Sunday 22 April 2012

”Н.Энхбаяр бүхнийг урьдчилж тооцсон байсан”



УИХ-ын гишүүн Л.Гүндалайг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Таныг ч гэсэн хэдэн жилийн өмнө яг ийм байдлаар баривчилж байсан байх аа?

-2003 онд буюу одоогоос есөн жилийн өмнө намайг Буянт-Ухаагийн онгоцны буудал дээрээс баривчлах гэж оролдож байсан. Намайг онгоцонд суучихсан байхад цагдаагийнхан хүчээр буулгаж, машинд хүчээр оруулах гэж оролдсон. Тэр үед би өөрийнхөө машин руу зугатаж ороод намынхаа байр руу явж байсан. Учир нь манай гэрийн гадаа маш олон цагдаа байна гэсэн мэдээлэл ирсэн учир  намынхаа байр руу явсан юм. Гэтэл үнэхээр манай намын байр­ны гадаа олон цагдаа ирчихсэн байгаад намайг авч явсан. Тухайн үед намайг баривчлахад ямар нэгэн прокурор, шүүхийн шийд­вэр байгаагүй.  Ердөө л дээ­рээс нь “Л.Гүндалайг барь” гэдэг шийдвэрийг өгчихсөн байсан. Харин өнөөдөр болж буй баривчлах үйл ажиллагаа тухайн үеийнхээс огт өөр асуудал. Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг албадан баривчлах прокурор, шүүхийн шийдвэр гарсан байсан. Нөгөөтэйгүүр Н.Энхбаярын төрийн хамгаалалт нь төрийн гуравдугаар зэргийн хамгаалалт гэдэг катигорт ордог. Энэ хамгаалалт бол УИХ-ын гишүүн болон Ерөн­хийлөгчийн халдашгүй дархан эрхтэй дүйцэхгүй. Ердөө л улсын нуу­цыг мэддэг хүнийх нь хувьд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асны хувьд элдэв халдлагад өртчих вий гэж л хамгаалж байсан асуудал. Тиймээс би Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан баривчилсан явдлыг болох л байсан зүйл гэж бодож байгаа.

-Баривчлах болсон шалтгааныг Авлигатай тэмцэх газрынхан хан­галт­тай тайлбарласан ч “Хүчний байгууллагынхан  баривчлах үйл ажиллагааг “бохир”хийж, хүний эрхэд хэт их халдсан” гээд байгаа шүү дээ?


-Би хувьдаа тэгэж үзэхгүй бай­гаа. Иргэн Н.Энхбаярыг албадан баривчлах шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан байхад тухайн иргэн ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баривч­лагдах ёстой. Гэтэл иргэн Н.Энхбаяр сайн дураараа баривчлагдахын оронд өчнөөн хамгаалалт авч, эсэр­гүү­­цэл үзүүлсэн шүү дээ. Төрийн цаг­дааг ажлаа  хийж байхад түүнийг хамгаалагчид нь хууль зөрчиж, тө­рийн цагдаагийн эсрэг үйл ажил­лагаа явуулсан. Баривчилгааны үеэр Н.Энхбаяр болон түүнийг хам­гаалж байсан төрийн тусгай албаны хамгаалагчид хууль зөрчсөн. Ингэх эрх тэдэнд байхгүй байсан юм чинь цагдаагийнхан өөр яах ёстой бай­сан гэж. Бусад орны жишгээр бол Ерөнхийлөгч асан нь бүү хэл Ерөн­хийлөгч нь хүртэл шүүхийн шийдвэрийг дагаж гарандаа гав зүүгээд шорон руу явдаг байх аа. Миний санаж байгаагаар хоёр жи­лийн өмнө Тайванийн Ерөнхийлөгч авлигын хэргээр баривчлагдаад л явж байсан шүү дээ. Тэр хүн Н.Энхбаяр шиг хамгаалагч аваад гэр орондоо нуугдаж болох байсан ч тэгээгүй. Хэрэв тэгсэн бол тэндэхийн цагдаа ч гэсэн Монголын цагдаа нартай адилхан л үйлдэл хийх байсан гэж бодож байна. Би нэг л зүйлд жаахан шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэр нь юу гэхээр хүчний байгууллагынхан Н.Энхбаярынд оронгуутаа жаахан сүржигнэчихсэн л дээ. Н.Энхбаярыг л аваад явах байтал тэр хавийг эмх цэгцгүй болгоод сүрийг үзүүлчихсэн юм уу даа гэж харж байгаа. Уг нь бол бүргэд олзоо яаж шүүрдэг билээ. Тэрэн шиг л Н.Энхбаярыг аваад явах ёстой байсан юм.

