Wednesday 18 April 2012

МУ-ын Манлай уяач, УИХ-ын дэд дарга Г.Батхүү: Манай уяачдын ихэнх нь наадам дөхөхөөр торгон дээл өмсчихөөд “Миний морь аль билээ” гээд давхиад ирдэг

Монголын тэргүүн баячуудын цуврал ярилцлага 2

ГАВААГИЙН БАТХҮҮ
1960 онд Өвөрхангай аймгийн Хуцирт суманд төрсөн. 1983 онд Харьковын Инженер эдийн засгийн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн, эдийн засгийн ухааны магистр.
1983-1987 онд АЗЗ-ын засварын бригад, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
1987-1991 онд Тээврийн яаманд ахлах мэргэжилтан
1991-1996 онд “Шунхлай” ХХК-ийн ерөнхий захирал
1996-1999 онд Дэд Бүтцийн Хөгжлийн Яамны Тээврийн газрын дарга
1999-2000 онд МУ-ын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд
2000-2002 онд Инфраструктур Консалтинг ХХК-ийн ерөнхий захирал
2002-2004 онд “АПУ” ХК-ийн Гүйцэтгэх захирал
2004 оноос УИХ, Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын яамны сайд
Орос англи хэлтэй. Эхнэр гурван хүүхэдтэй.
2004 онд түүнийг Менежментийн холбооноос “Оны шилдэг менежер”, Монголын сонины холбооны оны шилдэг, “Олны итгэл хүлээсэн хүн” өргөмжлөл, Монголын PR ассоциациас “Шилдэг 76 улстөрч”-өөр шалгаруулсан.
АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, АЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга.


-Таны төрсөн нутаг ус, бага наснаас яриагаа эхлэх үү? Өвөөгийнхөө гар дээр өссөн гэж сонссон юм банйа. Гаваа гуайн тухай...?

-Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд Шунхлай гэж сайхан хайрханы өвөрт төрсөн хүн. Айлын том хүү. Намайг төрөхөд ээж аав хоёр оюутан байсан болохоор нэг сартайд нь өвөө дээр орхиод явсан юм гэсэн. Үнээний сүү, сахартай усаар л угжиж хүн болгосон гэж ярьдаг юм. Өвөө маань надад гэрчилгээ авах гээд суман дээр очиход бүртгэж байсан хүн нь миний нүүр лүү харж байснаа шууд өвөөгийн маань нэрийг бичээд “Хүүгийн нэр хэн билээ” гэж. Өвөө “Бат. Хүү” гэж хэлтэл “Батхүү” гээд нийлүүлээд биччихсэн. Тэгээд л Гаваагийн Батхүү болсон гэдэг юм. Өвөө маань Өвөрхангай аймгийн Тарагт сумын нэгдлийг дөрвүүлээ нийлж байгуулаад өөрийнхөө таван ханатай гэрийг нэгдлийн контор болгож 40 тугалтай үнээ, 1000 хонь, хэдэн зуун адуугаа өгөөд өөрөө жолооч болж байсан гэдэг юм. Монголтрансын анхны жолооч нарын нэг, 52 жил машин барина гэдэг их ховор тохиолдол юм даа. 72 насандаа бурхан болсон. Би тэр хүнээс амьдарлын их ухаан сурсан даа. Хүний хийдэг бүх ажилд намайг сургасан. Араг үүрээд аргал түүлгэдэг байсан. Би ангийнхнаасаа их ичнэ. Савраараа аргал аваад араг руугаа хийх гээд давуулж шидээд л, өвөө дагуулаад л заана. Ангийнхан маань “матк” тоглоод гүйж явахад би гэртээ нэхий элдээд л. Тэрнээсээ их ичнэ. Өвөө болохоор “Дуу дуулаад элдвэл ядрахгүй, цаг хурдан өнгөрдөг юм” гээд надад дуу заана. Би морь уядаг хүнийг их дагадаг, хардаг байлаа. Наймдугаар ангидаа нэг хүнээс их сайн алаг морь авъя гээд, нойргүй хонодог болсон. Тэгэхэд өвөө 550 төгрөгийн цалинтай, 450-аар нь надад тэр алаг морийг авч өгч байсан юм. Сургуульд явахынхаа урьд жил би морьдоо хулгайд алдчихсан. Тэгтэл 2-р курс төгсөх жил нөгөө хулгайч нь баригдаад Баянхонгорын цагдаагаас надад морьдын маань төлбөрт тэмээний хивсэн тохош энэ тэрхэн ирүүлж билээ.

