Sunday 22 April 2012

Д.Очирбат: Эрүүл мэндийн салбарын алдагдсан бодлогыг засч, хуульд маш зөв өөрчлөлт орууллаа


-Залуу эмч нарыг хуулиар дарамталж, хүсээгүй байхад нь "цөллөгт" явуулах буруу-
УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх үед гишүүд дадлагажигч эмчийн талаар нэлээд маргалдлаа. Эмч мэргэжилтэй хүний хувьд энэ нэмэлтийг дэмжиж байсан уу, эсвэл...?
-Шуудхан хэлэхэд, эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсан. Сүүлийн үед Эрүүл мэндийн яамыг мэргэжлийн бус хүмүүс удирддаг болсон. Тиймээс боловсон хүчний, эмнэлгийн үйлчилгээний бодлого шат, шатандаа алдагдсан гэж би боддог. Харин сая Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулж, алдагдсан бодлогын нэг хэсгийг нь засч, маш зөв өөрчлөлт хийлээ.
-Мэргэжлийн бус сайд нар энэ салбарын аль шатанд бодлогын ямар алдаа гаргав. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулахаас өмнө Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд зургаан жил суралцаж, төгссөн эмч хүн эмчлэх эрхгүй байсан. Тэгсэн хэрнээ сум, өрхийн эмнэлэгт хоёр жил дадлагажигч эмчээр ажилладаг тогтолцоотой байлаа. Өөрөөр хэлбэл, тэднийг албадан шаардаж, цөллөгт явуулж байна гэсэн үг. Гэтэл энэ нь дөнгөж сургуулиа төгсөөд ажиллах эрч хүчтэй байсан залуу эмч нарын зүрхийг үхүүлж, залхаан цээрлүүлж байгаагаас ялгаагүй. Түүнчлэн цаашид сурч, боловсрох эрхийг нь хоёр жилээр хязгаарлаж байсан. Үүнээс гадна Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг уламжлалт анагаах, эмчилгээ, шүд, эрүү нүүрний, эрүүл ахуйч, спортын анагаах ухааны чиглэлээр төгсдөг. Гэтэл төгсөгчид нь ерөнхий эмчийн диплом аваад хөдөө дадлагажигч эмчээр явж байна. Спортын анагаах ухааныг судалж байсан хүн суманд дадлагажигч эмчээр очиход гэнэт эх төрөх болбол яах вэ. Тэр хүн эх, ураг хоёрыг эрүүл саруул амаржуулж чадах уу. Энэ чинь эмч мэргэжилгүй хүн Эрүүл мэндийн яамыг удирдаж, алдаатай бодлого боловсруулж байгаагийн наад захын жишээ юм.
-Эмчлэх эрхгүй эмчийг сумын эмнэлэгг хоёр жил дадлагажигч нэрийн дор дахин сургаж байгаад орон нутгийнхан нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Суманд амьдардаг хүмүүс туршилтын туулай юм уу гээд л?
-Тэгэлгүй яах юм бэ. Тэр тусмаа хөдөө, суманд боловсон хүчний дутагдалтай байхад эмчлэх эрхгүй, дадлагажигч эмч заавал очиж ажиллах ёстой юм уу, Энэ бол хүний эрхийн асуудал. Магадгүй, сумын эмч эзгүй хойгуур, эсвэл дадлагажигчаас өөр эмч байхгүй бол хүнд өвчтэй хүний дуудлага ирвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Яагаад гэвэл дадлагажигч эмчид тухайн өвчтөнг эмчлэх эрх байхгүй. Хоёрдугаарт, сумын төвд ч гэсэн хүн амьдардаг. Гэтэл тэр хүмүүс яахаараа дадлагажигч эмч нарын "туршилт" болох ёстой гэж. Үүнээс гадна дадлагажигч эмч хөдөө хоёр жил ажиллаад аймгийн төв, хотод ирж шалгалтад ороод эмчлэх эрхээ авна. Эрхээ авсан эмч хаана ч ажиллаж болно гээд орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах боломжгүй болгосон. Энэ бол маш буруу бодлого.
-Дадлагажигч эмч нарыг орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллуулахын тулд ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?
-Юуны түрүүнд нийгмийн асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй. Залуу хүмүүст орон байрны тулгамдсан асуудал байдаг. Үүнийг нь шийдэж, үндсэн цалин дээр нь алслагдсан нутагт ажиллаж байгаа нэмэгдэл өгөх ёстой.
