Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Нэг халаасандаа мөнгө хадгалчихаад хүнээс хүүтэйгээр зээлэх гэж үү

Ирэх оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна. Засгийн газар “цоорхойтой” төслөө татан авч, өнгөрсөн долоо хоногт эргүүлэн өргөн барьсан учир төсвийн хэлэлцүүлэг саадгүй үргэлжилж буй юм. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

-Засгийн газар ирэх оны төсвийн төслийг татан аваад буцааж оруулж ирсэн. Орлогыг 227 тэрбум төгрөгөөр нэмжээ. Гишүүдийн шүүмжлээд байсан дутагдлуудыг засаж чадсан болов уу?

-Хүн бүрийн санаанд нийцсэн төсөв боловсруулна гэж байхгүй л дээ. Гэхдээ төсвийн төслийг анх өргөн барьснаа бодвол сайжруулжээ. Боломжтой орлогуудыг дайчилж, эх үүсвэрээ баталгаажуулсан байна. Ажлын байр бий болгох хөрөнгө оруулалтыг шийдсэн нь давуу тал. Мөнгийг халамж хэлбэрээр иргэдэд бэлнээр тарааж, инфляци өсгөхийн оронд Хүний хөгжил сангийн тухай хууль, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд нэлээд хэдэн төгрөг төсөвлөсөн байна. Төсвийн хэмжээ их болсон, үндэслэл сайтай байж, зөв зарцуулахад анхаарах ёстой. УИХ дахин өргөн барьсан төслийг хүлээж аваад намын Бүлгүүд дээр хэлэлцэж байна. Одоо төсөвт ирэх онд болон цаашид хөгжлийн дараа дараагийн тулгуур юу вэ гэдгийг тодорхойлох ёстой. Чили улс зэсийн орлогоор загас, жимс, жимсгэнийн үйлдвэрийг бий болгож, дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэсэн. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унахад эдгээр үйлдвэрлэлийн салбараараа эдийн засгаа аваад явах боломжтой. Манай улс үүний адилаар хөгжлийн бусад салбараа дэмжих учиртай.

-Тухайлбал, ямар салбар уул уурхайн нэгэн адилаар эдийн засгаа авч явах тулгуур болох юм бэ?

-Нефть боловсруулах үйлдвэр барих ёстой. Ийм үйлдвэрийг төр биш хувийн хэвшлийнхэн байгуулна. Мөн дулааны цахилгаан станцууд барьж, эрчим хүч экспортлох асуудлыг шийдэх нь чухал. Нүүрснээс их хэмжээний дулаан ялгарна, үүнийг хэрхэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгохоо ярих хэрэгтэй. Цахилгаан станцыг түшиглэсэн жимс, жимсгэнийн аж ахуй байгуулж болно. Мал аж ахуй, газар тариалангийн салбар байна. Хүн амын 30 гаруй хувь нь малчид. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй. Тиймээс малаас гарсан түүхий эдийг дэлхийн зах зээл дээр борлуулах нөхцөл бүрдүүлэх нь чухал. Малчдын одоо хуримтлагдсан зээлийн хүү 13 орчим тэрбум төгрөг, 40-50 мянган малчинд 60 орчим тэрбум төгрөгийн зээл бий. Зээлийн хүүг тэглэх, цаашид зогсоох, тодорхой хугацааны дараа боломжтой болохоор тэд зээлээ төлөх гэх мэт уян хатан нөхцөл бий болгох хэрэгтэй. Энэ мэтээр шинэ салбар нээж, үйлдвэрлэл бий болгох, одоо байгаагаа тордох талаар төсвийн хэлэлцүүлгийн явцад гишүүд анхаарч байна. Зөвхөн уул уурхай руу хошуурахын оронд бусад салбараа зэрэг хөгжүүлж байж “голланд өвчин”-өөс сэргийлнэ.

-Хүний хөгжил сангийн хөрөнгөөр малчдын зээлийг шийдэх боломжтой гэж Сангийн сайд мэдэгдсэн шүү дээ.

