Thursday 19 April 2012

Г.Батхүү: Ажлаа мэддэг хүн л үгээ хэлдэг

УИХ-ын дэд дарга Г.Батхүүг "Зочны цаг"-таа урилаа.

-Таван толгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан нэг иргэн 550 ширхэг хувьцаа эзэмших тооцоо гарч байна. Таны нэг хэвлэлд өгсөн ярилцлагаас энэ нь ойролцоогоор 330 сая төгрөг болох нь гэж ойлгосон. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Та тайлбарлаж өгөхгүй юу?

-Энэ нь зөвхөн Таван толгойн хувьцаа биш юм. Харин Монгол Улсын иргэн бур одоо илрүүлээд байгаа стратегийи орд газруудаас ийм хэмжээний хувь хүртэж болох юм гэсэн тооцоог мэргэжлийн хүмүүс гаргасан байсан. Бид өнөөдөр 19 орчим стратегийн орд газрыг тодорхойлоод байна. Цаашид ч хэдий хэмжээний орд газар илэрч, нөөцийг нь тогтоохыг мэдэхгүй. Тиймээс одоо илэрсэн байгаа орд газруудаас иргэн бүр Таван толгойн зарчмаар хувь хүртэхэд ийм хэмжээний хувь хүртэж болох юм гэсэн тооцоо гарч байгаа юм. Энэ нь өнөөдрийн хөрөнгийн бирж дээр гарч байгаа хувьцааны үнэтэй харьцуулсан тооцоо бөгөөд тухайн үед үнэ хэрхэн хэлбэлзэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг тоо хэлж байгаадаа гол биш. Харин Монгол Улсын иргэн олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хувь эзэмшигч болж, эдийн засгийн өндөр боломжтой болж байгаа нь чухал хэрэг юм.

-Ашигт малтмалын хуулиа сайтар цэгцэлж авахыг ярьж байна. УИХ-ын хэсэг гишүүн энэ салбартай холбогдуулан туршлага судлахаар АНУ, Канад улс руу явсан гэж сонссон. Таны хувьд өмнөх УИХ-д Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Энэ хуулийг хэлэлцэж ярихад хамгийн их яригддаг асуудал нь байгалийн нөхөн сэргээлтийн асуудал байдаг. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Тиймээ энэ хуультай холбогдуулан өмнөх УИХ-д байгуулсан ажлын хэсэгт багтан ажиллаж байсан. Тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулж нэлээд их зүйлийг харж судалж, тооцож байж хуулиа гаргасан. Гэхдээ энэ хууль нь өнөөдрийн шаардлагыг бүрэн хангаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Амьдрал баян учир зах зээлийн өөрчлөлт, амьдралын явцаас үүдэн . өөрчлөлт гарч байна. Тэр дундаа баталсан хууль монголын хөрсөнд бууж хэрэгжих, хэрэгжихгүй тухай асуудал гардаг. Ашигт малтмалын хуулийн зарим зүйл заалт тэр бүр хэрэгждэггүй.Тухайлбал, байгалийн нөхөн сэргээлтийн асуудал маш анхаарал татаж байна. Миний хувьд Засгийн газар, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа байгаль орчны чиглэлд анхаарч ажиллахыг хичээж байсан, өнөөдөр ч хичээж байна. Ашигт малтмал олборлож байгаа газруудад УИХ-аас байгуулсан ажлын хэсэг болон олон нийтийн байгууллага, Засгийн газрын гишүүдийг дагуулж, хяналт тавьж явлаа. Ингэж явж байхад газар доорх баялгаа авсан л бол хяналт тавих учиртай мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутгийн удирдлагуудыг амархан аргалчихдаг, зарим Засаг дарга, ИТХ-ын даргад УАЗ-469 худалдаж авч өгөх, цэцэрлэгт нь засвар хийж өгөөд л сийчсэн газраа хайргаар хучиж, ур цацсан болоод л нөхөн сэргээлт хийсэн нэр зууж байна. Уг нь хуулийн дагуу бол нөхөн сэргээлт хийх мөнгөө урьдчилж дансанд хийж, төлөвлөгөөгөө батлуулсны дараа олборлож байх учиртай.

