Sunday 22 April 2012

Д.Очирбат: Сүм хийдийн асуудалд төр анхаарах ёстой болсон


Шашны байгууллага үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нийслэл, дүүрэг, сумын ИТХ өөр өөрийн тогтоосон журмын дагуу олгодог аж. Гэтэл манайхан зөвшөөрөл олгоод л орхичихдог бололтой. Сүүлийн үед Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагууд хяналтаас гарч, дуртай газраа сүм барьж, хүссэнээрээ үйл ажиллагаа явуулдаг болсон гэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд НИТХ-аас шашны байгууллагуудад олгодог зөвшөөрөл, түүнд тавьдаг хяналт ямар байгаатай танилцсан аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Очирбатаас сонирхлоо.

-Хар хувцастай шашны номлогчид хаа сайгүй явж харагддаг. Нэг удаа над дээр ирээд шашиндаа нэгдэхийг хүсэхэд нь би буддын шашин шүтдэгээ хэлсэн. Гэтэл та сонголтоо өөрчилж болно шүү дээ гэсэн. Харийн шашин манай улсад дэлгэрч байгаа нь тийм ч сайн явдал биш байлтай. НИТХ-ынхан та бүхэнд ямар мэдээлэл өгч байх юм.
-Шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг нэгдсэн журам байдаггүй юм байна. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын ИТХ өөр өөрсдийн гаргасан журамтай аж. Өөрөөр хэлбэл шашны харилцааг зохицуулсан төрийн бодлого алдагджээ. Үйл ажиллагаа явуулахыг нь гадаадын зарим улсад хориглосон, итгэл үнэмшлээсээ болж хоорондоо сөргөлдөж магадгүй ч гэмээр олон шашны урсгал манай улсад газар авсан байна.

НИТХ 1994 оноос хойш буддын 64, христийн 90, бөөгийн шашны зургаан байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна. Түүнээс 28 нь л жил бүр зөвшөөрлөө сунгуулдаг, бусад нь НИТХ-аас гаргасан журмыг зөрчиж иржээ. Төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж чаддаггүй. 16 нас хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд ашиглахын тулд тэднийг татах гэсэн элдэв сургалтад хамруулж, хоол, ундаар үйлчлэх зэргээр уруу татах үйл ажиллагаа их явуулдаг юм байна. Олон нийтийн газар, айл бүрээр орж шашнаа ухуулж явдаг гадаадын номлогчид маш олон болж. Шашны асуудал эмзэг хэдий ч түүнээс гарах үр дагавар нь маш ноцтой байдаг. Тийм учраас шашны үйл ажиллагаанд төрөөс анхаарахгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэд Ажлын хэсгийнхэн хүрсэн.
-Шашны олон барилга, байгууламж, сүм, хийд энэ тэндгүй байх болж. Сүм барих зөвшөөрлийг хүссэн бүхэнд өгдөг хэрэг үү?
-Хуулиар тусгай болон аж ахуйн зориулалтаар газар авч сүм, хийдээ байгуулах ёстой. Миний мэдэхээр шашны ихэнх байгууллага 1-2 айлын хашааны газар худалдаж аваад тэндээ сүм бариад үйл ажиллагаа явуулдаг болсон. Тэгэхээр шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, газрыг хэрхэн олгож буйд анхаарахаас аргагүй байдал бий болсон байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад олгосон зөвшөөрлөө эргэж харах, хяналтаа сайжруулах, хууль, журамд өгөх саналаа боловсруулж танилцуулах хугацаатай үүрэг Нийслэлийн ИТХ-д өгсөн.
-Ямар ямар шашны хэдэн урсгал манай улсад орж ирээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл байна уу?
-Тийм тоо, баримт, бүртгэл нийслэлд их дулимаг юм байна. Ямар шашны хэдэн урсгал орж ирсэн талаарх мэдээлэл маш бүрхэг. Дэлхийн бусад оронд үйл ажиллагааг нь хориглосон шашны урсгал манайд орж ирсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.
-Олон төрлийн шашны үйл ажиллагааг зөвшөөрсний сайн тал гэж байх уу?
-Ямар шашин шүтэх нь хүний эрхийн асуудал ч төрийн бодлого зайлшгүй байх хэрэгтэй. Шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хавтгайруулж олгосон, түүний хойноос тавь-даг хяналт алдагдсанаас итгэл үнэмшлээсээ болж хүмүүсийн дунд ямар нэгэн сөргөлдөөн үүсэхийг үгүйсгэхгүй. Монголчуудын уламжлалт шашин гэж бий. Гэтэл бурхны шашны эд зүйлийг устгах зэрэг зохисгүй явдал мэр сэр гарах болсон байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй хайрхан уул болон Баянхонгор аймагт бурхны шашны шүншиглэсэн эд зүйлийг эвдэж сүйтгэсэн байна лээ.
2009 оны 4-р сарын 15, Лхагва гариг
  Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment