Thursday 19 April 2012

Г.Батхүү: Намаа шүүмжилсэн болгоныг дарга болох нь гэж харах хэрэггүй

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.
-Танай нам Засгийн газраас гарч буйгаа зарлаж, МАН дангаар засаг барьж эхэллээ. Өрнөж байгаа улстөрийн асуудлуудыг хэрхэн харж байгаагаас тань яриагаа эхэлье?

-Цаг хугацааны болсон учраас АН хамтарсан Засгийн газраас гарсан. Хамтраад хийж болох зүйлүүдээ бид хийчихлээ. Хийж чадаагүй ч ажил байгаа. Сонгуульд бэлтгэх их ажил бидний өмнө байна. Гэхдээ АН Засгийн газраас гарсан ч цаашид хийж амжаагүй байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллана.

-Яг дэмжиж ажиллаж байгаатай зэрэгцээд хоёр намынхан бие биедээ хатуу хөтүү үг шидлээд эхэллээ шүү дээ. Тэгээд танай нам сөрөг хүчний байр сууриндаа очно гэж мэдэгдсэн?

-МАН-ынхан юу гэж ярьж байгааг мэдэхгүй. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, УИХ-аар хэлэлцэж баталсан бодлогын шийдвэрүүдийг бид дэмжинэ. Тэр утгаараа Засгийн газар цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулах бололцоотой.

-Гэхдээ л засгаас гарах гээд дэндүү яарчихсан биш үү?

-Хаврын чуулганаар энэ асуудлыг ярьсан бол цаг давчуу,шинэ томилогдсон хүмүүст ажиллах хугацаа үлдэхгүй байсан. Иймээс бид энэ намрын чуулганы бүрэн эрхийн хугацаанд амжиж шийдвэрээ гаргаж, Засгийн газрыг бүрдүүлэн төрийн ажлыг хэвийн явуулах боломжоор хангахаар зорьсон.

Манай сайд нар огцорчихоор л төр засаг болохоо байгаад, улс орон эзгүйрчихсэн юм шиг яриад байдаг.

Гэтэл цаана нь улстөрөөс ангид, мэргэшсэн төрийн алба ажиллаж байгаа. Төрийн ажил явдгаараа л явж байна. Сайд тэнд очоод мөнгөний нэгдүгээр гарын үсэг зурдаггүй. Хөрөнгө оруулалт, ажлууд бүгд л явж байгаа. Зарим оронд богино хугацаанд олон сайд солигддог. Манайхан сайдаа өөрчлөхөөр төрийн ажил зогсчихлоо гэж нэг хэсэг нь ойлгодог, нөгөө талдаа ч яамныхан өөрсдөө ажлаа зогсоогоод байдаг тал бий.

-АН-ын дарга Н.Алтанхуягийн мэдэгдлийг олон хүн гэнэтийн шийдвэр гэж дүгнэсэн. Та хэзээ мэдсэн бэ?-

-Засгийн газраас гарч, бие дааж сонгуульд орох ёстой гэдгийг ерөнхийд нь мэдэж байсан. Н.Алтан-хуяг мэдэгдэл хийх үед би Монголд байгаагүй. Долоо хоногийн тоймоор ярилцлагыг нь үзсэн. Н.Алтанхуяг Засгийн газраас гарна гэдгээ зарлаагүй шүү дээ. "Хамтарсан засгаас АН гарах нь зүйтэй гэж би хувь хүний хувьд үзэж байна. ҮЗХ-ны хурлаар шийдвэрлүүлнэ" гэж хэлсэн. Энэ үгийг нь Засгийн газраас гарлаа, ганцаараа зарлалаа гээд өөр өөрийнхөө хүссэнээр тайлбарлаад, улстөрийн тайлбарлаад эхэлсэн. Намынхаа дүрмийн дагуу ҮЗХ-ны хурлаар бид Зас-гийн газарт орох асуудлыг шийдсэн, гарахдаа ч энэ хурлаараа шийдлээ.

-ҮЗХ-ны хурал нэлээн ширүүхэн болсон. Хурлын өмнө намын даргаа солино гэсэн таамаг их байсан ч энэ асуудлыг хөндөөгүй. Та намын даргын асуудлыг оруулж ирэх саналыг дэмжиж байсан уу?

-Угаасаа манай ҮЗХ халуун л болдог. Хамгийн гол нь нээлттэй ярилцаад шийддэг. Уур амьсгал нь ширүүн байсан ч яваандаа намжиж, ойлголцоод шийдвэрээ гаргадаг.

-Яг ойлголцсон болов уу?

-ҮЗХ-ны хуралдаа ирсэн гишүүд 100 хувь дэмжээд шийдвэрээ гаргасан. Хүн бүрт таалагдсан шийдвэр гарна гэж байхгүй. Намын ажил дүрмийн дагуу л явдаг. Дүрмийнхээ хүрээнд даргын асуудал хөндөгдөөгүй. Ер нь дарга гэдэг нэг сонгуулиас нөгөө сонгуульд намаа оруулж, тэр сонгуулийн үр дүнгээр ажлаа дүгнүүлдэг. Түүнээс биш сонгуулийн өмнө даргаа сольдог улстөрийн хүчин гэж байхгүй. Монголчууд гарман дээр морио сольдоггүй гэдэг.

-Олон хүн таниас өөр бодолтой байгаа юм биш үү. Ялангуяа Х.Баттулга, З.Энхболд нар...?

-Манайх угаасаа л нэг дарга томилогдохоор, тэр хурлаас эхлээд шинэ даргыг хэзээ яаж солих вэ гэж яриад эхэлдэг. Гэхдээ энэ бол нэг их муу зүйл гэж бодохгүй байна. Намын дарга хүн "Би сайн ажиллахгүй бол миний дараагийн хүн бэлэн байгаа шүү" гэдгээ байнга санаж, сайн ажиллана шүү дээ.

-Н.Алтанхуяг тэгээд хэр зэрэг чансаатай намын дарга юм бэ?

-Ямар ч гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялуулж чадсан. Хамтарсан Засгийн газрыг байгуулж, шийдэж чадахгүй байсан олон асуудлыг шийдвэрлэсэн. Хүмүүс одоо Засгийн газрын гаргасан шийдвэрийн тухай шүүмжилж байна. Өмнө нь шүүмжлэх ч шийдвэрийг аль ч улстөрийн хүчин гаргаж чадаагүй. Нам хамтарсан засагт орох шийдвэрийг ҮЗХ-ны хурлаараа гаргахдаа өгсөн гол үүрэг даалгаврыг биелүүлж чадсан учраас би Н.Алтанхуяг, түүний багийг сайн ажилласан гэж бодож байгаа.

-Гэхдээ АН засгаас гэнэт гарч байгаагаараа хариуцлагаас зугтаж байгаа юм биш үү?

-Хариуцлагаас хаашаа ч зугтахгүй шүү дээ. Тэр тусмаа Монголын улстөрд нөлөө бүхий том намын байр суурийг эзэлдэг АН-д. зугтах шаардлага байхгүй. Юунаас зугтах юм бэ. Хамтарсан хугацааны амжилт, алдаа, оноог хоёр нам хамтдаа үүрэх ёстой.

-Ерөнхий сайд, МАН-ын даргын "Ханилж яваад нөхрөө гэдэгтэй адил байна. Харамсалтай байна" гэж хэлснийг та юу гэж бодож байна?

-Хоёр нам хамтарч сонгуульд орохгүй нь ойлгомжтой. Цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байсан байж магадгүй. Гэхдээ С.Батболд АН хамтарсан засгаас гарсныг зайлшгүй болох ёстой үйл явц байсныг ойлгох байх. Хүмүүсийн ярьдаг шиг МАНАН болоогүй учраас АН асуудлаа дотооддоо яриад дүр-мийнхээ дагуу шийдвэрээ гаргасан. МАН-ын даргад урьдчилж танилцуулах, зөвшөөрөл авах шаардлага байхгүй.

-Гэхдээ л танай намынханд их дургүйлхэж байгаа юм биш үү. Хөнжилд гүйж орж ирчихээд л гэж гишүүд нь бухимдаж байсан?

-Хоёр намын удирдах дээд байгууллага шийдвэр гаргаад л хамтарсан. Аль нэг нам нь нэг нэг рүүгээ гүйж очоогүй, өөр өөрийн байр сууринаас хамтарч ажилласан. Тийм учраас хөнжил, гудас яриад байх шаардлагагүй. Гурван жил хамтраад зүтгэсэн нь үнэн. Тэр байтугай УИХ хамтарсан Засгийн газрыг дэмжиж энэ гурван жилд их ажилласан. Хамтарсан Засгийн газрын энэ бүх том зорилгыг биелүүлэхийн төлөө Засгийн газрыг чадлаараа дэмжсэн.

-Таныг Н.Алтанхуягийн мэдэгдэлд их бухимдсан гэх юм?