-Өнгөрсөн жил асуулга тавихад Засгийн газар “боломжгүй” гэж байсан юм. Сая Засгийн газрын хуралдаанаар үүнийг шийдсэн. Монголын түүх, өв, соёл, иргэншлийг авч яваа малчдаа төр харж үзэх хэрэгтэй.

-Эхний төсөлд хөрөнгө оруулалтад 76 тэрбум төгрөг хуваарилснаа 532 тэрбум болгож нэмсэн байна. Үүний хэдэн хувийг дэд бүтцийн салбарт зарцуулах вэ?

-Хуучин харьцаанаасаа нэг их нэмэгдээгүй. Гэхдээ энэ салбарт Концессын гэрээгээр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлууд бий, төсвөөс тусдаа ярьж байгаа. Үүнийг нэмбэл 60-70 хувь болно.

-Тавантолгойн урьдчилгаа төлбөрөөс орлого төвлөрүүлэх нь найдваргүй гэсэн шүүмжлэл гарсаар байна. Та үүнийг найдвартай эх үүсвэр гэж үзэж байгаа хэрэг үү. Хөрөнгө оруулалтын гэрээг нь ч өргөн бариагүй байгаа?

-Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийгээгүй учир тэндээс орж ирэх орлогыг тодорхойлох хэцүү. Гэвч байгуулах шаардлагатай, ёстой гэдэг талаас нь авч үзвэл тоо нь тодорхойгүй ч хөрөнгө оруулалтын эх үүсвэр байгаа гэсэн үг. Нөгөө талаас Монголбанкинд их хэмжээний хөрөнгө хуримтлагдсан байгаа. Тэгэхээр гадаадаас өндөр хүүтэй зээл авч, их хэмжээний хүү төлөх үү, үүнээс бага хүүгээр Төв банкинд байгаа мөнгийг Засгийн газрын бонд маягаар авч, дотооддоо хөрөнгө оруулах уу гэдгийг ярих цаг болсон. Энэ талаар УИХ шийдвэр гаргах ёстой. Нэг халаасандаа мөнгө хадгалчихаад хүнээс хүүтэйгээр зээлэх гэж үү. Орлого нэмж төвлөрүүлэх төслүүдийг дэмжих ч хэрэгжүүлэх механизм тал дээр асуудал бий. Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, бүх алтыг Монголбанкинд төвлөрүүлнэ гэж байгаа. Улсын нэг захад таван грамм алт олсон хүн тэндээс яаж Төв банкийг зорих юм бэ. Эндээс л нөгөө хууль бусаар хил гаргах асуудал үүсээд байна. Тиймээс алт худалдаж авдаг дилер бий болгоод тэднээр дамжуулж Төв банк авах санал дэвшүүлсэн. Үүнээс гадна орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх ажлыг үе шаттай хийх ёстой. Захиран зарцуулах тал дээр сургалт, туршлага олгох нь чухал. Тэд төсвөө хэлэлцэж, хэрхэн хуваарилах талаар туршлагатай болж, тодорхой хөрөнгийг орон нутагтаа төвлөрүүлдэг байх ёстой. Энэ бүхнийг шатлалтайгаар хийх цаг болсон. Одоо бол илүү төсөв төвлөрүүлэх сонирхол ч тэнд алга, өгөөж байхгүй учраас.

-Төсвийн төслийг ирэх сарын 1-нээс өмнө батлах ёстой. Одоо хэдхэн хоног үлдлээ. Хугацаандаа амжих нь уу?

-Төсөвтэй холбоотой асуудлаар гишүүд зарчмын хувьд байр суурь нэгдсэн. Төсвийн мөнгийг жижиг сажиг зүйлд гэхээс ажлын байр нэмэгдүүлэх байнгын зүйлд зарцуулах хандлага УИХ-д бий болсон. Ингэснээр төсвийг зөв хуваарилах боломжтой. Тиймээс хугацаандаа батлахад асуудалгүй.

2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, ӨНӨӨДӨР

No comments:

Post a Comment