-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт орохоос өмнө бакалавр зэрэгтэй төгссөн эмч сумын эмнэлэгт хоёр жил ажиллаагүй л бол мэргэжил дээшлүүлж магистрт сурах эрхгүй байсан. Харин одоо энэ боломж нь нээгдлээ гэсэн үг үү?
-Тийм ээ. Эрүүл мэндийн хуульд өөрчлөлт оруулахыг маш олон дадлагажигч эмч хүсч байсан. Энэ жилээс эхэлж Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн эмч эмчлэх эрхээ аваад, нутагтаа очоод эцэг, эхийнхээ дэргэд, эсвэл өөрийнхөө дуртай газар ажиллах эрхтэй болсон. Үргэлжлүүлээд магистрт ч сурч, өөрийгөө хөгжүүлэхэд нээлттэй. Саяхан С.Ламбаа сайд "Хөдөө орон нутагт ажиллах хүн олдох болов уу" гээд ярилцлага өгсон байна лээ. Уг нь сургуулиа дөнгөж төгсч байгаа залуу эмч нарыг хуулиар дарамталж, хүсээгүй байхад нь "цөллөгт" явуулах буруу. Харин Эрүүл мэндийн яам хуулиа боловсруулж, бодлогоо тодорхойлоод хөдөө орон нутагт ажиллах эмч нарын нийгмийн асуудал, цалин мөнгийг нь шийдээд өгвөл залуус аяндаа хөдөө явна. Гэтэл ажлаа хийж чадахгүй байж, хуулиар түрий барьж хүний эрхэнд халдаж болохгүй. Өнөөгийн нийгмийн аль ч салбарт захиалгат, муйхар арга явцгүй болсон.
-Дадлагажигч эмч сард хэдэн төгрөгийн цалин авахаар хуульд тусгасан бэ?
-Дадлагажигч нэртэй эмч нар сард 208 мянган төгрөгөөр цалинжихаар төсөвлөгдсөн.
-Эмч нар нэг л сургууль төгсч, хүний эрүүл мэндийн төлөө адилхан зүтгэдэг. Гэтэл орон нутагт ажилладаг эмчийн цалин хотод ажилладаг эмчийнхээс бага байдаг. Үүнээс болж хөдөөд эмч дутагдалтай байдаг юм биш үү?
-Орон нутагт эмч дутагдалтай байдаг нь эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсантай яах аргагүй холбоотой. Алслагдсан газар, цалин багатай ажиллахыг хэн хүсэх юм бэ. Тиймээс тэдний нийгмийн асуудлыг шийдэж, эдийн засгийн хөшүүргээр л ажиллуулах ёстой. Эмч нар төрийн ажлыг гүйцэтгэж, ард түмэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Тэдний ар тал сайн байх ёстой.
-Дадлагажигч эмчээр ажиллах хугацаа нь дуусаагүй байгаа хэчнээн эмч байгаа вэ. Хуульд өөрчлөлт орсноор тэдний асуудал яаж шийдэгдэх бол?
-Дадлагажигч эмчээр ажиллах хугацаа нь дуусаагүй байсан ч хуульд өөрчлөлт орсон учраас хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, тэдний эмчлэх эрхийг шууд олгоно гэсэн үг.
-Манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил ямар шатанд яваа бол. Юун дээр анхаарах хэрэгтэй гэж та боддог вэ?
-Анагаах ухааны салбар хөгжиж байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болон хувийн анагаах ухааны сургуулийг маш олон эмч төгсдөг. Тэд зах зээлд эрэлттэй, шүд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшиж байна. Гэвч өнөөдөр Монголын ард түмэн цогц оношлогоо хийлгэчих гэхээр томоохон оношлогооны төв алга. Гадаадын хөрөнгө оруулалттай "Сонгдо" гэдэг эмнэлэгт, өндөр үнээр оношлогоо хийлгэхгүй л бол өөр очих газар алга байна шүү дээ. Дадлагажигч эмчид зориулаад байсан 3.8 тэрбум төгрөгийг анхан шатны оношлогоо, тоног төхөөрөмж, сургалт. урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад зарцуулах хэрэгтэй.

Саяхан би Тайванийн эмч нартай уулзлаа. Тэгэхэд 35-40 сая ам.доллартай бол дэлхийн жишигт нийцсэн оношлогоо, эмчилгээний төв цогцоороо баригдана гэж байна билээ. Гэтэл Эрүүл мэндийн яам ийм төв байгуулах төсөл боловсруулж, УИХ-д оруулаад ирж яагаад болдоггүй юм бэ. Эрүүл мэнд, боловсрол чинь аль ч улс оронд анхаарал тавих гол салбар байдаг.

Г.Тамир
2009 оны 6-р сарын 20, Бямба гариг
  Улаанбаатрын сонин

No comments:

Post a Comment