Thursday 19 April 2012

Г.Батхүү:Бид нам төвтэй биш иргэн төвтэй нийгэм рүү явах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

"Ардчилсан Үндсэн хууль-20" эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж, хууль зүйн салбарын аваргууд, эрдэмтэн мэргэд чууллаа. Сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хурцаар хөндөгдөж байгаа. Зарим нь 1992 оны ардчилсан Үндсэн хууль хэт товч, тодорхой бус заалт ихтэй болсон учраас бүх асуудлыг тодорхой шийдэж чадахгүй гэж үзсэн. Зарим нь эх хуульдаа гар хүрэх нь тийм ч оновчтой бус гэж үзээд зогсохгүй Үндсэн хуульд оруулсан 2000 оны өөрчлөлтийг эрс буруутгаж байгаа хүн ч байгаа билээ. Шинэ он гараад арав хонож байхад л ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиолдуулан хэд хэдэн арга хэмжээ боллоо. Үүний нэг нь өчигдөр Төрийн ордонд болсон "Ардчилсан Үндсэн хууль-20" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал юм. Энэхүү хурлын гол зорилгыг хурлын удирдагч Г.Батхүү тодорхойлохдоо "Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны ач холбогдлыг олон нийтэд хүргэх, Үндсэн хуулийн дархлааг хангахад юуг анхаарах ёстой, Үндсэн хуулийн үзэл баримтлал, судалгааны шинэ чиг хандлагуудыг эрдэмтэн мэргэдтэйгээ хамтран ярилцах явдал" гэж тодорхойлсон юм.

Хуралд дөрвөн илтгэгч илтгэл тавьснаас Үндсэн хуулийг анх батлалцсан хоёр илтгэгч, энэ чиглэлээр судалгааны шинэ хандлагын талаар ярилцахаар хоёр залуу судлаач оролцов. Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид "Шинэ ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний бүтээл мөн" сэдвээр илтгэлийн салхийг хагаллаа. Түүний илтгэлийг хэт улстөржсөн хэмээн шүүмжлэх хүн олон байсныг эс тооцвол шулуун шударга, толгойд нэгийг бодогдуулах илтгэл байлаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Ч.Өнөрбаяр "Үндсэн хуульт ёсны хөгжил, чиг хандлага" сэдвээр илтгэл тавьсныг ардчилсан Үндсэн хууль батлалцсан ахмад депутатууд их л анхааралтай сонсож, их ч олон янзаар шүүмжилсэн. МУИС-ийн Хууль зүйн их сургуулийн багш, докторант Л.Өлзийсайхан "Үндсэн хуулийг дээдлэх ёс ба түүний дархлааг тогтоох нь" сэдвээр мөн Удирдлагын академийн Захиргааны сургуулийн захирал доктор, профессор Ч.Энхбаатар "Монгол улсын ерөнхийлөгчийн эрх зүйн байдал: Үндсэн хуулийн зохицуулалт ба өнөөгийн практик" сэдвээр илтгэл тавьж хуралд оролцогсдын дунд өргөн хэлэлцүүлэг явуулж чадсан. Дашрамд дурдахад, хуралд тавигдсан илтгэл, хурлын үйл ажиллагааны тэмдэглэлийг эмхэтгэл болгон олон нийтэд хүргэхээр болсон нь сайхан мэдээ байлаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Үндсэн хуулийн талаар судалдаг эрдэмтэн судлаачид төдийгүй, тухайн үёд Үндсэн хуулийг өлгийдөн авсан АИХ-ын депутатуудын өргөн төлөөллийг оролцуулж, тэдний санаа бодлыг сонссоноороо урьд өмнөх хурлуудаас онцлогтой болж өнгөрсөн гэж дүгнэж байна. Энэ үеэр "Ардчилсан Үндсэн хууль-20" эрдэм шинжилгээний хурлыг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс уг хурлын ач холбогдол, хэлэлцүүлсэн гол асуудлуудын талаар тодрууллаа.

-Өнөөдрийн хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэв. Энэхүү хурлын ач холбогдлын талаар юу гэж бодож байна?

-Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал нь цаг үеэ олсон чухал асуудлыг хөндсөн гэж бодож байна. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нэлээд олон гишүүн хөндөж байгаа. Энэ цаг үед ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан депутатууд болон үе үеийн УИХ-ын гишүүд оролцсон. Мөн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг мэргэжлийн судлаачдыг оролцуулснаараа онцлогтой. Цаашдаа Монгол Улсын Үндсэн хуулийн дархлаа ямар байх ёстой, нэмэлт өөрчлөлт, шинэчлэлүүд ямар хүрээнд хийгдэж ёстой, шинээр батлагдсан органик хуулиуд эх хуультайгаа хэрхэн зохицох ёстой гэдэг талаар өргөн хүрээний санал бодол солилцож, хэлэлцүүлэг явууллаа. 2000 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ардчилсан Үндсэн хууль батлалцаж явсан депутатууд ихээхэн шүүмжилж байна.

-Үндсэн хууль дархлаа муутай байна гэх шүүмжлэл их байна. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байна?

-Энэ жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэгийн тухай хууль баталсан. Энэ нь Үндсэн хуулийг дархлаажуулсан, хувирч болзошгүй, чухал амин заалтуудыг өөрчлөх боломжийг хаасан. Энэхүү шийдвэрийг төгөлдөржүүлэх, чанд сахих асуудлыг мөн хөндөж тавилаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү?

-Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахгүйгээр органик хуулиудаар зохицуулах ёстой гэж бодож байна. Үнэхээр нийгэм, эдийн засгийн байдлаас үүдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар бол дархлаажуулснаас бусад заалтад өөрчлөлт оруулдаг. Гэхдээ бас учиртай. Нийт гишүүний 75 хувиар, ард түмний асуулгаар гэх мэт нэлээд өндөр босго тогтоож өгсөн шүү дээ.

-Нам төвтэй төр болж байна гэх шүүмжлэлтэй санал нэгдэж байна уу?

-Энэ шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Сүүлийн үед намууд УИХ-д бүлэг байгуулж, түүгээрээ дамжуулан ямар хуулийг хэрхэн батлахаа шийддэг болоод байна. Нам гэдэг бол бүх ард түмний төлөөлөл биш юм. Бид нам төвтэй биш иргэн төвтэй нийгэм рүү явуулах хэрэгтэй.

Нийтлэлч
Б.Бат-Эрдэнэ
Эх сурвалж
Монголын үнэн сонин

2012 оны 1-р сарын 11, Лхагва гариг

No comments:

Post a Comment