Wednesday 18 April 2012

Г.Батхүү: С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёр муудалцсанаар АН “ХАГАРЧИХГҮЙ”

УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг зохион байгуулах Ажлын хэсгийг Та ахалж байгаа гэсэн. Бэлтгэл ажил ямархуу явна вэ?

-Уг ойг аравдугаар сарын 20-ноос тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулж УИХ тогтоол гаргасан, түүний дагуу бэлтгэж байна. Бэлтгэл хангах Ажлын хэсгийн даргаар би ажиллаж байгаа юм.

Маргааш /өнөөдөр/ бид хуралдана. 20 жилийн хугацаанд Парламентын хийсэн ажлыг олон нийтэд сурталчлах, энэ хугацаанд УБХаас эхлээд ажиллаж байсан гишүүдээ таниулах ном гаргаж байгаа. УБХ-ын гишүүдэд зориулан хүндэтгэл үзүүлнэ, үзэсгэлэн гаргаж, концерт тоглоно. Төлөвлөсөн олон ажил байна. Аравдугаар сарын 20-нд хүндэтгэлийн чуулган хийнэ.

-УБХ-аас хойш УИХ-д сонгогдон ажилласан хэчнээн гишүүн байдаг юм бэ?

-Тоог нь одоо нэгтгэж байгаа. Цөөн тооны хүн бурхан болсон юм билээ. 20 жилийн ой нь энэ хугацаанд Парламентад ажилласан бүх хүний баяр байх ёстой.

Тухайн үедээ тэр хүн нийгмийн өмнө ямар хариуцлага хүлээж, хэрхэн ажиллаж байсныг хойч үед сануулах хэрэгтэй, зарим хүн мартагдаад байгаа.

-20 жилийн хугацаанд Монголын Парламент хэрхэн төлөвшсөн бол?

-Боловсруулж, баталж гаргасан хуулийн хэрэгжилт, тэр нь улс орны хөгжил, шинэчлэлд ямар хувь нэмэр оруулж байгаагаар нь төлөвшлийг хэмжинэ л дээ. Манай Парламентыг сайн төлөвшсөн гэж хэлнэ, гаднынхан ч ингэж дүгнэдэг.

Төрийн бодлогыг УИХ тодорхойлдог. Бид ямар ч хүнд бэрх үед, санхүү, эдийн засгийн хямралын үед ч тохиролцооны ширээний ард сууж асуудлыг шийдэж ирсэн. Гол ажлыг Парламент нуруундаа үүрдэг. Тэгэхээр манай улсын алдаа, оноо УИХ-тай холбоотой.

-Парламентын төлөвшил түүнийг бүрдүүлж буй улс төрийн намуудын хөгжилтэй холбоотой. Мөн гишүүдээс нь хамаарч тухайн УИХ-д үнэлгээ өгдөг. Тэгэхээр гишүүд нь төлөвшиж чадаж байна уу? Тэр болгон улирч сонгогдож чадахгүй, сонгуулиар нэг шинэ хүн гарч ирээд л “суралцаж” эхэлдэг шүү дээ.

-Парламентад орж ирээд л шууд ажиллах боломжтой. Хүн бүр өөр өөр мэргэжил, үзэл бодолтой. Түүнээс гарах шийдвэр амьдралд хэр ойр байгаагаас л Парламентын төлөвшил хамаарна. Түүнээс ёс зүйн асуудал аль ч Парламентад байдаг.

Олон ургальч үзэлтэй, илэрхийлэх арга зам нь өөр. Бусад орны Парламентын гишүүд хурал дээрээ зодолдож ч байдаг. Манайд бол тийм түвшинд хүртэл асуудал хурцаддаггүй. Олон талаас нь удаан ярьдаг, олон ч удаа завсарлага авдаг. Аль нэг нам, хэсэг хүний эрх ашиг хөндөгдөж болно. Гэхдээ эцсийн шийдвэр нь ард түмний төлөө байх ёстой.

-УИХ-ын гишүүн, АН-ын нэр бүхий хүмүүс хэвлэлээр маргалдаад байгаа. Үүнийг Парламентын төлөвшилтэй холбож үзэж болох уу?

-Би үүнийг сайн зүйл, ардчилсан нийгмийн мөн чанар гэж ойлгож байгаа. Санаагаа хадгалах биш ил гаргаж, үзэл бодлоо дэвшүүлж, аль ч талаас нь мэтгэлцэж чаддаг байх хэрэгтэй.

Одоо яриад байгаа тэр хоёр гишүүний маргаан эцсийн дүндээ очоод нэгдэж чаддаг л байхгүй юү. Хэн зөв байснаа дэмжиж, ойлголцож чаддаг. 1996 оны УИХ-ыг та нар санаж байгаа. Дотроо хэчнээн хагарч, бүлэг болж, хэд нэгдэв.

Үүний үр дүнд АН улам цэвэршиж, эрүүлждэг. Тэр хүмүүс нэгнээ шүүмжлээд, алдаа байсан бол ойлгоод засаад л явна. АН-ын хоёр гишүүн маргаж байгаадаа ч гол биш. Тэд харин ч соёлтой маргаж байна шүү дээ.

-Соёлтой маргаан, ардчилсан зарчим чинь танай намыг хагарч, бутарч байгаа мэтээр олон нийтэд ойлгуулаад байгаа юм биш үү?

-Фракцуудын хооронд зөрчил байхгүй. АХХ л гэж байна, З.Энхболд бид хоёр нэг тойргоос сонгогдоод, олон жил хамтарч ажиллаж явна. Түүнд ямар нэг өөр санаа бодол байхгүйг би биеэрээ мэдэрдэг. Хэрэв фракц гэж зөрчилдөөд, өөр үзэл бодолтой байсан бол хамтарч ажиллах хэцүү. С.Эрдэнэ, Э.Бат- Үүл хоёр нэг намын угшилтай. Одоо өөр фракц болчихоод эрх ашгаа хамгаалан маргаад байгаа юм биш.

Тэр хоёр зарчмын, хөгжлийн асуудлаар үзэл бодол ялихгүй зөрчилдсөн учир соёлтой маргаан хийж байгаа. Зарим хөгжилтэй оронд ярьж байгаад мэтгэлцэж, нэр хүндээ илэрхийлдэг туршлага байгаа. Тэгээд ч С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёр муудалцсанаар АН хагарчихгүй. Улс төр, УИХ, намын ажилд сөргөөр нөлөөлөхгүй. Хэвийн л үзэгдэл.

-“Алтангадас”, АХХ гэсэн хоёр хэсэгт АН хуваагдчихаад байна шүү дээ...

-АХХ бол фракц биш төрийн бус байгууллага. “Алтангадас” бол УИХ дотор албан ёсоор фракц болчихсон, нуух юмгүй, хүлээн зөвшөөрөгдчихсөн. Бас “Алтангадас” гэдэг төрийн бус байгууллага тусдаа байна. АХХныхон “бид фракц биш” гээд л зарлаад байгаа биз дээ.

-Гэвч АХХ улс төрийн үйл ажиллагаа явуулж буй нь нууц биш байна. АН-ыг Засгийн газраас гарч, сөрөг хүчний байр сууриа хадгалах ёстой гэж тэд ярьдаг.

-Яах вэ, төрийн бус байгууллага улс төрийг цэвэршүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж болно шүү дээ. АХХ бүхэлдээ биш зарим хүн л тийм байр суурьтай байгаа байх. Засгаас АН гарах эсэхийг аль нэг хүн, фракц шийдэхгүй. Эхний ээлжинд хоёр нам, мөн бүх ард түмний хэмжээнд ярьж шийдэх асуудал.

Сонгуульд нэр дэвшихдээ санал болгосон мөрийн хөтөлбөрөө энэ хоёр нам нэгтгээд, түүнийг нь УИХаар баталж, хууль болгосон. Үүнийгээ бид хэрэгжүүлэх ёстой. Хууль болгосон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байж сонгуулиар ард түмнээс үнэлгээ авна. Тиймээс АН-ын дүрмийн дагуу сонгуульд яаж оролцсоныг үндэслэн намын даргын ажлыг дүгнэж, цаашид ажиллах эсэхийг шийддэг. Сайн үнэлгээ авбал АН-ын дарга цаашид ажиллах ёс зүйтэй.

-Ямар нэг томилгоо хийхдээ намууд доторх фракцын төлөөллийг хангадаг. АХХ-ны зарим нэг гишүүн АН Засгийн газраас гарах ёстой гэж буй нь үнэхээр өөрчлөлтийн төлөө юү, эсвэл бас л албан тушаалын ашиг сонирхол ард нь байна уу. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Намын даргыг өөрчлөх тухай яриа заншил болчихсон. Гэхдээ энэ буруу биш. Ажиллаж байгаа хүнийг ингэж байнга хурцалж, шахаж байх ёстой. Тэр хүн гэр бүлийнхээ биш, нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн улс төрийн том хүчний төлөө ажиллаж байгаа. Тиймээс “Чи чадахгүй бол ард чинь сайн ажиллах хүн бий” гэдгийг сануулж, бэлтгэж байдаг. Түүнээс гэнэт их хурал дээр нэр дэвшүүлээд даргаа сольчихдоггүй. Одоо ажиллаж буй хүнээ шахаж, дараагийн хүн бэлэн байх нь муу биш. Байнга ярьсны зоргоор намын дарга солигддоггүйг Та бүхэн мэднэ. Намын дарга өөрийн хүсэлтээр,

эсвэл өвчний улмаас чөлөөлөгдөх, гэмт хэрэгт холбогдсон, төрийн өөр ажилд томилогдсон тохиолдолд дараагийн хүнийг ҮЗХ-гоор томилох дүрэмтэй. Харин одоо Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа хүмүүсийг шахаж гаргаад оронд нь сайд болох тухай асуудал бидэнд байхгүй. Аль ч нам саналаараа Засгийн газраас гарч болно, гэхдээ ард түмний өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй учраас энэ шийдвэр нь тухайн намдаа л сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр одоо нэг нь хөөж, нөгөө нь зугтаж гарч чадахгүй.

-АХХ хүчээ аваад байгаа учир “Алтангадас”-ынхан эмээгээд, бутаргах,хүчийг нь сааруулах ажиллагаа явуулаад байгаа юм биш үү?

-АХХ-ны эсрэг ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Бид энэ асуудлаар намын удирдлага, АХХ-ны тэргүүн З.Энхболд, Удирдах зөвлөлийн гишүүдтэй нь уулзаж ярилцсан. Нам, олон нийтийн ажил тусдаа байна. Олон нийтийн байгууллагын ямар нэгэн шахалтыг намд үзүүлэхгүй гэсэн. АХХ нийгмийн шинэчлэл, улсын хөгжлийн төлөө ажиллана, ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэж З.Энхболд хэлсэн.

АХХ-ны анхдугаар их хуралд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, миний бие оролцоод баяр хүргээд дэмжээд л ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс тусдаа нам байгуулна, дотроо улс төрийн үйл ажиллагаа явуулна гэж АХХ-г хардаж сэрлэх хэрэггүй. Ярьж тохирсноор бол тийм зүйл байхгүй, одоогоор энэ байдал өөрчлөгдөөгүй. Харин ганц хоёр хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлж болно.

С.Туул

2010 оны 9-р сарын 15, Лхагва гариг, ӨНӨӨДӨР

No comments:

Post a Comment