-Гаваа гуайнх их чинээлэг айл байжээ дээ, 1000 хонь, хэдэн зуун адуу нийгэмчиллээ гэхээр...?

-Миний ээжийн аав юм. Манай өвөг эцгийн амьдарлын түүх их сонин л доо. Эхээс гурвуулаа. Өвөөг багад аавыг нь хошуу ноён хугацаагүй цэргийн албанд явуулаад, эргэж ирээгүй. Мал хөрөнгөтэй, чинээлэгдүү айл байсан юм гэнэ лээ. Өвөөг 6 настай байхад ээж нь Арвайн хүрээнд шавилуулж. Ном ч их сайн сурсан, их дүрсгүй хүүхэд байсан гэдэг. Хоёр жилийн дараа лам багш ээжид нь хадагтай ирж өвөөг өгөөд “Танай хүү ном их сайн сурлаа. Гэхдээ өнөөдөр танай хүүг Арвайн хүрээнд багтааж хадгалж байх боломж надад алга” гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэгээд байж байтал “улаа залгуул” гэж хошуу ноёноос элч ирсэн юм гэсэн. Ээж нь “Хүн хүч муутай, бид чадахгүй ” гэж хэлж. Хэдэн өдрийн дараа хүмүүс ирж бүх малыг нь туугаад аваад явчихсан. Хоёр нохой, айлын үхэр дотор явсан нэг бух л үлдсэн гэдэг. Ээж нь малаа өгөхгүй гээд урдуур хойгуур нь гүйхээр шилбүүрээр ороолгоод нэг нүдийг нь сохолчихсон. Тэгээд ээж нь манай өвөөд “Миний хүү хүрээ яв. Аавынхаа найз байсан тэр ламаас эм залаад, амьдрал ийм боллоо яахав гэж асуугаад ир ” гэж. Өвөө нөгөө сарлагийнхаа бухыг унаад Арвайн хүрээнд очиход нөгөө лам ээжид нь жаахан тан, нэг ногоон цай өгөөд “Чи энэ цайг 16 ширхэг тэнцүү хөрөөдөөд зах дээр аваачиж нэг ширхэгийг нь нэг охин төлөгөөр өгөөд туугаад харь” гэсэн юм гэнэ лээ. Өвөг эцэг маань яг хэлснээр нь хийж 16 төлөгөө туугаад, нөгөө хөрөөдсөн цайныхаа үртсийг бүсэндээ боогоод, ээждээ аваачиж өгсөн гэдэг. Очиход том ах нь шилийн сайн эр болоод гараад явчихсан байж. Нөгөө хөрөнгө мөнгийг нь хураасан хошууны ноёдтой үздэг, хил алгасан мал тууж говь руу аваачиж зардаг, говиоё мал авчирч нутгийнхандаа тараадаг. Тэрийгээ харин ээж дүү хоёртоо өгөхөөр баригдчих гээд үүрээр хааяа орж ирж аяга цай хоол идээд л явдаг байсан гэдэг юм. Хөтөлгөө саарал морьтой, тэрэндээ хүнс гал тогоогоо ачаад сул тавьчихад салахгүй дагадаг, ноёдын малыг хөөгөөд гарахад саарал морь нь морьтой хүн шиг туудаг байсан гэж байгаа юм. Тэгж яваад хүний нутагт нас барсан. Өвөг эцэг маань ч хүрээний томчуудтай нэлээн шөргөөцөлддөг, өширхдөг байсан болохоор ээж нь нэг өдөр “Миний хүү, хүний ултай газар явж амьдар даа. Амьд байвал таван жилийн дараа ээждээ нэг ирээрэй” гээд жинчин дагуулаад хот руу явуулсан гэсэн. 60 лангийн ембүү өвөрт нь хийж өгөөд мээмээрээ даллаад шөнөөр үдэж байсан гэдэг юм.

