Thursday 19 April 2012

Г.Батхүү: Хөлд ороогүй байхдаа унасан техникийнхээ мөрөөр дэлхийг тамгалсан

"Өнөөдөр" энэ удаагийн бямбын зочноор УИХ-ын дэд дарга Г.Батхүүг урьж ярилцлаа.

-Таныг хүмүүс улстөрч, бизнесмэн гэдгээр нь мэднэ. Бизнесийн гараагаа яаж эхэлснээ сонирхуулаач?

-Намайг сайн мэдэхгүй хүмүүс тэгж хардаг л даа. Би сургуулиа төгсөж ирээд Авто засварын заводод, 1986-1990 онд Тээврийн яаманд ажилласан. Улс орон зах зээ лийн эдийн засагт шилжээд манай яам татан буугдаж, хөдөлгөөнд орсон. Ингээд л хоёр дүүгээ дагуу лаад Москва-Бээжин хооронд савхин хүрэмнээс эхлээд ганзагын наймаа хийж эхэлсэн дээ. Улмаар “Шунхлай” авто засварын газраа байгуулсан юм. Жил гаруй ажиллаж байтал Дэд бүтцийн хөгжлийн яаманд ажиллах санал ирсэн. 1996 оноос уг яамандаа газрын дарга, дараа нь сайд хийлээ. 2000 онд АН-ын хан “гудамжинд гарах” үед Мэндсайхан, Содномцэрэн, Баттөр бид хэд нийлээд зөвлөгөө өгдөг компани байгуулсан. Удалгүй АПУ компани хувьчлагдахад оролцож, 2004 он хүртэл ажилласан. Амьдралаа харахаар би 6-7 жил л бизнес хийсэн, төрийн албанд 20 гаруй жил ажилласан байна. 1990 оны эхээр манай яам татан буугдчихаад, ажилгүй болсон байсан үе. Үнэндээ бизнес хийе гэж бодоогүй байлаа. Нэг удаа дүүгээ гаргаж өгөх гээд нисэх дээр очсон. Тэр үед паспортонд цагаан хуудас дагуулдаг байсан юм. Дүү тэрийгээ мартчихсан, хэдэн найз нь явах гээд байдаг. Тэгээд оронд нь би ямар ч бэлтгэлгүйгээр анх удаа Бээжин рүү ганзагын наймаанд явсан.

Тэгсэн хийж болмоор санагдсан. Ингээд хоёр жил гаруй наймаа хийгээд цуглуулсан мөнгөөрөө “Шунхлай” авто засварын газраа байгуулсан. Тол гойтод байсан авто сургуулийн нэг гараашийг түрээслээд хоёр найзтайгаа машин засаж эхэлсэн. Аль болох сүүлийн үеийн бу даг, технологи ашиглаж, чанартай хийхийг зорьсон. Сүүлдээ өөрөө хийхээ больж, ажилчидтай болж өргөжсөн юм. Уулзсан, хамтарч ажиллаж байсан хүнтэйгээ хэзээ нэгэн цагт эргээд уулзахад нүүр бардам байхыг хичээдэг.

-Тэр үед машин, авто засварын газрын аль аль нь цөөн байсан биз. Та тухайн үедээ томчуудын машиныг хэр засаж байв?

-Халимагийн хөрөнгө оруулалттай нэг л засварын газар байсан. Тэр үед ЭСЯ-ныхан, өндөр албан тушаалтай хү- мүүс л машинтай байлаа. Тө рийн байгууллагуудын ма ши ныг нэлээд зассан даа. АПУ компанитай холбогдсон түүхийн тухайд тэр үед АНУ-д сурах гээд виз гарчихсан байсан. Тэгтэл АПУ хувьчлагдаад, манай дүү гүйцэтгэх захирлаар нь ажиллаач гэсэн. Ингээд АНУ явж хэл сурч, мастер хамгаалахаа хойш тавьсан юм. Бид энэ үйлдвэрт технологийн шинэчлэл сайн хийсэн. Архийг хүмүүс идээний дээж, эсвэл муу муухай зүйл гээд л ярьдаг. Гол нь чанартай бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх нь чухал шүү дээ.

-Та өөрөө АПУ-гийн бүтээгдэхүүнийг хэр хэрэглэдэг вэ?

-Баяр ёслолоор архи тохируулж хэрэглэнэ. Шар айраг огт уудаггүй. Хүмүүс АПУ-г минийх гэж бодоод байдаг юм. Энэ бол олон хувьцаа эзэмшигчтэй компани.

-Таныг нийгмийн сайн сайхны төлөөх ажлыг дэмж дэг гэж УИХ-ын цахим хуудас дахь намтарт чинь тодорхойлсон байна лээ. Нэлээд хэдэн төрийн бус байгууллагыг тэргүүлдэг гэсэн байх аа?

-Авто машин, мотоциклийн спортын холбооны тэргүү нээр 12 дахь жилдээ ажиллаж байна. Дэлхийн автомашин, мотоцик лийн холбооны ги шүүн байгууллага л даа. Зах зээлийн хүнд нөхцөлд өндөр өртөгтэй техник ашигладаг, шатахуун их зарцуулдаг энэ спортын хөгжил зогсонги байлаа. Тиймээс бид байгуул лага, компаниудыг татан оролцуулж, энэ төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг болсон. Сүүлдээ нөгөө компа ниуд ийм тэмцээнээ ивээн тэтгэж, клуб байгуулж, та мир чин бэлтгэж эхэлсэн. Одоо манай тамирчид олон улсын тэмцээнд амжилт гаргаж байна. Гурван жилийн өмнө Азийн мотоциклийн бартаат замын уралдааныг Монголд зохион байгуулсан. Энэ оны зургаадугаар сард Азийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдааныг дахин эх орондоо хийнэ. Уг спорт Мон голд хөгжиж байгааг Азийн болон дэлхийн холбоо хүлээн зөвшөөрч, манай улсад тэмцээнээ зохион байгуулахыг дэмжсэн. Олон улсын холын болон ойрын зайн тэмцээнийг ч хамтарч зохион байгуулж байгаа. Энэ бол эр зоригийн спорт. Мөн бие бялдраас гадна оюун ухааныг жигд хөгжүүлдэг. Үүнээс гадна Монголын авто тээвэрчдийн нэгдсэн, Монголын авто сургуулиудын, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгчийн албатай. Эрдэмтэд, машин үйлд вэр лэгчидтэй хамтарч ажилладаг. Техникийн эд ангиудыг эх орондоо үйлдвэрлэж, гадагш нь гаргах, эх орондоо машин үйлдвэрлэдэг болгохыг зорьж байна.

-Автобус, троллейбусыг монголчууд хийсэн. Харин суудлын машин хийсэн туршлага байдаг юм уу?

-Цахилгаанаар ажилладаг суудлын авто машин хийж туршсан. Энгийн залгуурт найман цаг залгаж цэнэглэхэд хот дотор бүтэн өдөр явах хүчин чадалтай. Олноор нь үйлдвэрлэх талаар туршилт хийж байгаа. Байгаль экологид ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй унаа болно. Мөн Японы машин үйлдвэрлэгч компаниуд, бүс нутагтай холбооныхоо хүрээнд хамтрахаар төлөвлөж байна. Тэнд үйлдвэрлэхэд өндөр өртөгтэйгардаг техникийн зарим эд ангийг Монголд үйлдвэрлэж, тэнд угсрах юм. Дотоодын компаниудтайгаа хамтраад ажлаа хувааж аваад хийх талаар зохион байгуулж байна.

-Эр хүний чимэг нь унаа байдаг. Та хэдэн машин, мотоцикльтой вэ. Таныг бас машин, техник засах хообийтой гэж сонссон. Мэргэжилтэй чинь холбоотой сонирхол уу?

