Sunday 22 April 2012

Д.Очирбат: УИХ-д гуравхан эмэгтэй гишүүн байна шүү дээ


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай уулзаж ярилцлаа
-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. УИХ өмнө нь энэ хуулийг буцаасан. Одоо байдал ямар байна вэ?
-Уг хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. УИХ ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн ахлагч нь би. Манай ажлын хэсэг бусад улс орнуудын жендерийн тэгш байдлыг хангах эрх зүйн орчинг сайн судалсан. Улстөрчдийн үл ойлголцлоос энэ хуулийг нэг удаа буцаасан. Одоо бид хуулийг нэлээд чамбай боловсруулж оруулж байгаа. Монгол улсын Ерөнхий сайдын толгойлсон Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, олон улсын байгууллагууд болон төрийн бус олон байгууллагын санал бодлыг тусгаж хамтарч ажиллаж энэ хуулийг чамбай боловсруулсан. Ажлын хэсгийнхэн жендерийн хууль амжилттай хэрэгжиж байгаа хоёр гурван орноор явж туршлага судлаад ирсэн. Зарим улсад Жендерийн яам хүртэл байгуулсан байдаг юм билээ.
-Ажлын хэсгийнхний хувьд үл ойлголцол, асуудал удаашрах хандлага гарч байна уу. Уг нь хууль их л олон жил яригдаж байна даа?
-Ажлын хэсгийнхэн сая анхныхаа хуралдааныг хийгээд жендерийн тэгш байдлыг хангах нь эмэгтэйчүүдийг улс төрд оруулж ирэх, улс төр дэхь хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх зарчмын асуудал дээр санал нэг байгаа. Улс төр дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлье гэвэл сонгуулийн тухай хууль, улс төрийн намуудын хуулинд ч анхааралтай хандах хэрэгтэй. Хамгийн гол нь улс төрийн намууд сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжиж улс төр дэх жендерийн тэгш байдлыг хангах нь зүйтэй гэсэн асуудал нэлээд яригдаж байна. Зарим хүн энэ хуулийг зөвхөн эмэгтэйчүүдийн эрх ашигт үйлчлэх мэтээр ойлгоод байгаа. Тэгвэл жендерийн асуудал бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ижил тэгш байдлын харьцааг ойртуулахад байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголчууд эмэгтэй хүүхэддээ илүү их анхаарал тавьдаг. Эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэдтэй айл байлаа гэхэд эмэгтэй хүүхэддээ хамгийн түрүүнд анхаарал тавьдаг. Эмэгтэй хүүхдээ л боловсролтой болгоё гээд бүх л бололцоогоо дайчилдаг. Тэгэхээр эндээс эрчүүдийн жендерийн асуудал гарч ирж байгааг анхаарахгүй орхиж болохгүй.
-Монголчууд зарим талаар жендерийн мэдрэмжтэй мэт харагддаг мөртлөө заримдаа эргэлзмээр байдаг?
-Би монголчуудыг харьцангуй жендерийн мэдрэмжтэй ард түмэн гэж боддог. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс доор зуухны амыг сахиад сууж байх ёстой г.эж үздэггүй. Бид эмэгтэй хүнийг хүндэтгэдэг харьцангуй эрх тэгш үзэлтэй сайхан уламжлалтай ард түмэн. Өүлэн ээж,Мандахуй цэцэн хатан гээд Монголын олон Сарангуа ээжийг хүндэтгэж хайрлаж явдаг гээд яриад байвал урт түүх бий. Өрх гэрийн дотор ч гэсэн эрчүүд эмэгтэйчүүд их сайхан тэгш харьцаатай явсан ард түмэн шүү дээ. Харин өнөөдөр нийгмийн зарим салбарт жендерийн тухай анхаарал тавихгүй бол болохгүй нь. Мэдээж улс төрийн төвшинд яривал эмэгтэйчүүдийн төлөөлөл харьцангуй бага байгаа л даа. Гэвч анхан шатан дээр зарим нэг салбарт эрэгтэй эмэгтэй хүйсийн харьцаа их анхаарал татаж байна. Жишээлбэл би эмч хүн. Намайг 1986 онд Анагаах ухааны дээд сургуульд ороход элсэгчдийн 1/3 нь заавал эрэгтэй хүүхэд байна гэж заадаг. Тэр үед жендерийн асуудалд анхаардаг байсны нэг жишээ энэ. Түүнээс хойш ч Анагаах ухааны их сургуульд эрэгтэй эмч бэлтгэх төрийн бодлого явж л ирсэн. Боловсролын салбарт ч эрэгтэй боловсон хүчин бэлтгэх талаар анхаарч л байсан. Өнөөдөр анхан шатны төрийн албан хаагчид дунд эрчүүдийн тоо эрс багассан. Эрүү мэндийн салбарт л гэхэд эмэгтэйчүүд давамгайлж байгаа. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт эмэгтэй хүмүүс түлхүү ажиллах нь сайн талтай боловч нөгөө талаар эрэгтэй эмэгтэй хүйсийн тэнцвэрт байдал нь алдагдаж байгааг анхаарах ёстой. Тийм учраас бид энэ хуулийг гаргаснаараа эрүүл мэндийн салбарт эрэгтэй эмч нарыг бэлтгэх асуудлыг хөндөнө. Мөн аль ч ерөнхий боловсролын сургуульд эмэгтэй багш нардавамгайлсан байгааг харж болно. Тэнд эрчүүдийн үүрэг хумигдчихсан байдаг. Тиймээс жендер гэдэг асуудлыг зөвхөн эмэгтэй гэдэг ойлголтоор биш хүйсийн тэнцвэрт харьцаа гэдэг ойлголтоор энэ хуулинд хандаж байгаа. Цаашдаа ч гэсэн хэвлэл мэдээллээр энэ талаар түлхүү сурталчлан таниулахад хэрэгтэй байгаа юм. Бидний зарим нь жендерийн асуудал гэхээр эмэгтэй хүний тухай гэж ойлгодог байсан. Одоо энэ Жендерийн хууль маань эрэгтэй эмэгтэй хүйсийн хоорондын харьцааг тэнцвэржүүлсэн хууль болно гэж бодож байна.
