Monday 23 April 2012

Д.Очирбат: Улс төрийн томилгоогоор томилогдсон сайд эмнэлгийн даргыг халахаас ажлаа эхэлдэг уламжлал тогтох нь


- УИХ-ын гишүүн Д.Очирбаттай эрүүл мэндийн тогтолцооны талаар ярилцсан юм.
-Чуулганы засварлагаа­наар хуулийн хэрэгжилттэй танилцаад завгүй яваа гэж сонссон. Хэрэгжилт хэр байна вэ?
-Эрүүл мэнд, эм эмнэл­гийн хэрэгслийн тухай хууль батлагдсан. Хуулийн хэрэг­жилт дээр ажиллаж эхэлж байна. Хаврын чуулган зав­­сар­­лахаас өмнө Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль байнгын хороонд өргөн барьсан. Энэ ажлынхаа талаар судалгаа хийж, эмнэлгүүдээр явахаас эхлээд хийх зүйл их байна. Би эмч учраас эрүүл мэндийнхээ салбарын талаар дуу  хоолойгоо гаргаж  асуудлыг бодит түвшинд шийдвэрлэхийг хичээдэг юм.
-Эрүүл мэндийн салбар хөгширч, доройтоод хэцүү­хэн болсон санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эрүүл мэндийн салбар социализмын үеийн тогтол­цоогоор явж байгаа ганц салбар. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбар, хү­н­ийхээ эрүүл мэндийн тө­лөө төр засаг хамгийн их анхаарах ёстой. Харамсалтай нь чаддаггүй. Багаж тоног төхөөрөмж нь 20, 30 жилээр хоцорсон. Онош тавиуллаа гэхэд эмч нарынх нь мэдлэг боловсрол ч хоцрогдмол. Мэдээж сайн эмч нар бий.
Ерөнхий эрүүл мэндийн салбарын хувьд хоцрогдмол байдалтай болчихсон. Сан­хүү­жилтийн хувьд ч мөн адил. Тухайн салбартаа бо­дит үр дүн харагдахуйц хэм­жээнд зарцуулагддагүй. Ба­­­рилга, байшин, сум, сум дундын эмнэлгийн засвар үйлчилгээндээ зарцуулагдаад дуусдаг. Шинээр тоног төхөө­рөмж авах, иргэд рүүгээ чиг­лэсэн үйлчилгээнд төсөв үлддэггүй байх жишээтэй. Үнэн­дээ ажилчдынхаа нийг­мийн асуудлыг ч шийдвэрлэж чаддаггүй.
-Төр засгаас ямар бод­лого явуулж байж 20, 30 жилээр хоцорсон эрүүл мэндийн салбарыг сэргээх юм бэ?
-Эрүүл мэндийн байгуул­лагын цогц шинэчлэлийн асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ. Үүнд хэд хэдэн зарчмын асуудал тусгах юм. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ч намар хэлэлцэнэ. Хуулиар Монгол Улсынхаа иргэн бүрийг даатгалд хам­­­руулах ёстой. Монгол Улсын иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авалгүй орхигдох ёсгүй. Өнөөдөр даатгалд хам­­рагддаггүй хэсэг байдаг шүү дээ. Төрийн албан хаагч, эсвэл ямар нэгэн хувийн бай­гууллагад ажилладаг хэсэг иргэд л даатгалд хамрагддаг.
Гэсэн атлаа өнөөх эрүүл мэндийн даатгалаас нь ир­гэдийн эрүүл мэндийг хам­гаалах талаар юу хийсэн бай­на гэхээр хийсэн зүйл байдаггүй. Өнөөх даатгалын мөнгө нь хашаа, байшин засч, эмнэлгийн машин аваад л дуус­чихсан байдаг. Иймээс эрүүл мэндийн  даатгалын сан гэсэн бие даасан байгууллага гаргаж ирэх шаардлагатай байгаа юм. Тухайн сангаас зөвхөн иргэдийнхээ эрүүл мэндэд чиглэсэн үйлчилгээ үзүүлсэн байгууллагад хөрөн­гө гаргаж өгөх юм. Нэг үгээр сайн үйлчилгээг иргэддээ худалдаж авна.
Тэгэхгүй  бол эрүүл мэндийн салбар унтаа бай­далтай болчихсон. Амаа ан­­гайж  төсвийн  хэдэн төг­­­­рөгөөр голоо зогоодог. Үйл­чилгээ нь сайжирдаг ч үгүй, мууддаг ч үгүй. Төрөөс төсвийн хэдэн төгрөг гаргаж амь тариа хийгээд байлгаад байдаг. Энэ тогтолцоог халах ёстой.
-Сайн үйлчилгээг худал­даж авахдаа улсын, хувийн гэсэн зааг ялгаа бий юу?
-Хувь, улсын гэж ялгахгүй. Хэн өөрийгөө хөгжүүлж, сайн үйлчилгээ явуулж байна тухайн байгууллагад эрүүл мэндийн сангаас хөрөнгө ол­гож байх юм. Мэдээж, до­гол­долтой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж дампуурч, замын дундаас хасагдах болно. Ихэнх нь хөгжлийнхөө дагуу сайжирснаар энэ салбар сайжрах юм.

