Thursday 19 April 2012

Г.Батхүү: Монголын төр баттай байх нь хамгийн чухал

УИХ-ын ээлжит бус чуулган болно, болохгүй хэмээж буй, мөн цаг үе бусад асуудлаар УИХ-ын дэд дарга

-Тавантолгойн асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 20-нд товлогдсон хэмээх мэдээлэл тараад байгаа. Энэ үнэн үү?

-Ээлжит бус чуулган хуралдуулах эсэх талаар хэлэлцэж шийдээгүй байна. Мэдээж, чуулганаар хэлэлцэх ёстой асуудлууд бий. Үүнд Төсвийн тодотголтой холбоотой асуудал багтаж байна. 2011 оны төсөв орлого талдаа гүйцэд хангагдахгүй байгаатай холбоотойгоор зохицуулалт хийх шаардлага байгаа гэж бодож байна. Гэхдээ төсвийн тодотголын тухай асуудлыг Засгийн газар өргөн барина. Энэ тохиолдолд үүнийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх эсэх нь шийдэгдэх юм.

Тавантолгойтой холбоотой асуудлаар ээлжит бус чуулган хийх талаар тодорхой шийдвэр гараагүй байна.

Энэ бол төсвийн орлоготой ч холбоотой чухал асуудал. Нэлээд хүлээгдэж байгааг ч мэдэж байгаа. УИХ-ын дарга орон нутагт ажиллаж байгаа учир ирсэн хойно нь танилцуулж байж шийдэх байх. Одоогийн байдлаар тов зарлаагүй байна. Ер нь төсвийн тодотгол болон Тавантолгойн талаар УИХ-ын гишүүдийг өргөнөөр оролцуулж байж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь Тавантолгойтой холбоотой асуудал нь зөвхөн нэг жилийн төсөвтэй холбоотой бус манай орны цаашдын ирээдүйд нөлөөлөх учир нэлээд нухацтай хэлэлцэх нь зөв болов уу. Тиймээс намрын чуулганаар энэ талаар хэлэлцэх болов уу гэж бодож байгаа.

-Сонгуулийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх болов уу?

-Та бүхэн санаж байгаа байх.Өнгөрсөн чуулганы хаалтаар УИХ-ын дарга "Намрын чуулганы эхний хэлэлцэх асуудал бол Сонгуулийн тухай хууль" гэж хэлсэн. Энэ хуулийн тухайд нэлээд удаан хугацаанд буюу хоёр жил гаруй хугацаанд хоёр намын ажлын хэсэг ажилласан. Үнэхээр Сонгуулийн тухай хуулийг нэн түрүүнд цэгцтэй болгох нь зүйтэй. Үүнд аль нэг нам нь олонх цөөнх болох гэхээсээ илүү дэлхий нийтийн анхаарлыг ашигт малтмалын баялгаараа татаж байгаа энэ үед Монголын төр баттай байх нь хамгийн чухал асуудал гэж үзэж байгаа.

Нийтлэлч
А.Ариунболд
Эх сурвалж
Өдрийн шуудан

2011 оны 8-р сарын 12, Баасан гариг

No comments:

Post a Comment