Saturday 21 April 2012

Д.Очирбат: Иргэдийн тархийг хямруулчих вий гэж болгоомжлоход илүүдэхгүй дээ

УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-Чуулган завсарласан болохоор та сонгогчидтойгоо уулзаж байна уу?
-Түрүүний парламентад сонгогдсон гишүүд маань тойрогтоо нэг их ажиллаж байгаагүй. Энэ удаагийн парламентын гишүүдийг тойрогтоо ирэх нь үү, үгүй юу гэсэн хүлээлт, эргэлзээтэй байжээ, манай иргэд. Би өөрөө УИХ-д орж ирэхээсээ өмнө энэ дүүргийн удирдлага, засаг захиргааны байгууллагад иргэдтэй ойрхон олон жил ажилласан хүний хувьд тэр үеийнх шигээ л уулзаж, ярилцаад ирлээ. Нийт сонгогчдынхоо төлөөлөлтэйгээ уулзаж дуусчихаад хийх ажлын-хаа өмнө ирчхээд байна. Тэднээс гарч байгаа нийтлэг санал гурав, дөрвөн асуудал болж байна. Иргэд маш их мэдээлэлтэй, санаачилгатай болжээ. Хямралын талаар их ярьж байна. Сонгуулийн үеийн амлалтуудын талаар ч асууж байна. Тэгсэн хэр нь улс орон хямраад хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд байхад учир шалтгааны хувьд болохооргүй, биелэхээргүй болсон амлалтаа цуцлахад ч гайхаад байх зүйлгүй, хэрэв боломж нь байгаад 1.5 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгоход нь инфляцид нөлөөлнө. Ямар ч л байсан нийгэмд таатай хандлага, нөхцөл байдал үүсгэхгүй гэх зэргээр шүүмжилж байна.
-Сая танай намын Удирдах зөвлөлөөс санаачлан, зохион байгуулсан хямралыг гэтлэх талаар хэлэлцэх зөвлөгөөнөөр 1.5 саяын асуудал их яригдсан. Нэгэнт чадахгүйгээ мэдэж байж, түүнийгээ үнэнээр зарлахгүй байсаар нийгмийг улам хүнд байдалд оруулах вий, эртхэн чадахгүйгээ хэлэх хэрэгтэй гэсэн санал дүгнэлтийг та сонссон байх?
-Амласан амлалт учраас өгөх л ёстой. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал, улс орны чадвар чадамжаас шалтгаалаад яаж өгөхөө ямар нэгэн аргаар шийдвэрлэж болох байх л даа. Сонгогчидтойгоо уулзаж байхад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тоног төхөөрөмжтэй болоход туслалцаа үзүүлэх байдлаар ажиллавал сайн сан гэсэн санал, санаачилга гарч байна. Нөхцөл байдалд хурдан дүн шинжилгээ хийж, хэрхэхийгээ ард түмэндээ тайлбарлаж, ойлгуулах шаардлагатай нь үнэн л дээ. Хоосон, цаг хугацааны хувьд өнөө, маргаашдаа биелэх боломжгүй байхад хэт найдвар тавиад иргэд буруу зарцуулалттай байвал эдийн засаг нийтээрээ  улам хүндрэх магадлалтай. 1.5 сая төгрөгөөс тусад нь хямралын нөхцөл байдлын тухай ярихад хүмүүсийн амьдрал харьцангуй нэг их өөрчлөгдөж, хүндэрчихээгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга хямралын тухай ярьсаар байгаад сэтгэлзүйгээр нь эрт хямруулчих вий гэсэн бодол бас орж ирэх юм. Бодит бай-дал хүндрэхээс өмнө иргэдийн тархийг хямруулчих вий гэж болгоомжлоход илүүдэхгүй дээ.
-Дүүргийн Засаг даргаасаа УИХ-д нэр дэвшээд сонгогдож чадаагүй, их хэл ам дагуулж байж УИХ-д орж ирсэн тохиолдлууд бий. Ямартаа ч, сонгогдоно гэдэг нь өмнөх ажлынхаа үзүүлэлтээр өндөр оноо авч байсны нэг илэрхийлэл байх. Таны эхлүүлсэн ажлаас одоо дүүрэгт үргэлжилж, мөрдөгдөж байх юм уу?
-Мэдээж, Засаг даргаар ажиллаж байхдаа орж ирсэн хүн бүхний асуудалд хүссэнээр нь хандаж чадахгүй нь ойлгомжтой. Нийт хүмүүсийн төлөөлөл болчхоор хэдхэн хувийг нь, гарцаагүй хүмүүсийн асуудлыг цаг тухайд нь шийдэх, төр захиргааны үйлчилгээг зохих түвшинд нь хүргэх шаардлагаар ажилласан маань иргэдэд хүрч байсан юм болов уу. Тэр утгаараа сонгуулийн өмнө намаас явуулсан санал асуулгаас эхлээд өндөр үнэлгээтэй байсаар, УИХ-д төлөөллөө оруулахдаа иргэд өөрсдөө л шилж сонгосон. Түүнээс би УИХ-ын гишүүн болно гэж бэлтгэж явсангүй. Ажлыг нь сайн гүйцэтгэлтэй байлгах талд цаг наргүй ажиллаж ирлээ. Энэ дүүрэгт Засаг даргын орлогчоор ч ажиллаж байсан. Дараа нь Засаг дарга болоод өмнө эхлүүлж байсан ажлуудаа үргэлжлүүлсэн 10 гаруй жил гэдэг бол чамлахааргүй хугацаа л даа. Нийслэлийн төвийн дүүрэг болохоор тохижилт, төр захиргааны үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх ажил сайн хийгдсэн. 19 дүгээр хороо шинээр байгуулагдах ажлыг шийдвэрлэчихээд УИХ-ын сонгуультай залгасан даа. Одоо шинэ хорооны ажил сайн явж байна. 750 хүүхдийн сургууль, эмнэлгийн асуудал шийдэгдсэн. Улаанбаатарын иргэдийн 70 хувь нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зусландаа гардаг. Энэ чиглэлийн үйлчилгээг шинэ түвшинд гаргасан. Өнөөдөр идэвхжээд явж байна. Гурван жилийн ч өмнө юм уу даа, бүх төр захиргааны байгууллага, аймаг, дүүргийн хэн нь хэр хүнд сурталтай байгааг нэг сайт шалгаруулж байсан юм.
Тэнд нийслэлийн есөн дүүргээс Чингэлтэй дүүрэг сүүлээсээ гуравдугаарт ор-сон. Хамгийн хүнд сурталгүй дүүрэг нь Багахангай, Налайх, тэгээд манайх болсон байлаа. Захын дүүргүүдтэй эн зэрэгцэж, нийслэлийн төвийн дүүрэг хэр нь хүнд сурталгүй гэсэн үнэлгээ авсандаа тэр үедээ манай хамт олонхи урамшиж байсан юм.
-Танай дүүрэгт ер нь нийтлэг ямар бэрхшээл байдаг юм бэ?
-Яг өнөөдрийн байдлаар иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүртээмж муу байна. Эмнэлэг үйлчилгээний газар нь хувийнх ч юм шиг, нэг харахад төрийнх ч юм шиг. Тэгсэн хэр нь яамнаас удирдаж чиглүүлсэн бодлого төдийлөн харагдахгүй. Одоо манай зуслангийн хороодын эмч нар 20-30 км алхаж, аж-лаа хийж байна. Энэ хэрээр цаг алдана. Болзошгүй үед хүний амь нас ч аюулд тулгарч мэдэхээр байна. Өрхийн эмнэлгүүдийг унаа тэрэгтэй болгох, орчин нөхцөлийг нь сайжруулах ажил нэн даруй хийгдэх хэрэгтэй. Эрчим хүчний асуудал хунд сурталтай, зарлага ихтэй, иргэд маш их гомдолтой байдаг. Эдгээр асуудлаар би ойрын хугацаанд холбогдох албаны хүмүүстэй уулзаж, засч залруулах талаас газар дээр нь үзэж танилцах, шийдвэрлэхээр төлөвлөөд байна.
-Шинэ гишүүд парламентыг янз бүрээр үнэлж, дүгнэж байна. Ямар ч шинжлэх ухаангүй, уншиж судлалгүйгээр яарч сандачсан шийдвэр, дүгнэлт гаргаад л байна гэх юм. Танд ямар санагдаж байна вэ?