ОНОШИЛГООНЫ ТӨВТЭЙ БОЛОХ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУДЫН ЯДУУ СЭТГЭЛГЭЭ Л ДЭЭ

-Цогц шинэчлэлийн хү­рээнд оношилгооны төв байгуулагдах уу?
-Эрүүл мэндийн цогц шинэчлэл гэдэг маань зөв­­хөн оношилгооны тө­вөөр хязгаарлагдахгүй. Оношил­гооны төвд төр засгаас ан­хаарал тавиад газрын хэв­лий дэх баялгаа авч бай­гаа тохиолдолд дэлхийн стан­­дартад нийцсэн, иж  бүрэн  оно­шилгооны төвтэй болох санааг тавьсан. Үүнийг Эрүүл мэндийн яамнаас бод­­лого боловсруулж бид өөрсдөө хийх ёстой. Харам­салтай нь яамныхан унтаа байгаа байхгүй юу. Ямар ч санаачлага байхгүй. Өдөр хоног аргацаасан байдалтай үйл ажиллагаа явуулж бай­на. Салбарынхаа  төлөө са­наа зовнихгүй, араас нь хөөцөлдөхгүй, аливаа асууд­лыг дамжуулагчийн үүрэг гүйцэтгээд л бүтвэл бүтэг гэсэн  хандлагатай.  Бүтчихвэл бүтлээ гээд, бүтээгүй бол хаячихдаг. Иймэрхүү асууд­лыг эрүүл мэндийн салбарт зохицоор нь шинэчлэх ёс­той. Хөшүүн хойрго уур амьсгалыг эвдэх ёстой.  Яам гэж шүүм­жилдгийн учир нь эрүүл мэндийн салбарын удирдлага гэдэг үүднээс нь хандсан хэрэг.
Эмчилгээ оношилгоо­ны төвтэй болох гээд бай­гаа нь монголчуудын ядуу сэтгэлгээ. Улсад нь ганц ч тийм төв байхгүй болохоор л байгуулчих гээд үзээд бай­гаа юм. Би ч ингэж бод­дог хүний нэг нь. Гэхдээ үүнийг бусад оронтой харь­цуулахад ядуу сэтгэлгээ. Хятадад 15, Өвөрмонголд 16 дүүрэгтэй. Дүүрэг болгон нь оношилгооны төвтэй. Тийм учраас дүүрэг дээр иж бүрэн оношилгооны төвтэй болох тогтолцоо руу шилжинэ.
-Иргэддээ сайн үйл­чилгээ үзүүлсэн бай­гуул­лагад эрүүл мэндийн сан­гаас мөнгө олгоно гэсэн шүү дээ. Ингэхдээ хувийн, улсын гэж ялгахгүй гэлээ. Тэгэхээр хувийн хэвш­лийнхэн тоног төхөөрөмж ч сайтай учраас тэргүүлж, улсын эмнэлгүүд зах зээлд өвдөг шороодож, ар араа­саа хаалгаа барихад хүрэх юм биш үү?
-Эрүүл мэндийн салбарын тогтолцоо гурван шатлалтай. Сум, сум дундын эмнэлэг, аймаг, аймаг дундын, өрх, дүүргийн гэхчлэн ялгагддаг. Манайхан I шатлал буюу өрх, дүүргийн эмнэлгийг алгасаж шууд III шатлал дээр ирж ачаалал бий болгодог. Иймээс II шатлал буюу дүүрэг, айм­гийн эмнэлгүүдийг тоног тө­хөөрөмжөөр хангаж, иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг болох юм.
Төсвөө ч тэр чиглэл рүү хандуулна. Харин өрхийн эмнэлгийг иргэд эрүүл чийрэг байх, спортоор хичээллэх, урьд­чилан сэргийлэх чиг­лэлээр хөгжүүлэх юм.
-Тэгэхээр III шатлалын эмнэлгүүд үйлчлүүлэгчгүй болж байгаа юм биш үү?
-Гуравдугаар шатлалын эмнэлэгүүд болох Шастины I, II, III эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв юу болох вэ гэхээр мэргэжлийн салбар чиглэлээр үйл ажил­лагаа явуулах юм. Тухайн өвчний оношийг судалж, бо­ловсруулж мэргэжлийн бо­­лон шинжлэх ухаан руу чиглэсэн арга барилд шил­жинэ. Өөрөөр хэлбэл, ши­нэ нээлт бий болгоход ан­хаарлаа хандуулна. Улмаар I, II шатлалын эмнэлгүүдэд  мэргэжлийн зөвлөгөө өгөх юм. Энэ мэтчилэн  дээшээ явдаг байсан пирамид тог­толцоог II шатлалын эмнэлэг дээр төвлөрүүлнэ.

