Saturday 21 April 2012

Д. Очирбат: Харин ч МАХН хамгийн ардчилалтай нам


Өнөөдрийн зочноороо УИХ-ын шинэхэн гишүүнД. Очирбатыг урьсан билээ. Нийслэлийн хоймор дүүрэг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан түүнийг орон нутгийн засаг захиргааны ажлыг сайтар мэддэг, төрийн чадварлаг боловсон хүчин гэдгээр нь хүмүүс танина. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Тангаргаа өргөж, албан ёсоор УИХ-ын гишүүнийхээ үнэмлэхийг гардаж авсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Танай сонинд УИХ-ын гишүүн болсныхоо дараа хамгийн анхны ярилцлагыг өгч байгаадаа баяртай байна.
-Хэсэг хугацаанд УИХ гацаанд байлаа. Тэр үеийг бодвол өнөөдөр улстөрийн байдалд жаахан ч гэсэн ахиц гарлаа шүү дээ?
-АН-ыг төлөөлж сонгогдсон гишүүд хурал хаяж, нэлээд хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг хойшлууллаа. Үүнээс болж өвлийн бэлтгэл ажлаас авахуулаад хамаг ажил ард хаягдсан учраас сонгогдсон иргэдийнхээ итгэл найдварыг хүлээсэн гишүүд маань энэ үүрэг, хариуцлагаа ухамсарлаад орж ирж тангарангаа өргөсөн гэж ойлгож байна. Нэгдүгээрт сонгогчдынхоо итгэлийг хүндэлсэн учраас, хоёрдугаарт УИХ-ын гишүүнийхээ үүрэг, хариуцлагыг ухамсарласан болохоор АН-ын нөхдүүд тангаргаа өргөж, чуулганыг хэвийн ажиллах боломжтой болголоо.
-СЕХ-г   ажлаа  хийж чадаагүй гэдэг шалтгаанаар АН-ынхан УИХ-ыг бойкотлосон гээд байгаа. Энэ удаагийн сонгууль үнэхээр будлиантай, луй-вартай болсон эсэхэд адилхан УИХ-д өрсөлдөж явсан гишүүний хувьд юу хэлмээр байна?
-Ер нь сонгууль бол будлиангүй болохгүй юм л даа. Аль аль шатандаа будлиантай, аль аль шатандаа сонгуулийн луйвар, булхай гарсан. Бас өнөөдөр яг СЕХ ажлаа хийхгүй байна уу гэвэл үгүй. Тэд ажлаа хийсэн. Энэ том нүсэр сонгуулийг зохион байгуулж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахын төлөө боломжийн хэрээр ажилласан. Ажлаа хийхгүй байна гэх үнэлэлт, дүгнэлтийг зөвхөн ганц, хоёр тойргийн хорооны үйл ажиллагааны алдаанаас болоод өгч болохгүй. Ер нь бол би хувьдаа 2008 оны УИХ-ын сонгуулийг СЕХ боломжийн хэмжээнд зохион байгуулсан гэж бодож байгаа.

УИХ-ын 76 гишүүнийг сонгох 26 томсгосон тойрог дээр сонгуулийг будлиантуулах янз, янзын л зүйл гарсан байж таараа. Гэвч СЕХ, тойргийн хорооны бүтэц бүрэлдэхүүн олон намын системтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан. Хэсгийн хорооны бүтэц бүрэлдэхүүн гэхэд л мөн олон намын системтэй байсан шүү дээ. Аль нэгэн нам нь давуу эрх мэдэлтэй байгаагүй.. Ийм л сонгуулийн бүтэц бүрэлдэхүүнтэй байсан атлаа сонгуульд ялагдангуутаа СЕХ-ноос л боллоо гэдгээ болих хэрэгтэй. Энэ бол харьцангуй ойлголт. Мэдээж ганц нэг тойрог, ганц нэг хэсгийн хороод дээр зөрчил гарахгүй байна гэж юу байх вэ. Баянгол дүүрэг, Дорнод аймаг гээд зөрчилтэй газрууд байгаа шиг байна лээ. Харин энэ асуудлаас болоод сонгуулийн үйл ажиллагааг нийтэд нь дүгнэж, СЕХ ажиллаж чадахгүй байна, даргыг нь соль гээд байж болохгүй.
