Sunday 22 April 2012

Д.Очирбат: Үйлдвэрийг нь дэмжиж өгөөгүй, түүнээс биш вакцинхийх санаатай хүмүүс байсан


Манай оронд вакцин үйлдвэрлэх боломж бий юу
А хүрээний H1N1 ханиад манай оронд багагүй балгийг тарьж байгаа билээ. Урьдчилан сэргийлэх бүх төрлийн аргыг хайж байгаа хэдий ч үр дүн тийм ч сайнгүй байгаа. Харин дэлхийн бусад орнууд энэ ханиадны эсрэг вакцин гаргаж авснаа "гайхуулцгааж" байна. Манай орны хувьд вакцин гаргаж авах бололцоо байдаг болов уу. Энэ талаар УИХ дахь эмч гишүүд болон Эрүүл мэндийн сайдаас тус тус тодрууллаа.
Д.ОЧИРБАТ: ҮЙЛДВЭРИЙГ НЬ ДЭМЖИЖ ӨГӨӨГҮЙ, ТҮҮНЭЭС БИШ ВАКЦИНХИЙХ САНААТАЙ ХҮМҮҮС БАЙСАН
Дээр үед манайхан вакцин үйлдвэрлэж байсан гэдэг шүү дээ. Орчин үед ханиадны N1 хүрээний вакциныг хийх бодолтой хүмүүс байдаг юм билээ. Зарим нэг хүмүүс тийм санаа гаргаж байсныг би сонссон. Үйлдвэрийг нь дэмжиж өгөөгүй учир тэдний санаа талаар болсон шиг байгаа юм. Болзошгүй ийм аюул хэзээ ч ирэх учир өөрсдийн үйлдвэртэй болох ёстой гэж боддог.
С.ЛАМБАА: ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЮМ БОЛ ВАКЦИН ХИЙХ БОЛОМЖ БИЙ
Энэ халдварын ханиад Монгол Улсад орж ирсэнтэй холбогдуулаад вакцины асуудал хүн болгоны мэддэг зүйл болж хувирах шиг боллоо. Би олон эрдэмтэн мэргэдтэй уулзсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод гадаадын маш олон хүнтэй энэ тухай ярилцаж байлаа. Мексикт анх энэ ханиад гарангуут л судалж үзсэн. Үнэндээ энэ вакциныг тийм ч богино хугацаанд үйлдвэрлэчихдэг ойлголт байдаггүй юм байна.
Мөн түүнчлэн вакцины асуудалд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхой бодлого барьдаг юм байна. Вакцин хүний дархлааг бий болгодог, бас хүнд асар том гаж нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа их өндөр хяналтад байдаг. Тийм учраас Эрүүл мэндийн яам вакцин оруулаад ирье гэсэн болгонд зөвшөөрөл өгөхгүй байгаа. Халдварт өвчин судлалын төв бүх хяналтыг тавьж байж оруулж ирдэг тогтолцоотой. Ороод ирсэн вакциныг найрлагын хувьд болж байна уу, үгүй юу гэдгийг хийх лабораторийн шинжилгээний, тоног төхөөрөмж манайд байхгүй. Магадгүй хэтрүүлж хэлбэл ус авчраад хийчихсэнийг нь мэдэх боломжгүй гэсэн үг шүү дээ.
Тийм учраас дэлхий ертөнцөд вакцин гэдэг асар том бизнес юм байна бас.
-Малын вакцин үйлдвэрлэж байсан юм чинь хүнийхийг хийх боломж манайд үнэхээр байхгүй гэж үү?
-Би бас сонирхож байгаа. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дээр технологийн шинэчлэл хийгээд зүтгүүлэх юм бол боломж бий. Энэ хүрээлэн нь биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.
Харин биокомбинатын шугам дээр үйлдвэрлэх тухай ойлголт байхгүй. Хүн болон малын вакцин хоёр өөр гэдгийг манай вирус судлаачид инээдэм болгоод л ярих юм байна шүү дээ. Үүнийг төрийн бодлогод авч явах ёстой зүйл. Гэхдээ вакцин гэдэг вирусийнхээ онцлогоос шалтгаалаад байнга өөрчлөгддөг учраас үүнийг нэлээд мөнгөтэй, хөрөнгөтэй орон хийдэг. Нөгөө талаасаа наад зах нь 20 саяас илүү хүнтэй орнууд үүнийг сонирхдог юм байна. Манайх шиг хүн ам цөөнтэй орон вакцин үйлдвэрлээд түүнийгээ эдийн засгийн үр ашиг гэхээсээ илүү хүнээ хамгаална гэж үзэх юм бол цомхон үйлдвэрийн салбарыг байгуулах хүрээнд авч үзэж болно.
-БНХАУ-аас вакцин авна гэсэн, юу болсон бэ?
-Тэд ДЭМБ-аас зөвшөөрөгдөөгүй, өөрсдийн дотоодын хэрэгцээнд зориулсан вакцин үйлдвэрлэсэн учраас өөр оронд нийлүүлэх ямар ч боломжгүй гэсэн хариулт ирүүлсэн.
Ер нь ДЭМБ дөрвөн орны вакциныг л клиникийн туршилт хийгээд хүлээн зөвшөөрсөн байгаа. Үүгээр бол Англи улс манайд вакцинаа нийлүүлэх хуваарьтай. Тэндээс худалдаж авах асуудлыг ярьж байна.
О.Билэгт
2009 оны 11-р сарын 17, Мягмар гариг,  Өдрийн сонин

No comments:

Post a Comment