Sunday 22 April 2012

”Зоригийн хэрэг одоо ч хөндүүрлүүлдэг”


Өнөөдөр Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр. Тэрбээр байсан бол 50 нас хүрэх байлаа.

-Энэ сэдэв одоо ч танд хөндүүр байдгийг гадарлаж байна. Зоригийн хэрэгт гүтгэгдсэн тэр он жилүүдэд ардчилалтай холбогдсондоо харамсаж байв уу?

-Хүн төрөлхтөн бий болоход адгийн новшнууд ч бий болсон. Тэр адгийн новшнууд хүн төрөлхтөн устахад л устана. Тийм адгийн новшнууд намайг Зоригийг бүрэлгэсэн хэрэгтэй  холбон сенсааци хийж, янз бүрийн шуугиан тарьж хөгийн юм хийсэн л дээ. Анх 1988 онд ухуулах хуудас нааж байхдаа би хүнд хэцүү зүйлийг хүлээж авч мэднэ гэдгээ ойлгож байсан. Амь насаа ч алдаж магадгүй гэдгээ мэдэж байсан. Улс төрийн бузар муухай явуулгад ч унаж магадгүй гэдгээ ухамсартайгаар ойлгож байсан. Тухайн үеийн нийгмийн аюулаас хамгаалах яаман дээр байцааж байсан улсууд “цаазаар авна” гэж сүрдүүлж байсан юм.

- Ухуулах хуудас наалаа  гэж үү?


-Тийм. Тэр үед чинь эрүүгийн байцаан шийтгэх хуулиар  төрийн эсрэг гэмт хэрэгт ордог байлаа ш дээ. Тэгээд тийм тохиолдолд цаазаар авах ялтай байсан юм байхгүй юу. Ганц намайг ч биш аав ээжийг минь нийгмийн шаар шавхруу болгоно гэж заналхийж байсан. Тэгэхэд нь би “та нар намайг яагаад ч айлгаж чадахгүй ээ. Би эхэлсэн үйл хэргээ гүйцээнэ” гээд байцаагчийн нүүр лүү нь үзгээ шидчихэж байсан юм. Тэгж  хүртэл хэдэрлэж байсан.

Намайг Зоригийг бүрэлгэсэн хэрэгтэй холбож байгаа новшнуудын байж байгаа  нь хүний ёсноос гадуур зүйл байсан. Эрдэнэтуул гэдэг нөхөр сонин дээр  “Бат-Үүл, Элбэгдорж, Гончигдорж, Ганболд нар Зоригийг бүрэлгэсэн” гэж ярилцлага өгчээ. Би Эрдэнэтуултай коридорт таараад “чи яаж байгаа юм бэ, юу ярьж байгаа юм бэ” гэсэн чинь “юун сүртэй юм бэ дээ. Энийг сүр болгоод яадаг юм бэ” гэсэн. Үгүй ээ, нэг зорилгын төлөө хамт явсан журмын нөхрөө егүүтгэсэн гэж хэлчихээд, тийм зүйлд гүжирдчихээд юун сүртэй юм бэ гэж хэлээд зогсож байгаа тэр хүнийг би “ухаан нь эрүүл биш юм байна даа” гэж бодсон. Ийм адгийн новшнууд байдаг. Дожоодорж  гэж нэг хүн “Зоригийг бүрэлгэсэн хэргийн  нууц” гэдэг ном бичсэнийг нь сонгуулийн өмнө МАХН авч тараадаг юм. Тэгсэн тэр Дожоодорж нь ямар хүн гээч.