-Тэгвэл Чингэлтэй дүүргийн хувьд сонгууль хэр бодьтой явагдсан гэж бодож байна вэ?
-Нэгэнт болоод өнгөрсөн сонгуулийг би бодьтой, бодьгүй гэж дүгнэж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан ард түмэн сонголтоо хийсэн. Энэ бол ард түмний сонголт. Харин будлиан, луйврын тухайд яг хаанаа, хэрхэн луйвар орсон юм гэдгийг тогтоох хэрэгтэй. Тухайлбал саяхан Одончимэд гишүүн, Бурмаа, Ганхуяг нар "Очирбат луйвар хийж гарч ирсэн" гэж хэвлэлээр ярьсан байна лээ. Би юугаараа луйвар хийж гарч ирсэн юм. Намын нэр дэвшигчийнхээ төлөө адилхан өдөр, шөнөгүй хамтдаа явж ирчхээд ингэж ярих хэрэг байсан юм уу. Өглөөний 09 цагаас оройны 22 цаг хүртэл бид хамтдаа л байсан. Сонгуульд ялагдахаараа, эсвэл зорьсон зүйл нь үр дүнгүй болохоороо нам нь, хамтран зүтгэж байсан нөхөд нь эсрэг болчихдог юм уу. Нэг бол хэтэрхий их ялна гэсэн итгэлтэй байж байгаад ялагдчихаар түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй юм уу. Би тийм л байр суурьтай байна.
-Одончимэд гишүүн та хоёр уг нь нэг намаас нэр дэвшсэн шүү дээ. Гэсэн ч энэ удаагийн томсгосон тойргоор явагдсан сонгууль нэг намын нөхдийг ч өрсөлдөгчид болгож хувиргасан нь харамсалтай?
-Томсгосон тойргийн тогтолцоогоор сонгууль явуулах буруу гэдэг нь үүгээр харагдлаа. Хуучин 76 тойрог дээр нэг, нэг хүн нөгөө намын нэр дэвшигчтэй өрсөлддөг зарчимтай байсан бол энэ удаагийн томсгосон тойргоор явагдсан сонгуулиар нэг намын нөхөд хоорондоо өрсөлдөж, бие биенээ харлуулж байх жишээтэй. Энэ нь сая амьдрал дээр бүрэн утгаараа харагдлаа. Тийээс энэ сонгуулийн тогтолцоог дараагийн дөрвөн жилд өөрчлөх ёстой гэж бодож байна.
Одончимэд гишүүний хувьд ахмад настай, туршлагатай парламентч хүн. Би тэр хүний талаар юу хэлэх вэ дээ. Ер нь бол сонгуульд ялагдсан болохоор бухимдалтай л байгаа байх. Гэвч энэ бүх сонголт ард түмний л сонголт. Би Одончимэд гишүүнийг битгий сонго, оронд нь намайг сонго гэж хэлэхгүй нь мэдээж. Манай намын гурван нэр дэвшигч гурвуулаа хамтдаа өглөөнөөс орой хүртэл ажиллаж байсан. Олон жил парламентад сууж, олон жил төрийн хариуцлагатай албыг хашсан, манай намын том лидер хүн болохоор нь би Одончимэд гуайг хүндэлж явдаг.
-МАХН-ыг дотоод ардчилал муутай гэж бусад намынхан дүгнэдэг. Энэ нь ч саяын сонгуулиар нэлээд ажиглагдсан гэж бодож байна. Тухайлбал хоорондоо өрсөлдөгч болж, нэг нэгийгээ ар хударгаар нь өөлж, муулах асуудал МАХН-ын нэр дэвшигчид дунд л ажиглагдаж бай-сан. Тийм их ардчилалтай, нэг нэгнээ хүлээн зөв-шөөрч чаддаг юм бол таныг яагаад УИХ-ын гишүүн болсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ?
-Харьцангуй ардчилалтай байгаа. юм биш үү. Нэг нэгэндээ үг хэлж чадаж байна гэдэг чинь нам дотор ардчилал байгаагийн шинж. Гэхдээ ардчилал гэдэг утгыг заавал нэг нэгнээ муу хэлсэн, нэг нэгэн рүүгээ дайрч давшилснаар тайлбарлаж болохгүй. Ер нь ардчилал гэдэг аль ч нам, аль ч газар байдаг. Хамгийн их ардчилалтай нам хүчин чинь харин ч МАХН болчхоод байна. Хоорондоо чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг, нэр дэвшигчдээ иргэдийнхээ санал хүсэлтээр анхан шатны сонгон шалгаруулалтаар сонгодог гээд авах зүйл МАХН-д олон бий.
-Сонгуулийн үеэр ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байсан. Яг энэ үед таныг Зам тээврийн газрын нэгэн албаны дарга Бат-Эрдэнээс авилга авсан зэргээр муучилж байсан. Үүнд та хариулт өгөх үү?
-Сонгуулийн хар РR гэдэг юм чинь үндэслэлтэй эсвэл үндэслэлгүй байсан ч тухайн үедээ уг мэдээллийг хийлгэсэн хүндээ ашгаа өгдөг шиг байна лээ. Миний хувьд зохих шатны байгууллагуудаас нь шалгаж өгөхийг хүссэн. Тухайлбал намайг Бат-Эрдэнээс 60 сая төгрөг авсан гээд байгаа. Энэ ямар ч их мөнгө вэ дээ. За мөн бүх тендерийн асуудал дээр оролцож, хувь авдаг зэргээр муулчилсан байсан. Надад ерөөсөө тэгээд байх шаард-лага байхгүй. Бат-Эрдэнэ гэдэг хүнийг Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,  НИТХ-ын төлөөлөгч гэдгээр нь л би танина. Түүнээс биш тэр авилга авсан, тендерт оролцдог зэрэг асуудал ор тас гүтгэлэг байсан. Үүнийг иргэд маань ойлгох байх.
-Харин одоо хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та Нийслэлийн хоймор дүүрэг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргаар олон жил ажилласан. Хамгийн их хүн амтай дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээх амаргүй байх нь мэдээж. Гэвч та УИХ-д орж ирж, харин тэд танд итгэл үзүүлсэн байна шүү дээ?
-Би Чингэлтэй дүүрэгтээ их хайртай. Чингэлтэй дүүрэгт ажил амьдралаа зохиож, энэ дүүргийн Засаг даргын тамгын газар анх мэргэжилтнээр ирж байсан. Тоолж үзвэл яг арван жилийн өмнө дүүрэг анхны зохион байгуулагчаар ажилд орж байлаа. Эмч мэргэжилтэй болохоор эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулагчаар ажилласан. Түүнээс хойш Засаг даргын орлогч, Засаг дарга гээд үндсэндээ арван жил энэ дүүрэгтэй ажил амьдралаа холбожээ.
Өчигдөрхөн би орныхоо Засаг даргад ажлаа хүлээлцэж өгөөд, хамт олонтойгоо нэг оройг өнгөрүүлсэн. Хамт олон маань намайг үдэж, үдэлтийнхээ сайхан үгээр улам их ажлын урам хайрлалаа.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн хөгжил дэвшил, баяр гуниг бүхэнтэй би хамт байж ирсэн. Манай дүүрэг намайг ажиллаж байх үед гурван жил дарааллан Нийслэлийн шилдэг дүүргээр шалгарсан. Энэ амжилт маань зөвхөн Очирбат төдийгүй манай хамт олон, ард иргэдээс ихээхэн шалтгаалсан. Дүүргийн маань иргэд төр захиргааныхаа байгууллагыг дэмждэг, хамтарч ажилладаг, дүүргийнхээ ажлын төлөө их санаа тавьдаг юм. Тиймээс би танай сониноор дамжуулаад Чингэлтэй дүүргийн иргэд, тусалж дэмжиж явдаг байгууллага, аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдадаа талархаж явдгаа илэрхийлье.
