Thursday 19 April 2012

Г.Батхүү: Тавантолгойг гишүүдийн бүрэн ирцтэй хэлэлцэх ёстой

УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс дараах асуултад хариу авлаа.
-Ээлжит бус чуулган хуралдах уу. Энэ талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр ярьсан уу?

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлах асуудлыг одоогоор ярьж, шийдсэн зүйл алга байна. Төсвийн тодотголтой холбоотой хэлэлцэх асуудал бол бий. Энэ оны улсын төсөв орлого талдаа гүйцэд хангагдахгүй байгаа болохоор төсөвт зохицуулалт хийх хэрэгтэй. Гэхдээ төсвийн тодотголын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барих ёстой шүү дээ. Өргөн барих юм бол ээлжит бус чуулганаар хэлэлцэх үү, ээлжит чуулганыг хүлээх үү гэдгийг шийднэ.

-Төсвийн тодотголоос гадна Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий?

-Тавантолгой бол төсвийн орлоготой холбоотой нэлээд хүлээлттэй байгаа чухал асуудал. УИХ-ын дарга одоогоор орон нутагт ажиллаж байна. Орон нутгаас ирээд энэ асуудлыг шийдэх байх. Одоогоор Тавантолгойг хэзээ ярина гэсэн тов бол гараагүй.

Би хувьдаа Тавантолгой болон төсвийн тодотголыг гишүүдийн нэлээд сайн бүрэлдэхүүнтэй байж хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Мэдээж хэлэлцэх асуудал бүхэн чухал. Гэхдээ энэ хоёр дээр бүх гишүүний санал бодлыг сонсож байж хамгийн зөв шийдэл гаргах ёстой. Тэр дундаа Тавантолгой бол Монгол Улсын нэг жилийн төсвийн тодотголтой харьцуулах асуудал биш шүү дээ. Улс орны цаашдын ирээдүй, хувь заяа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тийм учраас энэ асуудал дээр нэлээд нухацтай хандах ёстой.

Нийтлэлч
Ч.Сансар
Эх сурвалж
Үндэсний шуудан

2011 оны 8-р сарын 12, Баасан гариг

No comments:

Post a Comment