1990-ээд онд  Зоригийг  Засгийн газрын цонхоор шээсэн гээд бөөн шуугиан болсондоо. Тэрийг сурвалжилж Зоригийг ямар муухай хүн бэ, эрлийз хүн болохоороо монголын төрийг доромжилж байна гэж бичиж байсан хүн байхгүй юу. Зоригийн эсрэг тэр юмыг бичиж надаас хүртэл сурвалжлага авах гэж гүйж байсан хүн байхгүй юу. Гэтэл тэр хүн бузарын ном биччихээд  “Зориг гэдэг найзыг минь алчихлаа”  гэж  тэр ном нь эхэлж байгаа юмаа. Найз нь байж харагдаач. Тэгээд  шалчигнаад нэг уулзахаараа “аав бид хоёр чинь их найз юм, тийм учраас би чамд сайн” гэж ярьдаг байсан. Тэрний сайн муу нь надад ямар хамаа байхав. Тийм хүн  Зоригийг Элбэгдорж, Бат-Үүл хоёр бүрэлгэсэн юм гэж ном бичээд тэрийг нь МАХН тарааж байгаа юм. Тэр үед миний эгдүүцсэн юм бол ийм адгийн новшнууд байдаг юм. Байсаар ирсэн юм. Энэ адгийн новшнуудаас болж олон хүн хэлмэгдсэн. Ийм хөгийн хүмүүсээс болж гэм зэмгүй монголын 30 гаруй мянган иргэд сүйдсэн. Энийг би мэднэ. Ийм иргэд цаашдаа байх ч болно. Тэгэхдээ МАХН хариуцлагатай улс төрийн хүчин байж /Өөрийгөө тэгж ярьдаг ш дээ/ ийм болчимгүй хариуцлагагүй үйлдэл хийж байдаг. Ямар муухай хударгагүй нам гээч. Тэгээд 2000 онд  сонгуульд ялсаныхаа дараа, МАХН  Энхбаяр  ерөнхий сайд болоход намайг 8 сард нь гүжирдээд шоронд хийчихэж байгаа юм. Одоо хэр нь энэ хорьсон явдлыг зарим хүмүүс Зоригийн хэрэгт холбогдсон учраас гэж  эндүүрдэг юм.

-Нийгэм тийм л ойлголттой байдаг ш дээ?

-Тийм биш шүү дээ. Намайг Малыш Энхтүвшин гэдэг хүнийг зодсон гэсэн үндэслэлээр шоронд хийсэн юм. Би тэр Энхтүвшинд нь  гар хүрээгүй. Харин миний  хань нөхрөө өмөөрөөд цохьчихсон юм байхгүй юу. Тэгсэн чинь намайг зодсон  гээд шууд гүжирдээд шоронд хийсэн ш дээ.

-Танай эхнэр яагаад тэр нөхрийг цохисон юм?


-Ийм хэрэг болсон юм. Би эхнэр хүүхэдтэйгээ Касабланкад хоол идээд сууж байсан чинь Малыш Энхтүвшин орж ирээд  эхнэр, хүүгийн минь дээрээс ус асгаад, миний нүүр лүү архи цацчихгүй юу.

-Согтуу юм уу?

-Согтуу, согтуу. Бид нар эхлээд учрыг нь ч олоогүй. Намайг  миний эхнэр, хүүхдийн өмнө тэгж доромжилж байхад, харамсалтай нь би цохиж чадаагүй. Тэгээд тэр нөхөр зугатаасан. Тэгээд миний эхнэр араас нь гүйж очоод цохисон юм билээ. Тэгсэн би зодсон болоод хувирчихсан. Намайг гүжирдэж шоронд хийх гэж байна гэж мэдээд анх удаа эхнэрээ матлаа ш дээ. “Би биш ээ манай эхнэр цохисон юмаа” гэж. Яагаад гэвэл би намайг ганц худагт аваачиж хорих гэж байгаа зорилгыг нь мэдчихсэн байхгүй юу. Амьдралдаа анх удаа тэгж хайртай хүнээ матлаа шүү дээ би чинь. МАХН ялаад хамгийн түрүүнд хийсэн ажил нь намайг барьж  шоронд хийсэн байдаг.  Дараа нь их л хударгагүй  байдлыг нь олон удаа харсан. Манайхаас хэн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ  тэр хүнийг Зоригийг алсан хэрэгтэй холбодог болсон. Энхсайхан нэр дэвшсэн. Энхсайхан Зоригийг алсан гээд тарааж эхэлсэн. Гончигдорж нэр дэвшсэн.Гончигдорж Зоригийг алсан гээд. Сая Дорноговьд явж байхад мөн Элбэгдоржийг ийм хэрэгт холбогдуулан асууж байна л ш дээ. Ийм байж болохгүй.Тийм учраас Зоригийг бүрэлгэсэн хэргийг олох явдал бидний хувьд үнэхээр амин чухал асуудал.

