Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: Цахим үнэмлэх сонгуулиас өмнө тараагдахгүй бол Н.Алтанхуяг хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа

-Хаврын чуулган эхэлснээс хойш сонгуультай хол боотой маргаантай олон асуудал гарч ирлээ. Тухайлбал, иргэний цахим үнэмлэх хугацаандаа хэвлэгдэж тараагдах боломжгүй болох нь. Энэ асуудлыг АН нэлээн дэвэргэж улстөржүүлэх бололтой?

-Иргэний цахим үнэмлэх сонгуулиас өмнө тараагдаж амжихгүй бол АН хариуцлага хүлээх ёстой. Учир нь хамтарсан Засгийн газрын үед АН-ын дарга Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд байхдаа энэ үнэмлэхийг хэвлүүлж, тараах үүрэг хүлээж байсан. Өнгөрөгч оны гуравдугаар сард энэхүү үүргийг Засгийн газрын хуралдаанаас Н.Алтанхуягт даалгаж өгсөн. Харин Н.Алтанхуяг ажлаа туйлын хангалтгүй, хариуцлагагүй хийж байж л дээ. Үнэмлэх хэвлүүлэх компанийг сонгох тендэрийн хугацааг сунгаж, цаг алдаж, сүүлдээ ямар ч тендэргүйгээр “Бодь” компанитай гэрээ байгуулсан. Энэ компанийн ард хэн байгааг ард түмэн мэдэж байгаа. Гэтэл эл компани н одоо “бид хугацаандаа амжихгүй нь ээ” гэж хэлээд хариуцлагагүй байдал үүсгэчихээд байна. Тиймээс сонгуулиар иргэний цахим үнэмлэх ашиглаж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байна. Үүнийг анхнаас нь зохион байгуулж, хэрэгжүүлж байсан хүн нь АНынхан. “Бодь” компанитай гэрээ хийсэн нь Н.Алтанхуяг. Гардан хийх, хэвлүүлэх “Бодь” компанийн удирдлагууд АН-ынх. АН хариуцаж байсан ажлаа, өөрсдийн буруугаа эрх баригч нам уруу чихэж болохгүй. Ийм жудаггүй асуудал байж болохгүй.

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэл тийг хүлээгээд авбал УИХ-ын ажлыг Цэц удирдаж, Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно гэх хандлага гарч байна. Энэ тал дээр Таны байр суурь ямар байгаа вэ?

-Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх дээр асуудал байхгүй. Хүлээж авч болно, үгүй ч байж болно. Гэхдээ Цэц их суудлын хуралдаанаараа асуудлыг шийднэ. Тэр шийдвэр нь заавал дагах ёстой эцсийн шийдвэр байдаг. Бид одоо хүлээгээд авчихвал түргэхэн шиг асуудлыг шийдэх боломжтой болно.

-АН-ынхан өөрсдөдөө таалаг дахгүй зүйл дээр завсарлага авах байдлаар бойкот хийдэг. Саяхны бүл гийн хурлаас “манайх завсарлага авах эрхтэй” гээд зарласан. Ийм байдлыг хуулиар зохицуулах боломж байдаггүй юм уу?

-Ер нь энэ асуудлыг шийдмээр байгаа юм. Хугацаагүй завсарлага авдгийг л болиулах хэрэгтэй. Ийм хуулийн төсөл 2008 онд өргөн барьсан байдаг. Даанч хэлэлцэхгүй явсаар өнөөг хүрсэн дээ. Дараагийн парламентын үед намын бүлгүүд завсарлага авах байдлаар төрийн ажлыг гацаах, зогсоох, ард түмэн хохироохыг үгүйсгэхгүй. Тодорхой асуудал дээр, хугацаатай завсарлага авах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг асуудал дээр завсарлага аваад л бүх асуудлыг зогсоож, хэзээ завсарлагаа зогсоох нь мэдэгддэггүй тийм цөөнх байж болохгүй. АН завсарлага авлаа л гэхэд төрийн ажил зогсоно шүү дээ. Орон нутгийн хурлын сонгуулийн хууль дээр харж байгаа биз дээ. Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох хуулийн төсөл ч мөн адил.

-Сонгууль болоход үндсэн дээ хоёр сарын хугацаа үлдлээ. Гэтэл намын бүлгүүд сонгуулийн хуулиар нэгдсэн шийдэлд хүрсэнгүй. Энэ байдлаараа үргэлжилбэл нэг тийш нь болгож, баталж амжих болов уу?

