Monday, 23 April 2012

Э.Мөнх-Очир: Цахим үнэмлэхийг Н.Алтанхуяг будлиулсан


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой сүүлийн үед өрнөөд буй үйл явдлуудын сэдвээр ярилцлаа. 
-УИХ-ын сонгууль болоход хоёр сар орчмын хугацаа үлдлээ. Гэтэл цахим үнэмлэхийг иргэдэд тарааж амжихгүй гэж УБЕГ-аас мэдээллээ. Бид 2012 оны сонгуулиа яаж явуулах болж байна вэ? 
-2008 онд УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт хийнэ гэсэн хууль  гарсан байна. Ийм тодорхой зүйл  байхад  СЕХ байгаа хуульдаа таарсан  бэлтгэлээ хийсэн  байх ёстой байлаа. Дээрээс нь УИХ-ын  сонгуулийг ухаалаг үнэмлэх дээр суурилсан цахим хэлбэрээр явуулна гэдэг хууль гарсан. Гэтэл үүнтэй холбоотой даалгаврыг өгөөгүй. Хоёр  сонгуулийг хамт хийснээр хэчнээн хүн нэр дэвших, саналын хуудас нь  ямар  байх, нэрсийн  жагсаалт хэд хоногийн  өмнө зарлах гэх мэт зүйлүүддээ таарсан  хүчин чадалтай техникийг нь бэлдэх  байсан. Тендер зарлахдаа тодорхой хэмжээний шаардлага бүхий даалгавар  өгдөг. Тэр даалгавраа  олигтой өгөөгүйгээс болоод өнөөдөр  цахим үнэмлэхийн хэвлэлт хойшлоод байна. Энэ бол дэндүү хариуцлагагүй асуудал.
-Нууцын  зэрэглэлтэй асуудал  учраас цахим үнэмлэх  хэвлэх тухай тендерийг  зарлахгүйгээр шууд гэрээ хийсэн юм биш үү? 
-Би тухайн үед Тусгай хяналтын дэд хороог ахалж байсан. Тэгэхэд манай хороогоор нууцын зэрэглэлтэй шууд худалдан  авалтын  хөрөнгийг  шийдвэрлэдэг. Тэр  үед лав  л  үнэмлэх хэвлэхтэй холбоотой машин  техник  авна гэсэн санал  манайд орж ирээгүй. Харин  УБЕГ-аас нууцын  зэрэглэлтэй учраас шууд  худалдан  авалт  хийсэн  гэсэн  тайлбарыг  өгсөн. Би  “Та нар Тусгай хяналтын дэд  хороогоор  оруулаагүй байж болохгүй шүү дээ”  гэж хэлж байсан.
-Энэ долоо хоногт сонгуулийн товыг зарлана. Гэтэл  хоёр  сонгуулиа хамт хийх үү,  үгүй юу гэдгээ ч шийдээгүй маргаад  байж байна гэдэг дэндүү  хариуцлагагүй үйлдэл  юм биш  үү? 
-Уг  нь шийдсэн  байгаа.  Хамт хийнэ гэсэн хууль нь  гарсан  шүү дээ. Гэхдээ тэр хуулиар  хийе гэхээр  хүндрэл  учирна гэдэг  үүднээс л зөвшилцлийн асуудал  яригдаад  байна.
-Зөвшилцөх үүднээс Ардчилсан нам тодорхой хэмжээний буулт  хийсэн ч Ардын нам хүлээж авахгүй гэдгээ чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн. Орон нутгийн сонгуулийн аймаг  нийслэлийнхийг  УИХ-тай хамт хийж, сум дүүргийг намар  хийе  гэсэн саналыг тавьсан? 
-Угаасаа болохгүй зүйл дээр буулт  хийнэ гэж ямар  ойлголт байдаг  юм бэ. Боломжгүй зүйлийг болгох  гээд  байна гэдэг өөрөө болохгүй гэсэн  үг биз  дээ.  Буулт хийнэ гэхээсээ илүү болохгүй гэдгээ ухамсарлаад яалт ч байхгүй тавьж байгаа санал.
-Болно гээд 2008 онд  хамт хийх тухай хуулийг  батлаагүй гэж үү? 
-Баталсан  хүмүүс нь  тэд өөрсдөө. Өнөөдөр  түүнийхээ жонхууг хутгаад  болохгүй л  байгаа биз  дээ.