-Тухайн үед алуурчин дараагийнх нь Бат-Үүл гэж хэлсэн гэдэг. Гэтэл зарим нэгэн нь таныг Зоригийг алчихсан гээд байдаг. Найзыгаа алчихсан гэдэг танд аймшигтай байсан уу, аль эсвэл миний амийг хөнөөчихвий гэдэг нь аймаар байсан уу?


-Миний амийг хөнөөх гэдэг зүйл намайг хэзээ ч айлгаж байгаагүй.1988 онд анхны цуглаан хийгээд ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явахад ийм дайралт, үг яриаг байнга сонсдог байсан. Аав ээж рүү минь утасдаад аав, ээжийг минь ална гэнэ. Гэр бүлийг чинь ална гэнэ. Тийм учраас энэ бол ерөөсөө айлгах сэтгэгдэл төрүүлж байгаагүй. Төрүүлдэг ч үгүй. Хамгийн  гол нь хамт явсан журмын анд нөхрийгөө хөнөөсөн гэдэг хэрэгт холбогдох хүний ёсноос гадуур ийм зүйлд гүжирдэгдэх нь хүнд туссан. Би хэзээ ч өөрийгөө адгийн хүн гэж хэлүүлэх дургүй. Найз нөхрөө алсан байж магадгүй гэдэг үндэслэлээ  гаргахдаа  нэг муу албан тушаалын төлөө өрсөлдөөд  алчихлаа  гэсэн ухааны юм хийж байгаа юм.  Гүжирдэж гүтгэхдээ хүртэл хүний ёсноос гадуур хандаж байгаа тэр бурангуй байдал нь надад эмзэг тусч байсан.

-Эмэгтэй хүний нулимс гадагшаа, эр хүн дотогшоо гэдэг. Дотроо бол уйлдаг байсан байх?


-Дотроо цөхөрч бархирч, орь дуу тавьсан үе зөндөө байсан. Ер нь монголчуудыг хохироох гэсэн тодорхой зорилго бүхий улсууд хэн нэгнийг нь хөнөөчихөөд нөхдүүдийг нь  хөнөөсөн хэрэгт холбодог муухай арга барил өмнө ч байсан л даа. Ялангуяа энэ бол  Оросын коммунистуудаас ирсэн арга барил байсан. Жишээ нь Богд хаан, Сүхбаатар хоёр чинь хүж барилдсан ах дүүс байхгүй юу. Гэтэл Сүхбаатарын үхлийг Богд руу нялзаагаад Богд хорлосон гэж зохиомол хэрэг хийгээд “Сүхбаатар” гэдэг кино хүртэл хийсэн ш дээ. Түүнээс нь болоод Монголчууд саяхныг хүртэл Богд хаан Сүхбаатарыг хороосон  гэж ойлгож явсан. Энүүний цаад зорилго нь ердөө л шарын шашныг устгах, тэр үед монголын ард түмнийг  өөрсдийн үзэл бодолд автуулах гэсэн нэг ажиллагаа гэж  хожим нь түүхчид гаргаж ирсэн байдаг.

-Малыш Энхтүвшинг зодоогүй гэхээр байцаагчид нь юу гэх юм?