МӨНГӨ ҮҮСДЭГ ЖАМТАЙ

-Санхүүжилт их шаар­дах юм биш үү?
-Хөрөнгө мөнгөний асуу­дал дээр аль ч талаас босдог л юм байна. Мөнгийг хүн хөдөлмөрөөрөө бүтээж хий­­­­дэг учраас санхүүжилт байхгүй гэж суух биш. Санаа­чилгаараа санаагаа гар­гаад мөнгөө бүтээгээд ажлаа хийгээд капиталаа үүсгэх хэ­рэгтэй. Ингээд явах юм бол мөнгө үүсдэг жамтай. Эрүүл мэндийн салбарыг хөг­жүүлэхэд шаардагдах хоёр гурван боломж бий.
Яамны хөшүүн хойрго санаа­чилгагүй нөхөд ийм са­нааг гаргаж УИХ, Засгийн газраас дэмжлэг авах хэрэг­тэй. Энэ унтаа байдлаас бо­лоод санхүүжилтгүй, хөрөнгө оруулалт  нь тодорхой эзэндээ хүрдэггүй явдал гарч буй. Уг нь ДНБ-ний 5-7 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг байх ёстой. Даатгалд иргэд, хүндээ хүргээд явбал ший­дэгдэх боломжтой. Харам­сал­тай нь манайх гурав хүрэх­гүй хувийг л энэ салбарт гаргадаг.
-Ашигт малтмалаас то­дорхой хувийг энэ салбарт гаргах ёстой  хэмээн та хэлж байсан санагдаж байна?
-Тавантолгой, Оюутолгой гээд газрын хэвлий дэх баял­гаас хөрөнгө их орж ирж бай­гаа. Орж ирж байгаа хөрөнгийн 15-20 хувийг ир­гэ­нийхээ эрүүл мэндэд зар­цуулж,шууд төсөвт нь хийж өгдөг байх хэрэгтэй. Газрын хэвлий доорх хөрс, баялаг Монгол орны баялаг. Баялгийг нь  эзэмшиж байгаа юм чинь иргэнийх нь эрүүл мэндэд 10 хувийг яагаад зарцуулж болохгүй гэж.  Төрөөс   бодлого боловсруулаад үүнийг бод­логоор шийдвэрлэх хэрэгтэй. Ингэвэл эрүүл мэндийн сал­бар босоод л ирнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС МӨНГӨ ОЛГОХ БОЛОМЖТОЙ

