Monday, 23 April 2012

УИХ-ын гишүүн Д.ОЧИРБАТ: Эрүүл мэндийн салбарын удирдлагуудад сэтгэл дутаж байна


Намрын чуулганаар Эрүүл мэндийн тухай болон Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болжээ. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагад бүтцийн томоохон өөрчлөлт оруулах юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д. Очирбаттай ярилцлаа.
-Намрын чуулганаар эрүүл мэндийн салбарт цогц өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн. Бэлтгэл ажил ямар байна?
-Эрүүл мэнд, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн хэрэгжилтийг эргэж хянах хэрэгтэй. Хаврын чуулган завсарлахаас өмнө Эрүүл мэндийн тухай болон Эрүул мэндийн даатгалын тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. Хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө судалгааны ажил хийх, эмнэлгүүдийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаатай явж танилцана. Энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчидтай уулзаж ярилцана. Намрын чуулганаар эрүүл мэндийн байгууллагын цогц шинэчлэлийг хэлэлцэхэд эмч хүний хувьд асуудалд бодит төвшинд, амьдралд нийцэх хэмжээнд өөрчлөх ёстой гэж боддог. Хуучин нийгмийн тогтолцоогоороо үлдсэн нь ганцхан эрүүл мэндийн салбар болоод байна. Уг нь эрүүл мэндийн салбар, хүнийхээ эрүүл мэндийн төлөө төр хамгийн түрүүнд анхаарах ёстой. Өнөөдөр нэг өвчтөн оношоо тодруулах гээд эмнэлэгт очиход тоног төхөорөмж нь 20-30 жилээр хоцрогдсон. Санхүүжилт нь иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалахад хүрэлцэхгүй баргар байдал угтдаг. Жил ирэх тусам эрүүл мэндийн салбарт өгдөг санхүүжилт нэмэгддэг гэдэг ч хот, суурингийн эмнэлгийн 300 гаруй барилга байшингийн будаг, шохой, дулаан, цахилгаанд зарцуулагддаг, Үлдсэн жаахан хөрөнгө нь оношлогооны тоног төхөөрөмж авах, эмчилгээ, сувилгааны шинэ арга нэвтрүүлэхэд хүрэлцэхгүй байна. Энэ мэтчилэн иргэний эрүүл мэндийг хамгаалах асуудлаа орхигдуулчихсан. Ийм байгаа болохоор эрүүл мэндийн байгууллагын цогц шинэчлэлийн асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх цаг болсон.
-Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийнэ гэж байна. Хэдэн дарга цэрэг хольж солих, ганц хоёр эмнэлгийг нэгтгэх зэргээр хандахгүй биз дээ?
-Даатгалд тогтмол шимтгэлээ төлж байгаа иргэний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор юу хийж байна гэхээр өнөөдөр хэлэх үг алга. Иргэдийн төлсөн шимтгэлийн мөнгө эмнэлгийн байгууллагын барилга байшин, машин унаа авахад зарцуулагдаж байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сан гэдэг бие даасан байгууллага байгуулаад 2,8 сая иргэнээ даатгалд хамруулна. Сангийн хөрөнгөөр зөвхөн иргэ-нийхээ эрүүл мэндийг хангасан, сайн үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудын төлбөрийг худалдаж авдаг тогтолцоонд шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл хэн нь иргэнийхээ төлөө сайн үйлчилгээ үзүүлж байна, даатгалын сангаас санүүжилтээ авдаг болно гэсэн үг. Энд хувийн хэвшлийг ч хамруулдаг байх хэрэгтэй. Ингэж чадвал эрүүл мэндийн салбарын тогтолцоо сайжирна. Гэтэл өнөөдөр хуучин тогтолцоогоороо үлдсэн энэ салбарт 360 гаруй эмнэлэг байгаад л байдаг. Нэг нь ч дампуурч, хаалгаа барьдаггүй. Нэг нь ч сайн үйлчилгээ үзүүлж дэлхийн төвшинд ойртож чаддаггүй.
