Sunday 22 April 2012

Д.Очирбат: Хямралыг сөрж давах ёстой


Энэ удаагийнхаа зочноор УИХ-ын гишүүн Д.Очирбатыг урилаа.
-Төрийн түшээ хүний хувьд эх орныхоо хөгжилд хэр сэтгэл ханамжтай явдаг вэ?
-Миний хувьд анхан шатны нэгжид бүтээн байгуулагч байлаа. Тодруулбал, хотын өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явсан. Энэ утгаараа иргэн хүний хувьд эх орныхоо хөгжилд сэтгэл хангалуун явдаг. Тэгээд ч өдрөөс өдөрт өндөр сайхан барилга сүндэрлэж байна шүү дээ. Анх хотын дэд бүтцийг төлөвлөхдөө ийм байна гэж тооцоолоогүй. Тэгэхэд өнөөдөр танигдахын аргагүй сайхан хот боллоо.
-Манай улс аль салбартаа илүү анхаарвал дэлхийн жишигт хүрэх вэ?
-Би боддог юм. Аливаа улс хурдацтай хөгжихийн тулд хийж чаддаг бүтээгдэхүүнээ дэлхийд брэнд болгох ёстой. Харин манай улсын хувьд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээрээ дагнах учиртай. Соц нийгмийн үед махан бүтээгдэхүүнээ хойт хөрш рүү гаргадаг байсан. Одоо ч энэ харилцаа сэргэх төлөвтэй байгаа.
Түүгээр ч зогсохгүй манай улс өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох анхны шатаа гишгэчихсэн байгаа гэж бодож байна. Өнгөрсөн онд Говь-Алтай, Баянхонгор аймгийн ямааны ноолуур дэлхийн түвшинд микро үзүүлэлттэй гарсан. Мөн манай улсын малын тоо толгой 42.5 саяд хүрсэн. Үүнээс жилд долоон саяыг нь л хэрэглэдэг гээд бодохоор бас л нааштай сонсогдож байгаа биз. Одоо УИХ мал руугаа чиглэсэн бодлого боловсруулж чадвал Монголын гэсэн тодотголтой зах зээлийг дэлхийд цогцлоох боломж байна гэсэн үг. Бас нэг бахархууштай нь манай барилгын салбарын 98 хувь нь монгол эзэнтэй байна. Энэ судалгааг үзээд өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрсөн.

