Thursday 19 April 2012

Г.Батхүү: Үндэсний аюулгүй байдал дээрээ нэгдэж чадах нь чухал

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган эхлэхэд парламентын үйл ажиллагааг хаалт-тай горимд шилжүүлнэ гэсэн яриа дуулдах боллоо. Энэ ажлыг та гардаж байгаа гэх. Шалтгаан нь юу юм бол. Намрын чуулганаар байнгын хороодыг хаалттай хуралдуулахаар хуульчилсан байсныг буцааж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шүү дээ?

-Асуулт тань буруу байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан явдал нь ганцхан хэвлэлийнхнийг байнгын хорооны хуралдаанд оруулахгүй байх асуудлыг шийдсэн юм биш. Цаана нь УИХ-ын үйл ажиллагааг эмх журамтай явуулах гэсэн олон чухал заалтууд байсан. Тухайлбал, байнгын хорооны хуралдаанд улсын нууц, гадаад бодлоготой холбогдох чухал асуудлыг зайлшгүй нээлттэй ярьж байж УИХ-аас гарах шийдвэр зөв, үндэслэлтэй болдог. Тиймээс хуралдааны явцыг шууд хэвлэлээр цацах нь буруу гэж үзэж, УИХ тэр шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь, энэ шийдвэрийг буцаасан. Би хувьдаа өмнөх шийдвэр зөв байсан гэж үздэг, одоо ч энэ байр суурь дээрээ зогсдог. УИХ-ын байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлье гэсэн нь хэвлэлийг хааж боосон зүйл биш. Хууль хэлэлцэх үеэр хэвлэлийнхэн ороод суучихаар нээлттэй ярьж чаддаггүй. Тэр нь хэн нэгэн хүн хувийн бизнесээ, хувийнхаа эрх ашгийг нуух гээд байгаа юм ч биш. Заавал бүх нийтэд дэлгэх шаардлагагүй мөртлөө хаалттай хэлэлцэх шаардлагагүй асуудал зөндөө байдаг. Үүнийг л хуулийн хүрээнд зохицуулъя л гэсэн юм.

-Гэхдээ хаалттай хуралдааны дэг тусдаа шүү дээ?

-Тийм ээ, хаалттай хуралдааны дэг өөр. Төрийн нууцтай холбоотой асуудлыг хэлэлцэхдээ хуралдааныг хаалттай горимд шилжүүлдэг. Гэтэл жишээ нь Монголын парламентын хуралдаан өнөөдөр Энэтхэг улсад шууд гарч байна шүү дээ. “Сансар” кабелийн телевиз чуулганы нэгдсэн хуралдааныг дэлхий дахинд шууд цацаж байна, Хятадад хүртэл цацагдаж байна. Үүнийг жаахан дэг журамд оруулж, төр улс нь дотооддоо бодлогоо ярьдаг болъё л гэсэн. Өрх гэр халуун ам бүлээрээ хэдэн хүүхдээ цуглуулж суугаад ярьдаг юм байдаг шүү дээ. Нууц биш мөртлөө, гаднын хүнгүйгээр. Ийм болъё гэж л УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч УИХ олонхиороо шийдээд түүхэнд анх удаа өөрсдийн баталсан хуулиа долоо хоногийн дотор өөрчилсөн. Одоо УИХ-ын дэд даргын хүрээнд хариуцаад хийж байгаа ажил бол УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй сурталчилдаг, хэвлэлийнхэнтэй хамтарч нээлттэй ажилладаг бололцоог бүрдүүлэх явдал. Үүний нэг хэлбэр нь УИХ өөрөө Хэвлэл мэдээллийн албатай, түүн дотроо телевизийн студитэй болох.

-Энэ олон телевизийн хажуугаар зэрэгцүүлж бас телевизийн студи байгуулдаг нь ямар учиртай юм?