-Малыш Энхтүвшинг зодсон хэргээр баривчилж хорьж байна гэж хориод, тэр нь  хүчингүй болчихгүй юу.

-Яагаад?

-Манай гэргий хүртэл очоод “энийг чинь би хийсэн юмаа” гэж мэдүүлэг өгөөд. Тэр хэрэг нь хүчингүй болгонгуут цааш нь хорихын тулд Зоригийн хэрэгтэй холбогдуулан  шалгах боллоо гээд  шинээр мөрдөн байцаагч шийдвэр гаргаж байгаа юм.Тэр үед би Цогтбаяр гэж мөрдөн байцаагчийг хараад ямар ч өрөвдмөөр юм дээ гэж боддог байсан. Яагаад гэвэл Цогтбаяр намайг баривчлахаасаа өмнө хошууч цолтой байсан юм. Намайг баривчилсаныхаа дараа шууд цол нэмээд дэд хурандаа болчихсон. Цолны төлөө, нэг хадаасны төлөө тийм юм хийж байгаа хүн шүү дээ. Дараа нь Цогтбаяр намайг дээрээс дарамталсаар байгаад Бат-Үүлийг ганц худагт хорьсон гэж ярьсан байдаг юм. Ийм хүмүүс 30-аад онд дотоод явдлын яаманд байж. Ийм хүмүүсийн гайгаар олон хүн амь амьдралаараа хохирсон.

Уг нь Цогтбаяр Зоригийг бүрэлгэсэн газраас олдсон миний малгайг “энэ бол мартсан байсан нь тогтоогдлоо” гээд тодорхойлолт гаргаад өгсөн юм байхгүй юу. Тэгсэн жил гаруйн дараа тэр малгайн хэргээр ганц худагт хорих ажлыг үргэлжүүлж байгаа юм.

-Тэр малгай танд одоо байдаг уу?


-Цогтбаяр эхлээд надад хэрэгт холбогдолгүй гээд тэр малгайг надад эргүүлж өгсөн. Гэтэл дараа нь надад  эрүү үүсгэхдээ “нөгөө малгай чинь байна уу” гэхээр нь “байна” гэсэн чинь “аваад ирээч” гээд аваад ирсэн чинь “одоо энэ малгайгаар чинь сэжигтнээр татаж байна” гээд буцаагаад хураагаад авчихсан. Жил гаруйн дараа шүү дээ. Одоо тэр малгай надад байхгүй ээ.

-Та тэнд хэд хоносон бэ?


-20 хоносон. Хамгийн муухай юм нь намайг хорьчихоод санаа нь амралгүй, миний хүүг бас хорих гэж оролдсон.

-Чулуудайг уу?


-Тийм. Чулуудайг Төв аймгийн мөрдөн байцаахад хорих гэж оролдсон шүү дээ. Энэ талаар хүмүүс бараг мэдэхгүй л дээ.

-Хүү тань тэр хэрэгт ямар хамаатай байхав?

-Их хөгийн. 1997 онд хүү маань жолоо бариад манайхан гэр бүлээрээ хөдөө явж байгаад онхолдчихсон юм байхгүй юу. Тэгсэн чинь тэр хэргийг гурван жилийн дараа  намайг хоригдонгуут сөхөж Төв аймаг дээр хүүг минь дуудаж авчраад хорих гэсэн байгаа юм. Намайг Ганц худагт, хүүг маань Төв аймгийн хориход. Би эхнэр охин хоёроо өрөвддөг байхгүй юу. Тэр үед эхнэр маань ухаан нь гарчихсан гүйж явсан гэсэн. Аавыг нь гэм зэмгүй байхад нь хориод, тэгсэн чинь хүүг минь ямар ч гэм зэмгүй байхад нь Төв аймгийн хориход хорихоор завдсан. Ийм л юм болсон.
   
