Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Ямар царигтай нь гол биш

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгч байна.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

Г.Батхүү: Хаагуур, ямар царигтай барихдаа гол нь биш

-Тавантолгой, Оюутолгой, газрын дорх бусад баялгаа ашиглахын тулд төмөр зам хэрэгтэй. Миний бодлоор бол төмөр замыг хаагуур, ямар царигтай барихдаа гол нь биш. Жинхэнэ шийдэх ёстой том асуудлаасаа бид түрүүлж яваад байна. Зөвхөн Оюутолгой, Тавантолгойд зориулж төмөр зам тавья гэхэд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан гээд баруун бүсэд эрдэс баялаг зөндөө илэрч байна. Бид нутгийнхаа ихэх хэсэгт хайгуул хийгээгүй байна. Ямар баялаг хаанаас гараад, хааш нь түүнийг тээвэрлэх вэ. Зах зээл нь хаана байна. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёр дахь асуудал гэвэл хэнтэй хамтарч монголчууд баялгаа ашиглах вэ. Аль зах зээлд борлуулах вэ гэдгээс шалтгаалж хааш нь төмөр замаа ямар царигаар барих вэ гэдгийг шийднэ. Тэрнээс биш түрүүлж үүнийгээ шийдчихээд дараа нь хөрөнгө оруулагчдадаа “Манай энэ төмөр замаар заавал Находка руу ч юм уу, Ванино руу, эсвэл заавал БНХАУ руу бүтээгдэхүүнээ ач” гэж шахаж болохгүй л дээ.

Эхлээд дэд бүтцээ зурчихаад хэнтэй ажиллах вэ гэх биш, хэнтэй ажиллахаа шийдчихээд дараа нь бүтээгдэхүүнээ хааш нь зарах вэ, эдийн засгийн үр ашигтай хэлбэр нь аль вэ, ямар царигтай зам хааш нь тавих вэ гэдгээ шийдэх нь зүйтэй. Тавантолгойгоос Сайншанд руу зам тавьж таарна. Гэхдээ заавал яагаад ганцхан Сайншандад боловсруулах үйлдвэр барих ёстой гэж. Даланзадгад гэж том газар Тавантолгойн дэргэд байна. Тэнд ч үйлдвэр барьж болох юм. Уурхайгаас төв магистраль руу, дотоод руугаа, үндсэн сүлжээ рүү чиглэсэн төмөр зам байх ёстой гэж би ойлгож байна. Шууд хилээр гаргая гэвэл эдийн засгийн үр ашиг нь хамгийн сайн байх тэр царигийг л сонгох ёстой. Үүнийг улс төр биш, эдийн засгийн ашиг л шийднэ. Болж өгвөл тал тал руу л авто зам, төмөр зам тавих ёстой. Шаардлага нь байна. Мөнгө бий болгох хэрэгтэй. Австралид бол нэг уурхайгаас дөрвөн тийш төмөр зам гарсан байдаг л юм билээ. Аль ч зах зээл рүү гарах гарц манайд байх ёстой. Хаашаа ч чөлөөтэй худалдаа хийдэг тийм л дэд бүтэц хэрэгтэй.

2010 оны 6-р сарын 13, Ням гариг, Ардын эрх

No comments:

Post a Comment