-Та чинь инженер, эдийн засагч мэргэжилтэй бил үү?

-Автын инженер-эдийн засагч. Өвөрхангайн арван жилийг алтан медальтай төгсч өвөөгөөрөө модон хайрцаг хийлгэж гадуур нь даавуугаар ууталж аваад л хотод, тээврийн яаман дээр ирж байлаа. Харьковын Инженер-эдийн засгийн дээд сургуулийн хуваарь аваад нөгөө л монгол цоожтой модон хайрцагтайгаа гарч байлаа. Сургуулиа төгсч ирээд Авто Засварын Заводад засварчнаас эхлээд үйлдвэр, төлөвлөгөөний хэлтсийн дарга хүртэл явсан даа. Анх төгсч ирээд Тээврийн яаман дээр очтол миний томилолтон дээр “АЗЗ” гээд биччихээр томилолт өгсөн хүнээсээ асууж чадахгүй айгаад жижүүр өвгөнөөс “Ах аа, АЗЗ гэж ямар аймаг байдаг юм бэ” гэж асуугаад л зогсч байлаа шүү дээ. Аль аймагт хуваарилах бол доо л гэж бодож байснаас хотод үлдэнэ чинээ санаагүй байхгүй юу. Нэг өдөр ажлаа хийж байтал “Тээврийн яамны коллегийн хурлаар оруулна” гэж дуудаж байна. Тэр үед коллегийн хурлаар орсон хүн ажлаасаа хөөгдөх юмуу, арга хэмжээ авагдаж л дуусдаг байлаа. Шөнийн 12 цаг хүртэл сууж байгаад орлоо. Их сонин тогтолцоотой байсан үе шүү дээ, үүдэнд нь нусны алчуур, гутлын алчуур шалгаад л. Тэгээд орсон “Чамайг Яамны тамгын хэлтэст боловсон хүчин хариуцсан мэргэжилтнээр авна” гэсэн. Манайх жилдээ 270-280 хүн сургуульд явуулдаг, 300-аад хүүхэд ТМС төгсдөг, тэр бүгдийг би томилдог, хуваарилдаг байлаа. Би тэнд 4 жил ажиллаад сүүлд бүтцийн өөрчлөлтөөр тээврийн яам хоёр салахад би авто тээврийн нэгдэлд нь гадаад харилцааны мэргэжилтнээр очсон. 1991-1992 он гэдэг чинь зах зээлийн ид ороо бусгаа байсан үе.

-Тэгээд бизнест яаж орсон юм бэ?

