Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Хилийн боомтыг байнгын ажиллагаатай болгоод л хаячихдагаа болих цаг нь ирсэн

УИХ-аас томилсон ажлын хэсэг Өмнөговь аймгаар яваад ирлээ. Иймээс бид уг ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй уулзсан юм.

-Ажлын хэсэг боомтуудын ажилтай танилцаад ирлээ гэсэн. Явсан газрын сониноос сонсъё?

-Хил гаалийн үйл ажиллагааг жигдрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэх зорилготой ажлын хэсгийг би ахалж байгаа. Иймээс манай ажлын хэсгийн гишүүд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ Хүрэнгийн боомтын үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Энэ сумын нутагт Мак, Чинхуа Мак, Саусгоби Сэндс гэсэн гурван компани нүүрс олборлож байгаа. Гэтэл тэд нүүрсний импортоо зогсоогоод гурван сар болчхоод байна.

Шивээ Хүрэнгийн боомтыг шийдвэр гарган байнгын ажиллагаатай болгосон ч манай талаас зүгээр л зөнд нь хаячихсан, нөгөөдүүл нь бор зүрхээрээ ажиллаж байсан байна. Гэтэл цаад талын Хятадын боомт нь газар доорх шугам сүлжээгээ шийдчихсэн томоохон хот баригдахад бэлэн болчхоод байна. Бүр манай хил хүртэл 400 гаруй километр газарт төмөр замаа тавиад амжчихсан байх жишээтэй. Гэтэл манай Шивээ Хүрэнгийн боомт хэдхэн навтгар байшин л харагдаж байгаа юм.

Манайхаас ердөө 40 километр төмөр зам тавихад л Хятадын төмөр замтай холбогдож орхино. Ер нь тэнд хууль эрхзүйн хувьд нэмэлт өөрчлөлт оруулан дорвитой арга хэмжээ авах цаг нь хэдийн болсон байна. Бид газар дээр н танилцсан байдлаараа дүгнэлт гарган холбогдох яам тамгын газруудад нь хүргүүлэхээр болсон.

Эдийн засгийн хямралыг хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах, гадны хөрөнгө
оруулалт хайх зэргээр даван туулах зорилт тавихын хажуугаар нүүрс олборлон
улсын төсөвт хөрөнгө оруулалт хийдэг уурхайнуудынхаа ажиллах боломж бололцоог нь хангаж өгөх шаардлагатай байна.

Бид ер нь хөрөнгө оруулалт хийн гадныхантай хамтрах талаар л яриад байгаа болохоос хил гаалийн асуудлаа нарийн шийдэж чадаагүй байгаа нь Шивээ Хүрэнгийн жишээнээс тодхон харагдаж байна шүү дээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж нэг үг байдаг байх аа. Ер нь цаашдаа ганцхан Хятад руу гаргах ч биш өөр бусад улс орнууд тухайлбал Европ, далайн гарцыг судлах хэрэгтэй. Мөн биднийг очиход Шивээ Хүрэнгийн боомт дээр 170-аад машин ноолуур ачиж очоод олон хоночихсон, буцах бензин тос, идэх хоол ундгүй болчихсон байж хүмүүс байна.

-Гэхдээ тэд хууль зөрчөөд л оччихсоноос хил дээр хүндрэл гараад байгаа шүү дээ. Эднийг яах ёстой вэ?

-Түүхий ноолуурыг хилээр гаргахгүй гэх хуультай ч хөдөөний ард түмэн амьдралынхаа төлөө ингэхээс өөр аргагүй байдалд орсон байна. Хятад руу ноолуураа гаргаж өгөхөөс нь илүү үнээр дотоодод авч чадахгүй байгаа болохоор тэднийг бас ойлгох хэрэгтэй. Одоо дараа жилийнх нь ноолуур гарах гэж байхад өмнөх жилийнхээ ноолуурыг ч борлуулж амжаагүй байж болохгүй. Малчдын амьдрал хүнд байна. Тэгээд ч удахгүй сар шинийн баяр болох гэж байхад мөнгөгүй байгаадаа ард иргэд ихээхэн бухимдалтай байна. Энэ асуудлыг нэн яаралтай нэг тийш нь шийдэх хэрэгтэй.

-Мөнгө хайж байгаа энэ үед ядаж олборлолт хийж бай-гаа газруудаасаа бүрэн татаас авах хэрэгтэй баймаар юм. Шивээ Хүрэнгийн боомт яагаад нүүрс олборлогчдод саад болоод байдаг юм?

-Улсын мэргэжлийн хяналтын газраас нүүрс тээвэрлэж байгаа зам шаардлага хангахгүй гэхчлэн олон байгууллагуудын тоймгүй олон шаардлага, дүрэм журмаас л болдог юм билээ. Бас нэг зовлон нь Монгол жолооч нар нүүрс тээвэрлэхээрээ нүүрсэн дотроо ноолуур энэ тэр гээд хориотой бараа тээвэрлээд зөрчил гаргаад байдаг гэнэ. Харин хэл амгүй гээд Хятад жолооч нараар тээвэрлүүлэх гэхээр бичиг баримт, машины дугаар гээд баахан л хүндрэл гардаг юм байна. Ер нь хилийн ашигт малтмал тээвэрлэлт нэмэгдэх гэж байгаа энэ үед шийдэх асуудал үнэхээр их байна.

Бусад орнуудад бол хилийн тэр олон жижиг субъектүүдийг дээр нь ганцхан байгууллага багцлан барьж байдаг гэсэн. Манай хил гаалийн асуудал ч гэсэн нэгдсэн нэг бодлогоор, үйл ажиллагааг нь зангиддаг газартай болох хэрэгтэй

2009 оны 2-р сарын 20, Баасан гариг, Өглөөний сонин

No comments:

Post a Comment