Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Ядуу байна гэдэг чанаргүй зүйл хэрэглэхийн нэр биш

УИХ ын гишүүн Г.Батхүүтэй сав баглаа боодлын асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Та Ерөнхий сайдад ямар асуудлаар асуулга тавьсан бэ?

-Уг нь төрийн үйлчилгээ үзүүлдэг Засгийн газрын байгууллага бүх стандартыг цахим хуудсан дээр тавьж, иргэд түүнийг нь чөлөөтэй аваад хэрэглэх ёстой. Хөдөө орон нутагт ч ялгаагүй стандартыг үнэгүй түгээдэг байх учиртай. Гэтэл өнөөдөр Монгол Улсын стандартын байгууллагууд баталсан стандартаа худалддагаас хүн бүр очоод авах боломж нь хаалттай байдаг. Иймээс би Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр энэ талаар асуулга тавьсан. Зөвхөн стандарт биш өөр олон асуудлыг цаашид анхаарахаас аргагүй болоод байна.

- Тухайлбал?

-УИХ цаашдаа гаргасан хуулиа сурталчлах талаар анхаарч, иргэдэд зөв ойлголт өгвөл ямар ч хуулийг хэрэгжүүлэх бодит боломж бүрдэнэ. Засгийн газрын холбогдох байгууллагууд, яамд гарсан хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга хэмжээ, дүрэм журмыг тухай бүрт гаргаж, ард нийтэд хуулийг өргөн сурталчлах, хуулийн хэрэгжилтийн явцыг зөв тайлбарлах явдал дутагдаж байна. Жишээ нь, сав баглаа боодлын талаар гаргасан хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх талаар Засгийн газрын байгууллагууд хангалтгүй ажилладаг байдал зөвхөн энэ хууль дээр ажиглагдаж байгаа юм биш.

-Сав баглаа боодлын хууль хэрэгжихгүй байгаа нь үүнийг жижиг асуудал гэж ойлгодогтой холбоотой. Энэ тал дээр таны байр суурийг сонирхъё?

- Энэ бол жижиг асуудал биш. Аль ч улсын хувьд хүнсний аюулгүй байдал гэдэг улс үндэстний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Сав баглаа боодлын цаана гарцаагүй хүнсний аюулгүй байдлын асуудал яригддаг. Тиймээс мах, масло зэрэг хүнсээ зориулалтын сав, баглаа боодолд хийх нь хүнсний аюулгүй байдлын нэг хэсэг. Хэт нимгэн нийлэг уутанд хүнсний бүтээгдэхүүнийг хийвэл хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй учраас дэлхийн маш олон орон, тэр дундаа Монгол Улсын хөрш БНХАУ 2010 оны дунд үеэс ийм уутыг хүнсний баглаа боодолд ашиглахыг хориглосон. Манай улс ч ийм төрлийн уутыг импортлохыг хуулиар хориглосон. Тэгэхээр уг хуулийн хэрэгжилтэд анхаарахаас өөр аргагүй.

- Ийм төрлийн бүтээгдэхүүнийг импортлохыг бүрмөсөн хориглочхож болдоггүй юм уу?

- МҮХАҮТ аас явуулсан хэлэлцүүлгийн үеэр гялгар уут импортлохыг бүхэлд нь хориглох талаар олон хүн ярьсан. Хууль санаачлагчдын зүгээс ч өмнө нь энэ асуудлыг УИХ ын танхимд ярьсан л даа. Гэхдээ нийлэг уут импортлохыг нэг амьсгаагаар хоригловол энэ нь эргээд улс орны эдийн засагт сөрөг үр дагавар авчирч болзошгүй.Иймд эхний ээлжинд зөвхөн хүнсний баглаа боодлын зориулалтаар хэрэглэх боломжгүй, Монгол Улсын стандартаар зөвшөөрөгдөөгүй нимгэн нийлэг уутыг импортлохыг хориглосон хуулийг гаргасан.

- Сав баглаа боодолтой холбоотойгоор цаасан уутны асуудал яригддаг. Гэтэл цаасыг модоор хийдэг. Хэрэв цаасан уутыг өргөнөөр хэрэглэвэл Монголын мод бүрмөсөн дуусчих юм биш биз?

- Монголд цаас үйлдвэрлэдэггүй. Нэгэнт ийм үйлдвэр байхгүй болохоор монголчууд цаасыг гаднаас авч таарна. Гаднаас оруулж ирсэн цаасаараа номоо хийх үү, уутаа хийх үү гэдгээ шийдэж байгаа. Тийм болохоор цаасан уут хэрэглэснээр Монгол орны ойн нөөц багасна гэж болгоомжлох нь илүүц.

