Saturday 21 April 2012

Д.Очирбат: Нам нам дамжсан М.Ичинноров гэгч хүүхнээр МАН дутахгүй


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг барих баривчилгаа нийгэмд түгшүүр авчирсан. Гэтэл тэнд байсан УИХ-ын гишүүдэд ёс зүй хариуцлага тооцох тухай ярих болсон. Та энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын гишүүнд хариуцлага тооцно гэж юу байхав. Гишүүний халдашгүй, дархан байдлыг хуулиар тогтоогоод өгчихсөн шүү дээ. Харин Монгол Улсын экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсныг  Монголын нийт иргэдийн нэгэн адил  хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр харж суулаа. Дэндүү болхи, бүдүүлэг, увайгүй байдал тэнд болсонд харамсч байгаа. Тэр үед дүүргийн маань иргэд над руу их ярьсан. Ер нь иргэдийн дунд айдас, хүйдсийг авчирсан явдал боллоо. Гэхдээ шүүхийн байгууллагын тогтоол, шийдвэрийг буруу гэж үзэж байгаа юм биш. Хамгийн гол нь цагдаагийн  байгууллага, тусгайгийнхны баривчилж байгаа байдал олны дургүйцлийг хүргэлээ.
-Баривчилгаа явагдсан өглөө МАН энэ хэрэг явдалд манай нам ямар ч хамааралгүй гэсэн утгатай мэдэгдэл гаргасан.Яаран дуугарсан энэхүү мэдэгдэл харин ч МАН энэ хэргийг зохион байгуулсан юм биш үү гэсэн хардлага төрүүллээ. Гэтэл АН нэг ч мэдэгдэл хийсэнгүй?
-МАН уг хэргийг зохион байгуулна гэж юу байхав. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага аль нэгэн нам, Засгийн газарт харьяалагддаггүй. Н.Энхбаярыг баривчлахын тулд МАН-тай зөвшилцөнө гэж юу байхав. Тийм зүйл байхгүй. Яагаад манай нам мэдэгдэл гаргах болсон юм бэ гэвэл гишүүд баривчилгааг бүдүүлгээр явуулсанд л их эмзэглэсэн. Түүнчлэн М.Ичинноров гэж хүний эрхийн хуульч гэх эмэгтэй тэр өглөө нь мэдэгдэл хийсэн юм. Тэрхүү мэдэгдэлдээ Н.Энхбаярын баривчилгаа нь МАН-тай холбоотой мэт ойлголтыг ард түмэнд төрүүлсэн. Тиймээс МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд ярилцаад, өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв гэж шийдэж, мэдэгдэл гаргасан.
-М.Ичинноров тэгээд албан ёсоор намаасаа гарсан уу?
-Хаяад явж байгаа юм билээ. "Олон эрийн өвөр дамжсан" гэдэг шиг нам, нам дамжсан хүн юм уу даа. Залуу хүнийх нь хувьд тогтворгүй байдалд нь харамсч байна. М.Ичинноров байтугай чадалтай, чадварлаг, сайхан залуус манай намд олон бий. М.Ичинноров МАН-аас гарлаа гээд манай нам хохироод байх зүйлгүй. Ард түмний сэтгэл түгшсэн тэр үед ийм утгатай мэдэгдэл гаргасан нь увайгүй үйлдэл. МАН-д яах гэж орсон юм. Шантааж хийж гэж үү. Түүнийгээ хийж чадахгүй болохоороо нэр төрийг нь унагаах гэсэн оролдлого юм биш үү.
-Энэ үйл явдалтай холбогдуулаад МАН-аас арван гишүүн гарах нь тодорхой боллоо гэж яригдаад байгаа. Танай намаас үнэхээр гишүүд нь гарах гээд байна уу?
-Парисийн гудамжид хий үзэгдэл тэнүүчлээд гэж XIX зууны зохиолд гардаг шүү дээ. Түүнтэй адил МАН-аас хэд хэдэн гишүүн гарах нь гэсэн бодит биш, баримтгүй яриа ордноор тэнүүчлээд байна. Өнөөдрийг хүртэл Ц.Шинэбаяраас өөр МАН-аас гарлаа гэсэн гишүүн надтай тааралдаагүй. Энэ тухай ч яригдаагүй. Дэл сул яриа яваад байгаа.
-Гарна гэсэн гишүүдийг нэрс нь хүртэл тодорхой байгаа. Тэд ч хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр итгэл үнэмшлээ дагана гэж хэлсэн?
-Гарна гэсэн хүн одоогоор байхгүй. Улс төрийн сонголт хийх нь тухайн хүний эрхийн асуудал. Одоо сонгууль дөхөж байна. Улс төрийн эгзэгтэй энэ үед эрсдэлтэй алхмыг хийхгүй байх аа.