-Бид батлах ёстой л юм чинь баталж л таарна. Амжуулахаас ч өөр аргагүй. Бид шийдэж чадахгүй удах юм бол сонгууль бүрхэг болно. Тиймээс түргэн шийдэх хэрэгтэй байна. Харамсалтай нь “Муу л бол хойд зүгийн хар овоохой гэдэг шиг” эрх барьж байгаа намыг яаж муу харагдуулах вэ, яаж буруугаа тохох вэ гэсэн үүднээс АН байдаг чадлаараа зүтгэсээр байна. Хоёр сонгуулийг хамт явуулах ямар ч боломжгүй байхад л хамтад нь явуулна гэж шахалт үзүүлж байна. Гэхдээ АН байдлыг ойлгохгүй биш ойлгож байгаа. Үнэхээр хоёр сонгуулийг хамтад нь явуулбал хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхийг АН мэдэж байгаа. Тэд эрх баригч намын нэр хүндийг яаж унагах вэ гэж бодож, энэ бодлогоо гүйцэлдүүлэхийн тулд ард түмэн бухимдах, хохирох, төрийн тогтвортой үйл ажиллагаа тасалдах зэрэг ерөөсөө хамаагүй болж байна.

-Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар явбал хуулийн зөрүүтэй ойл голт олон. Эдгээрээс хамгийн том асуудал болоод байгааг нь дурдахгүй юу?

-Хуулийн зөрүүтэй байдлууд үүсээд байгааг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр л гаргаж байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид бэлэн мөнгө амлаж, бэлэг өгч, тоглолт зохион байгуулах зэрэг нь бүгд нээлттэй. Харин УИХын сонгуульд нэр дэвшигчийн хувьд энэ бүгд хориотой. УИХын саналыг нь санал тоолох автомат машинаар, орон нутгийнхийг гараар тоолохоор байгаа. Санал авах цагийн хувьд зөрүүтэй нь том асуудал. УИХын сонгуулийн саналыг 20 цаг хүртэл авахаар, орон нутгийн сонгуулийг 22 цаг хүртэл авахаар байгаа. Нэг ёсондоо санал авах нэг байр байж болохгүй. Ийм олон асуудал, бэрхшээл байсаар байтал АН гөжүүдэлж эсэргүүцээд, гацаагаад байгаа нь цэвэр улстөрийн зорилготой.

-Сонгогчдын саналыг 20.00 цагт авч дуусахад сонгогчид саналаа өгч амжих болов уу?

-УИХ-ын сонгуулийн хуулиар санал авах цаг нь богиноссон хэрнээ дугуйлах нэр дэвшигч ихэссэн. УИХ-ын сонгуулийг дангаар нь явуулахад дээд тал нь гурван хүний нэр дугуйлахаар байгаа. Харин хоёр сонгуулиа зэрэг явуулахад дор хаяж 15 хүний нэр дугуйлна. Санал өгөхийн тулд тав дахин их хугацаа зарцуулна гэсэн үг. Нэг хүний саналаа өгөх хугацаа ингэж уртасч байхад сонгуулийн санал авах байрыг 20 цагт хаагаад богиносгохоор амжихгүй.

-Нэг саналын хуудсан дээр дор хаяж хэдэн нэр дэвшигчийн нэр байх бол?

-УИХ-ын сонгуулийн 76 мандатад 400 гаруй хүн нэр дэвшинэ байх. Орон нутгийн сонгуулийг хамт хийнэ гэвэл 10 мянга орчим мандатад 20- 30 мянган хүн өрсөлдөх байх. Тэгээд сонгуулийн хэсэг хороод бүрт ялгаатай саналын хуудас хэвлүүлж таарна.

-Та чуулганы завсарлагаанаар юу хийв. Отгон чуулганаар ямар ажлууд хийхээр төлөвлөж байна даа?

-Өнгөрсөн хугацаанд олон хууль санаачилсан. Отгон чуулганаар хийгээгүй үлдсэн, дутуу ажлуудаахийхээртөлөвлөөдбайна. Тухайлбал, Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл байгаа. Уг хуулийн төсөл бол МАН-ын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон асуудал. АН-ынхан удаа дараа хугацаагүй завсарлага аваад шийвэрлэхэд саад болж байна. Түүнчлэн удаа дараа яригдсан бүсийн нэмэгдэл, үндэсний стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлбэл Монголын ордуудыг гадаадынхан чөлөөтэй наймаалцах боломжгүй болох юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Саусгоби сэндс” компани Хятадын “Чалко” компанид лиценз худалдсан. Уг нь Үндсэн хуулийнхаа дагуу тэр баялгийн эзэн нь Монголын ард иргэн, төр байх ёстой. Гэтэл хуулийн цоорхойг ашиглаад Монголын баялгийг түр ашиглах эрх бүхий лицензийг гадныханд дураараа худалдаж байна. Үүнийг л зохицуулсан хуулийг санаачилсан нь энэ.

Эх сурвалж: Монголын үнэн Б.Бат-Эрдэнэ

No comments:

Post a Comment