- Гэхдээ тухайн  үед МАН  олонх байсан  шүү дээ? 
-Манай нам  бүх  хариуцлагаа ойлгохын дээдээр ойлгоод үнэхээр  болохгүй байгаа зүйлийг нь хэлж байна.  Өнөөдөр  яагаад хэвлэх  ёстой машинууд нь үнэмлэхийнхээ мэдээллийг  танихгүй байгаа юм бэ. Сонгуультай холбоотой энэ бүх хүндрэлүүд хаанаас үүдэлтэйг  хайх шаардлага алга.  Одоо бол гарцаа олох  хэрэгтэй байна. Энэ ганц хоёр  намын  хоорондох асуудал  биш. Ард түмэн  сонгох,  сонгогдох эрхээ эдлэх  гэж байна. Үүнийг  нь  бид хангаж өгөх тал дээр л  ухаанаа уралдуулах  ёстой. Цахим үнэмлэхийг Н.Алтанхуяг  будилуулсан гэдэг  нь үнэн. Өөр  хоорондоо  уялдаагүй техник  авсан нь тэр  хүнтэй л  холбоотой. Гэхдээ нэгэнт тийм зүйл болсон  учраас өнөөдөр  яах вэ гэдгээ л  ярьж байна.
-Бүлгийн хуралдаанаар яах вэ гэдэг дээр  хариу олж чадав уу? 
-Зөв, эрүүл гаргалгааг  олвол Ардчилсан намынхан  ч гэсэн “ашгүй дээ” гээд л хүлээгээд  авна.  Яагаад  гэвэл тэд  өөрсдөө яахаа мэдэхээ байсан.  Уг нь  хамт  явуулмаар  байдаг. Гэтэл  өөрсдийнх нь хутгасан  зүйл нь болохгүй байх жишээтэй. Сүүлдээ аргаа бараад  нийслэлийг  нь  УИХ-ынхтай хамт явуулаад үлдсэнийг  нь намар  хийе гэж байна.
-Таныг Солонгосын компаниас авлига авч гольфын талбай байгуулах зөвшөөрөл  өгсөн  гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр  цацагдлаа.  Энэ асуудалд тайлбар өгөх үү?
-Ойлгомжтой.  Э.Мөнх-Очир гэдэг хүнийг УИХ-ын сонгуульд  өрсөлдүүлэхгүйн төлөө үзнэ гэсэн  шүү дээ, наад хүн чинь.
-Засаг дарга байхдаа гольфын талбай байгуулах нэрээр газар хууль  бусаар өгсөн гэсэн  байна? 
-Нийслэлийн  иргэдийн хурлаар  “Энэ газар гольф байж болно” гээд заасан  юм.  Тухайн  үедээ дөрвөн га гэж заасан л даа.  Уг  нь тэгж хэмжээ заах  нь  буруу. Олон улсын стандартад нийцсэн гольфын талбай 18 нүхтэй байдаг. Энэ нь тухайн гольфын  талбай доод тал  нь 60 га байна гэсэн үг. Тэгэхээр  нь  би 60 байж арай  болохгүй, 50 га болно гээд тухайн үед Засаг даргын хувьд  би  өгсөн  нь  үнэн. Яагаад гэвэл тэнд 150 хүний ажлын  байр  бий болж байна. Дээр  нь  тэр  орчныг хамгаална. Ундны усны эхэд  газар  сүйтгэлээ гээд хэлээд  байгааг  би  ойлгохгүй байгаа.  Хотод ч гэсэн орон сууцны дунд цэцэрлэг  барих, явган  зам  тавихад  шороог нь  трактораар  түлхэж тэгшилдэг  биз  дээ. Тэр ажлыг  л хийсэн  байна.  Ер нь  бол тэртээ тэргүй миний гаргасан захирамж хүчингүй болчихсон.
-Гэтэл одоо хүртэл энэ асуудлаар таныг  шүүмжилдэг? 