-Даатгал   төлөөд л бай­даг.  Гэвч  тэр бүр  түүнийхээ үр шимийг үзэж чаддаггүй. Үүнд иргэд их бухимдалтай байдаг. Иймээс даатгалд хамрагдсан мөнгөөр нь өвчнөөс урьдчилан сэр­гийлэх арга хэмжээ авдаг ч юм уу. Өөрсдөд нь зо­риулсан үр бүтээлтэй ажил хийвэл яадаг юм бол?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг бие даасан болгох хэрэгтэй. Таны ярьж байгаа үнэн. Би ч гэсэн төрийн албан хаагчаар 17 гаруй жил ажиллаа. Цалингаасаа сар бүр эрүүл мэндийн даатгал төлдөг. Тэглээ гээд эргээд надад ямар ч эрүүл мэндийн үйлчилгээ ирдэггүй. Магадгүй эмнэлэгт хэвтэхэд даатгалын дэвтрээс хэдэн төгрөг орох байх. Өөр ямар ч үйлчилгээ байхгүй. Уг чанартаа эрүүл мэндийн даатгалын үйл­чил­гээ нийгмийн салбар руу  чиг­­лэх учиртай. Жишээ нь, Д.Очирбатыг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэж байх ёстой биз дээ. Амралт су­вил­лын газарт явахад нь даатгалын сангаас тодорхой хөрөнгө гаргадаг ч юм уу. Гэвч ийм ойлголт байдаггүй. Харин өр­гөн баригдсан хуульд энэ талаар тусгасан. Жи­лийн турш эрүүл мэндийн даат­галаар үйлчлүүлээгүй тохиолдолд тухайн иргэний урьдчилан сэргийлэхэд зарцуул­сан мөн­­гийг даатгалын сангаас  шил­жүүлж олгоно. Тийм уян хатан байх ёстой.
-Эмч нарын хариуц­лагагүй байдлаас болоод хүний амь нас эрсдэх бол­лоо. Эмч нарын ха­риуц­лагын талаар өргөн баригдсан хуульд тусгаж байгаа юу. Тэдний хариуц­лагыг хэрхэн өндөржүүлэх вэ?
-Хуульдаа маш сайн зааж өгөх ёстой. Мэргэжил дээшлүүлэх, ха­риуц­лагын тог­толцоог нь хуульд тодор­хой зааж өгөх хэрэгтэй. Өнөөдөр багаж тоног төхөө­рөмжийг хангаж өгөхгүй, өөрөөр хэлбэл, төрөөс үүрэх хариуц­лага сул байгаатай холбоотой. Эмч нарын тухайд сахилгын болоод таны асуу­сан асуудлууд сул байгаа нь үнэн. Эрүүл мэндийн тухай шинэчилсэн хуулиар сонгон шалгаруулалт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, өвч­­төн өөрөө эмчээ сонгож эмчлүүлэх бо­ломжийг нь хуулиар нээж өгч буй. Ингэхээр өнөөх ир­гэнийхээ эрүүл мэндэд хайхрамжгүй ханддаг эмч, эмнэлгийн байгууллагыг ир­гэд сонгож үйлчлүүлэхгүй. Тэгэхээр өнөөх нь иргэдээ татахын тулд мэдлэг, боловс­ролоо дээшлүүлнэ.
-Гар хүндрүүлэхгүй бол хүн дэргэд нь үхэж байсан ч тоохоо больсон цаг. Энэ гаж тогтолцоог хуулиар хэрхэн зохицуулах вэ?
-Үүнийг журмаар хааж өгөх ёстой. Бүх нөхцөл ижил түвшинөөс явж байх учиртай. Дарга, сайд байх нь хамаагүй эрүүл мэндийн салбарын тухайд адилхан л өвчтөн.
Харин эрүүл мэндийн даатгал дээрээ ялгаатай байж болно. Нэмэгдэл даатгалд хамрагдаад илүү, өөр үйлчилгээг мөнгө төлж авах боломж байж болох юм.
-Үр хөндөлтийн бай­дал замбараагаа алд­сан. Зөвшөөрөлтэй, зөв­шөө­рөл­гүй хэн дуртай нь үр хөндөх болж. Үүнийг хуулиар зохи­цуулалт хийсэн үү?
-Монголын үр хөндөж ашиг олдог асуудлыг зогсоох хэрэгтэй. Үүнийг уриалж ажил хэрэг болгомоор байх юм. Монголын үрс мянга, түм болтугай гээд байдаг. Гэтэл бид чинь 2.8 сая хүн амтай. Хойд, урд хоёр хөрш маань хэдэн тэрбум хүн амтай билээ. Үр хөндөлтийг хориглож, ашиг хонжоо олдог хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй.
-Урьд нь үүнийг хуулиар хориглодог байсан. Гэтэл хуулиа өөрчлөөд улсын бо­лон хувийн эмнэлгүүд үр хөндөлт хийж эхэлсэн. Харин ч бүр хямд өртөгтэй болсон биш үү?
-Сайдын тушаалаар эмнэл­гүүдийг өөрийн орлого олох чиглэл өгсөн юм. Эрүүл мэндийн  байгууллага яаж өөрийн орлогыг бүрдүүлэх вэ дээ. Тариалан тарьж, най­маа хийхгүй л бол өөр арга байхгүй. Тэгэхээр өнөөдүүл чинь үр хөндөлт хийж, өөрийн орлогоо нөхдөг болсон. Шүүмж­лэл тавьж үүнийг хаасан.
-Эрүүл мэндийн сал­барын удирдлагад мэр­гэжлийн   бус  хүн   томи­логдох нь их. Сонгуулиар аль нам нь ялалт байгуулна, тэр хүрээнд мэргэжлийн болон мэргэжлийн бус хүн улс төрийн томилгоогоор энэ салбарыг удирддаг. Үүнээс болж  тухайн сал­барт гажуудал бий болох нөхцөл бүрддэг гэдэг?
-Салбараа мэдэхгүй, хүний амаар ажлаа  хийдэг      удирдлага байна гэдэг ха­рамсмаар. Би үүнд их шүүмжлэлтэй ханддаг. Сал­барын сайд нь тухайн ажлаа алган дээрээ байгаа юм шиг мэддэг байх ёстой. Гэтэл багш, инженер мэргэжилтэй хүн сайдаар томилогдоод хэчнээн сайн удирдагч байлаа ч гэсэн тэр ажлаа өрөө мэдэхгүй бол хэцүү. Тийм учраас салбартаа эзэн нь болох, мэргэжлийн хүн удирдах нь гол асуудал.
-Та улстөрч, бас эмч хүн шүү дээ. Таны нүдээр эрүүл мэндийн салбар ямар өнгө төрхтэй харагдаж байна вэ?
-Улстөрч, эмч хүнийхээ хувьд энэ салбарт шүүмж­лэлтэй ханддаг. Сүүлийн хэд хэдэн томилгоон дээр улс төрийн намуудын талцлын, сонгуулийн дараах яамдынг хуваах байдлаар сайд нар то­милогдох болж. Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн бус хүмүүс томилогддог. Дөрвөн жилийн хугацаанд эмийн тендрийн асуудал зэрэг баахан асуудал үүсгээд хаяад гарна.  Дараагийн мэргэжлийн  бус хүн ирээд л дахин баахан бужигнуулна. Эмнэлгийн дар­гыг халахаас эхлээд л эрүүл мэндийн салбарт улс төрийн томилгоог хийж эхэлдэг уламжлал тогтох нь. Ашигтай газар нь хувийн ашиг хонжоо хайгаад эхэлдэг нь нууц биш. Энэ салбарт хэтийн зорилт ч гэж байхаа болилоо. Ажилчид нь УИХ, Засгийн газарт ч асуудлаа тавьж ойлгуулж чаддаггүй. Нэг тавьж байсан асуудал нь дараагийн сайд ирэхээр үгүйсгэгддэг. Да­хин шинээр эхлэх болдог. Тийм учраас энэ салбар хоц­рогдчихсон байна.
Л.НИНЖСЭМЖИД
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг
  Нийгмийн толь

No comments:

Post a Comment