-Би дороо гурван дүүтэй. Миний хоёр дахь дүү, одоо “Шунхлай”-н захирал Батсайхан Чехид сургууль төгссөн, хойшоо урагшаа ганзагын наймаанд явдаг байлаа. Хятадаас бараа авчирна, хойшоо хил давуулж Оросуудад зарна. Хятадын бараа тэр үедээ шинэ, үнэтэй байсан үе. Манай одоо томорчихоод байгаа ихэнх бизнесмэн энэ замаар л хөл дээрээ боссон шүү дээ, одоо зарим нь ярихаасаа ичдэг шиг байгаа юм. Би бол ичдэггүй. Нэг удаа Батсайханыг нисэхийн вокзал дээр гаргаж өгөх гээд зогсож байтал “Би паспортоо мартчихаж та яв” гэсэн байхгүй юу. Тэгээд л вокзал дээрээс ажил руугаа утасдаж 3 хоногийн чөлөө авчихаад 1000 ногоон кармаалаад, Батсайханы хэдэн найз нарыг дагаад гарсан даа. Баахан өмд гутал, хувцас хунар авчираад Орос руу явсан. Энэ маягаар жил гаран явсан. Хамгийн бага дүүтэйгээ, Батсайхантай гурвуулаа явна. Сүүлдээ бизнесийг арай өөрөөр, арай соёлтой хийх ёстой юм байна гэж бодсон. Надад хамгийн ойрхон нь мэргэжлээ түшиж хийх явдал байлаа. Тэгээд л “Шунхлай” компанийг байгуулсан даа. 100-200 мянган төгрөгтэй байхад л компани байгуулчихдаг байсан үе. Төв колонкийн авто сургууль дээр хоёр граж түрээслээд, Орос, Чехээс мэргэжилтэн авчирсан. Түүхий эдээ ч тэндээс зөөсөн. Машиныг яаж засдаг юм гэдгийг харуулах л зорилго тавьсан. Машин засвар үйлчилгээ талдаа бараг анхных гэж хэлж болно. Манайхаас өмнө “Жангар” гэж компани байсан нь удалгүй алга болсон. Би өөрөө гардаад, залуучууд авчраад засварыг бол ер нь сургасан даа. Очер тасрана гэж байхгүй, өдөр шөнөгүй ажиллаж байсан. Арваадхан ажилчинтай. “Шунхлай”-гийн ажил гайгүй болоод бас хажуугаар нь наймаа худалдаа хийж, машин тэрэг оруулж ирээд байж байтал 1996 онд эвслийнхэн засгийн эрхэнд гарч ирсэн. Өвөл нь Дэд бүтцийн сайд Нямдаваа дуудлаа. Хуучин тээврийн яаманд хамт ажиллаж байсан найз нөхдүүд л дээ. Тэглээ гээд төрийн сайд дуудаж байхад очилгүй л яахав. Нямдаваа намайг ортол шууд л “Зам тээврийн газрын даргаар томилсугай” гээд тушаал гаргачихсан. Яах ч аргагүй болсон л доо. Тэгээд Батсайхан руу утасдаад “Ах нь ажил авчихлаа. Чи одоо “Шунхлай”-гаа авч яв” гэсэн чинь Батсайхан ч гайхаад “Та яагаад байгаа юм, тоглоод байгаа юм уу?” гэнэ. “Юун тоглох, би одоо очиж ажлаа хүлээлгэж өгнө, чи байж бай” гэсэн. Бид хоёрт хүлээлцэх юу байхав дээ, тамга тэмдэг, түлхүүрээ өгөөд л гарч байгаа юм чинь. Ёстой аваад явна уу, хаяад явна уу өөрөө мэд гээд л гарсан даа.

-Одоо “Шунхлай” хэр томорсон бэ? Нефтийн бизнест яаж орсон юм?

-Нефтийн бизнес рүү Батсайхан оруулсан. Одоо Монголд нийлүүлж байгаа шатахууны 10 гаруй хувийг оруулж ирдэг. Хориод компани шатахуун импортолж байгаа ч гэсэн яг өрсөлдөх чадвартай нь 5-6 компани. Хэмжээгээрээ бол “Шунхлай” нэлээд томорсоон. Би 1996 оноос төрийн ажил хийсэн болохоор “Шунхлай”-н ажилд оролцохоо больсон.

-Таныг АПУ-гийн захирлаар очсоны дараа МАХН-ынхан “Харж байна уу, нөгөө АПУ-г чинь бид биш Батхүү л авсан байна шүү дээ, элий халай” гээд байсан. АПУ-гийн хувьчлалд 4 тэрбум төгрөгийн хэд нь “Шунхлай”-гаас гарсан бэ?