ДОТРОО ГАСАЛЖ, ДОТРОО ОРЬ ДУУ БОЛЖ ЯВСАН НЬ ТЭР ҮЕ БАЙСАН


-Та Зориг агсны ахтай сайн найзууд байсан гэдэг. Нийгэм буруу ойлголттой ч гэрийнхэн нь зөвөөр ойлгож байсан бол сэтгэл жаахан ч гэсэн уужрах байсан байх?

-Үнэндээ би тухайн үедээ Оюунд ч тэр, Зоригийн ах Баярт ч , Доржпалам эгчид ч жаахан гомдож байсан. Жишээ нь Зоригийн ах Баяр бид хоёр чинь гэр бүлээрээ үй зайгүй найзууд байхгүй юу. Бие биенийхээрээ байнга орж гарна. Нийлцгээнэ. Тэдний хүүхдийг бид харна, бидний хүүхдийг тэд харна гэх жишээтэй. Тэгсэн чинь янз бүрийн буруу зөрүү үгэнд автаад биднээс хөндийрөөд явсан нь надад  үнэхээр гомдмоор байсан. Дараа нь Доржпалам  эгч нэг сонинд өгсөн ярилцлагандаа “хэзээ ч Бат-Үүл ингэх биш хүн” гэж ярьж, би жаахан тайвширч байсан юм. Оюун ч гэсэн янз бүрийн санаа бодолтойгоор буруу ойлголттой болж байгаа тухай дуулаад гомдмоор байсан. Тэгээд яалтай ч билээ. Нэг сонины эрхлэгч сонин дээрээ “Бат-Үүл Булган хоёр  нууц амрагийн холбоотой. Булганы нууц амраг байсан учраас Зоригийг хөнөөсөн” гэсэн юм бичсэн байсан. Нөгөө нөхөртэй шүүхдэлцлээ. Нөгөө нөхөр нь зүгээр л архичин нөхөр, тэгээд шүүх дээр очоод юу гэсэн гэхээр  “яахав дээ, сонин алдаа л биз дээ. Заавал нэхэмжлэл гаргадаг нь юу юм бэ” гэсэн юм яриад зогсож байгаа байхгүй юу. Хүнийг юутай гүжирдэж, юунд холбочихоод байгаагаа ойлгоогүй эрүүл бус нөхөр байсан.

-Яг тийм хэцүү хатуу үед таны журмын нөхөд гэж хэлээд байгаа тэр хүмүүс хэр ойр байсан бэ?

-/хэсэгтээ дуугаа хурааж бодлогшроод/ Сосорбарам эхнэртэйгээ хоёулаа миний хойноос мөн ч их явсан даа. Со маань ёстой андын жудагтай хүн дээ. Баабар одоогийн сайд Х.Баттулга гээд цөөхөн хүн байсан.

-Хамсаатан болчихвий гээд л үү?


-Тийм.Тэр жаахан онцгүй л байсан. Тэгээгүй улсууд ч байсан л даа. Би тэр үед Ганц худагт хоригдож байсан болохоор сайн мэдэхгүй л дээ. Нөхрийг нь хорьчихсон, хүүг нь хорино гээд надаас илүү эхнэрт маань тусламж хэрэгтэй байсан. Миний эхнэрийн өвөө эмээ нь бүгд хэлмэгдэж байсан. Тийм хүний үр хүүхэд чинь ухаан нь гараад газар бүр лүү аврал нэхэж гүйнэ биз дээ. Тэгэхэд олон хүн нүүр буруулж байсан гэж сүүлд гомдолтой хэлж байсан. Би байсан бол хэзээ ч нөхрөө гүжирдүүлээд суухгүй байсан. Гүндалай дээр яаж тулалдаж байсан шигээ ямар ч эргэлзээгүй тулалдана. Илэн далангүй хэлэхэд надад жаахан онцгүй санагдаж байсан.

-Тийм хүнд үед цурхиртлаа уйлмаар санагддаг уу?

