Sunday 22 April 2012

Д.Очирбат: Түр хороо дөрвөн чиглэлээр түлхүү ажиллана


-Нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудлын алинд нь Түр хороо түлхүү анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэж байхад Улаанбаатараас УИХ-д сонгогдсон гишүүдээс Түр хороо байгуулъя гэсэн санаачилга анх гарсан юм. Тулгамдсан олон асуудал бий. Түүнээс агаарын бохирдол, барилга, хот байгуулалт, хот тохижилт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хууль зүйн орчныг боловсронгуй болгох гэсэн дөрвөн гол чиглэлд анхаарч ажиллахаар санал нэгдсэн. Эдгээр чиглэлээр ажиллахаар "Шинэ Улаанбаатар" төслөө Үндсэн чиглэлд тусгууллаа.
Хотын хөгжилд УИХ, Засгийн газар анхаарал бага хандуулж иржээ. Хууль, эрх зүйн орчин ч их сул байж. Улаанбаатар 1.3 сая хүнтэй. Гадаад, дотоодын зочин, шилжин ирэгсдийг тооцвол хоёр сая гаруй хүн нийслэлд ажиллаж, амьдарч, ирж очиж байдаг юм. Улсынхаа хүн амын тэн хагасаас илүү нь тогтмол амьдарч, шинжлэх ухаан, боловсрол, банк, үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн байгууллага төвлөрч, улсын эдийн засгийн ачааллын 60-70 хувийг дааж байна. Гэтэл улсын нийт төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувь нь л нийслэлд ногддог.
Хотын бие даасан байдлыг нэмэгдүүлэхийн тулд Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй. Тэгэхгүй бол нэг сая гаруй хүнтэй Улаанбаатар хот хөгжихгүй, ачааллаа ч даахгүйд хүрлээ. "Шинэ Улаанбаатар" түр хороо ажлын дөрвөн хэсэгтэй. Хотоос сонгогдсон 20 гишүүн хуваагдаж, хотын удирдлага, мэргэжлийн албадаас дэд хороодод гишүүнээр ажиллах юм.
-3-4 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй Нийслэлийн нэг дүүргийн оршин суугчид тэнцдэг. Тэгсэн хэр нь энэ том хотын санхүүгийн эрх"мэдэл Сангийн яамны ганц мэргэжилтний гарын үзүүрээр шийдэгдсээр ирсэн биз дээ.
-Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, тэгээд нийслэл гэсэн дараалал байдаг. Сумын дараа хороо эрх мэдэлтэй байхаар хуульчилсан. Манайхаас өөр оронд болохоор нийслэл нь эдийн засаг, соёл, нийгмийнхээ чадавхиар хамгийн эхэнд тавигддаг. Харин манайд эсрэгээрээ байгаа биз. Эхлээд аймаг, суманд анхаарна. Энэ мэтээр хотын эрх зүйн байдал, эрх мэдлийг хуулиар бүрхэгдүүлчихсэн байдаг юм. Түүнийг өөрчилье. Нийслэл болон дүүргийн Засаг дарга орлогоо олон нийтийн өмнө ил тод, ИТХ-аараа хэлэлцүүлсний дараа бие дааж зарцуулдаг байх эрх мэдлийг олгох цаг болжээ. Нийслэлийн өмнө тулгамдсан ямар нэгэн асуудал шийдүүлэх гэж Сангийн яамны нэг мэргэжилтний царай харна. Гэтэл Улаанбаатар, түүний иргэдийн өмнө юу тулгамдаад байгааг тэр мэргэжилтэн ер мэддэггүй, нийслэлийн аль нэг хороонд огт очиж үзээгүй түшмэл байдаг юм. Сангийн сайд нь ч тэр, амьдрал мэдэхгүй түшмэлийнхээ өгсөн мэдээллээр л хотын санхүүгийн асуудлыг шийддэг.
-Гэр хорооллыг орон сууцжуулах асуудалд анхаарлаа түлхүү хандуулна биз. Хотын дахин төлөвлөлтийн асуудал гэж бас байна...
-Хотод барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь дотоодынх. Гэр хорооллыг сууцжуулах ажил нэлээд эрчимтэй хэрэгжиж байсан юм. Гэтэл өнөө л санхүүжилтийн асуудлаас болоод зогсонги байдалд орсон. Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал үүнд нөлөөлсөн нь тодорхой. Тэгвэл энэ үеийг ашиглаад гэр хорооллыг барилгажуулах хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгоод авах хэрэгтэй шүү дээ. Барилга, хот байгуулалт, зам тээврийн сайдад энэ тухай санал бодлоо бид хэлсэн.
Хотын дахин төлөвлөлтийн асуудалд анхаарал хандуулна. Хүн амьдрах нөхцөлгүй болсон байруудыг буулгаж, оронд нь орчин үеийн стандарт хангасан олон давхар барилгууд барих төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Анх байгуулсан яг тэр хэвээрээ байгаа газар доогуурх цэвэр, бохир усны дэд бүтэц инженерийн байгууламжууд ачааллаа даахаа больсон. Түүнийг ч гэсэн дахин төлөвлөх шаардлагатай. Энэ бүхэнд "Шинэ Улаанбаатар" түр хорооны гишүүд бид гол анхаарлаа хандуулна.
-Бас утааны асуудал...
-Гэр хорооллыг барилгажуулах төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал утааг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Түүхий нүүрс худалдаалахыг хориглох хэрэгтэй гэж Түр хороо үзэж байгаа. Утаа бага, шаталт удаан, дулаан их ялгаруулдаг дахин боловсруулсан, хямд өртөгтэй нүүрс ашиглахыг бодлогоор дэмжинэ. Ингэснээр ажлын байр, үйлдвэрлэл бий болно гэсэн үг. Улаанбаатараас сонгогдсон гишүүд төрийн дээд түвшинд ийн зохион байгуулалтад орсон нь үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.
2009 оны 11-р сарын 17, Мягмар гариг,  Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment