Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Хүүхдийн эмнэлэг барих газар олддоггүй юм байна

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Хоёр нам холимог хувилбарыг сонгох болсон талаар байр сууриа илэрхийлсэн. Таны хувьд пропорциональ системийг илүү дэмжиж байсан байх аа?

-Миний хувьд олонхийн шийдвэрээр гарсан тэр хувилбарыг дэмжиж байгаа. Сонгуулийн тухай хуулиас хамаарч улс орны эдийн засаг, хууль хэрэгжих шатанд хүндрэлтэй асуудлууд гардаг. Жишээ нь, тойргуудын тэрбум төгрөг 76-ын тэрбум гэдэг нэртэй болсон байх жишээтэй. Хөрөнгө оруулалтын асуудал байна. Суурь хууль нь буруу байгаагаас болж хүндрэлтэй асуудлууд бий болоод байгаа юм. Аль болох порпорциональ хэлбэрээр явах нь зүйтэй. Дан пропорцниональ уу, эсвэл холимог байх уу гэдэг нь хоёр дахь асуудал. Гэхдээ пропорцианоль тогтолцоо орж байж сонгууль эрүүлжинэ. Түүнээс биш “Би УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох уу, үгүй юу гэдгээсээ илүү Монголд хамгийн эрүүл сонгуулийн систем бий болох ёстой.

-Гишүүд өөрийгөө дахин сонгогдох боломжийг л тэргүүнд тавьдаг. Үүнийг пропорциональ тогтолцоо халж чадна гэж үү?

-Одоогийн тогтолцоо нь гишүүдийг тойргийн сонгогчидтой нь уячихдаг гажуудал бий. УИХ-ын гишүүн гэх мөртлөө нийслэлийн ИТХ-ын системтэй ялгаагүй байдлаар сонгогддог. Улаанбаатараас дөрвөн депутат сонгогдож байна. “Дүүргийн гишүүнээр юу байна” гэж тоглох ч бий. Дүүргээс л сонгогдсон биз дээ. Гэхдээ УИХ-ын гишүүн сэтэртэй. Пропорционалийн аль нэг төрөл ороод ирэх юм бол аль болох эрүүл, том хөгжлийн асуудал, улс орны ирээдүйг харсан шийдвэрүүд гарах илүү магадлалтай. Миний тойрог яах бол, ингэчихвэл сонгогчид намайг юу гэх бол, манай тойргийн хөрөнгө оруулалт уначих болов уу гэхээс цааш хардаггүй. Хэрэв пропорциональ болчихвол гишүүд улс орны хэмжээнд сэтгэх боломж нь бүрдэх юм. Монгол Улс ч хөгжинө. Магадгүй эрсдэл гарах л байх. Асуудлыг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй л байх. Гэхдээ л хөгжлийн чиг хандлага руу чиглэсэн шийдвэр гарч чадах юм. Бусад орны туршлагыг харж байхад ч пропорцианоль системээр л явж байна.

-Нэг үгээр жалга довны асуудал байхгүй болно гэж ойлгож болох уу?

-Уул уурхайн орд газруудтай орон нутгуудыг хар л даа. Тухайн тойргоос гарсан гишүүн бүс нутгийнхаа л асуудлыг ярьдаг. Түүний сонгогдсон бүс нутагт Тавантолгой, Төмөртийн орд ямар ашигтай байх вэ гэдэг талаас нь асуудалд ханддаг. Харин Монгол Улсын хөгжилд хэрхэн нөлөөлөх бол гэдэг нь хоёр дахь асуудал болж хувирах жишээтэй. Ингэж асуудалд хандаж болохгүй. Би нэгэнт л УИХ-ын гишүүн учраас Сэлэнгэ, Булган гээд бүхий л аймгийн асуудал минийх байдаг хэлбэр рүү шилжих нь зүйтэй.

-Босго онооны хувьд долоо гэж тогтоох нь хэр оновчтой юм бол?

-Оруулж ирсэн саналыг дэмжиж байгаа. Долоо гэдэг боломжит хувилбар.

-50 мандатын тухайд хүн, нам хоёрын алийг нь дугуйлах вэ гэдэг Сонгуулийн хуулийг гацаах асууд лын нэг болоод байна. Таны хувьд аль нь зөв хувилбар юм бэ?

-Сонгох хэлбэрт 26 тойрог дээр нам болгоноос нэг, нэг хүн нэр дэвшнэ. Тухайн авсан оноогоороо намын нийт суудлын тоо гарах юм. 26-д ялсан хүн мэдээж шууд орно. Тэр хүний авсан оноогоор аль намаас хэдэн хүн УИХ-д орох нь шийдэгдэнэ. Үүний хажуугаар хуучин 76 тойрогоор нь намууд гишүүнийхээ нэрийг дэвшүүлж, намын доторх рейтингээ гаргах юм. Үндсэн хуулийн зарчмаар хүнд саналаа өгнө гэсний дагуу. Улмаар ард түмний өгсөн саналын дагуу нам жагсаалтаа гаргаж УИХ-д оруулж ирэх юм. Тэгвэл олон жил парламентад суусан, алдар цол албан тушаалаараа сонгогдох бус. Харин ард түмэн хэнийг илүү дэмжиж байгаагаар тодорхойлогдох юм. Түүнд маргах юм байхгүй. Миний өмнө шинэ хүн ороод ирвэл ард түмэн түүнийг сонголоо л гэж үзэх хэрэгтэй. Мэдээж би суудлаа тавьж өгөх нь зүйтэй.

-26-д унасан хүн яагаад 50-д дахин сонгогдох эрхтэй гэж. АН-ын тавьсан энэ шийдвэрийг МАХН дэмжих гүй байгаа шүү дээ?

-Тухайн нам дотроо хамгийн өндөр рейтингтэй 26 хүн мажоритор системээр ард түм нээс сонгогдоно. Гэтэл тухайн тойрог дээр нөгөө намын рейтинг өндөртэй хүнтэй өрсөлдөөд уначихвал намынхаа жагсаалтад орох нь зүйтэй биз дээ. Нам дотроо эхний 26-д орсон хүн 50-даа багтах зөв. Тэгэхгүй бол 26-д нэрээ дэвшүүлэх хүн олдохгүй биз дээ. “Өөрөө явж, явчихаад нөгөө намын өндөр рейтингтэй хүнд унаснаас зүгээр сууж байгаад намынхаа жагсаалтаар 50-д орчихъё” гээд хөдлөх хүн байхгүй болно. Энэ нь ч тэдний хувьд гараад ирэх магадлал өндөр болох учраас. Иймд 50-д оруулдаг байх хэрэгтэй. Гэхдээ тойрогт авсан саналаар нь оруулах ёстой. Ард түмэн намаа төлөөлсөн хүнд нь ч, нам төлөөлөөгүй гуравт нь ч саналаа өгнө. Ялгаа нь нам төлөөлж орсон хүн нь намынхаа ерөнхий ретинг гаргана. Нөгөөдүүл нь нам доторх жагсаалтад орох хувиа авч ирэх юм.

-Хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг батлаж байж завсарлана гэж байсан ч хойшлуулсан. Хугацааны хувьд хоцрох асуудал бий юу?

-Цаг хугацааны хувьд яарах хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаас асуудлыг тухтай судлах хэрэгтэй. Улс орон цаашдаа хэрхэн хөгжих вэ, ямар шийдвэрээр явах хандлага чиглэлийг тодорхойлох учиртай. Иймд хаврын чуулганы сүүлээр энэ асуудлыг оруулсан. Зуны цагт ажлын хэсэг хангалттай ажиллана. Ингээд намрын чуулганаар асуудлыг тодорхой болгож оруулж ирэх юм.

УИХ-Д “НОГООН БҮЛЭГ” ГЭЖ БАЙХГҮЙ

-Парламентын шинэ ордны зураг төсөл хэдийн бэлэн болсон. Тав, зургаан газар яригдаж байсан ч яагаад заавал нийслэлдээ ганц цэцэрлэгт хүрээлэнд барихаар шийдвэрлэсэн юм бэ. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд тайлбар өгөөч?

-Парламентын ордныг барих ёстой. Өнөөдрийн энэ барилга гурван өөр барилгын нэгдэл шүү дээ. Өндөр байшин дээрээс харвал зарим нь модон хучлагатай байх жишээтэй. Хойд талын хэсэг нь өргөтгөл. Газар хөдлөлтөд тэсвэргүй. Ийм барилгад олон жил Засгийн газар, парламент үйл ажиллагаа явуулсаар ирсэн шүү дээ. Багтаамж муутай. Ганц цонхтой жижиг өрөөнд дөрвөн ч туслах сууж байгаа. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх нь мэдээж. Мөн барилга ямар ч агааржуулалтгүй. Ийм өрөөнд хүмүүс олон жил сууж ажилласнаар ажилчдын эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ. Нөгөө талаас гурван давхрын коридорт УИХ-ын чуулганы хуралдаан зохион байгуулах алба суудаг. Тэднийг багтаах өрөө тасалгаа байхгүй. Хүний эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд ажил хөдөлмөр явуулах нь хэр зохимжтой байдаг бол. Энэ мэт олон асуудал бий. Түүнчлэн хүн мөнгө өгье гэж байхад үүнийг хойшлуулаад байх хэрэг байна уу. Парламентын ордон гэхээсээ илүү төрийн инстут ажиллах юм. Мөн УИХ-ын гишүүд стандартын жижиг өрөөнд ажлаа хийнэ. Харин таван гишүүний дунд нэг уулзалтын өрөө гаргах юм. Одоогоор жижүүрийн хажууд хүнтэй уулздаг шүү дээ. Туслахуудын өрөө ч норм, стандартын дагуу байна. Авто машины хоёр давхар зогсоол газар доор хийнэ.

-Төрийн ордонд бүртгэлтэй хэчнээн авто машин байдаг юм бэ?

-Төрийн ордонд орох зөвшөөрөл авсан 700 гаруй машин байдаг. Үүнээс ордонд ажиллаж байгаа хүмүүсийнх нь 300 гаруй бий. Тэглээ гээд “Ямар чи машинаа битгий унаж ир” гэлтэй биш. Тийм учраас газар доор хоёр давхар автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэх юм. Одоогийн Засгийн газрын ордны хоёр талаар байгаа автомашины зогсоолын 50 хувийг зүлэгжүүлж ногоон байгууламж байгуулж мод тарина. Өвөл цонх онгойлгох арга байдаггүй юм. Хүйтэнд олон машин зогсооход халаачихдаг. Тэгэхээр машины угаар маш их орж ирнэ. Хамгаалалт талаасаа хяналтын камер суурилуулна. Янз бүрийн тэсэрч дэлбэрэх бодис, аюулгүй байдалд нөлөөлөх эд зүйлс тээсэн машин байж болзошгүй гэдэг талаас нь харах боломжтой болох юм. Мөн хуучин ордонтойгоо холбосон гүүр байна.

-Хойд талын ногоон байгууламжийг шилжүүлж суулгана гэсэн үг үү?

-Ногоон цэцэрлэгт байгууламж нэг давхартаа хэвээр байна. Харин ч бүр нэмж усан оргилуур бий болгоно. Иргэд чөлөөтэй орж гарах боломжтой. Хоёрдугаар давхраас парламентын үйл ажиллагаа явуулах оффис эхлэх юм. Мөн нисдэг тэрэгний буудалтай. Дэлхийн нийтийн жишгийн дагуу баригдах юм.

-Төрийн ордны ойролцоо газар олгох эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг болж байгаа гэл үү?

-Хууль гаргахаар төлөвлөж байна. Ордны ойролцоох хэдэн метр газрыг зөвхөн Засгийн газрын шийдвэрээр олгодог болох юм.

-Хэдэн метр доторх газрын юм бэ?

-Хэмжээг нь нарийн тогтоогоогүй байна. Хууль гаргахгүй бол Төрийн ордныг тойроод л барилга, байгууламж сүндэрлэх боллоо. Иймд тухайн барилгын архитектор, төлөвлөлт, хэдэн давхар, ямар дизайнтай байх вэ гэдгийг нэгдсэн журмаар шийдвэрлэх юм.

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Тагнуулын ерөнхий газрын барилга актлагдсан гэсэн шүү дээ. Тэр газар шинэ парламентын ордныг барьж болоогүй юм уу?

-Тухайн барилгуудыг актлаад буулгахаар хөрөнгө мөнгө нь төсөвлөгдсөн. Үүнийг буулгахаар энд барилга барихгүй. Газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн бий болгох юм. Тус суурин дээр сайн, муу зүйл их л болсон шүү дээ. Хэлмэгдүүлэлт хүртэл болж байсан. Иймд цэцэрлэгт байгууламж барьж, Парламентын нэрэмжит ч болгодог юм уу. Нийслэлийн төв хэсэгт ногоон байгууламж барихаар төлөвлөөд байгаа нь энэ.

-Төрийн ордны хойд саадыг шинэчлэх асуудал яригдаж байсан. Энэ юу болсон бэ?

-Парламентын ордон барьснаар ногоон байгууламж одоо байгаагаасаа нэмэгдэнэ. Нэг хүндрэл нь Ерөнхий гентерлогчийн дүгнэлтээр хойд цэцэрлэгт хүрээлэнд байгаа зарим бут, сөөг 60- 70 жил болчихсон. Өөрөөр хэлбэл, хөгширсөн байна гэсэн. Хоёрт, замбараагүй мод, бут сөөг суулгасан гэсэн дүгнэлт гарсан. Дарга бүр нэг мод суулгадаг байсан ч биш үү. Нэгдсэн төлөвлөөгүй тарьсан учраас шинэчлэх хэрэгтэй болоод байгаа юм. Иймд залуу мод төлөвлөлттэй тарихаар болоод байгаа. Ямар модыг хотын төвд тарьвал хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх, ургалт нь хэр байх талаар судалгаа явуулж байгаа.

-Гүйцэтгэгч компани шалгарчихсан уу?

-Ажлын хэсгийн ажил сайн явж байгаа. Засгийн газрын ажлын хэсэг Кувейтын талтай хамтраад гүйцэтгэгчийг шалгаруулсан гэсэн.

-“Ногоон бүлэг”-ийнхэн эсэргүүцэж 21 гишүүний гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн шүү дээ. Тэдэнтэй хэрхэн зөвшилцөх вэ?

-С.Оюун даргын бланк дээр “Ногоон бүлэг”-ийн ахлагч гэсэн гарын үсэгтэй 21 гишүүний гарын үсэг бүхий албан бичиг ирсэн. УИХ-д “Ногоон бүлэг” гэж байхгүй. МАХН, АН-ын гэсэн хоёр л бүлэг бий.

-Тэгэхээр “Ногоон бүлэг” хууль бус гэсэн үг үү?

-Нэгд, “Ногоон бүлэг” гэсэн албан ёсны бүлэг байхгүй. Хоёрт, гишүүний бланкан дээр бүлгийн дарга гэж бичдэггүй. УИХ-ын бланкан дээр бичнэ. Эсвэл Монгол Улсын Их хурлын “Ногоон бүлэг” гэсэн албан бланкан дээр бичигдсэн байх ёстой. Хуулийн дагуу 21 гишүүний гарын үсэг албан ёсных биш.

-Тэгвэл эсэргүүцсэн гишүүдийн гарын үсэг хүчин гүй болсон гэж ойлгож болох уу?

-Гарын үсэг зурсан гишүүдийн олонхтой нь ажлын хэсэг уулзсан. Ихэнх нь асуудлыг ойлгож байгаа. Ногоон байгууламжаа хамгаалъя гэдэг дээр бүгд л санал нэг. Би ч гэсэн тэдний л нэг. Гол нь асуудлынхаа учрыг олохгүй гарын үсэг зурсан олон гишүүн бий. Иймээс асуудлаа ойлгож зарим нь албан бичгээр нэрээ татаж авсан.

-Асуудал 100 хувь дэмжигдсэн. Ордон барихад асуудалгүй болсон гэсэн үг үү?

-Ямар ч асуудлыг 100 хувийн саналаар дэмжинэ гэж байхгүй. Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгэхээр шийдвэр гарчихсан гэсэн үг. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэхгүй шүү дээ. Тэгэхээр байгаа шийдвэрийнхээ хүрээнд л шийдвэрлэхээс биш. Бүлгийн ганц, хоёр гишүүн татгалзлаа гээд болих асуудал байхгүй. Шаардлагатай гэвэл Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хэлэлцэж болно. Гэхдээ тэгэх шаардлагагүй байх. Нэгэнт шийдвэр гарчихсан.

-Хөрөнгийн хэмжээ тодорхойлогдсон уу. Хэдий хэр хэмжээний өртгөөр парламентын ордон босох юм бол?

-Кувейтын тал эхний ээлжинд 30 сая ам.доллар гэж амласан. Тэр мөнгийг өмнөх УИХ хэрэгжүүлж чадаагүй хүчингүй болгосон юм. Асуудал дахин тавьсан. Ингэхдээ гурван асуудал тавиад байгаа.

-Кувейтын талаас өгсөн 30 сая ам.доллар хүрэлцэнэ гэж үү?

-Хүрэлцэхгүй гэдгийг тэдний талд тавьсан. Кувейтын талаас ажлын хэсгийн гаргасан саналыг хүлээж авч, шаардлагатай хөрөнгийг гаргана гэдгээ мэдэгдсэн. Мөн дотор нь тавих тавилга, тоног төхөөрөмжтэй нь шийдэж өгнө гэсэн. Эцсийн дүн одоогоор гараагүй байна.

-Барилгын ажил есд үгээр сард эхэлнэ гэж байсан. Парламентын ордон барих газар хөрсний ус ихтэй гэдэг шүү дээ?

-Хөрсний ус ихтэй. Улирлыг нь тааруулж ажлаа хийхгүй бол болохгүй. Намар хөрсний ус тасархаар газар доорх ажлаа хийх юм. Газар доор хоёр давхар авто машины зогсоол барих гээд байгаа шүү дээ. Эсвэл хавар хөрсний ус идэвхжихээс өмнө ажлаа амжуулах төлөвлөгөөтэй байгаа. Аль нь илүү байх вэ гэдгийг шийдэх байх.

-Хэдэн онд ашиглалтад орох юм бэ. Энэ парламент орж чадах болов уу?

-Бариад эхэлчихвэл хоёр жилийн хугацаа гэж төлөвлөсөн . Дараагийн УИХ тангараг өргөж арай л амжихгүй байх. Ямар ч байсан дараагийн УИХ-ын эхний жил ашиглалтад орчих байх.

-Кувейт улсаар бариулах хүүхдийн эмнэлэг, номын сангийн асуудал юу болсон бэ?

-Парламентын ордноо дарааллынхаа дагуу барьчих гэсэн. Тэгээд хүүхдийн эмнэлэг, номын сан барьж болох юм гэсэн хариу ирүүлээд байгаа. Кувейтын сангийн Азийн хариуцсан газрын даргад Засгийн газар албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Туслахыг зөвшөөрсөн боловч эхлээд газраа шийдчих гэсэн. Тэгэхгүй бол парламентын ордон барих газар олдоогүй буцсан шигээ асуудал үүснэ гэсэн л дээ. Иймд баталгаатай газраа шийдчихээд эргэж асуудлыг тавихаар болсон.

-Газраа шийдвэрлэсэн юм уу?

-Хүүхдийн эмнэлэгийн газрын асуудлаар Эрүүл мэндийн яаманд албан ёсоор бичгээ өгсөн. Үнэнийг хэлэхэд эмнэлэг барих газар олдоггүй юм байна. Эмнэлгийн лобби хүмүүс хийдэггүй. Харин оффис, үйлчилгээний газар барих болохоор газрыг яаж ийгээд л олчихдог юм байна. Номын сангийн тухайд хуучин номын сан байх уу, буулгах уу гэдгийг ярьж байна. Барилга дээр мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гарна. Цаашид ашиглагдах боломжтой гэвэл номын сан, эсвэл өөр зориулалтаар ашиглах боломжтой болох юм. Барилга нь муудчихсан байвал суурин дээр нь барина.

Л.Нинжсэмжид

2010 оны 8-р сарын 13, Баасан гариг, Нийгмийн толь

No comments:

Post a Comment