-“Шунхлай” бол ердөө л АПУ-гийн нэг хувьцаа эзэмшигч. Тэр эзэмшиж байгаа хувь хэмжээ нь хоёр оронтой тоонд лав хүрэхгүй. Хувьчлал явагдсан эхний үйл явц, хэрүүл маргааны хувьд би оролцоо ч үгүй, хүсээ ч үгүй. Дараа нь ч оролцох сонирхол байгаагүй. Яагаад гэвэл би сүүлийн хоёр жил сургуульд явах гээд төлөвлөчихсөн байсан. АНУ-д суралцах гээд сургуулиасаа урилгаа авчихсан, визээ гаргуулчихсан байлаа. Гэтэл манай гэр бүлийн хүн осолд ороод Бээжинд явж эмчилгээ хийдгэж цаг алдсан л даа. Тэр үед Отгонбаатар намайг “Захирлаар ажиллач” гэдэг санал тавьсан. Өөрөө Гачууртад олон саяын хөрөнгө оруулалт хийчихсэн байсан болохоор бизнесээ өөд татах хэрэгтэй, энд суугаад байж болохгүй байна гэхээр арга буюу энэ ажлыг авсан даа. Гэрийнхэн маань одоо бүгд Америкт амьдарч байгаа, жил болж байна. Жилийн дараа эхнэр маань мастер хамгаална.

-Та Даваахүү гуайн шавь, нэлээд эртнээс морь луу орсон байх. Ер нь яаж эхлэж байв?

-1995 оноос л доо. Хэнтийгээс хэдэн морь аваад Даваахүү ахтай уяанд гарч байсан. Тэр үед морьны үнэ бараг хиллээд зардаг махныхаа үнээс хямдхан байсан үе. Морь уясан хүн аягүй бол боловсролгүй, хоцрогдсон тэнэгтээ орно. Би морь уяж байгаа гэвэл бараг “ямар заваан юм, чи” гэнэ, тийм л үе байсан. Бизнесийнхнээс ганц “Мон-Эрдэнэ”-ийн Пунцагбалжир агсан л байсан юм. Тэгээд 1998, 1999 оноос хөгжөөд одоо бол “моод” болоо шив дээ. Хөрөнгө мөнгөтэй улсын өрсөлдөөн ч гэж болно.

-Одоо удам угшлаар нь яривал хэр олон газрын адуу танд байна?

-Энд тэндээс хурдан сайн удамтай гэсэн бүх л адууг цуглуулсан. Арван хэдэн жил цуглуулахад овоо л хэдэн юм цуглана шүү дээ. Гэхдээ нэг их олон адуу байхгүй ээ. Харин чансаа бол бий. Өөрийн унаган адуунаас хурд төрж байна гэдэг чансаатай л байгаагийн шинж. Улсад нэг түрүү, найм есөн айрагтай. Би хүний морь үнэ хаяж авдаггүй. Яахав, ганц нэг улсууд адуу огт мэдэхгүй мөртлөө хүн дуурайж элдэв янз болдог л байх.

-Яаж элдэвлэдэг гэж?

-Өөрөө морио уядаг уяач өнөөдөр цөөхөн шүү дээ. Наадам болохоор торгон дээл өмсөөд “Миний морь аль нь билээ” гээд давхиад ирдэг нь л олон болохоос биш амьдрал дээр өөрөө тэр морьдын хажуугаар өдөр болгон яваад, арчлаад уяад яваа хүн цөөхөн.

-Сая долларын хөрөнгөтэй хүн арван мянгаар нь машин авах ёстой гэсэн. Танай дүү Батсайхан л гэхэд 100 саяар үнэлэгдэх машин унадаг. Харин таны морьд хэдээр үнэлэгдэх вэ?

-Тэр хүний л сонирхол шүү дээ. Морь бол хямдхан. Нэг морийг 500 мянгаар үнэлье, 100 морь 50 сая л болно. 500 мянгад хүрэхгүй морь ч байж болно. 100 сайн адуутай байхад үсрээд 20-30 сая төгрөг болно шүү дээ. Энэ бол зах дээрээс Японы хуучин жип авахад хүрэх үү үгүй юу л мөнгө.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгүүлч Бу. Заяа

2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, Vip76

No comments:

Post a Comment