Бид Эзэн Чингисээр овоглосон азтай улс. Тиймээс дэлхийд хамгийн өндөр хөгжилтэй улс орон болон хөгжих учиртай юм болов уу. Тэгээд ч дэлхийд манайх шиг газрын баялаг арвинтай улс байхгүй. Тэр утгаараа Засгийн газар өвөг дээдсийн амь шингэсэн газрын баялагаа зах зээлийн “шуурга”-нд хөөгдөж, гоомоо юм хийчих вий дээ гэж бодож байгаагаа нуухгүй. Хэрвээ энэ асуудал сөргөөр эргэвэл ёстой л урд үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь тань руу их буугаар буудна гэдэг л болно.
-Хоёр толгойн гэрээний асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Хямралтай байгаа ийм цаг үед хоёр толгойгоо ашиглах нь зөв. Гэхдээ нухацтай хандах ёстой гэдгийг хэн хүнгүй л хэлж байна. Тэгэхээр гэрээний асуудал уян хатан байх учиртай.
Сайны хажуугаар саар гэгчээр өнөөдөр нэг юм сонслоо. Юу гэвэл Япон улс манайхаас нүүрс олборлож Хятадаар дамжуулан далай доогуур нөөцөлж байна гэнэ. Магадгүй энэ улс ямарч газрын баялаггүй учраас зах зээлийн хямралыг далимдуулан хямд үнээр 50-70 жилийн дараах нөөцөө бэлдэж байна гэсэн үг шүү дээ.
-Та “Гэрээний асуудал уян хатан байх ёстой” гэж хэллээ. Тодруулбал,…?
-Хоёр толгойн ашигт малтмалыг өм цөм дуусгах ёсгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоёр тал гэрээ хийгээд ажиллах явцдаа хэлэлцээгээ цуцлаж болно гэдэг ч юм уу уян хатан л байх ёстой. Эцэст нь хэлэхэд, Засгийн газар хэтэвчиндээ байгаа мөнгөө эргэлдүүлж чадахгүй үхмэл хөрөнгө болгон ард түмнээ өлсгөөд байлтай биш хоёр толгойдоо гар дүрэх нь зөв л гэж хэлмээр байна.    
-Манай улсын хөгжлийн “уяа чөдөр” юу вэ?
-Мэдээж манай улсын хөгжлийн “түлхүүр” уул уурхайн салбартаа байдаг. Харин хөгжлийн “уяа чөдөр” нь энэ салбарыг хөгжүүлэх боловсрол дутмаг бай¬гаагаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, гадна дотны хөрөнгө оруулагчдын туршлагын талаар мэдэхгүй байна. Энэ талын боловсон хүчинг төр засаг бод¬логотойгоор гадагш нь явуулж сургаагүй. Мөн уул уурхайн нарийн мэргэжлийн цөөхөн мэргэжилтэн л байна. Тэгээд ч сүүлийн хэдэн жил л уул уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв гэж ярьж байна шүү дээ. Түүнчлэн өмнө нь бид газрын баялагаа нинжа маягаар ашигладаг байсан. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоо гэх мэт бүх уурхай түүхийгээр нь гадагш зөөдөг байсан нь үнэн биз дээ.
-Аливаа улсын хөгжлийн үндэс брэнд болсон үйлдвэртээ байдаг. Манай орны хувьд үйлдвэржилт гэж ярьдаг боловч үнэн чанартаа дэлхийд танигдсан ганц ч үйлдвэр алга. Шалтгаан нь юу вэ?
-Гадны орнуудаар явж байхад бидний төсөөлдөг шиг үйлдвэрийн районтой улс байхгүй. Харин жижиг, дунд үйлдвэрийг нэгтгэн хооронд нь уялдаа холбоотой ажиллуулдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд нь нэгдэн ажиллаж байгаад үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн үг. Тухайлбал, тухайн улс машин үйлдвэрлэдэг гэж бодоход нэг үйлдвэр нь эрэг шурга хийж, нөгөөх нь дугуй бүтээдэг ч юм уу гэх мэт. Иймэрхүү маягаар эхний ээлжинд ажиллаж сурах хэрэгтэй юм болов уу. Гэхдээ манай улсын хувьд дэвшилт гарч байгаа. Жишээ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малчин, тариа¬ланчдад туслах зорилгоор хөтөлбөр боловсруулж байгаа юм билээ.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдийн засгийн хямралыг давах арга хэмжээний төсөл, төлөвлөгөөнд ямар байр суурьтай байна вэ?
-Төр засгаас “Бүсээ чангалж хямралаас гарна” гэсэн уриа хэлж байгаа боловч үнэн чанартаа иргэд бултаараа хэтэвчтэй мөнгөө хэмнээд эхэлбэл банкин дахь мөнгөний эргэлт зарцах байх шүү. Тиймээс хямралыг давж сөрж гарах учиртай.
-Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байгаа талаар бизнесийнхэн хэлж байна. Та хамгийн сүүлд хэзээ хүнсний дэлгүүр орсон бэ?
-Амралтын өдрөөр зуслан явахдаа замаараа хүнсний дэлгүүр орсон. Өмнөх сарыг бодвол хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна лээ.  
-Төрийн түшээ хүний хувьд эх орныхоо хөгжилд нэмэрлэх үйлс болоод үгээ хэлнэ үү?
-Би олон их, дээд сургууль төгссөн хүн биш. Худлаа амлаад яах вэ. Харин мэргэжлийнхээ дагуу хэд хэдэн ажил төлөвлөөд байгаа. Тодруулбал, ир¬гэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай, ямар нэгэн дарамтгүйгээр шууд хүрдэг болгохыг зорьж байна. Одоо хэрэгжиж байгаа эрүүл мэндийн тогтолцоо цаашид эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэнэ гэхэд болмооргүй санагддаг. Үүнийг өөрчлөхийн төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог.
Манай улс жилд 2000-3000 эмч бэлтгэдэг боловч нөгөөдүүл нь амьдрал дээр гараад захын наймаачин болж хувирдаг. Эсвэл барилгын комбанид аж ахуйн дарга болох жишээтэй. Надтай эрүүл мэндийн салбарт сурч, ажиллаж байсан хүний их эмч нарын дийлэнх нь ийм жишгээр амьдарч байна. Тиймээс манай улс эрүүл мэндийн тогтолцоондоо яах аргагүй шинэчлэл хийх цаг нь болсон.
-Та төрийн албанд олон жил зүтгэсний хувьд энэ салбарт ямар нэгэн шинэчлэл хийх хэрэгтэй гэж үздэг үү?
-Би төр, захиргааны байгууллагад 10 жил ажиллалаа. Тодруулбал, цэргээс нь дарга болтлоо ажилласан. Иргэдээс төр захиргааны байгууллагад хяналт тавих, захиргаа болон орон нутгийн байгууллагын тогтолцоо, уялдааг өөрчлөхийн төлөө ажиллана гэдгээ амлаад түүнийгээ биелүүлэхийн төлөө УИХ-д суугаа хүн шүү дээ.
2009 оны 2-р сарын 18, Лхагва гариг
  Нийгмийн толь

No comments:

Post a Comment