- Сав баглаа боодлын хууль өвгөрсөн нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл хэт нимгэн нийлэг уут гаднаас орж ирсээр байна. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

- Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас хуулиар хүнсний баглаа боодолд ашиглахыг хориглосон гялгар уутыг зах дээр өнөөдөр 30 45 төгрөгөөр худалдаалж байна.Манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний зориулалтын цаасан уут, баглаа боодлыг жим үнээр хийх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Жижиг,дунд үйлдвэрийг хөгжүүлэх төслийн хүрээнд сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих төслийг ахиу хэрэгжүүлэх бололцоотой. Энэ талаар бид дэмжин ажиллаж байгаа.Байгууллагууд ч гэсэн санаачилгатай ажиллаж байна.Тухайлбал,Хараагүй,дүлий иргэдийн нийгэмлэг маш идэвхтэй ажиллаж, аймгуудад салбар байгуулсан. Тус нийгэмлэгийн салбарууд хүнсний зориулалтын сав боодол үйлдвэрлэж байгаа.

- Гадны орнуудад хэрэглэхийг хориглосон сав, баглаа боодлоос гадна өөр олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Өнөөдөр Монгол орон гадаадын хөгжилтэй орнуудын хаягдал бүтээгдэхүүнийг хэрэглэдэг зах зээл болж хувираад байна. Үүний нэг жишээ бол автомашин. Монголчууд тухайн орондоо техникийн хувьд цаашид хэрэглэх боломжгүй болсон машиныг унаж байна.Барууны орнуудад техникийн стандартыг хангахгүй болмогц авто машины дугуйгаа сольдог. Жишээ нь барууны стандартаар 45000 км яваад дугуйг нь сольдог.
Норм дуусмагц цаанаасаа шинэчилдэг. Дугуй нормоо хангах ёстой тул энэ тохиолдолд хээ нь арилаагүй байдаг. Гэтэл манайхан хээтэй л бол техникийн шаардлага хангаж байна гэж үзээд ийм дугуйг чингэлгээр ачиж ирээд худалддаг шүү дээ. Ийм замаар оруулсан дугуй нь техникийн осол гарах шалтгаан болдог. Энэ тохиолдолд хурд хэтрүүлсэн учир тооромзны зай авахгүй байна гэдэг техникийн дүгнэлт манайд гаргаж байгаа. Жил бүр хийдэг техникийн үзлэгээр ч үүнд хяналт тавьдаггүй. Монголд жилдээ нэг удаа бөөнөөр нь оруулж ирээд автомашиныг нь үзсэн болоод л явуулж байна. Өмнө нь бид энэ асуудлыг тодорхой дүрэм
журмаар зохицуулахыг оролдсон ч үр дүнд хүрээгүй.Энэ талаар бид "УИХ дээр маш их ярьж байна. Энэ асуудал дээр ТЕГ зэрэг холбогдох байгууллагатай ойрын үед дахин уулзаж хуульчлан зохицуулъя гэж бодож байгаа.

- Хуучин дугуйг гэр хорооллынхон бас их түлдэг шүү дээ?

- Тийм ээ. Ийм дугуйг гэр хорооллын амьдрал ядуу хэсэг хөрөөдөж түлдэг. Гэтэл эндээс ялгарсан маш их хортой утаа нь Улаанбаатарын утаа нэмэгдэхэд улам нэрмээс болж байна. Иймээс энэ асуудлыг зохицуулахаас аргагүй. Ядуу байна гэдэг чанаргүй муу юм хэрэглэж, амьдралдаа эрсдэлтэй алхам хийхийн нэр биш. Аливаа хүн эрүүл, бас аюулгүй орчинд амьдрах ёстой. Хэрэв бид дэлхий нийтийн хэрэглээний шилжилт хөдөлгөөнөөс хоцорвол дэлхийн хорт хаягдлын цэг болно, бас гадаадын хуучин дугуйг хэрэглэгч гол орон болно. Үүгээр зогсохгүй Монгол Улс гадны оронд хэдийн хэрэглэхээ больсон химийн хаягдал бүтээгдэхүүнийг цуглуулдаг газар болж хувирна.

Сурвалжлагч: Огнооны Нямсүрэн

2010 оны 3-р сарын 30, Мягмар гариг, Өглөөний сонин

No comments:

Post a Comment