-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд квот тогтоох хамгийн үр дүнтэй гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Манайд квотыг хэдээр тогтоох бол?
-Би ажлын хэсгийн ахлагчийн хувьд квотыг болж өгвөл ахиу байлгах юмсан гэсэн бодол-той байна. Хамгийн гол нь энэ хуулийг хэлэлцэхээс өмнө намын удирдлагууд намын бодлого барих төвшний хэмжээнд квотын асуудлыг ярих ёстой. Тэгж байж УИХ-ын төвшинд ойлголцол бий болно. Өнөөдөр квотын асуудлыг ярихад эрт байна. Төслөөр орж ирсэн санаа бол 30 хувь гэж байгаа. Тэгэх-дээ үүн дээр улстөрчид хоорондоо ярих байх.
-Сүүлийн жилүүдэд их улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо байнга буурсаар ирсэн. Үүнийг хууль эрх зүйн орчноос болж байна гэж үзэж болох уу?
-Ард түмний улс төрийн сонголтоор л шийдэж байгаа. УИХ- д төдөн эмэгтэй гишүүн байна гэж санаан зоргоор хийдэг ажил биш. Ганц Жендерийн хууль гэлтгүй Сонгуулийн тухай хуулинд ч квотын тухай асуудал хөндөгдөх ёстой. Тэгж байж хүйсийн харьцаа өнөөдрийнхөөс нэмэгдэнэ гэж үздэг. Одоо сонгуулийн хуулийг шинэчлэх талаар УИХ дээр яригдаж байна. Сонгууль мажоратор байх юм уу, томсгосон байх юм уу, порпорциональ байх юм уу гэдгээ ярилцаж байна. Хэрвээ сонгуулийг пропорциональ системээр хийдэг болбол УИХ-ын гишүүдийн төдөн хувь нь эмэгтэй байна гэчхээд илүү амар болно. Мажоратор системийн хувьд эмэгтэйчүүдийг нь сонго гэх эрх хаана ч байхгүй. Ер нь мажоратороор сонгууль явуулсан тохиолдолд эмэгтэйчүүдийн харьцаа бага байдаг нь дэлхий нийтийн жишиг юм билээ. Сонгууль нь пропорционалаар явбал эмэгтэйчүүдийн квотыг тогтооход эмэггэйчүүдийн оролцоо нэмэгдэх талтай.
-Шийдвэр гаргах дээд төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог өнөөдрийнхөөс нэмэгдүүлэх ёстой гэдэг дээр..
-Өнөөдөр УИХ-д гурван эмэгтэй гишүүн байгаа нь харьцангуй цөөхөн гэж үздэг хүн. УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо багаар бодоход аль нам байх нь хамаагүй нэг бүлэг үүсгэж ажиллах, асуудлаа хоорондоо зөвшилцөөд ажлын хэсэг байгуулах хэмжээнд байх нь зүйтэй. Эмэгтэй хүн аливаа асуудлыг зөөллөж байдаг онцлогтой. Эмэгтэй хүнгүй айл өрх ямар байдаг билээ. Нэг л зэвхий даачхаад гундуу л байдаг шүү дээ. Түүн шиг улс төрд дан эрчүүд байх нь яг л тийм байна. Тийм учраас тодорхой хэмжээний эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй байх шаардлагатай гэж би ойлгодог.
-Яагаад ч юм жендерийн асуудлыг эмэгтэйчүүд л хөнддөг гэсэн бичигдээгүй хууль бий болж. Харин та энэ асуудалд нэлээд анхааралтай хандаж байгаа нь таныг жендерийн мэдрэмжтэй улс төрч гэх дүгнэлт өгөхөөр байна?
-Би эрэгтэйчүүдээсээ эмэгтэйчүүдэд илүү ханддаг хандлагатай хүн биш л дээ. Гэхдээ өнөөдрийн Монголын нийгмийн бодит байдалд Жендерийн хууль гаргах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Бидэнд тавьсан зорилт байна шүү дээ. УИХ-аар баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Жендерийн тэгш байдлыг хангах тусгайлсан хуультай болох гээд заасан байгаа. Бид өөрсдийн баталсан бодлогын баримт бичигт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх ёстой. Ер нь жендерийн асуудалд-залуу гишүүд их.анхаарал хандуулж байгаа. Уриал-га ч гаргасан. Манай намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх залуу хүний хувьд жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг дэмждэг. Асуудалд уян хатан ханддаг. Миний ойлгож байгаагаар нэлээд олон гишүүн Жендерийн хуулийг дэмжиж байгаа. МАХН болон Ардчилсан намын бүлгийн хамтарсан ажлын хэсэг энэ хуулийг гаргаж, хууль эрх зүйн орчинг Монголдоо бүрдүүлж өгөх дээр санаа нэгтэй байгаа.

А.АНУ
2010 оны 1-р сарын 21, Пүрэв гариг,  Ардын эрх

No comments:

Post a Comment