Thursday 19 April 2012

Г.Батхүү: Хэн нэгэн хүн, намд тохирсон хууль батлахгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы үйл ажиллагаанаас албан ёсоор завсарлага аваагүй ч Байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй байгаа. Энэ талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.

-УИХ-ын үйл ажиллагаа гацаанд ороод нэлээд удлаа. УИХ-ын дэд даргын хувьд үүнээс гарах ямар арга байна гэж бодож байна. Иргэд, сонгогчид завсарлага авсанд дургүйцлээ илэрхийлж эхэллээ?

-УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орсон зүйлгүй. Сонгуулийн хууль яах аргагүй маш чухал хууль. Улс орныг цаашид авч явах бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүдийг ямар тоглоомын дүрэм, хуулиар сонгох гэдэг нь чухал асуудал. Тиймээс энэ асуудлыг сонгууль болохоос хагас жилийн өмнө 'бид шийдэх ёстой байтал цаг үе нь тулах гээд байдаг. Гэтэл намрын чуулган эхлэнгүүт зургаан сарын дараа сонгууль болно. Ард түмэн УИХ-ын гишүүдийг бидний өмнөөс асуудлыг шийд гээд сонгосон. Үүний дагуу үүргээ биелүүлж Сонгуулийн хуулиа баталж, хэдэн тойргоор пропорциональ, мажоритар байхыг шийдэх бүрэн бололцоо, эрх мэдэл УИХ-ын гишүүдэд бий. Үүнийг хийж чадахгүй бол УИХ-ын чадамжийн тухай яригдах ёстой. Гагцхүү Үндсэн хуулийн тухайд ард түмэнтэй хуваалцах саналаа 2012 оны сонгуулиар хамт явуулахыг зөв гэж үзэж байна.

-Сонгуулийн хуулиар хоёр намын бүлэг тохиролцож, харин бусад хууль, тогтоолын төслөө хэлэлцэх хэрэгтэй юм биш үү. Хаврын чуулган завсарлалаа?

-Хэлэлцэнэ гэж бодож байна. Яаралтай энэ асуудал руу орно. Гэхдээ Сонгуулийн хуулийн ач холбогдол их тул тулгаж хэлэлцэж болдоггүй. Улс орон яаж хөгжих, хэн удирдах гээд олон гол асуудлыг шийддэг хууль тул эртхэн шийдэх л ёстой. 2008 оны Сонгуулийн хуулийг ямар байдлаар шийдсэнийг ард түмэн мэдэж байгаа байх. Хэн нэгэн хүн, аль нэг улс төрийн намд тохирсон хууль баталмааргүй байна. Өнөөдөр хамгийн зөв зүйтэй, Монгол Улсад тохирох ард түмний сонголт жинхэнэ утгаараа, үр дүнгээрээ гарч чаддаг,дахиад долдугаар сарын 1-нийг давтахааргүй тийм хууль батлахын төлөө байгаа. Түүнээс биш Ардчилсан намын эрх ашгийн төлөө ч гэдэг юм уу, хэн нэгэн гишүүний төлөө бид ажиллаагүй.Тиймээс л сайн хууль гаргахын төлөө хичээж байна.

Одоо бидэнд алдах эрх байхгүй. Яагаад гэвэл цаг үе нь их онцгой үе таарч байгаа. Монгол Улс ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орж, олон орон сонирхдог болсон. Энэ цаг үед Монголын төр чадамжтай байх зайлшгүй шаардлагатай. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын асуудал болсон учир бид дараагийн сонгуульд их ач холбогдол өгч байгаа юм. Иймээс ажил гацаах гэдэг ойлголтоос илүү Сонгуулийн хуулиа хэлэлцэж, шийдэх хэрэгтэй гэсэн байр сууринаас хоёр намын бүлэг хэд хоног зөвшилцсөн.

-Гэвч олон чухал хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан ч, амжихаасаа өнгөрөв бололтой. Энэ талаар?

-Үлдэж байгаа хугацаанд хуулийн дагуу цаг хугацаагаар шахагдсан асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, Төсвийн хүрээний мэдэгдэл, 2010 оны төсвийн гүйцэтгэл гэх мэтийн олон асуудлыг шийдэхээс аргагүй гэж үндсэндээ тохирсон. Харин Сонгуулийн хуулийн ажлын хэсэг байгуулаад болохгүй бол намрын чуулганаар хэлэлцүүлэхээр үүрэг өгч, зунжингаа ажиллуулах бололцоотой.

Эх сурвалж: Өдрийн шуудан

Н.Анир

2011 оны 7-р сарын 07, Пүрэв гариг

No comments:

Post a Comment