Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах бүрэн эрх нь намын их хуралд бий

УИХ-ын дэд дарга Г. Батхүүтэй ярилцлаа.

-Ямартай ч хямралын төлөвлөгөө батлагдлаа. Төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Эдийн засаг өөрчлөгдсөнтэй холбоотой эдгээр үйл явдалд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Ер нь эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ уналаа. Үүнээс хамгаалах арга хэмжээний нэг нь төсвөө тодотгох шаардлага болчхоод байна л даа. Магадгүй, дахиад хэдэн ч удаа тодотгох байх. Яагаад гэвэл, бид дотоод нөөц бололцоогоо ашиглах нь хямралд хэт нэрвэгдэхгүй байх боломж юм. Тиймээс бид татвараас ямар хэмжээний орлоготой болох, орлогоо нэмэгдүүлэхийн тулд хэрхэх ёстойгоо нарийн сайн тодорхойлбол үр дүнд хүрнэ. Үүний тулд татвар төлөх бололцоогоор хангах, татвар төлөгчийн тоо, төлөлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Манайхан орлого нэмэгдүүлнэ гэхээр төлөх татварыг нэмэгдүүлчихээд л асуудал шийдэгдчих юм боддог. Тэр биш. Татварын орлого гэдгийг нэмэгдүүлэхийн үндсэн чанар нь татварыг бүрэн авах, олон татвар төлөгчтэй болох, үүнийг дагаад олон ажлын байр бий болгох ухагдахуун л даа. Үүний тулд нарийн уялдаатай бодлого явуулах хэрэгтэй.

-Наад зорилгоор тань татварын орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

-Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг дэмжих хэрэгтэй. Жишээ нь, энэ жилийг сүү, махны үйлдвэрлэлээр дотоодынхоо хэрэгцээг хангах бодлогыг төрөөс баримталж байгаа. Сүүний чиглэлийн үнээ, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлээд, олон хүнийг ажлын байраар хангаад, Монгол Улс гадаадаас сүү авдаггүй, дотоодоосоо хэрэгцээгээ хангавал сайн байна. Бас махны хэрэгцээг өсгөх хэрэгтэй. Эм малаас авах ашиг шим, малчны орлогыг нэмэгдүүлэх. Дотоодынхоо хэрэгцээг хангачхаад болж өгвөл гадагш нь экспортлох хэрэгтэй. Үйлдвэрүүд байгуулах нь үр дүнтэй. Хэрэв төсөв хүнд байгаа бол дараа эргэн төлөгдөх нөхцөлтөйгээр үйлдвэр байгуулъя. Ямааны ноолуур боловсруулах, хонины ноос угаах үйлдвэрлэлүүд бий болгоё. Тухайлбал, манай Өвөрхангай аймагт бизнесмен маш олон байна. Гэтэл яг үйлдвэрлэдэг нь, нэмүү өртөг гаргадаг нь бараг үгүй.

Малчдын гар дээрх түүхий эдийг арай хямдаар авч нийслэл эсвэл хил рүү хүргэж борлуулах, олсон мөнгөөрөө гурил будаа, чихэр жимс авсныгаа буцаад орон нутагтаа борлуулдаг. Ийм дамжуулагч үүрэгтэй л ажиллаж байна. Бас малчныг том үйлдвэрлэгч, ажлын байр байлгах хэрэгтэй байна. Өнөөдөр манайхан үнээгээ ч гүйцэд саахгүй. Зуны жаахан сүү, цагаагаа хотоос ирсэн хүний гар дээр тавих төдий хэрэглээд л цагаан сараар шинэ дээлийн өнгө авах мөнгөгүй сууж байна. Уг нь малчид малынхаа ашиг шимийг мөнгө болгох нь миний цалинг гэж бодож хямгадаж, өөртөө орлого болгох ёстой. Малын түүхий эдээ төв рүү зөөх биш тухайн орон нутагтаа боловсруулаад, Улаанбаатараас талх чихэр зөөх биш тэндээ бага, дунд хэлбэрээр үйлдвэрлэвэл л хүн бүхэн ажилтай, орлоготой, амьдралтай байж болно. Өнөөдөр бид зүгээр импортлогчид болчхоод байна. Нөгөө талаас бүх хүрээнд олдсоныгоо зөв зарцуулах нь чухал. Хүн боломжтой үедээ юм юманд л мөнгө зарцуулна. Харин боломжгүй үедээ хамгийн эхлээд өлсөхгүй, цангахгүй, өвдөхгүй байх хэрэгцээгээ хангадаг. Үүний араас дараагийн шаардлагад тансаг хэрэглээ нь орно шүү дээ. Энэ л зарчмаар улсын төсвийн тодотгол явах ёстой.