-Тухайн үед УИХ-ын дөрвөн гишүүн Н.Энхбаярын гэрт байхдаа хүчний байгууллагынхны гарт өртсөн. Үүнийг УИХ-ын гишүүн Х.Тэмжүүжин “Тухайнн гишүүд Н.Энхбаярт халдашгүй байдлаа ашиглуулсан” гэж байсан. Та үүнтэй санал нийлж байна уу?


 -Тухайн гишүүд хаана, хэнтэй байх нь тухайн хүмүүсийн эрх. Тэр дөрвөн гишүүн тэнд байсан нь хууль зөрчиж байгаа юм биш. Харин тэд Н.Энхбаярыг гэртээ орогнуулаад, цагдаагийнхан тэдний гэрт дайрч орсон бол тэд халдашгүй дархан эрхээ ашиглуулсан гэж үзэж болох байсан. Ер нь бол Н.Энхбаяр гэдэг хүн энэ бүх үйл ажиллагааг зориудаар зохион байгуулсан шүү дээ.

-Ямар учраас зориуд зохион байгуулсан гэж хардаж байгаа юм?

-Н.Энхбаяр өөрийг нь баривчлах шийдвэрийг шүүхээс гаргасныг мэд­чихээд тухайн өдөр Төрийн ордонд орж өрөө авч гарахгүйгээр ажил­ласныг хүн бүр мэдэж байгаа. Долоодугаар сарын 1-тэй холбоотой мэдээлэл өгнө гэж хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөөд үүнээс нь болж баривчилж байгаа мэт ойлголтыг ард түмэнд төрүүлэхээр ажилласан. Тухайн өдөр түүний ил болгосон гээд байгаа намын дарга нартай уулзсан уулзалтын протокол чинь шинэ зүйл биш шүү дээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай  гарсан. Нөгөөтэйгүүр, Авлигатай тэмцэх газрынхан тө­рийн тусгай хамгаалалтын албанд “Н.Энхбаярыг баривчлах гэж байгаа шүү” гэж сануулсан л байна билээ. Гэтэл төрийн тусгай хамгаалалтын албаныхан тухайн өдөр хууль зөр­чөөд Н.Энхбаярт есөн хамгаалагч өгчихсөн байгаа юм. Тэр хүн чинь есөн хамгаалагчаар хамгаалуулах эрхгүй. Манайхан хуулийг ингэж зөрчиж, завхруулж хуйвалдаж байгаа байхгүй юу. Мөн хэвлэл мэдээллийн бүх байгууллагынхан Н.Энхбаярын гэрийн гадаа цугларчихсан байсан байх аа. Өөрийгөө хамгаалуулж, цагдаа нарыг эсэргүүцүүлэх гэж бэлтгэсэн хүмүүс нь ч бэлэн байсан. Тиймээс Н.Энхбаяр юу болохыг мэдсээр байж хууль зөрчиж асуудал үүсгэсэн.

-Ардын намын найман гишүүн, Хамуг Монголын хөдөлмөрийн намын нэг гишүүн нийлээд энэ бүх үйл ажиллагаанд Хуул зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж буруутай гэж огцруулах шаардлага тавьсан. Та тэдэнтэй санал нэг байгаа юу?


-Энэ үйл ажиллагаанд Ц.Нямдорж буруутай гэж би хэлэхгүй. Гэхдээ Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын муу­далцсаны үр дүн нь ингэж илэрч  байж болох юм. Тэдний муудалцсаны үр дүнд нэг нь баривчлагдаж, нэг нь огцрохдоо тулаад байна шүү дээ.

-Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огц­руулахаар санаа нэгдээд байгаа Ардын намын гишүүд Н.Энх­баярын захиалгаар ажиллаж байна гэж ойлгож болох нь ээ?

-Тэдний цаана Н.Энхбаяр байгаа. Нөгөөтэйгүүр, эдгээр гишүүд чинь одоогийн Ардын намын удирд­лагуудтайгаа нэр дэвших тойргоос болж маргаан үүсгэсэн гэдэг ашиг со­нирхлоос болж л нэгдэж байгаа шүү дээ. Түүнээс биш Н.Энхбаярт болон МАХН-д  хайртайдаа нэгдээд байгаа юм биш. Тэдэнд болохгүй бол МАХН руу явна гэсэн нэг сонголт байсан. Гэтэл МАХН-ых нь “толгой”-г ав­лигын хэргээр барьчихаад байдаг. Тэгэ­хээр тэд чинь уурлахгүй яах юм.

-Ардчилсан намынхан “”УИХ-ын сонгуулийн тухай хуулийн гул­сах заалт Үндсэн хуулийн Цэц дээр унасан нь Ардын намын за­хиалга” гээд байгаа. Ардын намын гишүүдийн маргаан УИХ-ын сон­гуулийн тухай хуулиас үүдэлтэй гэж ойлгож болох уу?

-Анхнаасаа хуулийн энэ заалтыг Ардын намынхан эсэргүүцэж байсан. Харин оны өмнөхөн төсөв батлах үеэр манай намынхан төсөв батлахад оролцохгүй гэсэн учир Ардын намынхан буруу харж уйлж, зөв харж инээж байж энэ заалтыг зөвшөөрсөн. Гэтэл тойргын тоо багас­чихаар Ар­дын намын олон гишүүн тойроггүй болчихоод байсан юм. Тойроггүй болсон хүмүүс намынхаа нэрээр УИХ-д орж ирэх бодолтой болчихсон байгаа юм. Тиймээс энэ гулсах заалтыг хүчингүй болгох шийдвэрийг Ардын намынхан намаа аварч үлдэхийн тулд Үндсэн хуулийн Цэцэд захиалсан гэж хэлж болно.

-Үндсэн хуулийн Цэцийн шийд­вэрийг УИХ хүлээж авахгүй болж таарсан ч Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар уг асууд­лыг дахин унагаана гэж олон хүн ярьж байгаа. Тэгэхээр Ардын на­мын хүссэнээр болох юм биш үү?

-Үндсэн хуулийн Цэц их сууд­лын хуралдаанаараа асуудлыг ший­дэх нь эцсийн шийдвэр учир хэн ч эсэргүүцэхгүй. Үндсэн хуулийн Цэ­цийнхэн захиалагчийнхаа шийд­вэрээр явбал энэ заалт унах нь то­дорхой. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан бол олонхиороо шийднэ. Дунд сууд­лын хуралдаан бол цөөн хүний бүрэл­дэхүүнтэй. Тиймээс би олонхиороо шийдэхэд өөр шийдвэр гарах болов уу гэж харж байгаа. Үндсэн хуулийн Цэцэд улс төрийн захиалгаар ажил­ла­даггүй хүн байгаа гэдэгт би итгэдэг.

-Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар санал хураахад та ямар санал өгөх вэ?

-Би огцруулах санал өгнө. Учир нь Ц.Нямдорж худлаа яриад байгааг хүн бүр мэдэж байна шүү дээ. Тухайн үед ямар баривчилгаа болсныг би мэдээгүй. Унтаж байсан гээд байгаа шүү дээ. Монгол Улс даяар тухайн үед болсон үйл явдлыг харсан. Гэтэл Ц.Нямдорж сайд хоёрын хооронд худлаа яриад байна  шүү дээ. Тэгэхэр огцрох ёстой.
"Улс төрийн тойм" сонин
2012/04/20

No comments:

Post a Comment