-Өдөр тутмын хэрэгцээний 2-3 машин бий. Бас хуучны хэдэн машин байдаг. Цуглуулаад, эд ангийг нь сэлбэж, засах дуртай. Хөдөө аялах зориулалттай, 20 хүний багтаамжтай, дотроо гал тогоо гэх мэт бүх юмтай явуулын машин хийсэн. Одоо байнга унадаг. Би жолооч хүний хүүхэд, тээврийн мэргэжилтэй. Тэгэхээр энэ бол миний мэргэжлийн хообий юм л даа. “Газ-66” гээд байлдааны, туулах чадвар өндөртэй машин байдаг. Гэвч хурд муутай, бас 100 км-т 40-50 литр шатахуун зарцуулдаг. Уг машинд японы дизель хөдөлгүүр суурилуулаад 100 км-т 20-25 литр шатахуун зарцуулдаг болгож, хүчин чадлыг нь 1.5 дахин нэмэгдүүлж зассан. Сүүлийн 5-6 жил энэ машинаа ашиглаж байгаа. Гэхдээ ажлын ачаалал их учир зав тэр бүр гарахгүй юм. Айлын хашаанд, энд тэнд орхигдсон 1920-иод оны үеийн машин, сэлбэгийг цуглуулдаг. “Газ- 53”, “Газ-51” зэрэг машиныг сэргээсэн. Өвөрхангай аймгийн Баянтээгт явж байхад нэг хөгшин “Манай өвгөний барьж байсан “Газ-51” машин хашаанд маань бий. Дугуй ч байхгүй, төмөр авдаг газар байвал 350 мянган төгрөгөөр өгчих юмсан” гэж ярьсан юм. Тэгэхээр нь худалдаж аваад Улаанбаатарт авчирч, энд тэндээс сэлбэгийг нь цуглуулаад үйлдвэрээс гарахдаа ямар байсан тэр хэмжээнд нь сэргээсэн. Хуучны машины эд анги олдохгүй нь хэцүү, түүнээс нэг их үнэтэй биш. Эд анги нь аль нэг айлын амбаарт л хэвтэж байдаг учраас нэлээд сураглаж байж олж авдаг юм. Ер нь багаасаа л техник сонирхож өссөн. Хөлд ороогүй байхад өвөө маань гурван дугуйтай унадаг дугуй авч өгсөн юм билээ. Тэгээд намайг “Хөлд ороогүй байхдаа унасан техникийнхээ мөрөөр дэлхийг тамгалсан хүүхэд шүү” гэж хэлдэг байсан юм. Багадаа бие томтой байсан. Тиймээс дөрөвдүгээр анги төгсөөд л аавынхаа мотоциклийг унасан. Тэгж л техниктэй найзалсан даа. Аав минь “Монгол транс”-ын анхны жолооч байсан. Ээжийн минь ах нар ч жолооч байлаа. Машины кабинд л өссөн, үнэр нь сайхан санагддаг. Хөдөө гараад машинтай явахаар сэтгэлийн таашаал авдаг. Өссөн орчин, мэргэжил гээд л бүх талаараа техниктэй холбогдсон хүн.

-Техникээс гадна нохой сонирхдог гэсэн. Нохойг хүний үнэнч анд гэдэг дээ?

-Багаасаа нохойнд хайртай хүүхэд байсан. Ундаа, архины шилийг аген тад өгөөд оронд нь нэг лааз молоко авна. Тэрийгээ өөрөө ч идэхгүй, гудамжнаас олж, аав ээжээсээ нуун тэжээж буй нохойндоо өгдөг байлаа. Голдуу цэвэр монгол нохой тэжээдэг. Гөлгийг нь найз нөхөд, малчдад өгдөг юм. Монгол нохой төвдийн нохойноос гаралтай. Анд авч явдаг нь ч бий. Нэг хэсэг гайгүй сайн тэжээдэг байсан, одоо цаг завгүй болсон, өөрөө оролцож чадахгүй болохоор хүмүүст тараагаад цөөхөн нь үлджээ.

-Ан сонирхож, малгайн үс үргээдэг юм байна. Хамгийн сүүлд хэзээ ан хийв?

-Яаж зүгээр байх вэ. Голдуу чоно, гахайн анд явна. Агнахдаа биш процесс нь сайхан. Ууланд морь унаад, тодорхой зорилго тавиад явахаар гоё. Хээр хоноод, цасан дээр унтаад явахаар бидэн шиг оюуны ачаалалтай ажилладаг хүмүүст сайхан амралт болдог. Түүнээс бааранд сууж, биллиард тоглох нь амралт биш гэж боддог.

-“Толин хул” гээд хүн бүрийн мэддэг дууны үгийг та зохиосон. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

-Саяхан “Монгол” гэдэг дуу хийснийг маань “Классик жем”-д дуулж байсан хоёр залуу дуулсан. Ойрын үед энэ дуугаа дүрсжүүлэх санаатай байна. Дууны хэд хэдэн шүлэг бий, үүнийгээ эмхтгээд нэг ном гаргадаг юм уу гэж бодож байгаа. “Толин хул”-ыг 2002 оноос хойш наадам, баяраар, монгол хүн омогшихоороо дуулдаг болсонд баярладаг. Ер нь хүмүүс монгол хэлээ сайн мэддэг байгаасай гэж бодох юм. Багаасаа гадаадад явсан, монгол хэлээ сайн мэдэхгүй, монгол сэтгэхүйгүй залуус одоо яам, Тамгын газарт их ажиллах болжээ. Ийм байж болохгүй. Би гурван хүүхэдтэй. Тэднийгээ ч энэ л сэтгэхүйгээр хүмүүжүүлсэн.

Нийтлэлч
С.Туул
Эх сурвалж
Өнөөдөр сонин

2012 оны 4-р сарын 09, Даваа гариг

No comments:

Post a Comment