-Хүний идэж уухтай адил нэн чухал шаардлагагүй ямар зарцуулалт төсөвт байна гэж та үзэж байна?

-Шууд нэмүү өртөг үйлдвэрлэхгүй, ажлын байр бий болгохгүй зардлуудыг хойш тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, объектод зориулсан хөрөнгө оруулалтууд байна. Эхэлчихсэн бол ач холбогдлоор нь дугаарлаж түргэн ашиглалтад оруулах мөн нэн даруй шаардлагагүйг нь эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хойш тавих мэтээр ангилах хэрэгтэй. Ер нь бүх хөрөнгө оруулалтыг нэмүү өртөг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй. Төсвийг хэдийгээр УИХ нэг бүрчлэн баталдаг ч олгосон зарцуулалт, хөрөнгийн боломжийг хамгийн сайн хувилбараар ашиглахыг Засгийн газар мэдэх ёстой. Манай УИХ дээр асуудлыг нэг бүрчлэн батлаад байгаа нь сайн юм шиг хэдий ч нөгөө талаасаа ямар хөрөнгө оруулалтыг чухалчлах, хэдийд хэрэгжүүлэх, юунд тулгуурлаж алинаас нь эхлэхийг Засгийн газрын гал тогоонд л илүү их мэддэг, илүү их хариуцлага үүрч зохион байгуулна шүү дээ. Тэгэхээр бид ерөнхий чиглэлээ өгөөд, боломжит хэмжээний зардлыг шаардлагатай хүрээнд зарцуулах нарийвчилсан, хамгийн сайн төлөвлөгөө гаргаад оруулж ир гэсэн босготойгоор төсвийн тодотголыг хэлэлцвэл үр, дүнтэй, зөв зохистой хөрөнгө оруулалт болно.

-Та бас ийм эдийн засгийн өөрчлөлттэй нөхцөлд төрөөс уян хатан бодлого барьж ажиллах хэрэгтэй гэж байсан.Тухайлбал..?

-Тухайлбал, ноолуурын жишээ байна. 35 мянган төгрөгөөс буулгахгүй гээд амлачихсан. Яг үнэн хэрэгтээ дэлхийн зах зээл хямарчхаар ноолуурын тансаг хэрэглээ хомсдоод, үнэ нь уначихсан. Дотооддоо зохицуулалт байхгүй болохоор өнөөх төрийн амлалт ард түмнийхээ амьдралыг уруу нь татчихсан. Тэгэхээр ноолуур экспортлоход хөнгөлөлттэй, эдийн засгийн нөхцөл байдалтай зохицсон, түр хугацааны бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй. Иргэддээ дэмжлэг үзүүлэх, саад болохгүй байх хоёр арга замаар ажиллах ёстой юм. Хүн бүхнийг ажилтай байлгах хөшүүргээр л эдийн засгийн хямралыг давна.

-Санхүүгийн нөхцөл байдал төв, суурин газартаа арай дээр, хөдөө орон нутагт малчин, багш ялгаагүй зээлээс зээлийн хооронд амьдарч байж. Зээл хаагдахаар цагаан сар хийх гэж хэцүүдсэн гэлцэж байв. Таны сонгогчид ч хөдөөнийх болохоор тийм л бэрхшээл ярьж байгаа болов уу?