-Зургаан жил  болж байна. Сонгууль  дөхөөд  ирэхээр  л  энэ асуудлыг  надтай холбон  гаргаж ирдэг. Тэгээд би нэг  мөсөн  шалгуулчихъя гэж байгаа. Үнэхээр тийм  зүйл байдаг  бол  гаргаж ирээд  нэг  талдаа гаръя гэсэн. Гэхдээ би  энэ бичүүлээд  байгаа хүнтэй эргээд нэр төрөө сэргээлгэх талаар  ярина. Зурагт руу шууд харж байгаад “Мөнх-Очир Улаанбаатар хотын ундны усны эх  үүсвэрийг  байхгүй болгосон” гэж хэлж байна билээ. Тийм зүйл юу ч  байхгүй гэдгийг  хэлье. Миний зөвшөөрөл  өгсөн талын яг  эсрэг эрэгт нь Гацуурт тосгон гэж байдаг. Голын хажууд хүн зүлэг  тарихаар  ундны ус бохирддог юм бол  модон жорлон ухаад байгаа газар яагаад бохирдохгүй юм бэ. Үнэндээ бол  тэнд ундны усны эх байхгүй. Яг үнэндээ Улаанбаатар  хотын ундны усны хоёрдугаар эх үүсвэр Багануурын Хэрлэн  голын хөвөөнд бий болох байсныг  манайхан  хөрөнгөгүйдээд чадаагүй.  Гацууртад гольфын талбай барих  гэж байсан газрын эсрэг талд  “Монгол шилтгээн” гээд  маш  том байгууламж бий. Ямар юм барихаар  ундны усны эх үүсвэр  болоод, юу барихаар  болдоггүй юм бэ. Би бодохдоо энэ бол улс төрийн зорилгоор хийж байгаа үйлдэл. Би тэр Туяацэцэг  гэдэг хүнтэй өмнө нэг  ч удаа уулзаж байгаагүй. Намайг Засаг дарга байхад  хүртэл асуудлаа танилцуулж орж ирээгүй. Уг  нь  үнэхээр асуудал байгаа бол уулзаад, ярилцах  ёстой биз  дээ. Гэтэл шууд  л  “Мөнх-Очир  бол авлигачин, солонгосчуудаас нэг  сая ам.доллар авсан” гээд  зарлаж байгаа нь  сонин байна.
-Сүүлийн үед танай намын дотоод асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна. Тухайлбал таныг МАХН-ын УИХ дахь бүлэгт  орох  гишүүдийн тоонд  оруулсан  байсан. Энэ талаар юу хэлэх вэ? 
-МАХН-ын  бүлэг гэж хаана байгаа юм бэ. Бүлэг байгуулах  шаанс байхгүй. Хуулиараа ч болохгүй. МАН-ын гишүүн байснаа МАХН-ын  бүлэг  болоод гардаг юм гэж юу байдаг  юм. Харин фракц гэдэг өөр  зүйл. Өнөөдөр  Ардчилсан намд ч гэсэн “Шонхор” энэ тэр гэсэн фракц байгуулагдсанаа зарлаад л  явж байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр манай намын бүлэг УИХ-д байгуулагдах гэж байгаа тул намайг баривчилж байна гэж мэдэгдэж байсан?
-Тэр  хүн явахаасаа өмнө юу ч ярьж болно. Хууль шүүхийнхэн шал ондоо  зүйл  яриад байна. Хийсэн зүйл  нь  энэ,  түүний дагуу шалгаж байна гэж байхад манай нам  дотор болж байгаа зүйлтэй холбох  нь  утгагүй.
- Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар УИХ-ын  сонгуулийн тухай хуулийн “гулсах” заалт Үндсэн хууь зөрчсөн гэж дүгнээд хүчингүй болгох шийдвэр гаргасан. Гэвч үүнийг УИХ хүлээж авсангүй.  Үүн дээр таны байр суурь ямар  байгаа вэ? 
-Уг  нь  хүлээж авах ёстой байсан юм. Тойрогт хоёр хүн өрсөлдөөд нэг  нь  ялалт  байгууллаа гэж бодоё. Гэтэл  ялагдсан нөхөр  нь гулсах  нэрээр орж ирээд  зэрэгцээд сууна гэдэг  утгагүй.
- Гулсах заалтаар  гишүүн болох  нь Үндсэн хууль  зөрчих бол  намын нэрээр  санал  авах  28 гишүүн ч гэсэн адилхан юм биш үү. Энэ нь мөн  адил УИХ-ын  гишүүнийг  ард  түмнээс сонгоно  гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөхгүй юу?
-Тэгэж маргавал маргах  л байх. Аль талаас нь  харах  уу гэдгээс л болно.  Одоогийн  байдлаар  маргах  хүн алга байна. Өргөдөл  ирээгүй учраас Цэц ч хэлэлцэхгүй.
С.Жигүүр

No comments:

Post a Comment