Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Хөнгөлөлт эдлэх учиртай бүх хүнийг хамруулахыг зорьсон

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төв зам хааж, өөрсдийгөө холбож гинжлээд мөлхөө жагсаал хийж байсныг уншигчид санаж буй биз ээ. Эл жагсаалыг хийх болсон шалтгаан нь Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас үүдэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, цагдаагийн ажилтнууд нийтийн тээврийн хэрэгслээр мөнгөө төлж зорчих, харин үүнд зарцуулах нөхөн олговрыг урьдчилаад бэлнээр авч байхаар уг хуульд тусгасан юм. Түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан гурван хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Манай улсад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 205.5 мянган хүн нийтийн тээврээр хөнгөлөлтэй зорчдог юм байна.

Эдгээр хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Гэвч АН-ын гишүүд хуралд оролцоогүй тул ирц бүрдсэнгүй. АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ талаар Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг санаачилсан УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс лавлалаа.

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд АН-ын гишүүд яагаад суусангүй вэ?

-Намын бүлгийн хуралдаан 11.00 цагт эхлэх байсан ч талийгаач С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслол давхацсан. Үүний дараа хуралдсаар байгаад амжсангүй.

-Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй байгаа учраас суугаагүй юм биш үү?

-Авто тээврийн тухай хууль батлагдчихсан. Түүнийг дагаж гарах Цагдаагийн байгууллагын ажилтны, Тахир дутуу иргэдэд авах арга хэмжээний тухай зэрэг гурван хуулийн зарим заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан юм. Хөдөө орон нутагт амьдардаг ахмад, хөгжлийн бэрхшээлтэй олон иргэн нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрхээ эдэлж чадахгүй байгаа.
Тиймээс энэ тэгш бус байдлыг халж, тэдэнд бүгдэд нь нийтийн тээврээр зорчих нөхөн олговрын мөнгийг олгодог болгохоор дээрх хуулиудад тусгасан юм. Тухайн хүн уг мөнгөөр автобусанд суух, амьдралдаа нэмэр болгохоо өөрөө шийднэ. Энэ чинь дэлхийн жишиг. Нөгөө талаар үнэгүй зорчдог үнэмлэхийг хуурамчаар үйлдэх хэрэг их гардаг. Ингэснээр нийтийн тээврээр үнэгүй зорчих учиртай хүний тоо бараг хоёр дахин нэмэгдэж автобусны компаниудад хүндрэл учруулдаг.

-Нэг хүнд унааны зардалд нь зориулж хэдэн төгрөг төсөвлөсөн юм бол?

-Үүнийг УИХ биш Засгийн газар, орон нутгийн байгууллагууд төсөвтөө тусгаж шийдвэрлэнэ. Одоо хөнгөлөлт эдэлдэг хүмүүст хүндрэл учруулахгүйгээр шийдье л гэсэн юм.

-Энэ хуулиас болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.

-Тэд энэ хуулийн агуулгыг бүрэн ойлгоогүй. Хөнгөлөлтийг нь үгүй болгочихлоо гэж бодсон. Гэтэл хөдөө орон нутагт байгаа хөнгөлөлт эдлэх учиртай хүмүүсийг бүгдийг нь оролцуулж хүрээг нь өргөтгөх гэсэн л юм шүү дээ. Хөдөө байгаа тахир дутуу хүмүүс, ахмадууд ч гэсэн хөнгөлөлт эдлэх учиртай. Нийтийн тээврээр зорчих мөнгийг нь урьдчилаад гар дээр нь олгох тухай асуудал байгаа юм.

-Тэр мөнгө нь хүрэлцэхгүй гэсэн шүүмжлэл бас гарсан шүү дээ?

-Манайхан чинь үнэгүй явдаг гээд л ээж, аав, эмээ өвөөгөө зараад байдаг. Хүн бүрт хүргэх их мөнгө олгох боломжгүй. Хуулийн зарчим маш зөв. Өнөөдөр энэ асуудлыг орон нутгийн сонгуулийн өмнө улс төр болгон ашиглаж байна. Хэн нэг хүн хохирох ёсгүй, зөв хуулийг зөв хэрэгжүүлэх л хэрэгтэй. Хууль санаачилсан гишүүд үүний агуулгыг тайлбарлаад байгаа ч сурталчилгаа дутаж байна. Зах зээлийн нийгэмд “Би оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн учраас талхыг тал үнээр нь худалдаж авна” гэдэггүй биз дээ. Нийтийн тээврийн байгууллага ч бас үүнтэй адилхан.

2008 оны 10-р сарын 03, Баасан гариг, Өдрийн сонин

No comments:

Post a Comment