-Би сая Сангийн сайдад асуулга явууллаа л даа. Монгол Улсын хэмжээнд, бүх арилжааны банкинд байгаа жижиг зээлүүдийн нэгдсэн бүртгэл, мэдээллийг Монгол банкаар дамжуулаад авч үзүүлнэ үү гэж хүссэн юм. Тэр дүнгээс харахаар хямралыг тооцоолоогүй малчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид нэг хэсэг зээл авчихжээ. Тэд бизнесээ явуулдгаараа явуулж, малаа чадлынхаа хэрээр өсгөж, үржил шимийг нь авсан ч өөрсдөөс нь үл хамааран эдийн засаг саатчихсан учраас банкинд зээлээ төлж чадахгүй байна. Тэгэхээр би УИХ-аас тогтоол болгон гаргах төсөл явуулсан. Үүнд, малчин, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төлж чадахгүй байгаа зээлийг төлөх хугацааны нь хувьд сунгая. Тодорхой хугацааны хүүгээс чөлөөлье. Ингэж боломж олгож байж тэд эдийн засгаа босгож, төлбөр төлөх чадвартай болог. Ингэж туслахгүйгээр банк зээлийн мөнгөнийхөө оронд малыг нь хурааж аваад байвал эмзэг бүлгийнхний тоо л нэмэгдэнэ. Эмзэг бүлэгт орчихсон иргэнээ, айл өрхөө босгож авахад банкны зээлийн төлөлтөд нь, бодлого хэрэгжүүлснээс илүү их хохирлыг төр өөрөө л амсана. Энэ хэмжээгээр улс доройтно.

-Та саяхан Шивээхүрэнгийн боомтод ажилласан. Тэндхийн гурван ч нүүрсний уурхай экспортоор нүүрс гаргасны хэрээр нутгийн хөгжилд ихээхэн хөрөнгө оруулах тухай тайлбар бодитой юу. Нэг ч гэсэн аймгийн, хил залгаа хэдэн сумын ард түмний амьдралд нөлөөлөх арга мөн үү гэж л асууж байгаа юм?

-Монгол ийм өргөн уудам нутагтай, асар их баялагтай хэр нь ажилгүйдэлд нэрвэгдчихсэн нь харамсалтай, эмгэнэлтэй. Өөрөөр хэлбэл, бидэнд хийх ажил байгаа юм. Алт, зэсээ боловсруулалгүй, нүүрсээ 50-60 хувийг нь шороотой хольж гаргаж байна. Тэгэхээр эндээс ажлын байр бий болгож байгаа компаниудаа зүгээр л бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа юм. Бодлогоор дэмжинэ гэдэг нь хуулийн хүрээнд эдийн засгаар дэмжих явдал шүү дээ. Мөн бүтээгдэхүүнээ экспортод гаргах дэд бүтцээ хөгжүүлэх хэрэг-тэй. Дэд бүтэцтэй байж бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргана. Дэлхийн зах зээл гэдэг нь зөвхөн өмнөд эсвэл хойд хөрш биш. Тэгэхээр Ази, Европ, далайд гарцтай болох шаардлагатай. Тухайлбал тэр Шивээхүрэнгийн боомтоор гурван том компани нүүрс гаргах гээд үзээд байна. Жилдээ найман сая нүүрс олборлож, экспортлох боломжтой гэсэн. Гэтэл хилийн боомт нь ямар ч техник технологи, хүчин чадалгүй. Тэдний тооцоогоор өдөртөө 150 машин хилээр гарч мөн тооны машин орж ирж байж олборлосон нүүрсээ бүрэн дүүрэн экспортлох юм байна. Тэгэх нь бүү хэл 300 жолоо-чийн бичиг баримтын бүрдлийг үйлдээд нэвтрүүлэх боловсон хүчин, зохион байгуулалтын нөөц бололцоо алга. Ядаж хилээр нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэхээс эхлээд өөрсдөө, бид л хийхгүй, санаачлахгүй бол манай дэд бүтцийг хөгжүүлье гэж хэн ч санаа тавихгүй. Монголын төр өөрөө байгаа баялгаа, та-ваараа дуртай цагтаа хүссэн газар руугаа гаргадаг дэд бүтэцтэй болох нь холын хөгжил рүү хөтлөх зам юм байна. Мэдээж, тэр дэд бүтэц, бүтээн байгуулалтад хамгийн ойр орон нутаг, тэндхийн ард иргэд эхэлж үр шимийг нь хүртэлгүй яахав.

-Засаг төр ийм л бодлого явуулах хэрэгтэй гэж таны ярьж байгаа бүхнийг ажил хэрэг болгохын тулд хамтарсан засагт орсон танай нам ажиллаж чадаж байна уу?

-Энэ засаг, энэ сонгуулийн хугацаа бол Монголын ард түмэн, Монгол Улсын хувьд чухал, түүхэн цаг үе юм. Стратегийн чухал ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлогын түүхэн цаг үеийн өмнө Монгол Улсын Засгийн газар, УИХ тулгарсан. Энэ чухал асуудлыг аль нэг нам олонхи байсан ч дангаараа шийдэж чадахгүй, боломж ч үгүй. Нөгөө талаасаа энэ том бодлогыг хэрэгжүүлэх гэж байхад нь өнөөгийн Монголын улс төрд байгаа хамгийн том хоёр нам хамтарч, ширээний ард сууж ярилцаж, зөвлөлдөх нь хамгийн чухал, үр дүнтэй. Тэрнээс биш цөөнх болж, улс төр хийж, завсарлага авч хурал хаяж цаг алдаж болохгүй. Ингэвэл ард түмэн л хохирно. Хамтрахдаа бид яаж ажиллах ёстойгоо гэрээлсэн. Ингэснээр цөөнх нам эсэргүүцэгч, гацаагчийн биш засагч, дэмжигчийн байр сууринаас ажиллаж байгаа нь улс оронд хэрэгтэй.

-Засаг байгуулахад хамтрах шалтгаанаа улс орон үсрэнгүй хөгжлийн заагт ирчихлээ гэснийг өнөөдөр эдийн засаг яг у наж байсан гэж үнэлж байна. Тэгэхэд зохих арга хэмжээ авсан бол өнөөдөр төсөв хүндрэхгүй, боловсролын салбарынхан шаардлага, мэдэгдэл гаргахгүй, малчдын амьдрал ноолуурын ханшийн уналтыг дагаж доройтохгүй байсан юм биш үү?

-Ер нь солиализмаар замнах гээд үзсэн ч болоогүй учраас сольсон. Зах зээлийн эдийн засгийн зарчмаар монголчууд арав гаруй жил амьдарч байна. Дэлхийн зарим орон 20-30 жил амьдарч байна. Бүгдээрээ зах зээлийн эдийн засаг бас болохгүй байна гэж мэдэрч байна. Гэхдээ социализмыг бодвол бүрмөсөн болохгүй биш юм. Энэ зах зээлийн тогтолцоонд бага, сага гажуудал байна аа, засах зүйл байгааг ямар ч хүчирхэг эдийн засагтай орон харууллаа. Тэгэхээр бид ч манай нөхцөлд ямар гажуудал байгааг цаг хугацааны шаардлагаар мэдэрч, тулгарч, засах хэрэгтэй юм байна. Монгол Улс үсрэнгүй хөгжлийн заагт байсан гэдэг нь харьцангуй ойлголт л доо. Байгалын баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулаад, дэлхийн зах зээлд үнэд хүрээд, ашиг орлого олохоор байлаа. Тэгэхээр тэр үеийг үсрэнгүй хөгжлийн үе гэх нь хаашаа юм. Харин үсрэнгүй хөгжлийн бололцоо бүрдэж байсан үе бол мөн. Тэр үед засаг хам-тарсан. Нөгөө талаасаа хямралыг давах талаар их ярьж байна. Энэ өвчин, ханиад эдгэнэ. Гэхдээ дахиад ийм ханиад тусахгүй байх дархлаатай болж гарах хэрэгтэй. Тэгэхгүй өнөөдөр ханиад хүрчхээд, арай гэж эдгээ-гээд дахиад тав хоногийн дараа ханиалгадаг бол ханиадыг эдгээх ч хэрэгтэй юм уу. Дахиад хямрахгүй байх арга, дархлаатайгаар л энэ хямралаас гарах хэрэгтэй.

-Хямрал, сар шинэ, эмэгтэйчүүдийн баяр гээд одоогоос хагас жилийн өмнөх гунигт явдал, өршөөлийн хууль бүр булшлагдчихлаа. Танай нам ажиллахгүй байгаа юм биш үү?

-Өршөөлийн хуулийг шинэ жилийн өмнө гаргачихъя, чөлөөлөх ёстой хүмүүсийг нь чөлөөлчихье гэсэн саналыг бид их ярьсан. Олон хүүхдийн ард эхчүүд, тэдний сэтгэлзүйн хямрал, уналтыг дагаад олон өрх, гэр бүлийн ахуй амьдрал яваа. Энэ хүмүүсийг он гарахын өмнө элэг бүтэн байлгая гэтэл үнэндээ болоогүй. Бас цагаан сарын өмнө асуудлыг нэг тийш болгоё гэж ч үзсэн. Ер нь бол асуудлыг шийдэхэд үйл явдлыг зохион байгуулалттай гэж тайлбарлах нэг хэсэг байдаг. Тэгвэл зохион байгуулсан хүмүүсийг олж, зохих хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Нөгөө талаас үйл явдлыг сонирхож очоод эсвэл тэр орчимд яваад хилсээр баригдаж, туугдаад, хоригдож, цагдагдсан бол төр нэг удаа онцгой анхаарч шийдэх ёстой. Өмнө Монголд улс төрийн ийм том үймээн, шуугиан гарч байсангүй. Ийм байдал руу түлхсэн, бий болгосон нь бас Монголын төр засгийн буруу. Хүмүүс тийм хэмжээнд бухимдах, сонгуулийн үр дүнг эс зөвшөөрөхөд хүргэсэн нь төрийн буруу юм. Энэ бүхнийг тал талаас нь харж шийдэх ёстой. Шүүх бүх асуудлыг шийдэж дуусаагүй байгаа. Өнөөдөр хүнийг ойлгуулж, ухамсарлуулж, гэмшүүлж асуудлыг шийднэ гэдэг нэг өөр. Тэр хүнийг зохиомлоор гэм буруу-тай болгож, өөр орчинд аваачиж, өс хонзон тээлгэж асуудлыг шийдэж байгаа бол энэ нь ямар уршигтай вэ гэдгийг бодох л хэрэгтэй, Ер нь өнөө-дөр хэрэгт холбогдоод, ял эдлээд гарч ирсэн хүний хэд нь зөв хүний амьдралаар энгийн сайхан явдаг вэ. Өршөөгдөх ёстой хүнийг өршөөх ёстой, суллагдах ёстой хүнийг суллах ёстой. Үнэхээр санаатайгаар бусниулсан хүн байдаг бол зохих шийтгэлийг нь үүрүүлэх ёстой.

-Танай нам Их хурлынхаа товыг зарлалаа. Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрийг даган баясах биш хэлэлцэх, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг их хурал хэрэгжүүлэх ёстой гэх танай намын гишүүн олон байна гэнэ. Бас таныг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэгдэх болсон?

-Би улс төрд, төрд олон жил ажиллалаа. Насны хувьд болзол хангасан байна. Гэхдээ би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд өргөдөл гаргаж, ярилцлага өгч гүйгээгүй ээ, тэгэх ч үгүй. Тэрийг би ч шийддэг асуудал биш. Нам дүрмийнхээ дагуу шийдэж, ямар хүн ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдөх вэ гэдгийг соргог мэдрэх л асуудал. Нэр дэвшигчийг хэрхэн тодруулах бүрэн эрх нь Их хуралд бий. Гэхдээ аль, аль нь л Ардчилсан намын төлөөлөл. Том төлөөллөөс сонгогдсон шат шатны бага төлөөлөл л дөө.

2009 оны 3-р сарын 09, Даваа гариг, Өдрийн сонин

No comments:

Post a Comment