-Тэгээд байгалийн нөхөн сэргээлтийг хийх үр дүнтэй арга нь юу вэ?

-Саяхан би ХБНГУ руу явлаа. Хоёр Герман нэгдэхийн өмнө Ардчилсан Германы ашигт малтмал олборлолтын байдал яг өнөөгийн Монгол Улс шиг байсан. Өөрөөр хэлбэл, их хэмжээний газарт нөхөн сэргээлт хийгээгүй байсан. Харин өнөөдөр дэлхийд мөхөн сэргээлт хийдэг тэргүүний улсын нэг нь Герман Улс болоод байна. Энэ улсын жишгээр бол тухайн гүйцэтгэгч аж ахуйн нэгж заавал нөхөн сэргээлт хийдэггүй. Харин тэрхүү бий болгосон мөнгөөр нь сонгон шалгаруулалт зарлаад хамгийн сайн хийж чадах мэргэжлийн аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэг тогтолцоотой. Тэгээд нөхөн сэргээлт хийсэн газар дээрээ хонины аж ахуй, шувууны аж байгуулах, эсвэл нуур цөөрөм байгуулж тэнд нь усны шувууд цуглардаг болбол байгальд нөхөн сэргээлт хийсэн байна гэсэн дүгнэлтэд хүрдэг юм билээ. Гэтэл манайхан хэдэн мод суулгаж, согооврын үр цацчихаад л явж байна. Миний хувьд Германы холбогдох бух байгууллагын хүмүүстэй уулзаж, Монгол Улсад нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж өгөн, жишиг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Тиймээс хууль эрх зүйн орчиндоо ийм өөрчлөлт оруулж өгөх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд энэ саналаа маш ойлгомжтой тусгаж өгөхийг хичээнэ. Байгалийн нөхөн сэргээлт хийгээгүй хүн шууд эрүүгийн хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болгох нь зүйтэй юм. "Алтан Дорнод Монгол" гэдэг аж ахуйн нэгж Өвөрхангайн Бат-Өлзий, Архангайн Цэнхэр сумын зааг дээр байгалийг ямар болгоод явсан гэж бодно. Тэдний үйлдлээс болоод Орхон гол улаанаар эргэж, голын уснаас ундаалсан хүний бие өвдөж, мал нь үхэж байна.

-Энэ аж ахуйн нэгж хариуцлага тооцуулах байтугай Монгол Улсын Засгийн газартай шүүхдэлцэж байна шүү дээ?

Монголын хэсэг газрын хамаг баялгийг хамж авч, хөрсөөр нь эргүүлчихсэн аж ахуйн нэгж Монгол Улсын Засгийн газартай олон улсын шүүхээр шүүхдэлцэж байна гэдэг нь бидний баталсан хууль ямар байгааг харуулж байна.

-Ашигт малтмалын хуульдаа гарцаагүй тусгаж өгөх өөр олон асуудал бий гэж бодож байна. Та саналаа хэлэхгүй юу?

-Өнөөдөр манай улсын эдийн засгийн гол суурь салбар нь ашигт малтмалын салбар болж байгаа. Энэ нь эргээд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой болно.Тиймээс энэ салбарыг ямар хяналтад хөгжүүлэх, орлогыг нь хэрхэн хуваарилж зарцуулах вэ гэдгийг ямар нэгэн хэмжээгээр хуульчилж байна. Гэвч энэ бүхнийг багцалж, нэгтгэх хэрэгтэй бөгөөд Ашигт малтмалын хуулиараа зохицуулах хэрэгтэй гаж бодож байна. Өөрөөр хэлбэл, бие даасан хуулиудаар зохицуулаад байх нь зохимжтой бус гэдэг нь бусад улс орны туршлагуудаас харагддаг.Гэтэл өнөөдөр манайх уранхай гэрийн бүрээс нөхөж байгаа мэт явж байгаа нь асуудлыг хүндрүүлдэг.

-УИХ-ын дэд даргын хувьд өнгөрсөн намрын ээлжит чуулган хэр үр дүнтэй хуралдсан гэж үзэж байна вэ. Энэ ээлжит чуулганыг үр дүн багатай хуралдсан гэж шүүмжлэх хэсэг ч байсан. Чуулганы завсарлагааны эцэст хууль бөөндөж батлах буюу УИХ-ын гишүүд 'төгөлдөр хуур тоглож" байна гэсэн шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-УИХ ажлаа төлөвлөж хийдэг. 2010 оны намрын ээлжит чуулган нь яг эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийн шинэ үед хуралдсан. Тодруулбал, ашигт малтмалыг ордуудаа эргэлтэд оруулах үүнтэй холбоотойгоор бидний өмнө хийж байгаагүй, мэдэхгүй олон зүйл гарч ирсэн учраас шинээр тогтоол гаргах, хуульчлах олон асуудал гарч ирсэн. УИХ төлөвлөсөн асуудлаасаа илүү 90 гаруй хууль, тогтоомж хэлэлцэж баталсан нь үр дүнтэй хуралдсаныг харуулж байна. Гэхдээ төлөвлөснөө дутуу хэлэлцсэн нь бий. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж амжсангүй. Гэвч нийт утгаар нь өнгөрсөн ээлжит чуулганаар ачаалалтай ажиллаж, олон шинэ шийдвэр гаргаж чадсанаараа үр дүнтэй хуралдсан гэсэн дүгнэлтэд хүргэж байна. 2011 оны улсын төсөв нь их төвөгтэй, ээдрээтэй төсөв байсан. Учир нь ашигт малтмалын салбараас их хэмжээний орлого орж ирэх гээд байдаг. Гэтэл тэрхүү орлогыг зөв зохицуулж, зарцуулж чадахгүй бол мөнгө байгаагүйгээсээ илүү их эрсдэлд орно. Тиймээс хүндрэлтэй бэрх цагт 2011 оны төсвийн хуулиа баталсан. Ээлжит чуулганы эцсээр олон хууль баталлаа гэж шүүмжлээд байдаг. Ер нь чуулганы эцэст хуулийн төслүүд батлагдах шат руугаа ордог болохоор завсарлагааны өмнө олон хууль баталж байгаа мэт харагддаг нь үнэн. Зарим УИХ-ын гишүүн мэдээгүй сонсоогүй байхад хууль батлагдчихлаа гэж ярьж байна лээ. УИХ-ын гишүүн хуулийг төслийг хэлэлцээд алх тогших хүртэлх хугацаанд сөрөг болон дэмжиж байгаа байр сууриа илэрхийлж болно. Харин хуулийн төслийг олонхоороо батлаад алх тогшсоны дараа УИХ-ын гишүүний хувьд ч иргэн хүний хувьд ч баталсан хуулиа үг дуугүй дагаж мөрдөх үүрэгтэй. Тиймээс баталсан хуулийн хойноос олон юм ярьж, гонгинож байгаа УИХ-ын гишүүдийг хурлаа битгий тасал, хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролц, хуулиа унш, гадаад бага яв, олонхын баталсан шийдвэрээ дагаж, мөрд л гэж хэлмээр байна.

-Засгийн газраас энэ жилийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Бодлогын хүрээнд танай Өвөрхангай аймагт л гэхэд хэчнээн хүн ажлын байртай болох бололцоо харагдаж байна вэ?

-2011 онд сум болгонд эхний ээлжид эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хөгжүүлнэ. Учир нь хамгийн бага хөрөнгө оруулалттай бөгөөд хүн болгон энэ салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой. Үүний тулд сургалт явуулна. Трактор, комбайн жолоодох ажилчин бэлдэнэ. Сум болгонд ОХУ-д үйлдвэрлэсэн трактор өгч байна. Тракторыг олуулаа хоршиж нэгдсэн бүлэг буюу хоршоонд өгнө. Олон хүн ажилтай болно. Өвс тэжээл, хүнсний ногоогоо хангах боломж нээгдэнэ. Эрчимжсэн мал аж ахуйн хүрээнд малаас гарч байгаа сүү, мах, арьс шир, ноолуурыг орон нутагт нь боловсруулж нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг мөн хоршооны зарчмаар байгуулна.