-Тэгж байгаагүй. Эхнэр маань аргаа барж байхад чинь би дагаад нугараад байх юм бол аюул болно ш дээ. Ер нь надад ямар нэг аюул учрахад хамгийн түрүүнд  эхнэртээ, ээж аавдаа мэдэгдэхгүйг хичээдэг.

-Таныг алуурчин мэтээр шуугиж байх тэр үед Эрдэнэ гуайн бие тааруухан байсан гэдэг байхаа?


-Миний аав өнгөрөхөөсөө өмнө хэвтэрт байхдаа , хүүг минь хэлмэгдүүлэх вий дээ гэж санаа зовж бичсэн байдаг юм. Миний аавын амьд сэрүүндээ сэтгэл нь чилж бичсэн тэр нийтлэл одоо ч бий. Миний аав, аавыгаа хэлмэгдлээр алдсан хүн шүү дээ. Тэгээд хүүгээ тэгж алдах вий гэхээс зүрх нь шимширч байсан байх. Тийм бодолтой аавыгаа харахад ч аймшигтай байдаг юм. Ер нь миний дотроо гасалж, дотроо орь дуу болж явсан нь тэр үе байсан. Аав маань хэвтэрт орчихсон, би аавыгаа асарч цуг байна. Би аавыгаа авч  эмнэлэгт хэвтэнэ. Тэгэхэд гадуур Бат-Үүл  Зоригийг алсан гээд сонинуудаар янз бүрээр бичдэг. Аав маань тэр тухай мэдчихсэн түгшсэн, миний өмнөөс цөхрөнгөө барж байгаа байдлыг нь харах надад үнэхээр хүнд байсан. Ер нь аав маань өөрийнхөө тухай ч бодохоо байсан. Хүүг минь хэлмэгдүүлчихвэл яана гэж бодно ш дээ. Ийм л хэцүү үе байсан даа. Муу аавыгаа хүнд өвчтэй байхад ийм юм сонсгож байдаг гэж бодохоор хэцүү байсан даа. /уртаар шүүрс алдав/

-Улс төрчдийн хүүхдүүд түрүүчээсээ улс төрд орж байна. Магадгүй та энэ бүхний дараа хүүгээ охиноо улс төрөөс хол яваасай гэж хүсдэг байх?


-Би хүүхдүүдээ улс төрд ороосой гэдэг юмуу хол байгаасай гэж бодож байгаагүй юм байна. Жишээ нь том хүү маань бизнес хийнэ гэдэг юм. Охин маань шоу бизнес хийнэ гэдэг.  Бага хүү маань лам. Өөр өөрийнхөө сонгосон замаар л явж байна.

-Ингэхэд гэр бүлийн бизнес чинь юу болж байгаа вэ?


-“Чугу” студийг манай гэргий  Дашдондог, Халиун хоёртой хамтран төсөл хийж анх байгуулж байсан юм.”Чугу” студи маш хүнд үедээ орсон л доо. Яагаад гэхээр уран бүтээлчдийн бүтээлийг CD болгон зарж байж ашиг олж амьдрах ёстой байтал сүүлийн үед интернэтээс дуу татдаг болчихсон. Тэгээд  МР3 энэ тэр гээд CD-ний худалдан авалт борлуулалт уначихсан. Ингээд энэ бизнес нэлээн том цохилтонд орсон. Энэ бол зөвхөн “Сонор” студид тохиолдож байгаа явдал биш дэлхий нийтээрээ ийм байдалд орж байна. Одоо бол хүү маань ХАА-н бизнес рүү орох санаатай байгаа.Би ч тэрийг нь дэмжиж байгаа. Дэмжихдээ хуулийн хүрээнд шүү дээ.Яагаад гэвэл хүүгийн минь ярьж байгаа тэр зүйл  ХАА-ын салбарыг хөгжүүлэх босгоход дэмжлэг болох юм шиг санагддаг. Сүүлийн үед газар тариалан, МАА-ын чиглэлээр уншиж судалдаг болж байгаа нь хүүгийн маань нөлөө. Яагаад гэвэл энэ чиглэлийн бизнес хийх эрэл хайгуулын явцад олон зүйл харагдаж байна л даа.