-Студийн зорилго бол УИХ-ын гишүүний чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг, байр суурь, санал бодлыг шууд бичнэ. Аль ч телевизийнхэн студид орж ирээд хэрэгцээтэй юмаа авч болдог тэр боломжийг нээлттэй болгоно. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд уулзалт, гадаад арга хэмжээ зохион байгуулдаг. Тэр бүгдийг студийнхэн мөн бичнэ. Өнгөрсөн жил бид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 200 мянга гаруй ам.долларын өртөгтэй цахим архив байгуулсан. Өмнөх УИХ-ын бүх видео, фото, цаасан дээр бичсэн протоколуудыг тоон системд оруулж, цахим архив болгон хадгалж байна. Цаашдаа энэ студи УИХ-ын хүрээнд болж байгаа бүх үйл явдал, гадаад дотоод айлчлал, уулзалт, орон нутгийн томилолтыг архивтаа өгдөг албан ёсны студи болох юм. УИХ-ын үйл ажиллагаа Монгол Улсын түүх байх ёстой. Телевиз болгоноос тэр бүгдийг гуйж цуглуулна гэдэг боломжгүй учраас тэр бүх бичлэгийг видео болгоод тоон системд шилжүүлж, цахим архив болгоно. УИХ-ын гишүүний нэр бүрээр файл нээнэ. Түүнд тухайн гишүүний хуралд оролцож хэлсэн үг, телевизэд өгсөн ярилцлага бүрийг файлаар нь хадгалах юм. Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуульд буцаагаад өөрчлөлт оруулах ч юм уу, УИХ-ыг хаалттай болгох гэсэн арга биш. Илүү нээлттэй болгоно. Тав, арван жилийн дараа нэр бүхий гишүүний хэлсэн үг, байр суурийг нь эргэж харъя гэхэд файл нь хадгалагдаж байдаг олон улсын тэр жишиг рүү л ойртохыг зорьж байна.

-УИХ дэргэдээ студитэй болонгуут телевизийн операторуудыг оруулахаа больж, сэтгүүлчид зөвхөн үзэг дэвтэртэй хуралдаанд оруулах зохицуулалт хийх нь гэж дуулдах юм билээ?

-Тийм зохицуулалт хийж байгааг би лав сонсоогүй. Тийм юм ярьж байгаа хүн өөр байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүнээс хэн нь ч бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачилж, өргөн барьж болно. Хуульд дахиад өөрчлөлт оруулж болно. Миний хувьд тийм зүйл хийгээгүй, илүү нээлттэй болгох зүйлийг л хийж байна. Хийх ёстой л ажлын нэг.

-Хаврын чуулган эхлэхэд студи ажлаа эхлүүлж амжих уу?

-Тоног төхөөрөмжөө худалдаад авчихсан гэсэн, би тэр деталь ажил руу нь орохгүй байгаа. Гэхдээ УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхлэхэд студийн ажил зэрэгцээд эхэлнэ гэж бодож байна.

-Студи байгуулахад УИХ-аас хэдий хэмжээний хөрөнгө гаргасан бэ?

-УИХ-аас хөрөнгө гаргаагүй. Улсын төсөвт өнгөрсөн онд хууль сурталчлах хүрээнд гишүүн болгоны төсөвт 10 сая төгрөг тусгасан. Түүнийг цуглуулж, студидээ тоног төхөөрөмж аваад, жинхэнэ утгаар нь УИХ-ын үйл ажиллагаа, хуулийг сурталчлах бололцоо боломжийг хангахаар ажиллаж байна.

-760 сая төгрөгөөр студи байгуулна гэсэн үг үү?

-760 сая төгрөг хүрэхгүй л дээ. Зарим гишүүд төсвөө зарцуулчихсан байсан, үлдсэн мөнгийг нь хагас жилээс хойш цуглуулж, техник тоног төхөөрөмж авсан л даа.

-Студид хэчнээн хүн ажиллах вэ?

-Одоо УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба 12 хүнтэй, даргаасаа гадна. Гэрээт хүмүүс ганц нэгийг нэмнэ. Зургаан камер ажиллуулна.

-Энэтхэгт манай УИХ-ын чуулганы хуралдаан шууд цацагдаж байна гэж та хэлсэн. Хэрвээ УИХ баталсан хуулиа долоо хоногийн дараа өөрчлөөгүй бол “Сансар” кабелийн телевиз чуулганы хуралдааныг шууд дамжуулдаг хэвээрээ байх байсан уу?

-Шууд дамжуулдгийг нь хаах байсан.

-Тэгвэл одоо?

-Ер нь “Сансар” кабелийн телевизийн асуудлыг бид тусад нь авч үзэх ёстой. Хаанахын хөрөнгө оруулалттай телевизээр жишээ нь УИХ-ын үйл ажиллагааг дамжуулах вэ гэдгийг бодлогын хүрээнд авч үзэх ёстой. Энэ бол УИХ-ын Тамгын газрын шийдэх асуудал. Хэнээр УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд дамжуулах вэ гэдгийг Тамгын газар шийднэ. Ядахдаа хийж байгаа гэрээгээ сайн нягталж, хаана цацах, ямар технологиор цацах вэ гэдгийг харах ёстой. Одоо бол Монголын парламентын үйл ажиллагааг гадаадын дуртай орон руу цацаад, 76 гишүүнээс хэн нь юу ярьдаг, хэн нь аль улсыг дэмждэг, хэн нь аль талыг баримталдаг гэдэг дүгнэлтийг тухайн орныхон хийж байна. Чухамдаа бол бид УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан зорилго нь энэ мэт асуудлаас болгоомжилсон хэрэг. Цаашлаад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, магадгүй Монголын төрийн бодлогод нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх вий гэж болгоомжилж, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ийм жишиг дэлхийн бусад оронд байдаг. Бид цоо шинэ юм сэтгээгүй. Харамсалтай нь, УИХ боломжгүй гээд буцаасан учраас олонхийн шийдвэрээ хүндэтгэхээс аргагүй болсон. Ер нь жудаг гэж юм байх ёстой.

-Хуулийг хүчингүй болгоход идэвхитэй ажилласан гишүүдийг та жудаггүй гэж хэлэх гээд байна уу?

-Бид цаашид УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг ярих ёстой. УИХ-ын ажлын хэсэг, намын бүлэг, байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд гишүүд байр сууриа чөлөөтэй илэрхийлж болно. Эсрэг байгаа бол түүнийгээ хэвлэлийн бага хурал зарлаад хэлж болно. Харин УИХ-аас шийдвэр гарсны дараа “Би ийм байр суурьтай байсан, би энэ хуралдаанд байгаагүй. Хуралдааныг хаалттай болгох заалт байсныг мэдээгүй” гэж ярих нь байж боломгүй асуудал. Ёс зүйн хороогоор ч энэ асуудлыг ярьдаг болох ёстой.

-Гэхдээ энэ хуулийн хүрээнд УИХ-ын гишүүний үг хэлэх эрх чөлөө, цаашлаад сонгогчдын мэдээлэл авах эрхийг боомилж байна гэж гишүүд үзээд хууль санаачилж, олонхи гар өргөн дэмжсэн шүү дээ?

-Хүний эрх, эрх чөлөөг хааж байгаа юм биш. Хууль батлагдахаас урьтаад шүүмжил, сонин, телевизээрээ ярь. Харин УИХ олонхиороо шийдвэрээ гаргасан тохиолдолд дагах л ёстой байхгүй юу. УИХ-ын гишүүн ч бас иргэн хүн шүү дээ, баталсан хуулийг биелүүлэх л үүрэгтэй.

-“Сансар” кабелийн телевиз Хятадын хөрөнгө оруулалттай гэдэг. Гэтэл энэ телевизээр парламентын үйл ажиллагааг гадаад руу шууд цацаад байгаа нь цаагуураа өөр ашиг сонирхолтой юм биш үү?

-Хаанахын хөрөнгө оруулалттайг нь бид шалгах үүрэг байхгүй, УИХ-ын Тамгын газар үзэж харах ёстой. Ер нь кабелийн телевизээр дамжуулж чуулганы үйл ажиллагааг дамжуулах юм уу, эсвэл МҮОНТ-ээр дамжуулах ёстой юу, эсвэл өөр хэлбэрээр явуулах уу, зохицуулах л ёстой зүйл. Манайхан аливаад хэтэрхий туйлширдаг. Хаана гэвэл бүр хэтэрхий хаалттай болгодог. Нээлттэй гэхээр бүх юм аа дэлгээд тавьчихдаг. Хэвлэлийн байгууллагууд ч анхаарах ёстой. Ямар мэдээллийг тавьж болох, ямар мэдээллийг тавьж болохгүй вэ гэдэгт мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Хэт сенсааци хөөгөөд улсын нууц, улс хоорондын харилцааг хөндөж мэдэхээр мэдээллүүдийг дэлгэж байна. Уг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг хүндэтгэсэн байр сууринаас хандмаар. Ард түмэндээ дандаа болохгүй бүтэхгүй сөрөг мэдээллээ цацна, гадныханд байгаа бүхнээ дэлгэнэ. Магадгүй миний яриа зарим хүмүүст таалагдахгүй биз. Эцсийн эцэст бид нэг зүйл дээр нэгдэж чаддаг байх ёстой. Энэ бол улс үндэстний аюулгүй байдлын асуудал. Үүнтэй л холбоотойгоор УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан юм шүү дээ.

-Тэгвэл та УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь зөвхөн чуулганы нэгдсэн хуралдааныг гадаадад шууд цацахыг хориглосон хэрэг гэдгийг яагаад хэлээгүй юм, тэр үед. Хууль гарангуутаа л байнгын хороодын хуралдаан хэвлэлийнхэнд шууд хаалттай болсон?

-Ер нь ганц “Сансар” кабелийн телевизийг ч хаах гэсэн ч юм биш, тэдний хувьд чуулганы нэгдсэн хуралдааныг л шууд цацаж байгаа. Байнгын хороог тэр болгон цацаж чаддаггүй. Ер нь бол хуралдаанд хэвлэл мэдээллийнхэн ороод ирэхээр гишүүд хэлэлцэж байгаа асуудлаасаа халиад, улстөр хийдэг. Телевизийнхэн орж ирээгүй, хэвлэлийнхэн цөөхөн суусан хуралдаанд илүү бодитой юм ярьдаг. Олон камер ороод ирэхээр нэг их эх оронч, эсвэл нэг их ажилсаг болох гээд үзчихдэг. Зарим нь бүр хэтэрхий “эх оронжсон” юм ч ярьдаг, муусайн хятадууд гэж ирээд. Хятад чинь хөөрхий, хувь заяаны эрхээр бий болсон хөрш шүү дээ. Хөршийгөө сонгодоггүй гэдэг биз дээ. Тэр нь цаашаа явсаар Хятад улсын төрийн бодлогод очиж нөлөөлдөг, “Монголчууд бидэнд муу байна, монголчууд бидний эсрэг юм ярьж байна” гэж ойлгодог. Тэр дундаа Монголын парламент тэгж ярьж байна гэдэг. Нэг хүний хэлсэн үг, нэг хүний байр суурийг улс орны байр суурь мэтээр ойлгоод эхэлдэг.

-Та хэвлэл мэдээллийн байгууллагууд асуудалд мэдрэмжтэй хандмаар байна гэлээ. Гэтэл бодит байдал дээр улсын нууцтай холбоотой асуудлуудыг манай хэвлэлийнхнээс урьтаад гадаадын мэдээллийн хэрэгслүүд цацаад эхэлдэг. Энэ нь УИХ, Засгийн газрын төвшинд улсын нууцтай холбоотой мэдээллийг гадагш нь өгөөд байна гэж хардахаас аргагүйд хүргэдэг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог, гадныхнаас хэтэрхий их хамааралтай улс шүү дээ, бид. Төмөр зам хаагдвал, агаарын тээвэр хаагдвал бид яах вэ. Тиймээс бүх шатандаа, монгол хүн бүр эс орших, оршихуйн тухай асуудал дээр болгоомжтой хандах ёстой. Ямар шугамаар мэдээлэл гараад байгааг би мэдэхгүй. Ер нь бол төрийн албан хаагчид ч гэсэн өөрсдийнхөө шугамаар мэдээлэл алддаггүй, улстөрчид ч гэсэн хэзээ, хаана юу хэлэхээ боддог, хэвлэлийнхэн ч түүнд мэдрэмжтэй ханддаг, алдаатай, буруу үг хэлбэл түүнийгээ засч залруулдаг байх ёстой. Бид нэг л зорилгын төлөө явж байгаа. Түүнээс биш хэвлэл мэдээлэл нь Засгийн газар, УИХ-ын эсрэг байгууллага, эсвэл цөөнх, сөрөг хүчин биш биз дээ. Бид бүгдээрээ нэг л зүйлийн төлөө явж байгаа. Хөгжлийн төлөө явж байгаа замууд нь л өөр болохоос биш.

-УИХ сэтгүүлчидтэй хэр нээлттэй, ойрхон ажилладаг гэж та хувьдаа дүгнэдэг вэ?

-Монголын парламент шиг хэвлэлийнхэнтэй ойрхон нээлттэй ажилладаг улс тэр болгон байхгүй. Би олон орны парламентын үйл ажиллагаатай танилцсан, сэтгүүлчид нь шилэн хаалтын цаана л сууж байдаг юм билээ. Манайх бол парламентынхаа гишүүдтэй ижил нөхцөлд, нэг зааланд хараад л сууж байдаг. Нэг зүйлийг хүсэхэд сэтгүүлчид соёлтой харилцаатай, биеэ зөв авч явдаг, зөв хувцасладаг, өөрсдөө их зөв мэдээлэлтэй, мэдлэгтэй байх нь чухал.

-Сайн тал гэвэл?

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн байгууллага маш сайн хөгжсөн гэж хэлнэ. Дэд бүтцийн хөгжил тааруу, тархай бутархай энэ том газар нутагт маш том зах зээлийг бий болгож чадсан. Монгол шиг ийм цөөхөн хүн амтай улсад хангалттай тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна.

Гаднынхан ч ингэж л үнэлдэг. Хөдөө уулзалтад очоод УИХ-аар хэлэлцэж байгаа төслүүдийг ярихаар “Өө наадахыг чинь телевизээс харчихсан, арай өөр юм яръя” гэх ухааны юм хэлнэ шүү дээ. Тэр байтугай хөдөөгийнхөн биднээс илүү мэдээлэлтэй, бидний олж үзээгүй гадаад мэдээллийг олоод мэдчихсэн, асууж шалгаах нь ч бий. Тэгэхээр хэвлэл мэдээллийнхэн шүүмжлэхийг шүүмжлэх ёстой, сайн зүйлийг нь урамшуулах ёстой, дүгнэлтээ өгөх ёстой, гэхдээ үндэсний аюулгүй байдал, эрх ашиг гэдэг юмыг аль аль талдаа бодолцож байгаасай л гэж хүсэх байна.

-Тавантолгойн ордын хувьцааг хүн бүрт эзэмшүүлэхээр нэг хүнд 300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа ногдоно гэж зарим хүн үнэлэх болов. Энэ хэмжээнд хүрэх үү?

-Гадна, дотны улсууд Монголын баялгийг үнэлж, авдран доторх мөнгийг тоолж байна. Ашигт малтмалын асуудлаар хүмүүсийн хэлсэн тооцоог нягтлахаар нэг хүнд 300 саяас доошгүй хэмжээний хөрөнгө ногдох тийм хэмжээний баялаг Монголд байна гэсэн байдаг. Тэр үнэлэмжээр хэлсэн тооцоо болов уу.

-Гэхдээ Тавантолгойн хувьцаа нэг ширхэг нь дор хаяж нэг доллар гэхэд өнөөгийн ханшаар тооцоход 700 гаруй мянган төгрөг л болно. Тэгэхээр 300 сая руу дөхөж очихгүй байгаа биз дээ?

-Тэр үнэлгээ харьцангуй. Тавантолгойн нөөцийг нь тогтоогоод ирэхээр хэд гараа билээ. Гол нь Монгол Улс уул уурхайгаас орж ирэх мөнгийг зөв зарцуулах нь чухал. Буруу зарцуулах юм бол эрдэс баялгийг эзэмшсэнээсээ илүү гай гамшийг бид үзнэ. Эдийн засгийн хувьд хүнд байдалд орно. Улстөрийн хувьд хүнд байдалд орно. Дэлхийн олон оронтой үүнээс болж муудаж болно, ард түмэн туйлын ядуурч болзошгүй маш хүнд нөхцөл рүү явж байна. Тиймээс одоо маш зөв бодлогыг явуулах ёстой. Бидний барьж байгаа бодлого бол дэлхийн бусад орнууд амжилтад хүрсэн тэр бодлого руу явж байна. Тэр нь иргэний боловсрол, эрүүл мэнд, ирээдүйн даатгал, шинэ техник технологи, шинэ саналуудыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт. Нийгмийн шинж чанартай, цаашдаа улс орны хөгжлийг асуудлыг тодорхойлсон үйлдвэр аж ахуйг байгуулах, ажлын байр бий болгох нь зөв юм гэдэг нь батлагдаад байгаа. Харин одоо УИХ дээр байгаа нэг том асуудал бол энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ямар хуулиар, ямар зохицуулалтаар, ямар хэм хэмжээ, ямар хугацаа тавьж, хийх юм бэ гэдгийг нэгбүрчлэн хуульчлах л асуудал. Тэр нь хүн бүхэнд ойлгомжтой байх ёстой. Гадынхан орж ирээд харахад энэ замаар яваад тэр гарцаар гарахад энэ хэмжээний боломж надад байна, Монголд бас ийм боломж байна гэдэг нь тодорхой харагдах ёстой. Хууль эрх зүй, эдийн засгийн орчин тодорхой байх нь чухал. Түүнээс биш баялгаа бэлэн мөнгө болгоод хүмүүстээ тараачихаж болохгүй, инфляцийг хөөрөгдөж, хэт үрэлгэн зарж болохгүй.

-Ер нь Монголын төр иргэддээ энэ мэтээр бэлэн мөнгө тараадгаа хэзээ болих вэ. УИХ-ын 2008 оны сонгуулиар иргэн бүрт 1-1.5 сая төгрөг амлаж, бэлэн мөнгөний сургаар малчид банкнаас хэр хэмжээнээсээ хэтэрсэн зээл авч, эцэст нь малгүй болж модоо барьсан гашуун сургамжууд бий. Тавантолгойн хувьцаанаас нэг хүнд 300 сая төгрөгтэй тэнцэх хувь ногдоно гэхээр 100, 100 саяар зээл тавих болж, түүнийг нь дараа нь ямар аргаар барагдуулах вэ гэдэг асуудал үүсэх вий дээ?

-Хүмүүсийн мэдлэгийн төвшингийн л асуудал юм даа. Сайн ажиллах юм бол ийм боломж байна гэдгийг ойлгуулах явдал чухал байна. Тэрэнд хүрэхийн тулд монгол хүн бүр мэдлэгтэй, боловсролтой, өөрсдөө хичээдэг байх ёстой. Түүнээс биш улс орон одоо их мөнгөтэй болж байна гээд, чиний хэлсэнчлэн төрөөс мөнгө өгөөд, би сайхан тэжээгдээд амьдарна гэвэл бүтэхгүй. Цаашдаа хүн болгонд мөнгө өгөх асуудал байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Улстөрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиар энэ асуудлыг зохицуулна. Харин өнөөдөр яагаад бэлэн мөнгө өгч, хувьцаа тараах гээд байна вэ гэвэл биднийг 2008 оны сонгуульд ороход хоёр нам хоёулаа мөнгө амласан. Хэлбэр нь л өөр байсан. Нэг нь мөнгө өгнө, нөгөө нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу ашигт малтмалаас хувь эзэмших эрх олгоно гэсэн. Энэ ажлыг бид хийж эхэлсэн. Тавантолгойн хувьцааны 10 хувийг Монголын нийт иргэдэд олгоно. Аж ахуйн нэгжид давуу эрхтэйгээр 10 хувийн хувьцаа арилжаална. Хуулийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын иргэд 10 хувийн хувьцааг эзэмшинэ. Дээрээс нь боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, даатгалд ашигт малтмалаас орж ирэх мөнгөний тодорхой хэсгийг хуулийн дагуу зарцуулна. Ингэж зарцуулж байгаа нь чамд дахиад давуу эрх олгож байна. Та эрүүл бай, боловсролтой бай, үүнийг чинь төрөөс дэмжиж байна. Тэгээд танд ажиллах ажлын байр, тэр бололцоо боломжийг төр бий болгоно. Ийм маягаар л хүмүүсийнхээ амьдралыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой. Нөгөө талаас улс орны хөгжлийн асуудал, том хөрөнгө оруулалтуудаа хийж, дэд бүтцээ хөгжүүлэх, утаагүй болох, орон сууцжуулах хүүхдүүд нь сайн сургуульд сурдаг, өндөр боловсрол эзэмшдэг байх орчинг бий болгох. Цаашид Монгол Улсын иргэн сайн ажилласныхаа төлөө сайхан амьдрах тэр бололцоог хангаж өгөх ёстой. Ажил хийхгүйгээр сайхан амьдрах боломж бололцоо байхгүй гэдгийг ард түмэнд ойлгуулах л чухал.

2011 оны 3-р сарын 14, Даваа гариг, Ардын эрх

No comments:

Post a Comment