-Харин ч ирээд баяр хүргэсэн. Юунд уурлах вэ дээ. Тийм зүйл байхгүй. Ер нь улс төрчдийг хооронд нь хагалах ажил дотроосоо ч, гаднаасаа ч хаа сайгүй явж л байдаг. Гэхдээ бид олон жил улстөрд хамт явж, бие биедээ итгэдэг, ойлголцдог улстөрчид, журмын нөхөд. Хэн нэг хүний ярьсанд итгэдэг, тэр гэнэн цаг өнгөрсөн.

-ҮЗХ-ны хурал дээр Х.Баттулга сайд хамтарсан Засгийн газрын ажлыг намын удирдлагуудаа чамгүй шүүмжилсэн. Та Ардчилсан намын нэг лидерийн хувьд Х.Баттулгын хэлсэн үгийг хэрхэн дүгнэсэн бэ. Зарим хүн намын дарга болох гэсэн хүсэл нь бүтээгүйд бухимдлаа гэх юм. Гэхдээ олон хүн үнэхээр зөв зүйл хэлсэн гэлцэнэ?

-Х.Баттулгын хувьд Засгийн газарт орж ажилласан, гэхдээ олон хөтөлбөр шийдүүлсэн ч тэр нь цаасан дээр үлдсэн. Хийе гэж шийдүүлсэн олон ажлыг нь энэ Засгийн газар дэмжээгүйд бухимдал ихтэй байгаа. Харин түүнийг "Би намын дарга болно" гэж ярьсныг би сонсоогүй. Манай МоАХ-ынхон чинь ер нь дайчин, тэмцэгч улсууд байдаг. Тэр холбоог тэргүүлж байгаа хүний хувьд мэдээж тэмцье, эсэргүүцье гэдэг дуу хоолойгоо гаргаж, хааяа үг хэлдэг. Тэрийг нь хүмүүс намын дарга болох нь гэж хардаг болов уу. Нам дотор шүүмжлэл хэлдэг хүмүүсийг намын дарга болох нь гэж харах нь зөв биш байх. Намын дарга гэдэг өөр шалгуураар сонгогддог. Хэн эсрэг үг хэлж байна, хэн асуудлыг эсэргүүцэж байна, түүнийг намын дарга болох гэж байна гэж дүгнэдэг болчихож. Гэтэл тэр хүмүүсээс илүү хийх боломжтой лидерүүд манай намд олон бий.

-Жишээ нь тэр далд байгаа лидер нь та юм биш биз?

-Гарман дээр морио сольдоггүй гэж хэлсэнчлэн сонгуулийн өмнө Ардчилсан нам даргаа солихгүй. Цаг нь болохоор энэ асуудлыг олонхийн саналаараа шийднэ. Би сонгуульд Ардчилсан нам ялна гэж бодож байгаа. Тэгэхээр намын дарга өөрчлөгдөхгүй болов уу.

-Х.Баттулгын бухимдал Ардчилсан нам шинэчлэгдэх цаг болсныг харуулсан. Нөгөө талаар хийгээгүй ажлаа өмөөрөх гэсэн арга нь гэж дүгнэж ч болохоор юм шиг?

-Х.Баттулга Засгийн газарт ажиллахаар үүрэг хүлээсэн, Үүрэг нь сайн биелсэн үү, үгүй юу гэдгийг ҮЗХ дээр бүх сайдаа гаргаж байгаад сонссон. Бухимдал байгааг нь би мэдэж байгаа. Ажил хийе гэхээр хөрөнгө, мөнгийг нь шийдээгүйд бухимдаж байгаа. Тэр салбарыг урьд нь хариуцаж байсан сайдын хувьд надад ч харамсалтай байгаа. Тэр дундаа энэ Засгийн газар урьд урьдынхаас илүү давуу боломжтой байсан.

-З.Энхболд гишүүн ҮЗХ-ны хурал дээр сайд нараасаа "байцаалт" авсан. Их хурлын хийж чаддаггүй ажлыг намын хурал дээрээ хийж чадаж байгаа нь Ардчилсан нам ардчилалтай байгаагийнх уу. Нөгөө талаар хэзээ ч МАН-ын сайд нар нэг гишүүндээ байцаагдаад зогсохгүй байх. АН-ынхан омголон юм шиг мөртлөө үнэхээр хүлцэнгүй юм?

-Ганц З.Энхболд санаачилж хийсэн, юм биш. Хамтарсан Засгийн газарт орсон сайд нарын ажлыг дүгнэх ажлын хэсгийн ахлагчаар бид З.Энхболдыг томилсон юм. Тэр утгаараа намынхнаа төлөөлж асуусан.
Хийсэн ажлыг шалгаж, хийгээгүйнх нь шалтгааныг нь мэдэх үүргээ л биелүүлсэн.

-Та ирэх сонгуульд АН ялна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Харин ч Н.Алтанхуягийн мэдэгдэл танай намыг "будаа" болгочихсон юм биш үү?

-Эерэгээр нөлөөлнө гэж бодсон учраас л нам болон намын удирдлагууд шийдвэрээ гаргасан. Н.Алтанхуяг ямар нэг шийдвэрийг бие дааж гаргаагүй.

-Нэгэнт хоёр нам салж байгаа юм бол байнгын хорооны дарга нарыг ч салгах ёстой гэсэн яриа МАН-ын зарим гишүүдээс гарсан юм уу?

-Хамтарсан Засгийн газар салж байгаа нь УИХ-ын бүтэцтэй ямар ч хамаагүй. УИХ Засгийн газрыг дагаж бужигнахгүй гэж тохирсон. Тиймээс АН-аас ажиллаж байгаа гурван байнгын хорооны дарга нарыг өөрчлөхгүй.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай байна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

Засгийн газар мөрийн хөтөлбөрөө яаж дүгнэснийг мэдэхгүй байна. Ач холбогдлоор нь бодож үзвэл зарчмын бүх шийдвэр гарсан.

-Танай намын мэдэгдлийн дараа шатахууны үнэ нэмэгдсэн. Түүнд нь Б.Ариунсан сайд холбогдоод, Ардчилсан нам бензиний үнэ нэмлээ гэж ойлгогдсон?

-Цаг хугацааны хувьд тийм огтлолцол байсан байх. Бүлэг дээр бид яриад Засгийн газар тууштай арга хэмжээ авах ёстой гэж үзсэн. Нөгөө талаас Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж АН-ын гишүүд
үзэж, гарын үсэг зурсан. Валютын ханшийг тогтвортой байлгах эдийн засгийн бололцоо, нөөц Монгол банкинд байсан. Хэрэгжүүлээгүй. Нөгөө талаасаа нийгэмд зөв ойлголт өгөх хэрэгтэй.

Сонгууль дөхөхөөр улстөр хийж аливаа үйл ажиллагааг зөвтгөдөг, эсвэл буруутгадаг байж болохгүй.

Үнэ нэмэгдсэн шалтгаан нь үнэхээр Газрын тосны хэрэг эрхлэх газраас хамаарсан бол хариуцлага тооцох ёстой. Ноднин намар орон нутгаас авчраад зооринд хадгалж байсан мах 7000 төгрөгт хүрснийг ойлгохгүй байна. Зоориноос дэлгүүр рүү зөөх тээврийн зардал тийм хэмжээнд нэмэгдээгүй. Тэгэхээр шатахуун нийлүүлэгчдээс гадна бусад бизнесийн байгууллага үнээ нэмэхийн тулд шатахууны үнийг нэмэх нь гэж зар тараадаг, нэмлээ гэж нэг дуугаар уриалдаг хөөрөгдөл байгаа юм биш үү. Хий дуулиан, цуурхлыг бий болгож байгаад далимдуулж үнээ нэмдэг салбар байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жил болгон 60 мянган ажлын байр бий болгох, тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин нэмнэ, өрхийн орлогыг нэг саяд хүргэнэ гээд сайхан амлалт олон бий. Эдний аль нь ч биелсэнгүй?

-Хэрэгжээгүй ажил байгаа. Гэхдээ энэ Засгийн газрын хамтарсан гол зорилго нь уул уурхайг хөдөлгөж, Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах байсан. Уул уурхайн томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах үүргээ биелүүлсэн. Үүний үр дүнд цалин, тэтгэвэр нэмэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг амлалтуудаа биелүүлэх ёстой. Одоо үе шаттай хэрэгжүүлж байна.

-Ингэхэд Сонгуулийн шинэ хуулийг ямар хууль болсон гэж бодож байна вэ. Та ажлын хэсэгт нь байсан байх аа?

-Муу хууль биш. Гэхдээ сайн хэрэгжүүлж, чанд мөрдөх ёстой.

-Гулсах, шилжих гэдгийг та дэмжиж байгаа юу?

-Пропорциональ хувилбарыг түлхүү оруулах зарчмыг манай нам санал болгосон. Ер нь бол АН тоо биш зарчим ярьсан.

-Ойлгомжгүй юм их байгаа юм биш үү?

-Ийм том хууль төгс болно гэдэг хэцүү. Хуулийг дагаж олон журам гарна. Дээд шүүхийн тайлбар гарах ёстой. Сонгуулийн ерөнхий хороо ч журам гаргах байх.

Нийтлэлч
Б.Нямсүрэн
Эх сурвалж
Зууны мэдээ

2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг

No comments:

Post a Comment