
-Байгаа шүү. Болохгүй бүтэхгүй байна гээд их л бичиж, гаргах юм. Хамгийн наад зах нь тэнд хооллов, энд тэр хүнтэй хамт явж байна гээд л. Гэхдээ нэг их эмзэглээд байдаггүй.
-Тэгэхээр лобби хийдэг байх нь ээ?
-Тийм зүйл огт байхгүй.
-Гишүүд өөрийн гэсэн бизнестэй байдаг. Ямар бизнес эрхэлдэг вэ?
-Надад эрхэлсэн зүйл байхгүй. Өмнө нь эмийн чиглэлийн бизнес эрхэлж байсан. Гишүүн болсноос хойш төрийн ажилдаа түүртээд өөр хүнд шилжүүлээд өгчихсөн. Ер нь, гишүүн болсноосоо хойш санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэг юм байх хэрэгтэй гэдгийг ойлголоо.
-Цалин тань хангалттай хүрэлцдэг гэсэн үг үү?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Дээр нь 95-тай эмээ маань хамт байдаг л даа. Эхнэр маань бас төрийн алба хашдаг болохоор бид хоёрын цалин хүрэлцээд байгаа. Төрийн өгч байгаа хишгийг ар гэртээ зарцуулаад, зохицуулаад болгоод л явж байна. Дутаж байна, илүүдэж, элбэг байна гэж худлаа яриад яахав. Хоёр идэхгүй хоосон хонохгүй болж явна.
-Санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. гэж хэлсэн. Яагаад тэр вэ?
-Гишүүний гаргаж байгаа зардал асар их. Тиймээс хөрөнгө мөнгөний шаардлага багагүй гардаг юм байна. Тойргийн сонгогчид маань хүсэлт их ирүүлдэг. Байгалийн гамшигт өртөөд орон гэргүй болох, шатах, сургалтыт төлбөр өгсөч танд л хандахаас өөр арга алга гээд ирэх үед нь тэвдэх л юм. Яах аргагүй болсон тийм хүмүүст туслахын тулд идэж уухаасаа хасч, найз нөхдөөсөе тусламж гуйж хөрөнгө мөнгө гаргаж өгөх зовлонтой тулгарч байна. Байнга найз нөхдөөсөө гуйж, идэх хоолоо хасна гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс л хувийн бизнестэй байвал гэж бодсон хэрэг. Гэхдээ яаж бий болгох учраа олохгүй л явна даа.
-Сэдвээ жаахан хазайлгачихъя. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх талаар ярих болсон. Энэ талаар ямар бодолтой явна?
-Бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон. Манай улсын эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа тоног төхөөрөмж аль социализмын үед хэрэглэж байсан зүйлс. Шинжлэх ухаан техник, технологи хөгжсөн өнөө үед ийм байдалтайгаар иргэдийн эрүүл мэндийн манаанд зогсоно гэдэг хүнд. Нийгэм шилжиж, өөрчлөгдчихөөд байхад ганцхан эрүүл мэндийнх нь хуучнаараа үлдэж. УИХ-ын захирамжаар гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, энэ салбарт бүтцийн томоохон өөрчлөлт хийхээр ажиллаж эхэлсэн. Нийслэл, дүүрэг, аймаг сум, өрхийн эмнэлэг ямар төвшинд ажиллах ёстой вэ гэдэг тодорхойгүй л байна. Мөн хуульд нь өөрчлөлт нэмэлт, шинэчилсэн найруулга хийхээр зорьж байна даа.
Дарга цэргээ томилох асуудал дээр амбиц нь хөдлөөд гацчихаад байгаа
-Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Завсарлага гэхээр л гишүүд амралтаа аваад явчихдаг гэж ойлгох хүн цөөнгүй байдаг. Бидэнд амрах цаг гэж бараг байхгүй. УИХ-ын Байнгын хороодоос гаргасан ажлын хэсэг, түр хороонд ажиллах, хуулийн төсөл боловсруулах, гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилт хэр байгааг шалгах гээд олон ажил бий. Хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнийг багасгахын тулд гэр хорооллыг барилгажуулах хэрэгтэй. Гэр хорооллыг барил-гажуулах эрх зүйн орчныг бүрдүүлж егөх хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ ажилдаа гадаад дотоодын байгууллагуудыг татан оролцуулж эхэлсэн. "Шинэ Улаанбаатар" түр хороо байгуулагдсан. Энэ асуудлаа түр хороонд танилцуулна.
-Гэхдээ энэ дэд хороо нэг ч удаа хуралдаагүй?
-Уг нь байгуулагдчихсан. Гэтэл дарга цэргээ томилох асуудал дээр амбиц нь хөдлөөд гацчихаад байгаа юм. Энэ асуудлаа шийдчихвэл утаа, дэд бүтэц, барилгажилтын ажлын талаар ярилцмаар л байна шүү дээ.
-Гишүүн болоод жил гаруй хугацаа өнгөрөхөд тойрогтоо ямар ажил амжуулсан бэ. Мөн үлдсэн хугацаанд юу хийх вэ?
-Тойрогтоо ч ажиллаж байгаа. Өнөөдөр гадаадын орнуудад ахмадын эмнэлэг гэж байна. Гэтэл манайд огт алга. Иймээс 2009 онд тойрогт тусгасан хөрөнгө оруулалтаар дүүргийн-хээ ахмадуудад зориулж хоног-тоо 30 хүн хүлээн авах хүчин чадалтай сувилал барьж өгч байгаа. Бас бүх хорооныхоо эмнэлгүүдийг машинаар хангалаа. Эрх чөлөөний талбайг бүрэн тохижилттой, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх, талбай болгохыг зорьж байна.
2010 оны 2-р сарын 10, Лхагва гариг
 Ардчилал сонин

No comments:

Post a Comment