-Тухайн гишүүний идэвх чармайлтаас бүх ажил шалтгаалах юм байна. Надад суралцах зүйл маш их бий. Шинэ орж ирсэн хүний хувьд парламентыг гаднаас нь харахад маш олон хуулийн нэмэлт, өөрчлөлт гаргаж байна. Ямар нэг асуудлыг хэлэлцэхэд тухайн асуудлаар.олон талын мэдээллээр хангах зорилгыг УИХ-ын Тамгын газар маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гишүүдийн хувьд аливаа асуудалд хайхрамжгүй хандах нь их юм. Бас олон жил парламентаар явчихсан, сайд байсан мэт улсууд хэтэрхий вакуумжчихсан, амьдралаас тасарчихсан юм ярьж байна. Анхан шатны, ард түмний дунд байгаа мэдээллээр хомс байна.
-Та дүүргийн Засаг даргаар 10 шахам жил ажилласан гэлээ. Хоёр сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд лав ажилласан байх нь. Та эм ч хүн юм билээ шүү дээ. Ямар замаар улс төрийн албан тушаал хашаад эхлэв ээ?
-Чингэлтэй дүүрэгт, төр захиргааны байгууллагад ажиллаад эхэлсэн түүх их сонин л доо. Анхны хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд бий болж эхэлсэнтэй холбоотой. Нэг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байлууллагыг төлөөлж ажиллах мэргэжилтний шаардлага гарч эхэлсэн байдаг юм. Бас салбараа, асуудлаа мэддэг эмч хүнээр асуудлыг хариуцуулъя гэсэн шаардлага ургаж л дээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн байгууллагуудын асуудлыг төр захиргааны байгууллагад хүргэдэг, төр захиргааны мэдээлэл, бодлогыг өнөөх эмнэлэг, эмийн сангийн захиргаанд хүргэх байдлаар ажиллаж эхэлсэн. Ингэж хоёр жил болоод дүүргийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажиллалаа даа. Дараагийн дөрвөн жилд нь Засаг даргаар томилогдсон юм. Үнэндээ миний ажил амьдралын хамгийн их хугацаа Чингэлтэй дүүрэгтэй холбоотой өнгөрчээ.
-Таны эхнэр бас эмч үү?
-Үгүй ээ, эхнэр маань хуульч мэргэжилтэй.
-Таныг дунд сургууль төгсөх үед хүмүүс мэргэжлээ хүүхдэдээ их өвлүүлдэг хэв шинж байсан санагдах юм?
-Яг тийм шүү. Манайх ер нь эмчийн удамтай айл. Эмч тасраагүй дээ. Яг энэ удмаа бас надаар дамжуулна гэж миний аав, ээж намайг бага байхаас ярьдаг байсан нь нөлөөлсөн байх. Уг нь би багадаа онгоцны нисгэгч бол но гэж мөрөөддөг байлаа. Хэдий тэгж ярьсан ч аав, ээж хоёр минь нэг удаа ч "Үгүй ээ, чи эмч бол" гэж загнаж, зандраагүй хэр нь долоо, найм-дугаар ангид орохдоо хэзээ-ний л би эмч болно гэсэн сэтгэлзүйгээр бэлтгэгдсэн байлаа. Энэ үеэс яг аавыгаа л дагаад эхэлсэн дээ.
-Аав тань хаана ажиллаж байсан бэ?
-Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар олон жил ажилласан хүн дээ. Тэндээ Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэлтийн тасаг хамгийн анх байгуулсан гавьяатай Дагвадорж гэж хүн бий. Одоо тэтгэвэртээ гарсан, нийслэлд ирсээн. Аавыг дагаж хөдөө гадаа дуудлагад их явдаг байлаа. Анагаах ухааны их сургуульд ороод нэгдүгээр дамжаандаа яг нэг жил асрагчийн дадлага хийдэг юм шүү дээ. Би гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт нэг жил ажилласан. Одоогийн анагаахын сургалтад тийм дадлага байхгүй болсон байх аа. Дадлагын дараа гуравдугаар дамжаагаа төгстөл би яг мэс заслын эмчийн мэргэжлээр дагнан сурч эхэлсэн юм. Нийт 300 орчим хагалгаанд дагалдангаар opcон. Тэгээд дөрөвдүгээр дамжаанд ортол манай ангийнхнаас 90 хувийн онц дүнтэй, сурлагатай оюутнуудыг шилж аваад, уламжлалт эмчилгээний анги нээсэн. Хайдав, Төмөрбаатар багш нарын эхлүүлсэн ажил л даа. Энэ багт орж сурсан, хамгийн анхны уламжлалт эмчилгээний ангийг төгсөгчийн нэг. Тэр үед унших судлах эх сурвалж ховор, өөрсдөө судар ном эргүүлж байж мэдлэг болгож авна. Шашин шүтэх асуудал бас ч гэж бүрэн чөлөөлөгдөөгүй байлаа шүү дээ. Түвд үсэг, уйгаржин монгол үсгээс хөрвүүлж хичээлдээ бэлтгэж орно. Тавдугаар дамжаандаа ангиасаа таван хүүхэд сонгогдоод сурагч багшаар ажилладаг байлаа. Шөнөжин бусад эх сурвалжуудаас орчуулга хийж, мэдээлэл олж авч, ангийнхандаа тайлагнана шүү дээ.
-Анагаахын хэдэн оны элсэгч гэсэн үг вэ?
-1986 онд элсээд, 1993онд төгссөн шүү.
-УИХ-ын гишүүн болонгуут чөлөөт цаг хомсдож байна уу. Ер нь чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Хоёр хүүдээ их цаг гаргахыг хичээдэг ч боломж хомс юм даа. Хүүхдүүд үнэн-дээ жаахан гомдолтой л байдаг. Өглөө унтаж байхад нь гараад, шөнө нэлээд хичээж байж эрт очлоо гэхэд орондоо орсон хойно нь очих жишээний. Зав гарвал тэдэнтэйгээ хамт агаар салхинд гарчихыг бодно. Амралтын өдрүүдээр нэлээд цаг гаргаж, үзвэр үзэхийг хичээнэ. Миний бага хүү энэ жил дунд сургуулийн нэгдүгээр ангид элсч байгаа юм. Манай гэр бүлийн гурван залуу гэх юм уу даа, би хоёр хүүтэйгээ нийлээд зав гарвал шоппинг хийх дуртай.
-Ямар сонин юм бэ, эрэгтэй хүмүүс дийлэнх нь дэлгүүр хэсэх дургүй байдаг даа?
-Эмээ, өвөөдөө гоё юм авч очих гэж уралдаад л, ийм л гоё юм аваачиж өгье, түрүүнд энийг авсан шүү дээ, эмээ дуртай, өвөө дургүй гээд л хэсч өгнө шүү дээ. Өөр, зав чөлөөгөөрөө долоо хоногийн хоёр өдөрт хичээж цаг гаргаад фитнест явчихдаг юм аа. Тэгэхгүй бол жин нэмэх гээд хэцүү юм. Нэг хэсэг эрүүл мэнддээ анзааралгүй их ажиллажээ. Хэдийгээр эмч хүн ч дүүрэгт байхдаа биеэ өвдөж, зовиурлахыг тоохгүй, маш их ачаалалтай ажилладаг байлаа. Өдөр тутам, цаг тутам маш олон шийдвэр гаргана, нэг газар очиж шагнал гардуулах гээд алийг хэлж барах вэ. Тэнд гал гарлаа, энд хог шороотой байна гээд л үсчиж явдаг байжээ. Тийм хэмнэлээс яг УИХ-ын танхимд ороод ирэхээр бага гэхгүйгээр орчин өөрчлөгдөж байна. Гэхдээ иргэдийн төлөөлөл болоод, саналыг нь аваад, даалгаврыг нь дайгаад ороод ирсэн болохоор дасан зохицож байна. Хууль бүхэнд өөрийнхөө сонгогчдын нийтлэг эрэлт хүсэлт, амьдралын шаардлагыг багтаахын тулд зорих ёстой.
Б.ХАЖИДМАА
2009 оны 2-р сарын 10, Мягмар гариг

No comments:

Post a Comment