-Сонгуулийн мөнгөн амлалтыг сонгуулийн хуулиар хориглох заалт оруулж байна. Ер нь улс төр мөнгө хоёрыг салгах асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Мөнгөний амлалт эцэс болох учиртай. Харин юу хийж бүтээж чадах уу гэдгийг амлах нь зүйн хэрэг. Мэдээж үүнийгээ санхүүжүүлж, мөнгөө босгож чаддаг байх учиртай. Гол нь хувь хүнд мөнгө өгөх амлалт асуудал байж болохгүй. Бид 2008 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо мөнгө өгнө гэж амлаагүй. Харин Үндсэн хуулийн дагуу хүн болгонд Монгол Улсынхаа байгалийн баялгаас хувь хүртээхээ хэлсэн. Гэхдээ хувь хэзээ мөнгө болохыг бид хэлж мэдэхгүй. Энэ маягаар л амлалт өгсөн. Таван толгой орд ашиглах тухай шийдвэр гарахад мөн энэ зарчмыг баримталж байна. Ингэснээр ордын 10 хувийг монголын ард түмэн эзэмших шийдвэр гарлаа.

-Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэхэд анхаарал татаж байгаа нэг асуудал нь энэ. Сонгуулийн хуульдаа энэ асуудлыг нарийн шийдэж оруулах хэрэгтэй. Мөнгөтэй холбоотой аливаа асуудалд хяналт тавихгүй бол болохгүй болж байна. Нэг хэсэг Монгол Улс,монгол хүнийг хэн ч мэддэггүй, хөрөнгө оруулалтыг гуйгаад ч өгдөггүй үе байсан. Харин өнөөдөр эсрэгээрээ гаднын хөрөнгө чинээтэй хэн нэгэн монголд нөлөөтэй болохыг хүсэж, ялангуяа парламентад нөлөөлөхийг хүсэж байгааг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс мөнгөөр сонгуульд оролцох тэр бололцоог нь хуулиар хааж өгөх хэрэгтэй. Харин хийсэн ажил, хийж бүтээх ажлаар нь үнэлж сонгодог зарчмыг хөгжүүлэх учиртай. Энэ нь заавал пропорцианалийн төрөл орсон сонгууль байж хэрэгжинэ гэж ойлгож байна. Түүнээс биш жижиг тойрог буюу гурван суман дээр хэн ч гэсэн мөнгө хаяад гарч ирж болно. Тиймээс энэ бүхнийг хуулийн зохицуулалтаар хааж өгөх хэрэгтэй. Өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй байгаа бүх юмны гол шалтаг, шалтгаан нь сонгуулийн хуулийн тогтолцоотой холбоотой гэж бодож байна. Тиймээс УИХ-д ёс зүйтэй ариун орж ирэх учиртай. Энэ хүмүүс хэн нэгэн хүнд худалдагдахгүй, хамааралгүй байх учиртай гэж ойлгодог. Тухайлбал, гадны ямар нэгэн аж ахуйн нэгж 10 хүнд хангалттай мөнгө өгөөд хууль тогтоох байгууллагад оруулчихвал наймаас дээш хүнтэй бүлэг болчих боломжтой. УИХ дахь бүлэг нь дургүй хүрсэн асуудлаа буюу компанийнхаа эрх ашигт нийцэхгүй асуудлаар наад зах нь завсарлага аваад гацаачихна биз дээ. Ийм бэрхшээлүүд бий учраас ариун тунгалаг сонгууль болдог тогтолцоо руу ороосой гэж бодож байна.

-Хууль тогтоох байгууллагад ариун, ёс зүйтэй хүн орж ирэх нь зүйтэй гэж хэллээ. Гэвч өнөөдөр УИХ-д хөрөнгөлөг хүмүүс орж ирдэг гэсэн шүүмжлэл байдаг. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн тусгаж авдаг бэ. Учир нь таныг манай монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг байсан болохоор ингэж асууж байна?