Жишээ нь би хүүгийнхээ нэг ухаалаг зүйл ярихыг сонсоод олзуурхсан. Тэр нь юу гэхээр миний хүү МАА-н чиглэлд бизнес хийх гэсэн чинь “манай МАА тогтолцооны хувьд  үйлдвэрлэлийг дэмжих нийлүүлэлтийг хийдэг тийм тогтолцоо биш болсон байна. Өөрөөр хэлбэл өрх бүр амиа аргацаадаг жижигхэн аж ахуй болоод нурчихаж, аж үйлдвэрээ түүхий эдээр хангадаг, том нийлүүлэлт хийдэг аж ахуйнууд нь задраад байхгүй болчихсон байна. Үүнээс болоод манай мал аж ахуй, үйлдвэрлэлийн салбар хоёр хоорондоо холбогдохоо байж. МАА жижигрээд өрхийн амин хувийн хэрэгцээ хангасан, зөвхөн тэр сонирхолдоо хөтлөгдсөн жижигхэн аж ахуй болсон байна. Монголын малчид дундад зууны үеийн натурал аж ахуй руугаа эргээд орчихсон байна. Үүнийг зогсоож хоршоолох үйл ажиллагааг явуулахгүй бол ХАА-ын салбар аж үйлдвэрийн салбар хоёр чинь байхгүй болох нь байна шүү”гэж ярихыг нь сонсоод би, уг нь төрийн бодлого тодорхойлдог гээд өөрийгөө дориун юм бодоод байсан чинь тиймэрхүү зүйлийг анзаараагүй л байгаа юм.

Хүүгийнхээ хэлсний дараа Су.Батболд, Тэрбишдагва, Бямбацогт гишүүдтэй санал солилцоод  сууж байхад Тэрбишдавга гишүүн ажиглалтаа хэлсэн. “Жижиг аж ахуйтай хэзээ ч аж ахуйн нэгжүүд шиг гэрээ хийхгүй.  Жишээ нь Арабууд ирээд хонины мах авъя гэдэг. Гэтэл нэг малчин 1000 малтай, үсрээд 2000 малтай. Ийм жижигхэн аж ахуй болоод тарчихсан байгааг нь хараад нөгөө арабууд чинь бид хэнтэй яаж гэрээ хийх юм бэ гэдэг. Яг ингээд практик ажил руу ороод ирэхээр бидний бодож байгаагүй олон юм байдаг юм байна. Одоо бид эдийн засгаа өөд нь татъя гэж байгаа бол мал аж ахуйгаа өөд нь татах ёстой. МАА-гаа өөд нь татахын тулд малчдаа том том хоршоо болгох үйл ажиллагааг дэмжих ёстой. Тэгээд  нийлж бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргадаг. 100 мянган хоньтой, сая хоньтой гэж ярьдаг том том хоршооллын аж ахуйнууд болгох хэрэгтэй. Тэгэх юм бол  малчдад очиж байгаа мөнгөн орлого асар их нэмэгдэж, малчид асар их баян болно. Нөгөө талаар эдийн засаг дээр мал аж ахуйн хүчтэй бааз бий болох юм байна. Ийм санаа хэлсэн хүүдээ баярладаг. Аавынхаа анзаараагүй юмыг  хүртэл анхааруулаад  хэрэгтэй зүйл гаргах.

Хүүгийн тань бизнест амжилт хүсье. Цаг зав гарган, илэн далангүй ярилцсан танд баярлалаа.
А.ТЭЛМЭН
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN
2012/04/20

No comments:

Post a Comment