-Эрүүл мэндийн салбараас иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа зүйл нь дэлхийн жишигт хүрсэн оношлогооны төвтэй болох. Ингэж чадвал гадагшаа явж оношлогоо хийлгэх хэрэггүй болно гэж үзэж байгаа. Энэ талаар юу хийх вэ?
-Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг зөвхөн оношлогооны төвөөр хязгаарлаж болохгүй. Иргэндээ хүрсэн хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг болж байж даатгалын сангаас санхүүжилт авах эрхтэй болно. Тэгэхээр эмнэлгийн байгууллагууд орчин үеийн тоног төхөөрөмж авч сайн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэнэ. Иргэд орчин үеийн тоног төхөөрөмжтэй оношлогооны төвтэй болохыг хүсч байна. Энэ буруу биш. Оношлогооны төв байгуулах ажлыг Эруүл мэндийн яамныхан бодлого боловсруулж хийх ёстой. Салбар хариуцсан яам нь унтаа, ямар ч санаачилга байхгүй. Салбарыг нь удирдаж байгаа хүмүүс ажилдаа сэтгэл гаргахгүй байна. Аливаа асуудалд дамжуулагчийн үүрэг гүйцэтгээд сууж байна. Ийм сэтгэлгээтэй орчинг цогцоор шинэчлэх ёстой.
-Өнөөдөр эмнэлгүүд гурван шатлалаар үйлчилгээ үзүүлж байгаа. Нэг, хоёр дахь шатлалынх нь эмнэлэг дамжуулагчийн үүрэг гүйцэтгээд байгаа. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?
-Эрүүл мэндийн салбарын тогтолцоо гурван шатлалаар үйлчилгээ үзүүлдэг болох цаг болсон. Өрхийн эмнэлэгт хүмүүс үзүүлээд эм бичүүлж аваад гардаг. Анхан шатны буюу өрхийн эмнэлэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг болох. Хоёр дахь шатлал нь буюу аймаг, дүүрэг эмнэлэг нь иж бүрэн эмчилгээ оношлогоо үзүүлдэг болно. Тэгэхээр дүүрэг, аймгийн эмнэлгүүд оношлогооны төвтэй байна гэсэн үг. Одоо хэд хоног эмчилгээ хийгээд болохгүй бол дээд шатлалын эмнэлэг рүүгээ шилжүүлдэг. Үүнийг болиулна. Ингээд ирэхээр гурав дахь шатлалын эмнэлэг нь мэргэжлийн салбарын судалгаа, шинжилгээ хийдэг. Доод шатлалын эмнэлгүүдэд тусламж, дэмжлэг үзүүлдэг болох юм.
-Дүүрэг, аймгийн эмнэлгүүд оношлогооны төвтэй болно гэхээр хөрөнгө мөнгө, санхүүжилт ихээхэн шаардана. Үүнийг тусламж, зээл авахгүйгээр бие даан шийдэх боломж байна уу?
-Санхүүжилтийн асуудал ямар ч тохиолдолд гарч ирдэг. Мөнгийг хүн хөдөлмөрлөж бүтээдэг учраас байхгүй гээд суулгүй санаачилга хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хөрөнгө босгох хоёр гурван боломж байна. ДНБ-ний 5-7 хувийг эрүүл мэндийнхээ салбарт зарцуулдаг байх ёстой. Өнөөдрийн байдлаар манай улс 2,5 орчим хувийг зарцуулж байна. Оюутолгой, Тавантолгойгоос орж ирж байгаа баялгийнхаа 15-20 хувийг иргэний эрүүл мэндийн төлөө зарцуулах хэрэгтэй. Ингэж чадвал эрүүл мэндийн салбар хөрөнгө мөнгө, санхүүжилт байхгүй гэлтгүй босоод ирнэ.
2010 оны 8-р сарын 10, Мягмар гариг
  Зууны мэдээ
 Ц.Онон

No comments:

Post a Comment