-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд дүүрэг, аймгуудын Засаг дарга нар ихээхэн өрсөлдсөн боловч гарч ирсэн нь цөөхөн. Харин та УИХ-д гарч ирсэн тэдгээр цөөхөн Засаг дарга нарын нэг нь боллоо?
-Засаг даргын хувьд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд их хүндрэлтэй байдаг гэж хүмүүс ярьдаг. Учир нь Засаг дарга захиргааны албан тушаалтан учраас шийдвэрлэж чадахгүй, хуримтлагдсан асуудал ихтэй, шийдвэрлэсэн асуудал багатай байдаг гэдэг. Энэ ч утгаараа дүүргийн Засаг дарга УИХ-д өрсөлдөхөд хүндрэлтэй байдаг гэх нь бий. Харин одоо энэ асуудал Чингэлтэй дүүрэг дээр харьцангуй эвдэгдсэн гэж бодож байгаа.
Дүүргийнхээ төр захиргааны ажлыг анхан шатнаас нь сайн мэддэг, иргэдийнхээ ажил амьдралыг хэнээс ч дутахгүй мэдэрдэг болохоор дүүргийн Засаг дарга маань УИХ-д сонгогдоосой гэдэг үүднээс бүх иргэд маань хүчин чармайлт гаргаж намайг дэвшүүлсэн байх. Түүнээс би зөвхөн өөрийнхөө эр бяраар гарч ирсэн юм биш.

Ер нь бол төрийн ажил их сайхан шүү дээ. Засаг даргын ажил бол бүр өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгүүлдэг алба. Тухайлбал би дүүргийн Засаг дарга байхдаа утсаа нэг цаг, нэг минут унтрааж чаддаггүй байлаа. Дүүрэг дээр болж байгаа бүхий л үйл явдлыг би мэдэж байх ёстой болохоор утсаа унтрааж чаддаггүй байсан гэх үү дээ. Бүхэл бүтэн 140 мянган иргэдийн ажил, амьдрал надтай холбоотой болохоор арга ч үгүй биз. Хаана аваар осол болъё, хаана өвчин эмгэг гарав, хаана баяр цэнгэл болсон гээд тэр бүх мэдээлэл надад ирдэг, харин тэр бүх газар Засаг дарга би очиж зовлон жаргал, баяр гунигийг нь хуваалцаж явсан.
-Ямартай ч гишүүд та бүхэн ажилдаа орчихлоо. Таны хувьд хамгийн түрүүнд барьж авах гол ажил тань юу вэ?
-Уржигдар УИХ-ын дарга сонгогдсон. Маргааш манай намын бага хурал болох гэж байна. Үүнтэй холбогдуулаад гишүүдийн байнгын хороодын асуудал яригдаж байгаа. Миний хувьд хамгийн түрүүнд нийслэл, дүүрэг дээрээ юм хийхийн тулд хөрөнгө, мөнгө хэрэгтэй болохоор Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд орохоор саналаа өгсөн. Мөн би эмч хүн болохоор эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын асуудалд анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байгаа. Өнөөдөр үнэхээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын цалин хөлс, хангамж тун бага байна. Өрхийн эмч нарыг бүр хэн ч хайхрахаа больсон. Тийм учраас эдгээр эмч нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрандаа ажиллах нөхцөл бололцоог нь ахиулах, төрийн зүгээс эмч нараа анхаарах анхаарал, халамжийг нь дээшлүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллана.
-УИХ-ын даргатай болсон гишүүд маань цаашдаа улам ч сайн ажилласаар байх болов уу. Ер нь ангийнхан тань таны сэтгэлд хүрч байна уу. Үүгээр хоёулаа энэ удаагийн яриагаа өндөрлөе?
-Манай ангийнханд маш олон төрлийн боловсролтой, олон ургальч үзэлтэй хүмүүс нэгдэн орсноос гадна олон намын системтэй УИХ бүрэлдэж чадсан гэж бодож байна. Сөрөг хүчинтэй бол сөрөг хүчинтэй, залуучуудтай бол залуучуудтай, туршлагатай улсуудтай бол туршлагатай улсуудтай яг л төрийн төлөө явах хамт олон бүрдсэн.
2008 оны 9-р сарын 03, Лхагва гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment