Thursday 19 April 2012

Г.Батхүү: Хүний хөгжил сангийн хуулийг өөрчилснөөр төсөвт ачаалал ирэхгүй

УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гишүүн С.Бямбацогт, П.Алтангэрэл, Н.Батбаяр нар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болон Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д ергөн барьсан. Энэ төслийн талаар УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс тодрууллаа

-Хүний хөгжил сангийн мөнгөөр банкны зээл, хүүгийн төлбөрөө төлөх боломжийг хуулиар нээж өгөх гэж байгаа юм байна. Ийм хууль санаачлах зайлшгүй шаардлага юу байв?

-Уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилахын тулд УИХ 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу иргэдэд хүний хөгжлийн мөнгийг нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, орон сууц худалдаж авах, сургалтын төлбөрөө төлөх зэргээр бэлэн бус хэлбэрээр олгож байгаа. Мөн сар бүр бэлэн мөнгөний хэлбэрээр олгож байна. Гэвч банкнаас зээл авсан малчид, өндөр насны тэтгэвэр авдаг ахмадуудад энэ нь бодит дэмжлэг болж чадахгүй байгаа.Тэр хүмүүс сар бүр хувь, хишгээ аваад л банкны өндөр хүүтэй зээлийн төлбөрт өгч байгаагаас биш амьдрал ахуйдаа нэмэрлэж чаддаггүй. Зээлээ төлж, өрийн дарамтаас чөлөөлөгдөх боломж ч хомс байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид банкны зээлийн мөнгөөр эргэлтийн хөрөнгөө босгож байгаа ч өндөр хүүгийн төлбөрт тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ хүртэл хураалгасан тохиолдол бий.Тиймээс Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулж малчид, өндөр насны тэтгэвэртэй ахмадууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, банкны зээл, хүүгийн төлбөр, үйлдвэрлэл эрхлэхэд зориулан худалдаж авах тоног төхөөрөмжийн төлбөрийг Хүний хөгжил сангийн мөнгөөрөө төлөх боломж бүрдүүлэхээр УИХ-ын 16 гишүүн хуулийн төсөл санаачиллаа.

-Яагаад заавал малчид, өндөр насны тэтгэвэр авдаг ахмадууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэж тодотгосон юм бэ. Бусад иргэдийн хувьд ч хүний хөгжлийн мөнгөөрөө банкны зээлээ төлөх бодол байж болох шүү дээ?

-Улсын хэмжээнд өнгөрсөн оны эхний байдлаар арилжааны банканд малаа барьцаалж зээл авсан малчдын зээлийн хэмжээ 64.1 тэрбум төгрөгт хүрсэн мэдээ бий. Мөн энэ оны тавдугаар сарын байдлаар 214100 ахмад өндөр насны тэтгэвэр авч буйн 77.6 хувь нь буюу 166200 нь тэтгэврийн зээлтэй байна. Малчид малын гаралтай түүхий эдээ борлуулж, малаа барьцаалж, мөнгөний эх үүсвэртэй болдог. Ахмадууд тэтгэврээс өөр орлогогүй. Гэтэл ган, зуд зэрэг байгалийн гамшгийн улмаас малчид малгүй болж, банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн.Тэтгэврээ зээлээд авчихсан ахмадууд байнгын бэлэн мөнгөний хомсдолд хүнд нөхцөлд амьдарч байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд үйлдвэрлэл явуулах хөрөнгийн ганц эх үүсвэр нь, банкны зээл. Харамсалтай нь банкны зээлийн хүү хэтэрхий өндөр.Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр бий болгоё гэвэл ийм арга хэмжээ чухал. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Батбаяр нарын гишүүд өнгөрсөн онд цас, зудны улмаас малгүй болсон малчдад дэмжлэг үзүүлэх зорилготой Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж өргөн барьсан. Ажлын хэсэгт би багтсан. Энэ бүх санаачилга Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл болж өргөжлөө.

-Энэ төслийг баталбал төсөвт ямар ачаалал ирэх бол?

-Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгө учир нэмэлт эх үүсвэр шаардахгүй, инфляцид сөргөөр нөлөөлөхгүй, төсөвт ачаалал үүсэхгүй. Мөн сүүлийн жилүүдэд байгалийн гамшгийн улмаас мал аж ахуйд учирсан хохирлыг богино хугацаанд даван туулах, арилжааны банкнуудын чанаргүй зээлийн хэмжээ буурах, ашигт малтмалын орлогоос иргэдэд хүрч байгаа орлогыг шаардлагатай зүйлдээ зарцуулах боломж бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой,

-Дагалдаж гарах УИХ-ын тогтоолын төсөлд юу тусгасан бэ?

-Хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд банканд өртэй малчид, өндөр насны тэтгэвэр авагч ахмадууд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээл, хүүгийн төлбөрт Хүний хөгжил сангийн бэлэн мөнгөний хэлбэрээр хүртээж байгаа хувь хишгийг шилжүүлэхийг зөвшөөрөхөөр тусгасан.Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн зээл, хүүгийн төлбөрөө хамтдаа төлөх боломж бүрдүүлэх,тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс банкан дахь зээлийн хүүгийн төлбөрийг тасалбар болгож,тухайн зээлийн хүүг тооцох талаар банкнуудтай тохиролцох талаар зааж өгсөн байгаа.

Үндэсний шуудан Б.Түвшин

2011 оны 6-р сарын 20, Даваа гариг

No comments:

Post a Comment