-Н.Энхбаярын баривчилгаа цаанаа өөр агуулгатай. Тэр нь МАН-аас гарах гишүүдтэй хамтарч Засгийн газрыг огцруулах зорилготой гэсэн таамаг байна?
-Мэдэж байгаа зүйл алгаа. Тэр ч худлаа биз. Ургуулан бодох авьяастай хүмүүс байдаг шүү дээ. Тийм л хүмүүсийн гаргаж байгаа таамаг. Нөгөө талаас өдөөн хатгасан явдал гэж бас ойлгож байгаа. Ард түмнээсээ сонгогдсон. Ард түмэн нь итгэл үзүүлсэн энэ Засгийн газар бүрэн эрхээ дуустал явна. Тиймээс хэн ч, хаанаас ч механикаар таслан зогсоож чадахгүй.
-УИХ-ын гишүүн Н.Энхбаярыг баривчлах үеэр Ц.Шинэбаяр цагдаа нар руу салаавч гаргасан. УИХ-ын ёс зүйн асуудал энэ тохиолдолд хөндөгдөнө биз дээ?
-Чухам юунаас болж, яасныг нь би сайн мэдэхгүй. Өнөөдөр хүн чанар гэдэг зүйл гээгджээ. Н.Энхбаярыг баривчлах үеэр байсан гишүүдийг би харин ч хүн чанартай гэж бодож байгаа. УИХ-ын гишүүн найз нөхөд нь байтугай, жирийн иргэд хүртэл тэнд очсон байгаа биз дээ.
-УИХ,орон нутгийн сонгуулийг хамт явуулах, эсэх дээр хоёр нам тохиролцож чадаагүй. УИХ-ын чуулганаар цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзлаа. Байдал улам л хүндрээд байдаг. Гэтэл сонгуулийн хугацаа дөхөөд байдаг. Гарах гарц байна уу?
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт маш зөв гарсан гэж үзэж байгаа. Сонгуулийн хууль дээр МАН ард түмнээсээ асуулга асууя гэж дэвшүүлж байсан. УИХ-ын сонгуулийн нэрс дугуйлах 48 тойрогт нэр дэвшсэн хүн гулсаад намыг дугуйлах 28-д орж болохгүй гэдгийг манай нам хэлж ирсэн. Барилдаж байгаад өвдөг шороодсон бөх туг тойрно гэдгийг ард түмэн ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг дээр бид хатуу байр суурьтай байсан. Үндсэн хуулийн дунд суудлын хуралдааны дүгнэлт ч гэсэн өвдөг шороодсон бөх туг тойрч болохгүй гэж үзсэн. Гэтэл АН-ынхан яаДаг гээч, хуралдаа ордоггүй, хурлаа хаядаг. Тэгээд МАН-ынхан буулт хийж, АН-ын хэлж байснаар өвдөг шороодсон бөх туг тойрч болно гэсэн хувилбараар нь хуулийг баталсан. Гэтэл цэц үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. УИХ-ын гишүүд ээ, хоёр дахин сонгогдох боломж байхгүй гээд байхад тэртэй, тэргүй УИХ-ын чуулганаар баталсан, буруу ч гэсэн зөв гээд гүрийгээд байж болохгүй. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй гэлээ. Өөрөөр хэлбэл, өвдөг шороодсон бөх туг тойрно гэдэг нь хэвээр байхаар болж байна.
-Үндсэн хуулийн их суудлын хуралдааны дүгнэлт гаргах ёстой. Энэ дүгнэлт өмнөх шигээ гарах байх. Тэгвэл цаашид хэрхэх вэ?
-Их суудлын хуралдаан эцсийн шийдвэрийг гаргана. Ямар шийдвэр гаргахыг тааж мэдэхгүй. Өмнөх шийдвэрээ гаргаж болно. Магадгүй өөр шийдвэр ч гарч болно.
-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулна гэсэн хууль бий. МАН, АН энэ хуулийг хамт сууж байгаад баталсан. Гэтэл МАН-ынхан яагаад эсэргүүцээд байна вэ гэсэн асуулт гарч байна?
-Би Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Орон нутагт арван жил ажиллахдаа сум, дүүрэг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нөхөн сонгууль, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудыг зохион байгуулж байсан хүний нэг. Тиймээс зовлон бэрхшээлийг сайн мэднэ. Хууль тогтоох дээд байгууллага бол УИХ. Орон нутагт бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг. Ийм том хоёр статусыг нийлүүлж, хамт сонгуулийг явуулна гэсэн хуулийг өмнөх УИХ-ын гишүүд баталчихсан.
Би хувьдаа хуулийн энэхүү заалтыг их гоомой шийдвэр гэж үздэг.
Сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, аль нэг нам, эвслийн шахалтаар ч юм уу хамт явуулна гээд баталчихсан. Үүнээс үүдэн гарах үйл ажиллагааны боломж, бололцоо зэрэг ердөө үр дагаврыг тооцоогүй. Зүгээр л болно, зэрэг хийнэ гэж батлаад сонгууль руугаа яваад өгчихсөн. Гэтэл өнөөдөр энэ хоёр сонгуулийг зэрэг явуулах боломж, бололцоо алга. Хоёр| сонгуулийг зэрэг явуулах байр тэнд ажиллах боловсон хүн ч байхгүй. Дээр нь автоматаар явуулна гээд байдаг. Цааснаас эхлээд бэлтгэл нь хангагдаагүй. Боломж нь байхгүй байхад болно гэж муйхарлаад байдаг. Үнэхээр хүчин мөхөсдөж, нийгэмд тогтворгүй байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх болж байна.   Гэтэл болох, болохгүй зүйл хэнд хамаатай юм, МАН төр барьж байгаа юм чинь  ялыг нь үүрнэ биз гэж АН-ынхан шахаж байна. Ийм байдалд яах болж байна вэ. МАН-ын зүгээс АН-д байнга буулт хийж ирсэн. Эхэд урамшуулал олгох тухай хэлэлцэх гэхээр үгүй гэдэг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг батлах гэхээр болохгүй гэнэ. Халамжийн тухай хуульд өрх гэр бүлээр нь халамжийн хамгааллын асуудлыг хэлэлцэх гэхээр үгүй, халамжийг хавтгайруулан олгох гэж байна гэх. За тэгвэл иргэнд халамж үзүүлье гэлээ. Болохгүй л гэнэ. АН-ын нөхдүүдийг хэлцэл хэлбэрээр дандаа л даврааж ирсэн, МАН-ынхан. Өнөөдөр ч ялгаагүй болохгүй зүйлийг болгооч гэж зүтгээд байдаг. Хэрэв ингэж хийхгүй бол УИХ-ын үйл ажиллагааг зогсооно, чуулган, байнгын хорооны хурлыг хаяж, төрийн ажлыг гацаанд оруулж байна. Сөрөг хүчин гэдэг асуудлыг зөв өнцгөөс нь харах, эрх барьж байгаа нам олонхоороо хүч түрэн гаргаж байгаа шийдвэрт үнэн зөв, шударга, оновчтой дуугарч байх ёстой. Гэтэл өнөөдрийн АН аливаа асуудалд мулгуйд, мухар ханддаг. Ийм бодлого, үйл ажиллагааг зөвшөөрмөөргүй байна.
-Сонгууль болоход бага хугацаа үлдлээ. Цаашид яах вэ?
-60 гаруйхан хоног үлдэж байна. Нөгөө ухаалаг иргэний үнэмлэх хаана ч байгаа юм, бүү мэд. Сонгууль тоолох машинаа туршсан зүйл ч алга. Бэлтгэл ажил нь хангагдсан зүйлгүй. Хоёр хууль нь хоёулаа зөрчилдөөнтэй. УИХ-ын сонгуулийн хууль нь холимог тогтолцооны хооронд гулсдаг байх уу, үгүй юу гэдэг дээр маргаантай. Орон нутгийнх нь сонгууль УИХ-ынхтай хамт явах, эсэх нь бас шийдэгдээгүй. Бэлтгэл ажил нь хийгдээгүй, орон нутгийн сонгуулийн тойрог, хэсгийн хороо ч байгуулагдаагүй. Ийм салан задгай байдалтайгаар сонгууль явуулбал юу болох вэ. Энэ төр засаг, улстөрчдийг ч ойлгохгүй байна.
-Энэ бүхний буруутнаар МАН-ыг болгож харуулах гэсэн бодлого яваад байна гэж та дээр цухас дурдлаа. Үнэхээр бодит байдал тийм байна уу?
-Иргэний ухаалаг үнэмлэхийг хэн хариуцаж байсан юм. Өдий болтол явуулахгүй байгаа хариуцлагыг АН хүлээх учиртай. Энэ ажил тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийн мэдэлд байсан. Хамтарсан нь бол хариуцлагыг ч бас үүрэх ёстой. Гэтэл дундаас нь засгаас гарчихаад бид сөрөг хүчин, МАН эрх барьж байгаа, бидэнд хамаагүй гэх. Гэвч үнэнийг ард түмэн мэдэж байгаа, худал, үнэнийг салгаж чадна.
Нийтлэлч
Ш.Ундармаа
Эх сурвалж
Үндэсний шуудан
2012 оны 4-р сарын 20, Баасан гариг

No comments:

Post a Comment