Wednesday 18 April 2012

Г.Батхүү: Намын даргыг байнга хурцалж байх хэрэгтэй биз дээ

Төрийн ордон эзгүй хэвээр. Төрийн гурван өндөрлөг ч тус тусын алба ажлаар хөдөө орон нутгийг зорьжээ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховд нутагт байгаа бол ерөнхий сайд С.Батболд орон нутагт ажиллаж байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл амарч байгаа бөгөөд түүнийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү орлож байгаа юм. УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Олны анхаарлын төвд байгаа АТГ-ын даргыг огцруулах эсэх тухай асуудлыг УИХ-д өргөн бариад байгаа. Хуулиараа бол уг асууд­лыг 14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа нь УИХ-ыг хууль зөрчсөн гэж үзэх хүмүүс байна. Энэ асуудалд та ямар тайлбар өгөх вэ?

-УИХ хэлэлцэх ёстой асуудлаа 14 хоногийн хугацаанд хэлэлцээд эхэлсэн. УИХ-ын дэргэдэх дэд хорооны ажлын хэсэг, байнгын хороо гээд шат дараатай явж байгаа. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Хэрэв УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл холбогдох байнгын хороод асуудлыг оруулж ирсний дараа чуулган хэлэлцэнэ. Түүнээс биш уг асуудлыг УИХ-д ороод ирсэн байхад нь УИХ-ын гишүүд хэлэлцэхээс татгалзаагүй. Шат шатандаа хуулийн дагуу шийдвэрлэж байгаа асуудал.

-Энэ асуудлыг хэдийд шийдвэрлэж дуусах вэ?

-УИХ-ын гишүүдээс хамааралгүй учир хэлж мэдэхгүй байна. Тусгай хяналтын дэд хороог хуралдсан гэдэг л мэдээллийг өгч чадна. Тусгай хяналтын дэд хороо энэ долоо хоногийн даваа гарагт хуралдсан. Хурлаар дэд хороо ажлын хэсэгтээ үүрэг өгсөн. Тэр дагуу ажлын хэсэг хуралдаж байгаа. Ажлын хэсгийн хамрах хүрээ болон ямар хэмжээнд ажиллаж байгааг мэдэхгүй. Процессийн дагуу л ажил явагдана.

-Дэд хорооны дарга эзгүй байгаа юм биш үү?

-Дэд хорооны дарга байгаа. Солонгост ажлын айлчлалтай байсан. Бас Солонгосын зочид хүлээн авсан гээд ажил ихтэй байсан байх.

-Энэ хаврын УИХ-ын чуулган завсарлаад нэлээд хугацаа өнгөрлөө. Чуулган завсарласан ч чуулганаас гарсан ажлын хэсгүүд хуралдаж байгаа юу?

-УИХ-ын гишүүд долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үндсэндээ амарсан. Энэ сарын 15-ны өдрөөс УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаа эрчимжинэ. Гэхдээ чуулган завсарлана гэдэг чинь УИХ-ын гишүүд бүгд амрах тухай ойлголт биш юм. УИХ-ын үйл ажиллагаа явагдаж л байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой ажлын хэсгүүд, дэд хороод, байнгын хороодын бэлтгэл ажлууд мөн байнгын хороодын судалгааны албад, тамгын газрын ажил явагдаж байна. Өөрөөр хэлбэл хэлэлцэх гол асуудалтай холбоотой намрын чуулганы ажлууд хийгдэж байна гэсэн үг. Одоо ч гэсэн байнгын хороо, ажлын хэсэг хуралдаж байгаа. Зарим УИХ-ын гишүүд маань гадаад, дотоод явж судалгааны ажлууд хийж байна. 10 гаруй гишүүд АНУ, Өмнөд Африкийн орнуудаар явж ашигт малтмалтай холбоотой хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар судалгаа хийж, эрдэс баялагтай орнуудын хөгжил юун дээр алдаж, онов, Монголын хувьд аль нь тохирох вэ гэдгийг судлаж байна. Эрдэс баялаг гэхээр зөвхөн Оюутолгой, Тавантолгойн асуудал гээд зогсохгүй шүү дээ. Энэ бүхний ард 19 стратегийн нөөц бүхий ордуудын асуудал байгаа. Цаашлаад хичнээн стратегийн нөөц бүхий орд гарч ирэхийг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эдийн засгийнхаа хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохын тулд ямар хувилбаруудыг сонгоход зүйтэй вэ гэдэг чиглэлээр 12-13 гишүүн туршлага судалж байна. Мөн УИХ-ын гишүүдийн нэлээд хэсэг нь орон нутагт, Улаанбаатар хотод ажиллаж амарч байна.

-Та тойргоороо ойрд очсон уу?

-Ерөнхий сайдын орон нутагт хийж буй айлчлалын хүрээнд саяхан тойргоороо яваад ирлээ. Ер нь бол их явна шүү. Гэхдээ одоогоор тойрогтоо очих тохиромжтой цаг, нөхцөл нь биш. Учир нь орон нутгийнхан хөдөөнөөс төв барааддаг, сумын төвийнхөн хүүхдүүдээ сургуульд оруулахаар ирдэг үед очвол илүү тохиромжтой байдаг. Ирэх есдүгээр сар гаргаад явах санаа байна. УИХ-ын дарга амарчихсан. Нөгөө дэд маань гадаадад томилолтоор явчихсан. Би УИХ-ын даргыг орлож байгаа учраас хаашаа ч гарах эрхгүй, амарч ч чадаагүй байна.

-Сүүлийн үед АН-ын даргыг солих гэж байгаа тухай яригдаад байгаа. Энэ тал дээр таны ямар байр суурьтай байгааг сонирхоё?

-Тэр талаарх яриаг огт сонсоогүй юм байна. Мэдээж амьдрал баян. Нийгэмд манай намын талаар янз бүрийн зүйл яригдаж л байгаа шүү дээ. АН Монгол улсын бүх иргэнд таалагддаг гэж хэлж чадахгүй шүү дээ. Таалагдахгүй хэсэг байж болно. Гэхдээ тэр утгаараа биш, миний ойлгож, хүлээж авснаар АН-ын удирдлагыг хэвийн ажиллаж байгаа гэж хэлнэ. УИХ дахь АН-ын гишүүд болон дэмжигчдийн зүгээс ч гэсэн ялгаагүй. Ямар ч байсан дараагийн сонгууль болоход хоёр жил дутуу байна. Энэ хугацаанд харин ч сайн ажиллах ёстой. Өнөөдөр намын даргыг сольж, өөрчилнө гэсэн шаардлага албан ёсоор гараагүй. Тийм яриа гарч байгааг үгүйсгэхгүй. Тэр тусмаа АН-ынхан учраас хэн дуртай нь хүссэнээ ярьж болдог шүү дээ. Түүгээрээ манай нам бусад намаас давуу талтай. Асуудлыг яриад хамгийн гол нь олонхоороо шийддэг нь АН-ын онцлог. Бид чөлөөтэй хэн нэгнийгээ шүүмжилдэг. Хоорондоо бүлэг, фракц болж хуваагддаг гэдэг ч эцсийн эцэст бид нэгдсэн шийдвэр гаргаж чаддаг. Хамгийн түрүүнд УИХ-аар шийдвэрлэх ёстой гэсэн асуудлыг манай намын бүлэг “тас” гээд шийдвэрээ гаргадаг шүү дээ. Хуралдахдаа сайдаж муудаж, зодолдвол зодолдож явсаар байгаад энэ нь зөв юм гэдэг олонхийн дэмжсэн асуудлыг бүгдээрээ гар өргөөд явдаг. Ерөөсөө ардчилалын зарчим тэр. Хэрвээ АН-ын даргыг муу хэлдэггүй, шүүмжилдэггүй, магадгүй өөрчлөлтийг нь ярихгүй бол утга учир нь алдагдах гээд байдаг байхгүй юу. Тэгээд ч намын дарга хүнийг байнга хурцалж байх хэрэгтэй биз дээ.

-АН-ыг хамтарсан Засгийн газраас гарахгүй бол магадгүй 2012 онд “Ардчилсан Хувьсгалт нам” нэртэй эвсэл байгуулж сонгуульд оролцох гэнэ гэсэн ёжлол гараад байгаа. Та АН-ын гишүүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ямар ч байсан сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, ард түмэнд амласан амлалт, хамтын мөрийн хөтөлбөрөө биелүүлэхгүй аль нэг нь замаасаа өмнө ухрах нь тухайн намд муугаар л тусна. Мөн аль нэг намаа хугацаанаас нь өмнө шахаж гаргах юм бол тухайн намд муу л гэж бодож байгаа. Өнөөдөр ард түмэн хамтраад эвсэж, хэл амаа ойлголцож ажиллахыг хүн амын дийлэнх олонх нь хүсдэг. Тийм ч учраас ард түмэн хүлээн зөвшөөрч, хамтарсан Засгийн газрыг дэмжээд байгаа. Яах вэ, нийгэмд байгаа 2,7 сая хүнээс 10-20 хувь нь эсэргүүцдэг, таалагдахгүй байх нь байдаг л асуудал. Харин амлалтаасаа буцдаг, хэн нэг нь замаасаа ухардаг, эсвэл зорилтоосоо няцсан намын нэр хүнд унаж л таарна. Яагаад гэвэл дөрвөн жил хамтарч ажиллах мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулчихсан шүү дээ. Тэгээд тэрийгээ хийхгүй больё гээд гарчихвал яах вэ. Тийм учраас аль ч нам энэ бүрэн эрхийн хугацаанд хамтарсан Засгийн газрыг өөрчлөх, буцах, няцах асуудал байхгүй. Улс төрийн өнцгөөс мөн улс орны эрх ашгийн үүднээс харсан ч амьдрал баян юм чинь дотор нь янз бүрийн үзэгдэл, юмс байхыг хэн ч үгүйсгэхгүй. Магадгүй шаардлагатай гэж үзвэл зохих арга хэмжээнүүдийг авах болно.

-Нийгэмд дараагийн АН-ын дарга хэн бэ гэсэн асуулт төрөөд байна. Энэ нь намынхаа даргыг өөрчлөх сонирхолтой хэсэг хүмүүсийн хүсэл сонирхол юм болов уу?

-Нийгэмд ийм эрүүл үзэгдэл байнга байх ёстой. Ер нь АН-ын дарга хэн байж болох вэ гэдэг яриа байнга гарч байна гэдэг нам эрүүл байгаагийн шинж. Нэг хүн өнөөдөр намын дарга болчихоор энэ сэдвийн асуулт хаагдана гэж байж болохгүй. Тэр хүн үүрэгт ажлаа сайн хийж байгаа ч гэсэн намын дарга хэн байж болох вэ гэсэн дараагийн асуулт байнга явагдах ёстой. Зарим нэг хүмүүс өөрсдөө ч гэсэн иймэрхүү санал асуулга явуулдаг нь ойлгогдож байгаа шүү дээ. Миний ойлгож байгаагаар намын рейтингээ, өөрийнхөө нэр хүндийг өргөх бодолтойгоор ийм “пи ар” шинжлэх ухааны онол байдаг биз дээ.

-Намын даргын сайн ажилласан эсэхэд хэзээ дүн тавих вэ?

-Ер нь манай намын дүрмээр дарга муу ажилласан бол сонгуулийн дараа ажлаа өгдөг. Тэгэхээр намын дарга дөрвөн жил баталгаатай ажилладаг. Энэ дөрвөн жилээр сайн муу ажилласан эсэхийг ард түмэн дүгнээд өгдөг. Ард түмэн тэр намыг сонговол сайн ажиллаж. Сонгохгүй бол муу ажиллаж гэсэн үг. Намын даргын ажлыг дүгнэх дүрэм тодорхой.

-УИХ сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж дуусаагүй завсарласан. Таны хувьд сонгуулийн аль хувилбарыг дэмжиж байгаа вэ?

-Аль болох пропорциональ тогтолцоог сонгох ёстой. Энэ нь Монголд эрүүл сонгуулийн тогтолцоог бий болгох юм. Одоо бол УИХ-ын гишүүн гэх ч үнэн хэрэгтээ НИТХ-ийн тэргүүлэгчдийн адил сонсогдож байгаа шүү дээ. Нийслэлийн нэг дүүргээс гэхэд л дөрвөн хүн УИХ-д нэр дэвшин сонгогдож байна. Би заримдаа тоглоом шоглоом хийгээд нэгнээ “дүүргийн гишүүнээр юу байна” гэдэг юм. Пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулснаар УИХ-ын гишүүд зөвхөн сонгогдсон тойргынхоо төлөө биш, асуудлыг илүү томоор хардаг болно. Одоо бол УИХ-ын гишүүн сонгогдсон тойргийнхоо эрх ашгийн үүднээс л асуудалд хандаж, улс эх орны асуудлыг хоёрдугаарт тавиад байна.

-Сонгуулийн тухай хууль дээр нэр дэвшигч, нам хоёроо зэрэг дугуйлах, эсвэл зөвхөн нэр дэвшигчээ дугуйлах гэсэн хоёр хувилбар яригдаж байгаа. Та хувьдаа энэ хоёр хувилбарын алийг дэмжиж байгаа вэ?

-26 тойрогт нам болгоноос нэг нэг хүн төлөөлж нэр дэвшинэ. Тэр авсан саналаар намын нийт суудлын тоо гарна. Бас давхар 76 тойргоор намууд гишүүнээ нэр дэвшүүлж нам доторх жагсаалтаа гаргах хувилбарыг дэмжиж байгаа.

2010 оны 8-р сарын 23, Даваа гариг, Vip76

No comments:

Post a Comment