-Би үүнийг өөртөө тусгаж авдаггүй. Би их сургууль төгссөнөөс хойш 26 жил ажиллаж байна. Гэтэл энэ хугацааны ердөө зургаан жилийг нь л төрд зарцуулаагүй. Үлдсэн хугацаанд нь төрд ажилласан гэсэн үг. Хүмүүс намайг бизнесмэн хүн гэдэг. Төрд ажиллаагүй зургаан жилийнхээ гурав, дөрвөн жилд нь компанийн захирлаар ажилласан. Энэ хугацаанд муу биш ажилласан. Хэрвээ надад илүү их мөнгө олох шаардлага байна гэж үзсэн бол өдийд бизнесээ л хийж байх байсан болов уу. Гэтэл зарим хүмүүс андуураад байна. Учир нь тэд улс төрд орж ирээд мөнгөтэй болдог гэж андуурч орж ирээд залуучуудын хэлдгээр шатаад байх шиг байна. Ийм зүйл байхгүй шүү дээ. Ер нь Монгол жижигхэн. Тэр дундаа ард түмний хяналт өндөр учраас улс төрчдийн хэн нь юутай, хэн нь юу хийж байгааг сайн мэдэж байгаа. Би төрийн мөнгөөр дотоод, гадаадад суралцаж боловсрол эзэмшсэн учраас төрдөө хийж чаддагаа зориулахсан гэж боддог. Ингэж хэлэхээр намайг хүмүүс гоё сайхан үг хэлж байна гэж бодож магадгүй, Харин миний хүсэл зорилго энэ л юм. Хүмүүс олигархи энэ тэр гээд янз бүрийн зүйл ярьдаг. Олигархи гэж хэн юм. Монголд тийм хүн байдаг юмуу. Миний хувьд одоогоор ийм хүн төрөөгүй байх л гэж бодож байна. Энэ үгийн учир нь ч юу юм гэдгийг мэддэг юм уу. Гэтэл энэ үгийг хэлж, улс төр ярьж, өөрийгөө шударга хүн гээд байгаа хүмүүсийг бүр мэдэхгүй юм. Харин ямар ч эрхэлсэн бизнес, орлогогүй гэж хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн мөртлөө 500 ам долларын зангиа зүүж, 1000 ам долларын хослол өмсөөд яваад байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Хаанаасаа тийм их мөнгөтэй болдог юм. УИХ-ын гишүүний цалин ямар билээ. Тиймээс худлаа шударга дүр эсгэж амьдрах хэрэггүй. Хүн гэрээ засаж байж, төрөө засдаг гэсэн монгол ардын зүйр үг байдаг. Хувийн амьдралаа босгож, цэгцлээгүй хүн төрд орж асуудал шийдэх нь ховор доо. Тиймээс бизнес эрхэлж байсан, амьдралын наад цаадхыг мэдэж, хүнд бэрхийг давж байсан хүмүүс улс төрд орж ирж байгаа нь буруу биш гэж боддог. Монголын хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд эдгээр асуудлаа мэддэг хүмүүс чухал үүрэгтэй . Асуудлаа мэддэг хүмүүс л дуугардаг юм шүү дээ.

-УИХ-д ашиг сонирхлын зөрчил гэсэн зүйл гарч ирэх болсон. Үүнийг та юу гэж үздэг вэ?

-Тиймээ ингэж ярих болсон. Гэхдээ хүн мэддэг юмаа л ярьдаг юм. Тухайн гишүүн аль нэгэн салбарын сайд байсан бол тэр салбарынхаа тухай ярих л хэрэгтэй. Хэрвээ тухайн асуудалтай холбоотой бизнес эрхэлж байсан хүн тэр асуудлыг нь ярьвал сайн мууг нь мэддэгийн хувьд ярих нь зүйтэй. Хувийн эрх ашгийн үүднээс биш улс нийгмийн эрх ашгийн төлөө дуугарах л хэрэгтэй. Гэтэл үүнийг эсрэгээр нь ойлгож, хувийн эрх ашгийн төлөө дуугарч байна, цаана нь юугаа хамгаалах гэж байгаа юм бол гэсэн хардлага байдаг. Гэтэл энэ бол үгүй юм. Ажлаа мэддэг хүн л үгээ хэлдэг.

Г.Энхмандуул

2011 оны 3-р сарын 14, Даваа гариг, Монцамэ

No comments:

Post a Comment